Ши Жиньпиний шидэт буузны хачир нь Монгол уу!
Орос, Хятадын харилцааны цусыг сэлбэсэн Монгол “амжилт”
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчилж Дорнын эдийн засгийн IV форумд оролцлоо. Монголд түүний айлчлалын дүнг хэн нэгэн болон аль нэг байгууллага хараахан дүгнэж амжаагүй байгаа бол Хятадын тал уг айлчлалд аль хэдийнэ сансар мандалд хөөртөл ач холбогдол өгч эхэлжээ.
Товчхондоо Монголд “гурван улсын харилцаа” гэж онцлоод байсан хэдий ч Хятадад бол “Орос, Хятадын харилцааг шинэ эрч хүчээр сэлбэлээ” гэцгээж байна. Ялангуяа Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн хэлснээр бол “хоёр орны харилцааны хөгжлийн дундаршгүй хөдөлгөх хүч “-ийг тодорхойлсон гэнэ. Мөн Дорнын эдийн засгийн форумын зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Антон Кобияков “Ши Жиньпин дарга тус форумд оролцсон явдал нь Орос, Хятадын харилцааны хөгжлийн шинэ бэлэг тэмдэг болсон”, Монгол Улсын олон улсын асуудал судлаач, дипломатч Д.Баярхүү “Ши Жиньпин даргын хэлсэн үг Зүүн Хойд Азийн эдийн засгийн бүх талын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг Хятад улс дэмжиж байгаа тухай тодорхой дохио өгсөн” гэхчлэн дүгнэжээ.
Энэ удаад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дөрвөн сарын дотор гурав дахь удаагаа уулзсан. Төрийн тэргүүн нарын ийм нягт харилцаа Хятад, Оросын харилцааны онцлог болж, сүүлийн таван жилд тэд 20 гаруй удаа уулзсаныг Хятадын хэвлэлүүд онцолж байна. Тэр ч байтугай “Хоёр орны төрийн тэргүүн нарын харилцаа нягт байгаа нь гэр бүл, найз нөхдийн харилцаагаар илэрч байна. Тухайлбал, энэ оны зургадугаар сард, В.Путин Хятадад айлчлах үеэр, Ши Жиньпин дарга түүнтэй Бээжингээс Тяньжинь руу хурдны галт тэргээр зорчин, оройн зоогт Путин Тяньжинь нутгийн бууз идэж, өөрийн гараар хийсэн боорцгоо Ши Жиньпинд амсуулан, “Намайг хийсэн гэдгийг битгий мартаарай” гэж хэлсэн юм” хэмээн бичжээ.
Дорнын эдийн засгийн IV форумын бүгд хуралд Ши Жиньпин дарга нэгэн сэтгэл догдлом түүхийг ярьсан гэнэ. Тэрбээр “Хятадын Вэньчүаний газар хөдлөлтийн гамшигт өртсөн 900 хүүхдийг Владивостокийн хүүхдийн Океан төв хүлээн авч, асран сувилсан юм. Хятадын хүүхдүүд тэнд халуун дулаан хайр халамж хүртэж, Орос оронд хайртай болсон. Тэр хүүхдүүдийн нэг Ши Жүньфэй том болоод ОХУ-д суралцана гэж мөрөөддөг байж. Тэр мөрөөдлөө бичиж шилэн лонхонд хийж, тэнгист тавьжээ. Хэдэн сарын дараа тэр лонхыг тус төвийн ажилчид олж авсан гэдэг. Одоо түүний мөрөөдөл нэгэнт биелж Ши Жүньфэй Оросын Алс Дорнодын их сургуульд суралцаж байна” гэжээ.
Түүнчлэн “Хятад, Оросын Төрийн тэргүүн нар Владивосток хотод уулзсан өдөр хэдэн алс тэртээх Санкт Петербург хотын дуурийн театрт Оросын зохиолч Васильевын өгүүллэгээр Хятадын Үндэсний дуурийн театрын бүтээсэн "Үүрээр энд намуухан” дуурь тоглож байлаа”..гэхчлэн илэрхийлжээ.
Дашрамд дурдахад 2017 оны долдугаар сард Москва хотод Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нарын гарын үсэг зурсан "БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэл"-д иргэдийн харилцааг бэхжүүлж, соёлоо уялдуулах нь хоёр орны үеийн үед найрсаг байхын үндэс суурь мөн” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнтэй холбоотой нэг статистик дурдахад 2017 онд Хятадын 1.7 сая жуулчин ОХУ-д аялж, Оросын 2.3 сая жуулчин Хятадад аялсан. Мөн 2016 онд Хятад, Оросын оюутан солилцооны нийлбэр 70 мянгад хүрч, 2020 онд 100 мянгад хүрэх төлөвтэй байгааг энэ үеэр эш татаж байв.
Ерөнхийлөгч Монголд хэрэггүй сэдвээр огт ярьдаггүйг ойлго!
Монголын хувьд яахав дээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа яаж ашигтайгаар экспортолж “оролцогч” байж чадах вэ гэдэг асуудал л тавьдаг. Мэдээж хэзээ ч гол тоглогч болохгүйгээ ойлгосны хувьд туслах дүрд гологдохгүй байх нь зөв биз. Эдийн засгийн коридороо ярьсан хэвээрээ байгаа, хийн хоолойн хувьд В.Путин Чиндаод дэмжихээ илэрхийлж, Ши Жиньпин Владивостокт судлахаа амласан л амжилттай байгааг дэвэргэх хэрэггүй юм.
ОХУ-аас хүссэн 100 тэрбум рублийн зээлийн хариуд тус улсын Сангийн яам ямар гэгч өндөр шаардлага тавьсан болоод Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ шаардлагыг биелүүлнэ гэвэл бүтэхгүй” гэсэн юм бол. Үнийн дүн өндөртөө биш, шат дараалахгүй, шууд олгох боломжтой гэсэн гэж байгаа. Ямартай ч оросуудын шаардаад байгаа тарифын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэсэн. Дээр нь хэдийгээр төсөвтөө хүндрэл учруулахгүй шийдэх гэж оролдсон ч гэсэн Халхгол сумаа 10 орчим сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг Оросын талаар шийдүүлэхээр болсон нь саяхан Энэтхэгийн Засгийн газар Хөвсгөлийн Их-Уул суманд аадрын улмаас олон айл сүйдсэнд 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон шиг үйл явдал болчихов уу даа.
Ерөнхийлөгч хэлэхдээ “2020 онд хоёр хөршийн худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэхэд нь чамлахааргүй ашиг хүртэх хэрэгтэй. Тиймээс хийн хоолойгоос, нэг их наяд орчим рублиэр яригдаад байгаа өндөр “үнэтэй” аварга гүүрний бүтээн байгуулалтаас ч атугай хөрш орны хувьд ашиг хонжоо олохыг хичээж буйгаа нуухгүй байгаа хэрэг.
Эхлээд магтаж, эдүгээ муулж, бас эргэлзэж эхэлсэн тарифын хэлэлцээр хэрэв Монголд ашиггүй байсан бол арваад жилийн турш зүтгэх, одоо олзуурхах байсан уу. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлахдаа “ОХУ-аар дамжин өнгөрөх Монголын бараа бүтээгдэхүүн боомтуудад очихдоо 25 жилийн турш тарифын хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Харамсалтай нь, манай бизнесийнхэн боомтын худалдааны тухайд туршлага мэдлэг багатай учраас суралцах судлах шаардлагатай байгаа нь харагдлаа, цаашид суралцах хэрэгтэй” гэсэн юм. Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улсуудтай худалдаа хийж дэлхийн зах зээлд дэлхийн үнээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн “уриа үг”-ийг ажил хэрэг болгож байгаа болохоос “Тувагийн нүүрсийг хямд үнээр Хятадад нийлүүлэх гэж байгаа юм” гэж монгол хүн тайлбарлаад эхлэхээр юу болж таарах вэ.
Ач холбогдол өгөхгүй байхын аргагүй нэг амжилт бол Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлын эхлэл эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төслийн ТЭЗҮ бэлэн болжээ.
Товчхондоо Дорнын эдийн засгийн форум бол гурван улсын Төрийн тэргүүний уулзалтаас өөр. Гэхдээ боломжийг ашиглахгүйн тулд оролцогчид улс орныхоо тулгамдсан асуудлаас аль болох олныг шийдээд буцахыг хичээдэг. Төрийн тэргүүн хүн улс орныхоо нийтлэг эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг учраас “гоё ярих” бус улсынхаа нэрийн өмнөөс ашиг олох шаардлага тавигддаг. Тиймээс Ерөнхийлөгчийн ярианд “хэрэггүй сэдэв” байдаггүй. Монголын ард түмэн өөрсдийн саналаар, бүр хоёр удаагийн саналаар сонгосон Ерөнхийлөгчөө яаж үнэлнэ, хөршүүд түүнээс нэлээд чиг, жишиг авч харьцдаг. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хийгээд адлагдсан Ерөнхийлөгчтэй улсын асуудал хэрхэн шийдэгдэж байгааг мэдээллийн энэ зуунд хаанаас ч олж харж болно. Тиймээс шүүмжлэх гэж яарахаас урьтаж олсон амжилтыг нь зөв үнэлснээр цаашид иргэдийнхээ төлөө ажиллах боломжийг нь тавьж олгох нь зүйтэй биз ээ. Учир нь Х.Баттулгатайгаа хамт Монгол азтай байх, адлагдах тавилантай юм, лав түүний бүрэн эрхийн хугацаанд…