Олимп ба Гэгээрлийн эрин үеийн дөрвөн хүлэг баатар
Уг нь Олимп, Шинжлэх ухаан, Капитализм, Толерант ардчилал дөрөв байхад ковидын хор юу ч биш. Энэ дөрвөн хүлэг баатрын хүчээр хүн төрөлхтөн ковидыг ялаад зогсохгүй Марсыг ч эзэлнэ л дээ!
“Олимпийг ковид ч зогсоохгүй!” хэмээн япончууд зориглоод Олимпийг эхлүүлэв. Ийнхүү, алдрын титмийн төлөө энхтайванчаар өрсөлдөн тэмцэлдэх тамирчдаар дүүрсэн Токиогийн олимп ковидод дарлуулсан дэлхийг гэрэлтүүллээ. Олимпийн алдрын титмийг хүртсэн тамирчид баярлаж, хөөрч, баярласандаа бахардан уйлж ч байх шиг. Жаргалтай байгаа улсыг харахад кайфтай.
Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшиг гэгдэж мэдэхээр буй ковид нь Олимпийн ач холбогдлыг ингэж улам бүр тодруулж байна. Ковидын уршгаар нурж буй эдийн засгууд, хүн төрөлхтний сэтгэлийг тогтворгүй болгож, цаашлаад ямар ч балмад үйлдэл рүү түлхэж мэдэх энэ цаг үед Олимп энхтайванч өрсөлдөөний чухлыг хүмүүнд сануулж буй нь маш сайн хэрэг. Улс орнуудын эдийн засаг нь нурвал хүн төрөлт галзуурдаг гэдгийг Дэлхийн II дайн харуулсан шүү дээ!
Хүн бол эволюцийн бүтээл. Тийм учраас хүний байхуй (human being) бол өрсөлдөөн. Хүн бол “...байгалиасаа болон нийгэмшлийнхээ аль алиных нь үүднээс өрсөлдөн тэмцэгч амьтад” юм. Хүмүүний өрсөлдөн тэмцэлдэхэд нь хэрэгцээтэй “демон”-ууд болон “ангел”-ууд тэдний тархинд суусан байдгийг өдгөө шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ.
Өрсөлдөөний тухайн үеийн нөхцөл байдлаас шатгаалан тархины демонууд ба ангелуудын аль нэг нь, эсвэл хоёул нэгэн зэрэг өдөөгдөнө. Демондоо хөтлөгдсөн алуурчнаас амиа хамгаалан тэмцэж буй хүний демон нь мөн адилхан өдөөгддөг. Харин дээрэмчдээс гэр бүлээ, анд нөхдөө хамгаалан тэмцэж буй залуугийн тархин дахь демонууд болон ангелууд хоёул өдөөгдөх аж.
Ийн эволюци хүнийг хүчирхийллийн инстинкттэй болгож бүтээсэн аж. Гэхдээ, хүн төрөлхтний хүчирхийллийн түүхийн статистикийг анхааралтай судалж үзэхэд хүчирхийлэлд амь насаа алдагсдын тоог дэлхийн хүн амын тоонд хурьцуулсан жин тууштай буурсаар иржээ. Стивен Пинкер ингэж нотолж байна. Нэн ялангуяа сүүлийн 50 жил буюу “урт энхтайван” цаг дор хүний тархин дахь демонууд эрс суларч, ангелууд нь зонхилох хандлагатай аж.
Статистик гэлтгүй, хүний тархин дахь демонуудыг үгүй хийж, ангелуудыг хөгжөөх нь хүн төрөлхтний аль эртний хүсэл эрмэлзэл байсныг түүх ч мөн гэрчилдэг. Тухайлбал, байнга хоорондоо цуст дайн хийн алдар хүндээ өргөдөг байсан грекийн хот улсууд хоорондын дайнаа түр зуур боловч зогсоож Олимпийн тоглолт зохион байгуулж байв. Үүний гол зорилго нь дуурсах алдар хүндийг хүчирхийлэл, терроргүйгээр олж авч бас болдог гэдгийг л харуулах явдал байжээ.
Грекийн Олимпоос Гэгээрлийн эрин үеийн Спорт хэмээх соёл төрсөн. Спорт олон төрөл, хэлбэр дүрсээс бүрдэх хэдий ч тэдгээр нь алдар хүндийг ямар ч хүчирхийлэлгүй энхтайванч өрсөлдөөн тэмцээнээр олж авч болно гэсэн танигдахуй (идентити)-тай билээ. Жишээ нь Европын хөлбөмбөгийн аваргын тэмцээн бол Европын орчин цагийн ванлиг, гүнлэгүүдийн хоорондын явагдаж буй “нөхөрсөг дайн” юм. Хөл бөмбөгчид гэдэг маань манай үеийн рыцарууд ажгуу.
Гэгээрлийн эрин үед, Спортоос гадна Олимпийн үзэл санааг буухиалсан гурван түүхэн нээлт манай гариг дэлхий дээр хийгджээ. Энэ бол; шинжлэх ухаан, капитализм, толерантч ардчилал гурав юм. Шинжлэх ухаан үнэнийг; капитализм эд баялгийг; толерантч ардчилал эрх мэдлийг тус тус хүчирхийлэл, терроргүйгээр олж авч болно гэдгийг хүн төрөлхтөнд нотлон харуулсан, одоо ч харуулсаар буй.
Дундад зуун бол шашны террорын зуун байсан. Шашины урсгал бүр өөр өөрийн “үнэн”-тэй байсан. Тэдгээр үнэнүүд нь туршлагын аргаар нотлогдох ямар ч боломжгүй “үнэн”-үүд. Ийм “үнэн”-ийг массд хүргэх цор ганцхан арга зам хүч хэрэглэсэн албадлага юм.
Ингээд, өөр өөрийн “үнэн”-ийг хүмүүст хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шашнууд; зандалчлал, террор, дайн гэх мэт хүчирхийллийн боломжит бүх арга хэрэгслийг байнга ашиглах болов. Улмаар хүн төрөлхтнийг шашиндаа дагаар оруулах гэсэн сүм хийдийн амбицууд хоорондоо мөргөлдөн дайтаж дундад зууныг цуст хүчирхийллийн эрин үе болгосон. Шашнаар хийрхэж улайрсан хүн төрөлхтөн бие биеэ хядаж дуусах аюул руу явж байлаа. Азаар шашнуудад цөмийн зэвсэг байгаагүй юм даа!
Ийм эгзэгтэй үед шинжлэх ухаан мэндэллээ! Ньютон мэндэллээ! Шинжлэх ухаан мэндэлсэн даруйдаа л туршлагаар нотлогддог “үнэн”-ийг хүмүүнд ойлгуулахад ямар ч хүчирхийлэл, террор шаардлагагүйг харууллаа. Ерөөсөө шинжлэх ухаан нь шашин ба идеологи хоёроос ялгардаг нэг гол ялгаа нь өөрийн үнэнийг ямар ч албадлага, хүчирхийлэлгүйгээр хүмүүст хүргэдэг явдал юм.
Өнөөдөр, дэлхийн хаана ч, тэр байтугай хүн төрөлхтнөөс өөрийгөө тусгаарласан Хойд Солонгост чиг Ньютоны Таталцлын хуулийг дунд сургуулийн хүүхдүүд элдэв албадлага, хүчирхийлэл, терроргүйгээр танилцаж байгаа. Өнөөдөр; Дарвины эволюцийн онол, Эйнштейны Харьцангуйн ерөнхий онол, Эгэл бөөмийн квант онол, Генетикийн онолыг хүн төрөлхтөнд хүргэхэд ямар ч дайн хэрэггүй билээ!
Шинжлэх ухаанаа дагаад капитализм гарч ирэв!
Капитализмаас өмнөх эдийн засаг нь “хэн нэгний ашиг, нөгөө нэгний хохирол, алдагдал” гэх нийлбэр нь тэгтэй тэнцдэг тоглоомын зарчмаар ажилладаг байв. Ийм цаг дор баялгийг дээрмийн аргаар л бий болгоно.
Хувь хүн, төр, сүм хийд, улс орон аль нь ч байлаа баян болохыг хүсвэл бусад этгээдийг хүч хэрэглэн дээрэмдэнэ.Хэчнээн их эд баялагтай болохыг хүснэ төдий чинээ их дээрэм хийнэ дээ!
Хаадууд улс орныхоо “эдийн засгийн өсөлт”-ийг эзлэн түрэмгийллээр л бий болгоно. Чингис хаан бол тухайн үедээ, улсынхаа Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг хамгийн ихээр өсгөж чадсан хаан байжээ.
Дундад зууны хаад, ноёд, хамба ламууд бүгдээрээ л араатнууд байж. Бурхны нэр барьсан тэдний хүчирхийллийг, яг үнэндээ далд ухамсарт нь нуугдсан эд баялгийн шунал л өдөөсөн юм. Тэдний тархинд демонууд зонхилж, харин ангел гэчих юм байгаагүй ээ!
Капитализмын үед байдал эсрэгээрээ эргэсэн!
Хүн амд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх чадвартай үйлдвэрүүд, тэр их хэмжээний бүтээгдэхүүнийг хаа ч саадгүй хүргэх дэд бүтцийн сүлжээ, тээврийн хэрэгслүүд, эдийн засгийг өсгөдөг банк санхүүгийн үйлчилгээ, нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гэх мэтүүд бий болов. Ийн “үл үзэгдэх гар”-тай чөлөөт зах зээл сүндэрлэв.
Чөлөөт зах зээл “хүн баян болохыг хүсвэл хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүл! улс үндэсний орлогоо нэмэгдүүлье гэвэл баялаг бүтээгчдээ өөгшүүл!” гэв. Бас капитализм нь хүний нийгмийн иерархийг, иргэнээс үндэсний баялагтаа оруулж буй бодит хувь нэмрээр нь өрдөг болов. Урьд нь бол паразит улс төрийн эрх мэдлийг даган өрөгддөг байлаа шүү дээ!
Капитализмын хүн төрөлхтөнд хүргэсэн хамгийн том ач тус бол эдийн засгийг “таны ашиг бол миний ашиг” гэдэг харилцан ашигтай тоглоом болгож, хүний тархинд байрлах демонуудыг сулруулан, ангелуудыг нь идэвхжүүлж өгсөн. Хэн нэгнийг алж, дээрэмдэж байхын оронд түүнд бараагаа зарсан нь ашигтайг хүмүүст ойлгуулсан. Хүнийг дайснаа гэж харахын оронд худалдан авагч, хэрэглэгч гэж харах болжээ.
Капитализмын дуудлагаар толерантч ардчилал гарч ирэв! “Таны ашиг бол миний ашиг” гэсэн тоглоомын дүрэмтэй эдийн засгийн ажиллагааг тогтвортой аюулгүй байлгахын тулд нийгмийн харилцаа нь зайлшгүй бие биедээ хүлээцтэй хандах соёлд суурилах ёстой. Хүчирхийлэлд нэрвэгдсэн нийгэмд бол эдийн засаг яагаад ч “таны ашиг бол миний ашиг” хэмээн ажиллаж чадахгүй!
Нэгэнт нийгэм хүлээцтэй (толерант) байх соёлтой тул эрх мэдлийн харилцаа ч энэ соёлд захирагдана. Төрийн эрх мэдлийг чөлөөт сонгуулиар тайван замаар солих ба сонгогдож байгуулагдсан төр нь хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллах үндсэн үүрэг иргэнийхээ өмнө хүлээнэ. Төрийн инститүүц болон иргэд нь хүчирхийллийн эсрэг байх үүрэгтэй тийм ардчиллыг толерантч буюу хүлээцтэй ардчилал хэмээдэг билээ.
Олимп, шинжлэх ухаан, капитализм, толерантч ардчилал бол Гэгээрлийн эрин үеийн энхтайвны дөрвөн хүлэг баатар мөн!
Энэ дөрвөн хүлэг баатар; алдар хүнд, үнэн, эд баялаг, эрх мэдэл рүү ямар ч хүчирхийлэл, терроргүйгээр хүрч болох үүд хаалгыг нээсэн. Тэд хүн төрөлхтнийг, хүчирхийлэлгүй өрсөлдөөнт тэмцээн бүхий толерантч соёл руу чиглүүлсэн юм.
Энхтайвны дөрвөн хүлэг баатрын эрин үе бол хүн төрөлхтөн анхдагч байгалиас зугуухан салж мета байгальд эрчимтэй шилжих шилжилтийн үе мөн. Метабайгаль бол идей төвтэй байгаль юм.
Байгалийн гол нөөц газрын тос, байгалийн хий, тариан талбай, ажиллах хүч гэх мэт материаллаг эд зүйлс байдаг ахул, харин метабайгалийн гол нөөц нь мэдлэг, идей билээ. Чухамдаа мэдлэг, идейнүүд л мальтусын занга гэгчээс хүн төрөлхтнийг чөлөөлж, бүр тэгээд зогсохгүй өлсгөлөн, өвчин, ядууралыг хянах бололцоотой болгов. Өдгөө хүний төрөл зүйл шинэ гариг руу нүүх ирээдүйдээ бэлдэж байна шүү дээ!
Гэхдээ амжилт бүхэн дайсан дагуулдаг. Энхтайвны дөрвөн хүлэг баатрын сайн үйлс амжилт олох тусам түүнийг нь үгүйсгэх, харлуулах, гутаах, мушгих, дайрах, чадвал сүйтгэхийг санаархсан шашныхан, метафизикчид, идеологчид идэвхжиж байна. Ингэхдээ тэд хүний ухамсар болон реалити (бодит байдал) хоёрын хооронд зуучилдаг Хэл хэмээгчийн деконструкци (мушгин гуйвуулалт)-д өртөмтгий чанарыг ашиглан реалитиг деконструкци хийн олон түмнийг төөрөгдүүлэх софист арга барилыг ашигладаг юм.
Гэгээрлийн эрин үеэс “цусан өшөө” авах тангарагтай талибаны дайчид, чадвал цөмийн зэвсэгтэй шашны эрхт улс байгуулахаар дайтах аж. Асар их хар тамхины талбайтай Афганистаныг эзэлж авбал санаагаа хэрэгжүүлэх боломж олдоно гэж тэд үзэж байгаа.
Тэд ганцаараа биш. Лалын тулгар үзэлтнүүд бүгд л модернд дайн зарласан. Энд тэнд партизаны дайн явуулсаар буй. Чадвал, Оросдоо “дархлагдсан атаман болсон” Кадыровоор дамжуулан Орост нөлөөгөө тогтоох стратегийн горьдлого ч тэдэнд бий.
Орос арай ч ийм авантюрт автах гүрэн биш гэж олон хүн бодох биз. Гэхдээ Орост модерний эсрэг үзэл санаа маш их хүчээ аваад байгаа шүү дээ! “Модерн болон түүний үндэс болох англо-саксоны соёл иргэншлийг устгах нь Оросын танигдахуй (идентити) мөн” хэмээх ортодокс үзэлт Александр Дугин Путинд маш их нөлөөтэйг хэлэх үү. Кадыров, Дугин хоёр хөтлөлцөөд авбал юу ч болж мэднэ.
Ядахдаа, модерн иргэншлийн барууны улсуудын залуус дунд коммунист идеологи газар авч байна. Судлаачид “зүүний үзэл” гэж зөөлруулэн хэлээд байдаг. Гэтэл үнэндээ, “хүчирхийлэл бол үнэнийг гэрэлтүүлэгч” гэж философддог Алан Бадью, “капитализмын амжилт нь капитализмыг өөрийг нь устгана” гэж үзмэрддэг Славо Жижек гэх мэтийн шийдчихсэн коммунистууд барууны залуусын дунд моод болоод байгааг зүүний үзэл дэлгэрсэн төдийгөөр зөөллөх нь хариуцлагагүй хэрэг.
Слава Жижекийн үзмэрдэлт нь хэрэгжиж болзошгүй. Яагаад гэвэл реалитиг деконструкци хийх нь барууны нийгэмд маш ашигтай бизнес байсан. Жан Поль Сартр, Бернард Шоу, Мартин Хайдеггер, Жак Деррида тэргүүтэй өрнийн олон сэтгэгчид, интелегенцүүд капитализмыг деконструкци хийж замаар маш их нэр хүнд, мөнгө олж байв. 1968 оны Их үймээн бол постмодернистууд реалитиг деконструкци хийснээс үүдэлтэй!
Реалитиг деконструкци хийх нь одоо улам бүр ашигтай болсоор байгаа. Ийм болохыг миний дуртай Пинк Флойд хамтлагийн Рожер Уотерсийн бизнес гэрчилнэ. Тэр капитализмыг муучилсаар олон зуун саяын хөрөнгөтэй болсон нэгэн. Уотерсууд ойрын ирээдүйд капитализмыг бужигнуулж ч мэднэ ээ!
Реалитиг деконструкци хийх нь барууны нийгэмд хичнээн их ашигтай болох тусам капитализмыг, улмаар Гэгээрлийн эрин үеийг түйвээх магадлалтай. Гэгээрлийн дөрвөн хүлэг баатрыг “ноцтой шархдуулж” мэднэ!
Уг нь Олимп, Шинжлэх ухаан, Капитализм, Толерант ардчилал дөрөв байхад ковидын хор юу ч биш. Энэ дөрвөн хүлэг баатрын хүчээр хүн төрөлхтөн ковидыг ялаад зогсохгүй Марсыг ч эзэлнэ л дээ!