Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүнд ойлгосон
-“Баян Базар”-т базуулсан Засгийн газар тээврийн жолооч нараас давж сэтгэж чадахгүй байна-
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэгджээ. Шулуухан хэлэхэд “Баян” Базарын найман жил гацсан концесс л доо. Концессийн гэрээ байгуулсан бол биелүүлэх ёстой байх л даа. Гэхдээ нэг компанид зориулж хуралдах завтай л байгаа юм байна. Уг нь экспортын орлогоо ахиухан хийж төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн бол төмөр замаа илүү дэмжиж ажиллах ёстой баймаар.
Цаана чинь “Монголын төмөр зам” ТӨХК тендер зарлаад ч богинын тээвэрт явах машин олдохгүй байгааг мэдэж байна уу, Сайд нар аа!
Яасан, нөгөө уурхайн аманд төмөр замаа тулгаж бариад полу вагоноор зөөе гэдэг хэмнэлттэй, аятайхан санал гаргаад байсан салбарын сайд нь дуугүй л байв уу?
Ер нь “Баян” Базарын лоббичид оо. Та нар хөгжил дэвшил хэрхэн хурдацтай өөрчлөгдөж буйг хардаг уу? Одоо болтол нүүрс тээврийн машин худалдаад авчихвал ачаа олдож л таарна гээд хөдөлмөр эрхлэх ид залуу насаа машины бүхээгт хувцсаа солих ч боломжгүй хонож өнжөөд амьдраад л байг гэж боддог юм уу?
Зүүднээсээ сэрцгээ. Нүүрсний машины эрин үе чинь “нүүрсний хулгайчууд”-тайгаа хамт дууссан. Урьд нь арав хорин мянган жолооч хил дээр хонон өнжин дугаарладаг байсан бол эдүгээ хоёр мянган жолооч л зогсож байдаг болж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод чиглэлд7000гаруй автомашин байгаа хэрнээ2600гаруй жолооч л ажиллаж байна. Гурван машин дунд нэг жолооч олддог болсон.
Цаашдаа ч урьдынх шигээ машин дотроо хонож өнжөөд, хүй нэгдлийн үеийнхэн шиг хир бөөсөндөө баригдаад, нойр хоолгүй давхихаасаа илүү дугаарлаж мөнгө олдог үе өнгөрсөн. Тээврийн жолооч нар маань ч насаараа ингэж хил дээр том машины манаач хийж амьдарна гэж байхгүй гээд тоож энэ цуваанд зогсохоо больчихоод байна шүү дээ. Мөнгө хэрэгтэй ч гэсэн аз жаргалтайгаар, ирээдүйдээ итгэл төгс амьдрахын тулд өөр, шинэ замыг сонгочихоод байхад төр, засаг нь нүүрс тээврийн автомашины бизнесийн хөрсийг бэлдэж замыг зассаар байдаг нь ямар учиртай юм бэ?
Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл төр, засгаас цаг үеэ мэдэрч шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм. Ичгэвтэр байгаа биз дээ, жолооч нараасаа давж алсыг харж чадахгүй Засгийн газар байна гээд бод доо. Тиймээс бид төмөр замуудаа хурдан холбохгүй бол жолооч үгүй машин, төмөр замгүй вагоноор нүүрсээ тээвэрлэж экспортын орлого төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэврээ олгох болох нь ээ. Монголын Засгийн газар л үүнийг шийдэхгүй бол нүүрс зарах, авах дарга нар хэчнээн худалдаа хийхийг хүслээ, шийдлээ гээд өөрсдөө үүрээд зөөлтэй биш дээ.
Төмөр замын холболтууд бол алсын хараатай, түүхэн ажил. Хятадын тал “гэрээндээ үнэнч ажиллаж сураагүй” дүрэмгүй монголчуудад чадах чинээгээрээ боломж олгож буй. Гэтэл өрсөлдөгч нь байсгээд гавлуулж буй “клип” үзүүлчихээд суллагддаг, хуулийн хариуцлага хүлээдэггүй их гарын дээрэмчин, адал балмад этгээдийн хувийн компани ганцхан өөрийнхөө замын асуудлыг бүхэл бүтэн Засгийн газрыг хуралдуулаад шийдүүлж байна гэдэг арай дэндүү лобби биш гэж үү? Жолооч нараасаа давж сэтгэж амьдармаар байна шүү, сайд нар аа. Дахиад хэлье, машинаар нүүрс зөөж баяжих үлгэр дууссан!

