1072 хувьцаа иргэдийнх мөн үү?
“Эрдэнэс ТТ” хувьцаат компани иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ноогдол ашиг тараахаа больжээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ талаарх шийдвэрээ өчигдөр гаргасан бололтой. Ноогдол ашгийг иргэдэд хуваарилахгүйгээр Зүүнбаян чиглэлийн төмөр замын хөрөнгө орулалтад зарцуулахаар болсон тухай өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тлевизийн ярилцлагад оролцох үеэрээ хэлэв.
Ингээд тус компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн оноос эхлэн “ЭТТ компани ашигтай ажиллаж байгаа. Энэ жил ноогдол ашиг тараана” гэж бүтэн жил ярьсан яриа салхинд хийсчихэв. Салхинд хиисээд зогсохгүй мань хүн өөрөө ч “ТУЗ-ийн шийдвэргүйгээр амлалт өгсөн” хэрэгт ч унаж магадгүй болоод байна. Хэрвээ ноогдол ашгийг нь төр авдаг байх юм бол иргэд ч гэсэн ЭТТ-н хувьцаагаар ямар үлийгээ хийх юм?
Монгол Улсын Засгийн газар 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх хүнд) хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг.
Гэвч Засгийн газрын зүгээс иргэдийн хувьцааг худалдан авах оролдлогыг хоёр, гурван ч удаа хийсэн байдаг. Эхний удаад ахмад настнуудын хувьцааг сая төгрөгөөр үнэлж худалдан авах, оюутнуудын хувьцааг сургалтын төлбөрөөр (нэг удаад 500 мянган төгрөг) солих, дараа нь хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан билээ.
Ингээд хоёр жил дараалан сургалтын төлбөр авсан оюутнууд ЭТТ-н хувьцаагүй үлдэж, 2016 оны сонгуулийн өмнө хувьцааныхаа 30 хувийг худалдсан иргэдээс 300.000 төгрөгөө бүрэн авсан бол 322 ширхэгийг, 200,000 төгрөг авсан бол 215 ширхэгийг, 100,000 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцааг хассан байна. Үлдсэн хувьцаандаа ноогдол ашиг авах эрхтэй гэсэн үг.
Иргэдийн гар дээрх хувьцааг ийм замаар худалдан авсны дараа 1,8 сая орчим иргэд ЭТТ- хувьцаатай үлдээд байсныг өнгөрөгч онд Засгийн газар дахин шийдвэр гаргаж, шинээр төрсөн бүх хүүхдэд ЭТТ-ын хувьцаа олгох болсноор хувьцаа эзэмших эрхтэй иргэдийн тоо 2,5 сая болж өссөн байдаг. Гэтэл иргэдийн нэр дээрх хувьцаанд олгох ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргажээ. Хэрэв тийм бол энэ иргэдийн хувьцаа мөн үү?
Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ноогдол ашиг хураарилах ёстой. Энэ хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 19-нд дууссан юм байна. Энэ өдрөөс хойш дахиад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа “ЭТТ ноогдол ашиг өгөхгүй” гэдэг шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэр хууль ёсны шийдвэр мөн үү? ЭТТ компанийн ТУЗ, Засгийн газар хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй юу?
Ингэхэд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд ЭТТ-н нийт хувьцааны 80 хувийг эзэмшиж байгаа. Тэд өөрсдөө ноогдол ашиг авахгүй гэдэг шийдвэр гаргаж болох ч иргэдэд хуваарилах ноогдол ашгийг өмнөөс нь захиран зарцуулах эрх Засгийн газарт бий юу? Байгаа бол хэн, ямар хууль, журмаар олгосон байж таарах вэ? Ядахдаа иргэдээсээ нэг удаа асуусан уу?
ЭТТ компанийн захирал Б.Ганхуяг анх ноогдол ашиг тараах тухай зарлахдаа нэг иргэнд 52000 орчим төгрөгийн ноогдол ашиг хуварилна гэж байсан сүүлд гарсан мэдээгээр 26000 орчим төгрөг болж хоёр дахин буурсан юм байна. “Ноогдол ашиг хуваарилна” гэсэн мэдээллийн дараа иргэдийн зүгээс “Ингэж байхаар бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв” гэсэн хэсэг байсан боловч тэр нь албан ёсны шийдвэр биш. Ерөнхийдөө бэлнээр тараах нь мөнгө эдийн засгийн хувьд үр ашигтай зүйл биш гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд эхэлжээ л гэсэн үг.
Хоёрдугаарт бүтээн байгуулалтад зарцуулдаг байлаа гэхэд зүгээр л тэгж хэлээд болчихдог зүйл биш. Ямар ч тохиолдолд энэ мөнгө иргэдийн өмч байх ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн ноогдол ашгийг тусгай санд төвлөрүүлж, сангийн эзэмшигчид нь иргэд өөрсдөө байж байгаад чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулахаа шийдвэрлэх ёстой. Засгийн хувьцаа бол хамаа байж уу, “лаагаа иднэ үү луувангаа иднэ үү” тэдний асуудал. Эсвэл хувьцааныхаа ноогдол ашгаар хувьцаагаа нэмэгдүүлэх, шинээр хувьцаа худалдаж авах сонирхолтой иргэд ч байж болно шүү дээ. Эсрэгээрээ нөгөө хэсэг нь хувьцаагаа зарахыг ч бас сонирхож болно. Тиймээс “ЭТТ-н иргэдийн нэр дээрх хувьцааг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна” гэдэг Засгийн газрын байр суурь арай л хэтийдсэн зүйл болж байна.
Хоёрдугаарт энэ бүтээн байгуулалтад зарцуулах нь хэр үр ашигтай вэ гэдэг ч бас эргэлзээтэй. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ярьсан зүйлээс үзвэл нүүрс 2020 он хүртэл буюу ирэх хоёр жилдээ л үнэ цэнэтэй байх гэнэ. Тэр боломжийг ашиглаад зүүн чиглэлийн төмөр замаа ч, урагшаа төмөр замаа ч хоёуланг нь бариад авах ёстой гэв. Тэгсэн хэрнээ урагшаа төмөр зам дээрээ ямар ч хөрөнгө оруулалт тавих сонирхолгүй л байгаа биз дээ. Нүүрсний үнэ өндөр байгаа завшааныг ашиглаад төмөр замаа бариад авчихлаа гэхэд үнэ унасан хойно тэр төмөр замаар юу тээвэрлэх юм? гэдэг сонирхолтой. Эсвэл зүгээр үнийн өсөлтийг далимдуулаад эндээс олсон багахан ашгаараа хэн нэгний (хэнийх гэдэг нь тодорхой) бизнесийг тэтгээд байгаа юм уу? Хэрэв дэмжих дээрээ хүрвэл хэзээ дуусах нь тодорхойгүй 1000 км замыг биш, хамгийн ойр байгаа 250 км замаа бариад тээвэрлэлтийнхээ зардлыг буууруулах, байгаль орчноо хамгаалах шаардлага байна шүү дээ.
Ерөнхийдөө манай эрх баригчид, улстөрчдөд ямар ч зүйл дээр иргэдээсээ саналыг асуух наад захын соёл алга. Гаргаж байгаа шийдвэр болгоных нь ард хэн нэгний эрх ашиг, улс төрийн барьцаа, баталгаа л явж байдаг. У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүнд ямар өртэй болоод, иргэдтэйгээ ямар өш хонзонтой болоод ийм шийдвэр гаргаад байдгийг тааж ядах ч шаардлага алга. Ингэж дур зоргоор нь тавиад байвал нэг л өдөр "Капитал банкны өрийг төлчихлөө" гээд сууж байж мэдэх л гарууд.
Өчигдөрхөн хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын цэгийг буулгасан байна лээ. Авто зогсоолын оронд усан оргилуур барих юм гэнэ. MCS-тэй барьцаж байгаа ухаантай юм уу, хаашаа. Ингэхэд нийслэлчүүдэд зуны гурван сар ажилладаг усан оргилуураас илүү жилийн дөрвөн улирал ажилладаг авто зогсоол нь хэрэгтэй байна. Буулгаж байгаа шалтгааныг нь сонсохоор “хотод нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэдэг. “Баяраа өөрөө шинээр дээрээс уначихсан” гэдэг шиг өөрсдөөсөө л болсон юм билээ шүү дээ. Хуульд байхгүй 30 хувийн татвар нэхэхээр чинь хэн юу гэж өгөх вэ дээ. Арван хувийнхаа татварыг аваад, орж байгаа машинуудад нь тоолуур тавьчихсан бол мөнгөө тоолоод сууж байж болох л газар.
Мөнгө тараах хэрэггүй ээ
Мөнгө тараах хэрэггүй ээ
Зочин
Мөнх
Зочин
Gan
зочин
Зочин
Батхүү