Нэг. Америкийн иргэн Эльмер гэж залууд өвөө нь их хэмжээний өв хөрөнгө өвлүүлэхээр гэрээсэлжээ. Гэвч өвөөгийн бие сайжрахаар барахгүй залуухан найз бүсгүйтэй ч болсон аж. Үүнд нь Эльмерийн санаа зовж, өв хөрөнгөө алдахад ч хүрч магадгүй хэмээн болгоомжлохдоо өвөөгөө цааш харуулчихжээ. Шүүх Эльмерийн хүн амины хэрэгт зохих ял шийтгэлийг нь оногдуулсан боловч өв залгамжлах эрхийг нь хэвээр үлдээсэн байна.

Гэвч өвөөгийн охид “Хүний амь хөнөөсөн этгээдэд хохирогчийнх нь өв хөрөнгийг залгамжлуулахаар болсон нь шударга ёсонд нийцэхгүй” хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Энэ сэдэв АНУ-ийн шүүхийнхний хүрээнд маш том маргаан дэгдээж, нэг хэсэг нь “Хуульд байхгүй үндэслэлээр хүний өвлөх эрхийг хасч болохгүй” гэж, нөгөө хэсэг нь “Өв залгамжлагчаа хөнөөсөн хүнд өвлөх эрхийг хэвээр үлдээх нь шударга ёсонд нийцэхгүй” хэмээн маргалдажгаацээ. Учир нь АНУ-ын Конгрессээр баталсан хуульд ямар тохиолдолд өв хөрөнгөөс татгалзах талаар тодорхой заалтууд байдаг боловч “өвлүүлэгчээ хөнөөсөн тохиолдолд өвлөх эрхийг хасна” гэсэн заалт байдаггүй юм байна. Ийм тохиолдол гарч болохыг хууль тогтоогчид тооцоогүй хэрэг л дээ. Эцэст нь Нью-Йоркийн шүүхээс “Хэрвээ хууль тогтоогчид ийм тохиолдол гарч болохыг тооцсон бол өв залгамжлах эрхийг нь хүчингүй болгох байсан. Хууль гэдэг шударга ёсны төлөө байдаг болохоос биш хуулийн төлөө шударга ёс байдаггүй” хэмээн үзэж Эльмерийн өв залгамжлах эрхийг хүчингүй болгожээ.

Хоёр. Одоогоос 15-16 жилийн өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндоржтой уулзсан Японы нэг профессор “Танай шүүгчид хууль тайлбарладаг уу?“ гэж асуужээ. ”Үгүй” л гэж. “Тэгээд танай шүүгч нар юу хийдэг юм дээ?” гэхэд нь “Шүүн таслах ажлаа л хийхгүй юу” хэмээн хариулжээ. Нөгөө профессор ч тэгсгээд, хүлээж авч уулзсанд баярлалаа барилаа болоод гараад явчихаж. Нидэр дээрээ бол “Энэ нөхөртэй ч юу ярих вэ дээ” гээд духан дээр нь бичээтэй байсан биз. Өөрийнхөө “нэг л биш” юм хэлчихлээ гэдгийг ойлгосон Лү багш тэр үеэс хойш энэ талаарх Үндсэн хуулийн заалтуудтай дэлхийн бусад орны хуультай харьцуулан судалж эхэлсэн байна.

ДЭЭД ШҮҮХИЙГ "ИЧЭЭСЭН" ЗААЛТ

Манайхаас бусад дэлхийн улс орнуудад дээд, доод аль шатных байхаасаа үл хамаарч “Шүүгч хүн хэрэг маргааны гадуур хуулийг хийсвэрээр тайлбарлахгүй” гэсэн онол зарчим бүр XIX зуунд тогтсон байна. Харин манайд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхийг зөвхөн Үлсын дээд шүүх эдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт /ҮХ-ийн 50.4/ бий. Тиймээс Монголын шүүгчид бүгдээрээ “УДШ ганцаараа хууль тайлбарлах эрхтэй. Шүүгчид бол зөвхөн хуулийг хэрэглэдэг хүмүүс” гэсэн ойлголттой 25 жил явж ирэв. Үндсэн хуулийн эл заалтаас болж УДШ өөрөө ч эвгүй байдалд орох нь олонтаа. УИХ-аас батлан гаргасан хуулийн зарим заалтыг хэрхэн хэрэглэх талаар маргаан гарахад түүнийг нь УДШ руу хаяглаад явуулдаг, үр дүнд нь ҮДШ “намын захиалгаар”, эсвэл “мөнгөтэй хүний захиалгаар хууль тайлбарласан” буруутгалд л ордог байв. Бүр Үндсэн хуулиа өөрийг нь тайлбарлаж байсан практик ч байдаг юм байна. Тухайлбал, 2000 оны долдугаар сарын 26-нд УИХ-ын даалгавраар Үндсэн хуулийн 66.4 буюу “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал уг хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэдэг заалтыг ҮДШ тайлбарласан нь одоо ч хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Хэдийгээр Дээд шүүх хуулийн уг заалтыг тайлбарлахдаа агуулгыг нь хөндөөгүй боловч тайлбарлах ёсгүй асуудлаараа тайлбар гаргасан нь өөрөө “эмзэглэх” зүйл болчихоод байгаа юм.

Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий өөрчлөгдсөн, мэдээллийг хаанаас бол хаанаас яаж бол яаж авах боломжтой болсон. УДШ-ийн шүүгчид ч өөрсдөө “өндөр зиндааны” шүүгчид учраас дэлхий бусад оронд хуулийг хэн хэрхэн тайлбарладаг вэ гэдгийг мэдэхээр болсон цаг. Тиймээс дээрхийн адил эвгүй байдлаас гарахын тулд аргаа бараад 2012 онд Шүүхийн тухай хуулийг батлахдаа “УДШ нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг зөвхөн тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана” хэмээн өөрчилсөн байна. Бичвэрийн эхэнд ч дурьдсан Эльмерийн хэрэгтэй адилаар тодорхой хэрэг маргаан дээр үндэслэж хуулийг тайлбарлана гэсэн үг. Гэвч Цэц энэ заалтыг мөн л “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж 2015 оны аравдугаар сарын 5-ны тогтоолоороо хүчингүй болгосон байдаг.

Угаас Үндсэн хууль гэдэг олон жилийн настай учраас аль ч орны Үндсэн хуульд алдаа, оноо байдаг. Түүнийг нь нийгмийнхээ үнэт зүйлд нийцүүлэн залруулж ойлгодог, Үндсэн хуульт ёсны хүрсэн түвшингээр нь тайлбарладаг байна. Харамсалтай нь манай Үндсэн хуулийн шүүх буюу Цэц арай өөрөөр ажиллаж харагддаг. Үндсэн хуулиа хөгжүүлэх дэлгэрүүлэх биш, харин ч алдааг нь аль болох товойлгон харуулах гэсэн мэт ажилладаг. Тухайлбал, дэлхийн бүх улсуудад “Хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадаж болохгүй” гэсэн зарчим үйлчилдэг. Харин 1992 онд манай нөхдүүд Үндсэн хуулиа бичихдээ уг зарчмыг буруу ойлгоод “Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гээд оруулчихсан. Үүнээс нь болоод монголчууд улс үндэстнээрээ, нийтээрээ, гэр бүлээрээ гэмт хэргийг нуун дарагдуулдаг гэмт хэрэгтнүүд болох зам руу Үндсэн хууль нь өөрөө чиглүүлсэн байна. Хэрвээ УИХ ЭБШХ-иараа Үндсэн хуулийн энэ гажуудлыг засах гэх юм бол Цэц дээр очоод шууд унах нь тодорхой.  

ҮГ БА САНАА

Өнөөдөр шүүгчийн шалгалтанд орж байгаа 25 настай залуугаас “Чи яагаад шүүгч болох гэж байгаа юм бэ?” гэж асуувал “Шүүгч бол хуульч мэргэжлийн хамгийн дээд карьер” гэж торох юмгүй хариулна. Харин яагаад ингэж дээдэлдэг юм бол? Шүүх эцсийн шийдвэр гаргадаг учраас уу? Эсвэл өндөр цалинтай болохоор нь уу? Аль аль нь биш. Ердөө хуулийг тайлбарлан хэрэглэх чадвараараа шүүгч хүн бусад хуульчаас тасарсан өндөр мэдлэгтэй байдаг учраас шүүгчийн албан тушаалыг хуульч мэргэжлийн хамгийн дээд карьер гэдэг байна. Харин манай шүүгчдэд ийм чадвар бий болов уу?

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар ШЕЗ-ийн захиалгаар манай шүүгчдийн бичсэн шүүхийн шийдвэрүүдэд судалгаа хийж үзсэн байна. Шүүгч үндэслэлээ хэр сайн бичиж, хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн гэдгээр нь. Энэ судалгаагаар манай шүүгчид хуулиа тайлбарлаж үндэслэлээ бичихийн оронд болсон фактыг л тайлбарлаад байна, нэг ёсондооо хуулийг тайлбарлан хэрэглэх тал дээр “0” гэдэг үнэлгээг авчээ. Арга ч үгүй, 25 жилийн турш “Зөвхөн УДШ хууль тайлбарладаг” гэж итгэж үнэмшиж ирсэн хүмүүс шүү дээ.

Олон жилийн өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Т.Мэндсайхан “Шүүхийн практикт олон улсын гэрээ конвенцийг ашиглах нь” сэдвээр доктор хамгаалжээ. Гэхдээ түүний докторын ажлын дүгнэлт “Шүүхийн практикт олон улсын гэрээ конвенцийг огт ашигладаггүй. Шалтгаан нь тэдгээрийг албан ёсоор хэвлэдэггүй юм байна” гэж гарчээ. Одоо бол бүгдийг хэвлэдэг болсон. Тиймээс манай шүүгчид шүүн таслах ажиллагаандаа дотоодын хууль тогтоомжийг хэрэглэхээс түүнээс давсан үйлчлэл бүхий эрх зүйн актууд, олон улсын хэм хэмжээнүүдийг ч мэдэх шаардлагатай болж байна. Шүүгч хүн хуулийг тайлбарлан хэрэглэхийн тулд хуулийн үг, үсэгний цаана нуугдаж байгаа “idea” буюу үзэл санаа, хууль тогтоогчийн санаа бодлыг мэдэх хэрэгтэй гэсэн үг.

ХУУЛЬ УУ, ШУДАРГА ЁС УУ?

Хууль бол шударга ёсыг тогтоохын төлөө байдаг тухай бүгд л ярьдаг. Тэгэхээр хуулийг шударга ёсны үүднээс тайлбарласан шүүгч хэзээд буруутахгүй. Хамгийн энгийн жишээ авья л даа. Манай Хөдөлмөрийн хуульд эрэгтэй хүний тэтгэврийн насыг 60, эмэгтэй хүнийхийг 55-аар тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг шударга ёсны ямар хэмжүүрээр тогтоосон байж болох вэ? Хариулахад хэцүү. “Эрхбиш монголчууд эмэгтэйчүүддээ үүрүүлсэн ачаагаа хүлээн зөвшөөрсөн учраас тэтгэврийн насыг нь ингэж тогтоосон байх аа“ гэж Н.Лүндэндорж багш тайлбарласан. Хүүхэд төрүүлнэ, асарна, ар гэрээ авч явна, хажуугаар нь ажил хийнэ гээд эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд илүү их ачаа үүрдэг байх нь л дээ. Тиймээс эмэгтэй хүний тэтгэврийн насыг эрэгтэйчүүдээс багаар тогтоосонтой хэн ч маргадаггүй юм байна. Нийгмээрээ, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн энэ зүйлийг “зүй ёс” гэдэг.

Мэдээж энэ бол бүр соц үеэс уламжилж ирсэн “зүй ёсны” үзэл. Тухайн үед манай улс “Социализмын материал техникийн баазыг барьж байгуулах” гээд улс орноороо завгүй хөдөлмөрлөж байсан цаг. Дөнгөж төрсөн ээжүүд 45 хоноод ажилдаа ордог, хүүхдүүдийг нь цэцэрлэгийн насанд хүртэл улсын “ясли”-д асардаг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд гаргасан бол эхчүүд 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг байлаа. Энэ үед эмэгтэй хүний тэтгэврийн насыг эрэгтэйчүүдээс багаар тогтоох нь шударга ёсонд нийцэж байсан байж болно л доо.

Харин өнөөдөр хүүхэд төрүүлсэн эх хоёр жил гэртээ хүүхдээ асрах эрхтэй. Хүүхдээ тээсэн үеийг нь нэмээд нэг хүүхдэд 2,5 жил, таван хүүхэд төрүүлэхийн тулд 12,5 жилийг гэртээ өнгөрүүлэх болж байна. Нөгөө талаар хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд аавуудын оролцоо ч харьцангуй нэмэгдсэн. Ийм тохиолдолд одоогийн залуу ээжүүд хожим тэтгэврийн насанд хүрэхээрээ “Бид эрэгтэйчүүдтэй нэг адил хөдөлмөрлөх эрхтэй. Эмэгтэй хүний тэтгэврийн насыг эрэгтэйчүүдээс багаар тогтоож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хүйсээр ялгаварласан хэрэг” гээд шүүхээр заргалдвал яах вэ? Эсвэл цөөн хүүхэдтэй, огт хүүхэд гаргаагүй эмэгтэйчүүд ч байна. Тэд ч гэсэн эмэгтэй хүн гэдгээрээ ялгаварлагдан эрт тэтгэвэрт гараад ажилгүй гэртээ суухыг хүсэхгүй л байх. Энэ тохиолдолд түрүүн ярьсан шүударга ёс болоод зүй ёс арай өөр тийшээ хэлбийх талтай. Тэр үед шүүгч хүн “Хууль ийм байдаг учраас” гэх биш, харин “шударга ёсны үүднээс” асуудлыг авч үзэн шийдвэрээ гаргах болж байна.

Мэдээж энэ сэдэв манай шүүгчдийн хувьд шинэ тутам зүйл. Тиймээс ШЕЗ-өөс санаачлан “илүү туршлагатайг”-гаар нь Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн гурван танхимд хууль тайлбарлах онол, арга зүйгээр сургалт захиалсан юм байна. Энэ ондоо багтаж шүүгч нарт хүрэх биз. Харин энэ удаад ШЕЗ-ийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийн төв, орон нутгийн шүүгчидтэй уулзахдаа уншсан “Хууль тайлбарлах онол, арга зүй” лекциэс тэмдэглэснээ чадан ядан найруулав.

Жич: Шүүхийн тогтолцоогоороо дэлхийд гайхуулдаг ХБНГУ-ын шүүхийн тухай хуулиуд бүр 1800-гаад онд бичигджээ. Түүнээс хойш жижиг сажиг өөрчлөлтүүдийг хийж явсаар хамгийн сүүлийн засварыг 40 жилийн өмнө хийсэн байна. Гэсэн хэдий ч 1990 онд хоёр Герман нэгдэхэд БНАГУ-ын шүүгч нарыг бүгдийг нь халж, ХБНГУ-д бэлтгэгдсэн шүүгчдийг томилсон байдаг. Уламжлалаа харах юм бол энэ хоёр улсын шүүхийн түвшин ойролцоо байх ёстой. Гэтэл дэлхийн II дайны дараа хоёр өөр лагерьт шидэгдсэнээс хойш 40 гаруй жил өнгөрөхөд Ардчилсан Германы шүүгчдийг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэхээс аргагүйд хүрсэн байна. Тэгэхээр хараат бус шүүхийн хангалттай туршлага үгүйн дээр социалист лагерьт 70 жил хашигдсан Монгол Улсын хувьд сүүлийн 25 жилд хууль, шүүхийн байгууллагад бий болж байгаа өөрчлөлт шинэчлэлийг чамлах, эсвэл дөвийлгөн үнэлэх ч боломжгүй юм.