Эхлэл. Тууж гэдгийг халимагт “түүх” гэж ойлгоно. Жангар туульд Баян Хүнхээн Алтан цээж “Ирэгсэн 99 жилийн тууж мэддэг, ирээд үгүй 99 жилийг тааж мэддэг” гэж байдаг. “Тууж, хөөж” мэдсэнийг түүх гэдэг ажээ.

1. Их талын сөргөлдөөн

Торгуудууд гэв гэнэт Ижил мөрний зүгт “Сайхан газар байна аа” гээд амар амгалан нүүгээд оччихоогүй билээ л. “Торгууд хаадын туужид” үйл явцыг хэт товчилсноос манайд үүгээр баримжаалж энэ үйл явцыг төдийлөн дэлгэрүүлэн сонирхож байсангүй. Тэнд хүртэлх урт хугацаанд өрнөсөн “хоёр ертөнцийн” хатуу ширүүн тэмцлийн талаар ч манай түүхчид төдийлөн судлаагүй, харин Оросын түүхчид нэлээд сайн судалсан нь тэдэнд буй тухайн үеийн архивын баримт хангалттайгаар нотлогдоно. 

Монголын их гүрэн задран унах явц эцсийн шатандаа орж байлаа. Доод Ижил болон Баруун Казахстанд “Алтан Орд” улс унах үйл явцад үүссэн томоохон улсуудын нэг нь Ногайн Орд байлаа. Ногай нь мангуд, аргын, кипчааг нараас голлон бүрдсэн түрэг хэлт улс байсан юм. XVI зууны II хагаст Ногайн орд Их орд (мангуд), Бага орд (Хивчааг), Уулын Алтайн ба Казийн улс болон задарчээ. Энэ улсын өвийн төлөө Ойрадууд ба Казахууд ширүүн өрсөлдөж байв. Хэл, угшил, шашин нэгт аймгуудыг өөртөө нэгтгэн өргөжиж байсан Узбек, Кайсакуудтай (Хасаг) хийсэн өрсөлдөөнд хожим Монголоос Ойрадууд тэр дундаа Торгуудууд голлон оролцжээ. 

XVI зууны хоёрдугаар хагаст баруун Ойрадуудын дарамтаар Киргизүүд Ферганы хөндий, Каратегин, Дорнод Туркестан одоогийн нутаг руугаа шахагджээ. Өнөөгийн олон үндэстэн угсаатан тэр үед одоогийн нутаг, байршлаа олж авсан томоохон үйл явц билээ. Үүний үр дүнд Оросын шинэ хотууд ба шинэ тутам бүрдэн буй Казахын ордуудын умард нутгаар Ижил ба Зүүнгарын холбосон коридор үүссэн юм.

Үнэндээ энэ бол түүхийн томоохон үйл явц байсан бөгөөд Ойрадууд төлөөлсөн Монгол угсаатны ертөнц ба Монгол элементүүд хэдийнээ орон нутгуудад уусч шингэсэн Хасаг, Киргиз, Ногай ба Узбекийн хот-ханлигууд төлөөлсөн Түрэгжсэн угсаатнуудын ертөнцтэй (хожим оросууд эрхшээгээд бүхэлд нь дундад Ази гэдэг болсон ба Монголын эзэмшил Төв Ази гэгдэх болсон, энд түрэг монголын, угсаатны болон хэлний, ислам ба шарын шашны, соёлын ялгаа тогтжээ) улстөр-цэргийн хатуу ширүүн тэмцэл өрнүүлсэн юм. Чухамхүү дотоодын бутрал, тэмцэлдээ автсан Зүүн Монголчууд баруун талд юу болж байгааг анзаарах сөгөө байсангүй, өнөөдөр ч манай түүхчид Монголчуудын, тэр дундаа ойрдуудын хүчтэй оролцоотой хийгдсэн Төв Ази дахь сүүлчийн “цэгцлэлтийг” анзаарахтай мантай, улам л мартсаар байгаа билээ. 

Гэвч энэ түүхийг манай Халимгууд сануулан оршсоор байна. Чухамдаа энэ сунжирсан үйл явцын эцэст буддын шашинтай, Монголын ертөнцийн төлөөлөл болсон Халимгууд исламын ертөнц ба Их оросын заагт арал болоод тогтчихсон билээ. Үнэндээ энэ бол Алтан ордын улс ба Цагадай, Өгөдэйн улсын эзэмшил нутаг дахь шинэ угсаатнуудыг бүрдүүлсэн том үйл явц юм. Хожим тэд “үндэстэн-улс” болно. Цагадайн хаант улсын үлдэл Могулистан, Алтан ордын буурь Ногайн хаант улс, Алтан ордын үлдэл Узбекийн орд хот улсууд, Казахын эх Цагаан орд (Ак орда) бүгд Монгол Эзэнт гүрний ард иргэд байгаад өгүүлэн буй зуунд шинэ үндэстэн угсаатны эх нутаг болж өөрчлөгдсөн юм. Яг энэ зуунд энэ өргөн уудам нутагт Их гүрний цуурай тасалдаж байжээ... Гэвч энэ ард түмнүүдийн удирдагч хаан, султан, эмир, бек, тайшууд бүгдээрээ Их эзэн Чингис хааны угсаа, ураг байсан ба тэд ноёрхогч эрхээ өөр угсааныханд алдаагүй юм. Энэ нь ч хоорондын зөрчлийг улам дэвэргэж байсан ба ойрдууд ч энэ сэжмээр тэдний дотоод хэрэгт татагдан орж байсан тал бий. Хожим коммунизмын үед л Чингис хааны угсаа балран арилжээ. 

Оросын түүхчид жишээ нь Г.Катанаев, К.Пишулина нар “Ойрадын феодалууд тэр үед Казахстан ба Дундад Ази руу цөмөрч орсон явдал нь бэлчээр давчдаж, ургамлын гарц муудсан хэрэг биш харин Түрэгжсэн суурин ба нүүдэлчдээс олз баялгийг булаан авах зорилготой байв” гэж тэмдэглэсэн байна. Магадгүй Хо Өрлөгийн үгийг эшлэсэн биз. Булаан авах ч юу байх вэ? Хятадтай худалдаа хийх замд хөндөлдсөн Халхын ханлигууд ба Өвөр Монголыг даван гарснаас Хива, Бухар, Ташкент, Хорезм, Хотан, Яркенд, Бешбалик зэрэг торгон замын дагуух баялаг хотуудыг эрхшээхийг хүсэж байв. Нүүдэлчдийн төр улсыг тэнхрүүлэх баялаг тэнд л байсан хэрэг.

Харин өрнө зүгээс Оросууд Каспи руу түрж байв. 1556 онд Аштарханиханы улс буюу Астраханийг эзлэн авчээ, хаад нь Бухарт төвлөх болов. Бакч Мухаммедын хаанчлалын үед 1605 онд Ойрадууд Хорезмыг довтоллоо. Шинэ эзэнт гүрэн өмнөх түүхийг давтаж байгаа мэт байв. Энэ бол баруун зүгт хийсэн Ойрадуудын том аян дайн байв. Гэвч энэ нь баруун тал Ойрадуудад хаалттай болохыг нотолжээ. Заримдаа бүр Персүүдтэй тулалдах ч хэрэг гарч байв.

Ингээд Хасгийн ордуудын эзэмшил Хичаагийн тал нутгийн өмнүүр эсвэл араар тойрч олз ашиг олох, эсбөгөөс шууд Хасгуудтай нүүрлэн өрсөлдөх зам Ойрадуудад үлджээ. Хасгийн ордууд, хан султаддээр өгүүлсэн дундад Азийн баялаг хотуудыг эрхшээхийг оролдохын зэрэгцээ ойрдуудаас харамлаж байв. Хасаг Ойрадын дайны үндсэн шалтгаан энэ. Хожим Галдан хаан хасгуудад “буддизмд” орохыг тулгасан нь дайны шалтгаан биш, шалтаг байсан юм. Алтан ордын нүүдэлчид Худай, Эрлэгийг мартаж, “Аллах” тэнгэрээр оруулах болоод байв. 

Тиймээс 1608 оны орчим Торгууд, Дөрвөд, Хошуудын нэг хэсэг умард зүгт нүүж “Орын ганц мод” хэмээх газар очжээ. Ойрдын умардад очсон тайшууд Халхын 4 дэхь ханлиг Алтан ханы улсын (Хотгойдын ханлиг бол хойд зах нь Енисейн эх, өнөөгийн мянгад, элжигин халхаар Ойрад, Засагт хантай хиллэж байсан 100 орчим мянган хүн амтай ханлиг байсан юм. Хожим энэ ханлиг Манжийн эсрэг боссон нь Чингүнжавын бослого гэгддэг) Шолой увштай өрсөлдөж байв. Ойрдууд баян чинээлэг дундад Ази руу нэвтрэхийн тулд өмнө өгүүлсэн хоёр зам салахаас аргагүй байсан ба яг тэр салаагаар Хотгойдууд үе үе гүнзгий шаантаглан орж, баруун ба зүүн өмнөд Ойрдыг тусгаарлаж байжээ. Хотгойдын түрэлт нь Торгуудын Хо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нарыг Хошуудын Байбагус, Цоросын Хархул нараас таслахаар заналхийлж байсан учраас байнга ар талаа эргэн харахаас аргагүй байв. Энэ дөрвөн тайш дөрвөн Ойрадыг мэдэж байв.

Холбоотон Хасгууд ба Харалалпак, Алтан хан Шолойн хүчинд шахуулсан баруун Ойрдууд баруун Сибирьт хүрэхэд өмнөөс нь басахын аргагүй дайсан тосч байсан нь Таар, Тюмень, Тобольскт төвлөрсөн Оросын цэргүүд байв. Олон дайсантай зэрэг тулалдах нь ердөө л мөхлийн аюултай тул Ойрадын тайшууд 1608 онд Оросын хаанд хүчин зүтгэх тангарагийг Таар хотод өргөжээ. Үүгээр баримжаалж Халимгийг Оросод нэгдсэн ойг тэмдэглэдэг бөгөөд өдгөө 410 дахь жилдээ хүрчээ. Олон хүмүүс энэ тангарагийг Ижилд нүүж очсон хойноо өргөсөн гэж боддог байх. 

Энэ тангараг л өнөө хүртэл хадгалагдаж, Халимагийн түүхийг үүгээр бичиж, ярьж байгаа ч үнэндээ энэ тангарагаас бас татгалзсан юм, тэр түүхийг үзье! Тангараг өргөх үед Оросоос гадна бас нэг өрсөлдөгч байсан нь Яик, Эмба, Ижилийн саваар амьдарч байсан Ногайчууд байлаа. 

Халимгууд цаашид “Алтан хан, Казахууд, Ногайчууд, Оросууд гэсэн дөрвөн фронт дээр зэрэг дайтах хүч хүрэлцэхгүй байлаа, иймд Оросуудтай даруй эвлэрч, бусадтай нь хийх дайны ар талаа найдвартай хангахаар яаравчиллаа” гэж тэмдэглэсэн байна. Тиймээс Москвад хандсан гол хүсэлт нь “Алтан хан ба Казахын ордоос хамгаалах явдал” байв. Гэхдээ тэд заль гаргаж “хамгаалах биш довтлох” гэж байжээ.

Барьцааны хүмүүсийг өгч, татвар төлөх ба Сибирийн хотуудыг довтлохгүй гэсэн ам өгснөөр Оросын цэргүүд тэдэнтэй дайтахгүй гэсэн баталгааг авмагцаа Казахын ордууд ба Алтан ханы эзэмшил рүү довтолжээ. Таар мужийн захирагчийн 1609 оны намар бичсэн захидалд “Халимагууд манай хааны өршөөл энэрэлд найдан эхнэр хүүхэд, эл мал, бүх хөрөнгөө Таар хотоос арван өдрийн газарт манай нутагт оруулж үлдээгээд Казахын ордыг довтлохоор мордлоо” гэжээ. Бүслэгдэн мөхөхөөс аврагдах цорын ганц арга энэ байжээ.

1609 оны аян дайнд Хо өрлөг оролцоогүй, харъяат торгууд, дөрвөд, хошуудууд оролцжээ. Үүний дараа хэд хэдэн удаагийн аян дайны явцад тэд эзэмшил нутгаа өргөтгөн казахын умард хилийг даган баруун хилээ Яик мөрнийг хүртэл тэлжээ. Энэ аян дайнд Ойрадуудыг казах-ногайчууд хэрхэн эсэргүүцсэн тухай Казахын “Ер-Таргын” хэмээх баатарлаг туульд өгүүлдэг. Үнэндээ гол эсэргүүцлийг Казахууд үзүүлж байв. 

Торгууд, Дөрвөдүүд Казахуудыг ялж, Ногайг Яик хүртэл шахаж, Алтан ханы эсрэг амжилттай дайтаж Ойрадын зүүн бүлэглэлтэй эзэмшлээ буцаан залгаж, бүслэлтийг сэтэлмэгцээ чуулган чуулж, Оросод хандах хандлагаа эрс өөрчилжээ. Тэд Сибирийн тосгод руу, Оросыг дагасан баруун Сибирийн татарууд руу довтлов. Казахын Есим ханыг залгамжлахын төлөөх Тевеккель, Турсун султан нарын хоорондын тэмцэл хурцадмагц Ойрадууд завшааныг ашиглан аян дайнд оржээ, амжилттай болсон энэ дайнд Хо өрлөг оролцсон байна. Энэ үед Бухарын хаан Имамкули мөн Казахыг дарж авахаар довтлов. Казахууд яг баруун Ойрдууд шиг болов, тэгэхэд харин хошуудууд цэрэг явуулж тусласан авч Казахууд ялагджээ.

Үүний дараа дөрвөн Ойрадын чуулган чуулж, “Оросын хаанд тангараглахгүй, алба татвар төлөхгүй, хавар Таарын Оросын цэргийн захирагчид очихгүй” гэсэн шийдвэр гаргажээ. 1616 он гэхэд Казах, Киргиз Ойрдын мэдэлд байсан ч удалгүй Ойрад дахин дотоод зөрчилдөө идэгдэж хяналтаа алджээ. 1620 онд Есим хан Ойрадын дарамтаас гарахын тулд Алтан хантай хавсран хоёр талаас зэрэг довтолж, Ойрдуудыг ялав. Томскийн цэргийн захирагч И.Шаховский “Казахын нутаг Алтан ханы нутагтай нийлсэн, казах хүмүүс ногай нартай нийлсэн. Шолой, Есим нар Ойрадын эсрэг холбоо байгуулсан бололтой, Алтан хан (Шолой) Хархулын эхнэр хүүхдийг булааж авчээ” гэсэн байна. 

Зарим сурвалжид бичсэнээр Дөрвөн Ойрадын чуулганаар Торгууд Ногайг, Хошууд Хасгийг, Дөрвөд Бухарыг, Цорос Алтан ханыг дарахаар хэлэлцэн тохирсон бололтой. Гэтэл 1622 он гэхэд Шолой увш Цоростой амжилттай байлдаж Хар Эрчис хүрчээ. 

Дорно зүгээс Алтан хан, өмнө зүгээс Казахуудад шахагдсан дөрвөд, хошууд хоёр хуваагдаж нэг хэсэг нь Хо Өрлөгийг түшиж оджээ. Бусад нь Зүүнгар руу нүүв. Хо Өрлөг тэднийг авч Тюмень, Тобольск руу ойртож иржээ. Тобольск болон Уфагийн “Халимгийн асуудал хариуцсан элчин”-д өгсөн мэдээнд “Ойрадын шилдэг сумангууд сарын турш Тобольскоос Ишим, Тоболь гол хүртэл морин дэл дээр байна” гэсэн байна. Үндсэндээ өдийд Халимагуудыг Зүүнгараас хоёр Хасаг, Алтан ханыхан бахь мэт хавчин хүчээр тасласан юм. 

Гэвч энэ удаад Хо өрлөг Орост тангараг өргөсөнгүй. Нөхцөл байдлыг харвал гол цохилтыг Хархул авсан ба Торгуудууд хүчээ хадгалж чаджээ. Харин ч баруун Сибирийн тосгон суурингуудад довтолж, чинээлэг хүн амыг тонон дээрэмдэж ядууруулсан нь Тобольскийн цэргийн жанжин Ю.Сулешевт Москвагаас тушаал ирүүлэхэдхүргэжээ. Уг зарлигт: “Халимгийн олон цэрэг Москва хүрэх замыг мэдэхгүй байх ёстой. Түүнчлэн ногайчууд манай хязгаар нутгийг эзлэн довтлох замыг зааж өгч болзошгүй тул, тэдний хоорондын яриа хөөрөө үүсгэхгүй байх. Тэдэнд давуу боломж олгохгүйн тулд, зам харгуйг нууцлахын тулд Ойрадын элч нарыг Москва руу явуулахгүй байх хэрэгтэй!” гэжээ. 

1624-1625 оны өвөл Хошуудын Байбагус, Дөрвөдийн Далай тайш нар хариу авч Казахыг довтлох гэж байснаа больжээ, учир нь казахын хангуудын хооронд найрамдал тогтож, нэгдсэн байв. Улмаар 1625 онд Далайн өргөөнд Турсун ханы Булгараас, Ишим ханы Казахаас элч ирж найрамдлын гэрээ байгуулж, дайтахгүй гэсэн тангараг өргөжээ. Ингээд л Торгуудын хувь заяа шийдэгджээ. Хэрэв тэд Казахыг амжилттай довтолсон бол торгуудууд буцаад Зүүнгартай нийлчих байжээ. Зүүнгартай нэгдэх боломж хайн эргэцэж байсан торгуудууд Москва руу биш, харин баруун урд зүгт нүүдэллэв. Угаасаа анхны зорилго тэр зүгт байв.

Домогт өгүүлснээр элч илгээн газар эрсэнд нэгэн их гол зайрмагтсан байж. Түүнийг Зайр гэж нэрлэв. (Урал мөрөн буюу Зай гол гэдэг) Түүнээс цааш одсонд түүнтэй Ижил гол таарсанд Ижил гол хэмээн нэрлэжээ... 

2. Ижилийн зүг

Энэ учраар дөрвөн Ойрдын тайш нар муудалцав. Цөхүр, Байбагус нар Ойрдын тэргүүний төлөө зөрчилдөв. Далай тайш Торгуудаас салж, Хархулыг баримтлах болов. 

Туужид “Дөрвөн Ойрадад эвдрэл болсон цагт Торгуудын тайш нь Хо өрлөг хэмээгч бээр “Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй дайлалдан олз авч явбаас дээр болой” хэмээн сэтгээд... шороон луу жилд (1628 он) өөрийн албат Торгууд ба Хошууд хийгээд Дөрвөд таван түмэн өрх улсаа авч, зургаан хөвүүнээ дагуулан... наран шингэх зүгт мордов. Зай (Урал) мөрнийг хүртэл өгсөж, Эв (Эмба) голын дэргэд нутагт агч нэг бүлэг Татаруудыг оруулаад Зайг гаталж Нагай (Ногай) хаантай Кивчаг чигсан хэмээх Татаруудыг эрхэндээ оруулж, төмөр морин жилд (1630 он) Ижилд хүрэв” гэсэн байдаг. Оросын эрдэмтдийн тооцоогоор 300 орчим мянган хүн ам өнөөгийн Казахстаны нийслэл Нурсултаны баруун этгээдээс баруун урд зүгт нүүн одсон ажгуу... 

Тэгээд... ”Хо өрлөг нь Зайгаас Ижил хүртэл, Айдарханаас (Астрахань) Самур (Самара) хүртэл бүхий газрыг өөрийн албат нарын мөнх нутаг болгож, тэнд буув. Энэ газар хэмээвээс цагаан хааны газар боловч Хо өрлөг танилцах, мэдэлцэх ч сэтгэлгүй, газрыг нь эзэлснээ ч түүнд үл мэдүүлсэн бүлгээ...” гэжээ. 

Хожим Зүүнгарын хаант улсыг мөхөхөд хүн ам нь 600 орчим мянга байсан гэдэгтэй харьцуулбал Ойрдын тэн хагас Ижил мөрний зүг оджээ. Тэд хуучин Алтан ордын төвлөж байсан нутагт очсон юм. Астраханиас холгүй Алтан ордын нийслэл Батын Сарай хотын туурь байдаг. 

Хэрэв Халимгууд олон тулааны нэгэнд л ялагдсан бол өршөөл үгүй байв. Тэд буддын шашинтай, монгол хэлтэй огт өөр ертөнцийн төлөөлөл, өршөөл энэрэлгүй өрсөлдөгчийн дундуур цусан зам татуулан туучиж байв. Халимгууд одоо ч ярьдаг аж. Тэр цагт энэ уудам нутагт Халимагууд бор чоно мэт харайн шилбэлзэж явлаа, тэгэхэд манай дайснууд бор туулай мэт бултан зугтаж байлаа гэж...

Тэнд шинэ хөршүүд Ногайчууд, Крымын татарууд, Умард Кавказын ард түмнүүд хүлээж байв. Тэр улстөрийн бодлогоо огт өөрөөр тодорхойлох хэрэгтэй болов. Үлдэгсэд нэгдээд Зүүнгарын хаант улсыг байгуулав. Тэгээд тэд өмнөд замыг ч орхиж Хасгийн тал нутгийг зүсэн довтолж баялаг хотуудыг эрхшээхийг оролдох болсон билээ. 

Зүүнгар байгуулагдсанаар Хүрэн билчирт Халх-Ойрдын ноёд “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зохиож батлахад Торгуудаас Хо өрлөг том хүү Шүхэр дайчин хунтайж (залгамжлагч), хоёр дахь хүү Илдэн ноён,мөн Цэцэн ноён тэргүүтэн ирж оролцсон байна. Ингэснээр Торгуудын Хаант улсыг засах, дагаж мөрдөх хууль нь “Их цааз” болсныг “Торгууд хаадын тууж”-д бичсэн нь Монголын Хаант Улс болохыг илтгэдэг. Хо өрлөг их цаазыг батлалцаад Халимагт очмогцоо Айдарханийг (Астрахань) Оросоос салгаж авах гэж амжилтгүй дайтаад, ухрах үедээ алагдсан байдаг. 

Тухайн үед Ижилээс Хималайг хүрсэн Монголын гурван хаант улс байгуулагдсан нь Ижил мөрний Торгуудын хаант улс, Гүүш хааны байгуулсан Хошуудын хаант улс, Зүүнгарын хаант улс байв. Тэд бүгд энэ цааз бичигт нэгдсэн билээ...

Халимагийг “Хаант улс” гэхийн учир нь Далай ламаас анх Хо өрлөгийг злгамжилсан Шүхэр Дайчинд хаан цол өргөсөнд “Надтай адил олон, би ямар хаан болмуй” хэмээн гэдрэг өргөсөн аж. Харин түүний хүү Аюука 1690 онд хаан цолыг хүлээн авчээ. Хожим 1731 онд Манж Чин улсаас Халимгийн Цэрэндондогт бас “хаан” цол давхар өгөхийг оролдоход Оросууд мэдээд түрүүлж хаан болгосон түүх ч бий юм. Харин энэ цагт Зүүнгарт хямрахад Халимагт Зүүнгараас ахин дахин ирж нийлсээр байжээ.

Шүхэр Дайчин тайш улстөрийн ур чадвар сүрхий хүн байсан бололтой, Ногайн нэг ордыг хэлэлцээр хийж, өөртөө нэгтгэсэн байна. Үүндээ эрэмшиж аавын хүслийг гүйцээх гэж Астраханийг бас дахин бүтэлгүй довтлоод ялагдаж, Оростой дайтахгүй гэж тангараглаж, холбоотон болжээ. Энэ бол харин Халимгууд Оросын эрхийг хүлээн зөвшөөрсөн алхам байж магадгүй юм.

Түүнийг өөд болсон хойно хүү нь Пунцаг төр барьж байх үед Хошуудын тайш Хөндлөн увш 3000 албаттайгаа ирж нийлжээ. Пунцагийн хөвгүүн Аюук хааны төр барьсан даруй Зүүнгараас эгч Доржравдан нь 1000 албаттай нэгдэж Халимаг улсыг өнөржүүлжээ. Тэгж байтал модон барс жилд (1674 он) Дөрвөд Сономцэрэн тайш 1000 өрх албат нартайгаа Ижилд ирж, Аюукийн харъяат болж хүчийг нь ихэтгэв гэжээ.

Үүний дараа Аюук хаан Зүүнгарын улсад ч сэтгэл тавьж, охиноо Цэвээнравдан хаанд биеэр хүргэж өгөөд үлдсэн Торгуудуудыг Ижилд авч ирсэн байна. Түүний араас Зүүнгарт тасралтгүй дайн болж, хүн амьтан амар жаргалаас хагацсанаар “Хар Халимаг” хэмээх ойрад нар Цагаанбаатар тайштай 1686 онд Зүүнгараас Оросод нүүж ирэхэд Ахтюбин голд нутаглуулсан байна. 


Ийнхүү Халимаг хүчирхэгжиж, Орос ба Халимагийн харилцаа найртай хөгжиж байжээ. I Петр хаан “Өөрийн биеэр харь газарт одож, аливаа уран эрдэм сурч ирээд хойно албат нартаа сургасу” хэмээн хүсэж, наран шингэх зүг дэх улсад одох гэж байхдаа “Орос орны өмнөх гадаад дайснуудаас хартугай” хэмээн Аюук хаанд даалгаж байжээ гэж түүхэнд тэмдэглэснээс үзвэл ах, дүү мэт байжээ... 


1700 оныг гартал Халимагт Зүүнгараас очиж байсан ч дотоодын эврэлцээнээс болж нэгэнтээ Аюукын Санжжав хэмээх нэг хөвүүн Урал мөрний чанад суусан 15000 өрх албат нараа аваад Зүүнгарын нутагт явж одсонд Цэвээнравдан хаан тэднийг өөрийн албат болгоод, харин Санжжавыг буцаажээ. Халимаг улс нь үнэхээр Зүүнгарын нутгаас ирсэн хойно энэ цаг хүртэл улам өсч байсан бөгөөд эдүгээ цөөрөх цаг болов... гэж “Торгуудын хаадын тууж”-д харамсан бичжээ.

1725 онд Халимгууд нэгэнтээ Зүүнгарт буцаж нүүе гэж, Цэвээнравдан хааны охиныг хаандаа буулгахад угтах нэрээр 2000 цэрэг илгээж газар үзсэн байдаг. Гэвч Цэрэндондог хаан “зориггүй тул хөдлөөгүй” ажээ.

1740-өөд оны үест Дондогдаш хаан “Эртний Дөчин, Дөрвөн хоёрын их цааз” Монгол ба Ойрадын аж төрөхөд маш зохистой боловч Халимагууд тэднээс салсаар олон он өнгөрөөж, зан ааль нь хувилж, урьд үгүй сайн, муу чанар төрсөн тул шинэ тогтоол хууль хэрэгсэх болоод, олон харь улсын дунд суух тул тэдэнтэй явахад бас шинэ хууль хэрэгтэйн тул шинэ тогтоол бичиж хуучин цаазыг дүүргэв” гэсэн байдаг. Энэ үеийг хүртэл 100 жил Халимгууд Монголын гэрээнд үнэнч байж, “Их цааз”-ыг гол болгон мөрдөж байжээ. Гэхдээ Дондогдашийн өөрчлөлт Их цаазыг бүрэн эвдээгүй нэмж засварласан бөгөөд “Бүх эрэгтэй хүүхэд 12 нас хүртлээ заавал Монгол бичиг сурсан байхыг чандлан тушаасан” гэх мэт дэвшилтэт өөрчлөлтүүд нэмжээ. Оросын нийслэлд одсон язгууртнуудын хөвгүүд хаан ор сууж, шинэчлэл хийхийг оролдох болсон нь энэ юм.

1758 оны Амарсанаагийн бослого дарагдаж Манжийн цэрэг Ойрадыг хүйс тэмтэрч, үнсээр хийсгэхэд Шэйрэн тайш түмэн өрхийг дагуулан Увш хаан суусны даруйд хүрчээ. Тэд “Зүүнгарт эрэгтэй хүүхэд үлдсэн бол эхийн хэвлийд л үлдэв...” гэж ярьж иржээ...

...Тэр жил Шэйрэн тайш Увш хаанд “Би саяхан Зүүнгараас ирсэн тул хүрэх зам ба сайн нутгийг сайтар мэднэ гээд “Намайг дагаж мордоод энх мэнд явж хүрвээс эдүгээ эзэнгүй тэр газарт чи дээрээ ахлах хаангүй болмуй” хэмээн ятгажээ. Увшийн төр барихаас урьд хааны заргын зайсангуудыг цөмийг хааны амины албат Торгуудаас хаан өөрөө сонгодог байжээ. 

Гэтэл Увшийн хаан болгохдоо II Екатерина хатан “Хааны заргад түүний харъяат Торгуудаас гурван зайсан, нэг лам, Дондог-Омбын ач үрийн харъяат Торгуудаас нэг зайсан, Дөрвөдөөс нэг зайсан, Хошуудаас нэг зайсан томилж, тэднийг “заргач”хэмээн нэрлэх, тэднийг хаан бус ноёд мэдэж сонгох, заргач нар эс зөвшөөрвөл хаан өөрийн дураар бүү шийд” гэж зааварлажээ. Энэ хааны эрхийг хязгаарласан шинэчлэлд Халимагийн хааны орд эгдүүцжээ. 

“Түүхэнд” бичсэнээр Халимагийн ноёд ярилцжээ. “Заргач нар хааны зарц атал одоо тэд хаантайгаа адил зарга шийтгэлцэх ёстой болов. Хаан хүн харъяатын үгийг дагах уу? Өндөр дээд цол доромж болох нь. Харц албатаас сурах хэрэггүй буй. Монгол, Ойрад улс эртнээс эдүгээ хүртэл дээд заяат хааны зарлигаас үл давдаг буюу”... 

Тэгээд “Халимагууд хамгийг ивээгч бурхандаа залбирч, Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах, дүү Монгол ба энэ, хойд хоёр төрлийн жаргалын шүтээн болсон рашааны далай Түвд орон хийгээд үлэмж адист богд нарын гэгээний шадар оршиж, хорт дайсанд хэрчигдсэн Ойрадын голомт дээр бууя, эцэг өвгийн жаргаж, зовж явсан ба Ижилийн талаас үлэмж баян болоод сайхан орон Зүүнгарыг сайн хэмээн сэтгэж Халимаг улс шагшин баясаж мордсон бүлгээ... 

Энэ үеийг торгуудууд Еврын 90 жил гэдэг. Өөрөөр хэлбэл Европ дахь 90 жил гэсэн үг билээ. Тэр жил (1771 оны I сар) Ижил мөрөн хөлдсөнгүйд мөрний баруун этгээдэд байсан Халимгууд нүүж чадалгүй үлдсэн гэдэг. Гэвч басхүү Торгуудын зонхилогч үүргийг эсэргүүцэж байсан дөрвөд, хошууд нар улсын дотор толгой мэдэн суухын учирт үлдсэн ч гэдэг. Тийнхүү Торгуудын их нүүдэл эхэлсэн ба энэ түүхийн талаар олон зүйл бичиг, түүх гарч байгаас орхин товчлоё. 

Нүүсээр Балхаш нуурт тулаад хуралдай хийж, хоёр салж нэг хэсэг нь хойгуур нь нэг хэсэг хойгуур тойруу замаар, нөгөө хэсэг нь урдуур нь нүүжээ. Хойгуур нүүгсэд тойруу авч Хасгийн их, дунд жүзийн нутгаар дайн тулаан багатай өнгөрч чаджээ, харин урдуур нь нүүгсэд Тэнгэр уулын араар богино зам туулсан авч Киргизийн Нурлай, Хасгийн бага жүзийнхэнтэй үхэн дайтсаар их хохирч Зүүнгарт иржээ. Магадгүй өмнөд замынхан хойд замыхнаа аврахын тулд, бүгдээрээ сүйдэхгүйн тулд золио болсон бололтой. 

Зүүнгарын нутагт алсран одсон нүүдлийн арыг хамгаалж үлдсэн үлдсэн дайчид бүгд үхээд Хасаг, Киргизүүд тэднийг хүүрийг тойрч үзэж гэнэ. Гэтэл нэгэн баатар эр нумаа дэлсэн чигтээ хөшиж үхсэнийг хараад Нурлай мориноос бууж “Энэ торгууд үхсэн ч биднийг харвах гэж нумаа дэлсэн аж. Үүнийг тавиулъя хэмээн гарынх нь шөрмөсийг тас цавчсанд сум алдуурч исгэрэн нэгэн баатрыг нь нэвт харваж гэнэ. Тэндээс энэ муу ёр болов гэж буцжээ. Киргизийн Нурлай хан Авлайн торгууд хатнаас төрсөн Бага жүзийн хан Кенесарыг алж Оросуудад толгойг нь өгсөн нь Эрмитажид хадгалагдаж байгаа гэдэг. Түүнд ийм шаргуу дайтах ямар нэг өсөрхөл байсан бололтой. Зүүнгарт туйлдаж ирсэн тэдний дээрээ хаангүй байх санааг мэдэх тул Манж нар дөрөв салган Зүүнгарын дөрвөн хязгаарт тэлжээ... 

Увш хаантай Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаантай Чэндэд уулзжээ. Уулзахдаа хоорондоо Монголоор ярьж гэнэ. Гэвч хорчин ба торгууд аялга хэцүү тулд Халх ноёныг урьж ярилцсанд их аятай болж гэнэ. Тэр үест халх аялга Монголын төв гол аялга болж байжээ. Увш хаан дайнд олзолж авсан Түрэгийн султаны илдийг бэлэг болгожээ...

Хэрэв... Манж нар Ойрдыг хүйс тэмтрээгүй, идэрмэг чийрэг, дайчин шалбалзуур цэрэг хүчнийг нь илбэн дагуулсан бол тэр хүчээр Дундад Азийг түймэрдэж магадгүй байсан юм. Гэвч Манж нар Монголчуудтай дайтсаар тамираа барж өрнө зүгийг харахаа больж, хориглолтонд юм. Хятадын хаант улсууд яг ийм шалтгаанаар хэдэн мянган жил өрнөдөд хүрч чадалгүй унаж байсан билээ. 

Ойрдууд ба Оросуудын хооронд анх тогтоосон хэлхээ холбоо хожим Монголчууд туурга тусгаар улсаа байгуулахад тус болсон билээ. Мөн эртнээс Хойд ба Өмнөд Хүннү, Зүүн ба баруун түрэг болж, хүчин буурахын цагт умард, өрнөдийн ханлигууд нь наран шингэх зүгт одож, шинэ хүчирхэг хаант улсаа байгуулдаг эртний ёс тасарсан билээ. Хүннү нар Баруун Римыг унагаж, Түрэгүүд Зүүн Римыг (Византи) эрхшээсэн бол Халимгууд гуравдахь Рим Оросыг унагаж чадаагүй буцсан юм. Зүүнгар мөхсөнөөр Манж нар Монголын баруун талаар ороон бүслэж, хаашаа ч хөдлөх аргагүй болгосон ба Оросууд Хасгийг эрхшээж луу, баавгай нүүрлэн тогтсоныг эвдэх гуравдагч хүчин зүйл үгүй болсноор Хянганаас Каспи хүртэлх уудам орон зайг 300 жилийн харанхуй нөмөрч ажин түжин болоод, дөнгөж XX зууны эцсээр шинэ үндэстэн улсуудын цэцэг алаглаж эхэлсэн. 

Нэгэн зууны турш цус урсган тэмцэлдэж байсан нум сумт аймгуудын Монголын ертөнц Чингийн мэдэлд, хуучин монгол-түрэгийн ертөнц Оросын мэдэлд ороход хоёулаа аль болох удаан сэрээчихгүйхэн шиг унтуулахыг хичээж иржээ. Хожим Хятадыг хуваасан гэрээний дагуу Европчууд, бас Оросууд өөрсдөө тэднийг “дахин нээсэн” билээ.

Энэ хугацаанд эртний торгон зам эдгээд оронд нь далайгаар дэлхий дахин холбогддог болж, газар зүйн их нээлт, колонийн гүрнүүдийн дайн хядлага, Европын иргэншлийн эзэрхийллийн эрин эхэлсэн юм. Энэ урт хугацаанд эртний дайчин нүүдэлчид гүн нойрондоо дарагдсаар... Гагцхүү Европ тивд хамгийн ойр очсон Монголчууд буюу Халимгууд тэр дайн тулааны эргүүлэгт татагдан орж, хэдий цөөхүүлээ боловч ялалтын дайчин уухай, яруу алдраа цуурайтуулсаар байсныг нүүдэлчид нойрон дундаа сонсож л байсан хэрэг. 

Тэдний нэг Торгуудын Чин сэтгэлт чуулганы тайжийн хошууны Авиа (Авирмэд), хошуудын Дорж (Доржсүрэн) нарын бага хөвгүүн миний бие олон зуун жилийн дараа эцэг өвгөдийн үр хойчис алдар суугаа мандуулсаар агч тэр нутагт хүрэхийг үргэлж хүссээр удсан бөлгөө. Далай гаталж ертөнцийн нөгөө бөөрөнд хүрэх амархан, харин ердөө Хасгийн цаана л байгаа Халимагт хүрэх хэцүү. Тэр хүсэл биелэх цаг ирэв. Алдарт Жангарч О.Цагаанзамын тухай “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг” бэлтгэх болсон тул нөхдийн хамт хөлгийн жолоог Ижилийн зүг залав...