Пянз, пионер хоёрын тухай товчхон
Хэрүүл, хөгжим хоёр нэг доор орших учиргүй тул тэр групп хэрүүлээс ангид групп авч Болдын пянзны үнээс болж хэлцэл, сөргөлдөөн үүссэн бөгөөд энэ талаар тэнд нэгэнт ярьж буй тул энд нуршаад яахав …
Пянз сонсдог хүмүүс үхсэн цагт Монгол улс хөгжинө…
Энэ нэг хүний хэлсэн үгний ерөнхий утга юм. Тэрээр пянз, пионер хоёр бол хуучин цагийн хоцрогдол гэж бодоод Баабарын “ бидний үе үхэж дуусахад л Монголд сэтгэлгээний шинэчлэл эхлэнэ…” гэсэнтэй дөхүүлж цэцэрхэж буй царай нь энэ л дээ.
Пянз гэж хятад үг юм гэнэлээ.
Анх Фонограф бичлэг гэж (Британийн англи хэлэнд граммафон гэж хэлэгдэг), ихэнхдээ зүүгээр л тэмдэглэдэг спираль ховил бүхий хавтгай диск хэлбэртэй аналог дуу авианы бичлэгийг нэрлэдэг байж.
1940-өөд оноос эхлэн поливаинил хлорид зээрэнцэг бичлэгт хэрэглэж ирснээр вайнил хэмээн нэрлэх болсон бөгөөд LP ( лонг плэй гэсэн үгний товчлол) гэж ч нэрлэх болжээ.
Фонограф диск нь 20-р зууны турш хөгжмийг хуулбарлахад ашигладаг үндсэн хэрэгсэл байсан бөгөөд 1980 аад оны дундаас си ди хэмээх тоон хэлбэрт бичлэг гарч ирснээр пянз хог болж эхэлсэн. Пянз яг зуун жилийн өмнө буюу нь 1880-аад оны сүүл үеэс гарч ирээд 1980 аад оны сүүл үеэс арав гаран жил хаягдаад одоо буцаад бүх дэлхийг бүрхлээ.
Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм гэдэгтээ ч биш аналог бичлэгийг ямар ч тоо орлож чадахгүй болохыг эргэж нээснээр ингэж хөгжимд дуртай хүмүүсийн дунд буцаад пянз орж ирлээ.
2014 онд АНУ-д 9.2 сая пянз зарагдсан нь 2009 оноос хойш 260% -иар өссөн бараг үлгэрийн тоо юм байна. Гэхдээ пянз буцаж бүх нийтийн болоход нэг том саад буй нь түүнийг тоглуулах хэрэгслүүдийн асуудал юм.
Пянз тоглуулагч сайн нь 500 гаас 5000 доллар (мэдээж бүр үнэтэй ч бий) байх агаад тэр фоно сигналыг эхлээд лайн болгож өөрчлөх фоно урьдчилсан өсгөгч, тэгээд түүнийг задлан нарийвчилдаг урьдчилсан өсгөгч, түүний дараа чадлын өсгөгч тэгээд тэр авиа хоёр чанга яригчаар дамжиж дуугардаг билээ. Одоо үнэгүй дуу хөгжим хаа сайгүй болсон бөгөөд гар утсаар компютерээр сонсож болдог интернет радио, ютуб, айтунес … зэрэг 24 цаг дуугарч байхад тийм зүйлс худалдаж авахгүй бол пянз гэдэг зүгээр л нэг хар хавтгай бөөрөнцөг юм. Энэ төхөөрөмжүүдийг дотор нь олон зэрэгт хуваах бөгөөд HI-FI хэмээх өндөр үзүүлэлтийн өсгөгчид дундаж үнэтэй байдаг бол HIGH- END гэж өндөр үнэтэй, лампын голдуу өсөгчөөр бол аналог авиа яг номын дагуу амьд сонсогдох бөлгөө.
Гэтэл ийм төхөөрөмжүүд олон хэсгүүдээс бүрдэх бөгөөд нэг хэсэг нь л хорин мянган доллар түүнээс ч дээш үнэтэй байх нь түгээмэл. Бүрэн хай энд систем авнаа гэвэл тэр хөгжимд дуртай танд дор хаяж 100 мянга түүнээс ч илүү доллар хэрэгтэй болно гэсэн үг юм.
Монголд ч энэ нөлөө хэдийгээр сул ч гэлээ түрж орж ирж байгаа билээ. Тэмүүлэн, Лемонс, Колорс, Альтарнавив Отгоо гэх мэт бүтээлчид пянзаа гаргасан. Дундаж үнэ нь дэлхийн жишиг 20 доллар буюу 70-80 мянган төгрөг аж. Харин саяхан төрийн соёрхолт дуучин Болд мөн пянзаа гаргасан ч нэг бүрийг нь 200 доллароор үнэлсэн нь хэл ам их дагуулж байна. Уран бүтээлч Болд өөрийнхөө дууг Битлсээс ч өндөр үнээр үнэлэх эрхтэй ч манайд түүнийг нь авах хүн хэд бол гэдэг асуудал юм. Өнөөдөр манайд 560 мянган төгрөгөөр (муугүй пянз тоглуулагч авчих үнэ) хэдэн дуу худалдан авч сонсох хүн хэр олон бол..?
Шог зураач С.Цогтбаяр анх санаачлан миний бие уухайлан түрж “Пянз цуглуулагчдын клуб” хэмээх нүүр номын групп байгуулсан бөгөөд одоо 10 000 гаран гишүүнтэй.
Хэрүүл, хөгжим хоёр нэг доор орших учиргүй тул тэр групп хэрүүлээс ангид групп авч Болдын пянзны үнээс болж хэлцэл, сөргөлдөөн үүссэн бөгөөд энэ талаар тэнд нэгэнт ярьж буй тул энд нуршаад яахав …
Товчхондоо пянзны тухайд нэг иймэрхүү.
Их л үнэтэй хобби учир яг пянзаар дагнан цуглуулах хүмүүс тийм ч олшрох нь юу л бол…пянз хоцрогдсон зүйл гэж боддог улсад л мэдэхгүй нь мэдээд аваг л гэж товчхон дурдахад ийм буюу.
PS: Пионер гэж англи үг юм гэнэлээ.
Англи хэлээр анхдагч гэсэн утгатай. Харин бид бол пионер гэж "Хэзээд бэлхэн" гэсэн тангарагтай, улаан зангиа зүүсэн улаан хамгаалагч маягийн л хүүхдүүдийг гэж ойлгох бөгөөд нээрээ ч одоо пионерыг мэдэх хүн цөөрсөн л дөө. Японы Пионер гэж дээр өгүүлсэн пянзыг тоглуулах хэрэгсэл, өсгөгч зэргийг хийдэг нэртэй фирм байх бөгөөд Японд бас л анхдагчийн нэг юм.
Пионер бол харин гадаад үг болон хоцорч дээ.