Өмнөд Солонгосын Кванжү хотод нутаг нэгт бүсгүй Эрдэнэцэгийг хамгаалан тэмцээд, эр нөхрийнх нь гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан Талийгаач охин Ганцэцэгийн 49 хоногт зориулсан буяны цуглаан болсноос хойш даруй хэдэн өдөр өнгөрлөө. Уг цуглааныг Жолла аймгийн Монгол Оюутны Холбоо, Нажү дах Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд монголоос тэнд сурч буй оюутнууд, солонгос гэр бүлтэй монгол бүсгүйчүүд, Жоннамын Их Сургуулийн оюутан, багш нар гээд 70 гаруй хүн оролцжээ. Нутаг нэгт бүсгүйнхээ төлөө бяцхан биедээ ахадсан гэмээр эр зориг гаргаж, хүний нутагт амь үрэгдсэн нэгнийхээ дурсгалыг хүндэтгэж ийм хэмжээний тэмцлийг хийж чадсанаар нь монголчуудаараа өөрийн эрхгүй бахархмаар. Өөр хаана манай монголчууд нэгнийхээ төлөө ингэж тэмцсэн юм бэ гэж бие биенээсээ асуумаар санагдана.
Солонгост амьдарч байгаа монголчуудын зохион байгуулсан энэ буяны цуглаан тухайн амьдарч буй улс орныхоо хууль ёсны хүрээнд өрнөж, тэдний дэмжлэг, хүндэтгэлийн дор явагдсан нь анзаарагдаж байна.



Энэ нь тус газрын цагдаагийхан жагсаал цуглаан явуулах зөвшөөрлийг нь өгч, тодорхой төвшний хамгаалалт гаргаж өгсөн, Кванжү Жоннамын бурхан шашны нийгэмлэгийг төлөөлж лам нар нь ирж буяны ном уншсан зэргээс илэрч байгаа юм. Анхандаа лам нар 10 минут хэртэй буяны ном уншина гэж цуглааны хөтөлбөрт оруулсан байсан ч нутаг нэгтнийхээ төлөө алуурчны гарт амиа алдсан Ганцэцэг бүсгүйн эр зоригийн өмнө толгой гудайн хагас цаг шахам буяны ном уншсан байна. Бурхны үнэнч шавь нар дэлхийн хаа ч гэсэн ийнхүү энэрэл нигүүлслийн ариун үйл хэргээ улс гүрэн, үндэс угсаа үл харгалзан гүйцэтгэж явдаг байна. Харин манай лам нар яадаг бол. Алуурчны гарт боомилуулан амиа алдсан япон бүсгүй, асрах газрын хүүхдүүдийг галаас аварч өөрөө цэл залуугаараа халин одсон америк бүсгүйн араас буяны айлдвараа очиж хайрласан билүү. 

Жоннамын Их Сургуулийн Оюутны Холбоог төлөөлж нэгэн солонгос оюутан ирж, Ганцэцэг бүсгүйн дурсгалыг хүндэтгэж эмгэнэлийн дуу  дуулсан байна. Дэлхий ертөнц аливаа бурангуй явдлын эсрэг нийтээрээ сөрөн зогсдог болсны нэгэн тод жишээ энэ юм. 

Чанга яригч суурилуулсан машинаар явж цуглаанд оролцогчдод хандан талийгаач Ганцэцэгийн хэргийн талаар дэлгэрэнгүй таниулга хийж, энэ хэрэгтэй холбогдох тусгайлан бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүмүүст тарааж өгсөн нь эл цуглаан өөрөө тодорхой үзэл санаа тээсэн арга хэмжээ гэдгийг илэрхийлж байна.  Монголчууд зохион байгуулалтай, эмх журамтай жагссан нь өөрөө ардчилсан төрт орны иргэдийн улс төрийн соёлыг мөн илтгэж байгаа юм. Монголчууд л гэхээр муйхар, эмх замбараагүй хүмүүс биш гэдгийг давхар харуулснаараа ч чухал арга хэмжээ гэж үзэж болно. Сүүлийн арваад жилд тэнд амьдарч ажиллаж буй монголчуудын талаарх ойлголт тус орны олон нийтийн дунд тийм ч сайнгүй байсныг бид мэднэ.

Тайван жагсаалд Нажү хотын солонгос гэр бүлтэй монгол бүсгүйчүүд хүртэл хүүхдээ тэврэн ирж оролцож байсан нь өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байсан хэмээн эх сурвалж манайд ирүүлсэн захидалдаа дурьдсан байна. Монгол бүсгүйгээ хамгаалж яваад амиа алдсан нэгэн сайхан монгол охины түүх тэдний зүрх сэтгэлийг шархлуулж, элэг нэгтнээ гэсэн цээжин гүний харуусал нь тэдийг хангүг айлын голомтноос нь суга татан гаргаж ирж, ийнхүү нулимсаа урсган гашуудлаа илэрхийлэхэд хүргэсэн байна.   

Цуглаанд оролцогсод аажуухан алхсаар Кванжү хотын дээд шүүхийн өмнө очжээ. Гэтэл дээд шүүхийнх нь аюулаас хамгаалах албаныхан хэдийнээ ирчихсэн тэднийг тосон авсан гэнэ. Энэ бол яах аргагүй тэр нийгмийн өөрийнх нь соёл билээ. Манайд бол Төрийн байгууллага нь ч, Хууль, хүчний байгууллага нь ч ийм асуудалд дээд зэргийн бүдүүлэг авираар хариу “барьдаг”.

Талийгаачийн эгч, Жолла аймгийн Монгол Оюутны Холбоо, Нажү дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоог төлөөлсөн таван  төлөөлөгч “Гадаад бүсгүйчүүдийн эрхийг дээдлэхийн тулд Солонгосын нийгмийн ухамсарт тавигдаж байгаа шаардлага” гэсэн бичгийг цуглаанд оролцогчдын зүүж явсан улаан туузын хамт Кванжү хотын дээд шүүхэд өргөн барьснаар уг цуглаан өндөрлөсөн байна. Энэхүү цуглааныг Солонгосын MBC, KBS телевизийн сувгууд улс орон даяар нэвтрүүлсэн ба сонин хэвлэлүүдэд нь энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагууд нийтлэгджээ. Гэвч манай хэвлэл мэдээллийнхэн хойрго хандаж байх шиг. Хүний нутагт зүй бусаар хороогдсон нэгэн бүсгүйнхээ төлөө элдэв хилс биш үнэн зөв мэдээллийг нийтэлж өгөөч гэж биднээс талийгаачийн ар гэрийнхэн чин сэтгэлээсээ гуйж байгаа. Гэвч “зуучлалаар гэрлэсэн,нөхрийнхөө гарт амь үрэгдсэн” гэх андуурал одоо болтол үргэлжилсээр.  

Юутай ч энэ удаа ийм хэмжээний тэмцлийг монгол бүсгүйчүүд маань харийн оронд хийж чаджээ. Ардчиллын замаар эргэж буцалтгүй замнасан шинэ монголын 20 жилийн түүх тэднийг ийнхүү “бүтээсэн” байна. Энэ бол сурвалжилж буй эмгэнэлт хэрэг явдлын маань цаанаас бардамхан цоролцож буй жижигхэн цэнхэр дөл юм. Харуусал…эмгэнэл…хайр…бахархал зэрэгцэн халуун цээжинд хөндүүр төрүүлнэ. Хүний хорвоогийн зураг төөргөөр хаа газрын солонгос залуутай учран, хайр сэтгэлээ холбож, хөөрхөн хүүгийн эцэг эх бололцсон нэгэн тавилан ийнхүү алуурчны гарт цэг тавигдав. Ээжийнхээ халуун сүүнээс салсан бяцхан хүү, элгээ цөмлөтөл уй гашууд автаж энэлэн хайлан үлдсэн эх,ах дүү амраг садан, хань нөхөр…       

 
Тэрхүү буяны цуглаан Солонгосын нийгэмд ямар дохио өгсөн бэ?


Талийгаачийн эгч Д. Дэлгэрцэцэг дүүгээ дурсан харуусахдаа “ Дүү минь, “Хүнд тус боллоо гээд буруу юм байхгүй, буян болно” гэж хэлдэг байлаа. Энэ үгний цаана чухам дүүгийн минь эрхэмлэг зан, хүнлэг нандин сэтгэл нь цөм шингээстэй байжээ. Гэвч энэхүү чин сайхан сэтгэл нь алтан амийг нь аваад явчихна гэж даан ч санасангүй ээ” гэж ярьж байна. Дахин ийм харамсалтай хэрэг давтагдахгүйн тулд Солонгос нийгэм гадаад хүний эрхийг хүндэтгэх, тэдний талаархи нийгмийн үзэл бодол, ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг манай тэмцэгчдийн хийсэн цуглаан маш тод “хэлж” чадлаа. Тэдний зорилго нь ерөөсөө л энэ байсан. 

Уг цуглаан үндсэн гурван зорилготойгоор явагдсан. Үүнд нэгдүгээрт, Ганцэцэг талийгаачийн 49 хоногийг хүндэтгэх, хоёрдугаарт, солонгос гэр бүлтэй гадаад бүсгүйчүүдийн хүний эрхийг баталгаажуулахыг шаардах, гуравдугаарт, гадаад бүсгүйчүүдийн талаархи Солонгос нийгмийн үзэл бодол, ухамсарыг дээшлүүлэх .
Мөн Кванжү хотын дээд шүүхээс талийгаач Ганцэцэгийн хэргийг үнэн зөв шүүж өгөхийг шаардсан. Мөн үүний хажуугаар Солонгос гэр бүлтэй гадаад бүсгүйчүүдийн хүний эрх, амьд явах эрх, аз жаргалыг эрэлхийлэх эрх, хэлний эрх, иргэний эрх, соёлын эрх зэргийг дээдэлж байхыг шаардсан юм.  

Талийгаач Ганцэцэгийн 49 хоногийг хүндэтгэсэн эл буяны цуглаан солонгос гэр бүлтэй монгол бүсгүйчүүдийн аз жаргалтай амьдрах эрхийг өндөр гэж үзэж болохуйц төвшинд “шаардаж” чадсан, тухайн нийгмийн нүд чихийг сортойлгож, тэдний анхааралд оруулж чадсан төдийгүй энд сурч, ажиллаж байгаа Монголчууддаа нэг нэгийгээ гэх элгэн халуун сэтгэл өгсөн, урам зориг өгсөн арга хэмжээ болж чаджээ.

Монгол эх орондоо амьдарч байхдаа солонгос залуутай учирч, улмаар хайрлан дурлалцаж, хамтын амьдралаа эхлүүлэн аз жаргалтай амьдарч явсан Ганцэцэг охин ийнхүү харьд амьдарч буй мянга мянган бүсгүйчүүдийн хувь заяа, амьдрал тэмцлийн түүхэнд хөшөө болон үлдлээ. Түүний амь нас монгол төрийн өмнө үнэ цэнтэй байгаасай. Харьд монгол хүнийхээ төлөө чадлаараа тэмцээд зүй бусаар амиа алдсан түүний төлөө нэг нь ч гэсэн дуугараасай гэж чин сэтгэлээсэй хүснэ.