УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Өмнө бичсэнчлэн том 26 буюу томсгосон мажоритари тогтолцоог МАН сонгоод байгаа. Өчигдөр МАН-ын бүлэг болон хуулийн төслийн ажлын хэсгийнхэн нэлээд орой болтол сууж, олонхи нь санал нэгдсэн юм байна. Том 26 буюу томсгосон мажоритари тогтолцоог Монгол Улс өмнө нь 2008 оны сонгуулиар нэг удаа туршаад үзчихсэн учраас сайн, мууг нь мэднэ. Тэгэхээр нэгэнтээ явчихсан асуудлын араас хөөцөлдөх биш, харин угтаж ярих ёстой бас нэг асуудал байна.

Одоогийн жижиг 76-г бодвол аймаг дотроо тойрогт хуваагдахгүй, аймаг бүхэлдээ нэг тойрог болж байгаа учраас нэр дэвшигчид өмнөхөөсөө даруй 2-3 дахин олон хүний саналаар УИХ-д сонгогдоно. Энэ утгаараа нэр дэвшигчид тавигдах шалгуур арай жаахан өндөрсөх юм даа. Мөн сонгогчийн тоо олон учраас жижиг 76-гаа бодвол мөнгөний нөлөөлөл багатай гэж үздэг. Нэг тойрог дээр олон нэр дэвшигч гарахаар жижиг намуудын хувьд “шаансгүй”, гурав дахь хүчин, жижиг намуудыг шахах гэсэн бодлого гэж шүүмжлэх хүмүүс байгаа ч энэ бол нэгдүгээр асуудал биш.

Хамгийн гол нь тойрог хуваах асуудал. Мажоритари тогтолцооны үед тогтолцооноосоо илүү түүнийг хуваарилж байгаа байдал нь асуудал дагуулдаг. Тойргийг газар нутагт түшиглэж байгуулах уу, хүн амд нь түшиглэж байгуулах уу? гэдэг асуудал.

Өнгөрсөн хорь гаруй жил, долоон удаагийн сонгуулиар бид дан ганц газар нутагт түшиглэж сонгуулийн тойргоо байгуулж ирсэн. Нэг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэдэн сумдаар явж, хэдэн хүнтэй уулзаж чадах вэ? гэж тооцоолоод, СЕХ түүнийг нь тооны машинд хийж үзээд нэг аймгийг 2-4 хувааж сонгууль явуулдаг байв. Орон нутагт шүү дээ.

Үр дүнд нь нийслэлд 6 тойрог, орон нутагт 20 тойрог оногдож байв, 2008 оны сонгуулиар. Харин мандатын тоо нийслэлд 14, орон нутагт 62 байж. Гэтэл нийт сонгогчдын 50 хувь нь нийслэлд амьдардаг. Хүн амаа дагаад асуудал бэрхшээл ч нийслэлд хамгийн их. Гэтэл тэднийг төлөөлж байгаа төлөөлөгч нь 14-хөн.

Үүнээс болоод “Яагаад миний өгсөн санал хөдөөгийн нэг сонгогчийн өгсөн саналаас 2 дахин бага жин дарж байгаа юм бэ” гэдэг асуудал гардаг. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг 2008 оны сонгуулиар 180 мянган сонгогчтой, 3 мандаттай байхад, Төв аймаг 60 мянган сонгогчтой хоёр мандаттай  байх жишээтэй. Баянзүрх дүүрэг мөн 200 мянган сонгогчтой, мөн 3 мандаттай байв. Үүнээс болоод парламент дээр төсөв хэлэлцэхэд нийслэлчүүд байнга орхигддог байв. Сая хүнтэй нийслэлийнхээ цэвэрлэх байгууламжийг 10 жил шийдээгүй явж байхад орон нутагт 500 хүнтэй сум суурин луу эрчим хүчний шугам татаж, засмал зам тавьдаг. Үүнийг орон нутгаас сонгогдсон 62 гишүүн олны хүчээр шийддэг гэсэн үг. Үүнийг л төсвийн үрэлгэн байдал гээд байгаа юм.

Гэтэл хэрвээ хүн амд нь түшиглэж сонгуулийн тойргийг байгуулна гэвэл нэг талаасаа шударга мэт харагдах авч дахиад нөгөө төсвийн асуудал дээр бэрхшээл үүсдэг. Парламентын талаас илүү нь нийслэлээс сонгогдсон /Улаанбаатар хот сая сонгогчтой/ тохиолдолд нөгөө орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлыг хэн ярих вэ? Тиймээс энэ хоёрын алтан дунджийг барьж тойргийг байгуулах нь үе үеийн парламентын шаардлага байсан. Нийслэлийн нэг сонгогчийн санал орон нутгийн нэг сонгогчийн саналаас 2 дахин бага биш, ядаж 1,5 дахин бага жин дардаг байя гэж. Нийслэлийн мандатын тоог нь ядаж 50 хувиар нэмэгдүүлээд 20-22 орчим болгоё гэсэн үг л дээ.

2008 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуулийг батлахдаа ч мөн энэ асуудлыг тавиад АН /цөөнх байхда/ тавиад, МАН олонхи байсан учраас хүлээж аваагүй. МАН-ын хувьд хамгийн найдвартай сонгогдох хөрс нь орон нутаг байдаг учраас орон нутгийн мандатын тоог аль болох олон байлгахын төлөө явдаг. Харин АН-ын хувьд нийслэлд илүү “шанстай” гэж хардаг боловч мандатынхаа тоог нэмж чаддаггүй. Эхнээсээ орон нутгийн мандат олон, орон нутгаас сонгогдсон гишүүд нь парламент дотор олонхи учраас хэн ч мандатын тоогоо бууруулахыг хүсдэггүй.    

Тэгэхээр өнөөдрийн хувьд Сонгуулийн хууль, тогтолцооны талаар ийм, тийм гэж ярих нь угаасаа оройтсон асуудал. МАН шийдвэрээ нэгэнт гаргасан. Харин түүний дараа тойрог хуваах асуудал дээр улс төрийн намууд, сөрөг хүчнүүдийн анхаарал, оролцоо илүү хэрэгтэй байж магадгүй. Одоогийн нөхцөлд МАН-тай өрсөлдөх үлдсэн ганц арга нь энэ байж мэднэ.

2019.12.19

inews.mn