ДУУГАА ХУРААСНААС ДУРСАМЖАА ЯРЬЯ ӨВӨӨ НЬ
Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад-утгагүй. Шатаж үхээд-амины гарз. Насны эцэст нэг дүгнэлтэд би хүрэв. Тэр нь “хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй ард түмэн” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд сөхөөд ямар ч ашиггүй тул улиг болтол шүүмжилснээ л засвал дээдийн заяа. Тиймээс хөндсөн буглаагаа эдгэртэл янших! Харин “Н.Учрал ерөнхий сайд болохоор Төгрөг нуурын ордыг гадаад руу 250 сая доллароор заржээ гэсэн гүжирдлэг зохиов” гэх пиараар Женког шүтэгч Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн сонгогчид шиг тархитай массыг сэвэхэд “монгол ялна” гэж мэд. Тэгэхээр хэдээр, хэнийг сэвэхээс шалтгаалж ялалт ирдэг байх нь.
ДУУГАА ХУРААСНААС ДУРСАМЖАА ЯРЬЯ ӨВӨӨ НЬ
Нэг. Атан тэмээ буйлах уу хуцах уу?
Шагнал ховор байж. Тэр тусмаа шагналтай шог зохиолч байгаагүй. Намайг Нацагдоржийн шагнал хүртэхэд хамгийн их баярласан хүн нь Жамцын Шагдар. “Шог зохиолчид нисэн ирж чуулдаг ганц бяцхан цөөрөм байдаг. Тэр нь Тоншуул сэтгүүл” гээд Шаагаа маань “шоовдор шог хошин зохиолыг харж үзэх цаг болсон” гэж бичсэн юм. Тэр бяцхан цөөрөм дээр би яруу найрагч Жамцын Шагдартай анх нүүр учирч үерхжээ. Тэр бээр бусдын егөө дэгээ үг алхуулахгүй, давуулж хаяна уу гэхээс дутаахгүй нэгэн болох нь мэдрэгдэв. Хүн түүнийг дээрэлхэж өдвөөс-хариуг гайхалтай барьдгийг би бишгүй харсан. Хуурамч занд хурц аллергитай зохиолч тул түргэн гүйдэг адтай шооч авьяас нь үе үе бүлтэрнэ. Шагдар ахын хошигнол миний тархины бор хальсанд шингэжээ. Танаас хойш хоёул нийлж хошигномоор юм бишгүй л гарлаа. Харамсалтай нь та алга.
Шооны сэжүүр цухуйлгаад аминдаа давслаад өгвөл Шагдар цааш нь хошин мэдрэмж дэлбэртэл гүйцээж өгнө. Ийм агшин юутай сайхан. Бодон бодон инээд асгарч зугаатай уужирна. Инээдмийг эм гэвэл Шагдар надад хэдэн төгрөгний эм хайрласан бол? Хүний сул талыг шоолж таашаал авдаг-соёлгүй авир ч гэлээ Тоншуулын ажил хошин шогоор бүтдэг тул энэ нь бие халаалт-нэг ёсны авьяасын дасгал байж*.
*Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бий. Тэгэвч ухаарал өгдөөж, мэдрэхүй гижигдсэн, марташгүй сургамжтай уран шогоо хүн гэгч амьтан хаясангүй. Коммунизм сүндэрлэхэд саад бологчдыг Лениний онолоор сэнхрүүлэх яруу хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жил бүр 500 мянган төгрөг оруулж, тавуул захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь тоншуулын хэд сүрхийдээ бус. 70 жил дан ганц гоёчилсон магтаалд пологдсон ардууд ялзралыг хурц шүүмжлэл эмчилнэ гэж горьдоход хүрсэн юм. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өсөв. “Тоншуул”-ын хэд гэгчид хошин шог гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад.
Зураач М.Цэдэв арав таван минут хумсалж, аяга тагш юм балгаснаас "Үнэн" сонины коллегиор шийтгүүлж, мужаан Нанзад гуайн шавь-дагалдан мужаан түр хугацаагаар хийх болов. Зураачаас мужаан болтлоо тушаал буурсан хэрэг. Уруу царайлсан Цэдэвийн мөрийг Шагдар алгадаад,
Нанзадын шавь
Нанчдын сав
Хошин шогийн авъяас
Коллеги хавийн овьёос гэж шүлэглэж, шийтгүүлсэн дүүгээ "Хошин шогийн авъяас" гэж урамшуулахын зэрэгцээ "Үнэн" сонины коллегийн гишүүдэд хөөрхий Цэдэв минь ёстой л овьёос доо гэж өрөвдөхөөр хошигнол. М.Цэдэв "Тоншуул"-ын дугаар бүрийн хамаг ажлыг нугалдаг цайлган сэтгэлтэй хошин шогийн цул авъяас.
Гүржийн "Покояние" нэртэй шинэ кино шуугиулж гарлаа. Тэр киног "Ард" кино театрт гаргатал үзэл суртлын хэлтэс хаачхав. Уран бүтээлчдийн уудзалт дээр "Хаах нь буруу, хаах нь зөв" гэж талцан маргатал Төв Хорооны шинэвтэр ажилтан сүр хүчээ мэдрүүлэхээр томорч,
-Тэр киног хаах нь зүйтэй. Та нар (муусайн зохиолчид гэсэн өнгөөр) ер нь юү гэх гээд байна гэж омогдов. Хөөрхий бидний муу зохиолчид ч яахав дээ таг болдгоороо чимээ тасарлаа. Тэгтэл хэн нэг зоригтон,
-Зөвлөлтөд тэр кино гараад л олны талархлыг татаж шуугиулаад л байна шүү дээ гэв. Тэгтэл Төв Хорооны нөгөө шинэхэн кадр уурлаж,
-Зөвлөлтийн үзэгчдээс монголчууд шал ондоо. Манайхан тэр киног ойлгох хэмжээнд хүрэх болоогүй гэж оволзлоо. Чингэтэл Жамцын Шагдар,
-Тэгвэл монголчууд 29 дүгээр тусгай сургуулийн хөнгөвчилсөн программаар социализм байгуулах болж байна уу гэж орхилоо. Баярласан бид албаар чанга хөхөрч нөгөө ланжгараас аминдаа хариугаа авав. Шагдар иймэрхүү маягаар загатнасан газар маажих нь бахтай.
Яруу найрагч, шог зохиолч Тангадын Галсан МАХН-ын зуултад явсан цаг. Түүний зохиолыг ямар ч хэвлэл хэвлэдэггүй, дээрээсээ тийм чигтэй байлаа. Удвал ахайтан Галсангийн зохиолыг хэвлүүлэх гэж дээгүүр хөөцөлдөж, "Өгсүүр зам" яруу найргийн номыг нь нийтлүүлж өглөө. Энэ ном хэвлэгдсэнээс хойш Галсангийн бага сага "юм" сонин сэтгүүлийн буланд хаа нэгтээ үзэгдэх болов. Галсан нэр төрөө бүр цайруулах гэсэн байх, "Үнэн" сонинд нэг нүүр дүүрэн найруулал нийтлүүллээ.
Тэгтэл "Үнэн" сонины шалгарсан манлай коммунистууд "Эсэргүү зохиолчийн “юм”-ыг Нам, Засгийн төв хэвлэлд бүтэн нүүр эзлүүлэн хэвлэв" хэмээн бухимдаж, Галсангийн найрууллаас эсэргүү санаа олохоор үнэрч ноход шиг шиншлэв. Тэгтэл "Атан тэмээ буйлав" гэсэн өгүүлбэр байж байдаг. Атан тэмээ барагтай буйлдаггүй, гагцхүү туйлдаж тартагтаа тулбал буйлдаг гэнэ. Яагаад социалист Монголд атан тэмээ буйлав гэх улс төрийн асуудал бослоо. Тоншуулын хэд Галсангаа өмөөрөх гэсэн биш өөрсдөө сэжиглэгдэв. Эсэргүүний шургуулсан “ат буйлав” гэх тэсрэх бодисыг түрүүлж илрүүлсэн гэж хөөрцөглөсөн хэнхэг өвгөнд Шагдар хандаж,
-Хэн гуай хонь ямаа бол майлах уу? гэвэл нөгөө өвгөн,
-Тэгнэ, хонь ямаа бол майлна гэлээ.
-За тэгвэл үхэр яахав?
-Үхэр мөөрнө.
-Адуу?
-Адуу янцгаана.
-За тэгвэл хэн гуай минь тэмээг яалаа гэхэв? Тэмээг буйллаа гэж болохгүй бол “атан тэмээ хуцлаа” гэх үү гэвэл мань мэт нирхийтэл инээж, нөгөө коммунист өвгөн бүр онцгой чанга хөхрөв. Мандуулсан матааснаасаа бултаж, мануустай ижилсээд, гэмгүй царайлахыг хичээж харагдсан чааваас. Гол нь үүнээс хойш Галсангийн талаар лав л бидэнд сонсогдохоор хэл үг гараагүй юмдаг.
Шагдар нас жар зооглосон хойноо нэг үдэш орцоороо ортол хулгайч булган малгайг нь шүүрээд зугтжээ. Хөл муудсан Шагдарт хулгайчийн араас элдэх тэнхээ байсангүй. Дэмий л "Хөөе хулгайч аа, чамд малгай өмсөх толгой байгаа юм уу?" гэж хашгирчээ. Дарга нарт хов зөөдөг найзыгаа Шагдар ямагт гашуун шогоороо мохоож түлнэ. Өнөөх нь хорсохдоо Шагдарыг яль бүлийн өө сэвээр улам матна. Шагдар ээлжийнхээ амралтыг авчээ. Нөгөө олиоч,
-Шагдар чи амрах нь уу? гэхэд Шагдар,
-Би ч нэг сар амаръя, чи ч нэг сар амар даа гэсэн гэдэг.
онлайн захиалга: https://www.nepko.mn/publishing/detail/523
Хоёр. Өөрөөр сэтгэх гажиг
Юмор бол этгээд сэтгэлгээ. Цалгиагүй төмөр мэт сэтгэхүйгээс хошигнол төрөхдөө хойрог. Үнэнээс хол хазайсан хэтрүүлгэтэй атлаа урнаар сэтгэх-авъяас. Инээд бол санаанд ороогүй ухаарлын тэсрэлт. Байды Дундговиос Тоншуулд анх морилж, бид ч түүнийг сэтгүүлдээ авах гэж буй тул сонжив. Байды бид хоёул Москвад дээд сургууль төгссөн ч намайг сургуулиа төгсөөд ирсэн жил Байды нэгдүгээр курст очсон юм билээ. Түрүү ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэж Байды оюутан байхдаа намайг бодвол тэр үед Зөвлөлтийн өөрөөр сэтгэгч сэхээтнүүдийн гар дамжуулан нууцаар уншиж байсан Булгаковын "Нохой зүрхтэн" хэмээх хориотой зохиолын гар бичмэлийг олоод уншчихсан зураач болохыг мэдэж олзуурхав. Ов живгүй зөөлөн харцтай атлаа тэрслүү нарийн мэдрэмжтэй нь бүр ч таалагдлаа.
Байды "Тоншуул"-ын зураач боллоо. Нам засгийн төв хэвлэл гэгдэж байсан болохоор тоншуулынхан засгийн газрын ордонд нэвтрэх үнэмлэхтэй, үдийн хоолоо тэнд зооглоно. Хүдэр биетэй, аргил өтгөн дуутай, шилээ дарсан урт халимагтай, шатрын хөлөг шиг эрээн алаг пиджактай, зангиагүй, бүдүүлэг залуу Төрийн ордонд яваадаа биеэ барихгүй, хэнэггүй хэт задгай аяглахад Ордны гуанзанд хоололдгоо их юманд бодож, өлмий дээрээ сэм сэм алхалсан дарга нар их л ёозгүй хялалздаг сан. Харц шигээ зөөлөн юмортой анд маань хатуурхах хүмүүстээ хайр найргүй аж.
Нэг явдал санаанаас гардаггүй юм. Төв Хорооны ерөнхий хэлтсийн орлогч, өөр бас НАХЯ-ны чиглэлийн нэг ланжгар тагнуул Байды бид хоёртой нэг ширээнд хооллохоор тохиолоо. Би тэр хоёрыг мэдэх тул хэлэх ярихаа цэнэж, их л буйртай дүр эсгэхийг хичээж суув. Байды тэр хоёр чекистийн дал мөрийг далийтал алгадах нь холгүй зиндаархаж, миний үнхэлцгийг хагалчих дөхлөө. Дал мөрийг нь алгадсан ч байж магадгүй. Би айсандаа болоод мэдээгүй биз. Байды тэр хоёрыг Дундговийн урчуудын салбарын хоёр дагалдан зураач шиг л дээрэлхсэн юмдаг.
Тэр хоёртой хооллох зуураа элдвийг хуучилж хэл амаа билүүдэв. Би энэ мангар яаж балладаг бол гэж бурханд залбирч суулаа. Мань хүн зөвлөлтийн урлаг дампуурч байгаа тухай цуурч эхлэлээ шүү. Надад ямар ч арга олдсонгүй. Амыг нь алгаараа олон хүний дунд таглалтай ч биш. Би өөрөө босоод зугталтай ч биш. Байды цуурч гарлаа. Зөвлөлтийн архитекторууд Лениний аварга хөшөө босгож, тэр хөшөө нь дотроо олон өрөөтэй, тэнгэр баганадсан байхаар сэджээ гээд л эхэллээ. Ленин багшийн тэр хөшөөний толгой дотор номын сан, зүрх хавьцаа нь контор байгуулжээ гээд Байдыг ёжтой өгүүлэхэд нөгөө хоёр дарга,
-Мөн ч ухаалаг шийджээ.
-Ах нар тэгнэ ээ тэгнэ. Ах нар чадна гэхэд Байды номхон том алаг нүдэндээ гайхал хуралдуулаад "Энэ хоёр чинь яасан тэнэг шаарнууд вэ?" гэсэн харц над руу чулуудаад нөгөө хоёрыгоо бүр даапаалахаар шийдэж,
-Ленин багшийн тэр том хөшөөний ходоод орчимд гуанз, тэр ч бүү хэл нууц эрхтэн байдаг газар нь жорлон байгуулсан гэж байгаа гээд Байды нөгөө хоёрыг шоондоо уриалан хөхөрлөө. Нөгөө хоёр тагнуул "Уухай тэгээд цааш нь" гэж барьцаа лавшруулахаар Байдын ярианд ташуур өгөв. Байды ч өнгөрчээ. Харин намайг яадаг бол?! Байды өөрийнхөө хошин ярианд өөрөө хөөрч,
-Лениний тэр хөшөөний "коммунизм өөд урагшаа" гэж сунгасан урт гарын аварга том алган дээр нисдэг тэрэг бууж, нисэж байхаар төлөвлөсөн нь оросууд болсон хойно тооцоо алдаад нисдэг тэргээ даалгүй нөгөө хөшөөний, өөрөөр хэлбэл, Ленин багшийн коммунизм өөд сунгасан урт гар тохойгоороо хугараад уначихсан гэж байгаа гээд Байды чангаар инээв. Нөгөө хоёр инээгээгүй ч хацар нь сүрхий татганаж харагдсан. Гэхдээ тэр хоёр зөөлхөн ухаалаг тагнуулчид байсан байх. Ямар ч гэсэн элдэв үг хэл гаргаагүй юмдаг.
Байды бид хоёр үргэлж хамт явна. Ордны гуанзанд Байды ч олны анхаарал татсаар. Төв Хороонд алба хашдаг миний хэд хэдэн танил надаас "Чамтай цуг яваад байгаа энэ нэг хачин эрээн хувцастай юм чинь "Үнэн" сонинд ажилладаг юм уу?" гэж зэвүүцэлтэй асууж, бараг л "Чи иймэрхүү юмтай юунд цуг явдаг юм бэ? Хараанд өртөнө шүү" гэж зөвлөх гээд ч байх шиг. Сүүлдээ "Тоншуул" сэтгүүлийн эрхлэгч Дэлэг гуай руу Төв Хорооноос том дарга утасдаад "Ордонд ордог танай ажилтнуудын чинь зарим нь үсээ урт ургуулж, этгээд хувцаслаж байна" гэсэн тухай сонсогдсоноо удалгүй Ордонд ордог бидний үнэмлэхийг хураасан билээ.
Үнэмлэх хураасан шийтгэлийг уран бүтээлчийн бардам авираар Байды тоохгүй нь мэдээж. Байды шог сэдвийн эрэлдээ ямагт улайрах завсраа мангар нэгний дүрд жүжиглэж тоглоом наадмаар тархиа амраана. Хүн болгоны өвөрмөц сэтгэх давтагдашгүй өгөгдлийг үл тоогч аугаа захиргаадагч, ард түмнийхээ тархийг хонин сүрэг болгоод хуу шилбүүрдэж, өөрийнхөө зорьсон зүгт хөөж явааг Байды ёгтлон зуржээ. Энэ зураг хүн бүрийг Лениний заасан ганц замаар замнуулах гэж улайран тэмцэж байсан үед хэвлэгдсэн нь эрсдэлтэй ч мангуу зураачийг тэгж сэтгэх эсэргүүнээр тоож хардахгүйг Байды тооцоолсон байх. Байды хоосон тэнэг царайлдаггүй зураач л даа. Дорой донгио Байдыг дээрэлхэж, элэг баригч дарга нар нууж явдаг ичмээр хүслээ нээж сайрхах олдошгүй сэдэв болдог.
Бөөнөөр нь буудаж булсан улс төрийн хэлмэгдэгчдийн хохимойнуудыг ухаж гаргаад хэдэн дов дамнуулан өрөөд доромжлох мэт бүгдийнх нь шүдтэй шүдгүй амнуудад намын батлахыг нь зуулгаж, намын гишүүн явсныг нь нэхэн сэргээж буй зураг. Шог зураачийн дотоод ертөнц гэдэг иймэрхүү л чинжүү дээ. Хорт могойг үзэг мэт бариад хорон шүлсээр нь матаас бичигчийн дүрийг олны танил нэг өвгөнтэй адил болж хэмээн хүмүүс сэм нудралцав. Тэр өвгөнийг хэлмэгдлийн үед олон гэмгүй сэхээтэн сүйд хийсэн гэцгээх. Томчуудын басамжилдаг доодост шогчид хамаардгийг дээр дурдсан. Гэхдээ бухимдлаа шогоор илэрхийлж тайтгарах тэдний хувьд чимээгүй ялалт юм. Шог зураачдын ялалтыг соц. нийгэмд ил бус далдуур дэмжин урамшуулагч цөөнгүй байсан юм шүү. Гэхдээ Багабандийн алтан бүс, Бадамсүрэнгийн алтан эмээлийн дэргэд Байдын шог зургууд бол хог л доо. Нийт олон анзаардаггүй муусайн шог зураачдын даруу амжилтыг хошуучлагч нь Ц.Байды гэдгийг надаас илүү мэдрэх хүн ховор буй зээ гээд би андынхаа тухай хэдэн үг хэлхэв. Олон улсын шог зургийн уралдааны шүүгчээр нэг хоёр удаа ажиллахдаа найзынхаа хэмжээг мэдэрч баярлаж явлаа.
Байды шинэ байранд ороод "Үнэн" сонины томчуудыг уриад цайлж суутал Байдын бяцхан хүү шог зургийн цомог барьсаар орж ирээд зочдын дунд суусан эцэгтээ “Аав аа энэ зургийн далд санааг би бодсоор байгаад олчлоо. Ийм гүн утгатай зургийн санааг Үнэн сонины муусайн юмнууд бол ойлгохгүй дээ” гэжээ. Байдын зүрх ёгхийгээд явчхаж. Гурван өрөө шинэ сайхан байрыг тэр л дарга нар өгснийг хэлэх үү, тун муухай юм болсон шүү гэж найз маань гэмшингүй хуучлав**.
**Эсэргүү үзэл “Тоншуул” хавьд гангараа байсан ч юм шиг. Европын соц. орны шог сэтгүүлийн зохиолч зураачид тэрслүү бүтээлийг амь хоорондоо үнэлдэг нь бидэнд халдсан тал бий. Далд тэрслүү утгатай зохиол зургийг сэм дээдэлдэг урамшуулагч манайд байсныг дахин хэлье. Тэд голдуу надаас дүү томоогүй уран бүтээлч жаалууд-бидний залгамж. Би гэж архаг амьтан шог хошин ийм тийм байх ёстой гэж айлдана. Буруу хазгай ярьдаг орос хэл, зөвлөлт ромбоороо гайхуулж явсан цаг. 1960-аад оны дундуур зохиолч Б.Жамд агсан “Тоншуул”-ын хариуцлагатай н\б дарга байхдаа “Залуу шогчдын клуб” нээж Бавуугийн Лхагвасүрэн, И.Цэрэнжамц, Д.Пушкин, М.Цэдэв нар тодорч байжээ. Шагдайн Цэнд-Аюуш, С.Цогтбаяр, Ш.Бадамханд, Б.Ерэнтэй нарыгаа сургуулиа төгсмөгц татаад авчхав. Л.Өлзийбатыг яамнаас нь “Үнэн” сонин, бүр Төв хороогоор мундагдуулаад булаачлаа. Эрчим хүчний яам улаан дипломтой инженерээ шог зураач болгохгүй гэсэн хэрэг.
Ж.Барамсай, С.Цогтсайхан, Т.Түвшин, Б.Баянзул, М.Дэмчиг, Ж.Саруулбуян, Ц.Намжилдорж, А.Бат-Эрдэнэ нарын залуус шог хошин зохиол зурагт хошуурч “Тоншуул”-д нэмэгдэх дайчид тодорлоо хэмээн олзуурхаж байсан минь саяхан мэт. Гэтэл дөч гаруй жил өнгөрчээ. Б.Цэнддоо гэгч жаал соц. орны шог сэтгүүлүүд, олон улсын уралдааны цомог үзээд манай өрөөнөөс салахаа болилоо. Тэр сургуулиа төгсөөд Л.Түдэвийн н\б дарга болсон уг нь том хүн л дээ. Ерэнтэй Польшид хамт суралцаж байсан Батбаяр (Баабар)-гаа надад магтаж, түүний дисседент үзэл таныг дагуулахгүй гэж шар хөөргөлөө. Тэр тэрслүү оюутан миний зохиолыг далд утгатай гэдэг нэгэн болохыг Ерэнтэйгээс сонсоод ёргио зан минь огшиж, хор шар гялс замхрав. Ерэнтэйн эсэргүү үзэлтэй найзыг сэтгүүлдээ татах юмсан гэх бодол төрсөн нь мэдээж. Тийм шинэ хандлагатэй авъяаслаг залуус сэтгүүлийг маань хурцална гэх итгэл тээж явлаа. Харамсалтай нь социализмыг ил далд өөлж явсан залууст ардчиллын ач наалдаагүй. Томчуудын удам угсаа булагнаж, ардчиллын өгөөжийг хүртэв. “Хонхны дуу”-гаараа сэрээсэн цоглог хөөрхөн С.Цогтсайханаа би мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь явав. Үүрээр үстэй дээлээр дулаалсан Баабар анхны цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал дулаан дээл хэрэгтэй гэж аав нь зөвлөсөн гэнэ. Зарим дурсамж ийнхүү үл мартагдах аж.
Гурав. Шог зураачид
Орон тооны бус намын үүрийн дарга гэгч-бөөн дурын хэнхэг нэгэн шог зураач маньдаа бол эрлэг байв даа. Тэр тус болохоосоо яршиг удна. Зайлуул цаанаасаа нууц даалгавартай л даа. Далаад оны үед олон улсын шог зургийн уралдааны комисс манай шог зураачдад урилга игээжээ. Шагнал нь соц. Монголын пролетари зураачдын нүд эрээлжлэм аж. Бид оролцох гэтэл намын дарга та нарыг дураар чинь тавихгүй, явуулах зургийг чинь коллегиор хянана, дараа нь главлитээр батлуулна гэж томров.
Олон улсын шог зургийн уралдаан зохиож буй улс нь коммунист Болгар. Бидний явуулсан зургийг Болгарын намын дарга хянана гэвэл тэглээ ч гэсэн бид шийднэ. Та нар толгой дээгүүр харайх санаатай юу гэж намын дарга шазуур зуув. Намаа халдвараас сэргийлж буй нь тэр. ЗХУ, АНУ, Англи, Франц, Итали, Испани, Герман, Голланд, Швед, Дани, Япон, Польш, Турк, Бразил гэх шог хошин зургаар тэргүүлэгч орны зураачтай уралдаж, хошин сэтгэлгээ, ур чадварынхаа царыг харах ховор боломж тул залуу зураач бид оролцох гэлгүй яах вэ.
Намын дарга бидний юу зурж буйг сэм тагнаад эхлэв. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж бид гадарлалгүй дээ. Зургаа түүнээс нуугаад явуулчмаар байдаг. Бидний санааг танатсан өнөө гайхал чангараад уралдаанд илгээх зураг хэлэлцэх хурал зохиов. Адууны сүүлийг хуйхаар нь мөлжиж хяргаснаас ялаа үргээж чадахаа больсныг ёгтолсон А.Гүрсэд гуайн зураг хэрүүл удав. Зураачид бууж өгөөгүйгээс намын дарга уралдаанд явуулах зургийг бүр Төв Хороонд үзүүлэхээр хатуурхав.
Хялгасыг нь хадах ёзоороор нь хяргасан адууны можийсон ясан сүүлний үзүүрт ялааны алуур бэхэлсэн зургийг Төв Хорооны их том дарга харж харж цэвэр ойрад аялгуугаар,
-Манай адууны дэл сүүлийг Зөвлөлт авдаг. Монгол улс сүлдэндээ залсан алдар цуутай адуугаа ялаа үргээх юмгүй болтол сүүлийг нь мөлжиж Орост тушаадаг гэсэн санаа энд яваад байна аа даа гэв. Зураач нар айгаад таг. Уг нь өвгөн зураач А.Гүрсэд малыг ч гэсэн өрөвдөх ёстойг дэлхийд толилуулахаар зурж л дээ. Монголчууд малыг хайрлах үзлээр онцгойг гадны шүүгчид үнэлж магадгүй гэж өвөө Гүрсэд тооцсон байх. Төв Хорооны том дарга аймхай зураачдын арчаагүй царайг анзаарч өрөвдөв үү яав,
-Энэ зургийн далд санааг манай дайсан-хөрөнгөтнүүд тэгж ашиглах вий гэж байгаа болохоос би тэгж байгаа юм биш шүү. Намайг зураачид зөв ойлгоорой гэж хаяагаа манаж халамжлан уярав.
Хуралд оролцсон бусад том дарга нар шог зургуудыг хатуу хянаж, намынхаа үзэл суртлыг хэрхэн хамгаалдгаа Төв Хороондоо үзүүлэх момент гарлаа гээд шог хошин зургуудыг судалж гарлаа. Эхлээд шог зургийн толгойг доош харуулбал юу болж хувирах нь вэ гэж шалгав. Дараа нь цонхны гэрэлд араас нь нэвт харж үзлээ. Эсэргүү санаа шургуулж л таарна-олъё гээд шог зураачдыг дайсан мэт нүүрэн дээр нь гомдмоор хардаж дээрэлхэв. “Шог зургийг басаж болохгүй, дайснууд олзолчих нууц агуулж уу” гээд эргүүлж тойруулж янз янзаар шинжлээд, олон улсын уралдаанд илгээж болох хэдэн зураг сонгов. Хамгийн муу зургууд шалгарсан нь мэдээж. Муусайн шог зураачдаа навс буулгаж авсан орон тооны бус намын дарга додигор байна аа янз нь. Харин ордонд орж үзээгүй шог зураачид эх орныг минь ийм мулгуу хүмүүс жолооддог юм уу. Даанч дээ гэж гутарсан царайтай харагдав.
Ордноос урамгүй гарсан залуус бидний сэтгэлийг засахаар өвгөн зураач А.Гүрсэд гуай ингэж хуучлав: 1960-аад оны үед “Матар” сэтгүүлийн зураач А.Гүрсэд гуай ЗХУ-д 10 хоногийн хугацаатай туршилга судлахаар анх удаа явжээ. Гүрсэд гуайг үдсэн намын дарга түүнд “Нам чамайг алтан Москвад явууллаа шүү. Чи орос хэл сайн сураарай” гээд чанга тэвэрч гэнэ. Арав хоногт шүү дээ. Хариуд нь шог зураач “Үндэснийхээ хэлийг л мартчихгүй ирэх юмсан гэж бодож байна” гэсэн тухайгаа дурсаж шавь нараа хөгжөөв.
Төв Хороо хянаад шилчихсэн зургуудын ард тамгаа главлит санаа амар дарлаа. Тэгтэл намын дарга ноцтой юм олоод харчжээ. Сонор соргогоо намын хүн ямагт харуулахыг хичээдэг хойно. Хөрөнгөтөн орнууд оролцох уралдаанд очих зургийн ар талд Главлитийн ХУЗХГ (хэвлэл утга зохиол хянах газар) гэх хэдэн үсэг бүхий жижиг дөрвөлжин тэмдэг дарсан нь тамга тэмдгээ дайсанд олзлуулах алдаа гаргасныг мань хүн илрүүлэв. “Нээрэн тэгнэ” гэж намын бусад хүмүүс дуу дуугаа авалцаад нөгөө өчүүхэн тэмдгүүдийг зураачдаар арилгууллаа. Главлитийн төлөөлөгч болгонд байдаг хувийн дугаартай тэр тэмдгийг Америк тэргүүтэй империалистүүд дуурайлгаж үйлдээд ашиглах аюулаас намын хүн ингэж аврав. Главлитийн тэмдгээ үзүүлэхгүй бол Япон мэтийн дайснууд дуурайлган хийж чадахгүйд манай нууцын хүч оршдог юм уу гэж шог зураачид мушилзлаа. Намын хүний яршиг-хардах гэж лайтай. Ер ажил нь тэр***.
***Тоншуулынхаа өрөөг дурсах сайхан. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Б.Явуунхулан, Д.Пүрэвдорж, В.Одгийв, А.Гүрсэд, Ц.Доржпалам, Л.Гаваа нар шог хошин мэдрэмж, цэц мэргэнээрээ гангарч хөхрөлдөх тамхины өрөө нь “Тоншуул” байж. Цуурахад аюулгүй цэг Монголд өөр байгаагүй байх. Тийм эрхэмсэг орчинд зохиол бичиж, зураг зурж гэдсээ тэжээсэн минь өчүүхэн миний хувьд ямар ч сэнтийнээс сольшгүй өндөрлөг билээ.
Дөрөв. Ардчилалд уриалсан хэдийгээ ард олон дагаагүй бус дагасан
Орос Хятадын завсар соц. лагерийн ёроолд хаягдсан ар монголчуудын 1996 оны сонголтод дэлхий дэлдийв. Даанч манай ардчилагчид энэ гайхамшгийг дахин заяахгүйгээр бузарласан даа. Албан тушаал, олз ашигт эрээ цээргүй тэмүүлсэн АН гэгч бөөн дурын бүдүүлэг бүтэц, ард түмнийг эргэж харахгүй болтол тараа таниулсан. Архаг коммунист сөрөг хүч УИХ дахь АН-ын боловсрол туршлагагүй онгироо олонхыг зажлахгүй залгиж байлаа. Дээд доод талдаа гэгээрэл маш их дутсанаас манай ардчилал шившиг болов.
Миний амжуулах гэж насан турш мөрөөдсөн нийтийг гэгээрүүлэх дэврүү зорилгын төлөө Баабар Цэнддоо хоёр зүтгэдэгт би баярладаг буурай. Өөрсдөд нь ашиггүй ч яваандаа хүн амд хүчтэй нөлөөлөх үйлс гээд. Гол нь мэдээгүйг мэдүүлэх гэж, мэхлэгдсэнийг тайлах гэж хараал зүхлийн бай болж яваа сонголт нь таалагддаг. Энэ зам бол миний насан турш бэдэрсэн харгуй. Гишүүн-сайдын сэнтийнээс унац нь ирээдүйд жинтэй тусна. Та хоёрыг ийм хүмүүс болно гэдгийг хар багаас чинь тантсандаа би урамтай явдаг. Та хоёрын ижил соён гэгээрүүлэгч ирээдүйд улам олширч, улам хүчжиж, та хоёрыг харааж зүхдэг, атаархдаг өчүүхэн амьтас хөгжлийн алхам бүрээс сугаран хаягдсаар цөөрөх тавилантай. Тиймээс энэ зам чинь зөв зам. Уран бүтээлч хүн алс холын хийсвэр үр дүнгээ л тооцох ёстой. Үр ашиг нь та хоёрт бус, та хоёроос хойш, хойч үеийнхний боловсролд тусна. Иргэд хүчирхэг болно. Энэ чинь жинхэнэ буян. Та хоёр үзэхгүй, эдлэхгүй ч цаг хугацааны эргэлтэд арвиждаг буян. Бидэнд гэгээрэл яасан их үгүйлэгдэнэ вэ. Баабар чи нуруугаар намхан ч ухаанаар Монголдоо шүү. Миний байгааг, бидний байгааг. Ах нь өөрөөсөө ичиж байна. Монголчууд өндөр улаан оросын мөрөн дээгүүр өлийж, дэлхийг чиний нүдээр харж, өөрсдийнхөө хэмжээг чиний дайтай багцаална гэдэгт ах нь итгэнэм.
“Тоншуул”-ыг тойрон хүрээлэгч хошин мэдрэмж нь цалгисан хөгжилтэй дүү нартаа хайртай шүү өвөө нь. Хошин зохиол нүгэл эс үйлдэх ичимхий дархлааг сэрээх увидастай. 85 насны өндөрлөгөөс дүү нартаа хэлэх үг энэ. Олигархиуд хулгайгаа баригдахаар “байтлаа бүр хошин шог юм болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол авъяасын тохуурхал гэсээр нүд аних буй зээ.
Онлайн захиалга: https://www.nepko.mn/publishing/detail/421
Тав. ХХI зуунд хууртах харанхуйчууд дэлхийгээс олдохоо болив
Бизнесийн луйвар нь эх орондоо мухардсан жижиг гарууд “Ямар оронд очвол олз олох вэ? Хулхидахад эрсдэлгүй тийм мэдрэмжгүй улс хаана байна” гэж бодмогц Монгол санаанд нь ордог болтой. Харанхуйчуудыг мэхлэхэд түвэггүй. Улсаа гэх нэгдмэл зорилгогүй, биесээ хайрлах сэтгэлгүй хүмүүс гадны луйварчдыг даллах нь зүй. Дэлхийн том бага гарын хулхичдын сонирхол хаана вэ гэвэл маанаг Монголд. 2024 онд 576 сая доллар гадагш мөрийд алдсан нь-жуулчдаас чардайж чардайж жилд унагадгаас давжээ.
“Масс” гэх үг монголд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан ба азийн барууд, харанхуй нь монголчууд. Дүнхүү монгол толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг гэнэн зангий нь өрөвднөм. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд бүдүүлэг монголчууд бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг баялаг орд гозгонуулна. Геополитикчдийн дипломат инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих бизнесмэн, шулах гүрэн мундахгүй. Монждог луйварчин, шулдаг гүрэнгүй болж хорвоо цэвэршихийг хүлээснээс монголчууд бид өөрсдөө гэгээрсэн масс болох арай дөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг. “Сохорт өдөргүй согтууд шөнөгүй” гэх сургаалаараа нүдээ нээж ухаанаа хурцал.
Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсох-намаа самрах шахав. “Та муусайн биднийг яаж ч чадахгүй” гэх бадамнал дийлдэшгүй хүч болжээ. Хулгайч нараа давруулсны гай лоймол бидний толгой дээр буув. Тиймээс гол буруутан-элэг бариулагч хулчгар бид! Төр засагт мөнгө байдаггүй. Намуудын шуналд бузартсан татвар төлөгчдийн хэдэн цаас л бий. Эрх баригчид хулгайчдаар хохирлоо төлүүлэхийг шимтдэггүй. Яагаад? Өөрсдөө хулгайлдаг. Авилгаар алдаршигч-олны танил цуутай “од”-уудаа УИХ-даа байнга залдаг ард гавалт, барлаг заяат хөлдүү сонгогчид гэстэл шударга ёс ялахгүй. Хаширдаггүй мангарууд, ухаардаггүй дүйнгүүд бүх сонгогчдын талаас хол илүү нөхцөлд яах вэ? Хулгайтайгаа тэмцэх үү, тэнэгтэйгээ тэмцэх үү? Зөнөсөн зохиолч хоёр дахийг сонгов. Бүтэн ухаантай нь зоргоороо туйлагч даварсан хулгайч луйварчдаа шоронд хийе гээд жагсана, өлсөнө, бүр шатах гэж өвчигнөнө. Тэглээ ч сонгогчдын дийлэнх тэнэгүүд юм чинь нөгөө хулхичид дахиад л төрийн толгойд заларна.
Итгэл унтарсан нийгэмд хууль үхдэг! Булаалт бүхэн гэмт үйлдэл гэдгийг бид гурван саяул мэднэ. Гудманд шүлс хаясан бус засгийн эрх булаасан нь хөдлөшгүй нотлогдсон ч нийгэм судалгаагаар засгийн эрх булаагч шилдгийн шилдгээр тасарч бишрэгдсэн. Түүнийг “засгийн эрх булаагч” гэвэл наад зах нь ухамсрын шанаа хүртэнэ. Хүүхний цүнх бус засгийн эрх булаагчийг шударга ёс тогтоогч болгож мандуулсан билээ бид. Мандуулсан мулгуучууд мандагчаас хортой. Нүгэл таригч гол гэмтэн-мэдрэмжгүй тэнэг масс гэж онцлоод буйн учир энэ.
Улсаа өөд татах жудагтай залуусыг хөгшид хүлээж сэтгэлээ чилээдэг. Ерөнхийлөгч, ерөнхий сайдаа мууламгүй ч төр засгийн толгойд гарсан улстөр нь миний үзэлтэй нийцээгүй. Гэлээ ч ураны төсөл зүтгүүлж буй ерөнхийлөгчөө ганцаардах вий гэж эмзэглэдэг бөгөөд түүний “хүнсний хувьсгал”, “тэрбум мод”, “цагаан алт” төслүүдийг би уухайлан түрдэг. “Ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас Кремль оролцоогүй” гэх танил хүчирхэг орос комбинациар Женько базвал монголчууд өмдөндөө харвана. Төмөр замын гацааг мултлах арга эв хайж яваа ерөнхий сайд маань 20 шахам жилийн гацаанаас учирсан хохирол-31,5 тэрбум долларыг нэхэмжлэнэ гэж ил сүржигнэж рейтингээ ахиулдаг ч зууны хулгайч Х.Баттулгыг далдуур хаацайлагч гэх сэрдлэг уугисаар. Хулгайчтай дөрөө харшуулж засаглахыг ХХI зуун тэвчихгүй. Өөрөөсөө бус хулгайчаас гайтаж огцруузай дүү минь.
Хотын зам талбайгаар үерлэх борооны усыг найдвартай зайлуулах шуудуу татаж чадаагүйгээ цувчуулахаар Богд уулаа нүхлэе гэж айлгана. Нүүрсээ төмөр замаар (ядаж ганц боомтоор) хил давуулж дөнгөөгүйгээ булахаар Пакистанаар Энэтхэгийн далайд гарах төмөр зам тавина гэж онголзоход 3,5 саяул итгэж алга ташна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ашиглалтад орох хугацаа алсарсаар атал Эгийн УЦС хөдлөх боллоо гэж хүн амынхаа анхаарлыг сарниулах нь дээр дурдсан ажлуудаас аль нь ч мөд бүтэхгүйн дохио. Оросын эрчим хүч, хий, шатахууны хэт хамаарлаас европын холбоо зай барьж, БНХАУ болгоомжилж эхэлсэн нь нууц биш. З.Энхболд Ши Жиньпинийг панаалдаад манай нутгаар мянган км сунайх хийн хоолойг нээж тууз хайчлана гээд монголчууд догдлон хүлээнэ. Сарын 7-8 саяын цалинтай менежерүүд үзүүлээд өгөх гэнэ.
Монголчууд иймэрхүү менежментээр хөгжиж явна. Эв эеэ хичээ, бүү тэмц гэж хэн хэн ятгана-тэд төр засгийн ноёлох оргилоос дүнхүү олноо номхчилж баяждаг. Тэд мэдээж буруутай ч тархиа цэнэглэдэггүй мунхгуудыг өмөөрөх хүсэл унтрав. Тэнэгтэйгээ тэмцье гэсний минь учир энэ. Уучлаарай хуучирсан өөдсүүдээ зүйгээд илгээв.
2025-04-13
Зочин
Зочин
Ц. Эрдэнэбат
НК