МАН орон нутгийн сонгуульд зориулж дахин 500 тэрбумыг салхинд хийсгэлээ
Дөрвөн малчин /өрх биш шүү/ дундаа нэг хоршоо бүртгүүлээд 150 саяын 6 хувийн хүүтэй зээл авч байна. Тэд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй адилхан татвар төлдөг үү? Цалин олгож, НДШ төлөх үү? НДШ-ийг нь хүртэл төрөөс хариуцаж байгаа биз дээ. Энэ ямар гээч нугалаа, ялгаварлал вэ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд өнгөрөгч баасан гаригт Монголбанкинд ажиллажээ. Энэ үеэр УИХ-ын дарга болон Монголбанкны ерөнхийлөгч нар нэгэн болчимгүй мэдэгдлийг хийв. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд олгосон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр 500 тэрбумыг нэг их наяд болгож, хоёр дахин нэмэгдүүлснээ зарлажээ.
УИХ-ын дарга “Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, 6 хувийн хүүтэй байгаа учраас малчид зээл аваад байна, 24 хувийн хүүтэй байгаа учраас иргэд, бизнес эрхлэгчид зээл авч чадахгүй байна гэнээ.
Харин Монголбанкны ерөнхийлөгч “Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай, мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа. Мөн өнгөрсөн хаврын зудаас болж хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Иймээс зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна” гэсэн байна.
Энд нэг зүйл ойлгомжгүй байна. УИХ-ын дарга энэ удаад малчинд өгч байгаа зээл үйлдвэрлэлийн зээлюм уу, эсвэл хэрэглээний зээл үү гэдгийг тодруулсангүй, харин ч хольж хутгаад гараад явлаа. Хэрэвзээ “хэрэглээний зээл юмаа” гэвэл иргэд нийтээрээ малчдад олгож байгаа жилийн 6 хувийн хүүтэй зээлийг авахыг хүснэ. Нэг ёсондоо барьцах эрхтэй. Өмнө нь арилжааны банкуудаас олгож байсан малчны зээл гэдэг нь иргэдэд олгодог хэрэглээний зээлийн л нэг хэлбэр байсан, яг адилхан 2 хувийн /жилийн 24 хувь/ хүүтэй. Гэтэл нэг хэсэг нь 6 хувийн хүүтэй, нөгөө хэсэг нь түүнээс 4 дахин их буюу 24 хувийн хүүтэй зээлээр амьдарч байгаа нь шударга бус биз дээ.
Хоёрдугаарт, энэ нь үйлдвэрлэлийн буюу бизнесийн зээл юмаа гэвэл энэ шаардлагаар зээл авч байгаа бүх иргэд барьцана. Малчид яахаараа “үйлдвэрлэлийн” гэдэг нэрээр бага хүүтэй зээл авдаг, бусад нь өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл, бизнес явуулдаг юм бэ гэж. Ядаж л тэд чинь хөдлөх болгондоо татвар, түрээс төлдөг, ажилчдын цалин тавьж, нийгмийн даатгал, ашгийн татвар төлдөг.
Тэгвэл тэр “Шинэ хоршоо” гэдэгт чинь дөрвөн малчин /өрх биш шүү/ дундаа нэг хоршоо бүртгүүлээд 150 саяыг 6 хувийн хүүтэй зээлж байна шүү дээ. Монголбанкнаас танилцуулснаар одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэд тэгвэл үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй адилхан татвар төлөх үү? Цалин олгож, НДШ төлөх үү? Малчдын НДШ-ийг хүртэл төрөөс хариуцаж байгаа биз дээ. Тэгэхээр энэ ямар гэдэг нугалаа, ялгаварлал вэ?
Товчхондоо, “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэдэг нь өмнөх УИХ-ын сонгуульд зориулсан МАН-ын Засгийн газрын бэлэн мөнгөний амлалт, саналын худалдан авалт байсан. Одоо ч тэр нь үргэлжилж байна. Яагаад гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН орон нутагт түүхэндээ байгаагүй бага санал авсан. Ийм учраас удахгүй болох орон нутгийн сонгуульд дахин 500 тэрбумыг гаргаж байгаа юм байна. Зөвхөн малчдаас санал авахын тулд шүү дээ. Хотынхныг бол үнэндээ улны уланд хаясан байна. Яагаад гэвэл МАН Улаанбаатарт хамгийн өндөр санад авсан, хамгийн олон гишүүн сонгосон учраас тэр.
Хэрвээ Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байгаа” нь үнэн бол энэ зээлийн нөхцөл зөвхөн малчдад үйлчлэх ёсгүй. Уул уурхайн бус гэж нэрлэж байгаа бүх салбарт үйлчлэх ёстой. Аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний салбарт гэх мэтчилэн. Түүн лүүгээ мөнгө оруулах хэрэгтэй шүү дээ.
Уг нь анх энэ хөтөлбөр зудад малаа алдсан 2800 өрхийг малжуулах зорилготой байсан. Гэтэл сонгууль дөхөх тусам зорилго нь өөрчлөгдөж, малчдыг малжуулах биш, баяжуулах /“Шинэ хоршоо-чинээлэг малчин”/ тухай хөтөлбөр болж хувирсан. Ингэхэд Монголд малчид шиг баян хүн байна уу? Зуны амралтаар хөдөөгүүр явлаа. Үнээгээ сааж хүчрэхээ байчихсан, хониныхоо ноосыг хяргаж тушаахаа больсон, сүү, цагаан идээгээ боловсруулахаа больсон байна. Морь унаад мал хариулж байгаа нэг ч хүн харсангүй. Бүгд гаднаа нэг нэг “приус”-тэй, хүүхэд шуухад нь мотоциклээр хонио хариулж байна.
Одоо тэгээд “Шинэ хоршоо”-нд элссэн нөхөд бүгдээрээ нэг нэг ноосны, махны, сүүний үйлдвэр байгуулах уу? Үгүй шүү дээ. Гаднаа байгаа унаагаа л нэг удаа юүлнэ. Яагаад гэвэл ноосоо авлаа тушаах газар байхгүй. Арьс, ширийг нь авдаг хүн байхгүй. Бүгд жалгын нэг хог болоод хэвтэж байна. Ийм нөхцөлд яаж малчин хүн “чинээлэг” болох вэ? Үүнийхээ оронд жилдээ нэг удаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн буюу мал, мах, арьс, шир, ноос, ноолуурыг экспортод гаргах арга хэмжээ аваач ээ, түүхий эдийг нь үнэд хүргэх арга зам хайгаач ээ, хориг тээгээ цуцлаач ээ гэж мөн ч олон жил "хуцаж" байна даа.
inews.mn
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин