ВАСЮКИ ТОСГОНД 100 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГ УДАА

(МОНГОЛД ХАРИН ӨДӨР БҮР БОЛДОГ ЯВДАЛ)

Зөвлөлтийн нэрт зохиолч Ильф, Петров нарын “12 сандал” зохиолын “Гариг хоорондын шатрын их хурал” бүлгээс товчлон орчуулав. Энэ зохиолоор хийсэн Гайдагийн киног үзэж суусан эхнэр маань энэ хэсгийг хараад “Энэ чинь манайхны тухай л юм байна шүү дээ” гэж дуу алдахад, чухам тэр хэсгийг нь товчлон орчуулах санаа төрөв. Зохиолын баатрын яриан дундах өдгөө бараг мартагдсан өгүүлэмжийг тухай бүрд нь хаалтан дотор тодруулсан болно.


Өглөө нь алтлаг шар хүрээтэй нүдний шилтэй, эцэнхий өвгөн Васюки тосгоны эргэн тойронд алхална. Цавуутай будгаар өнгөлж будсан бололтой балиар гутал углажээ. Тэрээр өөрийн гараар бичсэн бололтой зарлал хананд наана.

Шатрын Их мастер О.Бендер
“Эхлэн суралцагчдад зориулсан аугаа санаа" сэдэвт лекц ба 160 өрөг дээр зэрэг шатар тоглох үзүүлбэр болно.

Тоглолт «Картонажник» клубт 1927 оны 6-р сарын 22.Яг 6 цагаас эхэлнэ. Оролцогч хүн бүр өөрийн хөлөгтэй ирнэ. Тасалбар - 20 копейк. Тоглолтод оролцох хураамж 50 копейк.

Зохион байгуулагч K. Mихелсон.

Их мастер цагаасаа хожимдсонгүй ээ. Гурван рублиэр клубыг түрээслээд, яагаад ч юм, морин заводын байрны коридорт байралдаг шатрын дугуйлангийнхныг авчиржээ.

Өрөөсөн нүдтэй нэг эр хөдөөнийхний дунд алдартай Шпилхагэний (Шпилхагэн-1829-1911, Германы зохиолч, нийгэм-улс төрийн зохиол нь тухайн үед Орост их алдартай байж) зохиолыг уншиж суугаа харагдана.

- Их мастер О.Бендер та нартай зэрэг өрөг тоглохоор ирлээ - гэж Остап ширээн дээр суугаад хэлэв.

Васюкийн мөнөөх шатарчин эрийн цорын ганц нүд нь байгалиас заяасан хязгаараа давлаа.

- Хүлээзнээрэй, нөхөр их мастер аа! - гэж Өрөөсөн нүдэн хашгираад - Та суугаад хүлээж байгаарай, би одоохон...

Тэгээд Өрөөсөн нүдэн гарч одов. Остап клубын шатрын хэсгийг тойруулан харав. Ханан дээр уралдаж буй морьдын гэрэл зургууд өлгөөтэй бөгөөд ширээн дээр "Васюкийн шатрын дугуйлангийнхны 1925 оны ололт амжилт" гэсэн гарчигтай тоосонд дарагдсан товхимол харагдана.

Өрөөсөн нүдэн янз бүрийн насны арван хэдэн хүн дагуулсаар буцаж орж ирлээ. Тэд бүгд ээлжлэн ирж, өөрсдийгөө танилцуулан нэрээ хэлээд, их мастерын мутрыг хүндэтгэлтэйгээр атгав.

"Бид одоо Казань хүрэх замдаа явна " гэж Остап гэнэт хэлээд, "тиймээ, өнөө орой шоу тоглолттой, ирээрэй. Одоо уучлаарай, Карлсбадын (Карлсбад буюу одоогийн Карлови Вари хот – Олон улсын шатрын тэмцээн болдог уламжлалт газар боловч чухам 1927 онд тэмцээн болоогүй өнжсөн) тэмцээнээс хойш ядраад нэг л формдоо орж өгөхгүй байна.”

Васюкийн шатарчид Остапыг хайр энэрлээр дүүрсэн харцаар ширтэн сонсоно. Остап маань формдоо ороод ирлээ. Түүнд шинэ хүч оргилон, шатрын аугаа санаа нь мэдрэгдэх аж.

"Шатрын ухаан ямар их хол явсныг ярьвал Та нар итгэхгүй байх л даа. Мань Ласкэр (Э. Ласкэр 1868-1941 – 1894-1921 онд шатрын дэлхийн аварга асан) одоо хамт тоглохын аргагүй бүдүүлэгтэж өгдөг болсоон. Тоглолтон дээр тамхи баагиулаад суучихана. Зориуд хямдхан тамхи татаж өрсөлдөгчөө утаагаар нь утахаар байхын аргагүй жигшмээр. Ер нь шатрын ертөнц асуудалтай болоод байна шүү.

Их мастер орон нутгийн сэдэв рүү шилжлээ.

-Яагаад шатрын аугаа сэтгэлгээ хөдөөд байдаггүй юм бэ! За жишээ нь танай шатрын дугуйланг авч үзье л дээ. Гомдмоор байна шүү, хүүхнүүд ээ! Дугуйлангийнхаа нэрийг үнэхээр гоё, нэг тийм шатарлаг маягаар өгч болдоггүй юм уу? Ер нь нэр нь үнэхээр шатар шиг гоё юм яагаад болохгүй гэж. Дугуйлангийн нэг хамт олныг нэгтгэсэн санаатай баймаар. Энэ нь массыг өөр рүүгээ татана шүү дээ. Жишээлбэл, дугуйлангаа "Дөрвөн хүлэг морьтны шатрын клуб", "Улаан шаг мад!" эсвэл "Бэрсээ шидээд хожигтүн" гэх мэтээр нэрлэж яагаад болохгүй гэж? Гоё байна уу?! Сонсголонтой, айн?!

Санал тэр дороо бүгдэд таалагдав.

-Үнэхээр тийм шүү - гэж - васюкичүүд уухайлаад -Нээрэн яагаад манай дугуйланг Дөрвөн хүлэг морьтон гэж нэрлэж болохгүй билээ!?"

Дугуйлангийн удирдах бүлэг яг тэнд нь байсан болохоор хүндэт даргын хувьд Остап даруй нэг минутын хурал зохион байгуулж, уг дугуйланг санал нэгтэйгээр "Дөрвөн хүлэг морьтон шатрын клуб" гэж нэрлэхээр болов. Их мастер маань өөрөө Скрябины сургамжийг ашиглан дөрвөн морьтон бүхий тэмдэгт дүрсийг картон хуудсан дээр харгалзах бичээсийн хамт уран сайхны аргаар бүтээчихлээ. Энэхүү чухал үйл явдал нь Васюкид шатрын сэтгэлгээний цэцэглэлтийг бэлэгдэх аж.

- Шатар! - гэж Остап хэлээд - Та нар шатар гэж юу болохыг мэдэх үү? Энэ бол зөвхөн соёл төдийгүй эдийн засгийг урагшлуулна! "Дөрвөн хүлэг морьтон" шатрын клубыг зөв зохион байгуулбал Васюки хотыг бүрэн өөрчилж чадна.

Остап өчигдрөөс хойш юу ч идээгүй тул уран илтгэх чадвар нь ид оргилж байлаа.

- Тийм ээ! - гэж тэрээр чанга хашгираад - Шатар улс орныг баяжуулдаг! Хэрэв та нар миний төслийг зөвшөөрөх юм бол гантиг шатаар өгсөж уруудах болно! Васюки хот арван мужийн нийслэл болно! Та нар урьд нь Зэммэрин (Зэмэрин хот – 1926 онд энд Олон улсын шатрын тэмцээн болсон) хотын талаар юу сонсож байсан бэ? Зүгээр зүгээр! Тэнд олон улсын тэмцээн зохион байгуулснаар л энэ бяцхан хот одоо баян чинээлэг, алдартай хүндтэй болсон. Тиймээс би Васюкид олон улсын шатрын тэмцээн зохион байгуулах ёстой гэж хэлж байна!

- Яаж? - гэж бүгд хашгиралдав.

- Энэ бол үнэхээр бодит зүйл - гэж их мастер хариулав. - Миний хувийн холбоо, бас та нарын санаачлага бол Васюкийн нэрэмжит олон улсын тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай бөгөөд хангалттай бүх зүйл юмаа. “1927 оны Васюкийн нэрэмжит олон улсын тэмцээн" - ямар сайхан сонсогдох бол гэж бодоцгоогоорой. Хосе-Рауль Капабланка, Эммануэль Ласкэр, Алехин, Нимцович, Рети, Рубинштайн, Мароци, Таррас, Видмар, доктор Григорьев (доктор Григоьев 1895-1938 Зөвлөлтийн алдартай шатарчин, шатрын дүн шинжээч) нар энэ тэмцээнд хүрч ирэх нь гарцаагүй. Үүнээс гадна миний оролцоо ч баталгаатай!

- Гэхдээ мөнгө яахав! - васюкичүүд гасалцгаав. - Тэр бүгдэд мөнгө төлөх шаардлагатай шүү дээ! Олон мянган мөнгө! Бид тэрийг хаанаас олох болж байна?

- Хүчтэй хар шуурга л бүхнийг шийднэ! (С. Покрассын шүлгийн мөр) - гэж О.Бендер шүлгээс эш татаад - Мөнгө нь хураамжаас бий болно!

- Ийм галзуу их мөнгийг хэн төлөх вэ? Васюкичүүд бид ...

- Ямар юмны чинь васюкичүүд вэ! Васюкийн оршин суугчид сохор зоос ч төлөхгүй. Харин ч мөнгө а-ва-х болно! Энэ бол маш энгийн. Аугаа их мастерууд оролцох ийм тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шатар сонирхогчид түм бумаараа цуван ирнэ. Хэдэн зуун мянгуулаа, баян чинээлэг хүмүүс Васюки руу хошуурна. Нэгд, тийм олон хүнийг зорчуулах голын тээврийн даац дийлэхгүй. Ингэхээр Зам тээврийн яам Москва-Васюки чиглэлийн төмөр зам барихаас өөр аргагүй. Энэ бол нэгдэх нь. Хоёрт гэвэл зочид буудал, тэнгэр баганадсан барилгууд. Гуравт гэвэл мянган километрийн радиуст хөдөө аж ахуйг сайжруулж, зочдыг хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түрс, шоколадаар хангах шаардлагатай. Тэмцээн болох ордонноо босгох, дөрөвт. Тавд, зочдод зориулсан автомашины маш том парк хэрэгтэй. Тэмцээний дуулиан шуугиантай үр дүнг дэлхий даяар дамжуулахын тулд супер хүчирхэг радио станц барих шаардлагатай. Энэ зургаа дахь нь. Одоо Москва-Васюки төмөр замын тухайд. Энэ нь хүн бүрийг Васюки руу тээвэрлэх хүчин чадалтай байх нь дамжиггүй. Үүнээс гадна шуудангийн онгоц, агаарын хөлөг нь Лос Анжелес, Мельбурн зэрэг дэлхийн өнцөг булан бүрт тогтмол нисдэг “Васюки Большое” нисэх онгоцны буудал бий болно.

Васюкийн сонирхогчдын өмнө гайхамшигтай хэтийн төлөв нээгдэх нь тэр! Өрөө хязгаарласан хана шууд тэлэв. Адуун заводын ялзарсан хана нурж, оронд нь гучин гурван давхар шилэн ордон хөх тэнгэр тийш цойлох нь тэр. Танхим болгонд, өрөө болгонд, тэр ч бүү хэл сум мэт хурдлах лифтэнд хүртэл бодолд дарагдсан хүмүүс шилэн самбар дээр шатар нүүнэ. Гантиг шат үнэхээр Ижил мөрний эрэг тийш уруудана. Голоор нэг далайн усан онгоцнууд. Малигар царайтай гадаадынхан, шатрын бүсгүйчүүд, нутгийн индиануудаа өмөөрөгч австраличууд, цагаан өдөн гогцоо өмссөн индианчууд, Испаний намыг дэмжигчид, германчууд, францчууд, шинэ зеландчууд, Амазон мөрний сав газрын оршин суугчид гээд л... Васюкичүүдэд үхтлээ атаархсан москвачууд, ленинградчууд, киевчүүд, сибирийнхэн, одессынхон бас ирцгээнэ. Гантиг буудлуудын дундуур машин тэрэг туузан дамжуулагч шиг хөврөнө. Тэгснээ дараа нь бүх зүйл гэнэт зогслоо. Дэлхийн аварга Хосе Раул Капабланка и Граупэра (Хосе Раул Капабланка и Граупэра – 1888-1942 - Дэлхийн шатрын аварга, 1921 онд Ласкэрийг хожиж, 1927 онд Алехинд хожигдсон) загварлаг сүрлэг зочид буудлаас гарч ирэв. Тэрээр гоо бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн ажгуу. Тусгай шатрын дүрэмт хувцас өмссөн цагдаа нар эелдэгээр мэндчилэв. Васюкийн "Дөрвөн хүлэг морьт" дугуйлангийн Өрөөсөн нүдэн дарга аваргыг хүндэтгэн угтлаа. Хоёр гэгээнтэн англиар мэндэчлэн хүүрнэлдэж байтал ирээдүйн дэлхийн аварга Алехин ирснээр яриа тасалдав. Баяр хөөр хотыг доргионо. Хосе Раул Капабланка и Граупэра нүдээ ирмэнэ. Тэрээр онгоц руугаа гантиг шатаар уруудангуутаа Өрөөсөн нүдэн рүү даллана. Доктор Григорьев түүний араас гүйхдээ шинэ малгайгаараа даллан мэндчилгээ дэвшүүлэнгээ Алехинтай удахгүй болох тоглолтын үеэр Капабланка ямар алдаа гаргаж болзошгүйг тайлбарлана.

Гэнэт тэнгэрийн хаяанд хар цэг тодорлоо. Цэг хурдан ойртон томорч, маргад эрдэнийн том шүхэр болон хувирах нь тэр. Шүхрээс ногоон оймстой, чемодан атгасан нэгэн хүн унжин бөнжигнөнө.

- Тэр мөн байна! - гэж Өрөөсөн нүдэн хашгираад - Ура! Ура! Ура! Би шатрын аугаа философич Ласкэр өвгөнийг таньчихлаа. Дэлхий дээр ийм ногоон оймс өмсдөг цорын ганц хүн бол тэр.

Хосе Раул Капабланка и Граупэра ахин нүдээ ирмэв.

Силезийн (Силез – Германы томоохон нүүрсний уурхайтай нутаг) дээгүүр нисэх үед нь зүүн ханцуй дээр нь тогтсон тоосыг хөгжилтэй экс аварга Ласкер үлээн цэвэрлээд, Өрөөсөн нүдэнгийн гар дээр уналаа. Өрөөсөн нүдэн Ласкэрийг бэлхүүсээр нь тэврэн тогтоогоод аварга руу хөтлөн:

-Эвлэрцгээ! Васюкийн өргөн олны өмнөөс гуйж байна! Та хоёр одоо эвлэр!

Хосе Раул гүнээ санаа алдаад, ахмад домгийн гарыг барин:

- Тэргээ b5-аас c4 руу шилжүүлэн нүүдэг таны санааг би үргэлж биширдэг байсан!

- Ура! - гэж Өрөөсөн нүдэн хашгирав. - Аварга хүн ийм л энгийн, бас үнэмшилтэй хандана даа!

Бүчсэн олон уухайлан цуурайтуулна:

- Ура! Вива! Банзай! Энгийн, бас үнэмшилтэй!!!

Урам зориг дээд цэгтээ хүрэн бялхлаа. Маэстро Дуза-Хотимирский (Маэстро Дуза-Хотимирский – Зөвлөлтийн шатрын аварга), маэстро Перекатов нар өндөг хэлбэртэй улбар шар өнгийн агаарын бөмбөлөгөөр хотын дээгүүр хөвж байхыг хараад Өрөөсөн нүдэн гараа даллав.

Хоёр сая хагас хүн урам зоригтой нэг тэсрэлтээр дуулсан нь:

Шатрын хууль бол гайхамшигтай бөгөөд хувиршгүй:

Хэн ч гэсэн өчүүхэн давуу талыг олж авсан,

Орон зай, масс, цаг хугацаа, хүчний дарамтанд

Зөвхөн ялалтад хүрэх шулуун зам боломжтой.

Васюкийн арван хоёр өртөө бүхий буухиа галт тэрэг эргэлдэж, шатар сонирхогчдыг буулгаж байна.

Өрөөсөн нүдэн рүү алхагч гүйв.

- Өндөр хүчин чадалтай радио станц нэг л биш болчихлоо. Таны тусламж хэрэгтэй байна.

Радио станц дээр инженерүүд  Өрөөсөн нүдэнг хашгирч угтав.

- Гамшгийн дохио! Гамшгийн дохио!

Өрөөсөн нүдэн чихэвчээ зүүгээд сонсов.

- Ваая ваая! Ваая ваая! - гэх цөхрөнгөө барсан орилоон агаарт сонсогдов. - SOS! SOS! SOS! Биднийг сэтгэлийг авраач!

- Аврал гуйж байгаа чи хэн бэ? - гэж Өрөөсөн нүдэн агаарт ширүүн хашгирав.

- Би мексик залуу байна! - гэж агаарын долгион мэдээлэв. -Сэтгэлийг минь авраач!

- Та дөрвөн хүлэг морьт шатрын клубтэй ямар холбоотой вэ?

- Өчүүхэн хүсэлтийг минь!..

- Юу болсон бэ?

- Би Мексик залуу Торрэ байна! Би дөнгөж сая сэтгэцийн эмнэлгээс гарсан. Намайг тэмцээнд оролцуул! Намайг аваач!

- Аа! Надад зав алга! - гэж Өрөөсөн нүдэн хариулав.

- SOS! SOS! SOS! - эфир хашгирав.

- За яахав, тэгвэл хүрээд ир!

- Надад мөнгө бай-х-гүй-ээ! Би Мексикийн булангийн эргээс ирсэн.

- Өөх! Залуу шатарчид юм биз дээ! - гэж Өрөөсөн нүдэн санаа алдаад - Түүн рүү моторт троллейбус явуул. Яахав, ирэг л дээ!

Хотын гудамжаар цагаан морь хөтөлж явахад тэнгэрт гэрэлтсэн зар сурталчилгаа дүрэлзсэн байв. Энэ бол Васюкийн морин заводоос амьд үлдсэн цор ганц морь аж. Насаараа гүү гэж тооцогдож байсан ч тусгай зарлигаар тэрийг одоо морь гэж нэрлэх болсон. Шатар сонирхогчид тэрийг дал модны мөчир болон шатрын хөлгөөр даллан угтлаа...

- Санаа зоволтгүй - гэж Остап хэлээд - Миний төсөл танай тосгонд урьд өмнө байгаагүй цэцэглэлтийг баталгаажуулах болно. Тэмцээн дуусч, бүх зочид явахад юу болох талаар бодоорой. Орон сууцны хямралд орсон Москвагийн оршин суугчид танай гайхамшигт хот руу яарах болно. Нийслэл автоматаар Васюки руу шилжинэ. Засгийн газар ийш нүүнэ. Васюкийг "Шинэ Москва", харин Москваг "Хуучин Васюки" гэж нэрийг нь өөрчлөнө. Ленинградчууд, харьковчууд шүдээ хавиран уурсах ч, тэд яаж ч чадахгүй. Шинэ Москва Европын, удалгүй дэлхийн хамгийн гоёмсог төв болж хувирна.

- Дэлхийн хамгийн!!! - гэж биширсэн Васюкийн оршин суугчид уухилцгаана.

- Тийм ээ! Тэгээд дараа нь орчлон ертөнц! Хөдөөний тосгоныг дэлхийн нийслэл болгох төдийгүй шатрын аугаа санаа нь хэрэглээний шинжлэх ухааны аргачлалаар гариг хоорондын харилцааны зохих бүтээл болно. Васюкиас ангараг, бархасбадь, далайн ван руу дохио илгээнэ. Сугар гаригтай харилцах нь Рыбинскээс Ярославль руу утас цохих шиг хялбар болно. Тэнд, магадгүй найман жилийн дараа Васюкид орчлон ертөнцийн түүхэн дэх анхны гариг хоорондын шатрын тэмцээн болох ч юм бил үү!

Остап эрхэмсэг духаа арчив. Тэр маш их өлсөж байсан тул шатрын бодыг шарчихвал дуртайяа идэхээр болжээ.

- Тийм ээ - гэж Өрөөсөн нүдэн тоосонд дарагдсан өрөөг солиотой харцаар тойруулан хараад - Гэхдээ энэ гоё үйл явдлыг яаж бодитоор хэрэгжүүлэх вэ?...

Тэнд байсан хүмүүс их мастер руу ширтэв.

- Зөвхөн та нарын санаачилгаас л асуудал шалтгаална гэдгийг би давтан хэлье. Дахин хэлье, би бүх асуудлыг хариуцна. Цахилгаан мэдээний зардлаас бусад материаллаг зардал байхгүй.

Өрөөсөн нүдэн хажуу хамтрагчаа нудраад:

- Хөөе, чи юу гэмээр байна?

- Бид зохицуулнаа! Ямар ч байсан зохицуулцгаая! - хэмээн васюкичүүд чангаар дуу алдацгаалаа.

- Тэр... цахилгаан утаснуудад хэр их мөнгө орох бол?

- Инээдтэй тоо гарна - гэж Остап хэлэв. -Зуу зуухан л рубль.

-Манай кассанд хорин нэгэн рубль арван зургаан копейк л бий. Энэ нь мэдээжийн хэрэг хангалттай биш гэдгийг бид ойлгож байна л даа...

Гэвч их мастер маань угийн сүрхий зохион байгуулагч билээ.

- За, надад хорин рублиэ өгөөдөх.

- Энэ хангалттай юу? -гэж Өрөөсөн нүдэн асууж байна.

- Анхны цахилгаан мэдээнд хангалттай хүрнэ. Дараа нь хандивын урсгал эхэлж, мөнгөө багтаах газар олдохгүй болно!..

Их мастер мөнгийг аяны ногоон хүрэмнийхээ халаас руу шургууллаа.