Стиви Уондэр: Хайртай гэдгээ хэлэх гэж л залгалаа
Эцсийн баяр дуусахад эхний баяр эхэлнэ, амьдралын энэ тойрог, цагийн энэ эргүүлэг дотор аж төрөхөд заавал тэр тэмдэглэлт өдөр нь тохиогоогүй ч гэлээ зүгээр л хайртай гэдгээ хэлэх гэж, харилцуураар дууг нь сонсох гэж, хамгаас илүү түүнийгээ гэдгээ хэлэх л гэж залгаж бас болно шүү дээ.
Эрхэм уншигч олон, англи хэл сурч буй оюутан залуус, поп хөгжим сонирхогч андууддаа зориулан энэ удаад Стиви Уондэрын алдарт I Just Called To Say I Love You дууг тайлбарлан орчуулж хүргэе. Энэ дуу бол англи хэл сурч буй, барууны соёлыг судалж буй оюутан сурагчдад чухам тохирох дуу юм. Учир нь:
Нэгд, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц нь маш хялбар, ерөөсөө ийм ч баяр биш, тийм ч чухал өдөр биш хэмээн тоочсон маягтай. Дахилт нь харин, тийм сайхан тэмдэглэлт баяр биш боловч би ердөө чамдаа хайртай гэдгээ хэлэх л гэж залгаж байгаа юм шүү гэсэн энгийн бүтэцтэй юм.
Хоёрт, ингэж “биш биш” хэмээн тоочихдоо Шинэ оны өдөр буюу 1 сарын 1-ээс эхлэн цаг хугацааны дарааллаардурдан явсаар 12 сарын 25 буюу Зул сарын баярыг хүртэлх, өөрөөр хэлбэл нэгэн бүтэн жилийн бүхий л тэмдэглэлт өдрийг хэлж буй нь багш тайлбарлаад өгвөл оюутанд уламжлал соёл, орон судлалын таатай сайхан хичээл болох юм.
Стиви Уондэр тэгэхээр ямар ямар баярт сайхан мөч биш атал хайрт руугаа залгаж байгаа билээ гэдгийг хамтдаа судлан хэлэлцье.
Нэгдүгээр бадаг
No New Year's Day to celebrate
Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа юм биш (1 сарын 1).
No chocolate covered candy hearts to give away
Шоколадаар бүрсэн зүрхэн чихэр нэгэндээ өгдөг өдөр биш. Энэ ямар өдрийг хэлж байгаа билээ? Зөв, Валентины өдөр биш ээ гэж байна (2 сарын 14).
No first of spring
Хаврын анхны өдөр биш (3 сарын 1). Эдний Хаврын баяр бол шууд гүтгэн монголчилбол манай Цагаан сар л даа. Ёстой нөгөө монгол онигооны агуулга энэ дуунд тэр чигээрээ яваа юм: “Юун Цагаан сар, юун Наадам... Чамаас сайхан баяр гэж үгүй” гэж хэлэх л гээд байгаа дуу шүү дээ.
No song to sing
Энд sing-song хэмээх ойлголтын тухайд өгүүлж байна. Анд найзууд цуглан хамтдаа дуулан наргихыг хэлдэг үг. Заавал тодорхой заасан өдөр үүнд үгүй.
In fact here's just another ordinary day
Үнэндээ болбоос яг бусад өдөр шигээ жирийн л нэг өдөр байна.
No April rain
Дөрөвдүгээр сарын бороо биш (4 сарын 1-30). Англи хэлтний яруу найрагт дөрвөн сарын бороо гэдэг маш чухал хэллэг. Гурван сарын бороо бол хүйтэн, жиндээнэ гэх. Дөрвөн сарын бороо харин зөөлөн бүлээн. Бас ид зуны бороо шиг шаагин асгарахгүй, ихэвчлэн шивэрнэ. Шивэрч ороод дуусангуут нь нар гарч, цэцэг ногоо дэлгэрдэг. Тийм ч учраас “4 сарын бороо 5 сарын цэцгийг авчирна (April rain brings May flowers)” хэмээх англи хэллэг ч буй. Ганц өрнийн соёлд ч 4 сар тусгай сайхан юм биш байх. Лин Хуй Ин-ий нэгэн шүлэгт “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” хэмээдэг билээ.
No flowers bloom
Энэ харин 4 сарын борооны дараах өнөө 5 сарын цэцэг дэлгэрэх цагийг хэлж байна. (5 сарын 1-31)
No wedding Saturday within the month of June
Зургаан сарын Бямба гарагийн хурим биш (6 сарын 1-30). Энд багш нар хоёр зүйлийг тайлбарлах хэрэгтэй болно. Нэгд яагаад 6 сард хурим хийх нь бэлгэшээлтэй, хоёрт Бямба гарагт ямар учир байна гэж. 6 сарын хуримын учрыг тайлбарлахын тулд оюутан сурагчдад 6 сарын англи нэрийг эртний Грек-Ромын домгийн хамтаар таниулах хэрэгтэй. Англи хэлээр 6 сарыг June гэдэг нь Эртний Ромын Juno хэмээх бурханы нэрээс гаралтай юм. Жүно/Юно хэмээх тэр бурхныг Грекэд хэн гэдэг байв гээд хөөж үзвэл Хэра болох нь тодроод ирнэ. Хэра нь гэр бүл, гэрлэхүйн бурхан, эмэгтэйчүүдийг нярайлахад харж ханддаг тэнгэр эх. Тийм ч учраас түүний нэрээр нэрийдэгдсэн тэр сард гэрлэх нь хосын холбоос бат бөх байхын бэлгэдэл ажээ.
P.S. Грек Ромын энэ олон бурхдын хэн нь хэн болох, аль нь ямар учиртайг мэдье гэвэл миний саяхан гаргасан “Эртний Грекийн домог” номыг уншаарай. Үгүй бол Барууны соёл түүх, гүн ухаан байтугай Стиви Уондэрын энгийн нэг дууны үгийг ч ойлгож чадахгүйд хүрэх нь байна шүү.
Бямба гарагийн тухайд бол элдэв бэлгэдэл домог гэхээсээ илүү ерөөсөө л олон зочин ирэх, маргааш нь амарч чадах, өөрөөр хэлбэл хурим найр хийхэд хамгийн таатай өдөр л юм.
But what it is, is something true
Гэвчиг юу л даа хө, нэг чухам үнэн юм байна.
Made up of these three words that I must say to you
Тэр [үнэн юм] нь гурван үгээс бүтсэн, тэрийг би чамд хэлэх ёстой.
Дахилт
I just called to say I love you
Зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлэх гэж л залгалаа
I just called to say how much I care
Зүгээр л чамд хэр их санаа тавьдгаа хэлэх гэж л залгалаа
I just called to say I love you
Зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлэх гэж л залгалаа
And I mean it from the bottom of my heart
Тэгээд би үүнийг зүрхнийхээ угаас хэлж байгаа юм шүү
Хоёрдугаар бадаг
No summer's high
Үгчилбэл “зуны оргил” буюу хамгийн урт өдөр болж, амьтан хүний баясдаг 6 сарын 21-ны өдрийн тухай өгүүлж байна.
No warm July
Дулаахан Долоодугаар сар биш (7 сарын 1-31). Бөмбөрцгийн хойд хагаст аж төрж буй хүн төрөлтний хувьд хамгийн таатай дулаан сар бол Долоодугаар сар.
No harvest moon to light one tender August night
Найман сарын нэг ялгуун шөнийг гэрэлтүүлэх тэргэл саран биш. Harvest moon нь гэхдээ зүгээр нэг тэргэл сар биш намар, өдөр шөнө тэнцэх өдрөөс өмнө гарах бүтэн сарыг хэлнэ. Газар тариалангийн соёлтой үндэстнүүдэд баяр болгон тэмдэглэдгийн учир нь гэрэл цахилгаан гэж байгаагүй эрт цагт жилдээ хамгийн хурц гэрэлтэй нь болох чухам тэр тэргэл саран шөнө дүлээр ажиллах боломжийг олгож, ургац ногоогоо бүрэн хураахад нь ард олонд тусалдаг байсан ажээ. Тийм ч учраас ургацын саран буюу harvest moon хэмээн нэрийдсэн хэрэг.
No autumn breeze, no falling leaves
Намрын зөөлөн салхи биш, навчис унаж байгаа ч юм биш
Not even time for birds to fly to southern skies
Тэр ч бүү хэл, шувууд өмнө зүгийн тэнгэр өөд нүүдэллэн нисэх үе ч биш.
No Libra sun
Жинлүүрийн ордны нар биш (9 сарын 23 – 10 сарын 22). Нар жинлүүрийн ордонд орж ирэх үед өдөр шөнө тэнцэх учир жинлүүр буюу тэнцвэрийн бэлгэ тэмдэг болж, амгалан тайван, шударгуу ёс тогтоно хэмээн бэлгэшээнэ.
No Halloween
Халловийн буюу ад зэтгэрийн баяр биш (10 сарын 31). Энэ баярыг надаар тайлбарлуулалтгүй, бүгд мэддэг болсон биз ээ.
No giving thanks to all the Christmas joy you bring
Зул сарын баяраар чиний авчрах тэр бүх баяр баясгаланд талархаж байгаа ч юм биш. (12 сарын 25)
But what it is, though old so new
Гэвчиг юу л даа, хө, хуучин мөртлөө цоо шинэ нэг юм байх.
To fill your heart like no three words could ever do
Тэр [хуучин атлаа шинэ] гурван үгээс өөр юу ч чиний зүрхийг дүүргэж чадахгүй биз ээ.
Уран сайхны орчуулга
Энэ удаад аяар нь дуулж болохоор орчуулахыг зорьсонгүй, зүгээр шүлэг найраг мэт сонстохоор орчуулахыг эрхэмлэв, болгооно уу.
Хайртай гэдгээ хэлэх гэж л залгалаа
Зөн бэлгийн учрал шинэ оны баяр биш
Зүрхэн чихэр нэгэндээ дуртгах гэгээн хайрын өдөр биш
Ялгуун хаврын шинийн нэгэн, яруу дууны дугараа ч биш
Яг л бусад өдрийн адил, жирийн л нэг өдөр билээ л.
Зөөлөн бороо, дөрвөн сар, цэцэг дэлгэрэх цаг биш ч
Зүрх нийлж, заяа холбох Зургаан сарын хурим биш ч
Аргагүй үнэн гэж яах ч аргагүй юм аа
Анхил чамдаа гуравхан үг хэлэлгүй горьгүй нь ээ
Дахилт:
Хайртай гэдгээ хэльюү гэж л залгалаа
Хамгаас илүү чамайгаа л гэдгээ дуулгаюу хэмээн залгалаа
Чанад зүрхнийхээ гүнээс гурван үг хэлье.
Чамдаа би хайртай
Налгар зуны сунайсан өдөр, долоон сарын халуун биш
Найман сарын үдэш гэрэлтэх тэргэл сарны туяа ч биш
Намрын сэвшээ салхи, навчих унах цаг ч биш
Нар тоссон өмнийн тэнгэрээд шувууд буцах үе ч биш
Жинлүүрийн ордны наран, зэтгэр адын баяр биш, гэвчиг
Жилдээ ганц тохиох Зул сарын цэнгүүн биш, гэвчиг
Хэн бүхний мэдэх атлаа хэзээ ямагт шинэ, гурван үг хэлье
Хэнхдэг цээжийг хөөр баяраар өөр юу ч тэгтлээ дүүргэдэггүй юм аа
Хайртай гэдгээ хэльюү гэж л залгалаа
Хамгаас илүү чамайгаа л гэдгээ дуулгаюу хэмээн залгалаа
Чанад зүрхнийхээ гүнээс гуравхан үг хэлье.
Чамдаа би хайртай
Дуучны тухай хоёр, дууны тухай гурван үг
1950 онд хоёр сар дутуу төрсөн дуучин, инкубаторт бойжин хүн болж чадсан боловч хараагаа эгнэгт алджээ. Бага наснаасаа авьяас нь тодорч, 11 настайдаа Хит жагсаалтад тэргүүлж чадав. АНУ-д хамгийн залуудаа хит парадыг тэргүүлсэн гэсэн тэр амжилтыг нь өдгөө болтол эвдэх хүн гараагүй л байна. Шилдэг цомог ангиллаар Грэммийн шагнал хүртсэн анхны хар арьст дуучин (1973), Грэммийн шилдэг уран бүтээлч буюу хамгийн чухал шагналыг гурвантаа хүртэж үзсэн хоёрхон дуучны нэг (хамтлагуудыг оролцуулаад шүү дээ, нөгөөх нь цуут Фрэнк Синатра), Грэммийн шилдэг цомгийн эзнээр гурав дараалан шалгарсан цор ганц дуучин гэх мэт олон олон амжилт буй. Энэ олон оргилын дунд алтран гялалзах нэгэн шагнал нь алдарт Оскар юм. 1985 онд Стиви Уондэр та бидний орчуулан судалж буй чухам энэ дуугаар Оскарын эзэн болсон билээ.
“Woman in Red” буюу “Улаан даашинзтай бүсгүй” кинонд ашиглуулахаар “Хайртай гэдгээ хэлэх гэж л залгалаа” дуугаа өгсөн нь ийнхүү Шилдэг оригинал дууны Оскарыг хүртсэн хэрэг. Гэхдээ зохиохын хувьд хавьгүй эрт бичсэн, Битлзээр дуулуулна хэмээн төсөөлж зохиосон гэж өөрөө сүүлд ярьсан аж. ”Ленноныг буудуулахад мөрөөдөл минь өнгөрчээ хэмээн харуусаж байлаа” гэж хэлснээс нь харахад лавтайяа 1980 он гэхэд биччихсэн байж.
Хайрын тухай дуу учраас, элдэв улс төр, шашин шүтлэгтэй холбоотой үг байхгүйн тул төр улс, улс төрөөс ангид алдаршсан дуу гэж уншигч та бодож байж магадгүй юм. Гэтэл үнэндээ үүх түүх ихэд сонирхолтой өрнөсөн билээ. Оскарын шагнал авсан улс нэг минут сэтгэлийнхээ үгийг хэлдэг дээ. Стив Уондэр тайзан дээр “Энэхүү шагналыг би Нэлсон Мандэлагийн өмнөөс авлаа” гээд хэлчиж. Мандэла тэгэхэд хар арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцээд 1962 оноос хойш шоронд хоригдож байв. Маргааш нь гэхэд л ӨАБНУ-ын төр засгаас Стиви Уондэрын бүх дууг хориглож орхисон аж. Хорио цээр харин ч эргээд сөрөг сурталчилгаа болж, олон дуучин апартэйдийн эсрэг ая дуугаа өргөж, 1988 онд Лондон хотноо бүр “Нэлсон Мандэлаг чөлөөл” нэрт тусгай тоглолт зохион байгуулжээ. Стинг, Уитни Хьюстон зэрэг томчуулын оролцсон энэ тоглолтыг нээж, Стиви Уондэр нэг дуугаараа ая барьсан, ямар дуу гэж санана? Мэдээж хэрэг, энэ бүх үйлийг эхлүүлсэн “I just Called To Say I Love You” шүү дээ.
Эцэст нь дууныхаа үг орчуулгыг эргээд нэг санацгаая:
Жилийн 12 сарыг бүгдийг багтааж, нэг тойрог болгон өгүүлсэн сонин сайхан хийцтэй дуу билээ л.
Шинэ жил биш (1 сар)
Гэгээн хайрын өдөр биш (2 сар)
Хаврын анхны өдөр биш (3 сар)
Дөрвөн сарын бороо биш (4 сар)
Цэцэг дэлгэрэх цаг биш (5 сар)
Зургаан сарын хурим биш (6 сар)
Долоон сарын халуун биш (7 сар)
Найман сарын ялгуун үдэш биш (8 сар)
Жинлүүрийн ордны нар биш (9 сар)
Ад зэтгэрийн баяр биш (10 сар)
Шувууд буцах цаг биш (Америкийн ихэнх нутгаар бол энэ нь 11 сарын эх)
Зул сарын баяр биш (12 сар)
Эцсийн баяр дуусахад эхний баяр эхэлнэ, амьдралын энэ тойрог, цагийн энэ эргүүлэг дотор аж төрөхөд заавал тэр тэмдэглэлт өдөр нь тохиогоогүй ч гэлээ зүгээр л хайртай гэдгээ хэлэх гэж, харилцуураар дууг нь сонсох гэж, хамгаас илүү түүнийгээ гэдгээ хэлэх л гэж залгаж бас болно шүү дээ.
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан, Эрээнцавд бороо орох, гол урсах, навч унах, цас орох бүгдсайхан гэдэг байх аа.
Уншигч та ч гэсэн утсаа одоохон аваад зүгээр л хайртай гэж хэлэхийн төлөө амраг руугаа залга даа.
Жин
Халиунаа
Зочин
Болор
Золоо
Нараа
ЮБО
Зочин
Зочин
Зочин
Зочин
Michk
Зочин
Зочин
Зочин
Цэсмаа
zochin
Зочин
алт
Зочин
Сувд
Зочин
Аагий
Зулаа
Miranda
Иргэн
Zaya
Баяр
talarhal
Saikhna
самдан
Жамиа
Булган
Enkh
Баатар
артга
СҮХБААТАР
зочин
zochin
Badaa Orosoo
Зочин
Онон
Баабар
Одбаатар
Зочин
Лхагваа
Судлаач оюутан
otgoo
Төрбурам Сандагдорж
Германаас
Зочин
Ganaa
Баяраа
Сүрэн
Иргэн
Зочин
зочин
Батаа
Зочин
Уран.
Наран
Зочин
Зочин
Mc
Batush
Зочин