Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.
-Саяхан болж өнгөрсөн Мон­гол туургатны бөхийн наадмаас ярилцлагаа эхлэх үү. 400 жи­лийн дараа болж байгаа гэдэг ут­гандаа дүйх том наадам болж чадсан уу?
-Ийм наадам хоёр, гурван  жи­лийн өмнө болж байсан. Өвөрмон­гол, Буриад, Якут, Тувагаас бөх­чүүд ирж байлаа. Саяын барил­даан бөхчүү­дийн  байнд өгсөн  мөнгөнийхөө хэм­жээгээр л өөр байсан. Харин 400 жи­лийн дараа анх удаа гэдгийг би сайн ойлгоо­гүй. Тийм судалгаа байгаа юм уу, мэдэхгүй. Шуугиан тарьж, сен­саац­лах орчин үеийн  бизнесийн арга ч хэрэглэсэн байж магадгүй юм.
-Магадгүй  гэж, Бөхийн хол­боо зохион байгуулахад орол­цоо­гүй юм уу?
-Оролцоогүй. Уг нь хоёр залуу ирсэн. Ийм барилдаан зохион бай­­гуулна гэж. Тэр хоёр эхлээд Монголд урьд өмнө хамгийн өндөр байтай ямар барилдаан болсныг сонирхсон.  “Моннис” групп машин өгч байсныг хэлэхэд, тэгвэл тэр­нээс өндөр, бэ­лэн мөнгө өгсөн ба­рилдаан хийнэ ээ. “Хөх сүлд” гэж группээс зохион бай­гуулна гэсэн. “Хөх сүлд” группийг нь судлаад үзэхэд БНХАУ-ын  иргэн Жу­рамт гэж хүний эзэмшлийн, Сүх­баатар аймагт Соронзон толгой гэдэг га­зарт ашигт малтмалын лицензтэй,  Монголын 400 гаруй оюутны сур­гал­­тын төлбөр төл­сөн, монгол­чууд­тай нийлж кино хийсэн групп байсан. Бай шагналын 50 сая төгрөгийг Журамт гэж хүн өөрөө гаргана гэж танил­цуулсан. Бид энэ тухай  холбооны Тэргүүлэгчдийн хур­лаар ярьж, хамтарч зохион бай­гуулахаар ший­дээд нэлээд бо­ловсруулалт хийж өгсөн. Эхний өдөр Монголын 256 бөх барилдуу­лах, га­даадын 64 бөхөө хооронд нь барил­дуулах, дараагийн өдөр гадаадын 48, Монголын 16, нийт 64 бөхийг амлуулж  барилдуулах боловсруулалт хийсэн. Гэтэл нэг өдөр гүйцэтгэх захирал нь гэж за­луу над руу утасдаж “Бид Бөхийн өргөөнд биш, Циркт хийхээр бол­лоо” гэсэн. Тэгээд л Бөхийн хол­боо­ны оролцоо дууссан. Бидний хийж өгсөн загвар, процедураар ба­рилдаан болсон л доо. Гэхдээ оролцоогүйдээ бид нэг их харам­сахгүй байгаа.

Яагаад?

-Нэгдүгээрт, бид уг барилдаа­ны учрыг  сайн олоогүй. Хоёрду­гаарт, та нар үнэхээр Монгол бө­хийг хөгжүү­лье гэж барилдаан хийж байгаа  бол 50 сая төгрө­гийнхөө тодорхой хэсгийг бөхийн хөгжлийн үндсэн хэсэгт зар­цуу­лаач гэсэн бидний санал цаад талд таалагдаагүй юм шиг байна лээ.

-Та нар Бөхийн өргөөний тү­рээс гэж өндөр төлбөр нэхсэн юм биш үү?

-Түрээс нэхээгүй. Тасалбарын орло­гоо хуваана гэсэн юм билээ. Ма­найх тасалбарын орлогоо хуваа­даггүй. Яа­гаад гэвэл Бөхийн холбоо бол Монгол бөхийн барилдааныг зохион бай­гуулах монополь эрхтэй байгууллага. Манай дүрэмд байдаг юм. Бөхийн барилдааныг хэн нэгэн хувь хүн, хэсэг бүлэг хүний эрх ашигт үйлчлүүлэхгүй гэж. Зөвхөн бөхөд нь зориулдаг.  Барилдааны орлогыг бай шагнал, цолны хишиг, Бөхийн өргөө­ний засвар үйлчилгээ зэргээр Мон­гол бөхийн хөгжилд л зориулдаг. Тэндээс хэн нэгэн хувь хүн ашиг  хүртдэггүй. Үүнийг л сайн ойлгоогүй юм билээ.

-Уг нь иймэрхүү өндөр байтай барилдаан зохион байгуулах нь олон түмний сонирхлыг татах, бөхчүүдийнхээ санхүүг бодсон ч сайн талтай биз дээ?

 -Сайн л даа. Гэхдээ гурав дөрвөн жилд нэг удаа болдог тавь жаран сая төгрөгийн байтай барилдаанаар Монгол бөхийн тасралтгүй хөгжлийг тодорхойлохгүй.  Тэр бүр цаад бод­логыг ойлгохгүй гүйж очоод байж ч таарахгүй. Энэ бол манай холбооны бодлогын байр суурь. Ер нь  өндөр бай шагналтай барилдаан бол мэр­гэжлийн талдаа байх учиртай. Мэр­гэжлийн гэдэг чинь хуулийн үг.  Нэг талаас өөрийн ур чадвараа эдийн засгийн утгаар үнэлэх сонирхолтой тамирчин, нөгөө талаас уг тамирчны ур чадвараар мөнгө олох сонирхолтой эзэн хоёрын хооронд байгуулсан хатуу гэрээний үндсэн дээр явдаг спор­тыг мэргэжлийнх гэдэг. Мэргэж­лийн бөхтэй болохыг би огт эсэр­гүүцдэггүй. 

Мэргэжлийн спорт бол тухайн төр­­лийнхөө оройд байгаа, өндөр ур чадвартай цөөн тооны тамирчдын дунд  явдаг тэмцээн. Жишээ нь сүмо байна. Япон 120 сая хүн амтай. Бараг бүх эрчүүд нь сүмогоор барилддаг. Хүүхдийн, идэрчүүдийн, оюутны, за­луучуудын, сонирхогчдын сүмогийн тэмцээн гэж болдог. Ийм олон сая сүмочдын оройд, мэргэжлийн сүмод 800 гаруй бөх бий. Тэдэн дундаасаа жүрёогоос дээш зиндааны 70-80 бөх л цалинтай. Гэтэл манайхан мэргэж­лийн гэдэг үгийг хуульзүйн утгаар нь ойлгохгүй, долдугаар сарын 11, 12-нд улсын наадамд барилддаг  нийт 32 мянган бөхөө бүгдийг нь мэр­гэжлийнх гэж нэрлэж алдаа гаргаад байгаа юм.

-Мэргэжлийн, сонирхогчдын аль ч төрлийн бөхөд өндөр бай шагнал хэрэгтэй шүү дээ?

-Хэрэгтэй байлгүй  яах вэ. Уг нь бөх гэдэг мөнгөөр хэмжигдэхгүй хө­рөнгө оруулалт л даа. Гэхдээ өөртөө хамгийн ойр, хүү дээрээ харж байхад л  мөнгө хэрэгтэйг бүр илүү мэдэр­сэн. Миний хүү Ганбаатар ноднин гарьд болоод “Туушин” компани, найз нөхөд, нутгийн зөвлөлөөс  өгсөн мөнгөөрөө хотын ойролцоо өвөл зуны алинд ч  суучих аятайхан байшин бариулчихсан.

Нэг ухаантай хүний үг байдаг юм. Бөх бол мянган хүний бах, нэг хүний хохь гэж. Мянган хүн үзээд л, бахдаад л байдаг. Тэгсэн хэрнээ мян­га мянган цаас аваад өгөхгүй. Нэг хү­ний хохь гэдэг нь одоо эрүүл бөх тун ховор. Нервийн хувьд ямар хэцүү  гэж бодно, чи. Жишээ нь, аваргууд айм­гийн арсланд уначихаад зүгээр гараад явж чадахгүй шүү дээ. Уна­сан­даа өөрийгөө буруутгахаас илүү ард түмэн намайг юу гэж байгаа бол, цолныхоо хэмжээнд барилдаж чадал­гүй үзэгчдийнхээ итгэлийг  алдчих­лаа, яадаг бол гэж байнга бодно. Бие болоод оюун санаа, сэтгэлзүйн ийм ачаалал ихтэй явдаг бөхөд бай шаг­нал хэрэггүй, чи зүгээр л барилдаад үзэгчдийг бахдуулаад яв гэж болох­гүй. 

-Ойрмогхон  ийм өндөр байтай барилдаан болох уу?

-Байхгүй. Би тийм их мөнгө олж ча­дахгүй. Барилдаан бүгд алдагдал­тай явдаг.  Сая болсон арслангуудын нэрэмжит барилдааны зардлыг жи­шээ болгож  хэлье.  10 сая төгрөгийн зардалтай барилдаан болсон. Дөрвөн сая төгрөг байнд, арслангуудын шаг­нал гэж  хүн тус бүрт 100.000, нийт хоёр сая төгрөг өгсөн.  Дээр нь теле­визийн сурталчилгаа, телевизээр шууд дамжуулах төлбөр, хүлээн авалт гээд 10 сая төгрөг болж байгаа юм.   590 билет борлуулсан. Билетийн орлогоос гурван сая төгрөг л олсон.  Үлдэгдэл долоон сая төгрөгөө яаж нө­хөж байна гэхээр “Хаан” банкаар  та­ван сая төгрөг гаргуулж байгаа юм. Тэд өөрсдөө гүйж ирээд гаргахгүй шүү дээ. Бид уйгагүй гуйна, албан бичиг өгнө, сурталчилгаа явуулж байж ивээн тэтгүүлнэ.Тэгээд ТВ-9-тэй бай­­гуулсан гэрээний үндсэн дээр шууд дамжуулах төлбөрөө бартераар хийж нөхөж байх жишээтэй. Хэрвээ бид нэг, хоёр жилд  ганц удаа барил­даан зохион байгуулъя гэвэл арван бан­кинд зэрэг хандаад зуун сая төгрөг ч олж болно. Гэтэл бид сард тогтмол гур­ван барилдаан хийж байна. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нэг, улс, аймгийн  цолтой бөхчүүдийн хоёр, нийт гурван удаагийн барилдаантай тохиолдолд тавин сая төгрөг гаргаж байлаад байх чадал боломж тэр болгон алга.

-Нийгмийн өнөөгийн төвшин, эдийн засгийн чадавхитай  хол­боотой  байж болох л юм. Тэгэхдээ л Монгол бөх өөрөө өрсөлдөөн­гүй, сонирхолгүй болсон нь үзэгч­гүй болгож байгаа юм биш үү?

-Бөх үзэгчгүй болчихсон юм биш шүү. Би ийм үгэнд дургүй. Монголын хүн амын 90 гаруй хувь нь бөхөө үзэж байгаа. Зурагтаар үзэж байгаа хүмүүсийг бөх сонирхдоггүй гэж бо­лохгүй. Социализмын үетэй харь­цуулбал бүр ч олон хүн бөхөө үзэж сонирхож байгаа. Тэр үед хэзээ зу­рагтаар бөх  гарч байсан юм. Би хүү­хэд байхдаа Говь-Алтай аймгийн Чанд­мань суманд продуктор чихэн­дээ наагаад л сонсохтой, үгүйтээ дуулснаа бусдадаа хэлж өгөөд л явж байсан. Би Улаанбаатарт 18 настай орж ирээд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гэж хоёр хүнийг нүдээрээ харж, Д.Цэ­рэнтогтох гэж начин Ч.Бээжин авар­гыг давахыг биеэрээ үзсэн нь тэр үеийн миний шинэ ертөнц байлаа.  Гэтэл өнөөдөр зурагтаар байнга үз­чихээд  хотод ирж байгаа өнөөгийн залууст тэр үеийн миний дайны сэт­гэгдэл төрөхгүй шүү дээ. Тэгэхээр бөх үзэхээ больсон гэдэгтэй би санал нийлдэггүй.

-Бас аварга, арслангууд наа­дам, Цагаан сараас өөр барил­даанд ирж барилддаггүй, том цолт­нуудын дунд дээр үеийн зургаан зааных шиг өрсөлдөөн бай­даггүй   зэрэг нь үзэгчдийн тоог цөөрүүлж байна. Аварга, арслан­гуудыг  барилдуулах талаар хол­бооноос ямар нэгэн эдийн засгийн  хөшүүрэг хэрэглэдэггүй юм уу?

-Үзэгчдийн тоо барилдаж байгаа бөхчүүдийн бүтцээс хамаарна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс арга­гүй.  Ялангуяа тэдний хоорондын өр­сөлдөөнийг илүүтэй сонирхдог. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр бөхийн масс, бөхийн  сонирхолтой төвшин нь дээд цолтнуудын дунд биш, шинэ залуу бөхчүүдийн дунд ороод ирчихсэн. Хуучин бол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, эсвэл зур­гаан залуу заан хоорондоо барил­дах нь илүү сонирхолтой байсан. Өнөөдөр тэр хэсэгт биш, аймаг, цэр­гийн арслан цолтой бөхчүүдийн ба­рил­даанд жинхэнэ Монгол бөхийн өрсөлдөөн, урлаг төвлөрчихсөн. Чи одоо бод, Санжаадамба, Бямбажав, Жаргалсайхан, Содномдорж, Отгон­баатар, Бат-Орших, Чулуунбат зэрэг олон сайхан залуучуудын  хэн нь ул­сын цолд хүрэх бол гэдэг их сонир­холтой болчихсон. Эд нар бүгдээрээ улсын цол аваад ирэхийн цагт өнөөх Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяа­базар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Б.Ганбат  нарын зургаан зааны түүх давтагдана. Ер нь монголчуудын олонхид том цолтой бөхчүүдийн ба­рилдаан сонирхолтой, бага цолтой бөхчүүдийнх сонирхол багатай гэсэн  сэтгэхүй байдаг шиг байна. Энэ ойл­голтоосоо салмаар байгаа юм.  Том цолтой нь ч, бага цолтой нь ч адилхан л Монгол бөхөөр барилдаж байгаа. Гол ньМонгол бөхийн гайхамшгийг үзүүлсэн урлаг хаана гарч байна, тэнд л сонирхол өрсөлдөөн явж байх ёстой юм. Зургаан зааны үе гэдэг бол цаг хугацааны л үзэгдэл. Түүнээс бус, Монгол бөхийн мөн чанар биш. Цаг үеэрээ л төрнө.

Аварга арслангуудаа барилдуу­лах талаар хөшүүрэг хэрэглэдэг л дээ. Жишээ нь, улсын аваргад 100 мянга, арсланд 70 мянга, гарьдад 50 мянган төгрөгийн нэмэгдэл өгдөг. Тэд ирээд хэдийн даваанд унах нь огт хамаагүй, бай мөрийнөөс нь гадна санхүүгийнхээ боломжийн хэмжээ­гээр нэмэгдэл өгдөг. Энэ нь агуул­гаараа эдийн засгийн хөшүүрэг мөн боловч, өнөөдрийн мөнгөтэй хүнд ирж барилдах хэмжээний хөшүүрэг болж чадахгүй л байна л даа.  

-Таныхаар өнөөдрийн бөхийн хөг­жил, урлагийг том цолтнууд бус, аймаг цэргийн арслангууд то­дорхойлж яваа юм байна, тийм үү?

-Ер нь бол Монгол бөхийн хөгжил маш өндөр хэмжээнд очсон. Энийг ганцхан Нямдорж хэлээд байгаа юм биш. Жишээ нь, олимпийн медальт, гавь­яат Ц.Дамдин “өнөөдөр Монгол бөхөөр барилдаж байгаа бөхчүүд бөхийн бусад төрлийн мэдрэмжийг бүгдийг давхар эзэмшсэн байна. Өм­нө нь ийм байгаагүй юм аа” гэж хэл­сэн байсан. Хөгжил гэвэл улсын цолт­нууд барилдсан, өндөр байтай барил­даанд хэзээ аймгийн арслан цолтой хүн түрүүлж байсийм. Хэзээ улсын наа­дамд Далай аваргыг айм­гийн цол­той бөх хаячихаж байсан юм. Тэгэ­хээр бөх нь хөгжөөд байдаг, ха­рин үзэгчдийн сэтгэлгээ хоцрогдоод бай­гаа байхгүй юу. Өндөр цолтой бөх­чүү­дийн л барилдаан сонирхолтой гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ бү­рэн салж чадахгүй байна. 

-Сая болсон 20 сая төгрөгийн байтай барилдаанд аймгийн арс­лан Санжаадамба түрүүлсэн нь бөх сонирхогчдын хуучин сэтгэ­хүйг өөрчлөхөд ямар нэгэн хэм­жээгээр хувь нэмэр оруулсан байх аа?

-Монгол бөх хөгжиж байгаагийн нэг илрэл энэ шүү дээ. Өмнө нь бол жар хүрчихээд л дэвээд гардаг бай­лаа. Одоо бол 35 нас хүртлээ л ам­жилттай  барилдана. Тэрнээс цааш чадахгүй. Амьдрал дээр харагдлаа, А.Сүхбат зодог тайллаа, Ц.Цэрэнпун­цаг, Б.Гантогтох болилоо, ноднингийн наадмаар гэхэд хоёр залуу аварга маань хоёулаа үзүүр, түрүүнд үлдэж чадсангүй. Миний хүү ч 35 нас хүрт­лээ л амжилттай барилдана.  Хоёр за­луу аварга гэхэд  энэ жил 35, 36 хүрч байна. Тэдний хувьд бөхийн ка­рь­ерын оргил үеэсээ бууж явна. Одоо эд нараас биш, доор барилдаж байгаа шинэ залуучуудаас гоё ба­рилдаан гарна. Тэднээс хэн нь улсын цолонд хүрэх бол, хэн нь улсын наа­дамд түрүүлэх бол гэж харах хэрэгтэй юм.

-Аймгийн арслангуудын ур чадвар яагаад ингэж сайжирчихав аа, эсвэл улсын цолтнууд нь ам­жилтдаа ханаад муудчихав уу?

-Бөхөд хийсэн шинэчлэлтэй хол­боотой.  Дөрвийн давааг оноолттой болгочихсон. Одоо залуу  бөхчүүдийн толгойд ганцхан бодол бий. Би дөр­вийн даваанд өндөр цолтой хэнтэй ч таарч болно, тэрийг үнэн хүчээр хаяж байж л улсын цолонд хүрнэ гэсэн.  Ийм бодлоор бэлтгэлээ хийж, ча­дав­хиа дайчлахаар  хамаагүй өндөр төв­шинд гараад ирлээ. Түүнээс бус, дөр­вийн даваанд амладаг байх үеийнх шиг би тийм хүнээр амлуулна, өгөх мөнгөө бэлдье гэдэг юм байхгүй болсон.

-Гэхдээ л үзэгчдийн тоо нэмэг­дэх­гүй байна. Бүр мэргэжлийн бө­хийн холбоо хүртэл байгуулж үзлээ?

-Бид бүх барилдаанаа зурагтаар шууд дамжуулдаг. Орон нутагт бай­гаа хүмүүс үзэг гэж. Тэгэхээр  нийс­лэлд бөх үзэгчдийн тоо цөөрчихсөн. Өнөөдөр хотынхонд таван мянган төгрөг хайран байна. Зурагтаараа үзчихсэн нь дээр гэж бодож байна. Гэтэл бөхийг зурагтаар үзэх, зааланд ирж үзэх хоёрын хооронд дэндүү ял­гаатай. Зааланд ирж үздэг хүмүүсийг бид бөх шимтэн үзэгсэд гэж нэрлэ­дэг. Тэр хүмүүс зааланд нь орж ирээд, бөхчүүдийн халуун хөлсний үнэрийг  аваад мэдрээд, олон хүний уухайн дууг сонсч, олон бөхийн дун­даас дуртай барилдаанаа сонгож үздэг. Зурагтаар бол зөвхөн теле­ви­зийн операторын авсан дүр­сийг л үзнэ. Гэтэл сүмод мөнгө өгөх­гүй ч гэ­сэн Эзэн хаан нь, Засгийн газар нь дэмждэг, ард түмэн нь 100-1000 дол­лар төлж үздэг. Энэ хоёр харьцуулалт бол нэг талаас Монгол,  нөгөө талаас Японд байгаа бодит байдал. Улс орны эдийн засгийн чадал, хүмүүүсийнх нь амьдралын төв­шин ийм байхад Мон­голд  мэр­гэжлийн спорт хөгжих бо­лоогүй. Тийм ч учраас чадвартай та­мир­чид голдуу гадагшаа гарч байна шүү дээ. 

-Сүмо шиг, Монгол бөхөд гад­нын бөх барилдуулж өрсөл­дөө­нөөр хөгжүүлье гэх хүмүүс бай­даг?

-Энд хоёр хандлага байдаг. Нэг хэсэг нь Монгол бөхийг дэлхийд гар­гах ёстой гэдэг. Сая Монгол туургат­ны бөхийн барилдааны үеэр “Монгол туургат ардуудын бөхийн нэгдсэн хол­боо” ч бил үү нэг холбоо байгуул­лаа. Нөгөө талд нь Монгол бөх зөвхөн Монголдоо байх ёстой гэж үздэг хэсэг бий. Миний үзэл бодлын дийлэнх нь энэ талдаа явдаг. Яагаад гэвэл улсын наадам гэж ганцхан Монголд л байдаг. Бөх, морь, сур гурваа оруулсан энэ  наадмаараа Монголын бүх ард түмэн баярлан цэнгэдэг. Энэ нь  Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхэт, ард түмэн нь эв нэгдэлтэй цул юм гэдгийг харуулдаг баяр. Ийм агуу баярыг  хоёр сар тутам болдог сүмо­той зүйрлэж болохгүй. Монгол төрийн наадамд гадаадын бөх барилдаж түрүүлэх нь улсынхаа тусгаар тогт­но­лоор бахархдаг, төрөө дээдэлдэг монгол хүний үндэсний бахархалд харш. Харин сард гурван удаа болдог барилдаанд гадаадын бөх ирж барилдаж, бүр түрүүлж ч болно. Энэ бол тэмцээн. Гагцхүү тусгаар тогтно­сон улс байгаагаа, төр байгаагаа тэм­дэглэж байгаа төрийн  наадамд ийм үзэгдэл байж болохгүй л гэж үздэг хүн дээ, би.   Монгол бөх бол ард түмний өмч, ард түмний бүтээл. Тийм учраас ард түмэн өмчөө, бүтээлээ   тасралт­гүй хөгжүүлж авч ирсэн уламж­лалтай. Цаашдаа ч тэгнэ.  

-Зөвхөн ард түмний инерцэд найдаад үлдээхгүй, танд танай хол­боо ч гэсэн хийх менежмент байгаа байлгүй дээ?

-Би  Их сургуулийн багш байхдаа л бөхийн шинэчлэлийн талаар бичиж, дараа нь Бөхийн холбоог байгуу­лахад оролцож, өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Би Монгол бөхийн шинэчлэлд 30 зүйл хийсэн. Одоо нэг зүйл хийхэд Монгол бөх тасралтгүй эрчимтэй, өнөөдрийнхөөс илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй хөгжинө гэдэгт ит­гэлтэй байгаа.

-Тэр юу вэ?

-Товчхон хэлье. “Нутгийн салхи” гэж том хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн дараа Монгол бөх алд­рахгүй хөгжих нөхцөл бүрэн бүрдэнэ. Зарим хүн Монгол бөхийг хоёр нүцгэн хүний ноцолдоон гэж ойлгодог. Тийм биш юм. Монгол үндэстэн алдаж болохгүй өв соёлоо бөхдөө шингээж мянган үеэрээ хадгалж ирсэн. Энэ утгаараа Монгол бөх бол соёл, Мон­голын ард түмний өмч. Хэдэн мянган хүн бөхөөр барилдаж байна. Олон хүн сайнтай муутай. Тэдгээрээс ганц нэг­хэн янз бүрийн зан гаргасныг хэтэр­хий дөвийлгөж бөх гэдэг утгаар нь хараад байгаа болохоос жинхэнэ эр хүнийг харъя гэвэл монгол эрчүү­дийг л харна.  Амьдралаа алдчихсан бөх гэж байдаггүй л байхгүй юу.  Монгол бөхийн барилдаан бол ха­туужилт чанар, ажлын гар даах чад­вар, оюун ухааны тэвчээр гэж гурван юмыг хүнд өгдөг. Тийм учраас бүх эрэгтэй хүү­хэд барилдах ёстой. Бөхчүүд төрөн гарч, ард түмэн бөхөө гэсэн чин  сэтгэлтэй байх нь Монгол бөх мөнхөд оршихын үндсийн үндэс. Би ийм сэтгэхүй, ухамсрыг л бүрдүүлэхийн төлөө зүтгэж яваа.  

-Өндөр цолтой бөхчүүдийн да­ваа үнэлэх барилдаан, Хасуу ба­рил­даан, сүүлд Мэргэжлийн бө­хийн холбооны барилдаан ч гэж бол­­лоо. Бас л сайн явсангүй. Энэ нь санхүүжилтээс л болоод байна уу?

-Санхүүжилтээс гадна мэргэж­лийн спорт хөгжих боломж  нөхцөл Монголд үнэхээр байхгүй нь хараг­даж байгаа юм.  Энийг ганц би, зөвхөн нэг удаагийн барилдаанаар хэлээд байгаа юм биш. Хасуу бөх гэж явлаа, сая мэргэжлийн бөх гэж үзлээ. Ер нь аливаа юм бодит учир шалтгаантай. Цаг нь ирэхээр л  бүтдэг. Улс оронд баян чинээлэг, завтай иргэдийн дав­харга үүсээгүй байна.  Жишээ нь, сэт­гүүлчийнхээ ажлыг орхиод 15 хоног бөх үзээд суух цаг зав, санхүү­гийн боломж өөрт тань байхгүй биз дээ. Хэзээ ийм боломж  үүсэх вэ гэ­хээр сард 3-5 сая төгрөгөөр бөх үзэ­хэд тэр нь санхүүгийн орлого, гэр бүлийн чинь амьдралд огт нөлөөл­дөггүй. Дээр нь чи яаж өдөр өнгөрөөх вэ гэсэн хязгааргүй завтай хүн байх ёстой. Ийм давхарга Монголд үүсээ­гүй байна. Японд бол үүсчихсэн. Хангалттай орлоготой, өдөрт хийх ажилгүй хүнд 15 хоног сүмо үзнэ гэ­дэг жаргал байхгүй юу. Баянаа авар­гын алдаад байгаа юм нь энэ. Мэр­гэжлийн бөхийг сонирхогчдын бөхтэй холиод, мэргэжлийн бөхөд байдаг юмыг энд хийхийг шаардаад байгаа юм. Мэргэжлийн бөхтэй болох хүсэл надад ч  байна. Даанч бодит байдал нь алга. Чинээлэг болоод завтай иргэдийн давхарга бий болж байж тэдний санхүүжилтээр мэргэжлийн спорт хөгждөг.

-Гэхдээ нөгөө талд нь  Монгол бөхийн өргөө, Бөхийн холбоог бу­­лаацалдсан давхар санаа нь зо­рилгоо замын дунд унагаад байна уу гэсэн хандлага олон хүнд бай­даг?

-Тийм юм бас байгаа. Жишээ нь, дайраад, гааздаад, хаалга үүдийг нь эвдээд  нохой тавьж байгаа чинь Бөхийн өргөөг авах гэсэн тэмцэл шүү дээ. Ийм хүч хэрэглэсэн, механик тэм­цэл нь болохгүй болохоор зэрэг­цүүлж, өөр холбоо байгуулж, бөхгүй болгохоор Үндэсний бөхийн холбоо унана, тарж бутарна, тэгээд Бөхийн өргөөг авна гэсэн зорилго байсан. Тэр бүхэнд нь бид хэлдэг. Та нар бай­гуулсан юмаа үнэхээр сайхан аваад явчих аа,  тэгвэл бөхчүүд аяндаа та нарыг дагана гэж. Жишээ нь, Мэргэж­лийн бөхийн холбоо байгууллаа л гэж байна. Мэргэжлийн бөх гэдэг чинь улсын наадамд барилддаг 32 мянган бөх биш ээ. Тэдний оройд байгаа, өндөр ур чадвартай 32 юм уу, 16 бөхөө тасалж авч барилдуулаад, сард тав, арван саяар цалинжуулаад ядаж хагас жил ч  гэсэн яваадах. Хэрэв тэгж чадвал бөхчүүд аяандаа танай холбоо руу орно. Түүнээс бус, сон­гуульд нэр дэвшиж байгаа юм шиг хоёр гурван жилийн дараа тэгнэ ин­гэнэ гэж амлаад хэрэггүй ээ гэдэг. Цаана нь Бөхийн өргөөг авах хувийн сонирхол байгааг мэдсээр байж Мон­гол бөхөд  үнэхээр шинэ менежмент гаргаад ирэх юм биш биз дээ гэж бид ч гэсэн хараад л байсан. Тэгтэл  гуравхан удаа барилдаан зохион байгуулаад л алга болж байгаа юм. 

-Бөхийн өргөөний эзэмшигч нь одоо хэн байна аа. Та юу, төр үү?

-Бөхийн өргөө барихыг Монголын үндэсний бөхийн холбоо санаачилж менежмент хийгээд хэсэг мөнгө олсон юм. Төгсгөл рүү нь Р.Гончиг­дор­жийг УИХ-ын, Ц.Элбэгдоржийг Олонхийн бүлгийн дарга байхад “Бөхийн өргөөг барьж дуусахад одоо ард түмэн хандив өргөж чадахгүй нь ээ, та нар туслаач” гэж хандсан. Тэгж байгаад 800 сая төгрөг авсан. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиг­лал­тад орохдоо хоёр тэрбум гурван зуун хорин сая төгрөгийн үнэлгээтэй гэж Улсын комисс бүртгэж авсан.   Энэ мөнгөний 800 сая,  ханшаараа өсөөд бараг нэг тэрбумыг  төр өгч, үлдсэнийг Бө­хийн холбоо босгосон юм. Төр энэ мөнгийг өгөхдөө Төрийн бус бай­гууллагын тухай хуулийн дагуу сан­хүүгийн дэмжлэг үзүүлж олгосон. Ин­гэхээр Бөхийн өргөө өнөөдөр Мон­голын үндэсний бөхийн холбооны өмч. Холбоо нь Монгол Улсад бүрт­гэлтэй төрийн бус байгууллага.

-Таныг арван хувийг авчихсан гэдэг дээ?

-Яг авчихсан ч гээгүй байх аа.  Авах гэсэн гэдэг яриа бол байдаг юм.   Энэ яриа яаж гарсан гэхээр Төрийн өмчийн хорооны зарим албан ту­шаалтан  800 сая төгрөг нь төрийн өмч учраас хувьцаат компани бол­гож, Бөхийн өргөөний 51 хувийг хувьчлах замаар энийг булаацалдсан хүмүүст авч өгөх бодлого явуулсан юм. Би тэрнийх нь эсрэг зогсч, тэгвэл өргөөг бариулсан хүмүүс 10 хувийг нь эзэмшинэ гэдэг асуудлыг сөр­гүүлж тавьсан. Төр 45 хувьтай, Бө­хийн холбоо 45 хувьтай дунд нь өргөөг бариулсан Нямдорж тэргүүтэй  ме­неж­ментийн баг 10 хувийг эзэмших санал оруулсан. Ингэхээр Бөхийн  өргөөний хувь заяаг цаашид  менеж­ментийн баг шийдэх боломжтой гэж тооцоолоод, бид 10 хувьдаа мөнгө авах­гүй, саналын эрхээ эдэлнэ гэ­сэн. Ингээд  Бөхийн өргөөг авах гэсэн хүмүүсийн санаархал бүтэхгүй бо­лохоор л намайг 10 хувийг нь авах гэ­сэн гэж мушгидаг байхгүй юу. Энэ үйл явдлаас нэлээд хойно, Төрийн өм­чийн хорооны удирдлагууд намайг дуудаад “Та хэд л бол хэдэн хувийг эзэмш ээ, тэгээд энийгээ хувьцаат ком­­пани болгоё” гэсэн. Би үгүй л гэсэн.

-Яагаад?

 -Яагаад гэвэл хөрөнгө бол надад ял. Хамгийн энгийн хэрэгцээгээрээ амьдарвал хүн зөв амьдарч, зөв үхнэ гэж би  ойлгодог. Хүний анхдагч хэрэг­цээ бол хоол, орон байр, хувцас. Тэр гурав нь надад байна. Надад илүү хө­рөнгө хэрэггүй. Үр хүүхэддээ ч ин­гэж захидаг. Хэрвээ одоо  төр 800 сая төгрөгтөө тохирсон хувиа авна гэвэл би бас  “үгүй ээ” л гэнэ. Яагаад гэвэл тэр бол төрөөс Төрийн бус бай­гуул­лагад хуулийн дагуу өгсөн мөнгө. Бөхийн өргөөг танд зуун хувь  зүгээр өгье гэсэн ч би авахгүй. 

-Мөнгө бол амьдралд хэрэгтэй. Та хэрэгцээгээ хангачихсан, үл хөд­лөх хөрөнгөөс татгалзах хэм­жээний  тийм баян хүн үү?

-Мөнгөнөөс илүү үнэтэй цэнтэй зүйл байдаг гэдэгт би  итгэдэг. Тэр нь сэтгэл. Мөнгө бол төлбөрийн л хэ­рэг­сэл. Мөнгө дангаараа жаргал авч­рах­гүй. Сэтгэл бол жаргал ав­чирдаг. Их мөнгөтэй л бол сайхан амьдарна, ам­жилтад хүрнэ гэдэг эндүүрэл. Үнэнч сэтгэл, их зүтгэлээр л сайхан амьд­рах амжилтад хүрдэг. Жишээ нь Бө­хийн холбоог ердөө таван хүн зуу зуун төгрөг гаргаад л таван зуун төг­рөгөөр л байгуулчихсан юм шүү дээ. Одоо гурван тэрбум төгрөгийн хө­рөнгөтэй болчихоод явж байна. Энэ бол зөв  сэтгэлээр, олон түмний дэмж­лэгээр амжилтад хүрч болдгийн тод жишээ.  Надад мөнгөн хадгаламж гэж байхгүй. Би байртай, зуслангийн бай­шинтай. Гэхдээ хаус энэ тэр биш.  Ер­дийн л байр. Өмсөх хувцас байна, үүнээс илүү хөрөнгө надад хэрэггүй. Бүх шашны үзэл санаа нийлдэг цэг нь хүн сэтгэлээ л номхотгох гэж сур­га­сан. Сэтгэлээ номхотгож явбал хүн зөв амьдарна гэж би  ойлгодог, итгэ­дэг.

-Цаашид тэгээд Бөхийн өр­гөөний эзэмшигч  тодорхойгүй хэ­вээр үлдэх үү?

-Одоо бол би нэг зүйлийг хатуу хэлнэ. Түүнийхээ төлөө хатуу ч  тэм­­цэнэ. Энийгээ харин танай со­ниноор, энэ ярилцлагаараа ард тү­мэндээ зарлачихъя.  Бөхийн өргөө хэзээ нурж унадаг юм, тэр хүртлээ зуун хувь Монголын бөхчүүдийн л өмч байна. Энийгээ баталгаа­жуу­лахын  төлөө би тэмцэнэ. Хурал зөв­лөлгөөн дээр үр­гэлж энийгээ ярина.  Монго­лын бөх­чүүдийн өмч л байна. Мон­голын бөх­чүүд гэдэг нь улсын наа­дамд барилд­даг том цолтой бөхчүүд ч биш. Мон­гол бөх өөрөө тасралтгүй шиг ертөн­цийн жамаар өтөлж байгаа 80 настай ахмад бөх ч, найман настай бөх бо­лох бяцхан үрс ч энэ өргөөний эзэн, эзэмшигч байх болно. Гэхдээ бөх­чүүд нийлээд за­раад хуваагаад ид­чихэж болохгүй. Энэ өргөө зөвхөн Монгол бөхийн үйл хэрэгт л зориу­лагдсан байна.

-Та түрүүн Бөхийн өргөөний эзэмшигч нь Үндэсний бөхийн хол­­­боо гэсэн. Гэтэл таныг энэ са­наагаа хэрэгжүүлэхээс  өмнө Бө­хийн холбооны удирдлагад бага оврын эргэлт хийгээд шинэ удирдлагууд таны санааг өөр зүгт эргүүлчих боломжтой юм биш үү?

-Энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд заавал би энд, тэргүүн  байх ал­ба­гүй. Би одооноос зарлаад л явна. Бөхийн өргөөний асуудлыг Бөхийн холбооны Их эеэр шийддэг байхаар дүрэмд тусгачихна. Эсвэл аймаг цэ­рэг, улсын цолтой бүх бөхчүүдийн санал асуулгаар шийднэ ч гэдэг юм уу, ямар ч гэсэн зуу гаруйхан хүн хуй­­­­­­валдаад авчих, эсвэл Монгол бөхийн үйл хэргээс салгачих хэм­жээний хориглолт хязгаарыг хууль дүрэмд тусгачихна.  Энэ бол нэг их ухаан за­раад байх ч ажил биш. Угаа­саа бөхөд хайртай ард түмний дэмж­лэгээрээ бараг өөрөө бүтчихнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь Монгол бөх бол хүн бү­рийн сайн мэддэг, нүдэн дээр ил бай­даг учраас тэнд юм хийхэд маш хэцүү.

Нарийндаа яривал харахад л нэг бөхийн малгай дүрсэлсэн  байшин болохоос Бөхийн өргөөг барихад ямар нөр их хөдөлмөр, зүтгэл орсон гэж бодно, чи.  Энэ утгаараа над шиг ийм юм хийчихсэн хүн бараг байхгүй шүү. Би хүн болж төрснийхөө хувьд маш бахархалтай явдаг. Жишээ нь барил­гын компаниуд үүнээс том гоё гоё байшингууд олноор барьж байна. Тэдгээрээс юугаараа ялгаатай юм гэвэл би Бөхийн өргөөг баяжих гэж, зарах гэж бизнесийн зорилгоор ба­риулаагүй. Ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн бөхчүүдийнхээ төлөө, тэд­нийг үздэг ард түмнийхээ  төлөө ба­риулсан. Энэнийхээ буяныг эдэлж миний гэр бүлийн ажил үйлс үргэлж бүтдэг.  Тийм учраас би амьдралдаа туйлын баяртай явдаг. Энэ бол аав ээжийн минь надад өвлүүлсэн зөв сэтгэлийн үндэс. Гэтэл булингартай нүдэнд булингартай л харагдана гэдэг шиг өөрсдөө шуналтай, идээд сурчихсан улс чинь ийм том савнаас хувьдаа мөнгө идэж л байгаа гэж хардаад хараад байгаа байхгүй юу. 

-Ер нь Бөхийн өргөө тэгж их ашиг олдог уу. Янз бүрийн тоглолт их л болох юм?

-Бөхийн өргөөний олдог орлогыг хүн болгон хянах бүрэн боломжтой. Манайх их тодорхой. Бөхийн холбоо нэг тоглолтоос хоёр сая төгрөгийн л түрээс авдаг. Энд  тасалбарын үнэ хэд байх нь огт хамаагүй. Харин ба­рилдаануудыг ивээн тэтгэгчдийн сан­хүүжилтээр явуулдаг. Тэгэхээр Бө­хийн өргөөнд болж байгаа тоглолтын тоог хоёр сая төгрөгөөр үржүүлэхэд бидний олдог орлогыг сар, улирал, жилээр гаргаад ирнэ.  Эндээс бид бүх төрлийн татвар, шимтгэлээ төлж, дулаан, цахилгаан гэх мэт ахуйн хэрэглээний төлбөрийг төлөхийн зэрэгцээ ажилчдаа цалинжуулдаг. Мөн бөхчүүдэд цолны хишиг, урамшуулал олгож,  бензин шатахуун зэрэг урсгал зардлыг ч төлдөг. Үнд­сэндээ ихэнхдээ орлогоороо зарла­гаа нөхөж чаддаггүй.

-Бөхийн өргөөг, холбоог бу­лаацалдсан тэмцэл, хэл амнаас залхаж, шантарч байсан үе танд бий юү?

-Хэл ам бол байсан. Одоо цаг ху­гацааны шалгуураар шударга үнэнд дарагдаж байна даа. Сүүлийн үед, 2006 оноос сайхан тайван болсон. Шантрах  эрх надад байгаагүй ээ. Би өөрөө зорилготой, бөхчүүдийн хү­лээлгэсэн итгэлтэй яваа. Дээр нь нөгөө талын тэмцэл бол худлаа, тэд юм хийхгүй, зөвхөн Бөхийн өргөөг хувааж идэх л зорилготой гэдэг нь олон түмэнд ил байсан. Монгол Улсад бий болгосон бүтээн байгуулалтуу­даас ард түмнийхээ өмчид үлдсэн, луйварчдын гарт очоогүй хамгийн сүүлчийнх нь Бөхийн өргөө байсан. Бусдыг хуваагаад бараг дууссан. Жишээ нь, Спортын төв ордон гэхэд улсынх. Гэтэл ар талынх нь байгуу­лам­жуудыг хуваагаад авчихсан. Ийм хүмүүсээс би бүх үеийн  Монгол бөхчүүдийн өмчийг хамгаалж үлд­сэнийгээ гавьяа  гэж боддог.

-Бөхийн өргөөг булаацалдсан та бүхний талцлаас болж Монгол бөхийн нэр хүнд  уналаа, аварга заанууд барилдахаа больсныг хүр­тэл зарим хүн энэ талцалтай холбодог. А. Сүхбат аварга зодог тайллаа, Б.Гантогтох гарьд барил­дахаа болилоо. Энэ бүхэн бөхчүү­дийн өмч булаацалдсан талцлаас л боллоо. Танд яг ингэж бодогдож байсан үе бий юү?

-Хүүхэд нь аавыгаа шүүмжилж болно оо доо. Та хоцрогдсон байна, аав гэдгээрээ дарангуйллаа гэж. Аав бас нэг юм бодно оо доо. Хүү маань халуун залуу насынхаа аагаар ингэж байна. Ийм илэрхий бодитой юманд ингэж буруу хандаж байгаа юм чинь энэ ер нь олигтой хүн болохгүй нь дээ гэж аав бодно оо доо. Би тийм л  байр сууринаас хандаж ирсэн.  Би  Их сургуульд сэтгэл судлал зааж байсан учраас аливааг бодитой дүг­нэх чадвартай гэж өөрийгөө жаахан тоодог хүн л дээ. Тийм учраас тэдний тэмцэл шударга үнэн дээр үндэслээ­гүйг мэддэг. Шударга үнэн дээр үндэслээгүй л бол амжилт ба нэр хүнд ямагт тогтворгүй гэсэн дэлхийд хү­лээн зөвшөөрөгдсөн цитат байдаг. Тэр л зарчмаар би ханддаг.  Жишээ нь, А.Сүхбат  биеийн байдлаас болж барилдахаа больсон. Энийгээ өөрөө ч ард түмэндээ зарласан. Наадмын долоогийн даваанд унасныхаа дараа “би  өмнө нь үзүүлсэн амжилтынхаа төвшинд барилдаж чадахгүй учраас  зодог тайллаа” гэж ярилцлага өгсөн.  А.Сүхбатын энэ үйлдэлд нь  баяр хүр­гэж үнсмээр санагдсан. Жинхэнэ мон­гол эр хүний  илэрхийлэл болсон бөх хүн бол тэгж ухаарах ёстой юм.  Өөрийгөө ингэж ухаарсан хүн Монгол бөхийн түүхэнд миний мэдэхээр хоёр л байдаг юм.

-Нөгөө нь хэн юм?

-Ж.Цэвээнравдан аварга. Энэ түүхийг надад Д.Цэрэнтогтох аварга ярьсан. Бид хамтдаа Бөхийн холбоог байгуулалцсан, нас ойролцоо  их най­зууд байлаа. Ж.Цэвээнравдан аварга улсын баяраар  өмнөх жилийн наа­дамд хаяж байсан бөхөө амалж аваад унаж. Тэгээд л “за би ерөөсөө больё, хаядаг хүнээ дийлэхээ больж,  дахиж барилдахгүй ээ” гэсэн гэж байгаа юм. Одоогийнхоор бол зодог тайллаа гэ­сэн юм билээ. Надад их сайхан са­нагд­сан, ер нь бөх хүн өөрийгөө тэгж мэдэрмээр юм билээ гэж Д.Цэрэнтог­тох аварга ярьсан. Яг ийм зүйлийг Монгол бөхөд 30-40 жилийн дараа А.Сүхбат аварга давтсан. Гэтэл энийг нь Бөхийн өргөөг булаацалддаг нөгөө хүмүүс шал өөр утгаар ашиглаад эхэл­сэн л дээ.

-Ер нь миний шахалт, хавчил­таас  болоод байна уу гэж эргэ­цүүлж бодож л байсан юм байна, тийм үү?

-Бодолгүй яах вэ, би үнэхээр энэ хүмүүсийг хавчаад байна уу, шахаад байна уу гэж бодсон. Тэгсэн үгүй юм аа. Баянмөнх аварга өөрөө надад хэлж байсан.  “Би 1960-аад оноос,  ба­гаасаа хавчигдсан хүн. Баяд гээд намайг хүн болгон хавчиж байсан. Тийм учраас би хартай болчихсон хүн. Би тэр сэтгэлээрээ хандаад өөрт чинь муухай муухай үг хэлчихлээ уучлаарай, Нямдорж оо. Нямдорж бол бөхчүүдээ үнэхээр ялгаварлан га­дуурхдаггүй хүн шүү гэж  Дэжимбээ бид хоёр, ярьдаг юм аа” гэж. Энэ бол надтай  муудалцаж янз бүр болсны­хоо дараа МҮБХ-ны тэргүүний  энэ өрөөнд, Баянмөнх аваргын өөрийнх нь хэлсэн үг. Надад атгаг жижиг санаа ерөөсөө байдаггүй. Би шударга үнэн дээр л амьдрах хүсэлтэй ард хүн. Энэ зарчмаараа Монгол бөхөд шу­дарга үнэнийг тогтоох шинэчлэл хий­сэн. Монгол бөхөд хоёр цол бий бол­гож, дөрвийн давааг оноолтоор барил­дуулж, амжилтаар эрэмбэлэх бол­сон.  Энэ бол Монгол бөхөд үнэхээр ус агаар шиг хэрэгтэй том шинэчлэл болсон. Хэрвээ ийм шинэчлэл хий­гээгүй бол Монгол бөх чиний хэлснээр  үзэгчгүй болж, магадгүй бүр устаж болох аюулд ойрхон байсан.  Бүх юм нь найраа, худлаа болж, үзэгчгүй болсон,  хөгжил нь тэглэж эхэлж бай­хад би удаан бодсон,  боловсруулсан шинэчлэлээ хэнд ч хэлэлгүйгээр Цэцдийн зөвлөлийн хуралд танил­цуулаад л шууд хийж эхэлсэн. Энийг дагасан маш том эсэргүүцэл ирнэ гэдгийг ч мэдэж байсан.  Гэхдээ ми­нийх шударга үнэн гэдэгт итгэж бай­сан учраас аливаа эсэргүүцэл, бос­ло­гоос айгаагүй. Даваад гарсан. Ми­ний хийсэн шинэчлэлийн үр дүн өнөө­дөр ард түмэнд ил харагдаж байгаа.  Ер нь монголчууд амжилт гаргачих­сан, сайн юмаа сайн гээд хэлчихэж чаддаггүй. Тэгсэн мөртлөө муу муу­хай юмыг мартдаггүй,  байнга асуу­даг. Жишээ нь Баянмөнх аварга та хоёр чинь хэрэлдсээр л байгаа юу гэж зарим хүн асуудаг. Гэтэл бид аль хэдийнэ больчихсон. Атгаг санаа на­дад байдаггүй. Энэ надтай үзэж бай­сан юм гэж өш санадаггүй. Хүмүү­сийн нэг алдаа нь муудалцахаараа цаад хүнийхээ бүх сайн юмыг хар­луул­чихдаг. Жишээ нь, надтай муу­далцаж байсан гээд Баянмөнх авар­гын агуу бөх гэдгийг үгүйсгэвэл би тэнэг харагдана шүү дээ. Надтай муудалцсан гээд “Баянмөнх бид хоёрын барилддаг гэж юу байсан юм” гэж хэлэх ёс суртахуун, зан төлөв надад огт байхгүй. Жишээ нь, би А.Сүхбат аваргын тухай хоёр юм хэлдэг. Аваргын найран дээр нь ч хэлсэн. А.Сүхбат бол Монгол бөхөд хоёр гайхамшгийг үзүүлсэн хүн. Нэгдүгээрт энэ хүн Монгол бөхийг урлагийн төвшинд эзэмшсэн. Зүгээр нэг барилддаг хүн биш, бөхийг урлаг болгож ард түмэндээ харуулж, мэд­рүүлж чадсан хүн. Хоёрдугаарт, энэ хүн үеийнхнээсээ харьцангуй жижиг, жин багатай. Ийм хүн спортод яаж хөдөлмөрлөж, яаж тэвчээр гаргаж, яаж амжилтад хүрч болдгийн жишгийг харуулсан гэж хэлсэн.  Энэ үгээ би цаашид ч хэлнэ.     

-Сүхбат аварга өөрийнх нь зодог тайлсныг хүмүүс мушгиад байгааг тантай уулзаж тайлбарлаж, уучлалт гуйсан уу танаас?

-Бид хоёр янз бүрийн барилдаан дээр уулздаг л даа. Гэхдээ тайл­барлаж, уучлалт гуйгаагүй ээ. Надад, Бөхийн холбоонд дотроо санасан юм байдаг болов уу даа.

-Допинг хэрэглэсэн  гэдэг асуу­дал уу?

-Магадгүй.

-Допинг хэрэглэсэн гэж зар­луулсан нь  ганц А.Сүхбат аварга биш шүү дээ. Рагчаа, Эрхэмбаяр гээд нэлээд хэдэн бөхийн нэр гарч байсан. Ирэх наадмаар ч ийм шин­жилгээ авах бололтой. Шийтгэх­гүй байж допингийн шинжилгээ авч олон түмэнд зарлаж  бөхчүү­дийнхээ нэр төрийг сэвтээх хэрэг байна уу?

-Допинг илэрсэн тохиолдлыг нуу­гаад үлдэж байгаа юм байхгүй. Зар­лаад, хурлаар оруулаад л явж байгаа. Харин шийтгэхгүй байгаа нь үнэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгд, допинг гэж юу юм, ямар хор хохи­ролтойг нийт массаараа, бөхчүүд ч  ойлгоогүй явсан үе бий. Хоёрт, допинг хэрэглэснийг тогтоовол ямар шийт­гэл ногдуулах дүрэм журмаа төгс хийж чадаагүй. Гуравт, урьд өмнө ийм практик байгаагүй. Одоо харин нөхцөл байдал өөр болж байна. До­пингийг эсэргүүцэх хандлага, санаа­чилга  бөхчүүдийн дундаас гарч эхэл­лээ. Сая надад Б.Бат-Эрдэнэ аварга,  Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй 80 гаруй бөх гарын үсгээ зурсан албан бичиг ирүүллээ. Допингийн шинжилгээг шу­даргаар хийе, ганц наадмаар бус, бусад барилдаанд ч үе үе хийдэг болъё,  хэрэглэсэн бол барилдах эрхийг хасъя, хэрэглэдэггүй бол түү­нийгээ зарлаж, ард түмний дунд байгаа харыг арилгаж, бөхчүүдийн нэр хүндийг хамгаалъя гэсэн утгатай бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг би  Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, Үндэсний олимпийн хороонд танил­цуулсан. Одоо журам боловсруулах ажилдаа ороод явж байна.

-Тэгэхээр ирэх жилийн наад­маас эхлээд шийтгэнэ гэсэн үг үү?

-Тэгж таарна. Өнгөрсөн хуга­цаанд бид цоорхойтой эрхзүйн актаа цоорхойгүй болгосон. Ард түмний ч, бөхчүүдийн ч сэтгэл зүй бэлтгэгдсэн. Одоо арга хэмжээ авахад саадгүй, эсэргүүцэлгүй болсон.  Энэ ерөөсөө хүний мууг үзэх гэж байгаа хэрэг биш шүү дээ.  Ганц Монгол биш, дэлхий ний­тээрээ допингтой тэмцэж, олим­пийн медалийг хүртэл хурааж байна.  Допингтой тэмцэх нь  тухайн хүний эрүүл мэнд, удам судрыг устахаас хамгаалж байгаа юм. Зарим хүн монгол бөхөд допинг хамаагүй гэдэг. Энэ чинь монгол хүн эрүүл мэндгүй, монгол эр хүн хүүхэдгүй болж л байг гэдэгтэй адилхан.

-Зарим бөхөд  цолны маргаан байдаг. Жишээ нь Д.Мөнх-Эрдэнэ түрүүлээгүй байж арслан цол авсан. Гэтэл наадамд гурван удаа үзүүрлэсэн Б.Гантогтоход арслан цолыг нь өгөхгүй байна гэж Баян­мөнх аварга ярьдаг. Энэ маргаа­ныг тайлах үзүүрийг бас л та атгаж байдаг?

-Цолыг одоо Бөхийн холбоо биш, Ерөнхийлөгч олгодог болсон. Б.Ган­тог­тохын тухайд ийм учиртай. Бөхийн цол олгох дүрэм журам гэж бий.   Тэнд улсын наадамд түрүүлбэл арслан цол олгоно. Дүйцүүлэх аргаар цол олгох­гүй гэсэн заалт байдаг юм. Тэгэхээр Гантогтох гурван удаа битгий хэл, та­ван удаа үзүүрлэсэн ч, энэ дүрмийг л өөрчлөхгүй бол арслан болох бо­ломжгүй. Яах ч арга байхгүй. Таваас дээшхи даваа болгонд цол олгох нь дүйцүүлж цол олгохгүй гэдэг дүрмийн заалтыг баталгаажуулж байгаа юм. Өмнө нь бол үүнээс ч илүү хохирол­той байсан. Гурван удаа найм давсан Б.Ган­тогтох өөрөөс өмнө ганцхан удаа найм давсан бөхийн дор зогсч, дараа нь л ам авдаг байсан. Харин амжилтаар эрэмбэлэх болсноор одоогоор хамгийн олон буюу гурван удаа найм давж үзүүрлэсэн Б.Ган­тогтох шууд арслан цолтонгуудын дор эрэмбэлэгдэж байгаа. Энэ бол дүрмийн заалт, Нямдорж хааж боогоод цол олгуулахгүй байгаа юм биш. Хэрвээ дүйцүүлж цол олгоно гэх юм бол дөрвөн удаа дөрөв давсан бөхөд дүйцүүлээд начин цол олгож болж байна. Эсвэл гурван удаа найм, таван  удаа шөвгөрсөн, арван удаа тав давсан гэж баахан юмнуудыг дүйцүүлээд ганц ч түрүүлээгүй хүнд аварга цол олгох тухай яриа ч гарч болно. Тийм учраас дүйцүүлж цол олгохгүй гэдэг бол хатуу. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн тухайд чи бид хоёрын яриад байгаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм гараагүй үеийнх. 1995 оны асуудал. Одоо үйлчилж байгаа дүрмийг 2002 онд баталсан. 

-А.Сүхбат аварга бас даян  аваргаа авах гэж нэлээд тэмцсэн?

-Харин А.Сүхбатынх шударга тэмцэл байсан. А.Сүхбат  2001 онд арслан цолтой арав давж түрүүлээд аварга, дараа нь 2004 онд гуравдахиа түрүүлж далай аварга болсон байсан.  Гэтэл Д.Сумъяабазарыг арав давж тү­рүүлэнгүүт гарьдаас арсланг алга­суу­лаад шууд аварга цол өгчихсөн. Тэгэхээр нэг түрүүлсэн бөх арслан болдог байтал,  арав давж түрүүлэхэд  алгасуулж цол олгодог жишгийг Ерөн­хийлөгч бий болгочихсон. Тэгэнгүүт А.Сүхбат арав давснаа үнэлүүлж цол авна гэдэг нь шударга тэмцэл байсан. Д.Сумъяабазарын арав давсныг үнэл­чихээд А.Сүхбатын арав давсныг үнэлэхгүй байж болохгүй шүү дээ.   Тийм ч учраас А.Сүхбатад арав давс­ных нь цолыг олгохын тулд  УИХ ху­ралдаж хуульдаа өөрчлөлт оруулсан. Улсын наадамд ес давсан бөхөд арслан, арав давж түрүүлсэн бөхөд аварга цол олгоно. Аварга цолтой хүн арав давж түрүүлбэл даян аварга цол олгоно гэж өөрчилсөн. Тэгээд А.Сүх­бат  Даян аварга болсон. Ийм илэр­хий юмыг өөрөө зодог тайлчихаад байхад, Р.Нямдоржоос болоод ба­рилдахаа болилоо гэдэг шиг Р.Ням­доржийн олгохгүй байсан цолыг өөрөө тэмцэж байж авлаа гэж ярьдаг юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ, шудар­га үнэн нь  тухайн үед үйлчилж байсан хууль, дүрэмд арав давахад даян аварга цол олгоно гэсэн заалт бай­гаагүй л байхгүй юу.

-Одоо танаас хувийн чанартай ганц нэг зүйл асууя. Та өөрөө ба­рилддаг байсан уу?

-Би сумын начин. 18 хүртлээ сумд, аймгийн зааланд хэд барилд­сан. Тэгээд номын мөр хөөгөөд яв­чих­сан. Аав маань миний дүү Да­ваанямыг  жаахан бяртай юм байна, энэ ноцолдог. Чи номоо үзсэн нь дээр байх аа гэсэн. Тэгээд л аавынхаа хэлснээр ном үзсэн.

-Цааш барилдсан бол амжил­тад, улсын цолд хүрэх байсан бо­лов уу?

-Би бяр муутай. Жаахан эвтэй л байсан байх. Давааням бид хоёр цуцаж унатлаа барилддаг байлаа. Өдөржингөө тоосго цохиж цөхөртлөө ядарчихаад л харих замдаа цууямбуу цамцаа мөрөн дээрээ тохчихоод л барилдаж гарна шүү дээ. Би таван мэх хийнэ. Давааням ганцхан мэх хийнэ. Таван мэхээрээ дандаа би хаяна. Би дүүгээ бараг долоо төгстө­лөө хаясан. Намайг ес, Даваанямыг долоо төгсөх зун манай аав өөрөө харж байгаад бид хоёрыг барил­дуулсан. Тэгсэн би ганц ч хаяагүй. Тэгээд л аав намайг номоо хөө гэсэн.

-Ер нь бол   бөхийн удам бол байсан юм уу?

-Байна аа. Ээжийн талынхан  су­мын наадамдаа түрүү үзүүр алдаагүй улс байсан. Энэ удмын үргэлжлэл одоо ч бий. Аав маань бяр ихтэй, цэргийн албанд 12 жил болсон бо­ловсролтой хүн байсан. Манай ээжийг 17 настай байхад нь аваад суучих­сан. Насны зөрүү ихтэй учраас гайгүй хүүхдүүд төрсөн. Ээж маань төрөл­хийн ардын цэцэн билиг ухаантай, ноднин өөд болох хүртлээ биднийг залж явсан. Ухаан хүрэхгүй юмаа ээжээсээ асуудаг байлаа. Жишээ нь, Бөхийн холбоог байгуулж дарга цэрэг нь болъё гэсэн бодол Д.Данзан (МҮБХ-ны дэд тэргүүн) бид хоёрт ерөөсөө байгаагүй. Холбоогоо бай­гуулчихаад барилдаан хийх гэтэл Бадамдорж гэж хүн Спортын ордон цоожилчихоод болж өгөөгүй. Тэгээд л тусгай ордон хэрэгтэй юм байна гээд  Бөхийн өргөө барих ажлыг  са­наа­чилсан. Зүтгүүлж өргөөгөө дуус­га­чихаад л, за одоо болъё хоёулаа, эрдэм шинжилгээний ажлаа хийе гэж ярилцсан. 1998 онд шүү дээ. Тэгсэн ах дүү, найз нөхөд “чи ийм юм бос­гочихоод замын дундаас хаялаа” гэж байна. Ээжээсээ асуулаа. Дэмий юм биш үү гэж байна. Тэгэхээр нь бараг анх удаа ээжээсээ зөрж “би гарна аа л” гэлээ.  Бөхийн өргөөг ашиглалтад хүлээж авах болоод, хурал хуралдах боллоо. Ээж дээрээ очлоо. Чи гарах гээд байна уу л гэж байна. Гарна аа л гэлээ.  Тэгсэн за хүү минь хүний буян хэмжээтэй байдаг юм даа. Уг нь бол олон түмэн хүрээлдэг буянтай ажил байна лээ дээ. Үнэхээр гармаар са­наг­даад байгаа бол чиний буяны хэм­жээ болоо юм байлгүй дээ, гарахгүй юу даа гэсэн. Тэгэнгүүт л би гэнэт  боль­сон. Буянаа дуусгаагүй хүн бо­лох гээд л Бөхийн холбоондоо үлдсэн. Энэ мэтээр л ээжтэйгээ харилцаж ирсэн дээ. Бид ах дүү арвуулаа. Ээж маань бидэнд мөнгө төгрөг, эд  хө­рөнгө яах вэ, та нар хийж байгаа ажилдаа л үнэнч, эзэн шиг нь яв гэж 1990-ээд онд чиглэл өгсөн хүн дээ. 

-Хэрвээ гарсан бол юу хийх байсан бэ. Сонголт байсан уу?

-Хоёр гурван  сонголт байсан. Би чинь Ардчилсан холбоог эхэлж бай­хад  С.Зориг  нарыг Их сургуульдаа өмгөөлж хамгаалдаг, өрөөндөө цуг­луулдаг  нэр хүндэд хүрчихсэн багш байлаа шүү дээ.  Д.Лүндээ­жан­цан бид хоёр нэг тэнхим, Цэцийн Ж.Бямба­дорж­той багын найз, Шадар сайд Н.Алтанхуяг болон Р.Гончиг­дорж гээд бүгд манай Их сургуулийн­хан  шүү дээ.  С.Зориг намайг “та нэр хүндтэй хүн, бидний өмнө ил гараад ажиллаач, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцооч” гэдэг байлаа.  Манайд Баттөмөр гэж мундаг ухаантай багш байсан юм. Тэрнээс асуулаа. Тэгсэн “хөлийг нь сайн даах уу, үгүй юү гэдгээ сайн бод­моор юм билээ  дээ хө” гэсэн. Тэгээд л би больсон.  Хэрвээ би тэднийг дага­сан бол өдийд энэ хэдийнхээ дайнд л явах байсан болов уу. Хоёрдугаарт нь би бизнес хөөсөн бол сэтгэл суд­лал, хуулийн хичээл  заадаг, физи­кийн анги төгссөн болохоор ньюансыг нь олоод гайгүйхэн бизнесмэн болчихсон байсан байх болов уу.                

-Улс төрд ороогүйдээ, Бөхийн холбоонд үлдсэндээ ганц удаа болов харамсч байсан уу?

-Нэг ч харамсч байгаагүй.   Нэрт сэтгүүлч Ц.Балдорж надад нэг удаа хэлж байсан юм  Хүүхдээ нэр бүтэн, нүүр бардам хүний нүүр хардаг байлгахын тулд би улс төрд ордоггүй юм гэж. Үнэхээр ийм үзэл бодолтой, улстөрчдийг нам бараадан амьдраг­сад, хүн бараадан амьдрагсад гэж ялгадаг, тэдний өмнөөс ичдэг улс байдаг юм. Би тэдний нэг л дээ. Ийм юманд оруулчихаагүйд нь ээждээ одоо болтол баярладаг. Харин манай дүү Давааням нэг удаа тэгж дуугарч байна лээ. Ерөөсөө Бөхийн холбоо руу манай дүү намайг оруулчихсан хүн л дээ. Хуулийн багш учраас эх­лээд дүрэм энэ тэр дээр туслуулах гэсэн байх. Тэгсэн л нэг өдөр хурал болоод шууд л намайг тэргүүнээр сон­гочихсон юм. Тэгээд дүү маань нэг өдөр “ би ер нь таныг баллажээ.  Танай үеийнхэн бүгд сайд дарга, сайн бизнесмэнүүд болчихлоо” гэсэн. Мань хүн миний найзуудыг хараад нэг их гутарсан юм шиг байна лээ. Тэгэхэд нь би “ах нь  харин хамгийн зөв замаараа яваа, чи тэгж бодож болохгүй. Нам, хүн бараадахгүйгээр өөрийнхөөрөө ажиллаж амьдрах боломжийг чи надад нээж өгсөн” гэж үнэнээ хэлж дүүгийнхээ удаан бодож явсан гутралыг тайлсан даа.

-Гэхдээ та  улс төрд л орох гэж УИХ-д нэг удаа нэр дэвшсэн биз дээ?

-2000 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн. 1998 онд Бөхийн өргөөг ашиглалтад өгчихсөн. Дараа жил нь намайг хөдөлмөрийн баатарт тодор­хойлох юм болоод л, нутгийн бараг нохой нь хүртэл таниад л аюул болж байлаа шүү дээ. МАХН-аас бусад бараг бүх нам ирж дэвш гэж гуйгаад л. Тэгээд байхаар хүн өөрийгөө сонгогдчихно гэж боддог юм билээ. Улс төрийн орчны тухай ойл­голт маань одоогийнхыг бодвол арай ч гэгээлэг байлаа. Сонгогдоод юуны төлөө багш байлаа, бусад гишүүнээ ухуулаад л шударга ёс бий болго­чихно гэж бодлоо.  Тэгээд бие даа­гаад дэвшлээ.  Алтайд очтол бараг хүн болгон л та сонгогдохгүй бол хэн сонгогдох вэ гээд л. Тэгсэн  тэр сон­гуульд ялж гишүүн болсон  Цогтбаатар уулзаад  “МАХН-ын фон 45 хувьтай байхад бие дааж байгаа та яаж ялах вэ” гэж байсийм. Намын фон энэ тэрийг нь ч  мэдэхгүй, зүгээр сайхан нэр хүндтэй хүн л давхиад байлаа. Тэр үед мэдрэмжгүй байсан байна лээ. Тэгсэн сонгуулийн  дүн гарахад Цогтбаатар 40, би 20 хувь, АН-аас нэр дэвшсэн Лодойдамбын Галбад­рах 16 хувь авсан. Энд юу харагдаж байна гэхээр Цогтбаатар намын фо­ноороо гарч байгаа юм байна. Хэрвээ би тэр фонон дээр нь, МАХН-аас дэвшсэн бол 65-70, АН-аас дэвшсэн бол 35-40 хувь авах байж. Тэгээд л би улс төрийг сонирхохоо больсон.  Нам гэж хов хоосон юманд хүмүүс яа­гаад итгээд байдгийг, манай нут­гийн улсын сайн малчин Найданд нам ямар хамаатайг би одоо болтол ойлго­доггүй. Үгүй тэр сонгуулиар манай садангийн хөгшин хүртэл, за намдаа л өгдөг юм шүү, Нямдорж бид хоёрын садан хамаагүй шүү гээд  явсан байдаг юм.  

-Ганбаатар гарьдыг та бөхөд оруулсан уу, эсвэл таны дүү Да­вааням уу?

-Давааням л даа. Дүү маань  гурван хүүтэй.  Нэгдүгээр хороололд гурван өрөө байртай. Нэг өрөөгөө суллаад битүү эсгий дэвсчихсэн. Тэ­гээд л гурван хүү нь, дээр нь манай Ганбаа очиж барилддаг байсан юм билээ. Энэ дөрөв төдийгүй тэр байр­ны олон хүүхэд барилддаг байсан байна. Бөх болоогүй ч гэсэн бөхөд сэтгэлтэй, бөх шимтэн үзэгчийг тэгж бэлтгэж байсан байгаа юм. Би уг нь хүүгээ  16-тайд нь Их сургуулийн фи­зи­кийн ангид оруулчихсан. Сурлага­даа сайн байсан болохоор  дараа нь ямар сургуульд оруулна даа л гэж боддог байсан.  Гэтэл өөрөө энд тэнд барилдаад л явдаг байсан.  Лхагва­дорж  (Давааням зааны хүү, улсын начин) энэ хоёрыг Давааням л дагуу­лаад явдаг байсан. Аймгийн начин боллоо л гэдэг юм.   Дараа нь Боржи­гон наадамд гайгүй барилдлаа гэдэг юм. Дараа нь Төв аймгийн наадамд барилдаад луйвардуулчихлаа гээд  Даваанямд загнуулаад л. Цаадахь нь хохь нь чи, хүний нутагт гүйцэд хаядаг юм, энэ чамд том сургамж боллоо гэж загнаад л. Дараа нь Өмнөговийн наадамд түрүүллээ. Тэгээд Даваа­ням дагуулж яваад Хүч нийгэмлэгт Лхагвадоржтой хамт өгсөн. Тэгээд л миний эрдэм ном хөөлгөх санаа өнгөрсөн. Гэхдээ би номын хүн гэд­гээ толгойдоо байнга авч яваарай гэж үргэлж захидаг. 

-Юуны төлөө Бөхийн холбоо­ны тэргүүн билээ, хүүгээ ингэж тэнүүлэхгүйгээр улсын цолд хүр­гэчихэж болоогүй юу?

-Найраагаар уу. Би угаасаа шу­дарга үнэн дээр амьдрахыг хичээдэг. Тиймээс би хүүдээ найраагаар начин болсноос насаараа аймгийн арслан яваарай л гэж хэлдэг байсан.