Нэг. НӨГӨӨ ЕРТӨНЦӨӨС ЗАХИДАЛ ИРДЭГГҮЙ
(Оросыг өмөөрч Украиныг зүхэгч монгол троллуудад зориулав)
Нэг. НӨГӨӨ ЕРТӨНЦӨӨС ЗАХИДАЛ ИРДЭГГҮЙ
Тархиндаа суртал сум хоёрын алийг зоолгох вэ?
Эзлэн түрэмгийлэх аймшигт дайрлага өнгөрөгч зууны хориод оноос-өөрөөр хэлбэл зуун жилийн өмнө тодорхой хэдэн гадаад үг монголчлохоос эхэлсэн түүхтэй. Орос сургагч “нэг юм хий” гэж тулгав. Бүр бултах аргагүй шахлаа. Тэр юмыг нь дав даруй хийж, санааг нь амраахгүй аваас яаж ч мэдэхээр шийдчихсэн толгой болох нь уурлаж бухимдсан цэнхэр нүднээс нь андашгүй. Гэхдээ чухам юу хийлгэх гээд буйг өнгөрсөн зууны хориод оны дүнхүү маниус таадаггүй. Эцэстээ сургагч маань бачимдаад галзуурах нь ээ. Сургагчийн амнаас байнга хадах коммунизм социализм гэдэг үгс чихэнд хоногшив. Ямар утгатайг ойлгоогүйгээс орчуулах гээд чаддаггүй. Чадаагүй нь маний буруу ч биш юм. Учир нь коммунизм социализм гэх ойлголт монгол тархинд заяасангүй. Тийм ухагдахуунгүй болохоор байхгүй ухагдахууныг илэрхийлсэн “үг” монгол хэлэнд зохиогдож, үгсийн санд орсонгүй. Тийм ухагдахуун, тийм үг ерөөс үгүй болохоор коммунизм социализм гэдгийг мань ойлгоогүй нь хэр. Энэ үүднээс маниус буруугүй байлтай. Гэвч сургагчманиусыг “тэнэг малууд” гээд алах шахав. Ашгүй язгууртан лам хэдэн мэргэд коммунизм гэсэнд нь “эв хамт ёс”, социализм гэсэнд нь “нийгэм журам” гэсэн нэр оноож маниусыг аварлаа.
Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахаар болоод явчхав. Мануус сургагчийнхаа дотор санааг арай гэж гадарламчаа аядав уу гэтэл бас болоогүй гэнэ. Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахын наана “революция” гэдэг довтолгоог бурхны шашинт буурай Монголд шууруулж дуусгах ёстой юм байжээ. Революция гэдэг үг нь юу гэсэн үг юм бүү мэд. Нөгөө хэдэн номтой ноёд хуврагууд “революция” гэх үгийг судалж судалж, тийм ойлголт Монголд ор тас үгүйг тогтоосон ч утга дөхүү “хувьсгал” гэсэн үг шинээр зохиож хүчээр тааруулав.
Тэгтэл бөөн гай ч нөмөрлөө дөө. Сургагчийн нүд баяртайгаар ногоорч “Да здравствуйте, Великая Октябрьская Социалистическая Революция” гэж лоозогнов. Маниус сургагчийг дагаж, энэ хэдэн хэлэхэд хэцүү орос үгийг муруй хазгай түрж орилдог хачин жигтэй хувьсгалч араншин сурлаа. Ямагт малын бэлчээрт ганцаар голдуу уйтгарлаж явсан мануус дуу нийлүүлэн оросоор нэгэн зэрэг нирхийтэл хашгирч чадсандаа хөөрч, хүүхнүүд хүртэл орос хэлтэй маниуст сээтэгнэв. Сургагч мануусыг жагсаагаад хэдэн үг шулганасан нь “Та нар бол яруу алдарт хувьсгалчид” гэж магтсан юм гэнэ. Мануус ямар гавъяа мандуулснаа мэдэхгүй ч “Бид бол яруу алдарт хувьсгалчид” гэж сагсуурдаг-хувьсгалч сүржин ёс эзэмшив. Сургагчийн алхаа гишгээ ялангуяа ёсолгоо-маниусыг ноцоов. Ташаанд нь зүүлттэй нагааныг мануус шөнө болгон зүүдэлнэ.
Тэгтэл яасан гээч. Манууст нагаан буу тарааж өгөв. Үгүй ер ийм юм гэж ертөнцөд байх уу. Буу зүүснийхээ дараа сургагч шиг илтгэж сурах сан гэх мөрөөдөлд мануус автав. Гачлантай нь илтгэх үг маниусаас урсахгүй. Урсах үг байтугай хэлэх ганц хувьсгалч үг маниусын цээжинд байхгүй юм чинь сургагч шиг яаж илтгэхэв. Гэвч торохгүй илтгэхийг хүсэж нууцаар эзгүй хээр тэнгэрийн хаяа өөд гар зангаж, хэн нэг дайсныг зүхэж, дөнгөж ургасан халимгаа байн байн илж байгаад дасгал хийнэ. Сургагч илтгэхдээ империализм, ангийн дайсныг занаж, ташаан дахь буугаа суга татаж, буудах нь уу гэмээр шагааснаа бууныхаа ам руу үлээгээд малгайнхаа саравч өөд олино. Маниус энэ урлагийг дуурайж, нагаанаа үе үе тэмтрэх ба нагаанаа суга татах агшин ирээсэй гэж тэсэж ядан хүлээнэ. Дайснаа танихгүй атлаа тэднийг буудаж үзэх хорхой гозгонож байсныг нуугаад яахав.
Хувьсгал гэдэг нь улаан галзуу дайралт байлаа. Монголын өв соёл, зан заншил, бичиг үсэг, шашин шүтлэг, сүм хийд, ахуйг орвонгоор нь хувьсгах түймэр аслаа. Хувьсгалт хэнээ туссан маниус ч бас хоцорсонгүй. Бид толгойдоо халимаг сэгсчүүлж, ташаандаа буу савчуулж, хаашаа хэн рүү довтлохоо мэдэхгүй ч хий л гүйлдэж бужигнав. Мэдэхгүй, үзээгүй дайснаа үзэн ядах хорсолд автлаа. Омог бардам ганц командаар хавь ойрыгоо чичрүүлдэг сургагчийн ид шидийг эзэмших сэн! Командлах хорхой бидэнд асав. За тэгээд цэрэг хувцас, ногоон малгай, савхин гутал ховстлоо. Ирээдүйд юу болохыг төсөөлөөгүй ч ингэж онгирцгоов.
Харамсалтай нь бид удаан онгирсонгүй. Сургагч нэг өдөр гар буугаа дээр өргөөд “Хувьсгал хийгээд марш!” гэж командлав. Чухам юу хийхээ мэдэхгүй мангартан ийш тийш миегэнэвэл маниусын тэнэгт уур нь бадарсан сургагч ташаандаа зүүсэн буугаар зүв зүгээр “Ура” чангаар хашгирч явсан бидэн дундаа бичиг үсэгт тайлагдсан нөхрийг минь “ардын дайсан, эсэргүү” хэмээн гавлыг нь зад буудаж, үзүүлэх сургууль үйлдэж, маниусыг чичрүүллээ. Тэгсний дараа айж үхэхээ шахсан маниусыг “Бүгдийг хувьсга” гэж заналхийв.
Эхлээд юуны өмнө бичгийн мэргэд болох нөгөө язгууртан ноёд лам хуврагаа толгой дараалан хувьсга! гэж тулгалаа. Тэднийг яаж хувьсгах билээ гэвэл бурхан минь бүгдийг буудаж хувьсгах юм гэнэ. Буудахгүй гэж гүрийвэл маниусыг хувьсгах номтой нь тодров. Хувьсгалаа. Бас хувьсгууллаа. Мөн бие биеэ хувьсгахаа маниус өөрсдөө дөнгөв. Хувьсгана гэдэг хар дарсан зүүд, бие болоод сэтгэлийн дайрлага байв. Цусаар шуурсан улаан хувьсгалын хуй салхинд маниус алтан амь, эхнэр хүүхэд, орон гэр, мал сүргээ хийсгэв. Мэхлэгдсэндээ маш их гутарлаа. Гэвч хожимджээ. Ингэж чадуулсан намтраа эдүгээ ардчиллыг далимдуулан хойч үеийн төр засагт сонордуулбал бурууддаг бол уу яадаг бол? Мануус гэдэг чинь уг нь одоогийн улстөрч та нарын удам угсаа шүү дээ. Шүтээн болгож залсан “хувьсгал” гэх шинэ үг мануусын амиар тоглосон юм. Оршдоггүй бурхан шүтэж хууртахад юу ч алдахгүй. Хууртлаа гээд нигүүлсэнгүйн хоосон чанарт залбираа л биз. Хоосон чанарт мөргөсний гай гэж юу байхав.
Харин өвөө эмээгээ хөнөөсөн ХУВЬСГАЛ гэгч оршдог бурханд сохроор биширч хэдэн үеэрээ мэхлэгдсэн үр удам та нар минь даанч харамсалтай. Алуурчнаа танихгүй тэргүүн дээрээ “суут их багш” гэж залсаар насыг элээхээс илүү гутамшиг хорвоод үгүй. “Хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судрынхаа үнэт зүйлсийг дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө энэ! Хувьсгал ингэж эхэлсэн бөгөөд мануус дух руугаа буудуулсан тул хувьсгал цааш яаж өрнөснийг үзээгүй. Харин мануусын амьдад Монгол Ардын Намыг, Монгол Ардын Хувьсгалт Нам болгосноор хувьсгалын галзуу улаан түйрэнд хоточ банхар хүртэл өртсөнийг нүдээр үзэж, биеэр амссанаа бүдүүвчлэхэд ийм. Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй орчлонд хийсвэрлэхээс өөр яалтай ч билээ.
“Орос ах минь” хэмээх залбирал.
Айдаст автсан манай удирдагчид улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайж иржээ. Одоо ч чанд чармайж буй-ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд. Орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ монголчууд хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа чангаруулдаг юм. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр-суут болъщевик, улаантны загалмайлсан эцэг. Лениний онол дэврээд нутагтаа багтахгүй Монгол мэт харанхуй бүдүүлэг орнууд руу халив. Мануус бурхан багшаа нулимаад түүнийг шүтсэн. Шүтүүлсэн. “Орос ах” гэгч шүтлэг ингэж үүссэн түүхтэй. Оросууд бидэн шиг зовсон хөөрхийс юм билээ*.
*Оросууд өөрсдийнхөө талаар юу гэж бичиж вэ: Оросын сүүлчийн эзэн хаан Николай II, түүний гэр бүлийнхнийг хэний тушаалаар цаазлав гэх хэрэг 1985 он хүртэл маш нууц, хааныхан өөрсдөө хор ууж үхсэн гэх ойлголтыг коммунистууд ард түмэнд өгсөн. Батлан хамгаалах ардын комиссар Лев Тройцкий өдрийн тэмдэглэлдээ, Екатеринбургийн уналтын дараа би фронтоос ирээд Свердловтой ярилцахдаа “Николай хаан хаана байна” гэхэд тэр бээр “Гэр бүлийнхэн нь ч ялгаагүй болсон” гэв. Би “Бүгдийг үү” гэж гайхан асуухад “Тийм бүгдийг” гэж Свердлов хариуллаа. “Хэн тийм шийдвэр гаргасан юм бэ” гэхэд “Ленин энэ хэцүү нөхцөлд тэднээс амьд хүн үлдээж хэрхэвч болохгүй гэж үзсэн гээд таг дуугүй болов” гэжээ.
Энэхүү аймшигт аллага болсноос нэлээд хойш хааны гэр бүлийнхнийг буудсан “үндэсний баатар”-уудын төлөө өрсөлдөгчид ил гарсан бөгөөд тэд хэн хэн бэ гэвэл Петр Захарович Ермаков, Павел Саританович Медведев, Яков Михайлович Юровский гэгчид тодорчээ. Октябрийн хувьсгалын 30 жилийн ойгоор эдгээр нөхөд шагналд тодорхойлуулах тайлангаа дэлгэрэнгүй бичиж өгсөн нь архивт үлдсэн аж. Шагнал горилогчдын баримтад үлдсэнээр “Николай хаан таван настай отгон охиноо элгэндээ тэвэрч байгаад буудуулсан. Буудахын өмнө Медведевт хандаж Юровский “Гадагш гар, тэнд хэн нэгэн байна уу үгүй юү. Буун дуу сонсогдох эсэхийг мэд” гэсэн. Түүнийг гармагц эмх замбараагүй буудах дуу сонсогдсон. 2-3 минутын дараа орж ирэхэд суманд сийчүүлсэн хааны гэр бүл бүгд шалаар тэрийж, цус нь нэлийтэл урсаж байв. Тэдний шарилыг түнэр харанхуйгаар алт олборлож байсан уурхайн дэргэд шатаасан” гэж бичжээ.
Эрдэмтэн С.М.Мельгунов дурсамждаа “1919 оны 3-р сард Астрахань хотод ажил хаялт болов. Тайван жагсаал цуглаанд оролцсон 10 мянга орчим хүн өөрсдийн зовлонгоо ярьж байтал цэргүүд ажилчдыг тарахыг шаардав. Тэд татгалзжээ. Тэгтэл цэргүүд пулемётоор шүршиж гранат шидсэн. 2000 хүн алагдаж, олон зуун хүн шархдаж, нэг хэсэг хот эзгүйрсэн” гэж бичжээ.
Мөн “Революционная Россия” сонины сурвалжлагч Донын Ростов хотын большевик дэглэмийн тухай мэдээлэхдээ “Хөрөнгөтний гэр, дэлгүүр, агуулахыг илээр хайр найргүй дээрэмдэв. Гудамж байшинд цагааны офицеруудыг буудаж, цавчин хороолоо. Темерицк гудамжны булан дахь хүнд шархтануудын цэргийн эмнэлгийг галдан шатаав. 40 гаруй хүн шатаж үхсэн. Нэг шөнө буудуулсан хүний тоо 90 хүрсэн удаа бий” гэжээ. Крымийн хойгийг “Бүх Оросын оршуулгын газар” гэж нэрлэхдээ хүрэв.
“За народ” сонины №1-д 50 мянган хүн алагдсан тухай мэдээлсэн байхад доктор Шифиний гэрчилснээр 156 мянган хүн улаан хядлагад өртжээ. Керчь хотод “Кубаньд орсон десант” гэгч ажиллагаа зохиож, ухаангүй айсан эхчүүд хүүхнүүдийг ташуурдан далай руу шахаж, заримыг нь живүүлж, бөөнөөр нь буудаж байв. Еврейн оршуулгын дараа хөхүүл хүүхэдтэйгээ буудуулсан эхчүүд хүүхдээ тэврээд үхсэнийг зурагтай нь нийтэлжээ. Ялт, Севастополь хотуудад цэргийн эмнэлгээс хүнийг дамнуурган дээр гаргаад шууд буудна. Зөвхөн офицер ч бус цэргийн эмч, сувилагч нарыг ч хамтад нь буудсан байна. Нэгэн зэрэг 27 сувилагч хүүхнийг буудаж хороосон баримт үлджээ. Социалист үзэлтэн байсных нь төлөө “Южные ведомости” сонины сурвалжлагч А.Ф.Лурье, Плехановын нарийн бичгийн дарга социал демократ Любимов нарыг олны нүдэн дээр дүүжлэв. Генерал Деникиний комиссын материалаас үзэхэд Харьков, Полтав зэрэг олон хотод гаргүй толгойгүй, яс нь хэмхэрсэн хүний хүүр эр эм нь танигдахын аргагүй болсныг тэмдэглэжээ.
Пермь, Кунгур, Омск зэрэг газар хүүхнүүдийг хүчирхийлж, хүний ёсноос гадуур доромжилж байгаад бөөнөөр нь хороодог, нэг хүн хорооход 14-15 минут зардаг гэж бичжээ. 1920 онд Томск мужийн тариачдын бослогын үеэр таван мянга гаруй хүнийг буудан хороосон байна. Уфа мужид мөн тийм бослогыг дарахад 12 мянга, албан бус мэдээгээр 22 мянга гаруй тариачин алуулж, хот тосгон эзгүйрснийг сонинд мэдээлжээ. 1920 онд Белорусст тариачдын бослоготой тэмцэхдээ Люскович хошууг бараг тэр чигт нь нурам болгожээ. “Казань хотод 60 мянган хүнийг буудан алсныг эсэргүүцэж ажилчин, тариачдад гаргасан уриалгад “Майн баяр”-т оролцож буй коммунистууд Октябрийн хувьсгалаас хойш галзуурсан аллага үйлдэхдээ зөвхөн засгийн эрхийн төлөө хийсэн юм шүү” гэж өгүүлжээ. Энэ бол засгийн эрх булаахаар Лениний эхлүүлсэн цуст тулааны ойцон цойцон хэсгүүд.
Хорхойд хоргүй малчин монголчууд.
Монголчууд таван хошуу малынхаа захад үе дамжин залхуурч эвшээгээд амар жимэр хэвтэж байтал ХIХ-ХХ зуунд европ хүмүүс үржиж нутагтаа багтахаа болиод нүүдлийн царцаа шиг нүүгэлтэн бусад тивийг колончлоогүй бол монголчууд мал сүргийнхээ буянд байгалиа сэвтүүлэлгүй мөнхрөх байв. Гадны гайг цөөн буурай нүүдэлчид яалтай ч билээ. Шинжлэх ухаан технологиор замнахгүй бол бусдын хоол болох эрсдэл тулгарав. Манайд орж ирсэн европчууд нь оросууд. Тэд Монголыг шилсэн юм биш. Испани Португаль Англи тэр ч бүү хэл Бельги Голландаас хоцроод, дулаан тэнгис далайн эрэг эзэмшиж чадаагүй уурандаа-дургүй хүүхэнтэйгээ суусан эр шиг бидэнд их дарлуу.
Буруу номын хорлол.
70 жил дарж байж хүртээсэн коммунист сахилаас эдүгээ бидний тархинд зөндөөн шавхарга хоцорчээ. Хувьсгалт онолын шаар шавхруу биднээс бүрэнмөсөн салах янзгүй гээч. Лав л миний зөнөг толгойд коммунист сортын хогжруу бишгүй. “Хамгийн аюулт нүгэл-буруу үзэл” гэж бурхны номд яагаад онцлов? Буруу үзлийн үр хөврөл ирээдүйн монгол нялх онгон тархинд өртөөлөн халдварлаж, үеийн үед гэмтээнэ. Тиймээс хамгийн гөнөтэй нүгэл. Буруу үзлийг бурханчлан шүтэж яваа бузартсан тархиа эгнэгт ариусгах увидас зөвхөн бидэнд өөрт л заяасан. Хар элгийн багш залж засал хийлгэвэл тэд өөртөө хожоотой үзлийн үр бидний гавалд үлдээх эрсдэлтэй. Үлдээсэн нүдэнд үл үзэгдэх нян монгол үндэстний үнэт зүйлсийг шимж үгүй хийсээр биднийг дөрлөн хөтөлнө. Мөлжих зорилгоор гуйвуулсан болъщевик түүхийг бид хүчинд автсандаа “үнэний дээд” гэж мөргөж яваагаа нэрэлхэлгүй хүлээ. Үүнийг захья. Бурууг зөв гээд, зөвийг буруу гээд төөрчихсөн улс яах ёстойв? Дав даруй толгойнхоо эргээг гарга. Эргүү толгойт үүрд боолчлогдох тавилантай. Мунхагтаа сайн дураараа тээж яваа коммунист вирус чиний нялцгай тархинд савны рак шиг үсэрхийлж буй.
Бид бурхангүйн замаар замнасан цагаасаа нүглийг цээрлэхээ болиод хувьсгалт дайчин ухамсраар үйлдэж гарчээ. Бурхангүйчуудын тогоонд 70 жил чанагдаад нүглийг мэдрэх чадвараа алдсан байна. Шашныг үнсэн товрог болгогч “коммунизм” хэмээх улаан цунамийн эргүүлгэнд хийссэн монголчууд цусаа үзсэн үхэр шиг улангасаж биесээ дайсан гээд хяджээ. Нийтээр үйлдсэн нүгэл маань хуримтлагдсаар нүглийн далайг үүсгэсэн аж. Нүгэл байхгүй гэх онолд мунхарвал нүгэл үйлдэхдээ эмзэглэх өрөвч сэтгэлгүй араатан болдог. Бурхны сургаалыг үгүйсгэгч коммунист онолоос хэрцгий авир бадрамтгай. Өнгөрөгч зуунд МАХН-ынхны тарьсан лай ланчгийг өдгөө үр хүүхэд-та нар минь эдэлж явна. Энэ газар шорооноос төрөөгүй цоо шинэ монгол хүн гэгчийг буй болгох коммунист хийрхэлд солиорсон монголчууд хэдэн үеэрээ юу ч бүтээж чаддагүй, биеэ тоосон даргамсаг хэнхгүүд болов. Дэлхийд коммунизм байгуулж буй хоёрдогч социалист орон гэж өдгөө ч онгирно. Ичиж үхмээр.
Харанхуйчуудыг мэхлэхэд (хэдий өрөвдөлтэй ч) хялбар агаад эрсдэлгүй. Яагаад эрсдэлгүй вэ гэвэл дүнхүү духнууд мэхэлсэн хорлогчоо аврагч минь гэж мөргөсөөр үхдэг. Шашны сургаалаас юу ч гадарлаагүй атлаа ганц мухар сүсгээр бурхандаа духаа цоортол мөргөж явснаа больчоод Ленин багшийг хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтсэн коммунистууд. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзээ төрүүлэх суурь мэдлэг гэж байдаггүй. Харанхуй ч гэсэн өрөвч сэтгэл байвал тэр чинь бага юм биш. Энэрэхүйд хүрэх төрмөл увидсыг минь бурхангүйчүүд биднээс огтлоод хаячхаж. Бидний үеийнхэн тийм эмгэнэлт хувь заяатай улс. Бид хичнээн шүтэх гэж сүжиглээд бурхны сургаалд гүн итгэх буянгүй, оюуны хатингаршилтай, ёс суртхуунгүй амьтад болжээ. Нигүүлсэх сэтгэлээр минь бурхангүйчүүд тоглочхож. Нүглээс айдаггүй хүнийг-шунал, уур хилэн, мунхаг, үзэн ядалт хөтөлдөг.
Бурхны ном ид шид бус зөв амьдрах сургаалуудын нэг. Мэргэ төлөг арга чаргад хууртаж, эрих имэрч лам багшаа сохроор шүтээд, хүлцэнгүй номхон залбирч суу гэсэн сургаал бурхан багш айлдаагүй. Нүгэлгүй орлогоор амьдрахыг бурхны сургаал номлодог. Ухаанаа шавхаж, хөлсөө дуслуулж, өөрийн алд биеийн хүчээр олсныг нүгэлгүй орлого гэнэ. Бэлэнчлэх сэтгэлгээ, тэгш бус хуваарь, лазан залхуу, ашиг завшаан, заль мэх бүгд нүгэл. Нүгэл шингэсэн орлого бурхны номд харш. Нүгэл шүглэсэн орлогоор бялуурч тансаглаж яваа нь хэд билээ? Эртний түвд хэлээр дүнгэнүүлэх тарнийн утгыг хэн ч ойлгохгүй. Ойлгодог лам ч ховор. Ойлголоо ч тэнд тийм суут ухаан байхгүй. Зүгээр л ерөөл магтаал төдий бэлэгдэл байдаг. Харин бурхны гүн ухаан бол аугаа сургаал-шинжлэх ухаан билээ.
Монгол лам нарын бантагнуулсан шар малгайтны шашин дампуураад бараг онолгүй, гэнэн домог, бүдүүлэг зан үйлд торж байв. Эрүүл ухаантан итгэх аргагүй болхи тэнэг ид шидэд тулгуурласан бурхны шашны монгол хувилбар коммунист үзэл сурталд арчаагүй сөхөрсөн. Бурхан багш буян үйлдэхийг номлосон. Буян заавал идэвх зүтгэлээр арвиждаг. Арвижсан буян гэдэг наад зах нь дэд бүтэц мөн биз дээ. Цахилгаан гаргах, онгоц бүтээхийг Христ зөвшөөрч Будда зөвшөөрөөгүй гэх онолчид гараад ирж. Зовлонгийн шалтгааныг хааж, жаргалын үүдийг нээх-идэвхгүй зарчим яав ч биш. Манайд шашны сургаалд дөртэй шүтлэгтэн ховор. Дийлэнх нь бурхны сургаалын анхны мэдэгдхүүнгүй мухар сүсэгтнүүд.
Тохуурхал.
1924 онд коминтерний төлөөлөгч Рыскулов хоцрогдсонхаранхуй монголчуудын хувьсгалч хийрхлийг дэврээхээр Хүрээнд “Улаанбаатар” гэх нэр өгч доромжилсныг бид эдүгээ ч мэдрэхгүй дүнхүүтсээр явна. Гэхдээ Рыскулов өөрөө өгсөн үү, эсвэл цаанаас нь бэлтгэж өгөв үү? Дээд-Үд Улаан-Үд болж, Кызыл улаан гэсэн тува үг, Өргөө Улаанбаатар болсон нь бүгд орос болъщевикуудын зохиосон нэр гэх түүхчид бий. “Улаанбаатар” гэсэн нэрийг сольё гэвэл дэлбэрэх тархины рактай хөөрхийс өдгөө ч зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд “орос ах, хятад хар санаа, америк аюул” гэх юунаас ч солишгүй шүтлэг одоо ч час улаанаар бадарч буй.
Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгзэгтэй түүхэн тэр үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг улаан хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг. Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон мөнхөрч хойшид монголчууд үеийн үед болъщевик улаантан явна гэсэн тангараг болжээ. Зүгээр ч улаантан бус бүр баатар улаантан. Баатар улаантан юм хойно хэлмэгдлийг ёстой баатарлагаар үйлдэв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХ-ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын уриа харанхуй Монголд нийслэлийн нь алдар болон шүтүүлжээ.
Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж монголчууд онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 100 жил ухаарахгүй эргүүтсэн тархиндаа дээдлэн залсаар маанагтаж явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь ч яахав. Заавал “улаан” байдаг нь гол хорон санаа нь! Болъщевик хүнийг улаантан гэдэг. Улаан коммунизм гэж дэлхий даяараа цоллодог. Улаантан гэдэг нэрэн дээр дүнхүү монголчуудыг хөөргөх гэж “баатар” гэх дуртай тодотголыг нь нэмж өгч. Улаанбаатар буюу болъщевикбаатар гэх хувьсгалч нэрээр бид бахархаж явна. Улаан нийслэлээс улаан хувьсгал түгж, красный богатырь улаан цус урсгасан түүхтэй. Залуус та нар гадаад найз нартаа нийслэлийнхээ нэрийг болъщевик баатар, улаан коммунист баатар гэсэн үг болохыг орчуулаад өг. Ямар сонсогдож байна гэж асуу. Гадныхан нүүрэн дээр чинь шоолохгүйг тооцоорой. Улаанбаатар гэдэг чухамдаа “болъщевик улаан баатар хот” гэсэн тохуурхал болохыг ухаарах сан. Яая даа байз өвөө нь.
Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөн их мөрөн мөнхөд тэтгэнэ гэх бэлэгдэл төрдөг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрлэсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор ленинизмд дутсан биз. Зөвлөлт импер нурмагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав. Мөн ардчилсан оросууд Ленинград, Свердловск хотынхоо нэрийг хуучнаар нь Санкт Петербург, Екатринбург гэх болов. Болъщевик оросыг дуурайхаас ардчилсан оросыг дуурайдаггүй бидний коммунист хордлого эмчилгээгүй шатанд орсных. Гүн хордлого тайлагдахгүй-үхүүлэх нь ч бий.
Красный богатырь гэхээр яруу найрагч В.Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган, санваартан, язгууртан, газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хошуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онд тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч бас тийм том улаан Баатар зурж байв. Орос винтовныхоо жаданд олон одой ван гүн, шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хошуу хадсан аварга том улаан Баатар зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ. Хүйтэн ухаанаар зохиосон номлол-хорон санааныхаа арвайж сарвайсан урт урт тэмтрүүлийг тал хээрийн тархай бутархай бидний хат суугаагүй цайлган тархи руу сунгаж 100 жил шигтгэсээр ирснийг бидний олонх одоо ч ухаарахыг хүсээгүйд гайхаш барагднам. Цусанд хутгалдаж даян дэлхийд алуурчаараа адлуулсан улаантны улаан баатруудаар дэлхийд орь ганцаар нэрлэгдсэн нийслэлийн минь нэр солигдсон тэр л цагт монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэх үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.
Хөсрий яс цагаатгах-хүсэмгүй өршөөл.
Гэмгүй хүмүүсээ хилсээр хөнөөсөн яргалал цаг хугацааны урсгалд үнэнд гүйцэгдэж, бултах гарцгүй дэлхий даяар илэрч ял нэхэгдмэгц тэвдэхдээ булш ухаж ил гаргасан хэнийх нь тодорхойгүй араг яснуудад цагаатгасан зарлигаа уншин сонсгож байв даа. “Цагаатгал бол энрэнгүй МАХН л үзүүлдэг өршөөл” гэж өөрсдөөрөө бахархахаа голлоод хилсээр үрэгдэгсдэд өр зүрхнээсээ гашуудалгүй хуурамч дүр эсгээд мартсан. Үүнд эмзэглэсэн минь 37-38 оны харгислалыг амссан айлын хүү болох зөнөг өвгөний гүйцэд аниагүй шархны хөндүүр байх. “Ардын дайсныг нам засаг даран сөнөөж өгснөөр жаргаж явна” гэж би 50 хүртлээ хүмүүжив. Дайсны нэрс балчир насанд маани мэгзэм шиг цээжлэгджээ. Одоо ч цээжинд бэлэн. Бодоо Данзан Шагдаржав Баваасан Лосол Догсом Гэндэн Дэмид Лхүмбэ Хаянхярваа Амар Төмөр-Очир Лоохууз Нямбуу гээд хөвөрнө. Гэтэл тоост хорвоод шороо хөдөлгөсөн 85 насныхаа сүүлийн 35-д гэмгүй хөөрхийсийг хилсдүүлжээ гэж гэгээрэв.
Ухсан нүхний ирмэг дээр бөөнөөр нь бохируулаад, араас нь дагз руу нь буудаж, гүнзгий нүх рүү онхолдуулаад булахад дутуу үхсэн зарим нь шороон дор тийчилдэг байж. Дороосоо пөмбөлзсөн шороо болгон руу нэг бүрчлэн буудаж гүйцээдэг байсныгаа “амрааж буй коммунист өрөвч зан” гэж бахдангуй ярихыг сонсоод би хэлмэгдэл гэх аймшгийг дутуу ухаарч явснаа мэдэж тэнэг духаа шаав. Орос Долгор гэгч хөөрхөн бүсгүй цусаа татаад үхэж өгөхгүй зовоов гэх хууч 90-ээд оны салхиар сонсогдож өр өмлөлөө. “Зовоов” гэдэг нь цусаа татаад гол нь тасрахгүй тарчилсан Долгорын зовлон бус, түүнийг гүйцээх гэж “зовсон”-оо ногоон малгайт ахмад зүтгэлтэн гуай илэрхийлж буй царайгаар хөөрсөн. Алуулахдаа орилж чарлаагүй сайн бүсгүй байсан гэж намч-зарчимчаар дайчин хувьсгалч маань үнэлж харагдсан. Орос хэл гаргууд сурсан тул орос Долгор нэр авчээ.
Ногоон малгайт явсан өөр нэг өвгөн, лам нарыг хүлж байсан хүвэрхий уран уяа сэтгэснээ бахархал болгон телевизээр үзүүлж гайхуулсныг юу гэх вэ. Хүлээтэй лам нарыг буудчаад хүлээснийхээ үзүүрээс татахад хүлээ хөвөрч сулраад үхсэн лам нарт гараа хүргэлгүй цэвэрхан зайлдаг уяа гэнэ. Яргалснаа яргалсан гэлгүй “хэлмэгдүүлсэн” гэж миний дүнхүү тархиар нам засаг тоглосныг дээр бичсэн. Цаазлуулах уу, хэлмэгдэх үү гэвэл би хэлмэгдье л гэнэ. Гэвч хэлмэгдсэн 40-50 мянга бүгд буудуулсан. Улаан оросын заавраар цаазалж байв. Энэ бол нотлогдсон баримт. Өдгөө энэ үнэнийг бичихэд эр зориг хэрэггүй болж. Гадны тулгалт холдсон үед хэлмэгдэл сэргэвэл монголчууд бие биесээ нухдаг “амьтад” болохоо батална. Яргаллын нүглийг улаан оростой хуваалцах монгол бишгүй байсан, одоо ч бий.
Буудуулахдаа “бурхан минь намайг ивээлдээ аваарай” гэж шивнээд тэдний гал амь залуу халуун цогцсоо орхиод оготоргуйд шингэсэн. Монгол ухаанаар сүнсэнд юун цагаатгал. Хилсээр хөнөөгдсөн хөөрхийс цагаатгуулснаа мэддэггүй. Цагаатгал гэгч-алуурчид нүглээ нимгэлж буй нохой зан. Ямар ч буруугүйгээ эх орон ард түмэндээ даатгаад бардам буудуулснаар эх орончид минь өөрсдийгөө цагаатгасан. Үүнээс өөр цагаатгал орчлонд үгүй. Хувийн цагаатгалаа зарлаад хувьсгалын хурц суманд үрэгдсэн тэдэнд минь хоосон нялуурал хэрэггүй.
Гайхуулж явсан үзэсгэлэн төгс царай, гудайхгүй хатуу андгайтай омголон тэргүүн, гуалиг бие бялдар-энэ бүх гоо сайхнаа нийтийн өмнө гадаа гудманд шувуу шавдаг цементэн хөшөөнд хувиргалгүй, монголоороо зайлсандаа тэд олзуурхана гэдэгт итгэнэм. Тэд үр хойчдоо танигдах дүрсээ гудамжинд үлдээх бүү хэл ариун шарил нь амьтан хооллоод түргэн арилбал буян болно гэх шүтлэгтэй монгол хүмүүс байв. Хүйтэн хөх цементэн хөшөө сүнстэй үл дүйнэ. Лав л гүнгэрваанд залсан бурхан шиг мөргөх хүсэл төрүүлдэггүй. Сүнс хоосон атлаа хүйтэн хөшөөнөөс дотно өөриймсөг.
Төрийн эрхийг ганц гарт атгаж, хуучин руугаа буцах санаархалд 90 оны ардчиллыг хошуучлагчид тээглэж, тээглээг зайлуулдаг гаршсан аргаа хэрэглэв. Тэр арга нь “авилгачдыг арчих” нэрээр ардчиллынхаа лидерүүдийг “авилгачид” хэмээн түүж шоронд хориод, троллуудаа цэнэглэн авилгад бухимдсан давалгааг дэврээх! Шоронд хоригдсон ардчиллын хэд рүү хотлыг турхирав. Эцсийн зорилго-авилгаа бус ардчиллаа арчихаар гадны тулгалтаар довтолсон нь тэр. 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу дорой олныхоо дундаас зориглон босож, 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж эндлээч би ясандаа тултал өширхөж чаддаггүй өвгөн.
Цаг цөвүүрвэл өөдгүй хүмүүс оодордог. Хэлмэгдэгч хөөрхийсөө хайхрахгүй явснаа 50-60 жилийн дараа ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирч баларсанд асгартал уйлах-хуурамч санагдсаныг хэлье. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор. Мунхаг агаад цэвдэг этгээд нөхдөө хилсдүүлдэг. Атаа хорсол голлодог. Адис авч тангараг өргөсөн хуулиа нулимаад томилсон хулгайчийнхаа зангаагаар шилмэл соруудаа хилсдүүлэгч бууны нохдыг олж хариугаа ав. Хариугаа заавал авдаг болбол шүүх прокурор цэвэршинэ. Гэмгүй нэгнээ хөнөөвөл хариу ирдгийг зовлогоороо эдлэг. Шийтгэлээ эдэлж буй бууны нохдыг нийтэд ил шившиглэснээр тэднийг шигших олны мэдрэмжийг хурцална. Ёс зүй ариусч шударга масс бойжно.
Халх голын домог.
Орос Япон хоёр Монголыг булаацалдаж Халх голд түншилцсэн гэж дэлхий нийт үздэг. Энэ мөргөлдөөнийг ганцхан улс л өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол. Болъщевик сурталд сэтгэц нь эдгэршгүй гэмтчихсэн монголчууд “Биднийг хүйс тэмтрэхээр довтолсон Японоос Орос аварсан” гэдэг. Зөвлөлт заавраар зохиосон сурах бичгүүдээ нээгээд үз. Тэнд нил тийм суртал байгаа. Ач зээ нарын минь алхам тутамдаа баримтлах шүтлэг тийм болсон юм*.
*Оросын аврал-яргалал байсныг сая хүрэхгүй хүн амтай Монголын 30-40 мянгыг буудсан баримт хэлээд өгдөг. Мал сүрэг эд хөрөнгөө хураалгаж, сүм хийд, бурхан тахил, судар номоо шатаалгаж, улаан Оросын “жаргал” гэгчийг монголчууд бие сэтгэлээрээ эдэлсэн. Империалист Япон дийлсэн бол яах байсныг бүү мэд. Мөн тэгэх л байсан биз. “Нэг нь бурхан нөгөө нь чөтгөр” байгаагүйг монголчууд хэнээр ч заалгалтгүй гадарладаг ч мэнд үлдэхийн тулд нуудаг.
Уг нь Орос Япон хоёр Монголыг булаацалдахдаа тэртээ дээгүүр нүдэлдээд, ялсан нь мануусыг эзэлдэг л юм байгаа биз, бид “Хүчирхэг хоёр түрэмгийлэгчийн аль нь дийлдэг юм бол Гомбогүр минь” гэж залбираад, ямар ч зэвсэггүй гар мухар хойно, цоо буудуулах духаа далбагар нударгаараа халхлаад хэвтэж байх байсан. Ингэх нь эсэргүүцэх зэвсэггүй цөөн буурай ардад шившиг бус өрөвдөж уучилмаар эмгэнэлт тавилан. Орос нутгаа тэлэх харгис түрэмгийлэлдээ монголчуудыг хөөж оруулсныг “байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л алалдана биз, энэ дайн Мань, Манж-Го хоёрт хамаагүй” гэж Монголд ганц ерөнхий сайд П.Гэндэн цуураагүй. Монголчуудын гуйлтаар оросууд цусаа урсган тэднийг Японоос хамгаалсан гэх Москвагийн сурталд харанхуй монголчууд хууртаагүй. Колончлогч хоёр гүрний алалцаанд шахалтаар оролцсон нь ядмаг айлын зовлон барагдашгүй гэгч болсон.
Монголыг нөлөөллийнхөө бүсэд тулмайдахаар тэмцэлдсэн хоёр их гүрний мөргөлдөөнд үрэгдсэн орос япон цэргүүд хөөрхий ч бидэнд огт хамаагүй дайнд Кремлийн шахалтаар алтан амиа алдсан монгол цэргүүд минь даанч хөөрхий. Халх голд эх орныхоо төлөө хэдэн монгол алтан амиа зольсон юм бэ? Тодорхой тоо бий билүү? Халх голын тулалдаанд оролцсон дайчдаас амьд сэрүүн хөгшдийг ардчилал орон сууц, мөнгөөр урамшуулсан нь эх орныхоо төлөө амь биеэ зориулахын үнэ цэнийг хаа очиж өргөсөн дөө.
Халх голын байлдаанд Москва бэлтгэхдээ юун түрүү “Монголын арми дахь Японд урваж болзошгүй офицер-дарга нар”-ыг зайлуулахаар шийджээ. Хазгар Гэндэнгийн халамцуудаа цуурсан үг, түүнийг Сталинд матсан Ө.Бадрахын олио энэ хардлагад хүч өгсөн биз. Дайнд орохын өмнө Кремлээс “найдваргүй этгээдүүд” гэх маш нууц нэрсийн жагсаалт Монголд ирж, армиас олон дарга цэргийг сорчилж Японы тагнуул хэмээн бууджээ. Дайны талбарт баатарлагаар тулалдаж үрэгдсэн 237 гэх бүрхэг тоо бий. Эх орныхоо төлөө амиа зольсон хөөрхийсөө нам засаг дурссан юм уу. Халх голд хэдэн монгол алагдсаныг мэдэх пионер лав л миний үед байгаагүй юмдаг. Халх голын дайны сурталчилгаа гэвэл алаг морьтой Дандар баатар Японы мөндөр мэт сумнуудыг сэлмээрээ хоёр тийш ярж ялсан тухай нэгдүгээр ангиасаа би сэнхэрсэн. Тэгж заасан юм чинь.
Зайсан толгой дээр ашиг сонирхлоо тэлэгч Оросын хөшөөг сүндэрлүүлснээс Халх голд үрэгдсэн үрсийнхээ буяныг шүншгэлсэн мөнх зултай суварга бүтээгээд мөргөж байдаг байж. Алтан амиа алдсан хайран 237-гоо алдар нэрээр нь мэддэг монгол байгаа юм уу? Халх голын ойг тэмдэглэх гэж ирсэн В.Путин Д.Медведев хоёр Жуковын хөшөөнд цэцэг өргөдгөөс Зайсан толгой дээрх хөшөөг тоодог ч үгүй. Энэ хөшөө хэний хэдэн цаасаар бүтсэн юм бол?
Хоёр. МУНХАГ ХАРАНХУЙН ЛАНЧИГ
Зуун дамнасан төөрөгдөл сэтгэцийн эмгэг болсон нь.
Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундач иргэний хэмжээнд эзэмших нь иргэн миний үүрэг. Үзэл суртлаар бохирдсон түүх намайг төөрүүлж орхижээ. Надад түүхийн нэг мөр ойлголт алга. Миний толгойд бөөн эргэлзээ. Над шиг төөрсөн хөөрхийс зөндөөн. Бид түүхч нарын бүтээгдхүүн. Түүхчдийн үйлвэрлэдэг түүхий бүтээгдхүүн. Сургуульд заадаг хуудуутай түүх миний ижил бракуудыг буй болгосон бөгөөд бид түүхээ мэдэхгүй сохор амьтад шиг тэмтчиж явна. Худал түүх заалгасан монголчууд зуун жил улаан Оросын утсан хүүхэлдэй болсон билээ.
Нам засгаас албан ёсоор хэвлэдэг түүхийн сурах бичгүүдээ сөхөөд үз. Тэнд үзэл суртлаар гуйвуулсан болхи ухуулга ноёлж байгаа. Манжийн харгис дарлал мөлжлөгийн эсрэг эх орноо хамгаалж амь хайргүй тулалдсан Галдан Амарсанаа нарын шударга дайн, Түшээт хаан Чихундорж, Өндөр гэгээн Занабазар хоёрын шившигтэй урвалт, 1911 онд дөнгөн данган бүрэлдэж асан нялх тусгаар тогтнолоо атга чихэр, ам торгоноос худалдсан шанзудба Бадамдорж мэт халхын ичгүүргүй шуналт ноёд хуваргууд, 1921 оны нийгмийн социалист хувьсгал, ардын дайсан, японы тагнуул, нударган баячууд, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гээд түүхийн оргил үе бүгд итгэх аргагүй бөөн хуудуу. Нүдээр үзэж, чихээр сонссон сайн мэдэх саяхны түүхийг хүртэл гуйвуулсан. Залруулах гэвэл хуучныг баримтлагч, үндэсний үзэлт гэж яллаад эхэлсэн. Тэгмэгц амиа алдах, шоронд хатахаас айсан ард түмэн түүхийн үнэнээс зай барив. Тэгээд дотроо нуудаг хувийн түүхтэй, гадагшаа ярьдаг хувьсгалт түүхтэй болсон. Түүхийн үнэн ингэж үнэгүйдэж, албан ёсны түүх гэгч хууран мэхлэгч суртлаар ХХ зууны монголчуудын сэтгэцийг гэмтээсэн билээ. “Үнэн”-ийг гишгэлсэн түүх гэгчид уур хилэн дотогшоо зумарч чимээгүй яргасан. Түүхээ юун дээдлэх манатай. Итгэх нөхцөлгүй мушигсан ташаа дампуу түүхийг сургуулиудад түүхийн багш заасаар, хажуугаар нь түүхийнхээ үнэнийг сэтгэлдээ тээсэн шударга иргэд бухимдлаа нуусаар өдгөөтэй золголоо.
Нэг баримт дурдъя: 1927 онд Намын VII их хурлын төлөөлөгч Гэндэн хэмээгч “Түүх бичнэ гээд байсан. Тэр юу болсон бэ?” гэж асуухад хурал даргалагч “Манай түүхийг зөвлөлт нөхөд бичээд ирүүлчсэн. Одоо гагцхүү орчуулах ажил үлдээд байна” гэж хариулсан байдаг. Энэ тухай манай нэрт түүхч доктор, гавъяат З.Лонжид: долдугаар их хурлын асуулт хариултын тэмдэглэл 11 дэвтэр бий. Түүний 10-рт энэ баримт байгаа гэжээ. Бидний тархийг зуун дамнуулж гэмтээсэн “түүх” гэгч зэтгэр анх ингэж мэндэлсэн ажээ.
1921 оны ХII сард баталсан намын ТХ-ны сургагчийн Дүрэмд: “Төв Хорооны тогтоол шийдвэрийн эхийг сургагч зохионо. Тэргүүлэгчид ерөнхий хэлтсийн санааачлан гүйцэтгэх зүйлүүдэд зөвхөн сургагчийн бодлогыг хэрэглэнэ” гэж заажээ. Монголын удирдлагад хэнийг тавих, хэнийг огцруулах, хэнийг цаазлах тушаал Кремлээс бууна. Томчууд Москвад цаазлагдах жишигтэй. МАХН хэрэг дээрээ ЗХУ-аас Монголд суух Амбан байв гэвэл энэ зүйрлэлд зүрх нь сагсайж цөс нь хөөрөх троллууд давлагаална. 40-50 мянган монгол хөнөөсөн мангас-манж бус улаан орос гэвэл орос ахаа өмөөрч туйлах монгол аюултай-яаж ч мэднэ. Зуун дамнасан төөрөгдөл сэтгэцийн эмгэг болжээ гэж би үүнийг л хэлээд байгаа юм.
Хэлмэгдлийг залгаад мэхлэгдэв.
Феодализмын түнэр харанхуйд зам мөр гаргаж явсан эрдэм номын зах зухтай удам судраа шилж хөнөөгөөд сүнсний нь араас шороо цацаж, шар хар феодлаар нь дуудаж, кино жүжигт итгэхийн аргагүй ой гутам дүрсэлсэн. Барууны соёлтой эрхбиш танилцсан 30 гаруй насны Бодоог 50-60 насны жүжигчин гутаав. Авъяаслаг жүжигчний бүтээсэн өвгөжөөр Бодоогийн шившигтэй карикатурист дүрийг бодит Бодоо гэж итгэн жигшдэг сэтгэхүйн эмгэгтэй хүн эдүгээ ч зөндөөн. Сүх жанжны дайчид Хүрээг чөлөөлж буй киног одоо ч үзүүлсээр. Кинонд гав гинжтэй тамлагдсан эх орончид, сөгдөж мөлхсөн гуйлгачид хөглөрнө. Шонгоос унжигнах дүүжлээтэй үхдэлүүд. Ерөнхийдөө аймшигт тамаас аварч буй Ардын хувьсгалын бахдам гавъяаг магтсан кинонууд телевизээр байнга гарч ухуулсаар.
Хамгийн гол нь кинонд гарч буй аймшиг-зохиомол бус Хүрээг чөлөөлөхөд кино хальсанд буусан бодит амьдрал мэтээр монголчуудын харанхуй тархинд үлджээ. Үлдээжээ. Урлаг нэрийн дор түүхийн үнэнийг мушгиж гуйвуулснаа төдийгөөс өдий хүртэл байнга ухуулж, нялх үрсийнхээ онгон тархийг бузарласаар төөрүүлж буй. Арай оюунлаг золбоотой эх оронч сэхээтнүүдээ сорчлон тонилгосны дараа тэднийг ардын дайсан, японы тагнуул гэх гүжирдлэгээр 70 жил лекцдүүлсэн монгол тархи Кремлийн суртлаас ондооноор эргэцүүлэх чадвараа бүрэн алджээ. Тийм тархитай хүмүүс, буудуулсан өвөө эмээ, эцэг эх, удам судраа дайсан гэж жигшээд, буудсан болъщевик улаантныг аврагч гэж мөргөсөөр үхэх тавилантай амьтас. Тархи нь эдгэршгүй гэмтсэн хөөрхийст уурлаад ч яалтай. Буудсан нь бурхан, буудуулсан нь чөтгөр гэх үзэл суртлыг зөвшөөрөөгүй хүнийг тэд дээш нь матаж, тэдний зовлонгоор цатгалан амьдарсан коммунистууд. Өөрөөр хэлбэл орос суртал бишрээд оюун нь үүрд гэмтчихсэн этгээдүүд ард олноо жолоодсоор иржээ.
Орос ятгалгаар бид аль газрын нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганц улаан оросыг шүтэх өвчинд зуун жил мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн эмгэгт нэрвэгдсэн нь үсрэлт гэж үү? Цусан зам татуулсан болъщевик улаантны нүглийг оросын гэмгүй ард түмэнд үүрүүлсэн нь түүхийн боловсрол гэж үү? Түүхийн үнэнийг улайм цайм мушгиж, Галдан бошигтыг дэгс мандуулж, Түшээт хааныг хилс ялласан нь дэвшил гэж үү? Их гүрний тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсааныхаа үнэт зүйлсийг санах ой санамжгүй, гэмтсэн сэтгэцтэй боол болгожээ. Тийм зарц, тийм боол ХХI зуунд манайд соошилаар давлагаалсан шийдвэрлэгч нөлөө бүхий масс болов. Тэднийг дөрөөлсөн хулгайч луйварчид сонгуульд ямагт ялж улсаа жолоодох нэрээр эх орноо цөлмөж гүйцлээ.
Хууртана гэдэг ямар ужиг хортойг мэхлэгдсэн хүмүүст мэдрүүлэх гэж би энэ сэдвээр бичдэг. Муу гэснийгээ үүрд үзэн ядах мөнхийн заналд мунхарсантайгаа ижил, сайн гэснийгээ тэнгэрт тултал худлаа магтах хийрхэлд бид эмчилгээгүй солиорчээ. Орос Хятад хоёрт ямар ялгаатай ханддагаа эргэцүүл. Муулах сайлах бидэнд хоёул ав адил сэтгэхүйн эмгэг болж архагшсаныг мэдэж ав. Үнэмших аргагүй магтдаг, үнэмших аргагүй муулдгаараа бид соёлт ертөнцийн доог болсон. Сайлах муулах хоёр туйлширлыг бодит үнэнд дөхүүлэх-өчүүхэн миний саваагүй хүсэл юм. Улаантны гуйвуулсан ойрад халхын түүхийг залруулж үнэнээр нь мэдэх юуны өмнө монгол хүмүүс-бидэнд л хэрэгтэй. Нотлох түүхэн эх сурвалжгүй шахам домгоор Манжид хонзогнодог ойрадын өшөөг улаан Орос халхуудад харгислалын хар хүчээр халдварлуулсан билээ.
Үнэн түүхээ эрхэмлэн дээдлэх эрхээ монголчууд ХХ зуунд алдсан улс. Түүх бол залуурч-багш, түүх бол сургамж гэх үзлийг би дээдэлдэг. Түүхчид та нар эдүгээ ардчиллын буянд түүхийн хуудууг яагаад угаар нь залруулж, үнэн түүхээ яв цав тогтооё гэх эр зориг гаргахгүй геополитикийн зөөлөн хоол болох-төөрсөн шавь нар бэлдэж, ирээдүй хойчоо юуны төлөө хорлоно вэ. Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа манаас яагаад нууна вэ. Үнэн түүхээ монголчууд мэдэхгүй төөрсөөр хорвоог барах хэнд ашигтай гэж? Зуун жил төөрлөө-болоо бус уу! Түүхчид энхрий хайрт намынхаа дайчин байлдагчид байсан, байсаар байх уу.
Жингүйдсэн боловсрол.
Өнгөрөгч зуунд МАХН их ба бүгд хурлынхаа илтгэлийг албадан судлуулж, шалгалт авч, нам эвлэл үйлдвэрчний дугуйлан, өглөөний сонин уншилга гэх мэт лекцүүдээр хүн амынхаа улстөрийн боловсролыг нисгэжээ. Эсэн мэнд буушгүй халилд дан ганц улс төрийн боловсролоор бид дүүлсэн аж. Буух шатгүй оргилд жингүйдсэн коммунист боловсролоос газардахад шүхэр хэрэгтэй. Тэр шүхэр нь чөлөөт зах зээлийн менежмент юмсанж. Улс төрийн боловсролоор дагнах-үрж чаддаг, олж чаддаггүй ардууд болдог. Зөвхөн дарга нар жингүйдсэн гэж бодож байна уу?Үгүй. Хуучнаа магтаж, ардчилал чөлөөт зах зээлийг зүхэж буй жингүйдсэн массыг хар. Тэд сонгогчдын дийлэнх бөгөөд зөвхөн МАН-ыг сонгоно. Коммунист номлолд сэтгэхүй нь гэмтчихсэн хөөрхийс залидагчаа “аврагч минь” гэж мөргөсөөр мажийдгийг соц. нийгмийнхний намтар хэлээд өгнө.
Хөгшид бидний залууд зэвсэгт мөргөлдөөнд тултлаа дайсагнаж асан хоёр их хөрш эдүгээ эв эеэ олж саймшраад үй зайгүй. Харин бид ЗХУКН-ын зааж өгсөн Хятадын эсрэг үзлээ орхиогүйн балгаар хажууд хүчирхэгжсэн аварга зах зээлийн боломжийг ашиглалгүй эдийн засгаа элэгдүүлэв. Валют олох гар дорх баялаг-нүүрс! Нүүрсээ төмөр замаар зөөвөл танк их буу ороод ирнэ гэх мангуу пиартай ганзагачнаа шилдгийн шилдгээр өргөмжлөөд ерөнхийлөгчийн сэнтийд залав. Танк их буу орж ирэхгүй гэж би бичээд эрлийз хоч хүртлээ. Нүүрс, зэсийн баяжмалаар олсон ашгаа Оросын эрчим хүч шатахууны импортод соруулсаар сажилбал сэхэхгүй нь. Буурай Монголыг өндийлгөөгүй дарамт энэ. Бэнчин хүртэхгүйд эхлээд хамгийн өгөөжтэй 267 км төмөр замаа хөдөлгөж бэлжих гэтэл оросууд гацаачхав.
Эдийн засгийн өгөөжийг улстөрөөс доош эрэмбэлэгч манай дарга нарт “орос ахын өөдөөс сөрж болохгүй” гэж жингүйдсэн архаг боловсрол нь номлоно. “Ахын заавраас зөрөх аюултай” гэж түүх сануулна. 1990 онд сонгосон ардчилал чөлөөт зах зээлийг жингүйдсэн улстөрийн боловсрол 30 жил чөдөрлөөд муу нэрийг АН-д тохож дөнгөснийг сонгуулиудын дүн харуулдаг. Дараалсан ялалтандаа бяралхсан пости коммунистууд хувийн бизнесээр чинээлэг амьдрах чармайлтыг боймолсноор компани байгуулах мөрөөдөлтэй романтик залуус цөхөрч, татвар төлөгчдийн мөнгөөр бульдагчдын цүнх барих замыг хөөв.
Сан хөмрөг хувхайлагч шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрсдөө үйлдвэрлэж, ачаагаа хөнгөлж алхаагаа түргэтгэх гэснээс 70 жил нөмөр нөөлгөнд нь явсан их хөршөө адайрласан хуншгүй зан бид гаргаагүй. Монгол хөл дээрээ өндийвөл хөршдөө лайгүй, дэмтэй баймаар. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Дэмнэдэггүй хөрш заяажээ. Хятадын аюул гэгч сурталд хордсон тархины эмгэгийг маань сэдрээж, талцуулан хямруулах мөнгөгүй улсад бүр ч хорлонтой. Хятад хөрөнгө оруулалттай төсөл яриут ханцуй шамлаж босон харайдаг жингүйдсэн малчид зөндөөн. Тэднийг хөөргөдвөл орон нутагт хятад хөрөнгө оруулалтай төсөл будаа. Гадны санхүүжилттэй галзуу ТББ-гууд коммунист хожуулуудтай хүч хавсарч гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчдыг хөөнө. Баячуудыг шоронд хийж, шонд өлгөж, хөрөнгийг хураая гэж хийрхэгч жингүйдсэн улстөрч нийгэм хаашаа тэмүүлнэ вэ. Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал, чөлөөт зах зээлийг аль нам хөгжил болгоно би тэдэнтэй цуг. Жингүйдсэн улстөрийн боловсролоосоо бууж суусан газраасаа шороо атгацгаа.
Социалист уралдаан.
“Утга зохиол” сонины 1989 оны 9-р сарын 15-ны дугаарт социалист уралдааны талаар хөндсөнөө толилуулъя: улс төрийн боловсролоор БНМАУ, ЗХУ-ын түвшинд дөхсөн ганц улс. Яг л самбо бөхийн амжилт шиг. Самбогоор хичээллэдэг орон дэлхийд Болгарыг эс тоолбол хоёрхон. Марксист ленинист мэргэд ард түмнийг “ажил хөдөлмөрөөрөө уралд, уралдахдаа өрсөлдөхгүйг” анхаарлуулав. Өрсөлдөхгүйгээр яаж уралдах билээ гэж хувьсгалын эхний жилүүдэд улс төрийн мэдлэггүй монголчууд бүдүүлэгтэв. Тэд социалист уралдааныг хурдан мориныхоо уралдаанаар төсөөлжээ. Уралдаан гэсэн болохоор тэгж ойлгох нь ч аргагүй.
Морины уралдаанаас социалист уралдаан тэс өөр, бүхэл бүтэн шинжлэх ухаан байлаа. Наад зах нь социалист уралдаан гэдэг уралдаан биш байв. Учир нь социалист уралдаан түрүүлж сүүлдэхийн нэр биш, сайн нь муугаа урагш чангаах, муу нь сайныхаа араас зүүгдэхийн нэр байв. Нэг нь нөгөөгөө чирж уралдахаар түрүүлэх өрсөлдөөн өрнөсөнгүй. Социалист уралдаан хоцрогчгүй нь лазанчуудад завшаан. Ийм уралдаанаар хүмүүс уралдаад зогссонгүй, байгууллага, аймгаараа уралдав. Өөрөөр хэлбэл социалист уралдаанд хамрагдаагүй хүн, байгууллага, аймаг БНМАУ-д үлдсэнгүй. “Социалист ёсоор уралдахгүйгээр социализмыг байгуулж болохгүй” гэх онолоор бүхнийг өвч цэнэглэж харин дөнгөв. Уралдаад байлаа. Бүх хүн янз янзын мэргэжлээрээ олон арван жил уралдлаа. Зохиолчид хүртэл өдөрт хэдэн хуудас бичдэгээрээ уралдаад таван жилийн “гавшгайч зохиолч”-оор Б.Бааст гуай шалгарав.
“Социалист зарчмаар хэрхэн уралдах” онолоо гүнзгийрүүлэхээр ЗХУ-аас өндөр цалинтай мэргэжилтэн олныг урьсан нь мэдээж. Гэвч үр дүн гарсангүй. Сайн нь муугаа чирж гүйхэд урагшлах хөдөлгөөн удааширч буйг монголчууд оросоор заалгалтгүй мулгуу ухаанаараа гадарлаад байсан хэдий ч онол маань “манайд хоцрогдогч байх ёсгүй” гэж чангарна. Түрүү магнайгүй, баян ходоодгүй уралдаан ашиггүй гээд гөжвөл улстөрийн хэрэгт унана. Эцэстээ монголчууд хүн чирж уралдсанаас хүнд чирэгдэж уралдах биенд хялбарыг мэдлэгээрээ бус лазан угшлаараа соргог гадарлав. Тэгээд цөмөөрөө чирэгдэгч болохыг битүүхэн хичээв. Яагаад гэвэл чирэгч чирэгдэгч хоёрын цалин ижил. Социалист уралдааны зарчимд нэгийг баярлуулж нөгөөг гомдоодоггүй. Үүгээрээ социалист уралдаан капиталист өрсөлдөөнөөс энэрэнгүй. Харамсалтай нь энэрэх тусам хөдөлмөрчид “чирэгдэгч” армид шургаад чирэгчдийн хүч мөхөстсөнөөс хөдөлмөрийн бүтээмж буурав.
Чирэгч чирэгдэгчдээр хөгжил ахисангүй, зогсонги байдалд орлоо. “Тэргүүний малчин”, “тэргүүний ажилчин” тэмдгээс эхлээд одон медаль баахныг үйлдвэрлэж баруун солгойгүй шагнав. Энгэр цоолсон хөөрхийс дотроос хөөрүү онгироочууд амьд плакат болж үхэхээ мэдэхгүй зүтгэлээ. Тэгтэл биеийн амраар чирэгдэс хийгээд бусадтайгаа ижил цалин хүртэх нохой зантан үржив. Тэднийг социалист хөдөлмөрийн баатрууд чирээд чирээд хүч хүрсэнгүй. Яагаад хөгжихгүй байна гэвэл хуучны үлдэгдэл чөдөрлөж байна гэдэг онолын жинтэй дүгнэлт гарч, энэ талаар дагнах эрдэмтэн доктор олширлоо. МАХН-ын бас нэг бахархал-эрдэмтэд олшрох тусам төсвийн алдагдал ихссэнээс чирэгдэгчдийн хөдөлмөрлөх идэвх өрнөсөнгүй. “Хөдөлмөрчдийг өдөр тутмын удирдлагаар байнга хангах шаардлага” гэсэн диссертаци руу хошуурав. “Социализмээ түргэн байгуул” гэж цаг ямагт чичлэхгүй бол ажилчин анги хөдлөх шинжгүй.
Залхуучууд-тэнэгүүд биш. “Улсын ажлыг чанартай бөгөөд олноор хурдан хий” гэж өндөр дуугаар шаардсан даргыг залхуучууд ад үзэж араандаа зууна. Хэн залхуучуудад ад үзэгдэж, “шаардах” ажил эрхлэх вэ? Эх орныхоо төлөө хойш сууж доош малтагчдын хараалыг идэх эр зориг хэнд байна? гэвэл ганц эх оронч зүтгэлээр олондоо ад үзэгдэх коммунист ховор аж. Гагцхүү цалингийн нэмэгдлээр залхуучуудад адлагдах хэнхэг хаа очиж бишгүй. Ингэснээр баялаг бүтээгч ажилчин малчнаасаа хавьгүй өндөр цалинтай дарга нар үржиж суудалдаа тухлаад “цаг ямагт хөдөлмөрчдийг байнгын удирдлагаар хангах”-ын хамт, орон тооныхоо цомхотголыг улаан галзуу эсэргүүцэгч хувалзнууд пиндийлээ.
Гэдсээ тэжээхээр хөлсөө цувуулан уралдаж буй ажилчин анги “шаардах ажил хэрэггүй болчоод байхад юу бүтээсэн гэж тэд улсын төсвөөс цалинжиж байна вэ” гэх буюу эсвэл “дарга нарыг ажилчин малчинтай адил тэгшээр өрсөлдөх уралдаанд уриалж байна” гэвэл юу гэх вэ? Миний бодоход өрсөлдөөнгүй уралдаан хойш суугчдыг үржүүлж, хойш суугчид хүнд суртлын нүсэр аппарат үүсгэв. Хэрэв уралдаан маань эцэг өвгөдийн төсөөлж байснаар өрсөлдөөн байж, хэн түрүүлсэн нь илүү цалин аваад, ажил хийлгүй лазагнаж сүүлдсэн нь хоосон үлддэг болчвол залхуучууд өлсөнө. Тэд өлбөрөхгүйн тулд хэнээр ч шаардуулахгүйгээр юуг ч ямар ч янзаар урлаж чадна.
МАХН малгайгаа бус толгойгоо соливол МАН болно.
МАХН коммунист нам байсан. Гишүүдээ монголын коммунистууд гэж өргөмжилдөг байв. Хувьсгалт онолоо Ардын чиг баримжаагаар эргэлт буцалтгүй сольвол эх орончдын минь байгуулсан намын нэрийг өвлөх эрх нээгдэх учиртай. Бодоо Данзан нарын үзэл баримтлалыг сорчлон хөгжүүлэх ёстой. ХХ зуунд туулсан эмгэнэлт зам мөрөө болъщевик орос нүдээр бус эх оронч монгол нүдээр харахыг хичээ. Ардын намыг үүсгэсэн бүх удирдагчдыг улаан Орос толгой дараалан цаазлахад шадарлан далдганаж явсан МАХН коммунист болъщевик онолоо ХХI зуунд сүйрэхэд түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг ашиглав гэх хар төрүүлэхгүйн тулд социал демократ үзлээ ил тод баримтал гэж оюунлаг масс шаардана.
Ардын намыг үүсгэсэн бүх жолоодогчийг хөнөөгөөд хүсэл зорилгыг гуйвуулж мушигсан галзуу улаан Хувьсгалч нам бол Ардын намын залгамж халаа-үргэлжлэл бус харин эрлэг нь. МАН өөрийгөө хөнөөсөн алуурчнаа миний үргэлжлэл гэж шүтэх тэнэглэл. Тэгээд ч МАХН-ын үзэл баримтлал Бодоо Данзан нарынхаас тэс ондоо. МАХН улаантныг дагаж, коммунизм байгуулахаар хүчирхийлэл-хядлага хуйлруулж, монголчуудын амьдралыг орвонгоор нь хөмөрч туйлсан бол, Ардын намынхан чөлөөт арилжаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнахыг зорьсон. Үзэл санааг чинь үргэлжлүүлэн хөгжүүлье гэсэн нэр цэвэр залгамжлагч гарч ирвэл дуртай яа зөвшөөрөх нь зүй. Үзэл үйлийг чинь гүтгэж мушигсан тэс өөр санаатай дайсандаа, амиа зольж цусаа урсгасан алдар нэрээ өвлүүлэх шиг гутамшиг ертөнцөд байхгүй. Ардын намын анхны хэдийн мөрөөдөл мушгагдан бүдгэрснийг далимдуулж, эрхэмсэг тэднийг минь бүр коммунист болгуузай. Тэд коммунист ерөөс байгаагүй. Улаан Орос тусгаар тогтнол олгох нэрээр ар Монголыг атгасныг бид (түм бумаа хядуулсан ч) хожил гэж залбирдаг.
“Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалаар үйлдсэн бүх нүглийг өмөөрч толгойдоо арандаг хураах, шинэчлэлд чинь саад болно. Цуст мөрөө зөвтгөх байсан бол юунд “хувьсгалт” алдраасаа татгалзав. Коммунизмыг фашизмтай ижилсүүлэх болсныг анзаар. Үйлдсэн нүглээ зөвтгөөд байвал залуу үеэ үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн тодотголоо хаясан билээ, юуны төлөө коммунист үзлээ орхиж буй билээ, ардчилсан сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдах үзэл баримталлаа шинжлэх ухаанчаар тодорхойлж баримталбал олон нийт МАН-ыг толгой дээрээ зална. Ардчиллыг дэмжигчдийн урмыг АН хугалснаар МАН+МАХН-д том өгөөш үмхүүлэв. Хуулиа мөрддөггүй, хариуцлага хүлээдэггүй, авилгад идэгдсэн намаас ХХI зууныхан залхаад шударга ухаалаг Төрөөр жолоодуулахыг эрэлхийлж буй нь коммунизмээс алсрах том боломж. МАХН-ын хийрхэл сэдэрч ерөнхийлөгчийн засаглал руу гулсчихгүй бол.
Улаан хувьсгалаар үйлдсэн цуст түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ эгүрт орхиод МАН-ыг үндэслэгчдийн коммунист бус эх оронч ардын үзлийг цаашид баяжуулах зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунизмд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан эмгэнэл МАН-ыг коммунист биш гэдгийг нотлох “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист-хэлмэгдүүлэгч хочноос чинь салгана. Д.Сүхбаатар чинь Ху. намын аллага нугалаанд оролцоогүй. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин. Түүний нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал болъщевикуудад буудуулсан Бодоо Данзан Гэндэн Амар нарынхаа өмнөөс няцаа. Тэд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган гэмгүй иргэнээ АН-ыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Анхны долоо тусгаар тогтнолынхоо төлөө амиа зольсон баатрууд.
Ийм элитүүд байсаар атал гадаадаас суут багш эрэлтгүй. “Болъщевик” буюу “олонх”-ын толгойлогч Ленин, “меньшевик” буюу “цөөнх” болсон журмын нөхдөө хядсан этгээд. МАН-ын гишүүд юун түрүү Ленинээс зай барь. ХХ зууны Монголын түүх, эх орончдын намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж түгээх ёстой улс төрийн гол хүч бол МАН. Хувьсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх биш. Та нар ч коммунист биш. Коммунист Ю.Цэдэнбалын хөшөөнд мөргөдөг чинь МАН-ыг үүсгэгчдийн үзэлд харш. Ю.Цэдэнбалын нийгэмчилгээг Солийн Данзан зөвшөөрөхгүй. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандахад Монголдоо хайртай иргэн бүр уухайлан дэмжих нь гарцаагүй. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид-коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Хувьсгалт яргалал үйлдэж, айл өрхийн сүргийг дээрэмдэж нийгмийн өмч болгоход одоогийн МАН-ын гишүүд төрөөгүй байсан цаг. Тиймээс тэд буруугүй. Цуст МАХН-аас одоогийн МАН-ын гишүүд зай барихгүй бол бузартана шүү.
Энгэр дүүрэн одон медаль.
Эрээн төмрөөр энгэрээ дүүргэж таашаал авдаг мангуурал зуун дамнаж даамжирсаар өдгөө бүх хүн одон зүүх ойртлоо. Гачлантай нь одонгийн гангараа хавтгайрах тусам хөгжил удаашраад ядуурал нөмрөөд байдаг. Бүгд одонтой атлаа хоцрогдсон улс явснаас нэг ч одонгүй хоцрогдсон улс явбал нэрэнд цэвэр байгууштай. Одонтойчууд олширч, одонгүйчүүд цөөрөх тутам одонгүй иргэний дотор харанхуйлна. Аргагүй хөөрхий. Мөр зэрэгцэн алхаа нийлүүлж, ав адил хөдөлмөрлөсөн нөхөд нь бүгд одон зүүчихсэн юм чинь.
Улсын одонгүйчүүд” хэмээн шаарлагдаж, хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэх вэ? Насны эцэст ямар сайндаа “Би ганцаараа одон зүүх гавъяагүй адгийн шаар юм уу” гэж телевизийн дэлгэцэд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөхөв. Энэ бол инээд биш ханиад. Одон медаль хавтгайраагүй бол юу гэж өмөлзөх билээ. Хүн амаа ингэж алагчлан хямруулах мунхаглал ардчиллын өнгөнд ч салсангүй. Энэ тэнэглэл хэдийд шувтардаг бол.
Одон тэмдгийг Манжаас сураагүй Оросоос сурсан. “Орос ахын сургасныг огоорох-урвалт” гэх хатуу онолтой пости коммунистууд яс заасаар. Яс заах нь ч бас аргагүй. Оросжихын төлөө оросжоогүйгээ нухчихсан намынхан юм чинь орос ахын зааврыг ширхэгчлэн шүтсээр яваад дуусахаас өөр сонголтгүй. Ах дүүсийнхээ нулимс, цус, амиар оросжсон нэг үе буруудна. Тэгэхээр шүд зуухаас ч өөр яалтай билээ чааваас. Тэд бас коммунист харгислалд өртсөн ч өөрчлөгдөхгүй гэж гүрийж яваа шалтгаан нь юу вэ гэвэл-цусанд хутгалдсан нам нь. Тэд орос ахдаа алуулж, шулуулсан ч мөргөсөөр дуусах онолтой амьтас.
Хилэлдэг хоёрхон хөрштэй. Хойш харж бөхөлзөөд, урагш харж боргосоор нэгэн зууныг барав. Хоёр нүүрт шившигтэн явахыг бид өөрсдөө сэдээгүй. Хэт их гүрэн хэт ядмаг мануусыг уяаны ноход болгоод дохио зангаагаар хуцуулж сургасныг даян дэлхий сайн мэднэ. Онц сайн хуцсаны энгэрт дохуурхаж одон медаль гэгч алаг төмөр зүүсэн түүхтэй. Орос одонгууд дуурайлган монгол одон үйлдвэрлэж, орос одонгийн нэрийг орчуулж монгол одонгоо нэрлэв. ”Цусан гавъяаны” гэх аймаар тодотголтой нь анхдагч байх.
Онигоо.
Цэргээс халагдаж хөдөө харьсан залуу айлын бүсгүйд сээтэн хаяхдаа “Танай нохой энэ шүдээрээ” гэж аман дахь алтан шүдээ заагаад, “Миний энэ шилбэнээс хазвал” гэж хромон гутлаа үзүүлээд, “Би танай нохойг яг энэ цаг мөчид” гэж бугуйн цагаа харуулаад, “Энэ буугаараа” гэж нагаанаа гаргаад, “Энэ рүү нь буудна” гэж зүрхэн дээрээ зүүсэн медалиар гайхуулсан гэх онигоо бий.
Энгэртээ медаль гялалзуулж бусдадаа онгирох синдром бүдүүлэг харанхуй монголчуудад ингэж сэдэрсэн түүхтэй. Энэ өвчин ардчиллын зуунд арилах байтугай улам гаарсаар биднийг ертөнцийн доог дохуу болгох нь. Болгох нь ч гэж дээ, болгодгоо аль хэдийнэ болгожээ. Оросын одон медалиас өмнө Манжийн отго жинс хуйлруулж асан гэдэг. Гэвч отго жинс зөвхөн тайж ноёдын зэрэг дэвийг эрэмбэлдэг “мөрдөс”-ийн үүрэгтэй учир дээдсийн хүрээний явцуу өрсөлдөөн байж.
Тэгвэл хувьсгалын жилүүдэд одон медаль хавтгайрав. Бүх мэргэжил гавъяат цолтой. Гавьяат багш, эмч, эдийн засагч, Гавьяат малчин, тариачин, урлаг соёлынхныг бол тоолоод барахгүй. Гавьяат цэвэрлэгч гэж бий юү? Бий байх аа бий байх. Яагаад байж болохгүй гэж. Цэвэрлэгч гэдэг бага цалинтай, бохир ажил. “Гавьяат дарга” цол бий болгоно гэдгээ УИХ нэг удаа зарласан.
Бүгд одонтой болбол гоё байх аа:
Дээрэмдүүлж буй нь одонтой, дээрэмдэж буй нь одонтой. Хөлдөж буй нь одонтой, хөлдөж үхсэн нь одонтой. Гудманд унтаж буй нь одонтой, сэрээд шээж буй нь одонтой. Гавлуулж буй нь одонтой, гавлаж буй нь одонтой. Хоосорч буй нь одонтой, хоосолж буй нь одонтой. Өлбөрч буй нь одонтой, гулгиж буй нь одонтой. Мөргөж буй нь одонтой, мөргүүлж буй нь одонтой. Хаустай нь одонтой, хар гэргүй нь одонтой. Хууль зохиогч одонтой, хууль завшигч одонтой. Монгол хүн бүр өртэй ч монгол хүн бүр одонтой. Шившигтэй юү бахтай юу?
Ойн баяр тохиолдуулж одонгийн хур буусаар ахул бүгд одон зүүх ойртжээ. Одонгийн хур буулгахгүй гэвэл одонгүй хоцорсон хөөрхий хэдийнхээ гомдлыг яах билээ. Ерөнхийлөгчид бултах зам алга. Хүн бүр энгэрийн инээдэмтэй алаг төмрүүдийг дооглоод тоохоо боливол ерөнхийлөгч ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх сэн. Арын хаалгатай нь албан ёсоор үнэлэгдэж, арын хаалгагүйг албан ёсоор шоовдорлодог эрээн төмөр коммунист Оросын эрхшээлд орохоос өмнө Монголд байгаагүй гэсэн. Ийм тэнэг юмтай ухаант хүмүүн ХХI зуунд зууралдан новширч байх ч гэж дээ. Ёо ёо толгой өвдчихлөө.
Ийм эдгэрдэггүй солиоролд орос ах нар минь маанаг биднийгээ ховсдох илүү ажил шүү дээ. Хэдэн мал эрдэс баялгийг минь үнэгүй цөлмөхөд мануус та нарыг одонтой ч одонгүй ч эсэргүүцэж чадахгүй. Хавтгайрсан одон медаль ХХI зуунд онигоо болсныг ухаарсан элитүүд хүртэл одонгүй ганцаараа үлдчихвэл дэлхийд бус Монголдоо гутамшиг гээд мөнгөөр ч болохноо нөгөө алаг төмрийг олж зүүхээс аргагүйд хүрэв. Ерөөсөө бүх иргэндээ одон өгөх үү? Тэгж бас болохгүй нь ээ. Тэгвэл одонгоор онгироодог бодлого нурна. Яагаад гэвэл одонгүй хүн нэг ч үгүй болчихвол одонтой нь хэндээ гайхуулах вэ. Одонгүйчүүдэд даналзах гэж л одон медаль яралзуулдаг биз дээ. Эсвэл бүх одон медалиа хайлуулъя. Хүний амь аварсан, онцгой их баялаг бүтээсэн шилдгүүдээ мөнгөөр шагнахгүй юу. Төр засаг монгол хүнд мөнгө хэрэггүй гэж бодоогүй баймаар. Хүн ядуу явах харамсалтай. Мэхлэгдсэн ядуу ард түмэн бүр ч гутамшигтай.