Зээлийн хүү хэзээ буурах вэ?
Монголын засгийн газар, ард иргэд бүгдээрээ зээлээс зээлийн хооронд амьдрах болж, “өрийн хавханд” гацчихаад байна. Төр засгийн эрх баригчид өр зээлгүйгээр эдийн засаг хөгжихгүй гэж үздэг болов.
Монголын засгийн газар, ард иргэд бүгдээрээ зээлээс зээлийн хооронд амьдрах болж, “өрийн хавханд” гацчихаад байна. Төр засгийн эрх баригчид өр зээлгүйгээр эдийн засаг хөгжихгүй гэж үздэг болов. Харин иргэд “өртөй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэж ярьдаг ч, бараг хүн бүр зээл авчээ. Манай эдийн засаг үргэлж хямарч, бизнесийн зээлийн хүү хэт өндөр байхад төр нь бас татвараа нэмэх болсноор хувийн бизнес ширгэж, ажил олдохгүй болохоор иргэд нь гадны орныг зорих боллоо. Төсвийн алдагдал өсөхийн хэрээр, төрийн өр нэмэгдэж, банкны хүү дагаж өсдөг болохыг монголын жишээн дээр тод харж болно.
Зээлийн хүүгийн өсдөг шалтгаан
Санхүүгийн зах зээл бол хөрөнгийн илүүдэлтэй хэсэг нь хэрэгцээтэй талдаа мөнгөө нийлүүлдэг талбар юм. Хоёр талын хэрэгцээнд нийцсэн хэмжээ, хугацаа, өртгөөр нь мөнгөн хөрөнгийг багцлан зуучлах үүргийг арилжааны банк гүйцэтгэдэг. Арилжааны банкууд хадгаламжийн хүүн дээр үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд зээлийн хүүгээ тогтоодог.
Монголд эдүгээ хадгаламжийн хүү төгрөгөөр жилийн 14-16 хувь, зээлийн хүү 22-28 хувь, зөрөө нь (spread) 8-12 хувь болчихоод олон жил болж байна. Тэгвэл Японд хугацаатай хадгаламж жилийн 0.1, хугацаагүй нь 0.02, бүх зээл 1.5, орон сууцны зээл 2.5 хувийн хүүтэй байна.
Банкны хадгаламжийн хүү нь юуны өмнө, тухайн банк өөрөө жилийн дараа байх эсэх, байсан ч хадгаламжийг чинь буцааж өгч чадах эсэхийг зах зээл яаж үнэлж байгаа эрсдлийн хэмжүүр юм.
Мөн хадгаламжийн хүү нь тухайн орны мөнгөний инфляциас өндөр байж л хадгаламж эзэмшигчийн хувьд ашигтай. Хөгжиж буй оронд хувийн хэвшилд капиталын анхан шатны хуримтлал харьцангуй бага, иргэдийн орлогын зөрөө эрс ялгаатай учир хөрөнгийн илүүдэлтэй хэсэг нь бага байдаг. Банкууд нь хүүгээрээ уралдаж энэ хөрөнгийг хуваалцан татдаг.
Нээлттэй эдийн засагтай оронд хадгаламжийн хүү нь тухайн орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшнаас бас хамаардаг. Жишээ нь монголд 2016 онд төгрөгийн хадгаламжийн хүү 16, харин америк доллар, бусад валютын хадгаламжийн хүү 6 хувьтай байсан. 10 хувийн ялгаа нь ханшны уналтын эрсдлийг илэрхийлж байна. Жишээ нь 2016 онд төгрөг 25 хувиар суларч, төгрөгийн хадгаламж эзэмшигчид алдагдал хүлээжээ.
Монголын банкууд яаж ашиг хийдэг вэ?
Жилийн 25 хувийн хүүтэй зээл аваад дээр нь бас ашиг олох бизнес хорвоо дээр ч цөөхөн учраас монголын хувийн салбар мөнгөөр үргэлж л “цангаж” ирлээ. Зээл маш бага өгдөг атлаа (активын тал нь зээл) манай арилжааны банкууд 2016 онд нийт 176 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Засгийн газар өрийнхөө зөвхөн хүүнд төсвийн орлогынхоо дөрөвний нэгийг өгдөг болсноор (2016 он) төсвийн ажилтнуудын (захиргаа, багш, цагдаа гэх мэт) цалинг тавьж чадахгүй болмогцоо дотооддоо үнэт цаас гаргаж хадгаламжаас нь өндөр хүүтэйгээр арилжааны банкуудад борлуулж ирлээ. 2016 оны эцэст арилжааны банкуудын нийт активын 14 хувийг Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ) эзэлдэг болов.
Арилжааны банкуудад юу ч хийхгүйгээр, мөнгө хүүлэх боломж ирлээ. Хажуугаар нь орон сууцны хөнгөлттэй зээл гэх санаачлагыг Монголбанк “сэдэж”, 3.8 ихнаяд төгрөгийг хэвлэн арилжааны банкуудад 3-5 хувийн хүүтэй олгож, иргэдэд 8 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдүүлэв. Ахиад л эрсдэлгүй орлого. Энэ “гайхамшигт нээлт” нь өөрийн жамаар буурч эхэлсэн орон сууцны үнийг буцаан хөөрөгдөв. Орон сууцны зах зээлд үүссэн хөөс одоо болтол буурахгүй, Монголбанк нь “халамжийн” энэхүү санхүүжилтээ төсөвт шилжүүлж, алдагдлыг нь нэмж эхэллээ. Төсвийн алдагдлыг эцэстээ иргэдийн татвараар, эсвэл зээлээр нөхдөг.
Арилжааны банкуудын хадгаламж, зээлийн хүүгийн зөрөө өндөр байгаагийн өөр нэг шалтгаан нь чанаргүй зээл өсч (8.4%), зээлийн эрсдлээс хамгаалах сангаа нэмсэнтэй холбоотой. Барьцтай бүртгэлгүй (имгүй) мал, ашигт малтмалын хөндлөнгийн баталгаагүй нөөцтэй лиценз зэргийг зээлийн барьцаанд авч эхэлсэн нь эрсдэл дагуулж, тус санг өсгөхөд нөлөөлж байна. Энэ сан өсөх тусам банкуудад бэлэн мөнгөний хомсдол үүсч, өндөр хүүтэй хадгаламж татахад хүргэж байна.
Монголын арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр байгаа учир, хөгжлийг санхүүжүүлж чадахгүй байна. Банкууд өрхийн болон бизнесийн зээл гаргахаа багасгахын хэрээр банкныхаас арваад хувиар өндөр хүүтэй зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) өргөжиж эхлэв. Араас нь иргэдийн гар утас, машиныг барьцаалж жилийн 40 хувийн хүүтэй зээлийг өдрөөр тооцдог ломбардууд ч олшров. Эдийн засаг өрийн хавханд хүлэгдэв.
Яавал зээлийн хүү буурах вэ?
Эдийн засаг 2017 онд 2.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь төр засгийн гавьяа яавч биш, зүгээр л Хятад улс импортоо нэмснээр монголын нүүрсний олборлолт, экспорт өссөнтэй холбоотой юм. ОУВС-ийн хөтөлбөр үнэтэй зээлийг хямдхан зээлээр төлж, гадаадын хөнгөлөлттэй зээлээр төсвийн алдагдлаа нөхөж эхэлсэнтэй бас холбоотой.
Энэ нааштай нөхцөлд төсвийн зардлыг нэмэхгүй байх, экспортын орлогоороо төсвийн алдагдлыг багасгах, улмаар засгийн газар дотооддоо үнэт цаас гаргахаа зогсоох, хүүг нь ядаж хадгаламжийн хүүгээс олон дахин бага байлгах шаардлагатай байна.
Засгийн газрын үнэ тогтоох оролдлого, төсвийн татаасыг хязгаарлахгүйгээр, ялангуяа орон сууцны хөнгөлөлттэй зээлээ зогсоохгүй бол барилгын салбарын “хөөс” томорсоор л байх болно. Бүх хөөс хагартлаа гоё харагддаг ч, дараа нь юу ч үлддэггүйг бид мэднэ.
Банкуудын зээлийн чанарыг шалгах ажлыг Монголбанк эхлүүлж байгаа нь зөв алхам юм. Олон улсын нэр хүндтэй PwC, KPMG зэрэг компаниуд манай банкуудад аудит хийсний дараа, банкууд өөрийн хөрөнгөө эрс нэмэгдүүлэх, жижгүүд нь нэгдэх шаардлага гарна. Өмнөд Солонгост 1998 оны санхүүгийн хямралын дараа ОУВС яг адилхан арга хэмжээ авч, банкны тоог арав дахин цөөлж, гадаадын банк оруулснаар зээлийн хүү эрс буурч, эдийн засагт эрүүл өрсөлдөөн нэмэгджээ.
Банкуудын муу зээл багасвал, засгийн газрын үнэт цаасыг авахгүй бол хадгаламж, харилцахын хүүгийн зөрөө багасаж, зээлийн хүү буурна. Төсвийн алдагдал багасаж, популист хөтөлбөрүүдээ хязгаарлахын хэрээр, авлига буурч, хувийн хэвшилд шударга өрсөлдөөний уур амьсгал сэргэнэ. Тэр цагт банкуудын үйл ажиллагаа идэвхжиж, эрсдлийн түвшин буюу хадгаламжийн хүү нь буурах юм. Тэр цагт зээлийн хүү буурч, улмаар шинэ бизнесийг санхүүжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх боломж гарна.
2017.08.09
Зочин
Зочин
Er hun...
Er hun...
Аюуш
Данжаадаас дор
Аймхай
Зочин
Зочин
Зочин
БАТ инженер
нано
Зочин