ГАДААД МОНГОЛЫГ ТУСГААРЛАХ ОРОС АЖИЛЛАГАА


Оросууд, тэр дундаа цэргийнхэн болон нууц албанынхан юутай ч Гадаад Монголыг юун түрүүн Хятадаас салгах ажлыг 1907 оны Орос-Японы нууц гэрээний дараагаас идэвхитэй явуулжээ. Гадаад Монголыг Чин гүрнээс салгахын тулд гурван чиглэлээр ажиллав. Монгол угсаатан буриад, халимаг нарыг дайчлан Монголын ихэс дээдэстэй уулзуулан ятгах ажил зохиов. Энэ нь төдий л амжилт олоогүй юм. Учир нь хэдийнээ европжсон, өрнийн зохих боловсрол олсон оросын монголчууд Манжийн үед 200 гаруй жил ертөнцөөс тасарсан Гадаад Монголын боловсролгүй иргэдтэй хэл амаа ололцон ойлголцох нь нэн бэрх байсан хэрэг. Оросын зохиолч Юзефович[i] үүнийг шоолон “Оксфорд төгсөөд төрлөх ширэнгэдээ буцаж ирэн хуучин овог отгийнхондоо хүний мах идэхээ боль гэж сургамжилж буй хар арьст баклаварын арга ядсан байдалтай төстэйгээр тэд монголчуудыг арай ядан тэсвэрлэж байв”[ii]гэжээ.

Гэхдээ оросын монголчуудыг бодвол хятадын монголчууд даалгавар хүсэлтийг илүү амжилттай биелүүлж байлаа. Хайсан гүн нь Зостын чуулганы харчин хүн ба хятадууд олноор тийш шилжин ирж суурьшиж байгааг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдсан аж. Дараа нь Харбин орж Оросын консулын газарт хэлмэрчийн ажилд оржээ. Мөн Оросын Засгийн газраас 1907 онд Дорнод Хятадын төмөр замын удирдах газрыг Харбинд нээсэн ба тэнд монгол хэлээр Монголын сонин бичиг хэмээх сонин гаргаж байсанд Хайсан редактороор ажиллаж байв. Тэрээр Харбин дахь Оросын консулын газрын ажилтан Симонов гэгчтэй дотно танилцан үерхэж, Монголын тусгаар тогтнолын талаар санал бодлоо солилцож байсан бөгөөд Симонов түүнд “Гадаад Монгол тусгаар тогтноно. Чам шиг эрдэм мэдлэгтэй хүн тэнд дутагдаж байна. Чи тийшээ түргэн оч” хэмээн “зөвлөснийх” нь дагуу өөрийн нөхөр Алмас-Очирын хамтаар 1907 онд Гадаад Монголд ирсэн гэнэ. Энэ тухайгаа Хайсан гүн өөрөө 1909 онд Монголд аялж явсан Финландын эрдэмтэн Рамстэдтийн газарчнаар явж байхдаа ярьж байснаас гадна энэ эрдэмтэнтэй Монгол орны улс төрийн талаар тун сонирхолтой яриа өрнүүлж байжээ.[iii]

Хайсан Хүрээнд ирүүтээ маш идэвхитэй ажилласан. Тэрээр Халхын 88 ван гүнтэй бүгдтэй нь уулзсан гэж Рамстэдтэд ярьсан байдаг. Мөн да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж нартай танилцан итгэлийг нь олсон төдийгүй тэднээр өөрийн санааг Богдод хүргүүлж чадсан байна. Хожим Гадаад яамны сайд болсон Б. Цэрэндож “Хэрэв Хайсан нар байгаагүй бол Монголын тусгаар тогтнол бүтэхгүй байлаа. Анх Өвөр Монголын Засагт вангийн хошуунд нууц бүлгэм байгуулагдаж, Бөхбаян Хүрээнд ирж зар тараагаад буцсан болой. Ингээд Засагт ван Удайг ятгаж өөрийн талд оруулсан байдаг. Тусгаар тогтнолын үйл хэрэгт Ханддорж ганцаараа татагдаад зогсоогүй. Тухайн үед хэн хүнгүй, дээр доргүй учраа олохгүй үймж явсан болой. Бодоод үзэхэд, Бөхбаян, Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол ийм хэрэг гарахгүй л байсан болов уу" хэмээн Хүрээнд байсан амбан Чинь Лү-д ярьсан байдаг.[iv] 1910 онд Хайсан Оросын хурандаа Поповтой уулзахдаа монголчууд Манж Хятадаас бүрэн салж, Богд гэгээнээр толгойлуулсан тусгаар тогтносон улс байгуулахыг хүсч байгааг, хаант Орос улс Монголд зэвсгээр тусалж төр улсаа байгуулахад туслахыг гуйхаас өөр аргагүй гэж монголчууд үзэж байгааг, эс тэгвэл монголчууд Японоос тусламж гуйхаас өөр аргагүй гэдгийгээ огт нуулгүйгээр илэн даланггүй хэлэлцэж байгаа тухай ярьжээ. 

Буриад Дамбадугар Цыдиповоос 1933 оны зургадугаар сарын 21-нд Улсын бага хурлын нэр дээр өгсөн мэдүүлэгт Бээжинд Оросын элчин сайдын яаманд ажиллах Коростовицоос Харбинд суух консулд нууц заавар өгч харчины хошуу захирагч Алмас-Очирыг Хүрээ рүү явуулан автономит засаг байгуулах тухай хэргийг Богдод бараалхан айлтгаж мэдүүлсүгэй гэсэн аж.[v]

Түүхэнд Тогтох тайж гэж алдаршсан Энхбилэгтийн Тогтох нь Жиримийн чуулганы Горлос хошууны барга хүн юм. Тэрээр хятад худалдаачид болон нүүдэллэн ирсэн хятад тариачдыг эсэргүүцэх тэмцэл зохион байгуулсаар 1906 он гэхэд нэг зуу орчим хүнтэй зэвсэгт отряд үүсгэжээ. Тэрээр 4-5 жилийн турш Баргад засгийн цэрэгтэй олон удаа тулалдсан. 1907 онд баривчлагдсан боловч оргон зайлж чаджээ. Хятадуудыг дээрэмдэж, тонож алж хядаж явсаар эцэст нь орох газаргүй болсноор бүлгийн хамт Орост зугтан очжээ. Тогтохыг баривчлан буцааж өгөхийг хятадууд шаардахад “Энэ хүн бол дээрэмчин биш, улстөрийн зүтгэлтэн” хэмээн оросууд татгалзсан хариу өгсөн байдаг. 1930 онд СССР-т хэвлэгдсэн Малая советская энциклопедия тольд “Тогтоход Оросын засаг тусалж байсан” гэж бичсэн байна.[vi]

Энэ тухай мөнөөх Цидиповоос өгсөн мэдүүлэгт:


“1907 онд Засагт ван, комиссар Хитрово[vii], манай ах Цэвэгдорж нар болбол Халх Барга Өвөр Монголын тусгаар тогтнолыг сэргээхээр зөвлөлдөв. Энэ хэргийн тухай Бээжин дахь консул Коростовицэд мэдээлэхэд тэрээр уг санааг дэмжсэн.Ах Цэвэгдорж энэ санааг Хитровотой зөвлөлдөж Халх Монголын тусгаар улс байгуулахад Тогтохын хороо хэрэг болж магадгүй, учир нь Тогтохын цэрэг хятад хэл мэднэ, бас тэд хятадуудтай тулалдаж байсан болохоор туршлагатай. Хитрово Бээжинд суух Коростовицтой ярилцан алсдаа Тогтохын хүмүүсийг хувьсгалт хэрэгт зүтгүүлэх үүднээс тэдэнд Орост хоргодох газар гаргаж өгье гэж тохиролцсон. Коростовиц даруй Харбины консулд хандан түүнийг Читагийн амбан захирагчтай холбогдож энэ талаар арга хэмжээ авах үүрэг өгөв. Тэгмэгц Тогтоход нэвтрэх үнэмлэх олгосон. Тэрээр Монголын Сэцэнхан аймгаар дайран явахад Хүрээнийы амбан Пунцагцэрэнгийн цэрэгтэй тулгарч хүүгээ алуулсан. Орост очиход Читагийн амбан захирагч тосон уулзаж Дээд Үдийн Харганат отогт суулгасан. Халхыг тусгаар тогтнуулахад Тогтохын цэргийг ашиглах төлөвлөгөөтэй байсан”[viii],[ix]


Орост очиход нь Читагийн амбан захирагч найр тавин угтаж Харганат хавьд хоёр мянган десятин газар олгон төвхнүүлсэн гэх.[x]

1911 оны 2-р сард хувьсгалт түүхэнд тэмдэглэснээр Ард хэмээх Аюушийн[xi] толгойлсон ардын бослого Засагтхан аймгийн Дархан бэйлийн хошуунд гарчээ. Аюушийг дагаж 200 гаруй ард нийлэн тэмцэж дугуйлан үүсгэн, толгойлогчоо мэдэгдэхгүй хэмээн тэг дугуй тойруулан гарын үсэг зурж хошуу ноёнтойгоо зарга үүсгэжээ. Үзэл сурталжсан хэт хувьсгалт тайлбар түүх бичлэгээс болоод Аюушийн бослого гэгч нь хэний эсрэг ямар зорилгоор яаж хэрхэн тэмцсэн ба үр дүн нь яаж гарсан зэрэг нь бүдгэрсээр ойлгогдохоо больжээ. Аюуш нар хошуу ноёноороо дамжуулж хятадын мөнгө хүүлэгч нартай тэмцсэн ч юм шиг, ноён хятадын өрийг ардуудаар төлүүлэх гэсэн ч юм шиг, феодалын дарлалыг эсэргүүцсэн ч юм шиг. Зарим эх сурвалж тэднийг зэвсэглэн тэмцсэн ч гэж байна.[xii] Орос эх сурвалжид Хятадын колончлогчдын дарлалын эсрэг тэмцсэн гэжээ.[xiii] Гэтэл Ховдыг чөлөөлөх байлдааны өмнөхөн идэвхижсэн хөдөлгөөнд Орос улс туслаж байсан баримт бас гарч ирлээ.[xiv] Хөдөлгөөн (бослого?) гарсан хошуу нь Ойрдтой хиллэдэг Халхын хамгийн баруун захын нутаг ба хожим 1930 оны засаг захиргааны шинэчлэлээр ойрд аймаг болох Чандмань уулд нийлүүлсэн халхын зургаан хошууны нэг юм. Одоо Ховд аймагт хамаардаг.

Богдын Засгийн газраас Ховдыг зэвсгийн хүчээр чөлөөлөх шийдвэр гарч 1912 оны эхээр Хүрээнээс Магсаржав, Дамдинсүрэн нар 25 цэрэгтэй барууншаа морджээ.[xv] Дамдинсүрэн нь Хайсан, Тогтох тайж нарын нэгэн адил Баргад Чингийн эсрэг бослого дэгдээхээр бэлдэж байснаа Монгол улс тусгаар тогтнолоо заралсныг сонсоод 1912 оны эхээр Хүрээнд яаран иржээ. Ирсэн даруйдаа Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцохоор мордсон байна. Тэднийг замаас нь тосон Тогтох тайжийн цэргүүд Оросын хил даван орж ирж нэгдэв.

Ховдод ирэнгүүт дөнгөж сая урдаас орж ирсэн Козловын экспедицийн хөтөч Жа лам тосон авлаа. Козловын экспедиц дан цэргийнхнээс бүрдэж байсан. Жа лам ч Монголд орж ирүүтээ орос офицерийн дүрэмт хувцсаа сольсонгүй, шууд л гадуур нь лам дээл өмсчээ.[xvi] Өмнө нь Магсаржав баруун хязгаарт яаралтай цэрэг татлага заралсан боловч олигтой бүтэлтэй юм болоогүй[xvii] бол олон удаа Монголд ирж сүсэгтэн олныг дагуулж итгэлийг нь олсон энэ халимаг лам бараг л ганц дохиогоор армийг нь тэр даруй хүн хүчээр дүүргэв. Жа ламыг Оросын бэлтгэгдсэн нууц тагнуул байсан гэж түүхч-архивч Трифонов баталдаг. Астрахан хотод боломжийн амьдралтай байсан Санаевынх яагаад 1865 онд ядуу зүдүү Ойрдод гэр бүлээрээ шилжин ирэв? Тэрээр Монголын төлөө хичнээн жил зүтгэсэн мөртөө Оросын иргэний харъяаллаасаа хэзээ ч татгалзаагүй. Яагаад тэр Балдан Санаев нэрээ Амарсанаев болгон өөрчлөв? Оросуудын хүлээн зөвшөөрсөн Богд хааныг эсэргүүцсэн хэргээр түүнийг 1914 онд баривчлан Орост хүргэн шоронд суулгасан гэх авч Жа ламыг шүүхээр яллаж шийтгэсэн ямар ч тогтоол, баримт бичиг байдаггүй.[xviii] 1757 оны Манжийн эсрэг бослогыг толгойлсон Амарсанаа ялагдаад Орос руу дутаан одсон. Гэтэл Ховдыг чөлөөлөх тулалдаан болохоос өмнө Амарсанаа тун удахгүй шамбалын дайчдыг дагуулан Оросоос эргэж ирэн манж хятадуудыг хөөх болно гэсэн цуу ойрдоор нэг таржээ. Баруун Монголд ихэд дэлгэрсэн тууль хайлах урлагт туульчид Шамбалын орон[xix] Орост байдаг, их дайныг Цагаан хаан өөрийн биеэр удирдах болно гэсэн үгтэйгээр хайлах болов. 

Ховдыг чөлөөлөх байлдаанд маш идэвхитэй оролцон тулалдаж гавъяа байгуулсан хүмүүс бол Баяр[xx], Найданжав[xxi] нар юм. Түүхэнд ихэнхдээ Баяр гүн гэж бичигдсэн тэрээр Тогтох тайжтай нийлэн Барга, Өвөр Монголд бослого үймээн толгойлж явсан нэгэн. Тэрээр мөн Тогтохтой хамт Орост дүрэвсэн. Орост очсон хойноо Тогтохоос салж нүүн Чита хавьд амьдрах болжээ. Ховдыг чөлөөлөх байлдаан нэгэнт эхэлснийг сонсоод Оросоос Хүрээнд яаралтай ирэн тэндээсээ шууд Ховд руу мордсон байдаг. Очсон хойноо Жа ламтай муудалцан баривчлагдсан боловч тэндээсээ оргон Ховд дахь Оросын консулд очиж хоргодсон байна.[xxii] Урвагч Найдан ван гэж хувсгалт түүхэнд төлөв эшлэгдсэн байдаг Шаравын Найданжав нь Тогтох тайжийн үеэл. Мөн л 1912 оны зун Оросоос ирж Ховдыг чөлөөлөх байлдаанд оролцсон. Энэ хоёр хүн хожим 1921 онд Унгерний гол итгэлт цэргийн зүтгэлтэн нь байж гамин цэрэгтэй байлдахад их гавъяа байгуулсан боловч улаан цэрэгт алагдсан. Ийм учраас хувьсгалт түүхэнд ихэд муугаар бичигдэж, урлаг утга зохиолд урвагч зэргээр хэлэгдэх уран сайхны дүрээ баттай олсон. 

Оросоос орж ирсэн өвөр монголчуудын бас нэг бүлэг нь Сумъяа бэйс нэрээр алдаршсан Лаварын Сумъяагийн толгойлсон баг байна. Тэд Шиньжааны Ил Тарвагатайн цахарууд. Тэндээ бослого үймээнд оролцон ялагдаж 600 орчмуулаа Орост дүрвэжээ. Оросууд найрсгаар угтан авч газар олгосон байна. 1912 онд Оросын захиргаанаас тусгай зөвшөөрөл аван тэдний нутагаар яван Хиагтаар дамжин 300 орчим цахарууд Гадаад Монголд орж ирсэн.[xxiii] Богд хаант улсад дагаар орох өргөдлөө Сумъяа оросуудад өгч тэд хүсэлийг нь дамжуулан Монголд гардуулжээ.[xxiv] Нэгэнт Ховдыг чөлөөлөх байлдаан дууссан байсан тул тийш яваагүй. Харин хожим 1920 онд нутгийн халхуудтай муудалцан шахуулж дахин Орос руу дүрэвсэн ба 1921 онд Троицкосавскт Ардын журамт цэргийнхэнтэй нийлэн Хиагтыг чөлөөлөх тулалдаанд орсон ба Сумъяа өөрөө Журамт цэргийн дэд жанжинд өргөмжлөгдсөн юм.

Ховдыг чөлөөлөх байлдааны үеийн нэг тод гэрч бол Германы аялагч, зохиолч Констэн[xxv](Herman Consten) юм. Тэрээр яг тэр үед тэнд байж таарсан. Морин цэргийн ангийн манлайд эртний сайн танил Минбао хатируулж явааг хараад нүдэндээ итгээгүй гэнэ. Баяр хөөртэйгээр уулзаад тансаг майханд нь амттан бүрээр дайлуулж. Минбао энд ирээд Хайсан нэртэй болсон аж. Хайсан Ховдын пүүсүүдээс дээрэмдсэн мянгаад хайрцагтай асар их ачаагаа 120 тэмээнд ачин тойруу замаар Оросын хил дээрх Хиагт руу зөөлгөж дайны олз омгоо аюулгүй газар аваачсантай Констэн таарчээ. Ховдыг тонож дээрэмдэхдээ цуглуулсан мөнгөн эд агуурс торго дурдангаас гадна янз бүрийн буу, хайрцагтай сум төдийгүй их буу хүртэл ачсан байв. [xxvi]

Ховдыг эвдлэн сүйтгэж, хотыг шатаасан гол буруутныг Хайсан мөн гэж Ховд, Улиастай, Хүрээнд сууж асан Хятадын төлөөлөгчид нэгэн дуугаар нотолсон байдаг.[xxvii] Ер нь пүүс хоршоо дээрэмдэх сургаар маш олон хүн цуглаж Ховдыг чөлөөлөх байлдаанд оролцсоныг мөн тэр үед тэнд байж нүдээр үзсэн Бурдуков тэмдэглэсэн байдаг.[xxviii] Ийнхүү Ховдыг чөлөөлөх байлдааны гол удирдагчид нь Оросоос яаран орж ирсэн Дамдинсүрэн, Баяр, Найдаэжав, урдаас оросуудтай орж ирсэн Жа лам, урьд нь хэдэн жилийн өмнө Баргаас орж ирсэн Хайсан нар байлаа. Эд цөм хятад манж нарт цусны өс хонзонтой улс. Удирдлагад уугуул Гадаад Монголоос Магсаржав, Дөрвөд далай хан Түмэндэлгэржав байв. Богд хаанаас эдэнд бүгдэд нь баатар цол олгосон.

Бүхий л бичиг баримтаас үзэхэд байлдааныг газар дээр нь удирдахад Ховд дахь Оросын консулынхан идэвхитэй оролцсон бололтой. Оросын консул Кузминский[xxix] байлдааны өмнөхөн Ховдод томилогдон ирээд дууссаных нь дөнгөж дараа өөр газар шилжин ажиллажээ. Монголчуудад бүслэгдсэн Ховдын амбаны хэрмийнхэн Өрөмч, Шарсүмд байх өөрийн цэргийн ангид хэл хүргүүлж авчиран давхар бүсэлж хоёр талаас нь зэрэг цохилт өгөх төлөвлөгөө зохиож буйг Кузминский олж мэдээд монголчуудад ирж хэлэн сэрэмжлүүлсэн байдаг.[xxx] Бичиг баримтад Оросын консулын ажилтан Вальтер гэх нэр ч цөөнгүй үзэгддэг. 1912 оны зун цаг гэж огноолсон Магсаржав, Дамдинсүрэн нараас Богд хаанд бичсэн захидалд Ховдыг чөлөөлөх байлдаан, байлдах төлөвлөгөө болон явцыгаа тэд Оросын консул сайдтай байнга зөвлөлдөж байснаа бичсэн байна.[xxxi] Тэр тулалдаанд Чингийн талаас 200-гаад хүн, Монголын талаас 45 хүн амь үрэгдэж, монгол цэргүүд 3000 хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Бао Жун, бусад түшмэл, дарга, цэргийн хамт 1200 хүн баривчлан, тэмээ 1000 гаруй, морь 1000 гаруй, хонь 5000 гаруй, буу 200, сум 20 мянга, мөнгө 20 мянга илүү ланг олзлон авчээ. Үүнээс Чин улсын сайд түшмэл 27, цэрэг иргэн 610-ийг Оросын хил хүртэл монгол цэргээр харгалзуулан, Оросын нутгаар дамжуулан нутагт нь буцаажээ.[xxxii] Олзлогсодыг Оросын нутгаар дамжуулж Хятадад хүлээлгэн өгөх ажиллагааг Ховдын консулын газар зохион байгуулсан.

Ховдыг чөлөөлөх дайны дараа Баруун Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж, тэр үеийн монголчуудын гуравхан гол импорт болох цай, тамхи, даалимба тасалдан сандаргажээ. Харин, жилийн өмнө Хүрээнд засаглалаа тогтоосон Богд тэргүүтэй халхууд хамгийн түрүүнд худалдааны иргэдэд хандан уриалга гаргаж, бизнисээ хэвийн үргэлжлүүлэхийг уриалсан байдаг. 

Оросууд эхний ээлжинд Гадаад Монголыг Чин гүрнээс салгахын тулд 1). Оросын монголчууд болох буриад халимаг нараар дамжуулан ихэс дээдсийг нь ятгах. 2). Сэтгэлд үлдсэн түүхийн гомдол цөхрөл ба түүнээс улбаалсан үлгэр домгоор дамжуулан энгийн иргэдийг сэнхрүүлэх 3). Мухар сүсэг, ид шид, зөн билгээр дамжуулан сүсэгтэн олныг татах гэсэн аргаар ард түмэнтэй нь холбогдох гарц нээсэн. Эцэст нь Синхайн хувьсгалаар Чин гүрэн мөхөх үед энэ гурван сэжим нийлж монголчуудыг тусгаар тогтнолоо олж авах тэмцэлд уриалан дуудаж чадсан билээ. Оросын улс төрчид, цэргийн эрхтнүүд, түшмэд, дипломатчид хэдийгээр эхэндээ өөр зорилго агуулж байсан авч нэгэн зууны дараах өндөрлөгөөс харахад тухайн ажиллагаа нь тусгаар тогтносон, бие даасан Монгол улс дахин сэргэн мандах аугаа үйл хэргийн эхлэлийг тавьсан юм.

1912 оны наймдугаар сарын 7-нд монголчууд Ховдын амбаны газрын хэрмийн сэт цохин буулгаж авснаар Гадаад Монголыг нийтэд нь Манж Чин улсын хараанаас de facto бүрэн салгаж авлаа. Ердөө хоёр долоо хоногийн дараа Бээжинд суух Оросын элчин сайдын яамны ажилтан Коростовиц монголчуудтай хэлэлцээ хийнэ гэсээр Хүрээнд морилон ирэв. 

[i] Юзефович, Леонид (1947) Оросын зохиолч, Монголын тухай, ялангуяа Унгерний тухай хэд хэдэн баримтат зохиол бичсэн

[ii] Юзефович, Леонид  Песчаные всадники (Издательство Мододая гвардия, Москва 1985)

[iii] Рамстедтийн захидал бичиг. (монгол хэвлэл. Бэлтгэсэн М.Саруул-Эрдэнэ. Ж.Урангуа. Улаанбаатар. 2017). Х- 35-36. [Ramsted`s some letters and documents]

[iv] Гадаад Монголын дотоод нууц: Жиши тэнхимийн тэмдэглэл (Амбан Чэнь Лю-гийн тэмдэглэл) (NEPKO publishing 2016) [Outer Mongolia`s inner secret]

[v] ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) (Улаанбаатар 2003) х-23-24

[vi] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-442 [Trifonov EugenySecret History of Soviets and Mongols(Nepko publishing 2020) p-442]

[vii] Хитрово- өөр хэд хэдэн эх сурвалжид хурандаа Хитрово гэсэн байна. Хайсан хурандаа Хитровотой Харбинд танилцсан гэх. Тэр үед хурандаа цолтойгоор Харбинд байсан байж болох хүн нь Фёодор Константинович Хитрово (1869-1914). Тэрээр Сибирийн буудлагын 1 дүгээр дивизийн штабт 1904-1905 онд дэд хурандаа цолтой ажиллаж байгаад хурандаа болж дэвшсэн ба хожим нь генерал хэргэмд хүрчээ. Дэлхийн дайнд байлдаж яваад нас барсан.

[viii] ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) (Улаанбаатар 2003) х-22

[ix] Энэ мэдүүлгийг орчин цагийн монгол хэлний дүрэмд тааруулан хялбарчлан хөрвүүлж хэсэглэн авлаа.

[x] Түрэмгий баатар Баяр гүн гэгч хэн  бэ? www. wikimon

[xi] Аюуш, Алдаржавын (1859-1939) Ард Аюуш нэрээр алдартай. Эсэргүүцлийн хөдөлгөөн удирдагч

[xii] Ард Аюушhttps://mn.wikipedia.org/wiki 

[xiii] Аюушиhttps://ru.wikipedia.org/wik 

[xiv] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-443 [Trifonov EugenySecret History of Soviets and Mongols(Nepko publishing 2020) p-443]

[xv] Жамсран, Л. Жанжин Дамдинсүрэн, түүний шинэтгэлийн бодлогууд (УБ 1991) х-89 [Jamsran, L. General Damdinsuren and his innovations]

[xvi] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-440 [Trifonov EugenySecret History of Soviets and Mongols(Nepko publishing 2020) p-440]

[xvii] Дамбийжанцан. Баримт бичгийн эмхтгэл (1912-1914.05). I боть. (Соёмбо принтин УБ.,2012)

[xviii] Трифонов, Евгений Зөвлөлт и Монгол:Далд түүх (НЭПКО хэвлэлийн газар) х-441 [Trifonov EugenySecret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-441]

[xix] Шамбалын орон – Төвд болон Азийн зарим газарт байдаг гэх үлгэр домгийн орон. Тантарын сургаал номонд ихээр дурдагддаг

[xx] Баяр (?-1921) Баяр гүн, Түрэмгий баатар Баяр зэрэг нэрээр алдартай. 1912 оны Ховдыг чөлөөлөх байлдаан, 1921 оны гаминтай тулалдах байлдаан зэрэгт тодорсон баатар. Өвөр Монголыг Жирмэнгээс гаралтай, горлос.

[xxi] Найданжав, Шаравын (?-1921) Найдан ван нэрээр алдартай. 1912 оны Ховдыг чөлөөлөх байлдаан, 1921 оны гаминтай тулалдах байлдаан зэрэгт тодорсон баатар. Чинван, Хичээнгүй баатар цолтой.

[xxii] Ломакина, Инесса. Голова Джа ламы (Агентство Экоарт, Улан Удэ - Санкт-Петербург 1993)

[xxiii] Цэрэндорж,Г. Ялгуулсан баатар Лаварын Сумъяа

[xxiv]Сумъяа бэйс https://mn.wikipedia.org/wiki

[xxv] Констэн, Хэрман (1878-1957) Германы аялагч, зохиолч

[xxvi]Констэн, Хэрман Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор (Travel classic books X. Улаанбаатар 2018) х-90,91, 246 [Consten, Herman Weiderplatze der Mongolen im Reiche der Chalcha]

[xxvii] Чэнь Лю Жиши тэнхимийн тэмдэглэл (Гадаад Монголын дотоод нууц NEPKO publishing 2016) [Chen Lu The Nomice of the Jishi office]

[xxviii] Бурдуков , А. В. В старой и новой Монголии: Воспоминания. Письма. (Москва 1969).

[xxix] Кузминский, Михаил Николаевич – ()  Оросын Гадаад яамны ажилтан. Хүрээнд консулын нарийн бичгийн дарга (1904); Улиастайд консулын ажилтан (1906); Хүрээнд консулын нарийн бичгийн дарга (1907); Харбинд консулын нарийн бичгийн дарга (1909); Ховдод консулконсул (1911); Шарсүмд консул (1913).

[xxx] Ховдыг чөлөөлөх байлдаан https://mn.wikipedia.org/wiki/

[xxxi] ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) (Улаанбаатар 2003) х-215-227

[xxxii] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, II (Улаанбаатар 1968) х-444 [History of the Mongolian People`s Republc, vol. II]/