Бид өмнөх “Манай зууны хөрөг” номдоо Амин, Мобуту нараар колонийн системийн нуралтын дараахи Африкийн удирдагчдын төрхийг гаргасан бол Клеркийн намтар дотор Нельсон Манделагийн хөргийг багтааж байсан. Энэ удаа нийт Африкийг ганцхан Манделагаар төлөөлүүллээ. Бусдыг нь түр хойшлууллаа. Тэгээд ч Мандела шиг алдар сууг үлдээсэн, үлдээж буй өөр удирдагч үзээд өгье гэхдээ байхгүй тул ганц түүнийг сонгож авсан болно.

“Өмнөд Африкийн Горбачев” хэмээн алдаршсан нэгэн зүтгэлтэн 1980-аад оны сүүлчээр алс холын Өмнөд Африкт төрөөгүйсэн бол Мандела бараг төрөхгүй байсан болов уу. Гадаад төрх нь ч Горбачевтай адилавтар, халзан толгойтой, нүдэнд дулаахан, тэгэхдээ нэлээд хэрсүү, ажил хэрэгч царайтай тэр хүн тэр үед л дэлхий дахинд танигдсан, тэр л дүр зураг бидний ой тойнд үлдсэн. Тэр бол Фредерик Виллем де Клерк гэгч байлаа.

Эдийн засаг-улс төрийн хямрал дээд цэгтээ тулсан, үндэстэн арьстан хоорондын зөрчил туйлдаа хүрч, хүний эрхийг хамгийн балмадаар хөсөрдүүлдэг, апартеидын бодлого нь хэрээс хэтэрсэн тул олон улсын хамтын нийгэмлэгээс хориг тавьж, гадаад орчноос тасалж зожигруулсан,  олон арван жилийн турш фронт хавийн улсын байдалд дасаж, татагдан орох ёсгүй зэвсэгт мөргөлдөөнд оролцсон тийм улс орныг тэрээр хүлээн авсан юм.

Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол дээр Фредерик де Клерк ӨАБНУ-ыг их өөрчлөлтийн эрин угтаж байгааг зоригтойгоор тунхаглаж, “Манай оронд тулгарсан тэр бүх асуудлыг энх тайвнаар зохицуулах гайхамшигтай боломжийг түүх бидэнд гаргаж өглөө” гэсэн нь итгэл сэтгэлээ гээж гүйцсэн хар болон өнгөт арьстнуудад гэнэтийн дайрлага мэт сонсогджээ.

Ингээд шууд л Африк үндэсний конгресс, Өмнөд Африкийн коммунист нам, бусад зүүний хөдөлгөөний эсрэг тавьсан хоригийг цуцалж, удирдагчдыг нь суллав. Суллагдагсдын дотор Нельсон Мандела оржээ.  Клерк хэлсэн үгэндээ хүрч ардчилсан өөрчлөлтүүдийг дараалан хийв. Апартеидын дэглэмийг аажмаар нураав. Хямралыг намжаах үүднээс бүх талыг хамарсан өргөн яриа хэлэлцээ явуулав. 1993 он гэхэд түүхийн шинэ эрин үеэ эхлүүллээ. Улс төрийн ихэнхи нам, бүлэг энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Шинэ үндсэн хуулийг сайшааж, хүн амын бүх давхарга тэгш эрхтэйг хуульчлав. Шилжилтийн гүйцэтгэх зөвлөл нэртэй түр Засгийн газар байгуулж, түүний бүрэлдэхүүнд анх удаагаа хар, цагаан арьстны төлөөлөгчид оржээ. Ингээд тус оронд анхны ардчилсан сонгууль 1994 онд явуулав. Цагаан арьстануудын Үндсэрхэг нам, хар арьстануудын Африк үндэсний конгрессыг хооронд нь эвлэрүүлж, 30 жилийн хямралыг зогсоосных нь төлөө  хоёр удирдагч – Клерк, Мандела нарыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан билээ.

Энэ утгаар Нельсон Манделагийн хөргийг түүний улс төрийн өнө эртний өрсөлдөгч бөгөөд хамтран зүтгэгч де Клеркээс салгаж авч үзэлтгүй.  Энэ хоёр бол түүхэн бие хүмүүс, ХХ зууны түүхийг адилхан бичилцсэн, гэвч энд нэг зүйлийг орхигдуулж огт болохгүй, юу гэвэл де Клерк улс төрийн тавцнаа ухаалаг бодлого явуулагүй бол Мандела гянданд үлдсэн амьдралаа өнгөрөөсөн байхыг хэн байг гэхэв. Ямар ч атугай Клерк Манделаг гаргаж ирсэн нь гарцаагүй үнэн билээ.


 
Нельсон Холилала Мандела бол ХХ зууны түүхнээ Африк тивээс төрсөн хамгийн суу билэгт хар арьст удирдагч яалт ч үгүй мөн. Нэгэнтээ түүхэнд мөнхөрч, зарим талаар улиг болтлоо сурталчлагдсан тул түүнийг бараг бүх насаараа Төрийн тэргүүн байсан мэтээр төсөөлөх нь ч бий.  Тэрээр ӨАБНУ-ын 9 дэх Ерөнхийлөгчөөр 1994-1999 онд л ажилласан, онцлог нь өмнөх нь бүгд цагаан арьстан Ерөнхийлөгч байсан бол хойшхи нь бүгд хар арьстан Ерөнхийлөгч байгаа. Хүний эрхийн төлөө цуцалтгүй тэмцэгч, апартеид дэглэмийн эсрэг цогтой тэмцэгч энэ нөхөр бол дэлхий дээрхи хамгийн урт насалсан цөөхөн улс төрчийн нэг (1918 онд төрсөн), 27 жил бүр тасралтгүйгээр гянданд хоригдсон үзүүлэлтээрээ Гиннесийн номд мөнхөрсөн, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Африкийн анхны хар арьст зүтгэлтэн, хөрш Мозамбикийн Ерөнхийлөгч агсан Самора Машелын бэлбэсэн эхнэрийг 80-тайдаа авч сууснаараа дэлхийг дэлгийлгэсэн, цаадхи нь хоёр улсын Тэргүүн хатагтайгаар зарлагдсан цорын ганц бүсгүй гээд тоочвол Манделад сонирхол татахаар намтрын шигтгээ тоймгүй олон.

Удам дамжсан хувьсгалч, хар нялхаараа хувьсгалт хөдөлгөөнд оролцож ухуулах хуудас нааж явсан гэх намтар түүнд байхгүй. Эхнээсээ тэмцэгч Мандела байгаагүй. Хар болон өнгөт арьстануудын элсдэг Форт–Хеирын их сургуульд 1939 онд элсэж нийгмийн ухаанд гэгээрч, оюутан ахуйдаа хожмын нэрт тэмцэгч Оливер Тамботой танилцаж, оюутны хөдөлгөөнд оролцох болсноор Манделагийн улс төрийн намтар эхэлдэг. 1943 онд Витватерсрандын их сургуульд хууль судалж байхдаа апартеидыг эсэргүүцэгч Жо Слово, Харри Шварц нартай нөхөрлөж улс төрөөр цаашаа гэгээрэв. Гэхдээ хүч үл хэрэглэн тэмцэх аядуу үзлийг номлогч болж төлөвшив. Тэрээр хуульчийн  диплом авч чадаагүй, үзэл бодлын төлөвшил дундаа либераль, радикал, африканист гээд аль тааралдсан руугаа үсчээд сурах бололцоогоо алдсан. 1944 онд Африк үндэсний конгресст элсэн, түүний Залуучуудын Лиг гэдгийг байгуулалцсан. Энэ лиг нь африкийн национализм, бие даах гэсэн зарчмыг мөрдөн, сүүл рүүгээ харгис байр сууринд шилжсэн тул Африк үндэсний конгресс намаас зэмлэн хүртэж байсан. Намтраас нь үзвэл 1952 оноос Мандела апартеидын эсрэг тэмцэлд эргэлтгүй оржээ. Гэхдээ Махатма Гандийн үнэний эрэл сургааль хэсэгтээ мань хүний тархийг угаасаар, тэмцлийн хүч үл хэрэглэх хэлбэр дээрээ тээнэгэлзсээр байв. Мөн коммунист үзэл санааг ч талархагч болж, коммунизмд үнэнч гэдэг үндэслэлээр 150 хүн 1956 онд баривчлагдахад Мандела дотор нь орсныг бодохул бас зүүний үзэл санаа руу хальтарсных байсан болов уу.

Тэмцэл мухардах тийшээ хандсан тул Африк үндэсний конгресс намаас “африканистууд” нь салж гараад тусдаа улс төрийн хүчин болж, зэвсэгт тэмцлийн замыг илт уриаллаа. Намын удирдагч Альберт Лутули, Тамбо, Волтер Сисулу нар “африканистууд”, коммунистуудад улс төрийн байр сууриа алдахад хүрлээ.  Намын нэг дарга Сисулу нь коммунист намд нууцаар элсэж, сөрөг хүчний эвсэл–Конгрессуудын зөвлөл гэгчийн 5 ерөнхий нарийн бичгийн дарга бүгд коммунистууд болж, тухайн үедээ Өмнөд Африкаар коммунизмын хий сүүдэр тэнүүчлэн явсан бололтой.

Коммунистуудад орон зайгаа алдсан Мандела 1961 онд намынхаа зэвсэгт жигүүр гэгчийн толгойлогч болжээ. Засгийн газрын эсрэг, армийнхны эсрэг партизаны дайн явуулахаар шийджээ. Партизануудаа сургах, зэвсэглэхээр гадаадаас мөнгө босгохоор шийдлээ. Мөн оны сүүлчээс эхлэн апартеидын бэлгэ тэмдэг болсон албад–паспортын товчоо, орон нутгийн шүүх, шуудан, захиргааны байруудыг дэлбэлэх шийдвэр гарчээ. Гэхдээ тэгж дэлбэллээ гэхэд хэн ч үхэж үрэгдэхгүй, шархдахгүй байх ёстой гэсэн нь нөгөө Гандийн хүч үл хэрэглэх номлолынх нь тусгал аж. Жил тойрон хорлон сүйтгэх цусгүй тэмцэл хийгээд үр дүнд хүрсэнгүй. Дэглэм суларсангүй. Эцэст нь партизаны дайндаа шилжлээ. Гэмгүй иргэд олноороо хөлд нь үрэгдлээ.

Африк үндэсний конгрессыг Засгийн газраас террорист байгууллагаар зарлалаа. Бүтэн жил хагас цагдаагаас зугтаж бүгэж явсан Манделаг 1962 оны зун эрх баригчид баривчлан Йоханнесбургийн гянданд хорив. АНУ-ын ТТГ энэ баривчилгаанд оролцсон гэх мэдээлэл байдаг. Эхлээд түүнд 5 жилийн ял төлөвлөв. Ажил хаялт зохион байгуулсан, хууль бусаар хил давахыг завдсан гэх ял тулгав. 1963 онд Африк үндэсний конгресс намын хэсэг лидер баривчлагдсанаар Манделад оноосон ял хүндэрлээ. Хорлон сүйтгэх ажиллагаанд нь 4 төрлийн ял тулгаж цааз сонсгох нь тэр. Ундны ус, цахилгаан эрчим хүч, хийн хангамжийн сүлжээг дэлбэлэх гэж байснаа, мөн коммунистуудын гар хөл болж байснаа өөрөө хүлээн зөвшөөрчээ. Цаазын ялыг 1964 онд бүх насаар нь хорих ял болголоо. Тэр үеийн Мандела бол өмнөхөөсөө болон өнөөгийнхөөсөө эрс ялгарах нэгэн байсан гэлцдэг. Апартеидын дэглэмтэй зөвхөн хүч хэрэглэн тэмцэхээс өөр замгүй гэж үздэг радикал, экстремист болсон байв.

Манделаг 27 жил хорихдоо 18 жилд нь арал дээрхи шорон, далайн эргийн алслагдсан шоронд ганцааранг нь камерт суулгаж хашраах гэсэн биш тэр хэрээрээ цаад нөхрөө дэлхийд алдаршуулсан юм. Үнэндээ ч нугаршгүй хатан зориг гаргаж амьдралынхаа хамгийн алтан үеийг төмөр торны цаана өнгөрүүлнэ гэдэг нэг талаар эмгэнэл, нөгөө талаар түүхэн бахархал гэлтэй.

Гянданд суухдаа Мандела Лондонгийн их сургуульд эчнээ суралцан хууль цаазны бакалавр болсноор үл барам тэр их сургуулийнхаа хүндэт ректорын сонгуульд өрсөлдсөн гэх мэт сонин үйл явдлуудаар  намтраа баяжуулав. 1985 онд Ерөнхийлөгч Бота түүнд уучлал үзүүлэх санал тавив. Зэвсэгт тэмцлийг улс төрийн зэвсэг болгохгүй гэж ам тангараг өгвөл суллана гэв. Шоронгоос ам тангараг өгөхгүй, суллагдаж байж чөлөөт иргэн болбол энэ талаар хэлэлцээ хийнэ гэсэн хариу сонсдов. Гэхдээ тэр ондоо эрх баригчидтай хэлэлцээгээ эхлүүлж чадлаа.

Яг энэ үед мөнөөх “Өмнөд Африкийн Горбачев” Фредерик де Клерк засгийн эрхэнд гарч ирлээ. Клерк апареидын бодлого явуургүй боллоо гэдгийг  ойлгосон бол Мандела тэмцлийн хүч хэрэглэх арга мухардсаныг мөн ойлгосон. Маргаан зөрөлдөөнийг зохицуулах улс төрийн үр өгөөжтэй механизмыг хүсэгч Мандела үхэл хагацал дагуулсан тэмцлийн аргаа эрс няцаагаад Өмнөд Африкийн нийтлэг үнэт зүйл гэгчийг номлодог болсон нь Клеркийн энхийг эрхэмлэсэн байр суурьтай яг давхцсан юм.

Эвлэрлийн нэг гол автор байсны хувьд 1994 онд засгийн эрх аваад Мандела нь түүхнээ анх удаа эсрэг тэсрэг хүчнүүдийн эвслийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, өөрийн намын Табо Мбеки, цагаан арьстны барууны намын Фредерик де Клерк нарыг хоёуланг нь Дэд ерөнхийлөгч болгов. Үндэсний болон олон улсын эвлэрэл тогтоож чаддаг гэдгээ ӨАБНУ дэлхийд нотлон харуулсан ба энэ 5 жилд Манделагийн удирдлагаар хийгдсэн нийгэм-эдийн засгийн олон чухал реформыг базаж дүгнэх аваас нийгэм дэх тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл практик бүр мөсөн халагдаж, цоо шинэ дүр төрх бүхий олон үндэстний, олон арьстаны эрх тэгш,  ардчилсан нийгмийн суурийг баттай тавьсан билээ ...

Үргэлжлэлийг НЭПКО хэвлэлийн газраас гаргах хөрөг нийтлэлийн хамтын  бүтээлээс нь уншина уу.