Төртэй хамт амьдаръя
Хүний амьдралын хамгийн чухал асуудлуудын нэг бол үнэхээр яах аргагүй орон байрны асуудал байдаг. Орон гэргүйгээс болж залуучууд амьдралдаа итгэл алдарч, арга мухардаж, мэдлэг чадвараа орох оронгоор арилжиж, түүнээсээ болоод мөрөөдсөн бус замаараа замнах болдог. Ялангуяа бидний үеийнхний дийлэнхи нь иймэрхүү замаар замнасан болов уу.
Барилга хот байгуулалтын яамнаас санаачлан Орон сууцны зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх асуудлын хүрээнд олон уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Юун түрүүн орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цаашид зээл, санхүүжилтийн механизмаа шинэчлэх шаардлага үүссэн байна гэдгийг тэд санал нэгтэй тэмдэглэн хэлцгээж байна . Энэ асуудал өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хэд, хэдэн чухал хуультай холбогдож байгаа аж. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд иргэдэд олгосон жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх боломж хязгаарлагдмал байдалд орсон. Энэ мэт хүндрэлүүдээс үүдэж үндсэндээ явж ирсэн механизмаа өөрчлөх шаардлага зайлшгүй үүсээд байна.
Ноён О.Чулуунбат бол “Санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас зохион байгуулж өгье . Түүнийгээ МИК-д олгоно. Тэгэхээр арилжааны банкууд мөнгөтэй болчихно. Тэд цаашаа иргэдэд моргейжийн зээл өгнө, иргэд орон сууцтай болно. Арилжааны банкууд моргейжийн зээлийн сайн багц бүрдүүлж чадан тэрийгээ буцаагаад Засгийн газарт зарна. Засгийн газарт мөнгө босгох бол нэг их хүндрэлтэй асуудал биш. Бид гадаадын зах зээл дээр ч дотоодын зах зээл дээр ч мөнгө босгож чадаж байгаа. Энэ маягаар үргэлжлээд цикл явна. Ийм маягаар орон сууцны зах зээлээ хөгжүүлсэн АНУ, Япон зэрэг орнууд бий. Бид ч энэ замаар явна. Ийм л шийдэлд очиж байна” гэж хэлж байна. Энэ бол хурдтай, цэгцтэй, ойлгомжтой арга зам мөнөөс мөн.
Өмнөх Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл хэрэгжүүлж байсан. Харин өнөөдөр бол энэ хүү гацаанд орсон. Жилийн зургаан хувийн хүүтэй эх үүсвэр одоо Монголд байхгүй гэдгийг эрх мэдэлтнүүд ил тод хэлж байгаа. Бүх моргейжийн зээлийн дундаж хүү 15 орчим хувь байгааг ч мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Бид бодит мэдээллийг амьдралдаа хэрэглэж сурахгүй байна. Суралцаж буй ч хэтэрхий удаан ойлгож, цаг хугацааг урьд эртийн мэдээллээр, төөрөгдлөөр, дам яриагаар үрж байна. Үүнийхээ хэрээр амьдрал төлөвлөлтөн дээрээ алдаа гаргацгааж байна. Тэгээд бүх уур уцаар, бүр эрсдлээ Төр лүү тохож бухимдах явдал газар авч байгааг бас бодох цаг иржээ.
Нэгэнт орон сууцны суудал тойрсон сэдвийг энэ удаа уншигчидтайгаа хуваалцаж байгаа болохоор Барилга хот байгуулалтын яамны сайд, ноён Ц.Баярсайханы байр суурийг сонирхуулах нь зүйтэй болов уу. Тэрбээр, “Өмнөх Засгийн газар иргэдийг орон сууцжуулах хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төдий л амжилт олоогүй. Тэр дундаа бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах асуудал нэлээд гажуудсан. Салбар хариуцсан яам энэ асуудал дээр ямар бодлого барьж байгаа вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулж байна. “Монгол Улсад тогтвортой орчин хэрэгтэй байна. Тухайлбал, 2003 оноос эхэлсэн моргейжийн зээлийн тогтолцоогоо зөв гольдролд нь оруулаад шинэ эх үүсвэрийг шийдэж өгөх нь чухал байгаа. Тэгэхээр эхний ээлжинд МИК (Монголын Ипотекийн Корпораци) тодорхой хэмжээний үнэт цаас гаргаад энэ үнэт цаасыг нь Монголбанк мөнгөжүүлсэн нөхцөлд арилжааны банкуудад шинэ эх үүсвэр хүрэх бололцоо байна. Иргэдийг орон сууцаар хангахын тулд эрэлт талдаа энэ асуудлыг шийдэж байгаа ч нийлүүлэлтийн тал маш чухал байгаа. Нийлүүлэлт гэхээр бэлэн болсон орон сууц байх ёстой. Өөрөөр хэлбэл, моргейжийн зээлийн нэг гол үзүүлэлт нь бэлэн болсон орон сууц байх ёстой юм. Өмнө хэрэгжиж байсан зарим төслүүдийн хүрээнд гүйцэтгэл нь 50 хувьтай орон сууцыг урт хугацааны зээлд хамруулсан нь зарим нэг гажуудал үүсгэсэн. Тухайлбал, дутуу баригдсан орон сууцыг шууд иргэдэд зээлээр өгөнгүүт тухайн гүйцэтгэгч компани нь илүү барьцаа шаарддаг, илүү батлан даалт шаардсан байх жишээний. Дээр нь барилга нь ямар нэг хүчин зүйлээс шалтгаалаад хугацаандаа ашиглалтад ордоггүй, мөн иргэдээс их хэмжээний мөнгө урьдчилгаа хэлбэрээр авчихсан атлаа барилга нь баригддаггүй зэрэг зөрчил маш их гарсан. Тийм учраас одоо барих нэг зарчим нь хөтөлбөрт хамрагдах орон сууц нь ашиглалтад орсон орон сууц байх ёстой, эсвэл хуучин орон сууц байж болно гэж үзэж байна”.
Энэ нь ерөөсөө л эдэлгээнд орчихсон, хуучны орон сууцнуудыг урт хугацааны зээлээр авч болно л гэсэн үг юм. Энэ дотор харин өөр нэг чухал санаачилга багтсан байгаа юм. Тэр нь хуучин байраа шинэ болгож шилжилт хийх боломжийн тухай. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүлд зориулсан тусгай, хурдан хэрэгжих бололцоотой бодлого хэрэгтэй байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэх нэг зарчим нь түрээсийн орон сууц байж болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Түрээсийн орон сууц гэдэг нь өөрийн орон сууцтай болтлоо тэндээ амьдраад төлбөрөө төлөөд явах зарчим юм. Энэ бол маш бололцоотой төсөл. Залуу гэр бүлийн хосууд хоёулаа ажил хийдэг бол мэдээж бололцооны орлоготой байж тарна. Гэсэн ч тэдний хувьд шинэ орон сууцанд орно гэхээр шууд урьдчилгаа төлбөрөө төлөөд явах хуримтлал байдаггүй. Бүх залуу гэр бүлд энэ саад байна. Тийм учраас түрээсийн орон сууцанд хамрагдах явцдаа хуримтлалаа бий болгоод явах бас нэг гарц байж болох юм. Энэ талаар бодлого гаргаж ирэхээр мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.
Барилгажилт, орон сууцжуулах тухай асуудал ийнхүү манай улсын гол бодлогын нэг болон өрнөж байна. Асуудлуудаа барьж авч, гарцуудаа хайж, хүндрэлүүдийг даван туулах арга замуудаа боловсруулж байна. Нийтлэлийнхээ төгсгөлд нэгэн уншигчийнхаа асуултад хариу өгье. Саяхан манай редакци руу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн нэгэн эмээ утасдаж Барилга, хот байгуулалтын яамны сайдаас энэ онд хичнээн орон сууц ашиглалтад орохыг асууж өгөөч гэсэн юм. Тэр асуултад сайд “Судалгаа явуулж байна, эхний судалгааны дүнд 28 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орох бололцоо байна уу гэж харагдаж байна. Судалгаануудаа цааш нь нэлээд нарийвчилна” гэж хариулж байна.
Үнэн хэрэгтээ энэ тоо бол маш бага, хангалтгүй гэмээр үзүүлэлт юм. Гэвч салбарынхны хүсэл тэмүүлэлд, бас бидний мөрөөдөлд туугдаж өгөхгүй хүндрэл бэршээлүүд байна. Тиймээс бид эхлээд зорилго, мөрөөдөл хоёртоо хүрэхийн тулд мэдээллүүдийг зөв хэрэглэж, амьдралдаа зөв ашиглаж, төрөөс гарч буй бодлого шийдвэрүүдийг нягтлахын оронд шууд буруушаах, бухимдах сэтгэлгээгээ орхиж сурах хэрэгтэй байна. Тэгвэл бидний амьдрал сэтгэл гутралаас ангижирч, Төртэй хамт хүндрэлүүдээ туулах шинэ сонирхлоор сэлбэгдэж, урам зориг, итгэл найдвараар сүлэлдэх юм шүү дээ. Мэдээж бид буруугаа ярина. Шүүмжилнэ. Тэмцэнэ. Гэхдээ ерөнхий агаараа ийм л байлгамаар байна.