Монголын 3.5 сая хүн амын 27.1 хувь нь буюу 914 мянган хүн ядуу, сарын нэг хүний хэрэглээ нь 420 мянган төгрөгөөс (ҮСХ. 2022) бага байна. Эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч, айл өрхөд бага унацтай, иргэдийн орлогын ялгаа улам өссөөр байна. Эдийн засаг уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай байдлаасаа гарч чадахгүй, хувийн хэвшил банкны хүү ба татварын дарамтанд орж, өндийж босохгүй болсноор бодит ажилгүйдэл өсч, иргэд нь дүрвэсээр байна.

Эдийн засгийн өнөөгийн байдлын учир шалтгааныг задлан харвал арилжааны хэдхэн банк төр, олон нийтийн эрх мэдлийг шууд ба шууд бусаар боомилон хязгаарлаж, бизнесийн салбарыг зээлийн хүүгээр дарамтлан мөнгө хүүлж байгаатай холбоотой.

Тухайлбал, зээлийн хүү жилийн 20 хувьд хүрсэн улсад ямар ч бизнес хийх утгагүй, зөвхөн далд, хууль бус бизнес л цэцэглэж, авилга хавтгайрдаг. Банкны бүлэглэлд багтаагүй компаниудын санхүүгийн зардал өссөнөөр ажилчидаа цомхотгож, цалин нэмэх боломжгүй учир чадвартай хүний нөөцөө гадагшаа алдаж,  иргэд нь ирээдүйдээ итгэлгүй болох нь үндэстний хамгийн том гарз, хохирол юм.

Яагаад ийм байдал үүссэн шалтгаан, шийдэл нь тэгвэл юу юм бэ?

Учир шалтгаан нь

Зээлийн хүүг буурахгүй, зээлийн хомсдол үүсч буйн гол шалтгаан бол Монгол банкны бодлого юм. МБ саяхан бодлогын хүүгээ арван хувь дээр хадгалахаас гадна, дотоод ба гадаад валютын хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар өсгөж, 11 ба 16 хувь болгосон нь мөнгөний тогтвортой байдлыг хангана гэхээс илүү зээлийн хомсдолыг хөөрөгдсөөр байна.

Арилжааны банкууд бодлогын хүүг үндэслэн, хадгаламжийн хүүгээ хоорондоо өрсөлдөн тогтоож, ашиг орлогоо улам нэмэхийн тулд зээлийн хүүгээ огцом өсгөдөг.  

МХБ дээр бүртгэлтэй зургаан банкны цэвэр ашиг 2024 онд дунджаар 50 хувь өсч, нийт 1.7 их наяд төгрөгт хүрэв. Хаанбанк 640, Голомт 400, ХХБ 300, Хас 170, Төрийн банк 108, Богд 40 тэрбумын цэвэр ашиг олжээ. Банкуудын нийт хөрөнгө 64 их наяд төгрөг болсноос хамгийн том нь Хаан 20, Голомт ба ХХБ тус бүр 15 их наяд буюу энэ гурав нийлээд 80 хувь нь гэсэн үг. Өнгөрсөн жил Голомт банк 34, ХХБ 23, Хаан 17 хувиар хөрөнгөө өсгөжээ.

Хувийн хэвшил нь зээлийн хүүд дарамтлууж дампуурч байхад арилжааны банкуудын хөрөнгө нь ингэж томроод, өм цөм ашиг хийгээд буйг мөнгө хүүлэлт гэхээс өөр юу гэх билээ. Эдүгээ зөвхөн банкууд, тэдний эздийн хувьцаатай бизнес өсч хөгжөөд бусад компаниуд нь өрөндөө баригдаад өндийж чадахгүй байгааг Монголбанк, СЗХороо харахгүй байгаад биш, харин төр засгийн тодорхой удирдлагууд сонгуулийн зардлаа даалгуулан барьцаанд нь орсон шиг, банкны эздийн үйчлэгчид болчихоод буйд хамаг учир байгаа юм.

Арилжааны банкны нэг эзэн хорин хувиас дээш эзэмшихгүй гээд сүржин хууль гаргаснаа хугацааг нь банкны эздийн лоббигоор хойшлуулсаар хэдэн жилийн нүүр үзлээ. Одоо бүр хорин хувийг 34 болгохгүй бол гадаадын хөрөнгө оруулагч сонирхохгүй байна гэж, түүнийг нь МБ дэмжих болжээ.

Арилжааны бараг банк бүр дэргэдээ үнэт цаасны компани байгуулж, дансыг нь өөр дээрээ удирдаж байна. Банкууд өөрийнхөө үнэт цаасны компаниудаар IPO (underwriting) бэлдүүлэн өөрийгөө илт өндрөөр үнэлүүлж хувьцаагаа борлуулсан учир эдүгээ хувьцааны үнэ нь анх гаргасан үнээсээ ч барьсангүй, илт доогуур болоод байна. Бусад оронд арилжааны банкны эзэн, өөр бизнест оролцох, үнэт цаасны компанитай байхыг хориглодог. Банкны эзэнд хэт давуу тал олгож байна гэж үздэг.

Арилжааны энэ зургаан банк тав, арван хувиа олон нийтэд зараад нээлттэй компани гэгдэж байгааг СЗХ таалаад сууж байгаа нь “нүглийн нутгийг гурилаар хуурч” байгаа хэрэг юм. Тэглээ гээд жишээ нь олон нийтээс аль ч банкны ТУЗ-д хараат бус төлөөлөл орж ирээгүй. Энэ тухай СЗХ нь таг дуугүй, олон нийтээс нуусаар байна.

Энэ бүхэн чинь манай улсын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүйн илрэл. Төрийн холбогдох байгууллагууд нь арилжааны банкныханд барьцаалагдаж, тэдэнтэй хамтран ард түмнээ мөлжиж буйн тод жишээ биш үү.

Шийдэл

Монгол банкны хараат бус байдлыг бүрдүүлэх, банкны салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг сайжруулахуйцаар энэ салбарыг шинэчлэх болоогүй гэж үү?

Мөнгөний бодлогын хүүг хагас жил тутам бууруулсаар таван хувиас бага болгох, гадаад дотооод валютын заавал байлгах нөөцийг бодлогын хүүтэй холбон багасгаж зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкуудын бусад шалгуур үзүүлэлтийг чангалж мөнгө хүүлэлтийг зогсоох, улмаар эздийнх нь өөр бизнестэй байхыг зогсоох, мөн банкийг өөрийн үнэт цаасны бизнес эрхлэхийг хориглох, тэгснээр компаниуд өрсөлдөх ижил тэгш боломжийг хангах шаардлагатай байна. Банкуудыг нээлттэй болгох хуулиа яаралтай хэрэгжүүлэх, олон эзэдтэй болгож, компанийн сайн засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн бизнес эрхлэгчдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд татварыг түвшинг бууруулах, зарцуулалтын өгөөжийг дээшлүүлэх зорилгоор  татварын шинэчлэл хийх цаг болжээ. Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан тусгай татаас, зээлийн баталгаа зэргийг бий болгох, ажиллах хүчний хөгжлийг дэмжиж, өрсөлдөхүйц цалин олгож байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж болох юм.

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулж, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах замаар хувийн хэвшлээ дэмжин эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байна.

Компаниуд татварын хажуугаар хүнд суртал, авлига, зохицуулалтын хүндрэлүүд нь үйл ажиллагааны шууд бус зардлыг нэмэгдүүлж байна. Цахим засгийг цаашид улам эрчтэй хөгжүүлэн хүн нүүр тулан харьцахгүй болгох хэмжээнд хүргэх нь авилгыг бууруулах юм. Шүүх олон жил дараад байгаа авилгын хэргүүдийг түргэн шийдэхгүй бол иргэд шудрага ёс тогтоно гэдэгт итгэхээ болиод байна.

Ийм хэдхэн арга хэмжээг авч чадвал эдийн засаг эрүүлжиж, хувийн хэвшлийн бүтээмж дээшилж, ажлын байр нэмэгдсэнээр иргэдийн амьдралын түвшин сайжирч, эх орноосоо зугтаж биш буцаж ирэх боломж бүрдэх болно.