Намын шинэчлэлтийн түүхэн хуудсыг сөхөхүй
Түүхэнд үеэ өнгөрөөсөн мэт сонсогдох хэдий ч нэгдлийн гүн ухаан болох “Төв ёсны үзэл” нийгмийн зөрчлийг арилгах, монголчуудын эв нэгдлийг хангахад тус дэм болох учиртайсан.
МАН-ын 100 жилийн ойд зориулав.
Аливаа хүний амьдралд эргэн дурсахад нэн дурсамжтай мөчлөгүүд цөөнгүй байдаг. Миний хувьд амьдралын маань 30 жил МАН (МАХН)-ын түүхтэй салшгүй холбогддог.
Би вээр “Дэд эрдэмтэн” гэдэг эрдмийн нэгэн оргилд хүрэхийн төлөө оюутны ширээнд дахин сууж, Нийгмийн Ухааны Академид суралцаж ирээд бүхнийг сурчихсан мэт санагдаж, залуу насны оргилуун, дэврүүн ид хаваар нийгмийн амьдралд идэвхитэй оролцож эхэлсэн билээ.
Тэр үеийн ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академийн аспирантурт гурван жил суралцахдаа Д.Алтай, Х.Баатар, Ц.Ганбат, Ж.Октябрь бид тав шалгалт шүүлэг өгч, эрдмийн ажил хийж, диссертаци хамгаалж, гуних цагтаа гуниж, баярлах цагтаа цуг баярлаж, жаргал зовлонгоо хуваалцан, ижилдэн дассан “ангийн андууд” болцгоогоод 1991 онд “шинэхэн эрдэмтэд” сургуулиа төгсөн ирж байв.
Бидний эрдэм номын энэ үерхэл маань чөлөөт зах зээл, ардчилалын эхлэл, өрнөлтийн он жилүүдэд хүнд бэрхийг хамт туулахад ч үргэлжилсэн. Бид МАН-ын шинэчлэлт, өөрчлөлтийн эхний жилүүдэд МАХН-ын “Шинэ үе жигүүр” болон “Эх орон, ардчилалын төлөө Иргэний хөдөлгөөн” гэх одоогийнхоор бол ТББ-ыг санаачлан зохион байгуулж, хамтран ажиллаж, тэмцэж байлаа. Академийн “онжавууд” маань надад онол, үзэл санааны гол түшиг, улс төрийн тэмцлийн хамтран зүтгэгчид, эн тэргүүн итгэж, дэмжсэн хань хамсаатнууд маань байсан.
1992 онд бид тав үзэл бодол нэгт манай Академийн бүтээгдэхүүн, эдийн засагч, Доктор С.Энхбаатар, Боловсролын яамны Н.Пүрэвдагва, хуульч Ч.Энхбаатар нарын зэрэг залуучуудын хамт МАХН-ын шинэчлэлийн төлөө “Шинэ үе жигүүр”-ийг санаачлан зохион байгуулж, Тэргүүнээр нь Ц.Ганбатыгаа сонгов. Жигүүрээ хүлээн зөвшөөрүүлэхээр МАХН-ын ХХ Их хурлын индэр дээр 16-уулаа зориглон гарч, улс төрийн намын албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анхны жигүүр болж байлаа. Энэ жигүүр МАН-ын түүхийн эгзэгтэй үед намын шинэчлэлд өөрийн зохих хувь нэмэр оруулсан гэдэгт найддаг.
Энэ л цагаас миний амьдрал МАН-тай салшгүй холбогдсон доо.
Нэг. Нам ба залуу үе
Намайг МАХН-тай холбосон эхний холбоос бол залуучууд гэж би боддог.
Жигүүр байгуулагдснаас хойш Жигүүрийн тэргүүн Ц.Ганбат болон гишүүд, дэмжигчид Н.Энхбаяр, Н.Баяртсайхан, Т.Ганди, Б.Батбаатар, Н.Ганбямба, Г.Ганболд зэрэг олон залуучууд УИХ-ын гишүүнээр сонгогдож, энэ жигүүрийн улс төрийн түшиг тулгуур нь болж байв.
Эхлээд жигүүрийн төлөөлөл болгон Эрдэмтэн судлаач Г.Чулуунбаатарыг Намын Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгуулан ажиллуулсан. Дараа нь МАН-ын түүхийн нэгэн сонирхолтой үед Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонгийн удирдлага дор 1993-1996 онуудад ажиллах завшаан надад тохиосон билээ. 1993 оны 11-р сард тухайн үед МАХН-ын Бага хурлаас намайг “Шинэ үе” жигүүрийг төлөөлөн Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Намын Нарийн бичгийн даргаар сонгосон.
Тиймээ, хуучин цагт МХЗЭ-ИЙН Төв Хорооны Товчооны гишүүн, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан дадлага туршлагыг минь эн тэргүүн харгалзан үзсэн хэрэг бизээ.
Учир нь энэ үед “МАХН” гэдэг бол хуучны, коммунист байгууллага, “хөгшчүүдийн нам” гэдэг ойлголт түгээмэл учир ардчилалтай дөнгөж танилцаж эхэлсэн залуу үеийнхний хувьд МАХН-аас зай барих хандлага ноёлж байсан цаг.
Иймээс МАН-ын өмнө тулгарч байсан нэг том сорилт бол намын гишүүдийн эгнээг залуужуулах, түүний дэмжигчдийн хүрээг залуучуудаар өргөжүүлэх явдал байв.
Энэ зорилт нь 38 настай шинэхэн даргын ажлын нэг гол чиглэл болж, намын үндсэн баримт бичгүүдэд залуучуудын сонирхол, эрх ашгийг тусгах, тэдний хүсэл, нас биений онцлогт тохирч, нийцсэн улс төр, сурталчилгааны ажлыг зохион байгуулахын төлөө хичээн зүтгэж байлаа.
Жигүүрийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд МАХН-ын XXI Их хурлаас баталсан МАН-ын Дүрэмд “Намын байгууллага ба залуучууд” гэсэн тусгай 3-р зүйлийг нэмж оруулсан юм. Энэ зүйлд “намын залуу гишүүд хүсэл, сонирхолоороо нэгдэж зохион байгуулалтын янз бүрийн хэлбэрээр ажиллаж болно” гэсэн заалт оруулсан нь залуучуудыг намд татах, тэдний дунд зохион байгуулах улс төр, үзэл суртлын ажлыг харьцангуй нээлттэй, нас биенд нь зохицсон байдлаар явуулах боломжийг нээж өгсөн.
Залуучуудыг намд татах ажлын эхлэл болгож, Улаанбаатар хотын хэмжээнд намын залуу гишүүд, дэмжигч залуучуудын төлөөллийг цуглуулах үүргийг Удирдах зөвлөлийн улс төрийн залуу ажилтан У.Хүрэлсүх, П.Дэлгэрнаран нартаа үүрэг болгов. Тэгээд 1994 оны 3-р сард эхний ээлжинд таниж мэдэх залуучуудыг цуглуулсны дотор Хотын Захиргааны хэлтсийн дарга М.Энхболд, Их эмч Т.Гантөмөр, Нийслэлийн намын Хорооны дэд дарга С.Энхбаатар, улс төрийн ажилтан Ц.Батбаяр, 52-р сургуулийн хичээлийн эрхлэгч Д.Энхбат, багш эмэгтэй О.Цэнд нарын арав гаруйхан тооны залуучууд цуглав. Энэ цугларалтаас намын Залуу гишүүд, дэмжигчдийн улсын Анхдугаар Чуулганыг 1994 оны 6-р сард зохион байгуулах санал санаачлага гаргаж, түүнийгээ Удирдах Зөвлөлийн хурлаар зөвшөөрүүлэн Тогтоол гаргуулсан.
Ингээд 1994 оны 6-р сарын 8-10-ны өдрүүдэд намын Залуу гишүүд, дэмжигчдийн улсын Анхдугаар Чуулганыг Улаанбаатар хотноо Намын Төв байранд зохион байгуулахад аймаг, хотуудын төлөөлөл 170 залуу оролцож байж билээ.
Энэ чуулганд миний бие “МАХН ба залуучууд: Одоо, ирээдүй” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Уг илтгэлдээ МАХН-ын гишүүдийн эгнээг залуучуудаар өргөжүүлэх, намын дэмжигчдийн хүрээг залуучуудаар нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий намын залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөл, Товчоог улс, аймаг, нийслэлийн хэмжээнд байгуулан ажиллуулж, нийт намын залуу гишүүд, дэмжигчдийг удирдан зохион байгуулах хэлбэрийг бий болгох асуудлыг Удирдах Зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх саналыг дэвшүүлэн улмаар Чуулганы гишүүдийн дэмжлэгийг авсан юм.
Чуулганы дараа төлөөлөгч залуучуудын хүсэлтийн дагуу Намын Удирдах Зөвлөл тусгайлан Тогтоол гаргаж, “Залуу гишүүд, дэмжигчдийн Зөвлөл”-ийг албан ёсоор байгуулж, даргаар Намын Нарийн бичгийн дарга Б.Энхмандах намайг, Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар Улс төрийн ажилтан У.Хүрэлсүхийг томилж байлаа.
Түүнээс хойш намаас залуучуудтай ажиллах арга барилд өөрчлөлт орж, бүх аймаг, дүүрэгт намын залуу гишүүд, дэмжигчдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, аймаг, нийслэлийн намын хороодын дэргэд “Залуу гишүүд, дэмжигчдийн Товчоо” байгуулагдаж, 1995 онд намын залуу гишүүд, дэмжигчдийн Бүсийн Чуулга уулзалтууд 4 аймагт болж, улмаар “Залуу гишүүд, дэмжигчдийн улсын II Чуулган”-ыг 1996 онд зохион байгуулсан. Үүнд бүх аймаг, нийслэлийг төлөөлсөн 450 гаруй залуучууд оролцсон байдаг.
Эдгээр нь МАХН-ын хувьд “залуу гишүүд, дэмжигчид гэдэг бол намын бүтэц, зохион байгуулалтын доторхи бүтцийн салшгүй нэг хэсэг, улс төрийн үйл ажиллагааны цөм” болон хувирах их өөрчлөлтийн эхлэл байсан гэж би хувьдаа боддог. Үүнийг тодорхой тоо баримтаас ч харж болно. “Үнэн” сонины 1996 оны 6-р сарын 17-ны №70 (18521) дугаарт нийтлэгдсэн ганцхан тоо баримтаас харж болох юм. 1993 онд намд жилдээ 280 гишүүн элсэж байсан бол 1996 оны эхний улиралд 1800 гаруй залуучууд МАХН-д элсэж, нийт гишүүдийн дөрөвний нэг нь 35 хүртэлх насны залуучууд болсон гэж энд нийтлэсэн байдаг.
Анх намын залуучууд чуулснаас хойш өнөөг хүртэлх 27 жилийн түүхэндээ МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага маань цаг үеэ даган үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болж, У.Хүрэлсүх захиралтай “Залуучууд-Хөгжил Төв”, У.Уламбаяр, У.Хүрэлсүх тэргүүнтэй “Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо” /МАСЗХ/, улмаар өнөө цагт “Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын Холбоо” /НАМЗХ/ гэх мэтээр нэр, бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн шинэчилж, хөгжин дэвжсээр ирлээ.
1994 оны 6-р сард болсон намын Залуу гишүүд, дэмжигчдийн улсын Анхдугаар Чуулган нь зөвхөн намын дэргэдэх залуучуудын байгууллага төдийгүй, түүний дэргэдэх эмэгтэйчүүд, оюутны байгууллагуудын үүсэл, хөгжлийн гараа нь болж өгсөн гэдгийг тэмдэглэх нь шударга ёсонд нийцнэ.
Анхдугаар Чуулга уулзалтын үеэр уулзаж, танилцсан намын эмэгтэй гишүүд түүхч эрдэмтэн Д.Алтайн санаачлага, удирдлага дор 1994 оны 11 дүгээр сарын 3-4-нд дахин чуулсан юм. Ингэхэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас цугласан 100 гаруй эмэгтэй оролцож, “Эмэгтэйчүүд - Хөгжил” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Энэ байгууллага цаашилбал Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо /МАСЭХ/, өнөөгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны эх үүсэл болсон. Эдгээрийг Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын шилдэг бүсгүйчүүд удирдаж иржээ. НАМЭХ нь дотооддоо төдийгүй гадаадад олон түнштэй болж, Социалист интернационал эмэгтэйчүүд байгууллагын бүрэн эрх гишүүн болсон. Өнөөдөр НАМЭХ-ны төлөөлж, манай нэртэй “банкир”, эдийн засагч Д.Энхжаргал Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь бахархууштай.
Харин оюутан залуучуудын хувьд гэвэл МУИС, ШУТИС, АУИС-ийн оюутан Н.Номун-Эрдэнэ, С.Наранбаатар, Ө.Даваадорж, И.Жанболат, Ж.Лувсанчүлтэм, Х.Агваанлувсан, Д.Цэрэнханд нарын 20 гаруй оюутнууд 1994 оны сүүлчээр МАХН-ын нарийн бичгийн дарга асан надтай уулзаж, анхны уулзалтаараа намыг дэмжигч оюутнуудын “Тэмүүлэл“ бүлгэм байгуулж, улмаар үйл ажиллагаагаа тогтмолжуулж чадсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны сонгууль, УИХ-ын 1996 оны сонгуулиудад МАХН-д ихээхэн тус дэмжлэг болж байлаа.
Энэхүү бүлгэм цаашид Монголын Ардчилсан социалист оюутны Холбоо /МАСОХ/, өнөөгийн Нийгмийн ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/ болж, Монголын оюутан залуучуудын нөлөө бүхий төрийн бус байгууллагын хувьд боловсрон хөгжсөөр байна.
Ийнхүү улс төрийн ууган нам болон залуучуудын холбоог бий болгох, бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажил маань ардчилал, зах зээлийн нийгэмд оршин тогтнож ирсэн МАН-ын шинэчлэлтийн нэгэн түүх болон үлдсэн дээ.
Хоёр. МАН ба үзэл номлол
МАХН-ын төлөвшил, хөгжилд Нарийн бичгийн даргын хувиар миний оруулсан өчүүхэн хувь нэмрийн нэг бол онол, үзэл суртал, сэтгэлгээний эрэл хайгуулд гар бие, сэтгэлээрээ оролцсон байсан үйл явц гэж хэлж болно.
Миний бие 1993-1996 оны хооронд Монголын философи сэтгэлгээний том төлөөлөгч болох МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонгийн шууд удирдлага дор ажилласнаа тун азтай хэрэг гэж боддог.
Тухайн үед Б.Даш-Ёндон даргын дэвшүүлсэн үзэл баримтлалын шинэчлэлтийн гол агуулга нь 1921 оны Ардын хувьсгалыг мандуулахад МАН-ын баримталсан Үндсэний ардчилсан үзэл санааг Төв ёсны үзлийн үүднээс тайлбарлан, намын үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн явдал байсан.
Эрх баригч намыг марксизм-ленинизмийн ангич, намч зарчим, байр сууриасаа татгалзахад хүргэж, үндэсний эрх ашгийг түүнээс дээгүүр тавьсан нь Монголын нийгмийн ардчилсан өөрчлөлтийг тэмцэл, хүчирхийлэлийн аргаар бус, тайван замаар өрнүүлэх улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлж өгсөнд МАХН-ын үзэл баримтлалын энэ шатны шинэчлэлтийн түүхэн гавьяа оршдог.
Тэр цаг үед “Төв ёсны үзэл” хэмээн томьёолсон энэхүү номлолыг хаа байсан Энэтхэгээс гаралтай Нагаржунайн сургаал гэж намын гаднаас ч, дотроосоо ч ихээхэн шүүмжилдэг байлаа. Буддын шашны гүн ухаан, Нагаржунайн онол бол хорвоо ертөнцийг жам ёсыг ажиглаж судалж байж гаргасан хүн төрөлхтний сонгодог бүтээлийн нэг яах аргагүй мөн.
Гэхдээ Б.Даш-Ёндон гэдэг сэтгэгчийн “Төв ёсны үзэл” баримтлал боловсорч гарч ирсэн нь 1990-иэд оны монголын улстөрийн нөхцөл байдал нэн ээдрээ, түвэгтэй болж эхэлсэнтэй шууд холбоотой.
Шинэ тутам үүсч, гарч ирсэн улс төрийн залуу хүчнүүдийг дарж авах гэсэн хатуу байр суурьтай хэсэг эрх баригч МАХН-ын дотор байсаар байлаа. Нөгөө талаас шинэ залуу намууд ч “МАХН-ыг устгана, сөнөөнө” гээд гал дээр тос нэмж, давшилдаг байсан цаг үе л дээ.
Б.Даш-Ёндон дарга “хоёр туйлт энэ нөхцөлд аль аль талыг туйлшралд хүргэж үл болно.” гэсэн оюун дүгнэлтэд хүрч, бид хоёр туйлшралын дундуур бие биенээ ойлгох учиртай хэмээн эргэцүүлж “Төв ёсны үзэл”-ээ гаргаж тавьсан хэрэг.
Тэрээр нэн ээдрээ түвэгтэй нөхцөлд улс төрийн ууган намын үзэл баримтлалыг шинэчилж, онолын сэтгэлгээг хөгжүүлж чадснаараа учирч болох хүчирхийлэлийн эрсдэлээс монголын нийгмийг сэргийлж чадсан. “Төв ёсны үзэл”-ийн дагуу арга, билгийн тогтолцоогоор үндэсний үзэл болон ардчилсан үзэл хоорондын улс төрийн шүтэн барилдлагааг хангаж, тэгснээрээ нийгмийн нэгдлийг хангаж чадсан юм.
Ерээд оны Монголын улс төрийн амьдралын хатуу, ширүүн сорилтыг ухаалгаар давж, үндэсний эв нэгдлийг хангаж чадсан Төв ёсны үзлийг номлон, олон намын тогтолцоог шүтэн барилдуулж, нийгмийн хөгжлийн философийн асуудлыг дэвшүүлэн тавьж байснаараа Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон МАН-ын шинэчлэл, хөгжилд өөрийн тод мөрийг үлдээсэн улс төрийн зүтгэлтэн яах аргагүй мөн.
Монголын улс төр, нийгмийн онолын сэтгэлгээний нэрт төлөөлөгч Б.Даш-Ёндонгийн удирдлага дор ажиллаж, шүүмжлэл, дайралтуудыг сөрөн “Төв ёсны үзэл”-ийг сурталчилж, намын гишүүд төдийгүй, нийт иргэд, сонгогчидад ухуулан таниулах ажлыг гардан хэрэгжүүлж байснаараа би хэзээ ч ичдэггүй, харин ч бахархаж явдаг.
Нийгмийн үнэт зүйлс алдагдаж, эдийн засаг, нийгэм, улс төрийн хагарал, зөрчил хурцдаж, сошиал мэдээллийн эрх замбраагүй ертөнцөд хүмүүс төөрөлдөж байгаа энэ цаг үед сэтгэлгээгээ эмхлэн цэгцэлж, үндэсний ухамсар, үнэт зүйлийг сэргээж, монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөж, итгэл үнэмшлийг бий болгож, төлөвшүүлэхэд “Төв ёсны үзэл”-ийн ач холбогдол өндөр хэвээрээ байгааг одоо цагийн бид бүхэн анхаарах учиртай.
Нийгэм хараал зүхэл, гүтгэлэг доромжлол, өс хонзон, үзэн ядалт, хов жив, хуурмаг явдал, сувдаг шунахайн сэтгэхүйгээр дүүрсэн өнөөгийн ээдрээт нөхцөлд ч, цаашдаа ч “нийгмийн үзэгдэлд ангич зарчмаар хандах” боломжгүй. Хүмүүсийн хооронд эд хөрөнгө, ахуй, амьдралын зааг, ялгаа гарч байгааг, улс төрийн намууд болон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын эвлэршгүй зөрчил, ухаангүй өрсөлдөөн, заримдаа илт дайсагналыг “хүчирхийлэл, зэвсэгт тэмцлийн аргаар” шийдвэрлэх ёсгүй, эв нэгдлийг ардчилсан арга шийдвэрлэхийг бид эрж хайх учиртай.
Түүхэнд үеэ өнгөрөөсөн мэт сонсогдох хэдий ч нэгдлийн гүн ухаан болох “Төв ёсны үзэл” нийгмийн зөрчлийг арилгах, монголчуудын эв нэгдлийг хангахад тус дэм болох учиртайсан.
ОББЭЭ, Доктор (Ph.D.) Балдангийн ЭНХМАНДАХ
2021 оны 2 дугаар сарын 16
Би
Baasamkhuu
DR ADITYA
DR ADITYA
Batdorj
Зочин
Зочин
До
МАН- ахмад ажилтан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sarnai
Сайнбодхүү
Зочин
Гантөмөр
Төмрөө
Төмрөө
Зочин
Зочин
Зочин
Зураач Лондон
Зочин
Зочин