ХОЁРМЯНГА ДӨРВӨН ОНЫ СОНГУУЛЬ

Хоёр мянган оны сонгуулиар МАХН нийт сонгогчдын яг тавин хувийн санал авсан боловч АН-д ганцхан суудал үлдээлээ. Үнэндээ энэ бол мажоритар сонгуулийн гажгийн хамгийн тод илрэл нь байлаа. За ингээд дуруураа дургихыг үзүүлж өгсөн дөө. Төрийн албыг зүгээр л дуудлага худалдаагаар зарж орхино. Сөрөг хүчнийхээ 15 мянган мэргэшсэн ажилтныг нэг амьсгаагаар гудамжинд хөөж гаргав. Авилга бол гэрэлт шар нарны дор ил тод явагддаг энгийн тод наймаа. Мэдээллийн хэрэгслэл нэг айлын гарт орж нэг хүнийг л магтдаг ганц ажилтай боллоо. Ард түмний төлөөлөгчид тарган цатгалан амьдарч байгаагаа байн байна гайхана. Өөр юм ярьсан хэд хэдэн сэтгүүлч шоронгийн хаалга татав. Ган зуд жил дараалан тохиож ДНБ уналтанд орон улс орон улам ядуурч байсан ч манай эрэлхэг ард түмэн сэтгэл дүүрэн жаргалтай амьдарч байсан юм! Цадах өлсөх нь суртал нэвтрүүлгээс хамаардаг болохоор арагагүй  ч байх.

Сөрөг хүчин гэх юм парламентэд байтугай гудамжинд ч байсанүй. АН дөрвөн жилийн турш даргаа хэнийг болгох вэ гэсэн хэрүүл хийв. УИХ-д хэрүүл хийж үймүүлдэг нь ганцхан Гүндалай. Гудамжинд эсэргүүцлээ илэрхийлдэг нь ганцхан Бат-Үүл. Сонин хэвлэлд шүүмжилдэг ганц нь би л байсан. Бат-Үүлийг шоронд суулгасан, Гүндалайг баривчилсан, намайг цагдаад дуудсан. Иймэрхүү л байсан юм даа, одоо цөмөөрөө мартсан байх. Чангалаад өгөхөөр номондоо ордог ард түмэн юм билээ дээ. Өнөө олон иргэний хөдөлгөөнүүд болон хөдөлгөөнчингүүд, шудрага үнэний төлөө амиа золиослоход бэлнээ харуулагчид, за тэгээд уул уурхайн ланжгар дарамтлагчид, зэвсэг агссан эх орончид чинь бүүр хожим дөрвөн оны сонгуулийн дараа л борооны дараах мөөг шиг багшралдацгаах болсон юм шүү дээ.


   

Гээд хүмүүс дотроо шатаад явдаг байсан бололтой. Энд тэнд хийсэн судалгаагаар АН дөрвөн оны сонгуулиар ялах нь тодорхой болоод ирлээ. Гэвч үүнийгээ нийтэд зарлаж чаддаггүй байв. АН-ын даргын төлөөх тэмцэл ч сонгууль ойртчихоод байхад дуусдаггүй. Гадаад дотоодгүй Монголдоо ганц судалгааны баг гэгдэх Сантмарал болохоор АН-ыг дахиад л ганц хоёр суудалтай үлдэнэ гэж мэрэглэн суртчилж байв. Дарамт гэдэг үнэнээс ч хүчтэй л дээ! 2000 оны сонгуулиар МАХН-ын захиалгаар өндөр үнээр ирж сонгууль зохион байгуулсан Оросын баг энэ удаа дахин уригдаж баахан судалгаа хийв. Путин Орост бурхан болсон шиг Монголд Энхбаяр баастай бурхан болж гэсэн дүгнэлт гаргаад энэ тахин шүтлэгийг улам дэврээвэл “всё будеть хорошо!” гэжээ. Ингээд гудамжаар нэг Энхбаярын зургийг шахцалдуулан дүүжлэв. “Самбарын Энхбаяр” гэдэг хоч эндээс гарсан. Гадаадын мэргэжилтэн үүгээр дууссангүй. Америкаас нэг сайхан гар шааж ирлээ. Зурагтын бүх сувгаар тэрээр парламентэд ганц нам байвал ажил сайн явдаг, сөрөг хүчин УИХ-д орвол танай орон нэг мөсөн сөнөнө гэсэн ухуулга хийж гардаг байгаа. 100 орчим мянган доллар өгсөн юм билээ л дээ тэр хөөрхийд. Оросын баг тэнэг мэрэгнийхээ төлөө сая доллар авсан. Мэдээж улсын төсвөөс шүү дээ.

Сонгууль дөхөх тусам АН-ын рейтинг өсөөд байгаа нь сохор хүнд ч мэдрэгдээд ирлээ. Дангаараа УИХ-д байдаг болохоор махнистууд хуулиа ч дураараа, дагах журмыг ч дураараа гаргах учир сонгуулийн хороог өөрийн хүмүүсээр дүүргэв. Нам бус гэдгүүд нь өөрсдийнх нь. Туслан зохион байгуулагчид нь ч өөрсдийнх нь. Төрийн ажил тэр чигээрээ зогсож бүх ажиллагсад нь сурталчилгаанд мордов. Ардчилсан намын албан ёсны ажиглагчдыг ч энд тэндгүй худалдаж авлаа. Энэ нь цаашид уламжлал болон ханш нь өсч одоо ч ийм “туслан гүйцэтгэгчид” зөндөө байсаар. Энд тэндгүй амьгүй хүмүүс байтугай байхгүй хороо хориныг олноор нь буй болголоо. Одоо ч энэ байдал нь хадгалагдаад Хан Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эзгүй газарт цаасан дээр буй болгосон хороод оршсоор байна. Нэр устай, хашааны дугаартай, ам бүлтэйгээ байгаа. Очоод үзэхээр хов хоосон газар. Түүнээс гадна “задгайгийнхан” гэж сайхан задгай газар хэдэн мянган хүн чихэхээр бэлджээ.

Сонгууль болдог шөнө бүхэл бүтэн драм болсон. Тагнуулын хэсэг ажилтныг нууц хадгалах гарын үсэг зуруулж байгаад шөнө нь улсын хэмжээгээр тог таслах, утасны сүлжээг ажилгүй болгох ажиллагаа зохиов. Энэ харанхуйд саналын хайрцаг руу цаас чихэх, хайрцгаар нь солих бантанг хутгасан юм даа. Хэдэн жилийн дараа жишээ нь Хэнтий аймгийн захиргааны зоориноос жинхэнэ санал бүхий хайрцаг олноороо олдсон. Сонгууль өгөх процесс ч гоё болсон. Санал өгөх хэсгийг тойрч дахин дахин санал өгөгчид ил тод автобусаар зөөгдөж байв. Урьд нь иргэний үнэмлэхийг үй олноор нь шинээр хуурамчаар үйлдвэрлэж тараасны илрэл энэ аж. Мөн хаясан гээгдүүлсэн үнэмлэхийг бөөнөөр нь худалдан авч шинэ хаяг наажээ. Дүн гарахаас өмнө саналын хайрцгийг улаан цагаангүй дээрэмдэн авч зугтаах явдал ч хэд хэд гарлаа. Ер нь улайм цайм дээрэм луйварыг дэлгэрэнгүй тоочвол олон боть хавтаст хэрэг болох байх.   

Ингээд ингээд дүн гарахад МАХН ялагдаж орхив. Тэгэнгүүт нь тав зургаан тойрогт маргаан үүсгэн хүчингүй болгох нь тэр. Ингээд тойрогтоо ялагчидтай наймаалцаж гарав. Санахаас Гүррагчааг ялсан нөхөрт гадаадад албан тушаал өгч наймаацсан. Намын дарга өөрөө ялагдчих нь тэр. Хажуу тойргийн Бямбадоржийнхоо сонгогчдыг автобус автобусаар нь зөөж байж бараг тэнцэв. Ингээд АН-ын бараг ялагчийг мөнгө цаасаар хууран гомдолгүй болгож авах нь тэр. Өвөрхангайн тойргийн маргаан дуусдаггүй. АН-ын дэвшигч нь гүргэр эр байж. Ингэнгүүт МАХН-ын нарийн бичгийн дарга энэ сонгуулийн дүнг МАХН зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх нь тэр. Мэдэгдэх ч юу байхав дээ, хөөрхий тэрүүгээр хэлүүлэхгүй юу даа. Ингээд л тэнцсэн гэгдэх хоёр намын хооронд бүтэн сар наймаа явагдсан даа. Уул нь сонгууль будилуулсан хэргээр өчиггүй шорон явах байсан хүн маань АН-ын амбицтангуудыг хооронд нь хошгируулж муудалцуулсаар өөрөө УИХ-ын даргын суудалд суусан юм.  

2008 оны 7-р сарын 1-ий үймээний жинхэнэ эх сурвалж энэхүү дөрвөн оны сонгууль байсан юм. АН-ын төлөө саналаа өгөөд өгөөд байхад дүн эсрэгээрээ гарсанд хүмүүс бухимдсан. Дөрвөн оны сонгуулийн луйвар бүхний нүдэн дээр ил байсан болохоор хүмүүс жинхэнэ учир шалтгааныг мэдэж байсан. 

Энэ жилийн сонгуулийн хууль харьцангуй хамжааргатай гарсан шүү. Үгүйдээ л сонгуулийн булхайг өндөр торгууль, шорон оронгоор хязгаарлажээ. Амихандаа төр нам хоёрыг нэлээд зааглаж өгсөн шинжтэй. Гэхдээ л балчир жаахан Нансалмаа Балганы руканаас гарахгүй ээ хөө. Сонгуулийн яг урдын урд өдрөөс 202 тэрбум төгрөгийг ард түмэндээ тараан өгч тэднийгээ худалдан авах болно. Гэхдээ нууцаар биш илээр, Засгийн газрын тогтоолоор. Ганцхан сарын өмнө Засгийн газар ард түмэндээ 21 мянгыгаа өгч барахаа болилоо гэж байсан. Яагаад гэвэл Хүний хөгжлийн сангийн мөнгө ёроолоо шавхсан. Сонгууль хүртэл үлдсэн хугацаанд зөвхөн 21 мянгыгаа өгөхөд дахиад 59 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөнөөх 202 тэрбумтайгаа нийлээд 260 тэрбум хэрэгтэй. Заавал ялахын тулд энэ мөнгө одоохон хэрэгтэй. Энийг олохын тулд ямар нэг юм зарах хэрэгтэй. Зарагдаж болох юм бол Монгол орон. Ялж л байвал Монгол ч яамай л байна.   

Монголын нүүрсийг Хятадын талаас гол сонирхож байгаа компани нь Шинхуа байлаа. Гэтэл өнгөрсөн жил Эрдэнэс компани Хятадын төрийн өмчит хөнгөнцагааны том компани Чалкогоос 200 сая доллар зээл авч үүнийгээ хожим нүүрсээр төлөхөөр тохиролцжээ. Чалко нь нүүрсний талаар ямар ч туршлага байхгүй. Гэвч Монголын өмнө талын бүх боомтыг атгасан Винслэй компанийг худалдаад авчихжээ. Дараа нь тэд Соуз Гоби компаний хувьцааны ихэнхийг худалдан авав.Ингээд Чалко Монголын нүүрсний аж үйлдвэрт үнэмлэхүй хяналт тавьж чадлаа. Уг нь УИХ-ын 40-р тогтоолоор уул уурхайн аль ч салбарт нэг орны давамгайлал тогтоохыг хориглосон байгаа. Мөн стратегийн орд газарт гадаадын төрийн өмчит компаний оролцоог хязгаарласан юм. Иймээс ч Чалко компани нь Сауз Гобигийн хувьцааг худалдан авсны дараа УИХ энэ талаар хэлэлцэн шинэ хууль гаргасан билээ. Гэвч сонгууль гэдэг хуулиас ч илүү хүчтэй. Юу гэвэл Засгийн газар сая Чалкогоос дахиад 300 сая доллар зээлээд авчихлаа. Худлаа гэвэл үүнийг хариуцаж байгаа дарга Долгоржаваас асуу л даа. Яагаад авч байгаа юм, хэзээ юугаар төлөх юм, УИХ-ын тогтоол хамаагүй болсон уу, сонгуульд зориулаад та нар улсаа зарчиж байгаа юм биш үү энэтэр гээд асуу л даа. Дээрээс нь Эрдэнэтийн ноогдол ашиг 140 тэрбум төгрөгийг одоохон гаргаж өг гэж Ганзоригийг шахан алангаа алдаж байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг. Ингээд одоо МАН-ыг сонговол сая төгрөгөө авна, сонгохгүй бол хоосон хоцроно гэдэг сонгууль болж байна. Улс орноо зарж олж ирж буй мөнгө рүү манай ард түмэн хошууран дайрах болно. Маргааш ямар хамаатай юм бэ! Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг... бишээ өнөөдрийн өөх дээр. Маргааш тэгэж байгаад учир нь олдох байлгүй! Сүх далайтал үхэр амар. Ямар үхэр биш далайвал далайж л байна биз. Цохиод унагатал хаа ч байсан юм!

2012-06-18