Гар утсан тархи - I хэсэг
Хүн төрөлхтөн орчин үеийн нийгэмтэй зохьцохоор хувьсаагүй
Таны дөнгөж сая гүйлгээд өнгөрсөн зурагт 10,000 цэг дүрслэгдсэн байгаа. Эдгээр цэг нэг бүр нь 200,000 жилийн өмнө бидний төрөл зүйл зүүн Африкаас төрөн гарснаас хойших бүх үеийг 1, 1-ээр илэрхийлж буй юм. Цэгүүд бүгд нийлбэл хүн төрөлхтний түүх болно гэсэн үг. Бодоод үз дээ. Энэ хорвоо дээр, та бидний хувьд ижил дасал болсон машин, цахилгаан, крантны ус, телевиз бүхий энэ ертөнцөд амьдарч үзсэн нь хүн төрөлхтний хэдэн үе вэ?
・・・・・・・・ (8 цэг)
Компьютер болон гар утас, онгоц бүхий ертөнцөд амьдарч үзсэн нь?
・・・(3 цэг)
Смарфон, фэйсбүүк, интернэт байх нь мэдээжийн болсон ертөнцөөс өөр юм үзээгүй нь хэд вэ?
・(1 цэг)
Энэ номын гол дүр бол бидний мэдэж буйгаар сансар огторгуй дахь хамгийн дээд түвшний бүтэц бүхий биет юм. Эмоц, ой санамж, ухамсар зэрэг бидний туулж мэдэрч ирсэн бүхний цогц цуглуулга болсон тархи. Яагаад ч юм тэрүүхэндээ аймар ч юм шиг нууцлаг оршихуй боловч үнэндээ тэр эрхтэн бол бид өөрсдөө. Гадаад далайн дайтай яндашгүй их цагийг туулан байж тархи хүний амьдардаг ертөнцөд дасан зохьцож иржээ. Гэхдээ энд хэлж буй “ертөнц” гэдэг нь одоогийн бидний ижил дасал болсон ертөнц буюу саяын цэгээр хэлбэл сүүлчийн хэдэн цэгээс тэс өөр ертөнц шүү.
Хүн төрөлхтөн орчин үетэй зохьцох боломжгүйн шалтгаан
Та бид хоёр бол зорилго ч үгүй утга учир ч үгүй процесс болох хувьслын үр бүтээл юм. Хувьсал бол сайн ч биш, муу ч биш, биднээр тохуурхдаг ч биш, бидэнд тусалдаг ч биш. Дэлхийн амьд байгаль тийм суурь нөхцөл дээр тулгуурлан одоо байгаа орчиндоо зохьцоод явдаг. Тэнд бодитоор яг юу болдог юм бол оо? Хойд америкт тархан суурьшсан баавгайг жишээ болгон гаргаж харъя. Баавгайнууд улам улам нүүдэллэсээр Аляскад хүрч очин, хахир хүйтэн туйлын мөсөн дээр амьдрах болов. Бор үс нь цасны өнгөнд уусаж өгөлгүй, цорын ганц тэжээл болох далайн хавд амархан анзаарагдаад байх юм гэнэ. Тийнхүү баавгайнуудад өлсгөлөн заналхийлэв.
Тэгтэл нэгэн эмэгчин баавгайн өндгөн эсэнд гэнэтхэн мутац гэх санаандгүй өөрчлөлт тохиох нь тэр. Үсний өнгийг тохируулдаг ген нь цагаан үстэй байхуйцаар өөрчлөгдсөн аж. Цагаан үстэй төрсөн бамбарууш бусад баавгайнаас илүүтэй далайн хаванд дөхөхдөө чадмаг байв. Хоолонд хүрэхдээ амархан бол амьд үлдэх магадлал ч өндөрсөж, явсаар үр удмаа ч үлдээнэ. Түүний зулзага ч бас цагаан үстэй төрж, мөн л өсөж том болоод үр удмаа үлдээх магадлал өндөрсөнө. Хувьсал гээч зүйл иймэрхүү байдлаар үргэлжлээд явдаг. Бор үстэй баавгайнууд амьд үлдэх өрсөлдөөнд ялагдаж, 10,000 - 100,000 жилийн хугацаанд Аляскийн баавгайнууд бүгд цагаан үстэй болж, цав цагаан болохоороо цагаан баавгай гэж хүртэл нэрлэгдэх болжээ.
Амьд үлдэж үр удмаа өнөр болгох магадлалыг өндөрсгөх шинж чанарууд цаашаагаа улам өвлөгдөн дамжиж, мэдээжийн зүйл болтлоо урт удаан хугацааг шаарддаг. Ингэж амьтан ургамлууд, мөнхүү хүн бид ч бас орчиндоо дасан зохьцсоор ирсэн. Цагаан үстэй баавгай бүтээсэн гээд бодохоор хувьслыг айхтар том ажил хийсэн юм шигээр төсөөлөх байх л даа, гэхдээ нээрээ л тийм юм. Төрөл зүйлд том өөрчлөлт гарахын тулд уртаас урт цаг хугацаа ー дэндүү олон сар жил шаардагддаг жамтай.
Цагаан баавгайг залгуулаад энэ удаад 100,000 жилийн өмнө саваннад амьдарч байсан хүн төрөлхтнийг төсөөлөн бодож үзье. Тэр эмэгтэйг Карлин гээд нэрлэчих үү? Карлин өндөр илчлэг бүхий чихэрлэг жимс ургадаг мод руу гүйн ирэв. Тэгээд жимснээс нэгийг идэв үү үгүй юү сэтгэл ханан явж одов. Маргааш нь ахиад л гэдэс өлсөж нөгөө модонд хүрч иржээ. Тэгтэл жимс нэгэнт дууссан байна. Хэн ч юм бүгдий нь идчихсэн бололтой. Карлины амьдрах ертөнцөд жимсгүй мод гэх нь үхэл гэсэнтэй утга ижил үе ч байна. Хүн амын 15 - 20% нь өлсгөлөнгөөр үхэж байсан гээд л бод.
Дараагаар нь өөр эмэгтэйг төсөөлж үзье. Адилхан саваннад амьдрах Мариа. Чихэр амтыг мэдэрдэг генд нь мутац өрнөж, чихэрлэг жимс идэхээр Мариагийн тархинд допамин хэмээх бодис их хэмжээгээр ялгардаг болж гэнэ. Допамин нь сэтгэл ханамжийн мэдрэмжийг төрүүлж, тэрийг хиймээр байна гэж бодогдуулдаг бодис юм.
Үр дүнд нь Мариа модны жимсийг бүгдий нь идчихье гэсэн хүчтэй хүсэл шуналыг мэдэрнэ. Ганц нэгхэн төдийд сэтгэл ханалгүй, идэж чадах хүртлээ гэдсэндээ чихэж авав. Аргагүй гэдэс нь хагарахын наагуур болж, гуйваж дайвсаар арилж одов. Маргааш нь сэртэл ахиад л ямар нэг амттай юм идмээр санагдана. Тэгээд ахиад л нөгөө мод руу очих боловч үлдээсэн хэдэн жимсийг хэн нэгэн түүгээд оджээ. Харамсалтай ч гэлээ өмнөх өдөр зөндөөг идсэн болохоор хэд хоногтоо бие илчлэгээр дутагдахгүй.
Амьд үлдэх магадлал өндөртэй нь Мариа болохыг яагаад гэлтгүй тааварлаж байгаа байлгүй. Зарцуулж амжаагүй илчлэгээ өөх болгон гэдсэндээ хураагаад, хүнс олдохгүй үед түүгээрээ өлсгөлөнгөөс аврагдана. Чингэмэгц хүүхэд төрүүлж генээ өвлүүлэх магадлал дээшилнэ. Энэхүү илчлэгт шунах шинж генээс үүсэж буй учир тэр шинж дараагийн үедээ өвлөгдөж, тэр үе ч бас амь зуун хүүхэд төрүүлэхэд хялбар болно. Үүн дээр орчны хүчин зүйл ч бас холбогдож ирнэ. Илчлэгт хүчтэй шунадаг хүүхдүүд аажмаар олширч, амьд үлдэх бололцоо өндөрсөнө. Хэдэн 1,000 жил өнгөрөх үест илчлэгт шунадаг шинж аажмаар боловч найдвартайгаар тэдгээр хүмүүсийн дунд ердийн шинж чанар болон тогтоно.
Одоо тэгвэл Карлин, Мариа нарыг өнөөгийн нийгэмд тавьж үзье. Түргэн хоолны газрууд ярайсан ертөнц. Карлин МакДоналдсын салбараас 1 гамбургер захиалж, яг тохируулан цадаж аваад тэндээс гарна. Тэгтэл Мариа орж ирснээ гамбургер, шарсан төмс, кока кола, нэмээд зайрмаг хүртэл захиалаад, гэдсээ хагарахын наагуур идэж аваад гарна. Маргааш өглөө нь Мариагийн гэдэс өлсөж ахиад л дэлгүүр явах боловч баяртай нь гэвэл дэлгүүрүүд аанай л өмнөх өдөр шиг хоолоор бялхан байна. Мариа өчигдрийнхтэй адилхан меню захиалан иднэ.
Хэдэн сар өнгөрөхөд Мариагийн бие хоолонд хордож эхэлнэ. Илүүдэл жин хэдэн килограмыг даваад зогсохгүй 2-р төрлийн чихрийн шижингийн шинж тэмдэг ч илрэв. Түүний бие махбод цусан дахь сахрын хэмжээний аймшигтай өндөр тунг тэсэж дийлэхээргүй болжээ. Ингээд Карлин, Мариа нарын байр суурь солигдож байгаа юм. Саваннад амьд үлдэхэд тус болсон илчлэгт шунах шинж орчин үеийн нийгэмд зохьцохгүй. Хүн төрөлхтний түүхийн 99.9%-д нь бидний оршихуйг дэмжиж ирсэн биологийн механизм гэнэтхэн тус болохоосоо ус болох нь ихсээд ирэв.
Энэ бол зохиомж яриа бус, чухамхүү бидэнд яг тохиож буй тэр өрнөл юм. Хэдэн сая жилийн хувьслын явцад биед суугдсан илчлэгийн шуналыг, илчлэг бодит байдал дээр үнэгүй болсон өнөөгийн нийгэмд ч бид тээсээр явна. Дээр нь нийгмийн өөрчлөлт ердөө хэдхэн үеийн дотор өрнөсөн. Хугацаа нь дэндүү богино тул хүний бие түүнд нь зохьцож амжаагүй. Биологи талаасаа бол тархи өмнөө байх илчлэгийг харах бүртээ ингэж хашгирдаг гэхэд болно. “Бушуухан наадахаа идээд ав! Маргааш олдохгүй ч байж мэднэ шүү!”.
Үр дүн нь тов тодорхой. Дэлхий даяар таргалалт болон 2-р төрлийн чихрийн шижин өвчин дэлбэ үсрэн түгсэн. Өвөг эцгүүд маань хэдэн килограм жинтэй байсныг нарийн мэдэхгүй ч өнөө үед ч аж үйлдвэржилтийн өмнөх нийгэмд амьдрах африкийн отог омгуудад хийсэн судалгаанаас зарим нэг сэжүүр олж болно. Тэдний дундаж BMI (антропометрик буюу биеийн галбирын илтгэцүүр) ойролцоогоор 20 байсан ба тэр нь хэвийн хэмжээний зурвасын доогуурхан хавиар гэсэн үг. Өнөөдрийн америкийн дундаж BMI гэвэл 29 (ДЭМБ-ын стандартаар яривал ахиад ганцаар ахивал таргалалт), Шведийн дундаж нь 25 (ДЭМБ-ын стандартаар жингийн илүүдэлтэй) байна.
Жингийн илүүдэл болоод таргалалт гэх асуудал ердөө хэдхэн 10 жилийн дотор ядуугаас дундаж хөгжилтэй улс болон мандсан орнуудад онцгой ихсэж байна. Дөнгөж ганцхан үеийн дотор ямагт өлсгөлөнд нэрвэгдсэн төлөвөөс өрнөдийн түргэн хоолны соёл тийш шилжсэн байгаа юм.
Орчин үетэй зохьцож чадахгүй байгаа нь зөвхөн бие махбод ч биш. Сэтгэцийн тал дээр ч бас ижил зүйл хэлж болно. Жишээ нь Мариа ямагт аюулын түгшүүр мэдэрч, аюулаас зайлсхийхийн тулд байнгын төлөвлөгөө гаргана. Тэгснийхээ ачаар амьд үлдэх магадлалаа өндөрсгөж ирсэн. Олон хүн бэртлээр үхэж, бусдад алуулж, амьтдад идүүлдэг байсан цаг үе юм хойно арга ч байж уу. Одоогийн аюулгүй ертөнцөд амьдарч байлаа ч Мариа байнга юмны мууг төсөөлөх зангаасаа болж сэтгэлээ өвтгөж, энэ удаад депресс болон айх эмгэгтэй болно.
Ямагт орчин тойрноо нягталж, дэндүү гэмээр ийш тийш үсчиж, сав л хийвэл анхаарал нь шилжинэ. Урьд нь тэр зангийнхаа ачаар аюулаас шалмаг бултаж чаддаг байж. “Өвсөн дундаас шагжинасан чимээ татуулаад байгаа тэр зүйл идэж болохоор амьтан ч байж магадгүй, шалавхан хараад орхиё!”. Өнөөдөр тийм өдөөлт хийгээд эмоцоос болж төвлөрч чадахгүй бол хичээл дээрээ томоотой суух чадваргүй хүүхэд гэж ойлгогдоно. Тэгээд ADHD (хөдөлгөөний хэт идэвхжил) гэдэг онош тавиулах биз.
Хүн төрөлхтөн орчин үеийн нийгэмтэй зохьцохоор хувьсаагүй
Бусад амьтадтай адилаар хүн бид орчиндоо дасан зохьцох байдлаар хувьсаж ирсэн. Тийм бол тэдгээр шинж чанаруудыг нарийн нөхцөлдүүлж ирсэн орчныг ажиглан шинжвэл хүнийг илүү сайн ойлгож чадах бус уу? Өнгөрсөн үеүдийн дийлэнх олонх, өөрөөр хэлбэл 10,000 цэгүүдийн 9,500 цэгт харьяалагдах хүмүүс бол ан хийж жимс түүж амьдарч ирсэн. Тэдний ертөнц та бидний мэдээжийн мэтээр боддог тэр ертөнцөөс асар ялгаатай. Яг ямар ертөнц байсныг нарийвчлан тогтооход хэцүү л дээ. Түүхээс өмнөх цаг үеийн бичиж үлдээсэн өв гэхээр юм үгүй тул бүдүүн баараг төсөөллөөс өөр юмгүй шахуу. Дээр нь бүгдий нь нэгтгэн багцалж бас болохгүй. Юу гэвэл ан гөрөө болон жимс түүн амьдарч буй отгуудын амьдрах нөхцөл нь одоо үед ч бүс нутгаас хамааран ялгаатай байдгийн адилаар харилцан ялгарч байсан байх учиртай. Мэдээлэл хязгаарлагдмал дээр нэмээд бүгдийг багцалж болохгүй. Гэлээ ч гэсэн тухайн үе хийгээд өнөөгийн ертөнц хоёрын хоорондох суурь ялгаанаас хэдэн тооны юм нэрлэчих боломж бол бий.
- Тухайн үед 50 - 150 тооны гишүүн бүхий отог омог болон амьдарч байсан. Өнөөдөр бол дэлхийн хүн амын олонх нь хотод амьдарч байна.
- Тухайн үед ямагт нүүн шилжиж, оромж сууц ч төсөр байсан. Одоо бол нэг дороо хэдэн жилээр, бүр хэдэн 10 жилээр ч амьдарч байна.
- Тухайн үед төрөхөөсөө үхэх хүртлээ уулзах хүний тоо 200 хавьцаа, за үсрээд л 1,000 дотор байсан. Уулздаг хүмүүс нь гол төлөв өөртэй нь адилхан төрхтэй. Одоо бол амьд байгаа цагтаа бүх дэлхийн хэдэн сая хүнтэй учирна.
- Тухайн үед нийт хүн амын тал нь 10 нас хүрэлгүй үхэж байсан. Одоо бол 10 хүртлэх насны үхэл дөнгөж хэдхэн %.
- Тухайн үед дундаж наслалт 30 ч хүрдэггүй байсан. Одоогийн (дэлхийн) дундаж наслалт гэвэл эмэгтэй 75, эрэгтэй 70 хавьцаа.
- Тухайн үед түгээмэл үхлийн шалтгаан нь өлсгөлөн, ган, халдварт өвчин, цус алдалт, тэгээд бусдад алуулах байсан. Одоо хамгийн түгээмэл үхлийн шалтгаан гэвэл зүрх судасны өвчин, тэгээд хорт хавдар.
- Тухайн үеийн хүн амын 10 - 15% нь бусдад алуулдаг байсан. Одоо бол хүн амины хэрэг, дайн, дотоодын хямрал зэрэг хүний нөлөөтэй үхлийн шалтгаан нийт үхлийн 1%-д ч хүрэхгүй.
- Тухайн үед амьд байхын тулд анхаарал сарнимтгай, ойр тойрны аюулыг цаг ямагт нягталж байх шаардлагатай байсан. Одоо бол анхаарал сарнимтгай биш байхыг сайн гэж үздэг. Дээр үеийнх шиг аюул нэгэнт байхгүйгээс хойш.
- Тухайн үед идэвхтэйгээр биеэ хөдөлгөн идэх юм эрж хайхгүй л бол өлсгөлөнгөөр явах магадлалтай байсан. Одоо бол хоолонд хүрэхийн төлөө ганц ч алхах шаардлагагүй. Захиалга өгөхөд л үүдэнд чинь хүргээд өгнө.
Нэг ёсондоо бид нөгөөх олон цэгүүдийн сүүлийн ердөө хэдхэн 1,000 жилд ー үгүй ээ хэдхэн 100 жил ч байж магадгүй ー ойр тойрны орчноо асар ихээр өөрчилж орхижээ. Хэдэн 1,000 жил гэхээр үүрдийн юм шиг сонсогдож магадгүй ч хувьслын шатнаас харвал эгшин зуурын л хугацаа гэхэд болно. Түүний үр дүнд бид одоогийнхоос өөр орчинд дасан зохьцохуйцаар хувьсаж орхисон бөгөөд тэр нь одоо амьдарч буй цаг үетэй тохирохгүй байгаа юм. Түүний нөлөө хэдий хэр том бол? Түүнийг ойлгохын тулд бодол, эмоц, туршлага гээд бүгдийг удирддаг эрхтэн болох хүний тархийг илүү нарийн харцгаая.
Эмоц байдаг нь амьд үлдэхийн төлөөх тактик
Төрөөд анхны амьсгаа авснаас эхлээд сүүлчийн амьсгалаа хураах мөч хүртэл таны тархи ердөө ганц асуултын хариултыг бодож явдаг. Тэр бол “Одоо яах вэ?”. Тархи өчигдөр болоод өнгөрсөн явдал мэтийг өчүүхэн ч ойшоодоггүй. Бүх зүйл одоо ба ирээдүйн төлөө. Дөнгөж сая үүссэн нөхцөл байдлыг дүгнэхийн тулд ой санамжийг дайчилж, эмоцоор дамжуулан зөв зүгт өөрийгөө хөдөлгөхийг зорьдог. Гэхдээ энд хэлж буй зөв зүг гэдэг нь сэтгэцийн төлөвөө сайжруулах, тушаал дэвших, эрүүл мэндээ хадгалах мэтийг хэлж буй биш. Өвөг эцгүүдийн нэгэн адилаар амьд үлдэж, үр удмаа үлдээх зүг юм.
Эмоц гэдэг бол “өөрийг минь тойрон хүрээлэх орчинд хандах сэтгэгдэл” биш. Орчин тойронд болж буй зүйлсэд тааруулан бие махбодын дотоодод өрнөж буй үзэгдлийг тархи багцлаад реакци гэж нэрлэсэн тэр юмыг хэлдэг. Тэр юм биднээр янз бүрийн үйлдэл хийлгүүлдэг. Хачин санагдаж байна уу? Тэгвэл эхнээс нь нарийвчлан харцгаая. Хэн ч бай өөрийнхөө эмоцыг ойлгож, түүнийг залахыг хүсдэг шүү дээ. Сэтгэл тавгүй байх үед бүр ч ялангуяа. Түүний тулд ерөөс эмоц гэж юу болох, яагаад хүнд эмоц байдаг болохыг ойлгож авах шаардлагатай. Эмоцод оюун санааг хангалуун байлгахаас хамаагүй чухал функц байдаг.
Бусад төрөл зүйлийн адилаар хүний бие махбод тархи гэдэг эрхтэнг хөгжүүлж ирсэн цорын ганц үндсэн зорилго бол “амьд үлдэж, генээ үлдээх” явдал. Хувьсал харилцан ялгаатай тактикууд олныг туршиж иржээ. Жишээ нь “аль болох хурдан шалмаг байж дайснаас зугтах”, эсвэл “орчныхоо өнгөнд уусаж, анзаарагдахгүй болох”. “Бусдын хүрч чадахгүй хоолонд хүрэх” гэдэг тактик ч бий. Урт хүзүүнийхээ ачаар анааш бусад амьтдын хүрч чадахгүй навчийг идэж чаддаг. Бас нэг өөр тактик гэвэл, тэр нь хүний тактик боловч “амьд үлдэж чадахуйцаар маневарлах” гээч юм бий. Юу гэвэл эмоц гэдэг бол уул шугамандаа анаашны урт хүзүү ч юм уу цагаан баавгайн цагаан үстэй адилаар амьд үлдэхийн төлөөх тактик юм. Зүгээр нэг бие махбодын тусгай чадвараа хөгжүүлсэн бус, харин өөрт байгаа бүх хүчээ дайчлах, хурдан бөгөөд уян хатан хариу үйлдэж чадахуйцаар хувьссан гэсэн үг.
Шийдвэр гаргах үед эмоц биднийг захирдаг
Хүний бүхий л үйл хөдлөл ー эрүүгээ хавирахаас өгсүүлээд атомын бөмбөг дэлбэлэх хүртэл ー цор ганц хүсэл шаардлагын үр дүн байдаг. Тэр хүсэл шаардлага гэдэг нь цээжний мухар дахь сэтгэлийн төлөвөө өөрчилмөөр байна гэх зүйл. Бүх юм эндээс эхлэн бид эмоцод захирагддаг. Заналхийлэлд өртвөл айх уу уурлах уу, зугтах уу дайрах уу. Биеийн энерги хүрэлцэхээ боливол гэдэс өлсөж хоолны эрэлд гарна.
Одоо энд төгс ертөнц байна гэж төсөөлөөд, хүн өмнөө тулгарах сонголт бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгд нэгэнгүй мэдэх боломжтой гэе. Сэндвич идэх үү байх уу гэж эргэлзэж буй хүн сэндвичний амт, илчлэг, талхны шаралт зэргийг бүгдийг мэднэ. Одоо өөрийн биед ямар шим тэжээл нөхөх шаардлагатайг, түүнд нь сэндвич тохирох эсэхийг ч мэднэ. Иймэрхүү мэдээллийг бүрэн эмхэтгэж чадвал сэндвич идэх эсэхээ ухаалгаар шийдэж чадна. Хэрэв таны өвөг эцэг ийм “төгс ертөнц”-өд амьдраад, дүүрэн балтай зөгийн үүрний өмнө зогсож байна гэвэл зөгийн баланд агуулагдах аюул хийгээд боломжийн талаарх бүхий л мэдээлэл толгойд нь байна гэсэн үг. Тэр үүрэнд байгаа балны хэмжээ ба илчлэг, өөрийн биед одоо хэдий хэр энерги үлдээд байна? Үүрнээс бал хулгайлахад хэр зэрэг эрсдэл учрах вэ? Зөгийнөөс өөр аюултай зүйл байхгүй юү? Бүх мэдээллийг хялбархан цэгцэлж, бал авах ёстой эсэхээ ухаалгаар шийдэж болно. Ганц асуудал нь өвөг эцэг маань амьдарч байсан ертөнц тийм төгс байгаагүй, бидний энэ ертөнц ч бас тийм биш.
Эндээс эмоц гарч ирнэ. Биднээр үйлдэл хийлгэж, эгшин зуур бүх хүчээ дайчилж чадахуйц болгодог зүйл бол эмоц. Ухамсар бүхий “та” хангалттай мэдээлэл бүрдүүлж чадаагүй тохиолдолд, эсвэл шийдвэр гаргахад хэтэрхий их цаг зарцуулахаар байвал тархи тэр дор нь бүдүүвчилсэн баримжаа гаргаж ирээд эмоц гэдэг хэлбэрээр хариулт хэлж өгнө. “Гэдэс аймар өлсөж байна, бушуухан сэндвич идье ээ”. Таны өвөг эцэг ч бас яг тэгж зөгийн бал хуссан. Тэгснээр сүртэй юм болох магадлал бага гэж дүгнэсэн үедээ, эсвэл аймшигтайгаар өлссөн байхдаа. Аюул хэтэрхий том гэж дүгнэвэл айдсыг мэдрээд орхин явна.
Дэлгүүрийн амттаны тасаг дээр очвол өлсөж үхэхээс мултрах зорилгоор хувьссан алгоритм маань шалмаг гэгч нь бүдүүвчлэн баримжаалж, бидэнд хариулт гаргаж өгнө. “Амттан идмээр байна!” гэсэн хүчтэй хүсэл тачаал хэлбэрээр. Идэх юм бялхаж цутгасан өнөөгийн бодит байдалд тархи гүйцэж очоогүй байна. Тиймдээ ч амттаны лангууны өмнө очихоор ихэнх хүмүүс ухаалаг шийдвэр гаргаж чадахаа больдог. Бид өлсгөлөнгөөр өөд болсон Карлинаас илүүтэйгээр илчлэгт шунадаг Мариагийн үр сад байх магадлал маш өндөр юм.
Сөрөг эмоц хамгийн өндөр эрэмбэтэй
Сайн ч бай муу ч бай иймэрхүү байдлаар эмоц биднээр янз бүрийн шийдвэр гаргуулдаг. Ингэхэд энэ бол бие даасан тусдаа үзэгдэл биш. Эмоц төрснөөр бие махбод болоод тархинд гинжин реакци өрнөж, тэр нь бусад эрхтнүүдэд нөлөөлөөд зогсохгүй бодох процесс болон орчин тойрноо хэрхэн ойлгох дээр ч нөлөө үзүүлдэг.
Айдсыг мэдэрсэн даруйд тархи кортизол болон адреналин ялгаруулах тушаал буулгана. Зүрх хурдан бас хүчтэй цохилж эхэлснээр булчингуудад цус түгээгдэнэ. Зугтдаг ч бай, тулалддаг ч бай дээд хүчээ ачаалах гэж тэр. Өлссөн үед идэх юм харагдвал тархи допамин ялгаруулж, идмээр байна гэх хүсэл тачаал өдөөнө. Допамин бол окситоцин (үтрээ агшаадаг даавар)-той адилаар бэлгийн дур төрөх үед ч ялгарч, бусадтай холбогдсон мэдрэмжийг ч төрүүлдэг. Түүний ачаар телевизийн дэлгэц бус дэргэдэх хүндээ анхаарал төвлөрч чаддаг.
Сөрөг эмоц эерэг эмоцоос илүү хүчтэй. Хүн төрөлхтний түүхэнд сөрөг эмоц аюул заналтай холбогдох нь олонтоо байж. Тэгээд аюул заналд эгшин зуур хариу арга хэмжээ авахгүй бол болохгүй. Идэж ууж унтаж хурьцахыг хойш нь тавьж болох ч, аюулын эсрэг хариу үйлдлийг хойшлуулж болохгүй. Хүчтэй стресс болон түгшүүр байх үед тэрнээс бусад зүйлс бодогдохоо больдог нь ийм шалтгаантай. Бидний өвөг эцэг өөдрөг гэгээн хүсэл тэмүүллээс аюул занал нь хамаагүй их орчинд амьдарч ирсэн. Сөрөг эмоц байнга мэдэрдэг болохыг ихэнх хэлэнд сөрөг эмоцыг илэрхийлэх үг илүүтэй олон байдгаас ч харж болно. Ерөөс ердийн хүний хувьд сөрөг эмоцод илүүтэй анхаарал татагддаг. Ямар ч тэмцэл зөрчил гардаггүй кино ч юм уу зохиол унших дуртай хүн гэж байдаг болов уу?
Сөрөг эмоцын эх үндэс бол стресс. Тиймээс дараагийн бүлэгт “Стресс гэж чухам юу вэ?” гэдгийг нарийвчлан харцгаая.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
зочин