С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл"
С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал, хувийн үзэл бодол, тодорхой асуудлуудаар илэрхийлсэн улс төрийн байр суурь зэрэг нь түүнийг тодорхойгүй нэг гэмт хэрэгт буруутгах, сэжиглэх үндэслэл биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш юмаа л гэж. Зорилго нь аргаа зөвтгөхгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр АТГ-аас явуулсан ажиллагаа, түүний гэр орон, хамаарал бүхий этгээдүүдийг хорьж цагдаж, үзлэг, нэгжлэг хийж эхэлсэн тухай өчигдөр гишүүн С.Ганбаатар лайваар мэдээлэл хийсэн. Үүний улмаас өчигдөр үдээс хойш УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар шуурхай хуралдав. АН хамтарсан Засгийн газраас гараад сар ч болоогүй байхад тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүнийн бүрэн эрхэд халдаж, хуулийн үндэслэлгүйгээр үзлэг нэгжлэг хийсэн нь тус намын бүлгийг “түргэн авахад” хүргэсэн бололтой.
Хуралдаан тарсны дараа АН-ын бүлгийн дарга болон гишүүд мэдээлэл хийсэн. О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Х.Тэмүүжин болон намын ЕНБД Н.Ганибал...
Бүлгийн дарга О.Цогтгэрэл болон ЕНБД-ын зүгээс “Эрх баригч нам сөрөг хүчний лидер лүү халдлаа, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал бүхий этгээдийг улс төрийн зорилгоор шалгаж, айлгаж сүрдүүлж байна” гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин арай өргөн хүрээний зүйл ярив.
Тодруулбал, “Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын хороо хуралдаж, УИХ дотор Тусгай хяналтын дэд хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаанд ажиллагаанд УИХ тусгай хяналт хэрэгжүүлдэг, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэг нь захиа даалгавар өгөөд, онилсон мөрдлөг явуулж байгаа бол энэ нь хуулиас гадуур эрүү шүүлт, хуулиас гадуур өш хонзонгийн зүйл болно гэдгийг ярьсан. Үүнийг бататгаж байгаа юм шиг үйл явдал болж байна. Үндсэн хуульт улс оронд парламентын дээр мөрдөгч нар нь гардаггүй юм. Хуулиа дэвсэлж, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлөг дор дураараа авирлаж болдоггүй. Парламент тэр байгууллагуудыг хуулийнх нь хүрээнд оруулж ирэх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой” гэж.
Энэ бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэдэг нэг хүний тухай биш юм. Монгол Улсын 3,5 сая иргэнд хамаатай асуудал. Нийтээрээ хууль сахиулах байгууллага нь хуулийн хүрээнд ажиллаж чадаж байна уу? Эсвэл дарга, цэргийнхээ даалгавраар, гарын үзүүрээр хөдөлж, хүний эрхэнд халдаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна уу? Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага буюу парламент нь баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, парламентын хяналтын эрх мэдлийг бодитоор бий болгох тухай асуудал. 2012 оны парламентаас өмнө, УИХ-д гишүүнээр сонгогдсоноосоо хойш ярьж байгаа сэдэв.
Атал үүнийг соошил орчинд “С.Ганбаатар гишүүнийг өмгөөлсөн, хамгаалсан” тухай гуйвуулан хэлэлцэж байх шиг байна. Нэгдүгээрт, С.Ганбаатар гишүүн ч гэсэн Монгол Улсын нэг иргэн. Энэ утгаараа хуулийн дор амьдардаг. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг аливаа гэмт хэрэгт сэжиглэн шалгах, гэр орон, албан өрөө тасалгаа, автомашинд нь үзлэг нэгжлэг хийх нь хуулийн процедуртай. Хамгийн түрүүнд прокурорын байгууллага УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. "Энэ этгээдийг ийм гэмт хэрэгт холбогдуулан шалгасан чинь ийм ийм нөхцөл байдал илэрлээ. Хэргийг үргэжлүүлэн шалгахад ийм саад тотгор учирсан тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү" гэж прокурор саналаа УИХ-д ирүүлдэг. Түүнийх нь дагуу УИХ уг асуудлыг хэлэлцээд, прокурорын байгуулллагаас ирүүлсэн саналыг үндэслэл бүхий гэж үзэх юм бол шийдвэрээ гаргадаг.
Харамсалтай нь өчигдрийн хувьд тийм зүйл болсонгүй. С.Ганбаатар гишүүнийг яг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа талаар ямар ч мэдээлэл алга. Зөвхөн өөрийнх нь үзүүлсэн 40 саяын үнэтэй зуслангийн байшин /тэр нь өөр хүний нэр дээр байдаг/, тэнд хийсэн үзлэг нэгжлэгийн тухай л олон нийт гишүүний өөрийнх нь лайваас мэдэж авлаа. Араас нь "Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа Солонгосын компаниас 50 сая вонн авсан, урвагч, хулгайч" гэдэг мэдээллийг соошлаар сэвэв. Энэ нь УИХ-ын нэгдсэн чуулганаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаанд хэлсэн үгтэй /”Би гадаадын компаниас 50 сая воннын авилга аваагүй, эх орноосоо урваагүй, таван нам солиогүй”/ давхацсан явдал дээрх үйл явдлыг “улс төрийн сэдэлтэй” буюу Ерөнхийлөгчийн даалгавартай гэж хардахад хүргэв. Гэхдээ энэ бол баталгаатай бус мэдээлэл.
Баталгаатай зүйл гэвэл, хэрвээ С.Ганбаатар гэдэг хүн ямар нэг гэмт хэрэгт холбогдсон, энэ хэрэг дээр хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн бол тэр нь хуульд нийцэж явагдах ёстой. Хэрвээ хууль сахиулах байгууллага хуулиа зөрчин байж хууль тогтоогч буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа бол жирийн иргэдийн хувьд ямар ч хамгаалалт байхгүй л гэсэн үг. Энэ үүднээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин асуудалд хандаж байх шиг байна, хэвлэлийн бага хуралд оролцсон шалтгаан нь ч энэ байсан байх.
Нэгдүгээрт, С.Ганбаатар гишүүний хувийн байдал буюу хэдэн нам дамжсан, хэдэн эхнэр сольсон зэрэг нь эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гаднын компаниас хандив авахыг завдсан асуудал нь тухайн үедээ шалгагдаад дууссан. Өөрийн зүгээс ямар нэг сэдэл санаа байгаагүй, өрсөлдөгчийн зүгээс шидсэн дэгээ байсан байх. Тухайн үед гаднын компаниас хандив авсан хэргээр нэр дэвшигчээс эргүүлэн татаж болох байсан ч тэгээгүй. Сонгуулийн дараа ч хуулийн асуудал үүсээгүй. Үр дүн гэвэл хоёроор гарч болох байсан нэр дэвшигч гурваар гарч, хоёр дахь шатны санал хураалтад орж чадаагүй л байх.
Харин эсрэгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс хэлсэн дээрх үг олон нийтийн дунд эргэлзээ авч ирсэн гэж болно. Өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг ингэж дарамтлах, хувийн байдал, сул талыг нь дөрөөлөн доромжлон гутаах эрхтэй юу? гэдэг асуулт. Магадгүй, Засгийн газрыг огцруулсны маргаашнаас яригдаж эхэлсэн “Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдлаа” гэдэг шүүмжлэл ч гэсэн санал хураалтын дүнтэй биш, чуулганы индэр дээрээс хэлсэн энэ үгтэй нь хамаатай байх.
Ер нь бол Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудал нь парламентын бүрэн эрхийн асуудал болохоос биш, Ерөнхийлөгчид хамааралгүй. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэх л үүрэгтэй, чөлөөлөх нь парламентын асуудал.
Үндсэн хуульд бичсэнээр, Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцох бөгөөд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно. /33.3 дахь заалт/ Өөрөөр хэлбэл, хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүдтэй мэтгэлцэх эрх байхгүй.
Тиймээс гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр хэлсэн зарим үг шууд бусаар Ерөнхийлөгч рүү чиглэсэн байх талтай. “Парламентын гишүүдийг айлгах, дуугүй болгох гэж хуулийн байгууллагуудаар айлгаж ичээж эхэлж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглах нь гэмт хэрэг. Хуулийн байгууллагын нөөцийг хувийн зорилгодоо ашиглах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой, дарга нарын дур зорго байж болохгүй. Монгол Улсад эрх мэдэл хувиарилсан, харилцан хяналттай Үндсэн хуулийн байгууллагууд байх ёстой болохоос биш, бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон эрх мэдэлтэн, түүнийг тойрч эргэлддэг хуулийн байгууллагуудын сүрэг байж болохгүй” гэж.
Эцэст нь хэлэхэд, С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал, хувийн үзэл бодол, тодорхой асуудлуудаар илэрхийлсэн улс төрийн байр суурь зэрэг нь түүнийг тодорхойгүй нэг гэмт хэрэгт буруутгах, шүүхгүйгээр яллах үндэслэл биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш.
inews.mn
Зочин