Олон нийтийн радио, телевиз: 2005 – 2017 ?
Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны ”Цэнхэр дэлгэц”-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.
Шинэ жилээр телевизүүд оны тойм, онцлох, шилдэг, концерт, цэнгүүн гээд мянган нэвтрүүлэг үзүүлдэг ч бүгдээрээ "телевизийн удирдлагын мэргэжил"-тэй болсон монголчуудын хувьд хамгийн хүсэн хүлээдэг нь хошин шог. Бараг арваад жилийн турш Х-ТҮЦ-ийнхэн UBS-ээр бүхэл бүтэн инээдмийн хөтөлбөр үзүүлж, ингэхдээ голдуу телевизийн өөрийнх нь мэдээ, сурвалжлага, дуу хөгжмийг элэглэдэг жишиг тогтоосныг бусад нь олон сувгаар тасралтгүй дууриасан ч давж чадаагүй. Харин энэ жил Х-ТҮЦ-ийн "Өвлийн инээмсэглэл"-ийг Юнивижн-ээр төлбөртэй үзүүлэв. Тэднээс Аглуу салж одсон ч могой гурав тасравч гүрвэлийн дайтайг сануулж "Монгол туургатны нэг эрхэм", "80 саяын уналт"-ын хэсгүүд элэг хөшөөлөө. Гэсэн ч энэ удаад хамгийн сайн нь МонголHD-гийн "Гацуурхан" уран сайхны кино байж, ааш муутай хадам ээж төвтэй (тэгээд дан эрэгтэй жүжигчин тоглохыг яана) тайзны хошин шогоос телевизийнх өөр байх ёстойг харуулав. Харин UBS-ээр үзүүлсэн "Мөнгөн шөнийн инээмсэглэл" бүтсэнгүй ээ. Төгсөхдөө Аглуу, Бооёо, Лхагвасүрэн гурван гавьяат, дахиад л хадам ээжид хувирсан бүдүүн залуугийн хамт нэг оронд ээлжлэн орж сэжиг хүрмээр марзагнав. Цул авьяасаар нэвтрүүлэг хийдэг цаг өнгөрсөн байна.
Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны "Цэнхэр дэлгэц"-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.
Монгол Улсад олон нийтийн радио, телевиз нэрээр арваад жил үргэлжилсэн ажил явдал бүтэлгүйтэх тийшээ хандав бололтой. Мордохын хазгай юм болов уу, 1998 оны 8-р сард УИХ-аар баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосны дараа Монголын радио, телевизийг олон нийтийн болгох ажил бүтэн зургаан жилээр сунжирч 2005 онд арайхийж нэг хуультай болсны дараа шинэ нэрээ зүүсэн билээ. Ингээд радио, телевизийн бүтэн цогцолбор, пиг дүүргэсэн хэдэн зуун хүн, хамгийн шилдэг сэтгүүлчид, дөчөөд жилийн сан хөмрөгийг элдэв төлбөр ялгүйгээр шууд өвлөн мэндэлж, жилийн жилд төсвийн олон тэрбумаар тэжээлгэж, дээрээс нь сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгээр тансагласны эцэст юунд хүрэв?
Өнөөдөр юутай ч өнгө зүстэй, бас тансаг болжээ. Тэр үүд хаалганы сүртэйг яана. Ажилтнууд нь "үзэгнээс" өөр зөндөө юмтай болж, бүр хажуудаа орон сууцнуудаа босгоод авсан. Хаа нэгтээ амралтын газартай байсан, хэвээрээ биз. Захирлаасаа эхлээд цалин пүнлүүгээрээ шүүгч нартай ана мана үзэлцэж, заримдаа дийлдэг болсон гэнэ. Байр сав илүүдэж, бас мөнгөө барж ядсаных юмуу, Event Hall хэмээх бужигнааны газрыг дотроо нээжээ. Хамгийн гол нь хоёр суваг, нэг долгионыг бүхий л сэдэв, төрлийн нэвтрүүлгээр яаж ийгээд дүүргэж байгаа. Даанч ганцхан юм дутдаг. Тэр юу вэ гэвэл олон нийтийнх болж чадсангүй. Дэлгэцээрээ "үндэсний, олон нийтийн" гэж шившлэг мэт уншивч хуулинд заасан "гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" яавч биш. Далдалсан далдлаагүй мөнгөний нэвтрүүлгүүд дэндүү олон. 2008 оны УИХ-ын сонгуулийг далимдуулсан үймээн самуунаас эхлээд 2012, 2016 оны сонгуулийн амлалт, биелэлт, Таван толгой, нүүрсний төмөр зам, Хөгжлийн банк, бонд, хямрал, ханш уналт, өр зээлийн намаг, төрийн толгойд авирч гарсан авлига, офшор, Улаанбаатарын утаа, Эрдэнэтийн сэм хувьчлал гээд эгзэгтэй үйл явдал, цаг мөчүүдэд МҮОНРТ юугаараа арилжааны телевизүүдээс илүү, олон нийтийнх байж гийгүүлэв ээ?
Уг нь өөрсдөө чимээ гаргаагүйсэн бол монгол үзэгчид "Авъяаслаг монголчууд" юмуу "Ийгл"-ийн мэдээ үзэж, Алтантүрүүтэй хамт айлаар хонох зуураа суваг эргүүлэхэд олон нийтийн телевиз тааралдвал "гарч л байна даа" гэсээр дахиад хэдэн жилийг үдэх байсан. Даанч сар гаруйн өмнө "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр Ерөнхий захирлынхаа сүүлийн хоёр жилийн нүглийг сорчлон тоочсон бичлэгийг хулгайгаар цацсанаар амар жимэр байдлаа өөрсдөө баллав. Олон нийтийн телевиз дотор ээлжит бослого маягийн юм гарсан хэрэг. Өмнөх нь 2013-2014 оныг дамнаж ерөнхий захирал М.Наранбаатар нь Ч.Даваабаяр дэдийгээ халж шүүхдэлцсэн дажин. Харин Наранбаатарыг УИХ-ын дарга З.Энхболд шүүх цагдаагаар далайлган халуулж оронд нь намын илгээлтээр Ц.Оюундарийг явуулж сольсноос хойш хэсэг намжаад байсан юм. Давтамж нь ойртсоор байх шиг. Одоо удирдлагыг нь шинэ эрх баригчид бүрэн өөрийн болгохоос нааш тайвшрахгүй, гэтэл Үндэсний зөвлөл дэх АН-ын олонхийн хугацаа нь дуусаагүй, энэ завсарт эрх баригчид халдлаа гэж цамнасан Ерөнхий захирал хэмээх хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нэгэн од гялтганаж салахгүй нь ээ гэж бодтол ашгүй өөрөө ажлаа өгчээ.
Ажиглаад байхад, олон нийтийн радио, телевиз болоогүйн гол буруутан нь төсөв, төлөвлөгөөг баталж удирдлагыг томилдог мэдэлтэй хэрнээ хуулийг өглөө оройгүй зөрчүүлж, хаалттай (төсвөөс хэдхэн саяыг авдаг жижигхэн цэцэрлэг шилэн дансаа хөтөлж байхад тэрбумаар хүртдэг МҮОНРТ огт үгүй), үзэгчдийн зүгээс ямар ч хяналтгүй болгосон Үндэсний зөвлөл хэмээх 15 хүн. Ихэнхдээ хэн ч мэдэхгүй, үл үзэгдэгч төрийн бус байгууллагын нэрээр орж ирсэн эдгээр огцорсон дарга, үзэл суртлын ажилтан, дагуул, сахиул, туслах, том албан тушаал хүлээх зуур энэ хавьд саатагч, зарим чухал хүний гэр бүл, бас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болоод Монголын хэвлэл мэдээллийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч зэрэг эрхмүүд аль нам, хэний хүн болохыг анзаарвал МҮОНРТ маань эрх баригч намууд заримдаа ээлжилж, заримдаа хувааж хэрэглэдэг юу ч болов бүү мэд. Урьд нь үндэсний зөвлөлийн дарга байсан Х.Чилаажав гэж лут нөхрийг саяхан дахин олж томилсон нь Ардын нам хүнээ нэг нэгээр зугуухан нэмж буй хэрэг. Саяын хэрүүлийн дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаад тайланг нь хэлэлцэж буйг үзэхэд, өөрсдөө Үндэсний зөвлөлийг томилдог нөхдүүд МҮОНРТ ард түмэнд үйлчлэх ёстой, даанч хараат бус биш байна, бас тэд утсаа авахгүй байна гэхчлэн матрын нулимсыг хувин хувингаар асгаж харагдав.
Олон нийтийн радио, телевизийн хууль дампуурсны нэг нотолгоо бол "хэний ч биш ийм өмчийг хувьчлах"-аас эхлээд Засгийн мэдэлд буцаагаад авах тухай яриа юм. Таван жилийн өмнө ингэж хэлбэл бүгд цочих байсан бол өнөөдөр дэмжих талдаа болжээ. Өмнөх эрх баригчид МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг соортолж тараасан хоёр сувгийн нэгийг нь хувьчлах зүгт явж байтал сонгуулийн дүн эсрэгээр гарч гацчихсан билээ. Гэхдээ "Халтар царайт", "Авъяаслаг монголчууд", солонгосын олон ангит драма мэтийн нэвтрүүлэг, кино бүгдийг хот хөдөөгүй ханаруулж чадах манайх шиг жижиг улсад, тэр тусмаа цахим орчин, нийгмийн сүлжээ харах нүдийг орлож, бас хаа сайгүй ухуулга, сурталчилгааны дайн болж байхад мэдээллийн нийтийн мэдээллийн орон зайг хадгалах хэрэгтэй болов уу. Одоохондоо өргөн нэвтрүүлгээс өөр хувилбар харагдахгүй байна. Үүний тулд эрхэм гишүүн С.Жавхлангийн хэлснээр, эрхэм гишүүд жүжгээ завсарлаж, эхлээд одоо байгаа хуулийн үг үсгийг ягштал мөрдүүлэх, мөрдүүлж чадаагүй арван тавыг хөөж явуулах эрх тэдэнд бий. Манайд олон талын оролцоотой хамтын удирдлагын механизмууд ерөөсөө явахгүй юм. Хамгийн том жишээ бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл. Дараачийнх энэ зөвлөл.