Оёх шаардлагатай оёдлын салбар
Мөн үйлдвэрлэгчдийн ярилцлагаас дүгнэхэд (i) татвар, НДШ, гаалийн татвар дарамт болохоос гадна үйлдвэрлэл явуулж байгаа хүн бүр шударгаар төлдөг татварын систем байхгүй байгаа нь албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнесүүдэд шударга бус өрсөлдөөний нөхцөлийг үүсгэж байна; (ii) төрөөс явуулж буй үйлдвэрлэлийг дэмжих бодлого хөтөлбөрүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэггүй, хэрэгжүүлэх явц нь доголдолтой, хүнд суртал ихтэй байдаг нь үйлдвэрлэгчдэд дэмжлэг болохоосоо илүүтэй чирэгдэл учруулж байна гэжээ.
Манай улсын оёдлын салбарт 2023 оны байдлаар 1,342 үйлдвэрлэгч байна. Гэхдээ тэдний зөвхөн дөрөвний нэг ААН (аж ахуйн нэгж), бусад нь ХХЭ (хувиар хөдөлмөр эрхлэгч), гуравны нэг нь УБ хотод, бусад нь орон нутагт байршилтай.
310 ААН-ийн 259 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 37 нь нөхөрлөл хоршоо, 5 нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ, цэрэг цагдаа зэрэг хүчний байгуулагуудын хувцас оёдог), 4 нь хувьцаат компани (ХК) юм байна. Салбарын нийт ажиллагсадын тоо 6100 бөгөөд нийт үйлдвэрлэгчдийн 64 хувь нь 1-2 ажилчинтай, дундажаар бол 4.5 ажиллагчидтай ажээ. (ОСНМХ-Оёдлын салбарын нэгдсэн мэрэгжлийн холбоо).
Гэтэл, энэ салбарт цагтаа, 30,000 ажиллагсадтай, МУ-ын экспортын гучин хувийг гаргаж, бүтээгдэхүүнээ бүгдийг нь (97 хувийг) АНУ-д гаргаж байлаа. Оёмол сүлжмэл бүтээгдэхүүний олон талт хэлэлцээрийн (ОСБОТХ) МУ-ын квотийг ашиглахаар Хятад, Солонгос, Тайван, Сингапурын оёдлын нийт 66 компани 1995 оноос 2005 оны хооронд Монголд ирж ажиллаж байлаа. 2005 оны эхээр энэ хэлэлцээрийн хугацаа дууссанаар эдгээр компаниуд Монголоос гарснаар оёдлын салбар уналтанд орсон.
Тэгвэл өнөөдөр энэ салбар ямар байдалд байгаа, яаж сэргээж хөгжүүлэх тухай судалгааг “Хөгжлийн Шийдэл” төрийн бус байгууллагын (ТББ) захиалгаар Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр, ЭН АР СИ СИ компанийн 2023 оны эцсээр хийсэн байна.
Судалгаанд Улаанбаатар (УБ) хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Завхан аймгийн 103 үйлдвэрлэгч, бүх аймаг, нийслэлийн 402 хэрэглэгчид хамрагдаж, мөн гучаад үйлдвэрлэгчид, арваад бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, судлаачдыг оролцуулжээ.
Салбарын өнөөгийн нөхцөл байдал
Салбарт албан болон албан бус бизнесийн ялгаа их. Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Гол бүтээгдэхүүн нь үндэсний хэв маягтай дээл, хувцас. Үйлдвэрлэгчдийн талаас илүү нь ийм бүтээгдэхүүн гаргадаг. Масс үйлдвэрлэл захиалгат үйлдвэрлэлийг бодвол илүү төрөлжих хандлагатай байна.
Үйлдвэрлэгчид хэлбэрээсээ хамаараад ялгаатай ч , дунджаар хүчин чадлынхаа 60 хувийг ашигладаг. Хөдөлмөрийн бүтээмжээр УБ, Дархан-Уул, Орхон аймгууд тэргүүлдэг. Экспортод бараг гаргадаггүй, борлуулалтын дийлэнхийг тухайн орон нутгийн зах зээл эзэлдэг.
Бүтээгдэхүүний өртгийн дөчин хувийг түүхий эдийн зардал, дараа нь цалин ордог. ААН-үүдийн хувьд татвар гуравдах том зардал, ХХЭ-н хувьд захиргааны зардал. Үйлдвэрлэлийн зардал орон нутгаар ялгаатай. Энэ салбарын түүхий эд материалыг Монголд бараг үйлдвэрлэдэггүй, импортынх байдаг. Дотоодоос зөвхөн зарим арьс шир, туслах материал хэрэглэдэг.
Сорилт
Энэ салбарын хамгийн гол сорилт бол хүний нөөцийн хомсдол. Оёдолчин, эсгүүрчин, дизайнерын мэргэжлийн ажилтнууд хамгийн их дутагдалтай. Хэт жижиг үйлдвэрлэгчид маш олон болсон, мэргэжлийн боловсролын сургалтын чанар муудсан. Бичил үйлдвэрлэгчид олшрооод байгаа нь (i) салбарт ар гэрийн асуудлаас болж уян хатан цагаар ажиллах шаардлагатай эмэгтэйчүүд давамгайлдаг; (ii) хямд төсөр хөрөнгө оруулалтаар жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой; (iii) олон жилийн турш төр болон олон улсын байгууллагуудын өрхийн үйлдвэрлэл дэмжих бодлого хөтөлбөрүүдийн үр дүн гэж үйлдвэрлэгчид болон мэргэжилтнүүд үзэж байна.
Дараачийн асуудал бол эргэлтийн хөрөнгийн дутагдал учир нь үүнээс болоод ААН-үүд, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд материалын нөөц бүрдүүлэлтээ цагтаа хийж чаддаггүй.
Мөн ААН-үүдийн хувьд түүхий эд олдохгүй байх, нийлүүлэлт хоцрох, болон мэдлэг чадвар дутдаг. ХХЭ-дийн хувьд тоног төхөөрөмж байхгүй, хүрэлцэхгүй, насанд хүрсэн хүний биеийн хэмжээний стандарт хуучирсан зэрэг асуудлууд орж байна. Орон нутагт зарим дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж дутагдалтайгаас зарим ажиллагааг хотод хийлгэхээр зардал өсдөг, тйим дэвшилтэт тоног төхөөрөмж авсан ч засвар үйлчилгээ хийх боломжгүй байдаг.
Хамтрах хэрэгцээ
Жижиг үйлдвэрлэгчдийн хувьд хамтрах хэрэгцээ их байдаг. Түүхий эдээ хамтарч татах, тоног төхөөрөмжийн асуудлаа дундаа шийдэх, том захиалга аваад хамтарч гүйцэтгэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдээс туршлага судлах зэрэг хэрэгцээ байдагч хамтарч ажиллах арга хэлбэрээ сайн олохгүй байна.
Хамтарч ажиллах эрмэлзлэл байгаа хэдий ч хамтын ажиллагааны туршлага хомс, кластерын ойлголт дутмаг, бусад үйлдвэрлэгчдийн талаар мэдээлэл муутай.
Мөн үйлдвэрлэгчдийн ярилцлагаас дүгнэхэд (i) татвар, НДШ, гаалийн татвар дарамт болохоос гадна үйлдвэрлэл явуулж байгаа хүн бүр шударгаар төлдөг татварын систем байхгүй байгаа нь албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнесүүдэд шударга бус өрсөлдөөний нөхцөлийг үүсгэж байна; (ii) төрөөс явуулж буй үйлдвэрлэлийг дэмжих бодлого хөтөлбөрүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэггүй, хэрэгжүүлэх явц нь доголдолтой, хүнд суртал ихтэй байдаг нь үйлдвэрлэгчдэд дэмжлэг болохоосоо илүүтэй чирэгдэл учруулж байна гэжээ.
Төрийн бодлого, шийдвэртэй холбоотой хүндрэл бэрхшээлийг нэгдсэн байдлаар салбараа төлөөлж бодлого боловсруулагчдад хүргэх ажилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна. ХХЭ-дийн дунд мэргэжлийн холбооны гишүүнчлэл бага, ААН-үүдийн гишүүнчлэл өндөр байна.
Боломж
Оёдлын салбар цаашид ч өргөжин тэлэх төлөвтэй байна. Үйлдвэрлэгчдийн бараг 80 хувь нь ирэх гурван жилд үйлдвэрлэлээ өргөжүүлнэ, ААН-дийн 30 хувь нь экспортонд гаргах төлөвлөгөөтэй, өнгөрсөн жилд ч тодорхой хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгө, банкны зээл, ЖДҮ-ийг дэмжих сангаас гаргажээ.
Үйлдвэрлэгчдийн дийлэнх нь бизнэсээ өргөжүүлэхэд мэдлэг ур чадварын хувьд, талаас илүү нь техник технологийн хувьд боломжтой, харин ердөө 10 хувь нь санхүүжүүлэх боломжтой гэжээ.
Үйлдвэрлэгчид салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, хүний нөөцөө өөрсдөө сургадаг болжээ. Хүний нөөцөө тогтвортой ажиллуулахын тулд ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх, уян хатан цагаар ажиллуулах зэрэг сайн туршлагууд нэвтэрч байна.
Үйлдвэрлэгчид том захиалга аваад өөр үйлдвэрүүдтэй хувааж хийдэг, захиалга их үед туслан гүйцэтгэгч ажиллуулдаг болж байна. Том үйлдвэрлэгчид кластер хэлбэрээр ажиллахаас гадна, өртгийн сүлжээ байгуулж, орон нутагт өргөжүүлэх хандлагатай байна.
Хэрэглэгчдийн судалгаагаар Монголд үйлдвэрлэсэн хувцас чанар технологийн хувьд эрс сайжирсан, хэмжээ, материал, эсгүүр, эдэлгээ, дизайн зэргээр импортын хувцаснаас давуу гэж хэрэглэгчдийн олонх нь үзэж байна. Гэхдээ үүнийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Том үйлдвэрлэгчид зар сурталчилгаа, маркетинг дээрээ дорвитой анхаардаг бол, жижиг үйлдвэрлэгчид зар сурталчилгаа, маркетингийн асуудлыг тоодоггүй, хэрхэн хийх мэдлэг чадвар дутагддаг гэж судалгаа харуулжээ.
Шийдэл
Үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, сургалт, зөвлөгөө, мэдээлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, хүний нөөцийн сургалт, хөгжлийн дэмжлэг, бизнесийн удирдлагын сургалт, зөвлөгөө, техник, технологийн чиглэлийн сургалт, зөвлөгөө их чухал.