НҮҮДЭГ ШАР ХОТООС, СУУДАГ УЛААН ХОТ ХҮРТЭЛ

Өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хэрхэн үүссэн нь нэлээд маргаантай асуудал юм. Халхад төвдийн шашныг дэлгэрүүлсэн Түшээтхан Абтайн ач хүү Занабазарыг 1639 онд Монголын шашны тэргүүнд өргөмжилжээ. Өргөмжлөх чуулган болсон газар нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагааннуур гэдэг газар. Абтай сайн хан Төвдөөс анх шашин олж ирэн сүм хийд байгуулсан нь Эрдэнэзуу хийд. Гэтэл Эрдэнэзуу нь сажапа гэгч урсгалынхны сүм хийд аж. 

Ингээд Дарнатын хойд дүрийг Монголд тодруулан шашны тэргүүнээр зарлахдаа буруу номын урсгалынхан бүтээсэн Эрдэнэзуугаас цэрэвсэн бололтой. 1639 он гэдэг бол зуун жилийн өмнөхөө бодвол шарын шашин Монголд харьцангуй хүчтэй нөлөөтэй болсон үе байлаа. Ингээд шарын шашны шинэ төв буй болгохоор Цагааннуурт шав тавьсан юмаа гэдэг талаас нь үзвэл өдгөөгийн Улаанбаатар уг онд үүсчээ гэж шашны утгаар ойлгож болохуйц. Гэхдээ энд ямар нэг хот суурингийн суурь шав тавих буюу товлосон зүйл үгүй л болов уу. Баахан феодал ноёд цуглаж, идээ будаа, найр наадамд л үүсгэсэн байхаа. 

Гэвч мөн тэр оны үед Эрдэнэзуугаас хэдхэн километрийн зайд Шанхын хийд байгуулсан нь ирээдүйн шарын шашны төв буй болгох зорилготой байсан болов уу. Хэрэв ажигласан бол түрэг монгол угсааны нүүдэлчдийн олон янзын улс энэ нутагт сүүлийн хоёр мянган жил тогтохдоо Орхоны хөндийд төвлөрөн нэгдсэн удирдлага явуулдаг байжээ. Чингис, Өгөөлэй нар ч энэ жаягийг даган Хархорумыг Орхоны хөндийд байгуулсан болов уу. Абтай ч энэ жаягийг дагасан, гагцхүү Занабазар л үүнийг эвдэх гэсэн бололтой. Учир нь, тэрээр 1654-1680 оны хооронд 27 жилийн турш Хэнтийн нуруунд суурин хийд барихаар шийдэн мод, тоосго, чулуугаар барилга байгууламж мундахгүй байгуулжээ. Харин сүүлд нь Галдан бошгот очоод өнөөхийг нь юу ч үгүй эвдэж сүйтгэсэн гэдэг. 

Тэгэхээр нь Өндөр гэгээн Занабазар Галдангаас зугтаад одоогийн Өвөр Монголын нутагт Өгөөмөр гэдэг газар Өргөөгөө байгуулжээ. Дараа нь Өвөр Монголын Долоннуурт нэг хэсэг байсан байна. Тэгээд Халхыг манжууд эзэлж Галданг хөөхөд тэднийг дагалдан ирээд 1706 оноос Цэцэрлэгийн Эрдэнэтолгой гэдэг газар бас нэг сүм хийдийн төвлөрөл үүсгэж эхэлсэн аж. Одоо эндээс нь хөөгөөд үзье. Улаанбаатар хот 1639 онд Өвөрхангайд байгуулагджээ. 1654 онд Хэнтий аймагт, 1688 онд Өвөрмонголд, 1691 онд Баргад, 1704 онд Архангайд (газарзүйн нэрийг одоочлов) шилжин явжээ гэх маягтай юм болох гээд байна. Нөгөө байгуулсан хот яасан бэ? За яахав нүүдэлчдийн хот бас нүүдэг юм гэж бодъё, гэтэл энэ маань шашны тэргүүнд өргөмжлөгдсөн нэг хүний хэрэн тэнэсэн түүх, хотынхоо түүхийг араасаа дагуулаад явчиж байгаа юм биш үү?

Зарим түүхч Улаанбаатарын суурь 1706 онд буй болсон гэж үздэг ба үүнээ Занабазар Халхад буцаж ирээд Гандан шавдүвлин хэмээх цогчин дуган барьж хот байгуулж эхэлсэн гэдэг ба үүнийгээ нотлож түүхийн эх сурвалжийг заадаг. Гэвч мөнөөх Эрдэнэтолгой нь хаа байгаа талаар тогтсон зүйл өнөө хэр үгүй, судлаачид дор хаяхад дөрвөн газрыг заан булаацалддаг. Ямар ч байсан 1706 оноос хойш Халхад том жижиг дайн байлдаан болоогүй учир ямар нэг зүйл барьсан бол туурь суурь нь үлдмээр юм. Ер нь Шанхын хийдээс эсвэл Цагаан нуураас Улаанбаатарын шав анх тавигдсан гэж үзэх дээрээ тулах юм бол үүнээс хавьгүй өмнө амжилттай баригдсан Эрдэнэзууг яагаад Монголын нийслэлийн эхний шав гэж үзэхгүй байна вэ? Эсвэл түүнээс ч өмнө оршиж байсан Хархорум мөн л нүүсээр байгаад өнөөгийн энэхүү Туулын хөвөөнөө иржээ гэж яагаад тайлбарлаж болохгүй гэж? Ойролцоо нэгэн газар болох Хархорум, Эрдэнэзуу, Шанх, Цагааннуур зэргээс дөрвөн зуу гаруй километр хол орших Улаанбаатарыг заавал Занабазартай холбоод байгаа нь шарын шашинтай л барьцалдуулж буй хэрэг болов уу. Учир нь, 1911 он хүртэл Да Хүрээ нь Богд Жавзандамбын оршин суух газар гэсэн утгыг илүү илэрхийлдэг байсан. Тиймээс ч хүмүүс Богдын Хүрээ гэж нэрлэх нь элбэг байв.

Харин 1911 оноос Нийслэл хүрээ гэгдэх болж Монгол улсын нийслэл хотоор өргөмжлөгдсөн юм. Энэ хүртэл нийслэл гэглэх нүүдэлчин “хот” 20 гаруй удаа нүүсэн гэдэг боловч үнэндээ үе залгамжилсан Богд нарын амьдарч байсан газрууд л болов уу. Гэхдээ 1778 он гэхэд одоогийн Улаанбаатар хот орчмын бууринд ирчихсэн байсан ба үүнээс хойш Улиастай, Сэлбэ, Толгойт гэх мэтийн ойр ойр газруудад нүүдэг байжээ. Зөвхөн 1855 оноос л нүүхээ больсон байна. Эндээс Улаанбаатар хотын үүслийг 1778, 1855 гэсэн онуудаар тооцоход ч буруутгах аргагүй. Гэхдээ л 1911 онд улсын нийслэл хотоор зарлагдсан нь энэ хотын хувьд үндсэн тооллынх нь нэг гарцаагүй мөн дөө. 

1727 оны Хиагтын гэрээгээр Хиагтыг Орос Хятадын худалдааны цорын ганц боомт болгон зарласан юм. Чухам энэ үеэс Хятадаас гарсан худалдааны жингийн цуваа Хиагтаар дамжин Сибириэр явсаар Ураалын нурууг даван Москва хүрдэг байлаа. Өнөөгийн Улаанбаатарын буурь нь Сибирийн их тайгын хамгийн өмнөд цэг нь. Улаанбаатарын өмнүүр хүрээлсэн Богд уулаас урагшаа их говьд ганц ч модтой уул, урсдаг гол байхгүй. Улаанбаатарын дэргэдүүр урсах Туул гол нь их говийг туулсан жинчдийн хувьд анхны гол мөрөн нь юм. Иймээс их говийг туулж ирсэн, эсвэл говийн их замыг туулахаар хойноос ирсэн жинчдийн хувьд энэ хавь нь амарч тэнхээ авах таатай газар болж буй юм. Чухам ийм шалтгаанаар XVIII зууны дунд үеэс Богд уул, Туул голын орчимд анхны төвлөрөл үүссэн ба үүнийг даган Богдыг дагасан шашны нүүдэлчин “хот” энэ хавиас үл холдон байрлах болжээ. Бэлчээр хомсдсон, түлээ түлш хүрэлцэхээ больсон зэрэг шалтгаанаар Туул голыг даган хааш хаашаа 100 орчим километрт эргэлдэн олон удаа нүүсэн байдаг. Энэхүү ойр зуур нүүгээд явдаг “нийслэл”-д 1786 оноос Манжийн амбан байнга суух болжээ. Бодвол тэр амбан нь бас л нүүж суух дуртай монгол хүн байсан болов уу даа. Зуугаад жил энэ хавиар эргэлдэн нүүсний эцэст 1855 онд хөдлөхөө больсон гол шалтгаан нь хэд хэдэн сүм дуган баригдсантай холбоотой.[1]

Төвлөрсөн тосгон маягтай хөдөлгөөнгүй (нүүдэггүй) суурин байгуулагдсан нь жинчдийн амрах таатай газар болсон төдийгүй үүнээ дагаад худалдаа арилжааны төвлөрөл буй болсон байна. Улаанбаатараас хавьгүй өмнө буй болсон Ховд, Улиастай хотод Манж Чин улс өөрийн засаг захиргааг байгуулж элч төлөөлөгчөө суулгах болсон. Харин байнга нүүж байдаг Халхын шарын шашны удирдлагын хажууд тэдний элч төлөөлөгч байсангүй, байх ч аргагүй аж. Зөвхөн нүүхээ больсны дараа л Бээжингийн Халхыг хариуцсан амбан энд суурьших боллоо. Үүнийг дагаад 1862 онд Оросын консулын газар Хүрээнд байгуулагдав.

Анхдугаар Богдын дагуулаад явдаг байсан нүүдлийн “нийслэл”-ийг Өргөө гэдэг байжээ. Энэ нэр оросчлогдон 1924 он хүртэл Оросын болон түүгээр дамжин Европын хэллэгт Урга, (Urga) гэх маягтай хэрэглэгдэж байсан. XVIII зууны үеэс монголчууд хотоо Хүрээ гэж нэрлэх болсон ба нүүхээ больж шашин, засаг захиргаа, худалдааны боомт болоод ирүүд Их Хүрээ гэх болжээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа л Нийслэл Хүрээ хэмээх албан ёсны нэрийг тунхагласан билээ. 

Улаанбаатар гэдэг нэр анхны Үндсэн хуультай холбогдон 1924 онд буй болжээ. Үүнээс улбаалан социализмын үед Улаанбаатарыг 1924 онд үүссэн гэж албан ёсоор үзэн энүүгээр огноолон ойг нь тэмдэглэдэг байв. Харин 1990 оноос Улаанбаатарыг 1639 онд анхлан үүссэнээр тооцох болсон юм. Ер нь үнэнийг хэлэхэд 1990 оны өөрчлөлт шинэчлэлтийн үеэр хотын удирдлагууд ярьж байгаад 1924 онд нийслэлийнхээ нэрийг л сольсон болохоос шинээр хот байгуулаагүй болохоор нэг мөсөн “насыг нь ахиухан нэмье” гэж тохиролцсон болов уу даа. 

Бичиг баримтаас үзэхэд Улаанбаатар нэрийг Коминтерний төлөөлөгч Турар Рыскулов өгсөн гэдэг. Тэрээр дараа нь Холбоот Оросын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга хийж байгаад 1937 онд буудуулж үхсэн, хасаг үндэстэн хүн. Гэвч энэ хэргийг анх санаачилж Рыскуловын амаар хэлүүлсэн хүн нь Японы коммунист Сэн Катаяама (Sen Katayama) байж магадгүй. Катаяама бол Японы үйлдвэрчний эвлэл, Японы социалист нам, дараа нь Японы коммунист намыг үндэслэсэн, тэгээд АНУ-ын коммунист нам, Мексикийн коммунист намыг мөн үндэслэлцсэн, Коминтерн байгуулахад их хүч чармайлт гаргаж, 1933 онд үхэх хүртэлээ энд гүйцэтгэх хорооны гишүүн хийж явсан сонин намтартай хүн. Тэрээр 1922 онд болсон Дорно дахины хөдөлмөрчдийн II их хуралд Монголын төлөөлөгчидтэй тааралдаад Монголын тухай их л анхааран шохоорхох болжээ. Тэр төлөөлөгч нь С.Буяннэмэх ч байж магадгүй. Мөнөөх Монголыг коммунист дэглэм рүү оруулсан намын III их хурлыг Москвад бэлтгэхэд тэрээр нэлээд чухал рольтой байсан бололтой. Тэрээр Хятадад очиж Ли Дажаотай уулзан Хятадын коммунист намыг “янзалчихаад” буцах замдаа Монголын их говийг машинаар туулан, 1925 оны эхээр Улаанбаатарт иржээ. Магадгүй Улаанбаатар гэдэг нэр түүний ирээдүйн коммунист Японы нийслэлд жоорлон хадгалсан нэр ус ч байж болох юм. 

Уул нь энэ хот шарын шашинтай холбогдож буй болсон юм бол Шарбаатар гэдэг нэр үнэнд арай ойр байх байлаа. Улааны шашин буюу гармапагаас сэжиглэн зугтаад байсан чинь хувь төөргийн шоглоом болж хэдэн зуун жилийн дараа эргээд Улаантай нь холбоотой нэртэй болчихсон байх юм. Катаяама нь мөн Японы төмөр замчдын үйлдвэрчний дууны аяыг Монголд тээн оруулж ирж Хүмүүн төрөлхтөн хэмээх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж марксизм-ленинизмээр хүмүүжихийг уриалсан дууг буй болгосон байж магадгүй. Монгол үгийг нь эмэгтэйчүүдийн хорооны дарга Цэрэнлхам зохиожээ. Учир нь, тэрээр төмөр замын үйлдвэрчний эвлэлийг удирдаж, Япон даяар төмөр замаар аялсан төдийгүй тэднийг удирдан хатгаж бослого, үймээн самуун дэгдээсэн хэргээр шоронд сууж байжээ. 

Улаанбаатар нь орчин үеийн хот гэдэг ойлголтод жараад оны үед очсон. Хот гэхээр хүн ам, барилга байгууламж, нийтийн тээвэр гэх мэт цогц ойлголт юм. Үүнийг “урбан” гэж нэрлэнэ. Ер нь хот гэдэг маань иргэншлийн үүсэл. Өнөөдөр Монголд Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Арвайхээр гээд орчин үеийн урбан хэмжүүрт хүрсэн олон хот буй болжээ. Эдгээрт нүүдэггүй, нүүдлийн мал аж ахуйгаас өөр зүйлээр амьдардаг хүмүүс нь аль хэдийнэ Монголын нийт хүн амын ная гаруй хувийг эзэлж байна.

Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамбын суудаг газар болох магадгүй ганц хот Хүрээ нь дөнгөж 1855 оноос л нүүхээ больж суурьшсан учир үүнээ дагаад олон сүм хийд буй болсон тул нэг үгэндээ Монголын шашны төв болж байлаа. 1889 онд гаргасан тоогоор Хүрээнд 13 850 лам сууж байжээ.[2] Нэгэнт суурьшмал амьдрал буй болсныг дагаад малын бус байдлаар, өөрөөр хэлбэл гар урлал, бичиг цаас, худалдаа наймааны аргаар амьдрагсад буй болж эхэлсэн байна. Ийм харчуулын тоо 1878 онд 1 800 орчим байсныг монголч эрдэмтэн А.Позднеев тэмдэглэн үлдээжээ. Хүрээ нэгэнт Монголын хамгийн том төвлөрөл болсон тул энэ орчны түүхий эдийн дамжих бааз, арилжаа худалдааны төв, үүнийг дагасан үйлчилгээний цэг болжээ. 1918 онд Мицуй пүүсийн төлөөлөгчөөр Хүрээнд сууж асан Ошима Киёошийн дурссанаар тэр үед Хүрээний хүн амын бүтэц нь 23 мянган монгол, 30 мянган хятад, мөн 10 мянган орос (түүний 500 нь жүүдүүд) суурьшсан байжээ. Бас өөрийг нь оруулаад 13 япон хүн амьдарч байв.[3]

Улаанбаатарын хүн ам 1960 онд 100 мянга, 1985 онд 500 мянга, 2010 онд нэг сая 400 мянга болжээ.


[1] Идшинноров, С. Улаанбаатар хотын түүхийн хураангуй (Улаанбаатар 1994) х-23 [Idshinnorov, S. A Breaf History of the city of Ulaanbaatar]

[2] Идшинноров, С. Улаанбаатар хотын түүхийн хураангуй (Улаанбаатар 1994) х-26 [Idshinnorov, S. A Breaf History of the city of Ulaanbaatar]

[3]Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 231[Miyawaki Junko History of Mongolia] р-231

2024.10.29 буюу Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр.