Сангийн сайд, ГЕГ-ын дарга нар аа! Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу?
-Алтанбулагийн чөлөөт бүсийн маш хямд, брэнд архинд хэрэглэгчид амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ?-
Монгол Улсын “Чөлөөт бүсийн тухай бодлого” гэгч хөлөө олохгүй, хөлд ч орохгүй байсаар 30 нас хүрлээ. Үе үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нар өөр өөрийн үлгэрийг зохиож бодлого төлөвлөдөг ч Чөлөөт бүсийг зүгшрүүлж байсан удаагүй, өнөөдрийн байдлаар хар захаас ч хариуцлагагүй арилжаа наймаа тэнд явагдаж байна.
Ер нь “Чөлөөт бүс”-ийн үүрэг, зорилго юунд оршдог юм бэ? Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техник технологи нутагшуулах замаар эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг татна гэхчлэн урт тайлбар хуульд бий. Гэтэл өнөөдрийн байдлаар, бодит нөхцөл байдал гэвэл ердөө л дэлхийд танигдсан нэр төрлийн хэдэн архийг татваргүйгээр оруулж ирж зардаг хар зах болчихоод байна. Шившигтэй биш гэж үү? Олон нийтээс “Алтанбулагийн чөлөөт бүс” гэж юу хийдэг, ямар ашиг тустай газар вэ” гэж асуувал тэгж л хариулна.
Сар шинэ дөхөж байна. “Алтанбулагийн чөлөөт бүсийн буян”-аар ширээгээ засаад сурчихсан арилжаа наймаа ид бужигнуулдаг үе ирлээ. “Glenmorangie”, бараг л үүнээс өөр шингэн зүйл амсдаггүй гэх нь холгүй цамаархдаг “бүлэглэл” үүсч инээд хүргэнэ. Их Британи улсад үйлдвэрлэсэн энэ вискиний үнэ 185 мянган төгрөг гэнэ дээ. Одоогоор чөлөөт бүсийн “гол ажил” нэг иймэрхүү.
Монгол Улсад өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Онцгой албан татварын тэмдэг олгох журам, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам гэхчлэн УИХ-аас баталсан эрх зүйн баримт бичгүүд байгаа боловч хэрэгжихгүй байгааг жишээ нь Алтанбулагийн чөлөөт бүсээс харж болж байна. Статистик харцгаая. 2025 он эхний хагас жилээр Алтанбулаг боомтоор нийт 156 мянган зорчигч нэвтрэн орсон байна. Дундажаар нэг хүн 20,000 төгрөгийн үнэ бүхий хоёр шил архи “цүнхлээд” орж ирсэн гэж бодоход 6.2 тэрбум төгрөгийн архи чөлөөт бүсийн буянаар Монголын хилээр орж ирлээ гэсэн үг. Оны төгсгөлд энэ тоо нь 13 тэрбум төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлого энэ хэмжээгээр тасарсан гэсэн үг шүү дээ.
Бүр муухайгаар буюу тооцоод үзвэл өнгөрсөн оны төгсгөлд авсан статистикаас харахад давхардсан тоогоор нийт 400-аад мянган зорчигч, 110 мянган тээврийн хэрэгсэл Алтанбулаг боомтын чөлөөт бүсээр нэвтэрчээ. Нэг зорчигч хоёр литр согтууруулах ундаа худалдан авсан гэвэл 800-аад мянган литр “шингэн зочин” чөлөөт бүсээс морилон иржээ. Архи, вискинд живж байгаа юм биш үү? Гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрхэн нөлөөлсөн бол, хэчнээн айл гэрийн тав тухыг алдагдуулж, хэдэн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэхчлэн хүнд бодлуудад дарагдахгүй байхын аргагүй.
Тоо бодъё. Чөлөөт бүс дээр худалдан борлуулагдаж буй бүтээгдэхүүнийг дунджаар 20,000 төгрөгөөр тооцвол нийт 15.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа татваргүйгээр чөлөөт бүсээс орж ирсэн байгаа юм. Нэг машинд 3-4 хүн сууж хилээр нэвтэрсэн гэж тооцоод дахиад үржүүлж үзээрэй. Ам.долларын ханшаар тооцвол 3.7 сая ам.доллар буюу 13,177,513,000 төгрөг алджээ. Алтанбулагийн чөлөөт бүсэд нийт 37 газрын зөвшөөрөл олгосон байдаг боловч өнөөдрийн байдлаар 20 газар л үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.Тэнд юу болдог вэ? Иргэдээс баркодыг худалдан авч хилийн чөлөөт бүсээс их хэмжээгээр хууль бусаар тээвэрлэдэг. Сингапур, Недерланд, Ази сандартын гэх эх сурвалж, гарал үүсэл нь баталгаагүй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр цахимаар захиалж худалдан авч байна. Үүний цаана “Баркодын хууль бус арилжаа” явагдаж байдаг.
Монгол Улсын иргэн сардаа 5 удаа чөлөөт бүс рүү нэвтэрч орох эрхтэй. Нэг удаагийн бар кодоор 2 литр архи, 2 литр вино, 3 литр шар айраг авах эрхтэй. Энэ бол хэрэглээний бус арилжааны зорилгоор нэвтэрч хууль бус худалдаа хийгээд, бүтээгдэхүүнээ цахимаар захиалга авч борлуулаад ашиг олж болдог амарханаар мөнгө олох арга болоод удаж байна. Ашиг нь өндөр учраас ч иргэдийн зүгээс сард нэвтэрдэг таван удаагийн давтамжаа 10 болгон нэмэгдүүлэхийг шаардаж, шахалт үзүүлсээр байна. Үүний цаана өнөөх л “Баркод дамлан худалдах” хууль бус наймаа цэцэглэж байна.
Тухайлбал, хэвийн үед нэг баркод 15 мянган төгрөг байдаг бол баяр ёслолоор 20 мянган төгрөг болж өсдөг. Цаашилбал, архи, тамхины онцгой татварын хуурамч тэмдэгт дэлгэрч байж болзошгүй гэх мэдээлэл байдаг ч тухайн бүс нутгийн хуулийн байгууллагынхныг үүнтэй тэмцэж илрүүлээд ялна гэдэгт бус, харин ч эвлэрээд далд эдийн засаг болгож өргөжүүлсэн мафийн сүлжээ бий болсон гэдгийг бүс нутгийн иргэд нотлон өгүүлдэг.
Өөрөөр хэлбэл, энэ мафитай тэмцсэн хууль, цагдаагийн алба хаагчийг маш хурдан, ямар нэг шалтгаан “олж” ажлаас нь халаад холхон шиг цөлчихсөн тохиолдол дэндүү олон бий. Энэ бүхний эцэст хэн хохирох вэ? Юуны өмнө баталгаагүй шингэн хүнсийг хямд үнээр сонгон хэрэглэсэн иргэдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Дотоодын хүнсний үйлдвэрүүд буух эзэнтэй, буцах хаягтай, үргэлжийн хатуу хяналт шалгалт, дүрэм журам, өндөр татварын дор эрүүл цэвэр хүнсээр хэрэглэгчдийг хангадаг. Гэтэл түүнтэй өрсөлдөөд, өрсөлдөх ч гэж дээ, хууль бусаар дарангуйлаад, орж ирж буй “шингэн дайснууд” татваргүй дээрээ хяналтгүй, мөн хариуцлагагүй. Гэсэн ч “моодорхог”, нэрэлхүү монголчууд баярын ширээгээ, аяны цүнхээ, авлигын бэлгэндээ мафиудын халаасыг зузаалж тэр хорыг л сонгох нь элбэг болж.
Энэ тэнэглэлийг хэн ч ухааруулж чадахгүй боловч төр үүргийнхээ дагуу хууль сахиулж, мөрдүүлж, хяналт тавьж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, хууль бус худалдааг таслан зогсоох, баркодын наймаа гэж нэрлээд буй онцгой албан татварын тэмдэг олгох хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмыг зөрчиж татварын орлого тасалдуулсан хэрэгт онцгой хариуцлага тооцох зэрэг ажлыг хийх үүрэгтэй. Өнгөрсөн онд гаалийн экспортын орлого 1.2 их наяд төгрөгөөр тасалдсан гэнэ.
Яагаад энэ асуудлыг эрхэлдэг төрийн түшмэл, ГЕГ-ын дэд дарга хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Өнөөдрийг хүртэл Чөлөөт бүсийн үйл ажиллагааг ингэтэл доройтуулсан удирдлагуудад хариуцлага тооцож байсангүй. Парламентын хаалгыг хаасан эрхмүүд, намдаа гомдсон улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс ээлж дараалан зайдалсан ч Чөлөөт бүсийг өөд татсангүй. Тэгвэл цаашид ийм байдлаар заавал оршин тогтнуулж, “орогнуулж” яах гэсэн юм бэ? Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарыг очихоор ший янгуу тавих мэт ширээний бүтээлгээ сольж харуулж худал хуурмаг гоё тайлан тавьчихаад, нийслэлд ирээгүй байхад нь хууль бус худалдаа үргэлжилж байдаг энэ явдлыг хэзээ эцэслэх вэ? Эдгээр асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нараас хариуцлагатай, хариулт нэхье.

