“Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн асуултад өгсөн ярилцлага 2014.04.04-ний № 091 (4731) дугаарт нийтлэгдснийг анхны бүрэн эхээр нь дор сийрүүлэв. Сонин авч уншаагүй уншигчиддаа хүргэе.




-АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Улаанбаатарт албан ёсны айлчлал хийлээ. Энэ айлчлал гэнэтийнх байв уу? Хоёр хөрш оронд нөлөөлөх, бүс нутагт АНУ-ын байр суурийг бэхжүүлэхэд чиглэж айлчлав уу?

Гэнэтийнх гэдэгтэй би санал нийлэхгүй. Төлөвлөсөн айлчлал байсан болов уу. Бас хоёр хөрш рүү хандсан айлчлал ч биш юм. Энэ бол Монгол Улс, АНУ хоёр бүр 1991 онд батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж эхэлсний л нэг үе шатны айлчлал гэж үзэх хэрэгтэй. Бэлээхэн баримт байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 1995, 1997, 2011 онд, дэд сайд  1996, 2010 онд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга  1993, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2008, 2012 онд АНУ-д, хариуд нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд  2005, 2014 онд, дэд сайд  2000, 2010 онд, Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга 2004 онд, АНУ-ын Номхон далай дахь Цэргийн ерөнхий командлагч 1992, 1994, 1996, 2000, 2004, 2006, 2007, 2011 онуудад Монгол Улсад тус тус айлчилсан байна. Ийм учраас ноён Ч.Хейглийн айлчлалыг гэнэтийнх, цаг үетэйгээ айхтар холбогдсон хэмээн дэвэргэж дүгнэх хэрэггүй. Бас Ч.Хейглийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээлэл байна. Сэтгүүлчид Та нар сонссон. Энэ удаа тэрээр “Ази, Номхон далайн 13 улсын  Батлан хамгаалахын сайдтай уулзлаа, миний хувьд Ази-Номхон далайн бүс нутагт хийж байгаа 10 хоногийн айлчлалын хамгийн сүүлчийн зогсоол нь Улаанбаатар болж байна. Монгол Улсад урьсан урилгыг би маш баяртайгаар хүлээн авсан. Монгол Улс нь Америкийн Нэгдсэн Улсын хувьд үнэтэй түншлэгч орон учир би зорин ирэх хүсэлтэй байлаа” гэсэн шүү дээ. Энэ утгаар гэнэтийнх гэж огт үзэхгүй байна.

-ОХУ-аас Украины талаар явуулж буй бодлого, Крымын хойг Орост нэгдэх болсон, ОХУ-ын их гүрний бодлого тэлж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын талаар Монголтой хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгараад сайд Ч.Хейгл гэнэт Монголд айлчилсан мэтээр монголчууд үзэж байна. Тийм үү?


Орос-Украины харилцаа, Украины дотоодод өрнөж буй үйл явдал, Крымын хойгтой энэ айлчлал огтын холбогдол байхгүй ээ. АНУ дэлхийн олон оронтой цэргийн харилцаатай, тэр олон орны нэг нь л Монгол. Ерөнхийдөө бол Ази, Номхон далайн бүс нутгийн нэн идэвхтэй нэг улсын нэг нь. Тэр утгаар л айлчилсан. Мэдээж Орос-Украины талаархи АНУ-ын албан ёсны байр суурийг тэрээр Улаанбаатарт ирээд тайлбарлаж ярьсан, манай тал энэ асуудлаар ярилцаагүй, байр сууриа илэрхийлээгүй гэж би дуулсан. Ерөөсөө Монгол Улс энэ хэрэгт оролцохгүй, хушуу дүрэхгүй гэсэн байр суурьтай байгаа шүү дээ. Та бүхэн хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын хэвлэлийн бага хуралд хийсэн мэдэгдлийг БХЯ-ны албан ёсны вэб хуудсаас үз л дээ. Тэнд хоёр сайд юу ярьсан нь байгаа.

-Монгол-Америкийн батлан хамгаалахын харилцаа ямар шатандаа яваа вэ? Та судлаач, дипломатчийн хувь эрхбиш гадарлах байх?

Миний ойлгосноор Монгол-Америкийн батлан хамгаалахын харилцаа урт түүхэн зам туулаагүй, цагийн шалгуур даваагүй, нэг  их дэвэргэж туйлшруулаад байх харилцаа биш юм. 1987 онд Монгол Улс, АНУ хоёр дипломат харилцаа тогтоосноос хойш л 20 гаруй жилд яригдах асуудал. Эхэндээ цэргийн харилцаа гэж огт байгаагүй. Манай улсад нийгмийн байгуулал солигдож, “Хүйтэн дайн” шувтарсны дараа 1991 онд хоёр улс тус тусын Элчин сайдын яамандаа Батлан хамгаалахын атташе харилцан суулгаснаас цэргийн  харилцаа эхэлсэн. Тэгэхдээ өмнөө тавьсан зорилготой эхэлсэн. Тэр нь АНУ-ын талд ашигтай гэхээсээ Монгол Улсад ашигтай хэлбэрээр эхэлсэн байдаг юм. Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчний чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг чиглэлээр цаашаа хөгжсөн. Гэхдээ Монгол-Америкийн батлан хамгаалахын харилцааг гурван үе шаттай авч үзмээр байгаа юм. Эхний үе нь 1991-1996, хоёр дахь үе нь 1996-2003, гурав дахь үе нь 2003 оноос өнөө хүртэл гэж. Гурван үе шат дамжиж байж өнөөгийн өндөрлөгт хүрчээ гэсэн үг.



-Та энэ гурван үе гэдгээ тодруулж баримтаар ярьж болохсон болов уу? Манай сонины уншигчдад сонин байж болно. Бид л лав огт мэдэхгүй юм байна.


Эхний үе шат нь тун энгийн харилцаанаас эхэлсэн. Манай цэргийн албан хаагчдыг англи хэлний сургалтад хамруулах, дунд түвшний төлөөлөгчид харилцан солилцох, манай улсын цэргийн албан хаагчдыг бүс нутгийн зарим арга хэмжээнд оролцуулах байдлаар л эхэлсэн байдаг.  Хоёр дахь үе шатанд энгийнээс арай илүү тодорхой арга хэмжээ рүү орж ирсэн. Учир нь 1996 онд засгийн эрх авсан АН зэвсэгт хүчнийг иргэний хяналтад өгөх, батлан хамгаалах салбарыг энхийг сахиулах чиглэлээр шинэчлэх бодлого эрчтэй явуулсны дүнд гэх үү дээ, Америкийн тал наашаа илүү сонирхож эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд ч хоёр  орны цэргийн харилцааг өргөжүүлэх харилцан сонирхлын хүрээнд 1996 онд “Цэргийн айлчлал солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарт дээд, дунд түвшний айлчлалыг тогтмолжуулах, манай цэргийн албан хаагчдыг АНУ-ын цэргийн мэргэжлийн сургалтад хамруулах, хязгаарлагдмал хүрээнд цэргийн хамтарсан дадлага, сургууль хийх боломж бүрдсэн. Чингэхдээ АНУ “Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, ардчилсан нийгмийн цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх, байгалийн гамшигтай тэмцэх, хил хамгаалах хүчин чадавхийг нэмэгдүүлэхэд туслах” гэсэн тодорхой зорилт дэвшүүлсэн. Энхийг сахиулах хүчин чадавхийг нэмэгдүүлнэ гэдэг нь манай офицер, ахлагч нарын цэргийн мэргэжлийн болон англи хэлний сургалт, цэргийн албан хаагч нэг бүрийн хувийн өвч хэрэглэл, анги салбарыг шаардлагатай зарим зэвсэг, техник хэрэгслээр хангах, команд-штабын болон тактикийн хээрийн сургуульд оролцуулах зэрэг арга хэмжээг хэлж байв. Гэхдээ миний нэрлээд буй хоёр дахь үе шат буюу  1996-2003 онд манай хоёр улсын цэргийн харилцаа нь хөгжиж буй бусад орнуудтай АНУ-аас хөгжүүлж буй харилцаанаас онцын ялгарах зүйлгүй байсан юм.

-Гурав дахь үе шатнаас тэр ялгаа нь гарч ирсэн гэж Та дүгнэх гээд байнаа даа, Тийм үү?

Яг тийм. Ердөө л гурван хэлбэрээр 1) Сургалт, 2) Бүс нутгийн цэргийн олон улсын арга хэмжээнд оролцуулах, 3) Цэргийн төлөөлөгчид харилцан солилцох хэмжээнд явагдаж байсныг шат ахиулах шаардлага аяндаа нөхцөлдсөн. Хоёр талаасаа хамтарч цэргийн сургууль дадлага зохион байгуулъя, дээд түвшинд айлчлая гэж манай талаас тавьсан саналд АНУ төдийлөн ач холбогдол өгдөггүй, цэргийн харилцааны тухайн үеийн түвшинг л хадгалж байх сонирхол тухайн үеийн АНУ-ын аль ч засаг захиргаанд байсан чинь “2001.09.11”-ний гайт үйл явдал бидэнд  ихээхэн боломж гаргаад ирсэн юм. Тухайн үеийн манай төр, засаг олон улсын терроризмын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн улс орнуудын үйл ажиллагааг дэмжсэн улс төрийн мэдэгдэл хийж, 2003 оны 4 дүгээр сараас АНУ-ын тэргүүлсэн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”, улмаар 2003 оны 10 дугаар сарaac “Афганистаны ажиллагаа”-нд манай улсын цэргийн баг, сургалтын хөдөлгөөнт багийг тус тус оролцуулсан. Монгол цэрэг “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд 2003-2008 онд оролцож Иракт чухал үүрэг гүйцэтгэсэн. “Чухал” гэдэг нь  манай талын дүшнэлт биш, Америкийн талын дүгнэлт. 2003 оноос манай их бууны сургалтын баг “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэлээ. 2009 оноос Кабул дахь америкийн “Эггерс” баазын харуул, хамгаалалтын баг, 2010 оноос нисдэг тэрэгний сургалтын баг тус тус үүрэг гүйцэтгэсэн гээд баримт олон байна. Энэ бүхэн нь  Монгол-Америкийн батлан хамгаалахын харилцаа нь де факто “эвслийн чиг хандлагатай” болсны илэрхийлэл юм.

-Де факто “эвслийн чиг хандлагатай” гэдгээ Та тайлбарлахгүй юү? Юу гэсэн үг вэ?


Ер нь Монголын зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчин чадавхийг нэмэгдүүлэх нь Монголд өөрт нь бус, АНУ-ын талд ашигтай, улмаар манай улсын цэргийн хүчийг ирээдүйд энхийг сахиулах эвслийн ажиллагаанд татан оролцуулаад байж болох юм байна  гэсэн ойлголт АНУ-ын засаг захиргаа, цэргийнхэнд сууж эхэлснийг юуны өмнө би хэлж  байна. Америкийн талд ийм сэтгэхүй суусны үр дүнд хоёр талын зөвлөлдөх уулзалтыг БХЯ-дын түвшинд зохион байгуулах, өмнө нь манай талаас тавьж байсан “Энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төв байгуулах”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох анги, салбарын хүчин чадавхийг нэмэгдүүлэх” тухай саналууд хэрэгжиж эхлэн, хамтарсан төлөвлөгөө боловсруулж, санхүүгийн эх үүсвэрийг АНУ-ын Төрийн департмент болон Батлан хамгаалах яамны тодорхой сангуудаас гаргах тохиролцоонд хүрч, манай цэргийн албан хаагчдыг АНУ-ын цэргийн бүх шатын сургалтад (тухайлбал өмнө нь монголчууд огт очиж байгаагүй Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зэвсэгт хүчний аж үйлдвэрийн коллеж гэх мэт) хамруулж эхэлсэн юм л даа. Энд зөвлөлдөх уулзалтыг тодруулъя. Ийм уулзалтыг 2004 оноос эхлэн жил бүр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны тусламжийн асуудлаархи зөвлөлдөх уулзалтыг 2005 оноос эхлэн жил бүр зохион байгуулсан. 2006 оноос эхлэн жил бүрийн зун Монголд явагддаг “Хааны эрэлд”  олон улсын хээрийн хамтарсан сургууль ч миний нэрлээд буй цэргийн харилцааны гурав дахь үе шатанд гарч ирсэн, Монголд огтоос хэрэгжиж байгаагүй цоо шинэ үзэгдэл шүү дээ.    

-Ингэлээ гээд хоёр хөршийн харилцаанд ямар нөлөө үзүүлэв.  Монгол-Америкийн цэргийн харилцаа өргөжин хөгжиж байгаад хоёр хөрш улсын зүгээс эмзэглэсэн явдал бий юү?


Миний ажигласнаар албан бус байдлаар манай талд анхааруулах, сэтгэл түгших явдал эхэндээ байсан байх аа. АНУ дэлхийд цэрэг-улс төр, эдийн засгийн чадавхиар ноёрхох бодлого явуулж, энэ зорилгоор Орос, Хятадын эргэн тойронд өөрсдийн ашиг сонирхол, байр сууриа бэхжүүллээ гэж хоёр хөрш маань хүлээн авсан тал бий. Орос, Хятадын завсарт орших стратегийн онцгой байршилтай Монголын орон зайд үйл ажиллагаа явуулж эхлэх нь гэж хардсан ч байх. Монгол дахь Орос, Хятадын нөлөө, байр суурийг бууруулах, улмаар аль нэг хөршийнх нь эсрэг байр суурийг дэвэргэх нь гэж эмзэглэсэн ч байх. Ийм эмзэглэлийг  манай тал ч  АНУ-ын тал ч ойлгож, цэргийн харилцааг аажмаар бэхжүүлэх, чингэхдээ АНУ-аас бусад хөгжиж буй улстай харилцаж буй хэмжээнд хадгалах сонирхолтойгоо удаа дараа илэрхийлсэн байдаг юм билээ.  АНУ-ын албаны хүмүүсийн байнга хэлдэг зүйл бий л дээ. “АНУ-аас Монгол Улстай хөгжүүлж буй цэргийн харилцаа нь Монголоос хоёр хөрштэйгээ хөгжүүлж буй харилцаанд сөрөг байдлаар нөлөөлөхгүй ээ” гэж. Манай улстай хөгжүүлж буй цэргийн харилцаа нь зөвхөн энхийг сахиулах, байгалийн гамшигтай тэмцэх, зэвсэгт хүчний хүчин чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцолж, харилцааг энэ хүрээнээс халиахгүй байхад АНУ-ын талаас байнга анхаарч ирсэн шүү дээ.  

Гэхдээ би энд Монгол нь хоёр хөрш улстайгаа батлан хамгаалах салбарт цэргийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг тэмдэглэх нь зөв байх. Оросын хувьд бас өөр тайлбар хэлж баримт дурдаж болох юм. НАТО-ын нөлөө бүхий гишүүн АНУ тус улсын эргэн тойрны бүс нутагт цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өмнө нь СССР-ийн бүрэлдэхүүнд байсан Балтийн гурван улсыг НАТО-гийн гишүүн болгож, ТУХН-ийн ихэнхи оронтой цэргийн харилцаа тогтоосонд ОХУ тааламжтай бус байгаа нь ойлгомжтой.  Нөгөө талаас ОХУ-ын сонирхол буурсан, эдийн засаг хүндэрсэн зэргээс үүдэн манай армийн уламжлалт зэвсэг, техникийн шинэчлэл, боловсон хүчнийг сургалт боломжгүй болсон учраас цэргийн сургалт тасралтгүй байх, орчин үеийн зэвсэг техниктэй болох манай дотоодын эрэлт хэрэгцээг ОХУ-д арга буюу ойлгосон, гэхдээ өөрөөр хандсан гэж үзэж болохоор. Өмнөх 70 гаруй жилийн Монгол-Зөвлөлтийн ах дүү армиудын холбоотны хэмжээний хамтын ажиллагаагаа Орос улс өнөөдөр АНУ-д алдчихгүй байхын тулд бололцоотой бүхий л арга хэрэглэсэн. Жишээ нь Ирак дахь эвслийн ажиллагаанд Монгол Улс нэгдсэний дараахан Орос-Монголын батлан хамгаалах салбарын харилцаа  идэвхжсэн, Сибирийн цэргийн тойрогтойгоо хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж манай талд олгосон зэргээр мартагдах шахаж байсан харилцаагаа сэргээхийг зорьсон явдал бий.  

-Хятадын хувьд Монгол-Америкийн батлан хамгаалахын харилцааг яаж хүлээн авсан юм бэ? Та энэ талаар ярьсангүй.

БНХАУ-ын хувьд Монгол-Америкийн цэргийн харилцааг болгоомжилсон, зарим талаар хардангуй өнгө аясаар харж хандаж байдаг тал бий. Ганц АНУ ч гэлтгүй, НАТО-гийн Энхийн төлөө түншлэлд ч тэгж хандаж байсныг би сайн мэдэх юм. Хятадын судлаачдын байр суурийг ажваас, мөн хятадын судалгааны зарим хэвлэлд хоёр янзын ерөнхий дүгнэлт харагддаг. АНУ нь Энэтхэг, Вьетнам, Казахстан, Монгол зэрэг БНХАУ-тай хил залгаа улс орнуудтай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж, Хятадын эргэн тойронд байр сууриа бэхжүүлэх нь гэж хардсан, нөгөө нь Монголд АНУ-ын цэргийн бааз, сургалтын төв байгуулж, Хятадыг ар шилэн дээрээс нь тагнах нь гэж хардсан тал харагддаг.  Зун болгон Монголд хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” сургуулийг “Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бүс нутгийн анхны томхон дадлага сургууль гэдгийг хятадын талд сайтар тайлбарлаагүйгээс, мөн дээхнэ Тайванийн нэгэн хэвлэлд нийтлэгдсэн “АНУ Монголтой хамтран Хятадыг тагнах үйл ажиллагаа явуулж байгаа” гэх мэдээллийг тухай бүрт нь бид няцаагаагүйгээс Хятадын болгоомжлол, эмзэглэл даамжирсэн тал бий. Гэлээ гээд Хятад нь манай улстай хөгжүүлсэн хоёр талын харилцаагаа ахиулснаас бус бууруулаагүй. Цэргийн салбарт бүр ч илүү нягт хамтран ажиллахыг зорьж байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламж олгох, цэргийн айлчлал, солилцоо, сургалтыг  өргөжүүлэхэд Хятадын тал анхаарах болсныг бид баяртайгаар дэмжиж байгаа шүү дээ.      

-Монгол-Америкийн цэргийн харилцааны 4 дэх үе шат гэж цаашаа өрнөх болов уу, Та юу гэж үзэж байна?

Монгол-Америкийн цэргийн харилцаа нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд өргөжиж, батлан хамгаалах салбарын бүхий асуудлаар хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдлээ.   Энэ харилцаа манай улсын геостратегийн ач холбогдлыг өсгөж, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын нийгэмлэгт манай улсын эзлэх байр суурь, хамаарлыг нэмэгдүүлэхэд тус дэм болж байгаад гол ач холбогдол орших болов уу. Монгол-Америкийн цэргийн харилцаа нь ямар ч атугай хоёр их хөршөөс манай улсад хандах хандлагыг муутгах бус, сайжруулах чиглэлээр төлөвшиж байна. Дөрөв дэх үе шат гэлгүйгээр ганц өгүүлбэрээр би дүгнэмээр байна. АНУ-аас манай улстай тогтоосон цэргийн харилцаа нь АНУ-аас бүс нутгийн хөгжиж буй бусад улс орнуудтай хөгжүүлж буй нэгэн хэвийн тогтсон харилцаанаас ялгаран тодорхой түвшинд, харилцан ашигтай байдлаар хөгжих нөхцөл бүрдлээ. Ийнхүү өргөжөөд байвал Монгол-Америкийн цэргийн харилцааны 4 дэх үе шат аяндаа төлөвшиж таарна.



- Яаж хэрхэн гэж Танаас тодруулмаар байна.

Ирээдүйг зөгнөж яримааргүй байна. Өнгөрсөндөө дүгнэлт хийгээд ирээдүйн харилцааг төсөөлж болохоор байна. БХЯ-наас авсан мэдээлэл надад байна. Дараахи баримтуудыг анхаарах хэрэгтэй. АНУ нь 1992-2010 онд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зохион байгуулсан олон улсын 30 орчим төрлийн 90 гаруй хурал, семинар, дадлага, сургалтад Монголын зэвсэгт хүчний 900, иргэний байгууллагын 100 гаруй албан хаагчийг урьж оролцуулсан байна. “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд оролцоход манай цэргийн багийг зарим төрлийн хувцас, хамгаалалтын болон мэдээллийн техник хэрэгслээр хангаж, цэргийн багийн төвтэйгөө холбох холбооны төхөөрөмжийг тусламжаар олгосон байна. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцох анги, салбарыг бэхжүүлэхэд тоног, төхөөрөмжийн тусламж үзүүлж, зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг тохижуулахад оролцож байна. “Эвслийн эв санааны нэгдлийн сан” хөтөлбөрийн хүрээнд манай улсад 2008 онд 11 сая ам.долларын тоног төхөөрөмж, 2009-2010 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хоёр батальоны холбооны иж бүрэн хэрэгсэл, англи хэлний сургалтын танхим, 1100 хүний нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын 68 автомашин буцалтгүй тусламжаар олгосны дээр сургалтын нэгдсэн төвийн хичээлийн байруудыг засч тоноглож өгчээ. Тусдаа 9 удаагийн хүмүүнлэгийн тусламжаар 18 сая орчим ам.долларын эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, дулаан хувцас, бараа материал, машин механизм нийлүүлжээ. 1997 оноос АНУ-ын оролцоотойгоор “Цэрэг-иргэний харилцаа”, “Төрийн ёс зүй”, “Олон улсын терроризмтой тэмцэх”, “Энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн асуудал”, “Мэргэжлийн ахлагч бэлтгэх тулгамдсан асуудал” гэхчлэн семинаруудыг Монголд зохион байгууллаа. Хоёр тал хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн ар талын байгууллагын зохион байгуулах хорооны хуралдаан, Зүүн хойд Азийн энхийг сахиулах ажиллагааны дадлага-семинар, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын симпозиум, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон үндэстний төлөвлөлтийн өргөтгөсөн багийн команд-штабын сургуулийг тус тус Улаанбаатар хотод зохион байгууллаа. “Хааны эрэлд” команд-штабын болон тактикийн сургуульд л гэхэд 30 гаруй улсын армийн төлөөлөл оролцлоо. Эдгээр арга хэмжээ нь бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх,  манай улсын аюулгүй байдлыг улс-төр дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна. Энэ бүх баримтаас би юу харж байнав гэхлээр Монгол-Америкийн цэргийн харилцаа ямагт прогрессоор өсч өргөжиж иржээ гэдгийг мэдрэхээр юм. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэе. Цаашдаа Монгол-Америк нь хоёр талын цэргийн харилцааны зорилго, чиглэл, энэ хүрээнд хамтран зохион байгуулж буй арга хэмжээгээ ил тод байлгаж, манай нутагт явагдах аливаа олон улсын арга хэмжээнд Орос, Хятадыг оролцохыг урих, тухайн арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагаа хоёр хөршдөө найрсгаар мэдээлж, нээлттэй санал солилцож байх нь зөв юм. Бүс нутгийн бусад механизм, тухайлбал АСЕАН-ы Бүсийн чуулга, хэрэв хэрэгцээ тохиолдвол ШХАБ-ын хүрээнд ч Монгол-Америкийн цэргийн харилцааны талаархи өөрийн байр сууриа зөв тайлбарлаж, зөв ойлгуулж ил тод байлгах хэрэгтэй болов уу.

-Тантай ярилцсандаа тун баяртай. Бидэнд, манай уншигчдад нэн чухал мэдээлэл өгч, ярилцлага хийсэнд “Өдрийн сонин”-ы хамт олноо төлөөлж баярлалаа гэмээр байна. Танд хэлээгүй үлдээсэн зүйл байна уу?


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейглийн Улаанбаатарт хийсэн мэдэгдлээс нэг чухал өгүүлбэрийг энэ ярилцлагын дүгнэлт болгож эшлэе. Тэрээр “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай хоёр орны Зэвсэгт хүчний хөгжил хурдацтай өсөн дэвжиж, бие биедээ үлгэрлэсэн, бие биенээсээ суралцсан он жилүүд байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэл идэвхжихийн хэрээр АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран явуулах ажиллагаа, хамтарсан сургуулиуд өсөн нэмэгдэнэ. Тэр хэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын арга хэмжээ, сургалт, ажиллагаануудад оролцох оролцоо нээлттэй болно” гэжээ.