СССР-ХЯТАДЫН ХАРИЛЦАА

САЙЖРАХ НЬ ТА НАРТ ХАМААГҮЙ

Аль нэг коммунист намын шинээр “сонгогдсон” ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон даруйдаа Москвад айлчилдаг нь “социалист хамтын нөхөрлөлийн орнууд“-ын улс төрийн амьдралын нэгэн уламжлалт ёслол байв. Тиймээс Ж. Батмөнх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар “сонгогдоод“ тун удалгүй 1984 оны арван сарын 25-нд Москваг зорьжээ. Тэнд Черненко, Тихонов нартай уулзаж тодорхой асуудлуудаар ярилцсан байна. 

Хэлэлцээний үеэр Зөвлөлт-Хятадын харилцааг хэвийн болгох асуудал хөндөгдлөө. Энэ үед Зөвлөлтийн тал дэлхийд тал бүрээсээ шахаанд ороод байв. Өндөр, дээд хэмжээнд болдог Америк-Хятадын айлчлалын давтамж ихэд эрчимжих хэрээр тэдний харилцааны өрнөл Москваг маш их түгшээх аж. Зөвлөлтийн Алс Дорнодын бүс нутаг, Хятадын Хэйлонжиан мужийн хооронд хилийн худалдаа эхлүүлэх, Киргизийн Хятадтай хиллэсэн хилийг нээх зэргээр харилцаагаа сайжруулах гэсэн хүчин чармайлт нь бодит үр дүнд хүрэхгүй байлаа. СССР байн байн Хятадыг “социалист их гүрэн“ гэж томъёолох болсон ч! Тэгэхээр Зөвлөлтийн тал Хятадад сэтгэгдэл төрүүлэхүйц хүчтэй эерэг дохио өгөх ёстой болжээ. Афганистанаас цэргээ татна гэж тэр үед санахын ч хэрэггүй байв. Геополитикийн талаас нь цэгнэж үзэхүл тэр үед Энэтхэг-Хятадын хойгт Зөвлөлтийн нөлөөг багасгаж бас л болохооргүй. Харин Монголоос Зөвлөлтийн цэргийг татах нь боломжтой хувилбар. Монгол нь Москвагийн найдвартай дагуул улс. 

Москвад хэлэлцээ өндөрлөхөд Черненко эмнэлэгээс чүү чамай түр гарч ирэн Батмөнхийг хүндэтгэн Кремльд зоог барьжээ. Тэрээр хундага өргөж хэлсэн үгэндээ:

СССР, Хятад Ард Улсын харилцаа хэвийн болох нь Ази тивийн байдал сайжрахад тус дөхөм болохсон билээ. Ингэх нь империалистууд социализмын эсрэг хүчээ бөөгнөрүүлж, дэлхий дахины байдал хурцдан, дайн гарах аюул нэмэгдэж байгаа одоо үед онц чухал байна. Ийн нөхцөлд социалист орнууд олон улсын үйл явдалд тов тододорхой ангич байр суурь баримтлахгүй байж болохгүй. СССР-ийнбодлогын тухай ярих юм бол бид ЗХУКН-ын XXVI их хурлын зарчимч чиг шугамыг тууштай хэрэгжүүлэн, БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг хэлбэрэлтгүй эрмэлзэж энэ чиглэлд зохих алхмууд хийж байна. Хятадтай үр бүтээлтэй хэлэлцээ хийх үүд хаалгыг бид ямагт нээлтэй байлгаж байна.[i]

Өтөл өвгөнөөр үүнийг л хэлүүлж монголчуудад ойлгуулан, Цэдэнбалын алдааг давтахгүй байхыг анхааруулах гэсэн бололтой. Харин Батмөнхийн хариу хэлсэн үг нь урьд нь бэлдсэн үгээ уншчихав уу, эсвэл зориуд хариугаа ингэж өгөв үү?

Нэг талаас ЗХУ, социалист бусад орон, нөгөө талаас БНХАУ-ын хооронд харилцаагаа хэвийн болгох нь Ази тивийн байдалд нааштай нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй… Харин гурав дахь орнууд, тухайлбал БНМАУ-ын ашиг сонирхлыг хөндсөн Хятадын шаардлагын хувьд гэвэл манай Засгийн газар энэ асуудлаар зарчимт байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн. Манай Засгийн газрын хүсэлтээр БНМАУ-ын нутагт түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-аас гаргах гэсэн шаардлага бол Зөвлөлт-Хятадын хэлэлцээн дээр яригдах зүйл огт биш, яригдаж ч таарахгүй.[ii]

Цаашдын үйл явцаас харж дүгнэхэд Кремль яагаад Цэдэнбалыг гэнэт эгүүлэн татаж авав гэдгийг Монголын шинэ удирдлага өдий болтол ойлгоогүй явсан бололтой. Хэлээд байхад Кремлиэс зөрүүдлэх шалтаг шалтгаан түүнд байгаагүй. Харин СССР-ийн тал Монголын удирдлагын ийнхүү ер бусын шургуу илэрхийлсэн байр суурийг ялимгүй самгардан хүлээж авчээ. Зөвлөлтийнхөн нэг талаар монголчууд өөрсдөөс нь тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх санаатай байгаа юм болов уу гэж эрэгцүүлэхийн дээр нөгөө талаар хариу тус хүргэхгүй бол Монголын удирдлага Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргахыг зөвшөөрөхөд бэлэн биш байгааг ойлголоо. Гэхдээ нөгөө талаас Монголын хувьд энэ нь нэн цогц асуудал байв. Зөвлөлтийн цэргийг гарсны дараа Монголыг хамгаалах асуудал хэрхэх вэ? Монгол, Хятадын харилцаа урьдын адил төвөгтэй, тусдаа асуудал болж байв, иймээс хоёр хөршийн харилцаа хэвийн болбол Монгол дахь Зөвлөлтийн эдийн засгийн дэмжлэг хэрхэх вэ?

1985 оны 3-р сард Черненког үхсний дараа монголчуудын ойлгохгүй байсан асуултуудын хариулт эхнээсээ илэрлээ. Түүний халааг авсан Горбачёв Москвад цугларсан Варшавын гэрээний орнуудын нам, төрийн тэргүүнүүдийн явцуу хүрээнд илтгэхдээ ЗХУ-ын ”социалист хамтын нөхөрлөлийн орнууд“-тай тогтоосон харилцааг шинээр журамлах тухай ярьсан байна. Тэрээр “холбоотнуудынхаа дотоод хэрэгт байнга хутгалдан оролцдог“ дадал заншлаасаа салахад бэлэн байгаагаа илэрхийлэв. “Бид улс орон бүртэй эрх тэгш харилцаж, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байна“[iii]. Дараахан нь 1986 оны таван сарын 28-нд СССР-ийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлгөөнд тэр онцлохдоо

Социалист ах дүү орнуудтай харилцах харилцаа түүхэн шинэ шатанд гарлаа (…). Энэ харилцааг бүрмөсөн шинэчлэх шаардлагатай байна. Эдгээр анд нөхөддөө, тэдний хэрэгцээ шаардлагад дээд зэргээр анхаарлаа хандуулах нь чухал. Гэхдээ найрамдлыг зарлан тунхаглах, харилцааг жинхэнээсээ ухаарч ухамсарлахын хооронд ялгаа бий. Холбоотнууд, юуны өмнө жижиг холбоотнуудын бүрэн эрхт байдал, нэр хүндийг хүлээн зөвшөөрч, бүтэшгүй хоосон санаанаас татгалзах нь зүйтэй

Үүнийг дагаад ГЯЯ-ы хэлтсийн ажилтан К. Н. Брутенц[iv] дотоодын нэгэн тайландаа “Зүүн Европын орнуудтай тогтоосон харилцаандаа бид олон зүйлийг өөрчлөх ёстой, юуны өмнө ялих шалихгүй юман дээр зааж зааварлаж, асуудалд нь ихэвчлэн ажил хэрэгч бусаар байнга хутгалдан оролцдогоо болих ёстой“ гэж бүр ч тодруулан ярьжээ.[v] Хятадын талаар Горбачёв бүр ингэж хэлжээ

Бид сэтгэл хөдлөлөө хойш тавих ёстой, 80-аад оны Хятадыг 60-аад оны призмээр дамжуулан харж болохгүй. Гэхдээ гурав дахь орнуудын эрх ашгийг хохироон байж Хятадтай харилцаагаа сайжруулах асуудал бидэнд байхгүй гэдэг ч бас тодорхой байх ёстой. Тэрчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаагаа сайжруулах зэрэг ийм чухал зорилтод маань саад учруулахыг бусдад ч бас зөвшөөрөхгүй. Удирдамж ийм байна.[vi]

Энэ бол ялангуяа Монголын удирдлагад өгсөн хатуу анхааруулга байлаа. Хятадтай харилцаагаа сайжруулахад та нарт хажуугаас нь саад хийх гэж оролдох хэрэггүй гэсэн үг.

Горбачёвын улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч нь СССР-ийн шинэ гадаад бодлогын гол удирдлага боллоо. Хүн төрөлхтөн нийтээрээ капитализмаас коммунизм руу шилжихгүй, Капиталист бус хөгжлийн зам гэж байхгүй, Коммунист ажилчны хөдөлгөөн гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны коммунист удирдагч боллоо, Горбачёв! Энэхүү шинэ чиг баримжаа, хандлага Монголд шууд тусав.

Монгол, Куба зэрэг оронд стратегийн зорилгоор хөрөнгө хүч хаяж, асар олон мэргэжилтэн суулгаж байгаагаа эргэж харахын шаардсан яриа хөөрөө Кремльд гарах болжээ[vii]. Стратегийн энэхүү тусгай зорилго нь үгүй болвол Монголыг орхино, харин гадаад бодлого дахь шинэ сэтгэлгээ нь стратегийн зорилгыг нь нурааж өөрийн эрхгүй АНУ, Европ, Хятад руу хандан буулт хийж таараа.

СССР, Хятад хоёр хэзээ ч эвлэрэхгүй гэсэн гүн бат итгэл, “Хятадын милитаризм бол онцгой маягийн империализм мөн” гэсэн Цэдэнбалын тунхаглалаар баримжаа хийж Хятадын эсрэг болзошгүй дайнд бэлдсэн Монгол орон дэлхийн хамгийн милитарижсан орны нэг болсон байлаа. Улсын нэгдсэн төсвийн гуравны нэгийг цэрэгжилд зарцуулах болсноор Дэлхийн II дайны үеийн хэмжээндээ очижээ. Үүний дээр нэмэгдээд Зөвлөлтийн 100 мянга гаруй цэрэг бүхий хээрийн том арми, дээр нь Зөвлөлтийн барилга болон төмөр замын цэрэг гээд нэмэхээр Монгол улсад цэргийн асар их хүч төвлөрөөд байв.

СССР, Хятад хоёр эвлэрвэл бид яах вэ гэсэн ямар ч бэлтгэл байсангүй. Гэтэл Владивосток, Красноярск, НҮБ-ын индрээс Горбачёв Монголоос цэргээ гаргах болсноо гэнэт удаа дараалан мэдэгдэх нь тэр. Ж.Батмөнх Улаанбаатарт суух СССР-ийн Элчин сайд К.Фомиченког[viii] урьж уулзаад, “Монголын талтай зөвшилцөлгүйгээр цэргээ яагаад гаргах болов” хэмээн эмзэглэн асуужээ[ix]. Тэр юу ч ойлгосонгүй. ХХ зуунд Улаан арми Монголд гурван удаа орж ирэхдээ хэзээ ч Монголын удирдлагатай зөвшилцөж байгаагүй. 1921 онд орж ирэхдээ Хүрээний албан ёсны Засгийн газартай тоож зөвшилцөөгүй, 1936 онд орж ирэхдээ Монголын удирдлагыг шахаад зөвшөөрөхгүй болохоор нь баривчилсан, өөрсдийн шинээр тавьсан удирдлагад болохоор нэгэнт цэргээ оруулчихсан хойно хэлж, урилга нөхөн хийлгэж байсан, 1966 онд үүнийг ганцхан Цэдэнбалтай л “зөвшилцсөн”. 

СССР-ийн удирдагч Горбачёв Хятадад хийх айлчлалынхаа өмнө мэдэгдэл хийлээ: Зөвлөлтийн тал нутаг дэвсгэрийнхээ дорнод хэсэгт цэргээ 200 мянгаар, СССР-ийн Дундат Азид буй цэргээ 60 мянгаар хорогдуулж, БНМАУ-д байрлаж буй цэргийнхээ 75 хувийг хоёр жилийн дотор гаргана. Энэ алхамыг нь Дэн Сяопин үнэлэн “Одоо Хятад-СССР-ийн харилцаа сайжрахад саад болох зүйл алга” гэжээ. Хятадын хувьд Монголд байрлах зөвлөлтийн цэрэг олон жилийн турш хамгийн их айдас дагуулж байлаа. Газрын зураг дээр Монгол бол Хятадын нутаг руу хамгийн гүн хонхойж орсон газар нутаг юм. Монголын өмнөд хилд байршсан зөвлөлтийн цэргийн байрлалаас Бээжин хүртэл ердөө 600-700 километр алслалттай аж. Зөвлөлтийн цэргийг гаргах үед Монголд 85 мянган цэрэг, 10 мянган цэргийн мэргэжилтнүүд, 1816 танк, 2531 хуягт, 1461 их буу, 190 онгоц, 130 нисдэг тэрэг байжээ[x]. 

Нэгэнт бүх шийдвэр гарсны дараа 1989 оны эхээр СССР-ийн ГЯЯ-ы орлогч сайд И.Рогачёв[xi] “зөвшилцөхөөр” Улаанбаатарт ирлээ. “Бусдын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байхтай холбогдсон СССР-ийн зарчмын байр суурь гэвэл, аливаа цэрэг гагцхүү үндэснийхээ хил хязгаар дотор байх ёстой гэдэгт оршиж байна. Бидний ам, ажил зөрдөггүй” гэж тэрээр мэдэгдэв.

Ингээд Монголын ардын армын хүрээнд цомхотгол эхэлжээ. Зэвсэгт хүчнийхээ хүн хүчийг 1989-1990 онд 13 мянган хүнээр хорогдуулж, байлдааны автомашин мянга, гинжит болон хуягт машин 90, байлдааны нисэх онгоц 18-ыг зэвсэглэлээс хасч, цэргийн зардлыг 11 хувиар хорогдуулав[xii].

Эцэст нь 1987 оны зургаан сарын 7-нд Зөвлөлтийн Батлан хамгаалах яам цэрэг гаргах эхний үе шатны ажиллагаа дууссаныг мэдэгдэв. Зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагааны энэхүү эхний үе шат Монголын хувьд Хятадтай харилцах харилцаанд нь тодорхой үр дүн авчирсан. Хоёр талын төлөөлөгчид 1987 оны гурван сард Бээжинд Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулах тухай Засгийн газар хоорондын гэрээний талаарх анхны хэлэлцээг хийж, уг гэрээнд 1988 оны арваннэгэн сарын 28-нд Бээжинд гарын үсэг зурсан. Дараа нь 1989 оны гурван сарын 30-нд Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл хоёр улсын харилцаа жинхэнээсээ хэвийн болохоос хамаагүй өмнө хилийг нээлттэй болгох, иргэд харилцан зорчих гол үндэс суурь тавигдсан юм


[i]МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Дарга Ж. Батмөнхийн ЗСБНХУ-д хийсэн айлчлал, (Улаанбаатар 1984) х- 22 [Prime Minister Batmunkh`s visit to USSSR]

[ii]МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Дарга Ж. Батмөнхийн ЗСБНХУ-д хийсэн айлчлал, (Улаанбаатар 1984) х- 27 [Prime Minister Batmunkh`s visit to USSSR]

[iii]Яжборовская И.С., “Социалистическое содружество” и “доктрина Брежнева”, (Вопросы истории 2013 № 9 стр 3-19)

[iv] Брутенц, Карен (1924-2017)Зөвлөлтийн намын зүтгэлтэн.

[v]Яжборовская И.С., “Социалистическое содружество” и “доктрина Брежнева” (Вопросы истории 2013 № 9 стр 3-19)

[vi]Баркман, Удо 1984-1987 оны Монголын “Перестройка”, гадаад бодлогын уялдаа холбоо, нөлөөлсөн "хүчин зүйл"-Хятад улс (Barkman* Udo Mongolian “perestroika” in 1984-1987 and its foreign policy and China factor )

[vii] Баярхүү, Д. Жамбын Батмөнх (NEPKO publishing 2015) х-236 [Bayarhuu, D, Jambiin Batmunh]

[viii] Фомиченко, Константин (1927-2015) Зөвлөлтийн намын зүтгэлтэн. Зөвлөлтөөс Монголд суух Элчин сайд (1985-1988)

[ix] Баярхүү, Д. Жамбын Батмөнх (NEPKO publishing 2015) х-237 [Bayarhuu, D, Jambiin Batmunh]

[x]Baabar Almanac: History of Mongolia (National Geographic and NEPKO publition 2018) p-343

[xi] Рогачёв, Игорь (1932-2012) Зөвлөлтийн дипломат

[xii] Монгол улсын гадаад харилцааны нэвтэрхий толь (NEPKO publishing) х-241 [Encyclopedia of Mongolian foreign relationship]