*Нүдээр үзсэн гэрчүүдийн дурсамж
Ганга сайранд нууцаар хэдэн арваар, зуугаар нь буудсан лам хуврагийн цогцос үерийн усаар урсаж нуур тойромд үйгээд, тэдний орхимж усны мандал дээгүүр салхинд улаан давлагаа мэт намирч байв*
*Нүдээр үзсэн гэрчүүдийн дурсамж
“Улаан орхимжны давлагаа” романы “Хар нар цагаан хэрээ”, “Үхдэлийн хөсрий дээл нөмөрсөн хувьсгалч”, “Буу өвөртөлж мэгзэм гүвтнэсэн ногоон малгайт” бүлгээс түүвэрлэв. ххх
Лувсанбалдан хамуунд бариулсан биеэ сургагч хошууч хоёрт үзүүлж,
-Би ийм өвчинд идэгдээд хүйтэн шоронд тарчилж байна. Намайг бодооч. Хувьсгалд чин үнэнчээр зүтгэснийг минь бодооч. Намайг шоронгоос гаргаад өгөөч. Би та нарын тушаалыг ширхэгчлэн гүйцэтгэе. "Ал" гэсэн болгоныг чинь хувьсгалын өмнөөс устгая гэж хугарсан хавиргаа даран байж илтгэв.
-Ярны хүүдийг одоохон шатаа. Ийм бузар микробд амьдрах цэг коммунизмд байх ёсгүй гэж боловсронгуй сургагч Арсланов занажээ. Түүний ойрад аялгыг Лувсанбалдан гүйцэд ойлгосонгүй. Лувсанбалданг хоёр цэрэг бууныхаа жадаар чичлэн гаргав. Алхаж гишгэж чадахгүй сүг болсон тул хоёр цэрэг түүний хамуунаас сэжиглэж цэрвэсээр арга буюу хоёр талаас нь сугадан чирсээр хорихын өрөөнд буцааж авчрав. Лувсанбалдан өрөөндөө түлхэгдэн ойчлоо. Тэгтэл эрүү өвдөг нь нийлсэн үхлүүт лам шалан дээр хэвтэж харагдана. Лам нүдээ нээж Лувсанбалданг харах гэсэн боловч зовхио даасангүй.
Үхэж буй хөгшин ламтай Лувсанбалдан хэд хонов. Хугарсан хавирга нь эмзэглээд амьсгал авхуулахгүй, хөдлөх төдийд тэсэхийн аргагүй хөндүүрлэнэ. Ханиалгах найтаахад бүр хэцүү бөгөөд цээжнээс нь цус гоожно. Толгойгоо даахгүй болох янзтай. Сульдаж доройтох тусам хамуу нь сэдэрч, хамаг биеийг яр шарх, идээ бээр бүрхэв. Буйл нь хавдсаар шүдээ давж унжлаа. Хугархай хавирга нь тэсэхийн аргагүй өвдөхөд Лувсанбалданд Буд буриадын түүн рүү занан давшилж буй аймшигт дүр үзэгдэнэ. Буд амьсгал хураахдаа Лувсанбалданд хорсолтойгоор "Чамд над шиг ингээд хэвтэж байх мөч удахгүй ирнэ" гэж занасан үг давхийлгэнэ.
Түүнийг дахиж байцаасангүй. Мартсан мэт таг. Өвгөн лам өндийж чадахгүй хэвтэртээ өтгөн шингэнээ цувуулах тул умгар тасалгаа тэсэх аргагүй үнэрт автав. Баривчилгаа ширүүссэнээс хоригдлууд Дотоодыг хамгаалахын шоронд багтахаа болиод тэднийг олноор нэг дор чихлээ. Лувсанбалдангийн өрөөнд нэг яс арьсыг хуягууд дамжилж оруулаад шалан дээр пидхийтэл хайр найргүй шидчихээд хамраа таглан огиулсаар гарч одов. Шалан дээр шидэгдсэн араг яс хэсэг зуур чимээгүй хэвтсэнээ “Намайг хаана аваад ирэв ээ” гэх авиа гаргаад тохойлдон арай гэж өндийлөө. Тэгээд бөлцийж хавдсан зовхио удаан нээж орчноо ажигламжаа аядав.
Лувсанбалдангийн зүрх палхийлээ. Оруулж ирсэн хоригдол хэн байв гэвэл түүний матаж шоронд хийсэн Готов аж. Хажуу өрөөнөөс дуудаад гэрийнхэндээ ямар ч буруугүйгээ дуулгахыг Лувсанбалдангаас гуйж ядсан Готов. Тэр зодуулж сэг больжээ. Лувсанбалдан түүнийг “одоохон үхээсэй” гэж залбираад танигдахгүйг хичээж нүүрээ буруулна. Готов "Би хаана байна аа", "Намайг хаана авчраа вэ" гэж үглэсээр хөлбөрч дөрвөн хөллөөд ламын дэргэд мөлхөж хүрлээ. Үхэж буй лам нүдээ ялимгүй нээсэн ч ам нь хий өмөлзөөд үг хэлж чадсангүй. Нээгдсэн аньсага нь ч аяндаа хаагдчихав. "Та лам хүн үү?" гэж Готов асуув. Лам хариулж чадсангүй. Готов ламын дээрээс тонгойж ширтсэнээ,
-Багш лам та намайг өршөөгөөрэй. Би та нарыг маш өрөвдөж явсан шүү. Би сэтгэл зөөлөнтэй хүн. Би та нарыг устгах хэрэг эрхэлсэн Засгийн газрын төлөөлөгч байна. Та нарыг түргэн устгалгүй, толгойг нь илж байна гэж нэг өөдгүй новшид матуулаад одоо иймэрхүү янзтай энд үхэж хэвтэнэ. Та бид хоёр ингээд хамтдаа үхээрийн бузарт өмхийрсөн шоронд тарчилж хэвтэнэ гээд нүдээ эргэлдүүлснээ нөгөө буланд хана налж суусан Лувсанбалдан дээр харц нь тогтоод таг болов. Лувсанбалдан нүүрээ нуугаад жишимгүй царайлав. Готов ламын дээлнээс чангааж, “Хөөе ламбугай, нөгөө өөдгүй новш чинь энд сууж байна. Үгүй ер, ийм учрал гэж бас байдаг аа” гээд амаа мурийлган инээх гэснээ “Юм гэж бас учиртай яа. Энэ муу лүд энд үхэх ёстой” гэхэд өвгөн лам аньсагаа сөхөж, Лувсанбалдан руу харц бэлчээсэн ч нүд нь хаагдчихав.
"Чи муу шоронд орохгүй байх чинь яагаав" гээд Готов Лувсанбалдан руу мөлхлөө. Түүний харц хорсол заналдаа сэргээд чононых шиг гялалзав. Мөлхөж ирсэн Готовоос Лувсанбалдан зугтахаар өндийх гээд хугархай хавиргаа сүрхий хөндөж орь дуу тавив. Тэгээд зугтахаар мөлхлөө. Готовын нуруу татчихсан тул өндийж чаддаггүй агаад "Чи муу бас зугтана гэнэ ээ" гээд Лувсанбалдангийн хойноос мөлхөв. Лувсанбалдан босож зугтах гээд чадсангүй. Толгой нь эргээд нүд нь харанхуйлчихлаа. Гэсэн ч мөлхсөөр. Араас нь Готов "Муу новшийн зугтаж байгааг хараач. Бодийг чинь өөрийн гараар хөтлөх яасан азтай учрал золгох нь энэ вэ" гэсээр элдлээ. Лувсанбалдан эргэн эргэн хялалзсаар байдаг тэнхээгээрээ мөлхөх бөгөөд үе үе нөмөрсөн дээлийнхээ урт хормой дээр өвдөглөн сөхөрч саатахдаа "Готовт баригдлаа" гэж үхтлээ айна. Шоронгийн өмгөр өрөөнд хөөцөлдөх мөлхөө хоёрыг өвгөн лам ядарсан нүдээ үе үе нээж гайхна. Мөлхөө хоёр сүг хөөцөлдсөөр Готов Лувсанбалдангийн хормойны сэжүүрээс атгалаа. Лувсанбалдан дээлийнхээ хормойг алдуулахаар зүтгэтэл хавиргануудын нь хугархай зөрөлдөөд саатуулчхав. Хамуунд баригдсан янхир цээжээ дааж ядан өөд нь сэгийлгэсэн хоёр гар нь суларсаар тохойгоороо нугарахад Лувсанбалдан шал элэгдэн гулсах гэтэл мэдрэлгүй өгөр хүнд зовлого нь хөдөлсөнгүй.
Готов атгаж авсан хормойноосоо чангаасаар уухилан золголоо. Түүний занал унтраагүй нь "Муу хүүр. Чамайг би одоохон" гэх дорой авиагаар илэрнэ. Лувсанбалдан хормойноосоо зүүгдэх Готовын нүүр лүү тийрэх гээд хөлөө даасангүй. Готовын тэнхээ тасарсан ч хорсол нь дэм өгсөөр. "Чи баригдахгүй зугтаад байх чинь яагаав" гэж амыг нь асуусаар Готов түрүүлгээ харж хэвтсэн Лувсанбалдангийн дээр гармагц хамаг биеэрээ дараад тухлан амсхийлээ. Готовын хүүрэнд дарагдсан Лувсанбалдангийн хугархай хавирганууд өвдөхийн зэрэгцээ амьсгал нь боогдов. Галзуу нуруун дээрээ дарж унасан Готовыг бусгаж унагах гээд бүтсэнгүй. Дарагдаж үхэх нь. Хашхирах гээд дуу гарсангүй. Дараад хэвтчихсэн Готов санасандаа хүрээд амандаа занахаа ч больжээ. Үхчхэв үү? Тэгтэл муужирсан Готов Лувсанбалдангийн дээрээс унжсан дэнхэр толгойндоо дийлдэн гулссаар унав. Лувсанбалдан өндийх гээд сэг болсон зовлогоо даасангүй. Готовын нүүр түүний нүүртэй тун ойр тул амьсгал авч буй нь сонсогдож, эхүүн амьсгаа нь ханхална. Готовын нүд цэхийжээ. Амь тавьж байх шиг. Түүний үхэлд олзуурхсан Лувсанбалдан тэндээс өчүүхэн ч атугай займрах гэж зүтгээд ухаан алджээ.
Хэдий хэр удсаныг бүү мэд Лувсанбалдан амьсгалаа зугуухан боогдоход муухан сэргэвэл түүний хоолойг цэв хүйтэн сарвуу сулхан базахчаа аядаж байна. Тэгсэн нь Готов хэвтээгээрээ түүний багалзуурыг шахаж алах санаатай тамиргүй болсон хүйтэн гараараа базаж буй нь тэр юмсанж. Готов харцаа төвлөрүүлж чадахгүй атлаа энэ бүхнийг зөвхөн хорслынхоо эрчээр үйлдэж байв. Тэр хоёрт хоёуланд нь дуугарах сөгөө үлдсэнгүй. Готовын хоёр хүйтэн сарвуу зүүгдээстэй Галзуугийн хоолой хяхтнана. Готовын төвөнхий нь гүрэлзсэн хоолой Галзууд ойр үзэгдлээ. Тэр өрөөсөн гараа цээжин дороосоо арай чамай сугалж, Готовын гүрэлзэх мөгөөрсөн хоолой дээгүүр тохож орхиод тайвширсандаа муужирчээ. Хоолой дээрээ тохсон Лувсанбалдангийн мэдрэлгүй хүнд бугалгыг Готовт зайлуулчих тэнхээ байсангүй. Төдөлгүй Готовын хоолой хоржигнон амаар нь хөөс цахрав. Өндийх тэнхэлгүй үхэж буй өвгөн лам ноололдох хоёрыг аврах санаатай ширтмэгцээ аядаж хэвтлээ.
ххх
Лувсанбалдан сэргэхээр нүдээ анивчин ажиглавал Готов бүтэж үхсэн бололтой. Лувсанбалдан хүчээ шавхаж цээжин дороо дарсан нөгөө гараа тулан өндийгөөд Готовын хүүрнээс хүн орж ирэхээс өрсөж зайлахаар мөлхвөл толгойгоо даахаа больсон лам нүдээ муухан нээж түүнийг ажиглаж харагдана. Лувсанбалдан лам руу юун түрүү өнхөрч гулсаж очоод чихэнд нь хүйтэн хошуугаа наагаад,
-Хөгшин дух минь, харсан үзсэнээ хүнд хэлбэл чамайг бас ингэнэ шүү гэлээ.
Түүний үгийг үхэж буй лам сонссон аятай толгойгоо дуулгавартай дохиод ядруу нүдээ анихад Лувсанбалдан "Энэ муу ламын гол тасрах яагаа ч үгүй байна" гээд тамираа дууссаныг мэдэрч ламын хажууд амсхийхдээ “Үхэж байгаа энэ ламаас байцаагч нар Готов яагаад өнгөрчхөв гэж асуувал энэ муу лам болсон явдлыг дамжуулах тэнхээтэйгээ байна. Энэ ламаас Готов хэрхэн өнгөрснийг Дотоодыг хамгаалахын чононууд сонсвол надад хүн амины хэрэг нэмнэ. Тэгэхээр одоо энэ муу үхэж буй ламыг хороох нь мөн. Энэ муу лам тэртэй тэргүй үхэж байгаа юм чинь. Үхэж өгөхгүй шаналж тарчилсан ламыг түргэнд нь оруулаад өгөхөд надад нүгэл болохгүй, харин буян ч болж мэднэ. Гол нь тасрахгүй зовохын муугаар тарчилж хэвтсэнээс агшин зуур үхвэл амар. Нэгэнт л би Готовыг цааш харуулж хүний алтан амь бүрэлгэж нүгэл үйлдсэнээс хойш дүүрсэн хэрэг”. Энэ аймшигт шийдвэр Галзууг шууд хөтөллөө. Тэр хүчлэн хоёр гар дээрээ цээжээ сэгийлгээд хөгшин ламыг хэсэг зуур ажигласнаа хүйтэн сарвууныхаа хоёр алга руу "түй", "түй" гэж ээлжлэн нулимаад гол нь тасарч ядаж хэвтсэн ламын амыг барьж, багалзуурыг үлдсэн бүхий л чадлаар базлаа. Лам эхлээд дориун сарваганаснаа төдөлгүй хоолой нь хяхтнаад түргэн өнгөрчмөөр суларснаа гүйцэд үхэхгүй яарсан Лувсанбалданд удаан тийчлэх шиг санагдав. Үхлийн ирмэгт очсон Галзуу өөрөө ухаан алдахгүйг хичээхээрээ хичээж, ламын ам хамрыг үлдсэн жаал тэнхээгээрээ тагласаар дөнгөв. Өөрийгөө дахиад ухаан алдчихаж магадгүй гээд хамаг хүчээ шавхан түргэн зуур мөлхөж, өнхөрч, хөрвөөсөөр хоёр үхдэлээс хол тасалгааны буланд хүрээд бас л ухаан алджээ.
Шоронд мажийгч өвгөн лам, Готов хоёрын шарилыг орой нь хэдэн цэрэг авч гарахдаа тасалгааны буланд хэвтэх Лувсанбалданг "Энэ муу бас мажийчаа юу" гэж өшиглөөд, түүнийг үл мэдэг татваганан хөдлөхөд "Новш чинь үхээгүй муухан голтойгоо байна. Наад хоёртой чинь хамт аваачаад хаячих уу. Удахгүй үхэхээр нь зайлуулах гэж дахин явах түвэг. Наад хоёртой чинь хамт ачиж очоод ганга руу хөнтөрч орхиё. Тэгээд тэндээ амьсгал хурааг. Энүүний царай удахгүй. Бараг очих замдаа нүд анина биз" гэж шивнэлдэхэд нэг нь "Гол нь тасраагүй амьтныг яаж амьдаар нь хаяхав" гэж татгалзлаа. Энэ яриаг Лувсанбалдан мэдээгүй юм.
ххх
Гүрсэд нутгийн хүний хувьд Лувсанбалданг эргэж буй янзаар хориход орлоо. Хамаг бие нь хамуурсан Лувсанбалдангаас ой гутам үнэр ханхална. Хугархай хавиргуудынхаа их зовуурьт тэр арай ядан амьсгалж байв. Нэг нутгийн хоёр энэ тэрхнийг ярилцаад Гүрсэд гарав. Түүнийг явсны дараа Лувсанбалданд гурилтай хоол, сүүтэй цай оруулж өглөө. Маргааш нь мөн дажгүй хооллосонд Лувсанбалдан гайхав. Готов хөгшин лам хоёрыг хороосноо ажиг авчих вий гэж Лувсанбалдан юуны өмнө сэрэмжилж, Хашаатын намын үүрийн дарга Дотоодыг хамгаалахын төлөөлөгч болчхоод өөрийг нь эргэж, аядуу хөөрөлдсөнийг элдвээр эргэцүүллээ.
Лувсанбалданг байцаалтад авчрав. Тэр хөл дээрээ зогсож чадахгүй болсон тул түүнийг хоёр цэрэг сугадсаар нэг өрөөнд оруулбал тэнд Гүрсэд сууж байлаа. "Нутгийн хүн" гэсэн бодол Лувсанбалданд үл ялим горьдлого төрүүлнэ. Гүрсэд хоёр цэргийг гаргаад үүдээ хааж, Лувсанбалданд тамхи барингаа,
-Их ядарч байна уу? гэв.
-Хачиан хачин гэж тунирхуу хэлэнгээ Лувсанбалдан том том цэлцгэр ногоон идээнд шавуулсан чөргөр хар гараа сунган тамхи авахад хуруунууд нь салганав. Тэр толгойгоо даахгүй үүрэглэж байна уу гэлтэй дунхалзах агаад унтарсан нүдээ сүүмийлгэн ширтэх нь бүрэн ухаантайд нь эргэлзмээр. Гүрсэд тамхийг нь асааж өгөв. Лувсанбалдан хөндүүр хавиргуудаа эмзэглүүлэн байж тамхи шуналтай сороод утааг хамар амаараа гаргаад сандлаасаа унамаар салгалснаа Гүрсэдийг зулгуйдсан царай гаргав. Гүрсэд ширээгээ уудлан боодолтой юм гаргаж задалбал хэдэн буузнаас уур үл мэдэг савслаа.
-За наад хэдийгээ шалавхан үмхчих. Хүн ороод ирж магадгүй гэж сануулав.
Лувсанбалдан буузыг яранд шавуулсан бохир гараараа атгаж үмхлэхэд Гүрсэдэд "Хүмүүс нэгнийгээ ийм болгочих гэж" гэсэн бодол эрхбиш төржээ. Гүрсэд гарч яваад удалгүй сэнжтэй сияан аягтай халуун хар цай авчрав. Лувсанбалдан "Нутгийн хүн гэж өөр юм даа" гэж баярласан ч илэрхийлэх оновчтой үг олсонгүй. Буузаа идэж, цайгаа уучхаад Лувсанбалдан "За Гүрсэд минь гялайлаа" гэж бувтнав.
-Ядарч яваа эр нөхөртөө энэ анзааны тус үзүүлэлгүй яахав гээд буузны боодол, аягыг түргэн далд хийх нь энэ явдлаа хүн мэдчих вий гээд Гүрсэд дарга тун шалмаг хянамгай хөдөлж байлаа. Тэгээд шаналангуй санаа алдсанаа,
-Ингэж зовж байснаас хэргээ хүлээчихвэл яасан юм бэ? гэлээ.
-Ямар хэрэг? гэж Лувсанбалдан анилдах нүдээ сэргээн гайхахад,
-Хэдэн хүний нэр хэлээд л гүйцээ биш үү гэж Гүрсэд нухацтай өгүүллээ. Лувсанбалдан хэсэг зуур бодолд орсноо,
-Би чинь эхлээд Громовын талд орж буриад Будыг эсэргүү хэмээн гэрчилж тэнэгтлээ. Эцэст нь гадаад тагнуул Громовтой хамсарч гэмгүй Будыг үгүй хийсэн хэрэгт орчихсон. Одоо хэлэх өчиггүй хэрхэх учраа олохгүй сууж байна гэж аврал хайж учирлав. Гүрсэд,
-Энэ их дайчилгааны хөл толгойгүй үймээн самуун дунд чам мэтийн амьтны будилсныг юун хайхарч тайлах манатай. Громов тагнуул байсан нь нотлогдсон. Тэр Япон орохоор манай зүүн хилийг давах гэж явж баригдсан. Энэ тухай Аюулаас хамгаалах бүх газарт нууц албан захидлаар мэдэгдсэн. "Будыг эсэргүү байсан, түүний даалгавраар Громовыг буудсан" гэж мэдүүлсэн чиний өчиг хавтаст хэрэгт чинь цагаан дээр хараар бичээтэй байгаа. Гэм буруугүй Будыг гүжирдсэнээ чи үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр тагнуул Громовын хань хамсаатан гэдгээ хүлээгээд хэд гурван эсэргүү нэрлэчихвэл хэдэн жилийн ял сонсоод амь мултарчих юм биш үү гэж өрөвдөнгүй царайгаар зөвлөлөө.
Толгойдоо ер ороогүй Гүрсэдийн зөвлөгөөг сонсоод Лувсанбалдан таг болов. Түүний гал нь бөхсөн нүд, үхмэл тархинд "Яах вэ" гэсэн бодол эргэлдэж эхэлснийг Гүрсэд тантав. Тэгээд,
-Өөрөө өөрийгөө эсэргүүн гэж биеэ илчлэхээс өөр чамд амиа аврах зам байхгүй. Гэхдээ чи эсэргүү бүлгийн гишүүдийг зааж өгч байж л сая амь мултарна. Тэгэхгүй бол чи хэчнээн биеэ илчлээд буудуулах л болно. Харин хэдэн эсэргүүний нэр хэлчихвэл цаад тал нь арван жилийн ял аваад л сална. Тэгээд ч мөрдөнд тамлуулж байснаас наранд ял эдлэх жаргал. Чи залуу хүн тоох ч үгүй хугацаагаа дуусгаад шоронгоос гарчихна гэж ятгав.
Лувсанбалдан хамуунд татуулсан хоёр шуугаа ээлжлэн тамир нь барагдсан хуруунуудаа арвагануулан маажингаа,
-Би хэргээ ямар маягаар хүлээхэв? гэхэд Гүрсэд,
-Яахав Громовын удирдлагад явсан. Манай бүлгийн гишүүн тийм тийм хүн бий гээд л хэдэн хүний нэр хэлчихгүй юү гэж зааварлав.
-Хэний нэрийг хэлэхэв? гээд Галзуу толгойгоо бөнжгөнүүллээ.
-Түүнийг харин чи л шийдэх хэрэг.
-Тийм хүмүүс байгаагүй юм чинь би хэнийг тэгж сүйд хийх вэ?
Гүрсэд тэвчээр алдаж цөхөрсөн хүний шинж гарган албаар уурлах дүр үзүүлээд уцаартайгаар,
-Нутгийн хүний хувьд би чиний амийг аврах арга хайсан минь энэ. Хүсэхгүй бол өөрөө мэд. Надад чиний амь хүртээлгүй. Мөрдөнд чи яс арьс болтлоо хатаад эцэст нь хэрэг хүлээсэн ч, хүлээгээгүй ч буудуулах л болно. Ерөөсөө чиний хувь заяа надад ямар хамаа байна гэж дуугаа ширүүлж, гар дахь харандаагаа ширээн дээр ууртай шидээд, -Громовын гар хөл болсон чинь Будыг гүтгэж гэмгүй түүнийг хэлмэгдүүлснээс чинь тов тодорхой. Сохор хүнд ч энэ бол ил баримт. Бас тэгээд хүн амины хэрэг. Ийм тодорхой нотолгоотой хэрэгт чамайг дахин байцаах ч шаардлага алга. Чиний хэргийг би нэг хоёр хоногоор ч сунгаж чадахгүй. Надад тийм эрх байхгүйг чи энэ байгууллагад алба хашиж явсан хүний хувьд мэдэх ёстой. Хүн өрөвдөхөөр чи ер нь яах санаатай байна. Эцэстээ би бүр эсэргүүнийг хаацайлсан хэрэгт унах нь. Больж үхье. Гүйцээ. Муу эсэргүүн чи одоо явж болно. Чамтай ярих яриа гүйцлээ гэж бухимдлаа.
Лувсанбалдан суудлаасаа боссонгүй. Хамуугаа маажин унтарч бөхсөн нүдээ анивчин таг дуугүй бодлогошров. Гүрсэд түүний царайг сэм ажиглаад,
-Удахгүй чамайг гүйцэтгэх байх шүү гэж эцсийн удаа маягтай хэллээ.
Лувсанбалдан давхийн цочиж, "Маргааш уу, нөгөөдөр үү? Эсвэл өнөө шөнө үү?" гэж асуух гэсэн нь амнаас нь үг ойчсонгүй. Нэлээд бодсоны дараа,
-Туваан! гэсэн үг Лувсанбалдангийн өмхий амнаас уналаа.
-Аль Туваан?.. Төлөөлөгч Туваан уу? гээд Гүрсэд босон харайв.
-Тийм, төлөөлөгч Туваан.
-Өөр хэн бэ?
-Өөр үү?.. Сономпэл! гээд Лувсанбалдан шал ширтсэн чигтээ унтчих шиг. Догдолсондоо Гүрсэд ой гутам Лувсанбалдангийн мөрөөр тэвэрч,
-Дахиад нэг хүний нэр хэл. Тэгээд л гүйцээ гэв. Лувсанбалдан дуугарсангүй. Тэр ухаангүй ч юм шиг хачин болчихжээ. Гүрсэд хэсэг хүлээгээд,
-Лувсанбалдан минь, их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий. Одоо ганц хүний нэр хэлчих. Чиний амь тэгээд л мултарна. Хорвоод амьд явах шиг сайхан юм хаана байна гэлээ. Лувсанбалдан аньсагаа сөхөхийг оролдонгоо хэсэг бодоод,
-Банзар! гэж нэмж хэлэв. Гүрсэд баясгалантайгаар,
-Чи алтан амиа арван жилээр худалдаж авлаа. Муугүй наймаа шүү. Чи надад насан турш баярлаж явах болно гээд Галзууг гаргав.
"Нэг удаагийн байцаалтаар гурван хүний олзтой. Муугүй шүү" гээд Гүрсэд хэлтсийн даргынхаа өрөө өөд бардам алхахдаа "Надад сургууль л дутаж байна. Сургуульд явж орос хэлтэй болчхоод ирвэл хэнээс ч дутахгүй дээ нохой долоо" гэж бодов. Өөрийгөө өөд нь суга татчих нөлөө бүхий томхон дарга нартай эвтэйхэн наалдаад авах арга сүйхээлэх хэрэгтэй" гэж өөртөө сануулсан ажгуу.
ххх
Эр чадал ид амтагдсан гурван залуу адуугаа услахаар Гашууны гол оруулж, атар тарган хангалуудыг шургуулан уургалж баахан зугаацаад ногоон ширгэ дээр барилдаж байтал албаны маягтай морьтон ирсэн нь Гүрсэд дарга байв. Гурвын нэг-тэрс Банзартай Гүрсэд дарга тусгайлан уулзаад сумын төв рүү авч явлаа.
Гүрсэд Банзарыг дагуулж сумын төв өөд урамтайнхан хатируулав. Нөөцлөн авч гарсан бензин нь аймгийн төв орж чадахтай үгүйтэй болсон учир Гүрсэд арга буюу мориор багт гарч эсэргүү Галзуугийн бүлгийн гишүүдийг илрүүлэх болжээ. Хөл нүцгэн барлаг гэгдэж явсныхаа хариуг авахаар баячуудыг эсэргүү хэрэгт сэрдэж, айлган сүрдүүлж, өлөн шавайгаа хангахад тэр бээр донтсон чекист. Уг нь удмаараа малд хайргүй, ажилд дургүйгээс насан турш ядуу хоосон амьдарснаа Гүрсэд ухаардаггүй хүн. Тэднийхэн өөрсдийгөө шинжих оюуны тэнхэлгүй улс агаад хувьсгалт шуурга хуйхалж гаруут нутгийн өөдтэй өнгөтэйчүүдээс хэн хэнийг юугаар өөнтөглөн Лувсанбалдангийн бүлэгт хамруулах вэ гэж элдэв шалдвыг зохиов. Эсэргүү бүлэгт аль болох олон этгээд холбогдуулахыг чармайж, дэл сул яриа, цуурхал олж сонсох гэж чих тавьж сэм тагнана. Галзуугийн бүлгээс дайсан олныг илчилж чекистийн ур чадвараа үзүүлж чадвал Гүрсэдийн тушаал дэвших зорилгод түлхэц өгнө гэдэгт итгэж, сэжигтэй хэмээсэн бүхний нэрсийг дансална. Гүрсэд дарангуйлагчийн ид хавд тэмүүлэхдээ далавчтай сан бол сэг хайсан аварга тас мэт Хашаат сумын бүх нутгаар эргэлдэн нисмээр хорхойсно.
Гүрсэд Банзартай юм ярьсангүй, зөвхөн өөртэйгөө хамт сумын төв ор гэж тушаажээ. Банзар ямар хэргээр түүнтэй сумын захиргаа орох гэж буйгаа асууж зүрхэлсэнгүй. Тийм л бүрэг дорой улс. Гүрсэдийг даган хурдалж явахдаа Банзар олныг бодлоо. Юуны өмнө галзуу Лувсанбалдангийн эсэргүү бүлэг гэгчид холбоо сүлбээ бүхий хүмүүсийг хайж буйг Банзар тантах сортоотой залуу. Шоронд хийе гэснийгээ өчиггүй яллах эрх дарх Гүрсэд мэтэд олгосон цаг. Банзар өөрийгөө эсэргүү хэрэгт татагдаад явж буй юм биш биз гэж айв. "Намайг юу гэж өөнтөглөх вэ? Эд нар юу ч гэж гүтгэхээ сийхгүй ландрамууд. Аа одоо мэдлээ. Лувсанбалдан миний ардаг моринд булгиулж ойчоод юу гэж намайг заналаа. Тэр муу тэгэхэд надад яаж хорслоо гэж бодоод Банзар дотоодыг хамгаалахын төлөөлөгчийг хүлцэнгүйгээр дагаж очвол сүүлд нь амаа барьж, тархиа шаагаад ч хожимдох бус уу гэж эргэцүүллээ. Нэлээд давхиад Банзар Гүрсэдээс,
-Та намайг ингэхэд ямар хэргээр сумын төв рүү авч явна вэ? Мунхаг би мэдэж болохсон бол уу? гэж асуув. Гүрсэд морины давхиа дунд,
-Сумын захиргааны хонтоорт ороод мэдээрэй гэж ихэмсэг хариуллаа.
Гүрсэдийн дээрэнгүй бардам төрх, мөн "эсэргүү гэгдсэн хүнийг ямар ч байцаалтгүй, үнэн мөнийг асуулгүй, шууд ялалдаг хийгээд аягүйтвал буудан хороодог гэнэ" гэсэн олны яриа ясны омгорхог шазруун Банзарт үхэл рүүгээ сайн дураараа хурдалж явааг хэлээд өгөх шиг. "Би дайсан биш гэмгүй нэгэн ард гэж хичнээн орилоод цаазлах эрх нь эдэнд олгогдсон юм чинь тэгээд л өнгөрөх бус уу. Банзарын амийг Монголд хэн нэхэх билээ. Ёстой гонжийн жоо. Би эр хүн юм бол Гүрсэдийг сайн дөнгөөд шулуунаа харъя" гээд Банзарын омог бадарчээ. "Алийн бүр муусайн босоо ороолонгуудад дарлуулах вэ. Гүрсэд гэгч энэ новш нутгийн аль л золбоотой эрсийг шилж бариуллаа. Ерөөсөө дүүрсэн хэрэг" гэж шүд зуухад түүний хамаг цус толгой өөдөө огшиж зүрх нь оволзов.
Тэгээд Банзар давхиан дундаа цулбуураа өөрийн бүсэнд сэм сайн уяад Гүрсэдэд ойртох зуур морин дээрээсээ үсэрч Гүрсэдийн нуруунаас ирвэс мэт базаж авлаа. Гүрсэдийн морь огло харайн тэмүүлэхэд хоёул давхраараа унаж, Банзарын моринд харгана дундуур өнхрөлдөн чирэгдэв. Гүрсэд жолоо цулбуураа алдсан тул түүний морь давхин одож, харин Банзарын морины бөх суран цулбуур Банзарын бүснээс уяатай тул газар ойчихсон хоёрыг чирч хэсэг туйлаад тогтлоо. Банзар юун түрүү Гүрсэдийн бүсэндээ зүүсэн нагааныг шүүрч хол шидэв. Буундаа найдаж явдаг Гүрсэд өнгөрснөө ухаарч чарлалаа. Эзгүй хээр хэн хаанаас ирж туслах билээ. Гэвч Гүрсэд бархирсаар байв.
Банзар түүнийг толгой дээрээ өргөөд ар дагзаар нь газар савж, гүрэлзэх төвөнхий дээр нь хонь алж буй мэт өвдөглөлөө. Хоолой нь тагларч амьсгал нь боогдсон Гүрсэд амь тэмцэхдээ хоёр урт хөлөө гозолзуулан хэсэг тэлчлээд шээс баастайгаа холилдсоны эцэст хамаг бие нь сулрав. Тэгтэл Банзарын морь өмхий үнэрээс болсон уу хамраа тачигнуулан зуларлаа. Банзар бүснээсээ уяатай цулбуураасаа угз татан морио хоргоогоод цулбуураа бүснээсээ тайлж, Гүрсэдийн хоёр гарыг нуруун дээр нь зөрүүлж, цулбуурынхаа үзүүрээр янгинатал хүлэв. Ингэхдээ Банзар Гүрсэдийн төвөнхий дээрээс өвдгөө авсангүй. Гүрсэдийн амнаас хөөс цахарч хоёр нүд нь алуулж буй хониных шиг цэнхэртжээ. Түүний үхэж буйг мэдээд Банзар өвдгөө хоолой дээрээс нь авлаа. Тэгээд балартсан Гүрсэдийг хажуу тийш өнхрүүлэн түрүүлгэнэ харуулж амаар нь шороо үмхүүлээд сэрвээн дээр нь сандайллаа. Тэгсний дараа Гүрсэдийн хоёр гарыг нуруун дээр нь зөрүүлж, цулбуурынхаа үзүүрээр янгинатал хүлэв. Лагс бялдтай Банзарыг хөндийрмөгц Гүрсэдийн чалчийтал дарагдсан цээж чимээтэй хэржигнэн тэлж, хэд хэд уртаар сулхан эхэр татлаа. Тэр түрүүлгээ харж хэвтсэн чигтээ хөдөлсөн ч үгүй, дуугарсан ч үгүй. Банзар мориныхоо толгойноос ногтоо мулталж аваад хазаарынхаа жолоог мөрөндөө эгэлдрэглэн морио хоргоов. Тэгээд ногтныхоо тархин талаар Гүрсэдийн хоёр хөлийг хооронд нь чивчиртэл баглаад түүнийг хөлбөрүүлж өөд харуулав. Хүлээстэй гар хөлийг холбож, түүний нурууг арагш нь нум мэт махийтал хотойтгон хүлээсээ чангалсан тул Гүрсэд эгц өөдөө харж чадахгүй ууцаа ганайлган их л эвгүй хажуулав. Гүрсэд тайван амьсгалах боломжтой болоод сэргэж буй янзтай. Мэдрэл алдсан нүдээ эргэлдүүлэн, байдлыг судалж хэвтэнэ.
Банзар морио жолоогоор нь хөтлөн түрүү нь шидсэн Гүрсэдийн бууг өвсөн дотроос олж авлаа. Бууг нь барьсаар Гүрсэдийн хажууд ирвэл тэр дөнгөн данган,
-Чи намайг одоо яах гэж байна? гэж Банзарын гар дахь буунаас далдичин асуув. Банзар бууг гэрнээс гаргангаа,
-"Чи одоо намайг яах гэж байна?" гэж Гүрсэд дарга та надаас асууж байна уу. Та нар хүнийг хүлчхээд дараа нь яадаг билээ. Би таныг тэгнэ дээ гэвэл Гүрсэд,
-Банзар минь амь өршөө! Хүний алтан амь гэдэг тоглох тоглоом биш шүү. Намайг битгий ал! Банзар минь хэмээн уушги цээжээ мэнгэртүүлэхэд Банзар,
-Хүний алтан амь тоглох тоглоом биш гэв үү та? Наад үгээ та өөрөөсөө асуугаад, нутгийнхаа хорхойд хоргүй ах дүүсийнхээ алтан амиар тоглох гэж хөнгөн тэрэгтэй ирсэн биз дээ та. Хэн хэнийг барихаа хэлчих гэлээ.
Гүрсэд "Дүү минь ахыгаа өршөө" гээд амьсгаадав. Банзар өрөөсөн нүдээ анин бууг эзний нь цохонд онилон шагайвал,
-Хүлээ! Хүлээ гэм Банзаар! Түр ярилцъя! Тэгээд чи дараа нь намайг яавал яа гэж бархирав.
-Та бид юугаа ярих вэ? Хонтооргүй эзгүй хээр та надтай тоож ярих юм уу?
-Чи намайг буудахаа түр хүлээ. Би чиний ачийг хариулж чадах хүн шүү. Намайг тавьчхаад чи харь. Би чамайг ямар нэгэн эсэргүү хэрэгт холбогдуулахгүй ялнаас үүрд мулталж элбэг чадна. Үүнд итгэ. Уг нь би чамайг яагаа ч үгүй шүү дээ. Галзуу Лувсанбалдан чамайг эсэргүүний гишүүн гэж мэдүүлэг өгсөн юм. Гэхдээ энэ хэргээс би чамайг өлхөн чөлөөлнө. Чи намайг битгий бууд. Намайг баглаж, хүлж, буу тулгасанд чинь би юм санахгүй. Эсэргүү хэрэгт уналаа гэж айсан чиний ингэх түмэн зөв. Энэ бол амь гарах гэсэн хэнд ч төрөх бодол. Би ч гэсэн тэгэх л байсан. Дүү минь, ахыгаа тавьчих. Энэ бол эр хүний үг шүү, Банзаар.
-Ээ мэдэхгүй, би танд огт итгэхгүй байна.
-Итгэ дүү минь. Чи бид хоёр чинь нэг нутгийн ах дүүс. Амийг минь өршөөсөн чамайг би хойшид элдэв хэргээс ямагт хамгаалж явъя. Хоёулаа ах дүүс болъё.
-Та хүлээсээ тайлуулж, буугаа гартаа оруулж аваад намайг ямар ч өчиггүй буудахыг чинь би сайн мэдэж байна. Лувсанбалдан та нар цөмөөрөө адил-өөрийн аминд учиргүй их хайртай, хүний амийг юман чинээ боддоггүй улаан сэрээнүүд. Би хүний амиар та нар шиг тоглохгүй. Тийм муухай сэтгэлийг надаас Агваан багш салгаж өгсөн юм. Би тийм нүгэл өөрийн гараар үйлдэж тэвчихгүй болсон шавь. Гэхдээ өөрийг чинь ингээд хүлээстэй чигт нь хаяад явлаа. Хүн иртэл хүлээгээд хэвтэж бай. Хүн ирэхгүй бол халуун наранд гэдэс чинь тээрч үхээд шувууны хоол болохыг таны лай ланчиг шийднэ. Өлссөн том хар шувууд цатгаад өнгөрвөл танд улаан оросын алуурчин болж, монгол ах дүүсээ хядаж явснаас нүгэл нь хавьгүй бага. Ингэснээрээ би таны нүглийг нимгэлж өгч байгаа юм. Таныг хэрэв хүмүүс олж авбал та намайг газар дороос ч болохноо олж буудна. Тэгэхээр би таны гарт үхсэнээс Өгий далайд живж үхье! Мэдэв үү? гээд Банзар нагааныг гэрэнд нь хийж, Гүрсэдийн ёлхгор гэдсэн дээр бүсэнд нь хөндлөн хавьчуулав. Буу гэдсэн дээр хавчуулаатай, хоёр гар нуруунд хүлээтэй юу ч үйдэж чадахгүй болсон Гүрсэд "Намайг суллачихвал чи бид хоёул сайхан амьдрах бус уу. Энэ хорвоогоос өөр хаана тийм сайхан хорвоо байна?" гэж аргадлаа.
-Энэ хорвоо уг нь сайхан хорвоо. Сайхан хорвоог олж төрөөд, сайхан амьдрах гэж яваа, ямар ч гэмгүй хүмүүний үрсийг та нар буудаж алдаг чинь, таны ярьсантай алд дэлэм зөрж байна. Ногоон малгайтнуудад итгэдэг тийм тэнэг хүн Монголд өнөөдөр ширхэг ч үлдээгүй шүү гэж Банзар нутаг усандаа зарлах мэт хашхираад морио эргэцүүлэн мордож, хүлээтэй Гүрсэдийг мориороо гишгүүлж алдан хэд тойроод, “Намайг Өгий далайн ёроолоос хайгаарай” гээд хойд зүг салхи исгэрүүлэн хурдлахад газар толгойгоо нааж хэвтсэн Гүрсэд даргын чихэнд морины туурай пижигнэсээр чимээ тасарлаа.
Гүрсэд яах эсэхээ тунгаан хэсэг хэвтээд хүлээсээ султгахаар биеэ займчив. Бүх биенд нь өчүүхэн төдий хөдлөх эрхтэн нэг ч алга. Байдаг хүчээрээ мурчигнав. Гар хөлний уяа сулрах янз үгүйн гадна нум мэт гэдрэг хотойлгосон нуруу нь чилж өвдөнө. Нурууг хотойлгон хугартал нумлуулж, хөл гарыг ард нь дөрвүүлэнг зөрүүлэн-ноослох хонь ямааны хөл боодог уяагаар чивчиртэл багласан тул өндийх аргагүй. Гараа угзарч хөлөө жийж бярдвал хүлээс чангарах янзтай. Малчид уяа хүлгэнд гаргуудыг Гүрсэд мэдэх тул Банзар суларч алдуурах нөхцөлгүй хүлэхээ мэднэ. Ингээд нэг бол хажуу бөөрөөрөө, нөгөө бол түрүүлгээ харж цүндгэр харвинлагаа газар жигнэн хэвтэхээс өөр яалт ч үгүй. Ядаж байхад амь аврах буу нь гэдсэнээс нухаж зовуурь нэрмэнэ.
Орой тийшээ хурц нар шарж, битүү харгана дотор бүгчим агаад шумуул дэлэнч Гүрсэдийг дураараа тавтай зооглов. Төдөлгүй бүх бие нь гүвдрүү болж хорслоо. Ам нь цангаж, гэдэс нь хийгээр дүүрэв. Гүрсэд "За ингээд эзгүй хээр тээрч үхдэг байж. Амьд гардаг юм бол чамайг даа" гэж Банзарыг заналаа. Хүн амьтны бараа харагдалгүй шөнө болов. Гэдсээ цэндийтлээ дүүрч амиа тэмцэхэд Гүрсэд өнхөрч хөлбөрч гэдэснийхээ дүүрэнгийг дундруулах гэтэл том том харгана тээглэнэ. Дороо дахин нойтогнов. "Гүрсэд чекист ингээд үхэх гэж үү" гэхээс Банзарт хорсоно. "Алахын муугаар чи намайг аллаа даа" гэж үглэн золгүй хувь заяандаа гомдож, нөгөө сургууль соёл, орос хэл, алдар нэр, албан тушаал, баячуудаас хонзонгоо авч бялхаж амьдрах тооцоо, ер л бүх банжсан мөрөөдөл нурж байх шиг. "Ямар ч байсан тээрч үхэхгүй тэсэж байгаад хүн амьтантай учрах юм шүү. Ийм золгүйгээр өнгөрөх хүн би биш. Надад сайхан ирээдүй нүүрлэсэн. Ядуу зүдүү гаралтай намайг нам, засаг өөд татах гэж байна. Муусайн баячуулд би хэний хүү болохоо үзүүлэмз. Гуйлгачин явсныхаа хариуг та нараас авалгүйгээр үхэхгүй. Тэснэ шүү тэснэ. Амьд гардаг юм бол эсэргүүнд хүлүүлсэн энэ шившиг-алдар гавьяа авч ирнэ. Хувьсгалын төлөө тэмцэж яваад ингэж зовсон минь надад заавал ашиг, одон медаль болно. Гагцхүү амьд гарах хэрэгтэй. Мэнд үлддэг юм бол Хашаатын муусайн баячуудыг эсэргүү хэрэгт машины тэвш дүүртэл ачна даа. Хариугаа заавал авна. Би өнөөн цагт баян чинээлэг, эрх дархтай, олныг захирсан том дарга явах ёстой хүн. Баячуудаас өс хонзонгоо авч бах таваа хангаж амьдрах ээлж минь уг нь ирсэн юмсан. МАХН удахгүй намайг өндөр албанд дэвшүүлнэ. Тэгээд би бүхнийг орвонгоор нь хувьсгана. Хашаатад би хувьсгал хийнэ. Хувьсгалт нам ядуу гаралтай зөвхөн надад итгэнэ. Надад сайхан ирээдүй заяасан зуунд хорондоо үхэхгүй" гэж шүд зуусаар хонолоо. Цангаад нулимах шүлсгүй болжээ. Тэнгэрийн умдаг атгахын өмнө юутай хяслан бэ?
Өглөө нар туссаны дараа баруун бор толгой дээр морьтой хүн гарч ирээд ийш тийш харуулдлаа. Гүрсэд дороо тонгочин хөлбөрч, байдаг дуу хоолойгоороо хашхирах гэтэл дуу нь гарсангүй. Үй түмэн харгана дотор хэвтээгээрээ мурчганах өчүүхэн дүрсийг нөгөө хүн анзаарсангүй, эргэн тойрноо олилзон хараачилсаар цааш аажуухан далд оров. Гүрсэд "Ээ чааваас яасан сохор лүд вэ" гэж гиншлээ. Үд болтол ямар ч бараа үзэгдсэнгүй. Нар шарж шумуул довтолж эхлэлээ. Гүрсэд зүүрмэглэж буй, муужирч буйгаа мэдрэхээ болиод үе үе ухаан элийрч гэдэс нь халуун наранд цэндийв. Тээр дээр тэнгэрт хоёр тас эргэлдэнэ. Огторгуйд эргэлдэх хоёрыг Гүрсэдэд анзаарах сүйхээ үлдсэнгүй. Түүний царай хувхай цайж цусны нь эргэлт саарчээ. Ер л элий балай, дэн дун хэвтэнэ.
ххх
Гүрсэд даргын унаж явсан морь эмээлийнхээ гөлмийг далавч мэт дэрвүүлж, айлуудын адуу мал үргээн элдэж явна гэсэн сураг Хашаатын төвд үдэш болсон хойно сонсогдов. Сумын дарга Ойдов энэ мэдээг сонсуут сандарч Туваанд очиж хэлжээ. Нэгэнт харанхуй болсон тул нөгөө хоёр юу атугай Гүрсэдийн эмээлтэй морины сураг гарсан газар луу давхилаа. Тэр хоёр замаасаа ардууд дайчлан Гүрсэдийг болон эмээлтэй морийг олохоор тал бүр тийш мордуулав. Дотоодыг хамгаалахын төлөөлөгчид ямар нэг гай тохиолдвол дээрээс хатуу банга буух нь гарцаагүй. Гүрсэд хөнгөн тэргээр ирсэн нь Дотоод яаманд чухал дарга болсон нь мэдээж. Нам засагт үнэнч түүнийг том дарга болсонд хорссон дайснууд зориуд хорлолоо гэвэл Хашаатынхан эсэргүү хэрэгт хамуулах нь тодорхой. Ямартай ч аймгийн хэлтсээс машинтай заларч ирсэн хүндэт чекистийг эрж хайхад хойргоших янз гаргаваас хожмын өдөр ямар ч яланд унах аюултайг бүгд ойлгож, нүүрэндээ худлаа ч болхноо сандрах нь цөвүүн цагийн эрхшээл авай. Юм л бол эсэргүү болчих гээд байсан тул Гүрсэдийг үхэж далд орвол дуртай хүн бишгүй.
…Гүрсэдийн бүрэлзэх нүдэнд нэг том хар бараан дүрс өртлөө. "Ашгүй хүн ирэв үү" гэж лавлан харвал түүний ойролцоо цагаавтар халцгай хүзүү толгойтой том хар тас лүглийн сууж байв. Гүрсэдийн бүх бие оршиж чилээд мэдээ мэдрэлгүй болсон агаад зөвхөн нүдний нь цэцгий аягандаа муухан хөдлөхөөс цаашгүй. Банзар дөрвөн мөчийг янгинатал холбосон учир Гүрсэд хөл гараа сарвагануулж чадсангүй. Чимээ гаргая хоолой таг. Гүрсэд сэг идэгч махчин шувууг үргээх чадваргүй болсондоо чангаар уйлах гэтэл дуу нь бас гарсангүй. Аварга махчин шувуудад Гүрсэд дарга өөрийгөө амьд гэдгээ үзүүлэх гэж олон янзаар оролдоод цөхрөв. Тас үргэх байтугай Гүрсэдэд ойртсоор. Хөдлөх аргагүй хүлүүлсэн түүний дөрвөн мөч мэдээ алджээ. Хүний мах идэгч аварга тас нүүгэлтсэн далиа хавь ойрын газар сүүдэртүүлэн дэлснээ Дотоод яамны тусгай төлөөлөгчийн хажууд аймшиггүй тулж ирээд гуаглав. Тусгай төлөөлөгчид хариу муухай чарлах авиагүй нь Банзарын доромжлол. Муу ёрын шувууг өшиглөе хөл хүлээтэй, нударгалъя гар баглаатай, нүдээ ухахад нулимъя шүлс хатчихсан ийм л юм боллоо. Нэг үгээр хэлэхэд Гүрсэд амьд гэдгээ махчин шувуунд мэдэгдэх ямар ч нөөцгүй болжээ. Амьдаараа шувуунд нүдээ ухуулах боллоо гэсэн айдаст автаж, юунаас гайтаж ийм адгийн үхлээр мөхөх болов гэсэн эргэцүүлэл анх удаа түүний тархинд буув. Нөгөө мөрөөддөг орос хэл, сургууль, боловсрол, албан тушаал ингээд сөнөчихнө гэж баймгүйеэ. Бусдыг захирч явах эрх дарханд дүүлэх хүлгийн дөрөөнд жийсэн сэн. Азхүү айсуйд ингэж заяа дутдаг мөн тоогүйеэ. Хувьсгалт намын ивээл Гүрсэдийг зориод ирсэн сэн. Муусайн баячууд, тэдний үр садад үзүүлээд өгөх байв. Яасан хяслантай хорвоо вэ.
Ийм харамсал буцалж байтал нөгөө том шувууны араас харганы чөлөөгөөр бас нэг тас нуруугаа үүрсэн хүн шиг хаахалзан алхалсаар айсуй. Тэгтэл цаана нь юм сүүтэлзтэл бас нэг тас мярааж явна. Тэдний хойноос зөндөөн тас өтгөн харгана дундуур биеэ нуусаар сүлжилдэн энд тэндээс нөмөрлөө. Гүрсэд өндийх гээд толгойгоо даасангүй, хашхирах гэтэл ам нь ангайсангүй. Түрүүчийн хоёр азарган тас Гүрсэдийг булаацалдах янзтай хахир дуугаар гуаглалдан аварга далиа хоёул дэлж зодолдохоор нэлмэгэнэснээ бие биеэс өрсөж Аюулаас хамгаалахын том даргын гүзээг хүү татахаар дайртал хамгийн наана ханхалзах аварга тас араасаа шил даран мяраагчдаас тусгай төлөөлөгчийг харамлан хажиж, хүчит хоёр савраараа газар ээлжлэн малтаж шороо арагш цацлаа. Нөгөөдүүл нь хүзүү сунган махир хурц хошуутай том улаан ам ангалзуулж, Гүрсэдийг өмчлөхөөр хаахалзан тойрно. Аварга хараасаа бэргэсэн бусад нь алсуур тойрч явтал нэг тэрслүү нь гэнэт Гүрсэд рүү шунгахад том хар хөндөлсөж хоёул гуаглалдан ноцолдож өд сөд бужигнав. Тэр хоёрын тулааныг далимдуулан харгана дотор нуугдсан сүрэг тас бут үсрэн нисэж, Гүрсэдийг тал талаас шүүрэхээр аварга савартай хоёр хүчирхэг хөлөө жийж, Гүрсэдийн нүүр дээгүүр салхи хуйнаруулан чимээтэйеэ сүр сархийж тэнгэр харанхуйлан бүрхэв. Арга мухардсан Гүрсэд үл хөдлөх агаад ухаан санаа нь орж гарна. Ямар ч хөдөлгөөнгүй баглаатай хонон өнжиж хэвтсэн тэр сүүлдээ тээрч чихэлдсэндээ солиорч эхлэв.
Өтгөн харганы чөлөөг сүлжиж явган гүйх тасууд гэнэт буу барьсан лам нар болж хувирлаа. Тэдний түрүүнд худгийн лам нагаантай мутраа өндөрт өргөөд "Гүрсэдийг тонилгоод" гэж арынхаа хуврагуудыг командлан довтлов. Гүрсэд худгийн ламаас зугтаах гэтэл хүлгэндээ баригдаад босож чадсангүй. Дэмий л "Амь авар ламтаан. Би монгол хүний үр шүү гэгээнтэн минь!" гэж хашхиравч дуу нь бас л гарсангүй. Тэгтэл лам нарын хурал хурах чимээ сэгээр хооллогч тасуудын гуаглаагаар солигдлоо. Хонх жингэнэж дамар торжигнож бүрээ бишгүүр уянгалмагц буун дуу тачигнав. Хуврагууд улаан орхимжоо хөврүүлэн өнхрөлдлөө. Суманд оногдсон лам нарын алгуур уналт. Элийрч балайрсан Гүрсэдэд улаан шаргал манан дунд гэдрэг ойчиж буй лам нар гараа дэлэн алдалж, урагш унаж буй нь эвхрэн үгтээж, зарим нь цус садрах мулзан тэргүүнээ хоёр алгаараа дарах гэж буй намуухан аниргүй бүжиг. Эзэнгүй орхимжнууд хийсэж улаанаар давлагаалав. Лам нарын ном унших аядуу чимээ амьсгал хураах дэн дун бүдэг агшинд-өөриймсөг агаад цаанаасаа нэг л дотно.
1991
Онлайн захиалга: www.nepko.mn
Утас: 7533-9933
Монгол
Монгол
Зочин
Зочин
Зочин