Бид бажигдаж байна. Гэхдээ бас бүгд биш л дээ. Ухаан нь, Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачилсан МАН-ын генсек Г.Занданшатар улсаа хөгжүүлэх хөтөлбөр гаргаад завгүй суугаа гэнэ. Түүний батлуулсан хуулийг гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох зорилготой байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин Г.Занданшатар тэргүүтэн өөрсдийнх нь тарьсан балгийн сүүдэрт чичирч яваа Н.Алтанхуягийг баалах санаатай аж. Эрүү ам нь хавшсан Н.Алтанхуяг нар “ах”- ынхаа алдааг засахаар зэхээд байгаа ч бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болж магадгүй нь.

Одна голова хорошо, а две лучше

Н.Алтанхуяг хийгээд түүний танхимын гишүүдийг энд тэнд гал тавьчихгүй л бол “дажгүй” хүмүүс гэдэгт итгэлтэй байна. Намсрай бурхан шиг наргиж явсан түрүүчийн Засгийн газрыг бодвол зовлонгоор эхэлсэн тэдний тавилан ухаарлаар төгсөнө биз. Гэхдээ ухаанд бас учир бий. Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа хэдхэн өөрчлөлт оруулчихвал Мянга нэгэн шөнийн үлгэр дахиад эхлэх юм шиг сэтгээд байгаа нь арай л богино бодол. Хэд биш хэд хэдэн зүйл нэммээр байна. Юун түрүүнд төр өөрийгөө төвчилдөг үзлээсээ салмаар байна. Төр байгаа болохоор ард түмэн оршоод байгаа юм биш. Түмэн олон байгаа учир төрийг тэжээж өдий хүргэснийг бодолцмоор. Тэр дундаа мөнгө олдог хэсгийг нь татвар нэрээр дарамталж, хуулиар түрий барин хэдэн цаасыг нь авч бусдад тараан буянтны дүрд тоглодог гэдгээ санамаар. Гаргасан хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр эрсдэл үүрдэг биенесмэнүүдийн талаас хааяа ч болов бодож үзвэл хэн хэндээ хэрэгтэй. Одна голова хорошо-мэдэж байна, бүгд л сүрхий улс биз. Харин две голова лучше шүү дээ.

Нэгэнт нэрээ барсан юм, одоо өнгөрсөн дахиад л “хуулиа засахаас”. Харин дахиад шинэчлэх хуулиндаа нухацтай хандъя. 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдагсаны хойтон жил бид анх удаа алдагдалгүй төсөвтэй шинэ оныг угтаж байлаа. Үүнээс хойш гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэрээр төр цамаан загнасан. Иргэд нь ч эрхэлж дууссан. Эцэстээ ийм л юм боллоо. Гадаадын хөрөнгө оруулалт чухам яг хэдэн хувиар буурсан нь маргаантай байна. Гэхдээ дөчин хувиас давжээ гэж ойлгогдож байгаа. Харин манай экспортын дийлэнхийг эзэлдэг нүүрсний борлуулалт 53 хувиар уначихлаа. Ядахад арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 43 хувиар өсчээ. Найман хувийн хүүтэй зээл рүү хоёр ихнаяд төгрөг хэвлэн оруулснаас үл хөдлөх хөрөнгийн үнэ хоосон хөөчихөв. Иргэд байртай сууцтай болох нь зөв боловч эдийн засагт эзлэх жинг нь тааруулахгүй бол монголчуудын олсон хэдэн цаас бетонон цутгамал болоод царцчих гээд байна. Гэхдээ одоо хэн хэнийгээ зүхээд яахав, хэл амаа ололцох нь дээр.

Хэмжээг нь хэн тогтоох вэ?

Хөрөнгө оруулалтын хууль нь гадаадын капиталыг нутагтаа татан оруулж ирээд урт хугацаанд тогтвортой байршуулж, ажлын байр бий болгон өгөөжийг нь хүртэх зарчимтай. Улмаар гадагшаа гаргадаг экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингээн үнийг нь өсгөх зорилттой. Гэтэл шууд хөрөнгө оруулалтын хэмжээг яаж тооцох вэ гэдэг дээр маргаан гарсаар байсан. Урьд нь шууд хөрөнгө оруулалтыг тооцох тодорхой аргачлалгүй явж ирснээс төр, хөрөнгө оруулагч хоёр ойлголцолгүй мөр мөрөө хөөсөн нь олонтаа. Бүр төр үзэмжээрээ хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох гэж оролдож л байсан. Манай татварын байгууллага хөрөнгө оруулалтыг баталгаажуулах чиг үүрэггүй болохоор энэ асуудлыг яаж шийдэх нь мэдэгдэхгүй мухардаад ажил дуусдаг.

Гэтэл дэлхий нийтээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг жишиг бий. Үүнийг баримтлаад явчихвал хэн хэндээ ойлгомжтой болоод ирнэ. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт буюу Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу эдийн засгийн бодит секторт оруулж байгаа шууд хөрөнгө оруулалтыг тооцдог. Энэ хамгийн үнэн зөв эх сурвалж болно. Үүнийг Олон улсын аудитын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хараат бус аудитаар баталгаажуулаад авчихна. Тэгээд ч хүн бэлээхэн хийгээд өгдөг ажлыг төр өөрийнхөө ачаан дээр нэмэх хэрэг юу байна. Харин нэгэнт хөрөнгөө орчуулчихсан улсуудыг эхлээд хуулиндаа хамруулсан дээр байх. Бушуухан ажилдаа орог. Гэхдээ улс орны хэмжээний, тухайлбал манай экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлийн, манай татварын орлогын 10-20 хувийг бүрдүүлэх хэмжээний төслүүдийг тусгайлан авч үзэж яагаад болохгүй билээ. Харин төр хөрөнгө оруулалтынх графикийг л гаргаад өгчих хэрэгтэй.

ЖДҮ хийгээд салбар

Дээрх хуулийн сургаар төр ЖДҮ-ээ хаячихлаа гэж хэсэг ярилаа. Ингэхэд манайхан хэдий болтол эсгий шаахайг ЖДҮ гэж бодох юм бол?! Л.Түдэв гуайн ярьж эхлүүлсэн өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ хоёр огт өөр зүйл гэдгийг бид ойлгох боломж хараахан гараагүй бололтой. Уул нь томоохон хөрөнгө оруулалт Монголд байршаад, дэлхийн хэмжээний үйлдвэрлэл явуулаад эхэлбэл түүнийг дагаад ЖДҮ хөгжинө. Манайхан Солонгост чухамдаа тэр ЖДҮ-т ажилладаг юм билээ. Ухаан нь, гэртээ эсгий шаахай оёж суусан хүн зээл аваад нормын хувцас оёдог үйлдвэр нээчихвэл тэр чинь ЖДҮ болж байгаа хэрэг. Оюутолгой төслийг дагаад олон ЖДҮ хөгжсөн. Яг ийм том төсөл хэд хэд ороод ирэхэд монголчууд хар аяндаа жижиг, дунд үйлдвэрлэгч болох юм.

Шинэ хуулиар гадна, дотны гэж ялгахгүй болжээ. Монголчууд гадны бирж дээрээс хөрөнгө босгосон туршлага байгаа хойно энэ нь зөв. Харин хөнгөн ба хүнд үйлдвэрлэл зааглахаар хуулийн төсөлд тусгасан байна. Гэтэл энэ хоёрын алинд ч багтахгүй хэрнээ гадны хөрөнгө оруулалт шаардсан салбар бий. Ухаан нь, ам.долларыг бэлнээр нь оруулж ирдэг аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хэрэггүй гэж үү? Бас эрүүл мэндийн салбар байна. Монголчууд одоохондоо Солонгос руу явж төрөхөөс аваад төрсөн биеэ хүртэл “засуулаад” байгаа болохоос манайд ийм чиглэлийн бизнес хөгжих боломжтой. Тэгэхээр ерөөсөө зааг ялгаа гаргах нь цаашдаа дахиад л хуулиндаа гар хүрэх бас нэг ажил ардаа үлдээх биш үү? Гэхдээ эн тэргүүнд авч үзэх салбар байж болох юм. Ялангуяа хүнд үйлдвэрлэл. Зөвлөлтийг дагасан жилүүдэд бид хөнгөн үйлдвэртэй болоод авсан. Даанч экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь тоотойхон. Тэгэхээр манай экспортын багцад багтдаггүй цоо шинэ бүтээгдэхүүн гаргах салбарыг чухалд үзэхэд буруу юу байхав.

Татвар болоод хугацаа

Хуулийн шинэ төслөөр хөрөнгө оруулагчийн дөрвөн татварыг тогтвортой байлгахаар төр амлах аж. Хөрөнгө оруулагчид одоогоор янз бүрийн нэртэй хорь орчим татвар төлдөг. Бүр авах гэж л авч байгаа мэт татвар ч бий. Монголын нүүрс экспортлогчид “Агаарын бохирдлын төлбөр” нэрээр төрд кг тутамдаа нэг төгрөг өгдөг. Хамгийн бага хувь хэмжээтэй татвар мэт харагдах авч Хятадад очоод шатаж угаар тарих нүүрснээс Монгол Улс мөнгө нэхдэг нь ямар логик юм бол. Гэтэл энд нүүрсийг нь шатаадаг Багануур, Шарын гол, Шивээ овоо болон бусад олборлочдын бүтээгдэхүүн агаар бохирдуулдаггүй юм шиг энэ татварын гадна байх юм.

Хөрөнгө оруулагч нараас татварладаг мөнгийг үндсэн нь хоёр хувааж болно. Ашгийн өмнөх ба ашгийн дараах гэж. Ашгийн өмнөх буюу бүтээгдэхүүн борлуулаагүй байхдаа төрд өгдөг олон татвар тухайн барааны өртгийг өсгөж таарна. Тэгэхээр барааны үнэ нь нэмэгдэнэ. Манай нүүрс Хятадын зах зээл дээр Австралийнхтай өрсөлдөж чадахгүй байгаагийн нэгээхэн шалтгаан борлогдохоосоо өмнө олон татвараар үнэ ордогтоо ч байгаа. Канад, Норвеги уул уурхайгаасаа өндөр татвар татдаг, гэхдээ ашгаас нь л авдаг юм билээ. Тиймээс хөрөнгө оруулагч нараас зүсэн зүйлийн нэрээр авах борлуулалтын өмнөх татварыг цөөлөх, адаглаад тогтвортой байлгахаар хуульчилбал тэдэнд илүү итгэл төрнө.

Хуулийн төслийн 13.2-т тогтворжуулах гэрчилгээний хугацааг заажээ. Хөнгөн үйлдвэрийн дээд хягзаар 5, хүнд болоод ирвэл 10 жил хүчинтэй байхаар тусгажээ. Гэтэл бодит амьдрал дээр улсын эдийн засагт чухал ач холбогдолтой их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслийг хэрэгжүүлж эхлэхэд 10 жил зарцуулах нь бий. Жишээ нь, нэг тэрбум ам.долларын хөрөнгө шаардсан төсөл үйлдвэрээ босгож, лицензээ аваад технологио эзэмшин, үйл ажиллагаагаа тогтворжуулах хэрэгтэй. Улмаар бүтээгдэхүүний гарцаа тогтоож, зах зээл дээр түүнийгээ байршуулан үнээ тогтвортой болгох ёстой. Ингээд хөрөнгө оруулалтаа нөхөж олоод сая ашгийн тухай ярьж эхэлнэ. Энэ бүх хугацааг тооцвол хуулийн төсөлд заасан хугацаа хаанаа ч хүрэхгүй. Тэгэхээр 5, 10 жил хөрөнгө оруулагчид учиргүй сайхан нөхцөл шиг харагдахгүй л болов уу. Хэн л барианы газар бараагүй байхад бахардаж унаад “Салхийг минь тавиад өгөөч” гээд амь тэмцэхийг хүсэх билээ.

Алсын хараатай амьдаръя

Энэ архины реклам биш. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсаны дараа Монгол улс дан ганц уул уурхайн баяжмал экспортлодог бус бэлэн бүтээгдэхүүн экспортлодог болох ёстой. Сүүлийн хорин жилийн эдийн засгаа харвал гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай явжээ. Харин бид гаднаас орж ирсэн мөнгөөр эргүүлээд гадаадаас бараа таваар аваад буцааж гаргачихаад байна. Тэгэхээр одоо аль мөнгө дотоодод үйлдвэрлэл болж, бүтээгдэхүүн гаргаад байгааг нь ч судалж үзмээр. Тэгээд тогвортой байдлын гэрээ, татварын хөнгөлөлт зэрэгтээ тийм хөрөнгө оруулагчийг хамруулбал илүү хожоо гарна.

Жилийн дотор хөрөнгө оруулалтаа нэмэх дэврүүн төлөвлөгөөг нь орхиод 20-30 жилээр харвал энэ хуулийн түүхэнд гүйцэтгэх үүрэг нь монгол хүн өөрөө энэ эдийн засаг доторх боломжийг илрүүлээд, өөрөө хөрөнгөө босгоод, тогтвортой орчинд ажиллаж мөнгө олох нөхцөл бүрдэх учиртай. Ингэснээр малчин монгол инженер болно. Бахардаад унасан ажнай хүлгийнхээ агаарыг нь тавиад өг. Хар аяндаа босоод ирнэ. Хөл дээрээ тэнцсэн хойно нь хаашаа ч унаад явсан яахав дээ.