СТРАТЕГИЧ

-Хүүхдийн мөнгө+1072 хувьцаа+ Иргэн бүрт газар+Ипотекийн зээлийн “автор”-

Сонгуулийн үр дүнгийн нэгэн сюрприз нь Иргэний Зориг Ногоон Нам байлаа. Нийтээрээ дэлгэцийн өмнө сууцгаан үр дүнг харахдаа хамгийн өндөр санал авсан намуудын жагсаалтын дөрөвт Иргэний Зориг Ногоон Нам байгаад байхаар зарим нь үнэхээр гайхан хүлээж авсан. Сонгуулийн үеэр хэл ам хийлгүй, их л төв маягтай сурталчилгаа хийж, намуухан өрсөлдсөний цаана юу болж өрнөсөн нь анхаарал татлаа. Энэ бол тус намын даргын уран, ухаантай, алсыг харсан нүүдэл гэж харж байна. 

18 настай зээл аван эхэлсэн бизнесээ амжилттай босгож, 21 насандаа долларын саятан болчихсон. Бизнесийн гараа нь амжилттай байсан учраас олон салбарт хөрөнгө оруулалт хийлээ.Гучин нэгэн насандаа УИХ-ын сонгуульд тухайн үеийн дуулиант улстөрчийн нэг УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг тойрогт нь ялж тухайн үеийн парламентын хамгийн залуу гишүүн болж байв. 

Бэрхшээлийг туулж гарах л хамгийн бардам амьдрал. Бизнесийн болон улс төрийн уналтанд ч орж үзлээ. Ялж ч үзлээ. Худалч хүнд Монголын хамаг намыг гүйцээсэн зарим нэгэн түүнийг намаа сольчихож гэж ирээд л өөнтөглөх гэж үзэж байна лээ. Батбаатар Ардчилсан намын хүнд хэцүү үед ч гол дүрүүдийн нэг байж, олон үйл явдлын гэрч, олон үйл явдлын оролцогч байсан юм. “Монголын ирээдүйг ардчилал тодорхойлно” гэж хэлж байсан тэр үзэл санаанаасаа нэг ч удаа буцаагүй. Дүрмийн бус, улстөрийн хар хор ханхалуулсан тоглолт ардчилсан үзэлтэй цөөнгүй хүмүүсийг намаа орхиход хүргэсэн.

Зэрвэс харахад оньсого таавар мэт энэ нөхөр зарим нэгний энэ насандаа ч мөрөөдөөгүй олон зүйлд хүч үзсэн. Тэрбум тэрбумаараа нэгэн дэлхийд оршин байвч явсан туулсан замууд нь өөр, өөр. Тийм нэгэн эрхэм Батын Батбаатарын тухай дор дэлгэрүүлье.

Цагдаагийн хурандаа аав, холбоочин ээж, найман хүүхэдтэй өнөр бүлийн дөрөв дэх хүү болсон тэрбээр манай улсад ардчилсан хувьсгал дөнгөж гарч, нийгэм өөрчлөгдсөн шилжилтийн үед дунд сургууль төгсөв. Бичиг үсэг сурсан цагаасаа номд хорхойсож, дөрөвдүгээр ангийн жаахан хүү монгол бичиг, тод үсэг ч сурчээ.Бас болоогүй уран зохиолд хорхойсон, дугуйлан дамжаанд явж, шүлэг хүртэл бичдэг болов. 

Сургууль төсгөх жилээ зээл хөөцөлдлөө. Аавынхаа хуучинмашинаа сэмбийтэл нь засаад барьцаанд тавьж, зээл хөөцөлдсөн, бүтчихлээ. За ингээд бизнесийн замналаа эхэллээ. Монголын нийгмийн шилжилтийн үеийн хүндхэн өдрүүд үргэлжилж байв. Гэр хороололд өсөж, эгэл бор амьдралыг туулж, нэг охин, долоон хөвгүүнтэй айлд дэгтэй хүмүүжсэн Б.Батбаатар үүнээс ч өмнө сурагч байхдаа ойр зуурын наймаа хийж эхэлжээ. Болоогүй ээ, 17-хон настай хөвгүүн Монгол Улсад болсон анхны ардчилсан жагсаал цуглаанд очиж өөрийн орлогоос хэдэн төгрөгийн хандив ч өргөөд амжсан түүхтэй. 

Сургуулийн ширээнээс дөнгөж гараад л ганзагын наймаанд явж, тохиролцооны дэлгүүр, арьс шир түүхий эдийн худалдаа, валютын арилжаа гээд төрөл бүрийн бизнес эрхэлж, бэрхшээл саадыг давж, унаж босож, баялаг бүтээж, өөрийн хүч хөдөлмөрөөр бизнесийн амжилтад хүрч, хөл дээрээ бат зогссоныхоо дараа тэр улс төрд хөл тавьсан. Парламентын гишүүнд нэн хэрэгтэй эдийн засагч, хуульч хос мэргэжил эзэмшсэний зэрэгцээ бизнесийн туршлага нь цар хүрээтэй сэтгэх, бодлого санаачилж, түүнээ ажил хэрэг болгоход нь түшиц болсон нь харагддаг. 

Төрийн шилдэг залуу түшээгээр шалгарч байсан гуч гаруйхан настайдаа УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд өнөөдөр ч иргэдэд хамгийн таатай нөлөө үзүүлсээр байгаа хуулийн төслүүдийг санаачлан батлуулахад хувь хүний өгөгдөл, алсын хараа, сэтгэлгээний бяд нөлөөлсөн нь маргашгүй. Попорч чанга хашгирдаггүй, найрсаг зөөлөн ч бодсоноо хэрэгжүүлдэг нэгэн гэдгийг түүний мэдэх хүмүүс нь мэднэ. Ингэж хэлж байгаа нь ч учиртай зарим нэг нь хийсэн бүтээсэн гавихгүй хэрнээ хашгирч, популист улс төр хийсээр олонд танигддаг бол, энэ хүн нам гүм чимээгүйхэн ажилласаар байж. 

Гуч шүргэж яваа, олон нийтэд төдий л танигдаагүй залуу МАН-ын тухайн үеийн лидерүүдийн нэг Ж.Бямбадоржийг 2004 оны сонгуульд “далаар нь цэвэр тавьж”, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь содон үзэгдэл байв. Гэхдээ тэр зөвхөн “үзэгдэл” байгаад зогссонгүй, ард түмний амьдралд, улс орны хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн суурь асуудлаар хууль санаачлан батлуулсан нь нүдээ олсон сонголт болсныг гэрчилнэ.

Нэг. Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг 2004 онд Б.Батбаатар санаачилсан юм. Ирээдүй болсон үр хүүхдэд зориулсан энэ бодлого олон ч айлын амьдралд нэмэр болсонтой хэн ч маргахгүй байх. 

Хоёр. Амьдралын амин чухал хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг шийдвэрлэх гарц болсон ипотекийн зээлийн суурийг анхлан тавьсан “гавьяа” мөн л Б.Батбаатарынх. Тэрбээр ... онд хоёрдогч үнэт цаасны зах зээлийг бий болгох зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан нь олон иргэнийг өөрийн гэсэн орох оронтой болгож, магнайг нь тэнийлгэсэн. 

Гурав. 1072 хувьцааны үр ашгийг энэ онд бид хоёронтоо хүртэж, цаашдаа улам ч их үр өгөөжөө өгнө гэж найдан харж буй нь үнэн. Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байж, түүний ашиг шимээс хүртэх бодлого Батын Батбаатараас эхтэй. Чухамдаа тэр л 2007 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авах тогтоолын төслийг санаачилсан. Саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үндэс ч үүнээс эхтэй гэхэд болно.

Дөрөв. 2008 оны дөрөвдүгээр сард Б.Батбаатар Газар өмчлөх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлав. Энэ өөрчлөлтөөр өмнө нь нэг өрхөд оногддог байсан 0.07 га газрыг иргэн бүр өмчлөх эрхтэй болсон билээ. 

Хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, хувьцаа, иргэн бүрт газар. Иргэдийн амьдралд хамгийн их үр шимээ өгсөн, ирээдүйг харсан эдгээр бодлогын санаачлагч, автор нь чухамдаа Батын Батбаатар байсан гэдгийг парламентын түүх гэрчилнэ. 

Батын Батбаатарын хувьд идсэн уусан, элдэв асуудалд холбогдсон түүх үгүй. Үзэл бодолдоо хатуу зогсож чаддаг нь улс төрчийн хувьд итгэл дааж, хүндлэл хүлээх том чадвар юм. Тэр хэзээ ч тоглоомын хүүхэлдэй, “цүнх баригч” байгаагүй. Амжилттай яваа бизнесмен залуу Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж, хөл дээр нь босгосныг хамтран зүтгэж байсан нөхөд нь одоог хүртэл ярьдаг. Гэвч 2016 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хороо Б.Батбаатарыг УИХ-ын сонгуульд 100 хувийн саналаар нэр дэвшүүлээд байхад намын дарга З.Энхболд хууль болон намын дүрмийг зөрчин өөр хүний нэрийг “халааснаасаа” гаргаж ирсэн. Энэ явдлын дараа Батын Батбаатар Ардчилсан намын гишүүнээсээ татгалзаж, З.Энхболдын нэр дэвшсэнтойрогт халз өрсөлдсөнийг зарим хэвлэл “ялалт” гэж шууд нэрлэж байсан билээ. Тэрбээр энэ тухайгаа “Ардчиллын суурь зарчмууд нь эвдэгдсэн, албан тушаал, эрх мэдлийн хүчээр, захиран тушаах, тохиролцооны хэлбэрээр шийдэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учраас АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан” гэж мэдэгдсэн юм. Мөн МАН, АН дамжсан эрх ашгийн бүлэглэлүүдийн “МАНАН”-тах сонгууль болох ёсгүй гэсэн байр суурийг 2016 онд анх ил тод зарласан улстөрч билээ. 

Б.Батбаатар ардчидлсан үзэл санаанаасаа ухралгүйгээр Иргэний Зориг Ногоон намыг сонгосон бөгөөд намын хамт олны итгэл хүлээж, даргаар сонгогдон энэ удаагийн УИХ-ын сонгуульд намаа удирдан оролцлоо.Санжаасүрэнгийн Зориг агсны үзэл санаан дээр тулгуурлан байгуулагдсан хэдий ч нэг хэсэг улс төрийн нөхцөл байдал, дотоод хүчин зүйлүүдээс бараг л чимээ тасрах шахаж байлаа. Харин Батын Батбаатар гарч ирээд намыг нэг цул болгож, их хурлаа хуралдуулан үйл ажиллагаа нь илт сэргээд ирсэн. 

МАН-ын дарга Санжийн Баярыг 2007 онд Ерөнхий сайдаар томилогдоход хоёрхон гишүүн эсэргүүцсэний нэг нь Батын Батбаатар байв. “Та төрийн өмнө хариуцлага хүлээх үү, намын өмнө хариуцлага хүлээх үү” гэсэн түүний асуултад С.Баяр “Намаа сонгуульд ялуулахын тулд би Ерөнхий сайд болно. Намын өмнө би хариуцлага хүлээнэ” гэж хариулсан. Б.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийсайдын хувьд аль нэгэн намын өмнө биш, Монголын ард түмний өмнө, Монголын төрийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Хувь хүн, бүлэглэлийнхээ эрх ашгийг тавих уу гэдэгт эрэмбээ хэлж чадахгүй байна. Тийм учраас би таныг дэмжихгүй” гэж УИХ-ын чуулганы танхимд шууд хэлсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Энэхүү зарчмын саналынх нь төлөө Монголын топ хэвлэл “Өдрийн сонин” анх удаа тэргүүн нүүртээ улстөрчийг дэмжинэ гэдгээ зарласан нь Б.Батбаатар байв. 

Монголын газар нутгийг лиценз нэрээр гадныханд өгсөн, тэдний гар хөл болсон эрх баригчидтай хариуцлага тооцохыг шаардаж, монгол хүн эх нутагтаа эзэн байхын төлөө Батын Батбаатар байнга тэмцэж ирсэн. 

Иргэд олон түмнийхээ сайн сайхан байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, санхүүгийн хувьд бусдаас эрх чөлөөтэй хараат бус байх боломж, хариуцлагатай төрийн төлөө тэр үргэлж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. 

Саяхан Батын Батбаатар Монголын өнөөгийн амьдралын бүхий л зүйлд “буруутай”, эрх барьж ирсэн МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэж, сонгуульд оролцох тухай санал дэвшүүлсэн нь мөн л содон байв. Харамсалтай нь энэ санаачилга биеллээ олоогүй юм. Бусад нам эвслүүдийн удирдлагууд хувийн амбицаа дийлээгүй юу, түүний алсыг харсан нүүдлийг тооцоолоогүй юу, ямар ч байсаэнэвсэж чадаагүй юм. 

Ингээд Иргэний зориг Ногоон Нам сонгуульд дангаараа оролцлоо. Оролцох оролцохдоо зөв тактиктай, бодлогоо тодорхойлж, 20 гаруй хуулийн төсөл боловсруулан, халаасандаа бэлэн хуулийн төслүүдээ барин орсон. Мөн нэр дэвшигчдээ маш тооцоо судалгаатай, олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээс гадна, үндэсний цөөнхийн төлөөллийг оролцуулж чадсан нь амжилт авчирлаа. Нэлээд алсыг харж нүүдэл хийдэг нөхөр гэдэг нь ийнхүү тодорхой боллоо. УИХ-д суудалгүй сураггүй байсан намыг сэргээж, УИХ-д суудалтай байсан улс төрийн томоохон хүчнүүдтэй дөрөө харшуулан гарч ирлээ. Зарим хүн сошиалд олон дагагчтай нөхдүүдийн нөлөөллөөр гарч ирсэн гэж ярьцгааж байна. Сошиал нөлөө ихэссэн ч Монголын хамгийн олон дагагчтай Л.Гүндалай л гэхэд уначихсныг хар л даа. Унасан намуудын удирдлагууд ч гэсэн бүгд л сошиалд олон дагагчтай нөхөд. Тухайлбал Нара энэ намд тодорхой санал авчирсан ч бие дааж дэвшсэн бол гарах байсан уу гэдэг эргэлзээтэй. Иргэний Зориг нам эртнээсээ бүхий л сонгуульд нийт саналаа өгсөн гишүүдийн тодорхой хувь бол халаасанд нь байдаг нам. Үүнийг нэмж, зөв тактиктай үзнэ гэдэг бол намын даргын стратегич гэдгийг харуулж байгаа юм. 

Одоо бол Батын Батбаатарын улс төрийн ир нь оржээ. Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн. Хэн нэгэн түүнийг дэмжээгүй. Ардчилсан үзэлтэй үеийн хэдэн залуусынхаа өмнө түрүүлж алхан зоригтойгоор тэмцсэн. Харин тэр бусдаас чанга дуугарч, олны өмнө бүртэлзээгүй “буруутай”. Хэтэрхий даруухан, чимээгүй ажилласан, зүтгэсэн. 

Зарим хүн дүр эсгэсэн худал хуурмагаар дүүрэн поп улстөрчдөд итгэдэг. Зарим ньсайхан юм ярьж улсаа хорлогсдын гоё үгэнд итгэн дэмждэг. Хэдий болтол ингэх юм бэ. Сонгогчдын төлөөлөл болсон хүн хууль батлах ёстой, хууль санаачлах ёстой. Тэр нь том бодлогоороо иргэдийнхээ амьдралд сайнаар нөлөөлөх ёстой юм. Энэ гол үүргийг нь мартчихаад эх захгүй амлалт, эрэг шураггүй хоосонд итгэж, өнгөнд хууртахаа л бид больчихмоор байгаа юм. 

Батын Батбаатарыг онцолсон минь хэзээ ч бууж өгч, нэг удаагийн уналтанд навсайж ухраагүйг нь бахадлаа. Харин унаад босч ирэх юм бол илүү ирлэгдэж босч ирдэг юм байна. Батын Батбаатар бол өнөөдөр энгийн зүйл шиг санагдах болсон, суурь шинжтэй олон бодлогыг тодорхойлсон, яг бидэнд хэрэгтэй байгаа стратегич тийм л хүн юм.