АВЬЯАСЫН ТЭГШИТГЭЛ
Хан Ган зохиолчийн бүтээлээс хамгийн түрүүнд ухаан нь уншигдана. Ухаан нь тэмтрэгдэнэ.
Авьяас ба Нобел
Авьяас гэж юу вэ гэж асуух хүн олон. Хэлбэрийн хувьд авьяас олон янз. Гэхдээ мөн чанарын хувьд нэг л энгийн утгад хураагдана. Шинэ зүйл бүтээх чадвар. Хэн шинэ сэргэгийн эрэлд хатаж явнав, ямар улс шинэ зүйл бүтээж чадав, түүнд сайхан амьдрал ирж, тэнд хөгжил дэвшил цогцолдог нь хүмүүн төрөлхтний түүхэнд бичигдээгүй хууль. Нобелийн шагнал бол угтаа хүн төрөлхтөнд шинэ зүйл бүтээж өгсөн хүмүүст олгодог хамгийн нэр хүндтэй шагнал билээ. Шинэ сэргэгийн эрэлчид, шинийг бүтээгчдэд олгож ирсэн учраас л хэдий их маргаан, шуугиан дагуулдаг ч хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Ийм ч учраас Нобелийн шагнал гэдэг орчин үеийн дэлхий ертөнцийн авьяас, ур чадварын нэг чухаг илэрхийлэл гэхэд огтоос буруудахгүй.
Энэ жилийн Нобелийн физикийн шагнал хиймэл оюун ухааны судалгааг үндэслэгчдэд очсон нь чухамдаа зүй ёсны хэрэг байв. Харин уран зохиолын салбарын Нобель хүртсэн солонгос бүсгүй Хан Ган олон хүнийг гайхширууллаа. Яг уран зохиол шимтэн уншигчдын хүрээнд бол аль хэдийнэ танил болсон энэ зохиолч Харүки Мураками, Стивен Кинг зэрэг аварга борлуулалттай одуудын дэргэд үнэхээр л жижиг загас. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил болон медиа зах зээлийн тэсрэлтээрээ дэлхийд гайхуулж буй Өмнөд Солонгосчуудын хувьд харин энэ мэдээ маш том ялалт байв. Уламжлалт, модон үгээр хэлбэл энэ шагнал бол зөвхөн Хан Ганд өгсөн шагнал биш эх нутаг, хэл, соёл нь их гүрнүүдийн ашиг сонирхолд хэрчүүлсэн 1000 жилийн түүхэндээ Солонгос орон, солонгос хүн дэлхийн хүндлэлийг оюун санааны хувьд хүлээж буй алтан үеийн нэгэн оргил мөч юм.
Энэ шагнал бол зөвхөн Хан Ганд өгсөн шагнал биш эх нутаг, хэл, соёл нь их гүрнүүдийн ашиг сонирхолд хэрчүүлсэн 1000 жилийн түүхэндээ Солонгос орон, солонгос хүн дэлхийн хүндлэлийг оюун санааны хувьд хүлээж буй алтан үеийн нэгэн оргил мөч юм.
Авьяасын үүсвэр: УХААН
Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг нэгэнтээ “Ухаан өөрөө авьяас” хэмээсэн нь бий. Хан Ган зохиолчийн бүтээлээс хамгийн түрүүнд ухаан нь уншигдана. Ухаан нь тэмтрэгдэнэ.
Эх орондоо 2007 онд хэвлүүлсэн “Цагаан хоолтон” роман нь 2016 онд англи хэлнээ орчуулагдан гарч, Бүүкерийн шагнал хүртсэнээр Хан Ган дэлхийн уншигчдын танил болсон юм. Гэхдээ энд бид зохиолчийн хамгийн алдартай романы тухай биш хамгийн даацтай бүтээлийн тухай ярихыг хүслээ.
Англи хэлнээ “Human acts” хэмээн орчуулагдсан, эх солонгос хэлэндээ “Хөвгүүн ирлээ” гэх утгатай нэр бүхий романаа Хан Ган 2014 онд анх хэвлүүлжээ. “Цагаан хоолтон”-оос долоон жилийн дараа энэхүү номд зохиолчийн хийдэг сэтгэлзүйн хурц задлал, хөврөлүүд илүү энгийн атлаа хүчирхэг болсон гэж судлаачид үздэг юм байна.
“Human acts” хэмээх англи орчуулгын нэр нь угтаа романдаа илүү зохицсон мэт санагдсаныг нуух юун. Хүн үйлдэл, хүн үйлс, хүн үзэгдлүүд гэж янз бүрийн утга оноож болмоор энэ нэршлийг романы өгүүлэмж, зохиолчийн дуугарсан утга санаатай холбоод бодвол “Хүмүүн үзэгдлүүд” гэж орчуулж болмоор (Гэхдээ уг романыг монгол хэлнээ солонгос эхээс нь орчуулсан тул “Хөвгүүн ирлээ” хэмээх нэршлийг дагах нь зүй юм). 1980 онд Өмнөд Солонгосын Гуанжу хотод цэргийн дэглэмийн эсрэг тэмцсэн иргэдийг хядсан үйл явдлын хөлд нэрвэгдсэн хүмүүсийн сэтгэлийн шаналлыг өөр өөр өнцгөөс, өөр өөр дүрийн үүднээс бичсэн эл роман нээрээ л зохиолч хүн хүний дүрд хувилах мэт, эмгэнэлт хядлагыг тойрсон хүмүүсийн сэтгэлийг үзэгдэл болгон дэглэжээ.
Зохиолчийн дэглэлт тун энгийн. Бодит түүхийн сүүдэртэй, хоосон хэсгүүдийг нөхсөн сэтгэхгүйн зураглалуудаас роман бүтнэ. Бодит түүх гэвэл, 1980 оны тавдугаар сарын 18-нд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн иргэдийг цэргийн хүчээр тараах оролдлого бүтэлгүйтэж, гурав хоногийн дараа бослого болтлоо өргөжсөн энгийн иргэд цэргийнхнийг хотоосоо хөөн гаргасан. Яг зургаан хоногийн дараа цэргийн дарангуйлагч Жон Дү Хуаны тушаалаар 20 мянган цэрэг Гуанжуд нэвтэрч, иргэдийн бослогыг цус асгаруулан дарсан. Түүхийг уран зохиолын хэлд хөрвүүлэхдээ зохиолч, бослогын төв цэг, гол штаб болох хотын захиргааны байранд сайн дураар ажиллаж байсан 15 настай Дунху хүүтэй ямар нэг байдлаар хамаатах зургаан хүний амьдрал, хувь тавилан, сэтгэлийн дэнсэлгээг тус тусдаа үзэгдэл маягаар дэглэсэн байна. Үзэгдэл бүхэн туурвилзүйн өөр өөр хэлбэртэй ч хамгийн гол зохиомж нь дүрүүдийн дотоод сэтгэлийн өчил буюу монолог байна. Өчил бүхэн Дунху руу хандаж, хүүгээс үүдсэн эргэцүүлэл, шаналал, эрслэл байна. Романд салангид дүрүүд өөр өөрийн сэтгэцээр ярьж байгаа ч, дүрүүдийн амьдралыг даган Дунху хүү цаг хугацааны аялал хийж байгаа мэт, өөрийн нүдээр үзэж чадаагүй амьдралын өрнөлийг өрөөлийн сэтгэлээр туулж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ бол романд Хан Ганы бүтээж чадсан хамгийн чухаг зохиомжийн ололт юм. Энэ бол ухаан. Хан Ган зохиолчийн эцэг, ах дүүс нь цөм Солонгостоо нэртэй зохиолчид. Солонгосын сүүлийн хагас зууны ээдрээ нугачаатай амьдрал дундаас өндийсөн ийм нэгэн сэхээтэн гэр бүлийн хоёр дахь үеэс Нобелийн шагналтан төржээ. Хөгжил дэвшил, амжилт бүтээл гэдэг зүгээр тэнгэр хараад явж байхад унаад ирдэггүйн жишээ энэ.
Хан Ган зохиолчийн эцэг, ах дүүс нь цөм Солонгостоо нэртэй зохиолчид. Солонгосын сүүлийн хагас зууны ээдрээ нугачаатай амьдрал дундаас өндийсөн ийм нэгэн сэхээтэн гэр бүлийн хоёр дахь үеэс Нобелийн шагналтан төржээ.
Авьяасын нэмэгдэхүүн: ЭМЗЭГЛЭЛ
Монголын орчин үеийн жүжгийн зохиолын үндэслэгч Д.Намдаг нэгэнтээ “Авьяас бол эмзэглэл” хэмээжээ. Хан Ган зохиолчийн бүтээлээс ухаан эхэлж тэмтрэгдээд, лавшруулж сайтар мэдэрвэл эмзэглэл нь барим тавим тодрон биежих болно.
Иргэд хотын захиргааг хяналтдаа авч, бослогын үеэр амь насаа алдсан хүмүүсийн цогцсыг таниулах ажил ид өрнөж байхад романы гол дүр болох 15 настай хүү Дунху хүрч ирнэ. Дунху хүү цэргүүд бослогыг цус асгаруулан тараах үеэр найзыгаа буудуулахыг харсан ч, гуянд нь туссан сумны нүхээр цус олгойдохыг олж үзсэн ч тусалж чадаагүйдээ сэтгэлийн угаас шанална. Хүү зөвхөн найзынхаа араас шаналсангүй. Өөрийгөө ч, хүмүүсийг хүмүүн бусаар харгислан хороож буй хүчийг ч өршөөхгүй хэмээн өөртөө андгайлна. Ийм ч учраас амь үрэгдсэн хүмүүсийг ар гэрт нь таниулах ажилд сайн дураар тусалж, биедээ ахадсан ачаа үүрэн зүтгэх нь тэнд ажиллаж байсан бусад хүмүүст гүн сэтгэгдэл үлдээх болно. Дунху хүү тавдугаар сарын 27-нд Засгийн газрын цэрэг хотод нэвтрэх үеэр гэртээ харих ёстой байсан ч томчуудтай цуг үлдэж, бослогын эцсийг үзэхээр шийднэ.
Цэргүүд хотын захиргаанд хүч түрэн орж ирж, босогчдыг цус асгаруулан дарах үеэр хэн ч түүнийг хүүхэд гэж өрөвдсөнгүй. Бууж өгч, жагсан зогсож байсан хүүхдүүдийг цэргүүд өршөөлгүй буудаж орхино. Романы гол дүрийн туулсан бүхэн ердөө л энэ. Гэхдээ энэ богинохон амьдрал, үйлс тэнд байгсдын бодол санаанаас хэзээ ч үл гарна. Нэг хүн, нэг хувь тавилангийн огтлолцол цаашаа хөвөрдвөөс үл барагдах урт үйлийн гогцоо болж үргэлжилсээр роман эс төгсөнө.
Цогцос таниулах ажлыг удирдаж байсан залуу амиа хорлоно. Тэрхүү залуутай цугтаа тамлуулж байсан эр өөрийн шаналант амьдралын хажуугаар түүнийг дурсана. Амиа хорлох бодолтой өдөр бүр нүүр тулж амьдарна:
Би тэмцэлдэж байна. Өдөр бүр ганцаар тэмцэлддэг. Амьд үлдсэн гэдэг, амьд байгаа гэдэг гутамшигт үйлтэйгээ тэмцэлддэг. Би хүн гэдэг үнэнтэй тэмцэлддэг. Ганцхан үхэл л тэр үнэнээс татаж холдуулах цорын ганц арга зам гэдэг бодолтой тэмцэлддэг. Та, надтай адилхан хүмүүн та ямар хариултыг надад өгч чадах вэ?
Дунху хүүг гэртээ харихыг ятгаж байсан хоёр залуухан бүсгүйн нэг нь хожим үргэлжлүүлэн дарангуй засагтай тэмцсээр л байх бол нөгөө нь хэвлэлийн редактор болж дарангуйлагчдад бие, сэтгэлээрээ ахин тамлуулсаар л байна. Олон жилийн дараа Гуанжугийн бослогын талаар өгүүлэх эсэргүү жүжгийг үзэхэд бүсгүйн сэтгэлд Дунху хүү харван орж ирнэ.
Дунху хүүг цэргүүдэд шүршүүлэн унахыг аль эрт бослогын эхний өдөр алагдсан найзынх нь сүнс мэдэрнэ. Найзынх нь сүнс биеэ орхиж чадалгүй хоморголон хөнөөсөн хүмүүсийн цогцсыг овоолсон ойн гүнд байсаар л байна. Цэргүүд биеийг нь шатаахыг харсан сүнс эрх чөлөөтэй болж хаашаа ч юм очихыг хүсэж байна. Хайртай эгч нь, бас найз Дунху нь алагдсан. Гэвч тэдний сүнстэй уулзах эсэх, эсвэл сүнс оргүй болон устах эсэхийг хэн ч мэдэж үл чадна.
Роман Дунху хүүгийн ээжийн шаналант монологоор төгсөнө. Бослогын дараа эдний гэр бүл хэзээ ч эргэж эвлэхээргүй болж, цуурч, эвдэрчээ. Амьд үлдсэн хөвгүүд нь шаналлынхаа араас хэзээ ч өндийж, нэгэнтэйгээ хэвийн харьцаж чадахгүй гэдгийг ойлгосон эх тэртээ олон жилийн өмнө алагдсан хүүгээ бодно. Хүүгийнх нь балчир, жаалхан үес түүний бодол санаанд үргэлж гэрэл татуулан орж ирнэ.
Ээж ээ, тэр нартай хэсэгт цэцэг ч их ургасан байна. Яагаад сүүдэртэй, харанхуй талаар нь явж байгаа юм. Тэр талаар яв. Цэцэг дэлгэрсэн талаар нь!
Романы үзэгдлийг ийнхүү цааш нь хөвөрдөөд байвал дүрээс ургах дүр, орон зайгаас ургах орон зай, цаг хугацаанаас ургах цаг хугацаа цаашид хязгааргүй үргэлжлэх нь, Гуанжугийн бослогын зовлон шаналан хэзээ ч дуусашгүй мэт мэдрэгдэнэ. Чухамдаа энэ л постмодерн утга зохиолын гол онцлог билээ. Гуанжугийн бослогын хөндүүр сэдэв, олон нийтийн нэрээр засаглагч төрийн хуурмаг мөн чанар хийгээд, хүний оюун санааны давтагдашгүй үнэт чанарын талаар концепцийг Хан Ган чивчиртэл нь хөгжүүлж чадсан юм. Модерн уран зохиол үзэл санаа, туурвилзүйн ур, сэтгэлзүйн боловсруулалт, цогц байдлаараа үнэлэгддэг бол постмодерн хүүрнэл гаргаж тавьсан цөм утга буюу концепцоороо, түүнийгээ хэрхэн гоо зүйн нээлт болгож чадсанаараа үнэлэгддэг юм.
Энэхүү концепцоо зохиолч сэтгэлийн эмзэглэлээ дүрд шингээх замаар амилуулжээ. Үүнд өөрийнх нь эмзэглэл, эх орныхоо, эх орныг нь бүтээгч эгэл хүмүүсийн туулж өнгөрүүлсэн зовлонт хувь тавилан, цусан мөр татуулсан зам хүчтэй нөлөөлжээ. Зохиолч Гуанжугийн бослогын талаар асар их судалгаа хийсэн бөгөөд заримдаа нэг өдөр гурван өгүүлбэр арай чамай бичих хүртлээ эмзэглэн зовуурилж байж романыхаа ард гарснаа нуулгүй өгүүлжээ.
Гуанжугийн бослогын хөндүүр сэдэв, олон нийтийн нэрээр засаглагч төрийн хуурмаг мөн чанар хийгээд, хүний оюун санааны давтагдашгүй үнэт чанарын талаар концепцийг Хан Ган чивчиртэл нь хөгжүүлж чадсан юм.
Авьяасын үржвэр: ЭР ЗОРИГ
“Хөвгүүн ирлээ” романы дөрөвдүгээр бүлэгт улс төрийн гэмт хэрэгтэн эр ийн өгүүлнэ:
“Цэргүүдийн буудаж алсан хүмүүсийн цогцсыг түрдэг тэргэн дээр ачин тэргүүн эгнээнд явуулж, хэдэн зуун мянган хүмүүстэй хамт бууны амны өөдөөс харан зогсож байсан тэр өдөр гэнэт эрж олсон сэтгэл доторх цэвэрхэн нэгэн зүйлийг би гайхлаа. Дахиж айхгүй гэсэн мэдрэмж, хэдэн зуун мянган хүний цус нийлж асар том судас бий болгосон мэт санагдсан тэр тод мэдрэмжийг санаж байна. Тэр судсаар урсах хорвоогийн хамгийн агуу, эрхэм нандин зүрхний цохилтыг би мэдэрсэн. Би түүний нэг хэсэг нь болсон гэдгээ мэдэрсэн билээ”.
Гуанжугийн бослого бол эдийн засгийн эрчимтэй хөгжлийн нэр дор оршин тогтнож байсан цэргийн дарангуйллын эсрэг Солонгосын ард түмний хамгийн хүчтэй тэмцэл байсан юм.
Ард түмэн хувь хүний эрхийн төлөө гар гараасаа барьж, эцсээ хүртэл эрэлхэгээр тэмцсэний үр дүнд өнөөдрийн хөгжингүй Солонгос орныг буй болгосон ёс суртахууны үр соёолжээ. Солонгосын хөгжлийн үр бол эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн эгэл жирийн хүмүүсийн цусан дээр ургасан гэдгийг Хан Ган зохиолч эр зоригтойгоор бичсэний хүчинд дэлхий дахин мэдэх болов. Энэ бол яах аргагүй авьяасын нэг чухаг хүчин зүйл ажээ.
Энэ бослогоос найман жилийн дараа Өмнөд Солонгост цэргийн дарангуйлал эцэс болсон билээ. Өнөөдөр Өмнөд Солонгосчууд энэ гутамшигт, цуст түүхээ дэлхий дахинд ил болгож, Гуанжу хотыг Азийн соёл хүмүүнлэгийн төв болгохыг зорьж байна. Манай яруу найрагч Д.Урианхайг чухам энэ ажлын хүрээнд Гуаунжу дахь Азийн соёлын төвөөс “Азийн тэргүүн яруу найрагч”-аар зарлаж байв. Зохиолч хүний хамгийн чухал итгэл бол магадгүй өөртөө итгэх итгэлээс илүү бусдад итгэх итгэл, хүн төрөлхтөнд итгэх итгэл юм. Өөрийнх нь ухаан, эмзэглэлийг хуваалцах ганц ч болов хүн энэ ертөнцөд бий гэсэн итгэл, тэр итгэлээс үүдэн үзгээ барьж буй эр зориг л зохиолч хүний авьяасын хэмжүүр юм.
"Авьяасгүй Монгол"
Хан Ган хэмээх шавилхан солонгос бүсгүйд ухаан дээр нэмэх нь эмзэглэл, түүнийг үржих нь эр зоригийн тэгшитгэл бүрдсэнээс тэр ийнхүү олон улсын хэмжээний зохиолч болж чаджээ. Харин бидэнд энэхүү тэгшитгэл бий юу?
Гуанжугийн бослогын үеэр аравхан өдрийн дотор 2000 хүн амь үрэгдсэн бүдүүвч тоо бий. Харин 1930-аад онд Монголд болсон их хядлагаар 40000 гаруй гэм буруугүй хүний амь насыг хөнөөсөн. Гэтэл бид үүнийг “Хэлмэгдүүлэлт” нэрээр зөөлрүүлэн нэрлэж, тэр үеийн тухай дурсахыг одоо ч цааргалсан хэвээр байна. Хүн амын 10 гаруй хувийг аймаглан устгасан байхад тэр тухай дорвитой, чанартай судалгааны бүтээл ч үгүй л сууцгааж байна. Арван хүн тутмын нэгийг хөнөөсөн дарангуйлагчаа өдгөө ч шүтсэн хэвээр. Монголчуудын зориг зүрхийг 1930-аад онд шөнөөр гэрээс нь нэг нэгээр нь баривчилж аваачаад суга татчихсан юм шиг л дуулгавартай иргэдтэй болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдлыг ч мартуулж, барууны даалгавар мэтээр сурталдах болсоор удлаа. Үүнийг сөрж буй бичиж буй зохиолчид бий ч тэдний дуу хоолой хэт сул, бүтээлийн чанар ч сул хэвээр л байна.
Үр дүнд нь монголчууд дэлхийн хөгжлөөс сүүл мушгиж байна. Швейцарь дахь “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2024”-ийг танилцуулахад Монгол Улс сүүл мушгижээ. Энэ тайланг гаргахдаа боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хэрхэн хамгаалдаг, шинжлэх ухааны салбарын хуулийн зохицуулалтаа хэрхэн шинэчилж байгаа зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг ажээ.
Монголчуудын амьдралын чанар 66 дугаарт, санхүүгийн ур чадвар 64 дүгээрт, менежерүүдийн ур чадвар, олон улсын туршлага 66 дугаарт, их сургуулийн боловсрол 64 дүгээрт оржээ. Монголд нэг багшид 31-32 сурагч оногдож буй нь, мөн нэг сурагчид оногдох хувьсах зардлын хэмжээ Монголынх 548 доллар (өмнөх орноосоо 2 дахин бага үзүүлэлт) байгаа нь бидний авьяас чадварын үзүүлэлт уланд буй шалтгаан гэж дэлхий хэлээд өгчихөв. Монголчууд авьяасгүйдээ биш авьяасыг нь бодлогоор хөгжүүлдэггүй учраас л ертөнцөд шившиг болж суугаа нь энэ.
Үзүүлэлт бүхнийг нь шүүрдээд харьцуулахад солонгосчууд биднээс бүх талаар хэд дахин илүү явна. Яагаад вэ? Тэд авьяасын тэгшитгэлээ бүрэн ашиглажээ. Солонгосчуудад, монголчуудад ч ухаан бий, мэдээж хэрэг эмзэглэл бий. Харин эр зориг? Бид нийгмийнхээ болох бүтэхгүйн эсрэг, төр засгийнхаа харалган, улаан цайм луйврын шинжтэй бодлогын эсрэг Гуанжугийн иргэд шиг босож чадах уу? Бидэнд үнэнийг өгүүлэх Хан Ган шиг авьяастан байна уу?
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
keys-shop.in
Гомбо