Дахиад л “Шинжиан шинфа”...Монголчуудад энэ компани хэдийнэ танил болсон байх. Юугаараа гэвэл Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид тавиад туучихсантай холбоотой юм. Тэрхүү зээлийг олгох үед ЗГХЭГ-ын дарга нь Ж.Мөнхбат байсан. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд явуулсан “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг зэргийг Төрийн банкны ажилтнууд эсэргүүцээд дийлнэ гэж үү. 

Ингээд Төрийн банкны Зээлийн хорооны долоон хүний тав нь тойроод гарын үсэг зураад шийдчихсэн энэ мөнгө бол хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгө. Гэтэл хэдхэн хүн бичиг шидэлцээд барьцаагүйгээр гаргачихсан байдаг. Магадгүй барьцаа нь “ЗГХЭГ-ын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Концессын гэрээний хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусгахыг нотолсон дээрх албан бичиг болж таарч байна. 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд орсон “Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу 2020-2021 оны улсын төсөвт тусгах шийдвэрлүүлэх тухай хэлэлцсэн. 

Энэ үеэр Үндэсний хөгжлийн газар болон “Шинжиан шинфа” ХХК хооронд 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан уг төсөлд хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхээ нотолсон захидлыг “Шинжиан шинфа” ХХК-д хүргүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв гэсэн ЗГХЭГ-ын бичгийг ЗТХЯ-нд хаяглан гаргасан байдаг. Энэ баримт мөн үү? 

Мэдээж энэ асуудал дуулиан тарьж, 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Төрийн банкны тухайн үеийн шинэ удирдлагууд ч тасралтгүй хөөцөлдсөөр “Шинжиан шинфа”-гаас 20 тэрбум төгрөгийг Төрийн банканд төлүүллээ. Хэн төлсөн гээч? “Шинжиан шинфа” биш “Хос мөнгөн зам” ХХК төлсөн. “Хос мөнгөн зам” бол сэтгүүлч С.Бүдрагчаагийн нэвтрүүлэгт дурдагдаад буй “Шинжиан шинфа”-г хохироосон компани юм. Энэ хоёр компанийн тухай бодитой түүх өгүүлье.

Нэвтрүүлгийн гол дүр болох ноён Сун Гуан Чений хувьд зовж шаналж яваа нь үнэн л дээ. Татварын байцаагчид авлига өгч зөрчлийн дүнг бууруулсан акт тогтоолгосон хэргээр шалгагдаад, дээд шүүхэд хандаж байсан. Төрийн банкныханд авлига өгсөн хэрэгтээ ял эдэлсэн гэхчлэн  олон бэрхшээлийг туулсан. Гэхдээ бэрхшээлээ даван туулахдаа хамгийн их тус болсон компанийг болон тухайн цаг үед тус компанийн захирлаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн эмэгтэйг гүтгэж буй нь зүй бус үйлдэл гэдгийг бүх баримт нотолно. 

Монгол Улсын баруун аймагт автозам барих нөр их ажилд хувь нэмрээ оруулахаар ирсэн тэрбээр замын төслүүд, тендер, концессуудыг хамж чадсан. Шалтгаан нь тухайн үеийн улстөрчид л байх. Үйл явдал, баримт нотолгоо тэгж заадаг. Харин тэр бүхнийг хийж гүйцэтгэх хангалттай хөрөнгө зоорьтой ирсэн үү гэвэл эргэлзээтэй. Ингээд 2013 оноос 2017 он хүртэл түлш шатахуун, шатах, тослох материал, битум худалддаг компаниудаас зээлж ашигласан материалуудынхаа өрөнд орсон байдаг. 

Тэдний нэг болох, нэвтрүүлэгт дурдагдсан “М-Ойл групп” ХХК дээр 2017 онд ирж уулзаж тохиролцоо хийсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, “Шинжиан Шинфа” компанийн удирдлагууд “М-Ойл групп” ХХК-д 20 орчим тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй болчихоод хэрхэн барагдуулах талаараа тохиролцох гэж ирсэн нь тэр. Яаж ч зөвлөлдөж ярилцаад, сайдаж муудаад ганцхан л гарц байсан нь концессоор авсан замаа л дуусгах ёстой, тэгж байж мөнгөтэй болж өр, авлага дуусах боломжтой гэдэг дээр санал нэгдэв. 

Ингээд аргагүйн эрхэнд “Хос мөнгөн зам” компанийг судлаад үзтэл 80 хувь нь Москвад бүртгэлтэй Оросын нэгэн компанийн мэдэлд, 20 хувийг нь Монголын “Мон инж бар” компани эзэмшдэг юмсанж. Оросын компанийнх нь 80 хувиас тодорхой хувийг нь эзэмшээд замын ажлыг нь дуусгаад өр, авлагаа дуусгах хэлцэл хийхээс өөр арга байсангүй. Тухайн үед 40 хувийн гүйцэтгэлтэй гацчихаад байсан замын ажлыг нь дуусгаж, Улсын комисст хүлээж авах хүртэлх бүх зардлыг гаргаж өр авлага салсан аж. Харин замын ажил дуусаж, “Хос мөнгөн зам”, “М-Ойл” хоёр өр ширгүй болсон боловч “Шинжиан Шинфа” нь “Хос мөнгөн зам”-д бөөн гомдолтой, хохиролтой, түүнийгээ авч чадахгүй, хуулийн байгууллагуудаас гадна Монгол Улсын төр, засгийн удирдлагуудад хүртэл захидал бичиж, ёстой л “алдсан хүн арван тамтай” гэгчээр хандаагүй газаргүй явжээ. 

Эцэст нь “Хос мөнгөн зам” компаниас хувь эзэмшиж байсан юм чинь хамгийн хариуцлагатайгаар нь “М-Ойл групп” ХХК-ийг л бариад авъя, наанадаж захирал байсан хүн нь УИХ-ын гишүүн болсон, тэгээд ч эмэгтэй улстөрч эмзэглээд биднийг өргүй болгочихож магадгүй гэсэндээ бүтэлгүйтэж мэдэх боловч аз туршин уйлж бархирсан, сэтгэл хөдөлгөсөн нэвтрүүлэг хийгээд үзэхээр шийдсэн бололтой. 

Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэнгийн хувьд тус компанитай холбоотой асуудлаас болж гурван жил шалгуулсан, гэм буруу илрээгүй хэмээн ярьдаг, нутагаа гэсэн зүтгэлтэй, ардчиллын төлөө сэтгэлтэй нэгэн. Нутгийнхаа дэд бүтцийн ажилд хамтран ажиллаж байсны хувьд "Шинжиан Шинфа"-ийн амссан хохирлыг мэддэгийн хувиар хохирол олдоосой гэсэндээ нэвтрүүлэгт оролцоо биз. Харин "М-Ойл" үүнд хамаатай эсэхийг хэр мэддэг юм бол доо. 

Ажил хийсэн л бол хардагдаж, шалгуулж л байдаг болохоор АН-ын Засгийн газрын үед Засаг даргаар ажиллаж байсан монгол дарга ямар цалин орлоготой болоод 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлсэн бо гэхчлэн хэвлэлүүд бичиж л байсан. Яагаад орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргасан гэхчлэн түүнд холбогдох асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эцэслэсэн гэдэгт найдаж байна. 

Ямартай ч Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон. Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессийн гэрээг барьцаанд тавьж Монголын хуулийг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтоочихсон. 

Бас болоогүй ээ, “Шинжиан шинфа” нь Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг зам барилгын ажлыг эхлүүлэх 06/18/2017 дугаартай зөвшөөрлийг 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээнээсээ 60 км замыг нь “Ган төмөр гүүр” ХХК-д шилжүүлсэн байдаг. Хожим нь буцааж авсан л гэдэг. Гэхдээ тэрхүү гэрээний үг, үсгүүд нэг л биш ээ.


Тухайлбал 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №9 тоот “Авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан байдаг. Яагаад хоёр хятад компани хоорондоо гэрээ хийхдээ Монголын УИХ-ын сонгуулийн өдрөөр хэмжиж төлбөрийн хугацаагаа тохирдог юм бэ? Сонин байгаа биз? 

Ийм л будилаантай, БНХАУ-ын иргэний “Шинжиан Шинфа” болон ОХУ-ын Москва хотноо бүртгэлтэй “Хос мөнгөн зам” компанийн маргааны хооронд тэднийг огт танихгүй, хэзээ ч харж байгаагүй нэгэн эмэгтэй улстөрчийг “Мэхлэгч” гэж гүтгээд орон даяар цацаж орхилоо. Хэн буруутай вэ? Ямар зорилготой вэ? Бусдын нэр хүндэд ор үндэсгүйгээр халдаж гүтгэсэн гэм буруугаа хэрхэн хүлээх бол? Хаана, хаанаа хариуцлагатай амьдарцгаая, тэгэх үү?