Цэдэнбалаас хойш МАХН ерөнхийдөө манлайлагчгүй болсон. Сүүлийн гучин жилд Энхбаяр, Баяр гэсэн хоёр манлайлагч удирдагч л төрсөн байх. Удирдагч нь шууд утгаараа албан тушаалтай холбоотой бол манлайлагч холбоотой ч байж болох ч олон түмнээр хүлээн зөвшөөрөгдөх гэсэн айхавтар том шалгууртай. МАХН-тай харьцуулахад 1990 онд шинээр төрсөн ардчилагчид багтахгүй олон манлайлагчтай байлаа. Юутай ч 2000 он хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн долоон манлайлагч байв. Ардчилсан холбооноос Зориг, Элбэгдорж; Ардчилсан намаас Бат-Үүл, Энхсайхан; МСДН-аас Баабар, Гончигдорж; МҮДН-аас Ганболд. Магадгүй хэн нь ч хэнийгээ өөрөөсөө дээгүүр гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байх, гэхдээ тус болгондоо үй олон дагалдагсадтай.  2000 онд намууд нийлж улс төрийн нэг хүчин болсноор эдний манлайллын эрин дууссан болов уу. Одоо Элбэгдорж ямар нэг хэмжээгээр, Бат-Үүл хотын дарга болсноосоо хойш мөн ямар нэг утгаар манлайлагчаар үлдсэн гэж тооцож болох юм. Үгүй ч байж магадгүй, учир нь энэ нь тодорхой шалгуургүй, хэлэхэд хэцүү бодлого.

Энхсайхан бол 1990 онд төрсөн гол манлайлагчдын нэг байлаа. Би л лав түүнийг сүүлийн арван хэдэн жил дандаа л магтдаг. Тэр Монголын түүхэнд өөрийн дүрээ мөнхөлсөн хүн. Мэдээж би түүний дагалдагч биш, мэдлэг боловсролыг нь шүтэн бишрээд явдаггүй (социализмийн үеийн эдийн засагчдыг ойшоодоггүй болохоор), нэг үгэндээ төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол хүн хоорондын хувийн дүгнэлт харилцаа. Харин Энхсайхан Монголын нэн шинэ түүхэнд тодорч товойхуйц үүрэг гүйцэтгэж том орон зай эзэлсэн гэдэг бол тусдаа асуудал. Энэ бол түүхийн үнэлгээ дүгнэлт.

Энхсайхан 1996 оны  сонгуульд Ардчилсан хүчнийг удирдаж орсон. Ялалт авчирсан. Дараа нь Ерөнхий сайдаар томилогдож хоёр жилийн дотор асар том реформ хийсэн. Салбар болгонд. Өнгөрсөн 22 жилийн явцыг эргэж харахад Монгол улсын Засгийн газруудын ажиллагаанаас гялайж галтайх юм нь 1990-92 оны Бямбасүрэнгийн, 1996-98 оны Энхсайханы Засгийн газраас л харагдана. Бусад нь ч яахав дээ, хоёр гурав дугаар зэрэглэлийнх. Зарим нь ч байсан эсэхийг нь ч хүн санахгүй байх. Тэр сайн зохион байгуулагч. Огцорсныхоо дараа хөдөөний фракц байгуулан өчигдөр байгуулснаа нураах гэж бас л том цохилт өгч эхэлсэн дээ. 2004 оны сонгуулийг бас удирдсан, бас л ялалт авчирсан. Даанч увайгүй муухай луйвардуулж хоёр нам тэнцсэн болсон. Харин дараа нь түүнийг намын даргаас хусаад хаяж билээ. Тэгэнгүүт шаралхаад парламент дотор шинэ нам байгуулж тэмцлийн хурц үзүүрийн 180 градус эргүүлсэн.

Ер нь шазруун, хэний ч дор орох дургүй, хэрэг гарвал салаавч ч үзүүлнэ, зодолдсон ч чадна. Унжийсан амьтан биш, эрийн хугархай. Ийм хүн Энхбаярын дор орон дагалдан тоодгор нь болчихсныг гайхаад учрыг нь олдоггүй юм. Чойбалсан, Цэдэнбал гээд дарангуйлагчид өчнөөн л дагалдагчидаар өөрийгөө магтуулж байсан, гэхдээ тоодгоруудын хэн нь ч арай шүлэг бичиж байгаагүй юм шүү. 2004 онд Энхсайханыг Зоригийн хэрэгт холбогдуулан баривчлах нь нийтэд бараг тодорхой болчихсон байлаа. Үүнийг хонзорхуу дээрээ тэнэг Нямдорж мэдээллийн хэрэгслэлээр эрээгүй ил тод зарлаж байсан. Цагдаагийн даргаас санаачлага нь гарч Нямдоржоос халуун дэмжлэг авч, Тагнуулын газрыг татан оролцуулж Европоос хүн худгайлах ажлыг биеэр зөвшөөрөн операци явуулсан хүн нь тэр үеийн Ерөнхий сайд өөрөө байлаа. Гэвч хулгайлж авчирсан хүн нь үхэж, нууц ажиллагаа дэлхийгээр нэг ил болон шившгээ хутгаж, хэрэгтний өмгөөлөгчийг Нямдорж шоронд хорьсноор асуудал өөрөөр эргэсэн төдийгүй сонгуульд МАХН ялагдаж Энхсайханаар удирдуулсан АН ялалт байгууллаа.  Энхбаяр улайм цайм луйвар хийж байж намаа тэнцүүлсэн болгосон. Намын дарга Энхсайхан ч шинэ УИХ-д гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга боллоо. За одоо ч хөөрхий муу Энхбаярын бөөрийг гаргана даа. Мань хүн ийм юмыг өршөөх хүн биш.

Оросын өрийг төлөх явцад 50 сая долларын асуудал гарсныг шалгах комисс байгуулан даргаар нь Энхсайханыг тавихдаа АН-ыхны инээд хүрч байв. Харин мань хүн долоо ч хонолгүй тайлангаа тавьж Энхбаярыг тэнгэрт тултал нь магтлаа. Удалгүй өөрөө зүтгэсээр байж байгуулсан АН - Эх орон намын хамтарсан эвслийг тарааж орхив. Ингээд Ардчилсан намыг сөрөг хүчин болгох мөртөө өөрөө Үндэсний шинэ гэх тодотголтой нам байгуулаад МАХН-тай очоод эвсчихдэг байгаа. Одоо МАН- чууд бүлэг байгуулж өгөхгүй байна гэж орой болгон зурагтаар гоншиногоод л байна. Харин тэр үед 25 гишүүнтэй АН-ыг хоёр жил бүлэггүй явуулж шарлаасан юм шүү дээ.

2005 оны сонгуульд Энхсайхан Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Үүндээ тэр үнэхээр хойрго байсан. Сонгууль дөхөх тусам улам арагшаа ухарч штабаасаа бултан олон хоногоор алга болчиж байсан. Алтан гадас ч Энхсайханыг унагах гэж намын аппаратыг зориуд ажиллуулаагүй. Сонгуулийн тооллого эхлээд удаагүй байхад нөхдөө хорьсоор байтал Энхбаяр руу утасдан Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь халуун баяр хүргэн утасны цаанаас үнсэлт илгээлээ. Ийм л юм болсон доо. Цаашаа ч бүр ундарч өгсөн л дөө. Улс төрийн тайзанд хоёр Э-ийн дүэт магтаал ерөөл өндөрлөж байснаа 2009 оны сонгуулиас хойш хараал зүхэлийн бөөгийн дуудлага хангинах боллоо.

Энхсайхан бол хотын сэхээтний шинэ үеийн нийтлэг дүр. Уламжлал зан заншлыг төдийлөн мэддэггүй, мухар сүсэг гэхээсээ шинжлэх ухаанд илүү итгэл үнэмшилтэй, шашны тухай ойлголтгүй, үндэсний үзэл гэхээсээ өрнийн соёлыг шүтдэг, чөлөөт зах зээл, ардчилал, эрх чөлөөний тухай ухамсаржсан цэгцтэй ойлголттой, иргэншсэн сэтгэлгээтэй урбан соёлтой сэхээтэн. Харин Энхбаярыг дагаснаасаа хойш ярьж хэлж буй нь өөрийг нь дагалдаж буй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй галзуу солиотнуудаас ялгагдахгүй болсон төдийгүй зарим салбарт илүү гарах боллоо. Нэг харахад өвчтэй болчоо юу гэлтэй, нөгөө харахад хүн шаралхахаараа эрүүл ухаанаа алдчихдаг юм болов уу гэмээр. Мэдээж түүний дагалдагсад дотор түүнтэй ижил гомдлоор амьсгалж яваа эрүүл саруул хүмүүс мэр сэр бий л дээ. Жишээ нь Уянгыг Алтан гадасынхан хөөгөөд явуулчихсан юм.
Ардчилсан нам, тэр дундаа Алтан гадсынхан Энхсайханыг сүнсгүй муухайгаар гомдоосон нь үнэн. Энэ намд хоёр удаа ялалт авчрахад нь амбаардаад явуулсан. Гэхдээ энэ бол улс төрийн тэмцэл. Харин эрүүл үнэлэмжээр өөрөөс нь хавьгүй доогуур нэгний цагаан хоолой болж, Лин Бао, Молотов, Геббельсийн зэрэглэлээр эзнээ магтан дуулж, нулимс хүртэл дуслуулан хоолойгоо цахиртуулж шүлэг уншин дуу дуулж, яаж ч бодоод итгэл үнэмшил өссөн хүмүүжил мэдлэг боловсролд нь үл нийцэх юм ярин, дагалдан тоодгорын зэрэгт өөрийгөө аваачсан нь ёстой тайлагдашгүй оньсого, өөрийгөө гутаасан үзэшгүй муухай доромжлол. Юутай ч Энхсайхан мөнгөнд толгойгоо мэдүүлэх хүн биш. Тэр бол үл худалдагдах хүн. Ганцхан тайлбар байж болох нь гаталж барах аргагүй барьцаанд орвол л хүн ийм болж болох байх. Энэ тухай маш олон янз таамаглал байдаг??!

Энхсайхан Энхбаярт зүүгдэж явсны хүчинд энэ жил дагалдагсадын хамт улс төрийн ялалт байгууллаа. Энэ нь түүний их улс төрд эргэн орж ирэх замыг нээв. Голлох удирдагчийн хувьд түүнд шинэчлэлийн гэх Засгийн газарт зүй ёсоор томоохон суудал олдох байлаа. Түүнийг Сангийн сайд болохыг АН нэгэн дуугаар (ганц нэг хүний эсэргүүцлийг эс тооцвол) дэмжиж байлаа. Гэтэл үйл явдлын шууд гэрч болсон маш ойрын хүрээллээс гарсан мэдээллээр бол Энхбаяр эмнэлэгээс шууд утасдан “Чиний сангийн сайд гэж юу байсан юм! Хохь чинь шүү, хэрээ мэдээрэй” гэжээ. Уг нь МАХН-чууд Сономпилээс Эрчим хүчний сайдыг нь булаах гэж байсан болохоос Энхсайханд ямар ч гомдолгүй байжээ. Энхсайхан ч дээдсийн сануулгыг шууд хүлээн авч суудлаа чөлөөлж өгсөн байна. Ингэхээр аймаар нээнтэг барьцаанд байгаа нь үнэн юм шиг.

Дараа нь бүр толгой эргүүлсэн юм боллоо. Энхсайхан ярилцлага өгч өөрийг нь Энхбаяр шахсныг хүлээн зөвшөөрсөн төдийгүй үүнд гомдолтой байгаагаа илэрхийлэн түүнийг шоронгоор ялласан нь шудрага зөв зүйл болсон гэдэг байгаа. Түүнийг 15 жил дагаж гүйсэн Цолмон намыг нь хөсөр хаяж байгаагаа зарлаад Энхбаярын нам руу давхиад орчихов. Энхбаярын хүү эцгийнхээ хувь заяатай эвлэрээд энэ улсын хамгийн эрх мэдэл бүхийн суудлын нэгэнд “дэвшин” очлоо. Энэ бүхэнд ямар логик, ямар оньсго байна?

Хэрэв Энхсайхан аймшигт нээнтэгт байсан бол гэнэт ингэж зоригломооргүй. Гэтэл барьцаанд байгаагүй юм бол ийм ширүүн ааштай биеэ тоосон хүн өчнөөн жил өөрийгөө доош нь оруулж Энхбаярын үгээр “бөгс долоож” явмааргүй юм. Энхсайхан цаадахтайгаа муудалцаад өөрийн өмчөө тасдан АН-д эргэж нэгдэх гэж байгаа юм болов уу? Энэ Засгийн газарт хайр зарлан дэмжиж тогтвортой ажиллуулахыг нийт ард түмэндээ уриалснаас нь үзэхэд магадгүй юм шиг. Болохгүй ч юмгүй л дээ. Цагтаа Эрдэнэ тусдаа нам байгуулж АН-ыг бөөлөн харааж дөвчигнөж л байсан, даанч тэр мангууг дагах хүн олдоогүй, “уучлаарай” гээд л эргээд ороод ирсэн, одоо сайд царайлчихаад сүүлээ чирээд гэдийгээд алхдаг болчихсон байна билээ.  Гүндалай ч тусгаарлаж явснаа буруугаа хүлээж байна л гэсэн. Мань Батзанданг хар, одоо их л ширүүн дуутай хувьсгалч шудрага төрхтэй болсон байгаа биз дээ! Гэтэл Цолмон? Цолмон ч яахав, өнгөрсөн хорин жилд өчнөөн нам дамжиж будаа түүсэн хүн, гэхдээ л Энхсайханы үгнээс гардаггүй, тэр хэрээрээ нээнтэгт нь байдаг тэрээр гэнэт ийм шийдвэр гаргасан нь ямар шалтгаан байна? Өөрийнхөө мангар тайлбарт эрхбиш өөрөө үнэмшчихээгүй байлтай. Энхбаяр 60 гарсан түүнд зуун жилийн алтан ирээдүй амалсан юм болов уу? Энхбаяр шудрага эвслээ задалж засгаас гарган сөрөг хүчин болговол өөрөө “олон улсын хуулиар” жинхэнэ улс төрийн хэлмэгдэгч болж харагдана. Ийм төлөвлөгөө хийж байгаа бол хүүхдээ тийм аймаар том дарга болгомооргүй юм? МАХН нь МҮАН-аас салж дангаараа МАН-тай нэгдэх байгаа гэж үзье л дээ. “Намайг дагавал манай нам аврагдана” хэмээн Энхтөвшин эмнэлэгт Энхбаярыг эргэсний дараа хэлснээс үзэхэд тийм байж болох. Гэтэл сонгуульд хамтарч орсон эвсэл тарвал бүлэггүй болох төдийгүй, жагсаалтаар орж ирсэн хүмүүс автоматаар хасагдаж, Цог, Тэрбишдагва, Уянга, Батцогт гэсэн хэдхэн хүн л хуралдаа үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл жагсаалтаар оруулж ирсэн субъект нь байхгүй болохоор жагсаалт хар аяндаа хүчингүй болж суудлыг нь үлдэх гурван нам хувааж авна. Энэ бол хуулийн маш ойлгомжтой энгийн логик нь. Энэ рүү тэмүүлээд байна гэж үгүй л баймаар? 

Ёстой бүү мэд, хорвоод математик логик, эмэгтэй хүний логик гэж хоёр тусдаа юм байдаг юм гэнэлээ. Үүнээс гадна монгол логик гэж бас нэг тусдаа юм байдаг байх аа.  За больё больё, тархи хүрэхгүй юм байна!

2012.10.8