Эгшиглэн сийлээч
Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ.
Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ. Энэ оны хамгийн сүүлийн сард болсон нэгэн тийм гэрэл гэгээтэй, сэтгэлд бүлээн дулаан амьсгалыг зөөлөн урсгасан тоглолтыг үзээд сэтгэл ихэд хөөрснөө уншигчидтайгаа хуваалцах юмсан гэж бодогдсоор байсан юм. Энэ бол урлагийн одын эсвэл алдар нэртэй уран бүтээлчийн тоглолт биш. Зүгээр л нэгэн оюутны тоглолт билээ. Гэхдээ цаашид урлагийн тэнгэрт од болон гялалзах, тэгж томоор хэлэхгүй юм гэхэд энгийн үзэгчийн сэтгэлд гайхамшигт эгшиглэнг, бишрэм аялгууг дурайтал сийлэх нэгний тоглолт байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Манайд олон сайхан хуучирчид байсаар ирсэн. Ерээд он гарсаар хуучрыг хятад гаралтай гэж ойлгох болсных уу, яагаад ч юм энэ төрлийн хөгжмийн зэмсгийг тоож хөг аялгуу гаргах хүмүүс ховордсон гэдэг. Дээрээс нь хуучир маягийн хөгжмийн зэмсгээр тоглодог үндэстнүүдээс хан үндэстэн хуучрын өв уламжлалыг сүрхий авч ирсэн учраас тэгж боддог ч байж магад юм. Гэхдээ хөгжим судлаачдын онцолж буйгаар хуучир гэдэг нь ханзаар тайлбал бүдүүлэгчүүдийн хийл гэсэн утгатай, өөрөөр хэлбэлуг гарвал нь монгол хөгжим гэгддэг ажээ. Хуучрыг тоож дуугаргах залуус ховордсон энэ үед хуучраар эгшиг аялгууг сийлээч залуухан бүсгүй гарч ирлээ. Түүнийг Энхтөрийн Цэндсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсийн оюутан. Арван хэдхэн настайгаасаа энэ хуучир хэмээх хөгжимд дурлаж, өөрөөсөө том хөгжмийг үүрч явсаар өнөөдрийг хүрчээ. Харин тэр цаашид хуучир гэх хөгжмийн урлагийг тэр чигт нь үүрч явах нэгэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь аливаа хөгжмийн төрөлд хэн нэгэн сайн хөгжимчин, сайн багш гараад ирэхээр олон нийтийн анхаарал тийш хандаж, дагаад зориулсан хөгжмийн бүтээлүүд туурвих нь ч ихэсч хөгжиж эхэлдэг. Манайд морин хуур, ятга яг энэ хэмнэлээр явж ирсэн. Тэгвэл хуучрын хөг аялгууг хүний сэтгэлд сийлэх залуухан хуучирч өөрийнхөө авьяас билгээр энэ чиглэлд ихийг бүтээх нь гэдгийг Улсын филармонийн танхимд суусан хүмүүс өөр, хоорондоо шивэр авир хийн, бахдан ярьж байсан юм. Э.Цэндсүрэн оюутан атлаа бие даасан гурав дахь концерт "Folk meets classic"-аа ийнхүү зохион байгуулж байгаа бас дотоодын болон гадаадын томоохон уралдаанаас тэргүүн байруудыг голдуу эзэлж ирсэн нэгэн аж.
Тэрбээр XVIII-XX зууны Англи, Орос, Франц, Хятад, Унгар, Испанийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг хуучрын аялгуугаар хүмүүст хүргэж байв. Тэрбээр хуучирчдын урын санд томоохон байр суурь эзэлдэг Испанийн хийлч, хөгжмийн зохиолч П.Сарсатегийн"Кармен-Уран сэтгэмж"-ийг хөгжимдсөнөөс гадна Францын Клауди Дебюссийн бүтээлээс анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон. XIX-XX зууны сод төлөөлөгчдийн нэг, имперессинизмийн урсгалыг үндэслэгч түүний байгаль ертөнцийн үй олон өнгө будгийг аялгуулж буулгах гэж оролдсоныг нь хөгжмөөр илэрхийлэхэд ихээхэн ур ухаан, авьяас хэрэг болдог гэдэг билээ. Харин Э.Цэндсүрэн өнгө бүрийн цэвэр дуугаралт, хөгжимчнөөс дотоод мэдрэмж шаарддаг түүний аялгууг хуучирт буулгахаар зориглосноо нэр төртэй биелүүлсэн. Мөн тэрбээр өөрийн орны зохиолчдын бүтээл болох Б.Шаравын "Хуучир-Симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит чуулбар-концерт" мөн С.Сансаргэрэлтэхийн "Гүнжийн бүжиг" хийл цохивор хөгжмийн чуулгад зориулсан концертыг анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон юм. Түүний аав Ж.Энхтөр, ээж Д.Тэрбиш нар охиныг нь сургаж, хөглөж ирсэн багш П.Мөнгөнцэцэгт талархаж байгаагаа байн байн илэрхийлж байсан нь арга ч үгүй биз. Харин Э.Цэндсүрэнгийн талаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Зуун зууны бүтээлүүдээс гуравдугаар дамжааны залуу хөгжимчин зориглон сонгож тоглосон нь сайшаалтай. Тэрбээр авьяаслаг, эрдэмжиж байгаа бас их ухаалаг юм. Ухаалаг нь их анзаарагдаж байна" хэмээн онцолж байсан билээ. Түүнээс "Хөгжим тоглоход ухаан шаардах уу. Авьяас байхад болох юм биш үү" гэхэд "Дэлхийн аварга З.Ойдов дэвжээн дээр барилдахад биеийн хүчээр биш толгойгоор, ухаанаар барилддаг гэж хэлж байсан шиг хөгжимчин хүн ухаанаар хөгжим тоглодог юм" хэмээн хариулсан билээ. Ийм нэгэн авьяаслаг, ухаалаг хуучирч Монголд төрж байна. Ард олныхоо зүрх сэтгэлийг эгшигт аялгуугаар сийлэн баясааж, Монголын гэх аялгууг хуучир хөгжмөөр дэлхийд тамгалан үлдээх их хөдөлмөрт чинь амжилт хүсье.