Миний зорилго их энгийн. Миний зорилго бол. Би чамд өөрт чинь байдаг. Тэсвэр тэнхээ. Мэргэн ухаан гэдэг агуу их гайхамшигтай хүчирхэг хоёр зүйлийг л гарт чинь бариулах гэсэн юм.

Батж. Батбаяр “Хүүдээ бичсэн захидал”


Миний зорилго.


Нэг:  “Шулуун болоё гэвэл
        Өөрийгөө муруй болго
        Дүүрэн байя гэвэл
        Өөрийгөө хоосол”



Эртний Хятадын Дао буюу Бумбын номлолд ингэж хэлжээ.

Юу гэсэн үг вэ? гэвэл. Юм бүхэн хоосон гэсэн үг. Юмс үзэгдэл, сэтгэл бодол бүгд хоосон. Тэд хоосноос ирсэн гэсэн үг. Юм бүхэн элэгдэж муудаад дуусдаг. Энэ биенд ч эцэс төгсгөл бий гэдгийг битгий март. Сайндаа л бид нар нэг зуу наслана. Эрт орой хэзээг мэдэхгүй ҮХЭХ Л БОЛНО гэсэн үг.

Үхэх цаг нь ирвэл. Эрх мэдэл, эд хөрөнгө юу ч биш. Хэрэг үгүй. Амьдралаас ганц хоног булааж авч чадахгүй. ҮХЭХ Л БОЛНО гэсэн үг.

Үхэх цаг нь ирвэл. Үзсэн, дуулсан, мэдсэн юу ч тус үгүй. Цаст уулын цагаан арслан байгаад ч нэмэргүй. ҮХЭХ Л БОЛНО. гэсэн үг.

Тийм учраас. Миний хүү. Миний охин. Чи бие сэтгэлээ хоосол. Буян нүглийг ялгаж салга. Юманд хэтэрхий их битгий шуна. Юмыг хүсээд хүчлээд хэрэггүй. Юм өөрөө аяндаа бий болдог юм.

Баяр жаргал хэрэггүй. Түр зуурын юм. Баян тансаг хэрэггүй. Ханаж цадаж чададгүй юм. Алдар нэр, албан тушаал хэрэггүй. Хүрээд ирвэл ав. Хүсээд гүйгээд хэрэггүй. Үүрд чамд үлдэхгүй.

Тийм учраас. Миний хүү. Миний охин. Хийх ажилтай бай. Хүсэх юмтай бол. Товчлоод хэлбэл. Юманд битгий их шуна. Юмыг хэтэрхий их бүү тоо.

Аав нь ингэж бодож байна.

Миний хүү. Миний охин. Эргэж битгий хар. Өнгөрснийг битгий их сана. Зөвхөн урагшаа харж бай.

Өс хонзон хэрэггүй. Өөрт чинь буцаад ирдэг юм. Өгсөн алдсан хэрэггүй. Ядарсан зүдэрсэн бас хэрэггүй. Гунисан гутарсан бүүр их хэрэггүй. Бүгдийг орхи хая. Тэгээд хоосор. Бие сэтгэлээ хоосон болго. Дахиад буцаагаад дүүргэ. Дүүрэн болго. Зөвхөн сайн сайхан юмаар дүүргэ. Тэгэж чи гаднаасаа биш дотроосоо сэтгэлээсээ гэрэлт. Зүрхээрээ гэрэлт. Ингэж чи гэрэлтэй бай. Ингэж чи амьд амьдралын үнэ цэнэ, гэрэл гэгээг олж хар.

Энэ бол тэнгэр мэт оршихуйн мөн чанар, зүй тогтол мөн.

Аав нь ингэж бодож байна.



        “Бүтэн болоё гэвэл
        Өөрийгөө хэсэг болго”

Хоёр:


Аав нь чамд нэг дурсамж ярьж өгөе. Аавыг нь бага байхад болсон явдал.

Би арван настай байсан. Тэгэхэд аав нь ээжийнхээ таньдаг нэг айлд суудаг байлаа. Тэр айл нилээдгүй их баян айл байсан юм. Нөхөр нь жолооч хүн байсан. Эхнэр нь ямар ажил хийдэг байсныг аав нь мэдэхгүй. Тэр хоёрыг би айлын ах, эгч хоёр гэдэг байсан. Айлын ах их сайн хүн байсан. Томоотой ухаалаг ах байсан санагддаг.

Би тэр айлын бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Өдөр хичээлдээ явж ирээд. Түлээ мод бэлтгэж, дэлгүүр хоршоо явна. Ус зөөж, гэр хашаа хороо цэвэрлэдэг байсан. Арван настай хүү надад ахадсан хэцүү ажил байсан санагддаг.

Айлын ах эгч хоёрын ая талыг харж амьдарч яваа, арван настай хүү би өөр яах билээ? Хий гэсэн бүгдийг нь хийж амжуулдаг байлаа. Гэхдээ би томоотой дуулгавартай ажилсаг сайн хүү байсан. Бас жаахан аймхай хүүхэд байсан юм.

Би бас оройн хоолны гурил зуурч, элдэж бэлтэгдэг байв. Хоол хийх гурилыг хатуу зуурч, нимгэн элдэх хэрэгтэй байдаг юм.

Ингэж зуурч элдсэн гурилтай хоол амттай сайхан хоол байдаг юм. Гэхдээ энэ амаргүй хэцүү ажил байсан. Би гурил зуурч элдэх гэж бүтэн хоёр цаг орчим хөлс, нустайгаа холилдоно. Тэгэж тэгэж нэг юм болдог байсан.

Нэг удаа хэрэг гарлаа...

Би оройн хоол хийх гурилаа шингэн зуурч элдсэн байв. Яагаадыг мэдэхгүй байв. Би уг нь зуурдагаараа л зуурсан. Гурил өөрөө л шингэн болсон байсан юм. Тэгээд айлын эгч орой ажлаасаа ирээд бөөн факт болсон. Эгч намайг хараагаад, загнаад арай л зодоогүй...

-Ийм юм хийж байхдаа яадгийн. Чи ямар нохойд хоол бэлдээв? Аан... гээд л загнаад зандчаад байлаа. Би яахав. Хэргийн эзэн. Хий дэмий л бүлтэлзэж бөндчөөд... Хийх юм. Байх газраа олж ядаад л байсан санагдана.

Аав нь багадаа сонин хүүхэд байсан. Сонгинотой хоол идэж чаддаггүй хүүхэд байсан. Би нэг жижигхэн хөөрхөн бумбагар модон аягатай байсан. Оройд тэр аягаараа нэг сонгиногүй гурилтай хоол иддэг байв. Уг нь айлын эгч хоолондоо сонгино хийхээс өмнө. Надад нэг аяга сонгиногүй хоол тасдаж хийж өгдөг байсан юм. Энэ удаа эгч тэгсэнгүй. Надад сонгинотой хоол өгсөн. Би идэх гээд! Чадахгүй байсан. Огиод байсан. Идэхгүй байж бас болохгүй. Айгаад байлаа. Хоол голсон энэ тэр гээд сүйд болох гээд байдаг. Дэмий л идэж байгаа дүр эсгээд. Мах гурилыг нь түүж ялгаад сууж байв.

Эгч намайг хэсэг харж сууснаа... Ухасхийн босож ирээд. Миний аягатай хоолыг шүүрч аваад угаадастай хувин руу цацаж орхив.

Тэгээд тэр эгч:

-Дургүй бол боль чи! Хоосон хоно! Энэ тэр гээд загнаж гарлаа.

Айлын ах дугуй суугаад байв. Зуухны хажууд хоолоо идэх аядаад дуугүй суугаад байлаа.

Аав нь яах билээ. Айл хэсэж. Амь зууж яваа арван настай бяцхан хүү шүү дээ. Би тэрүүхэндээ чимээгүйхэн мэгшин уйлав. Доошоо тонгойгоод сэмхэн уйлж суулаа.

Эгчийн уур улам бүүр ихсээд.

Босч ирээд.

-Үхсэндээ чи үйлаав? Муу ёрын хог. Новш! Гар зайл чи! Гээд. Намайг хоёр гурав нудраад авлаа.

Энэ удаад айлын ах тэссэнгүй. Аягатай хоолоо үүдэнд байдаг түлэнхий савруу явуулж орхив. Паад! Хийгээд л...

Үүдээр нэг хоол. Аяганы хагархай. Бөөн факт!!! Гайтай тэр нэг шингэн зуурсан гурилнаас болсон явдал. Энэ явдлаас болоод. Эгч гэртээ буцаж. Ах бид хоёр үлдлээ.

Тэр хоёр залуу хүмүүс байсан юм. Хүүхэдгүй айл байлаа. Тэгээд дараа нь би хичээлээ тараад. Ахын ажил дээр очдог болов. Ах яваад ирж бай. Гэсэн юм. Айлын ах бид хоёр гуанзанд хоололдог болсон. Ах миний идэх дуртай хуушуур авч өгнө. Дажгүй сайхан байлаа.

Айлын ахынхаа машинд суугаад л... Бас болоогүй ээ. Гуанзанд орж хуушуур иднэ.

Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Долоо хоногийн дараа. Айлын ах эгч хоёр сайндаад. Айлын эгч гэртээ эргээд ирсэн. Тэгээд аав нь ээж дүү нар дээрээ гэртээ буцаж ирсэн юм. Гэртээ сайхан байсан. Хоосон ч гэлээ сайхан. Ээжтэйгээ, дүү нартайгаа хамт. Айх ичих юмгүй дураараа.

Аз жаргалтай сайхан байлаа.


Тэгэхэд аавынх нь ээж цэцэрлэгт угаагч хийдэг байсан юм. Ээжийн цалин сард 240 төгрөг байсан. Зургаан хүүхэдтэй долоон ам бүлд яагаад ч хүрэлцэхгүй. Нэг хүн нэг хоногт 1 төгрөгөөр амьдрана гэсэн үг. Одооны ханшаар бол 1000 төгрөг. Яаж ч чармайгаад 1000 төгрөгөөр нэг хүн нэг хонохгүй шүү дээ. Тэгээд. Ээж минь арга ядахдаа биднийг айл айлд суулгадаг байсан юм билээ. Ээж минь бидэнд: Ажил хийж айлд байна гэдэг нэг их хэцүү юм биш шүү дээ. Үүнээс ч их хэцүү. Орчлон ертөнцөд олон бий шүү! гэж аргадаж, хэлж сургадаг байсан юм.

Тиймээ. Миний хүү. Миний охин. Орчлонд хэцүү юм олон бий шүү!

Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?


Гурав:

Тэгэхээр аав нь чамд юу гэж хэлэх гээд байнаа гэхээр: Ийм юм.

Миний хүү. Чи ертөнцийн элдэв олон явдлыг буруутгаж битгий хар. Ойлгож ухаарч хар. Гэх гэсэн юм.


Миний хүү. Чи ертөнцийн элдэв олон явдлыг буруутгаж битгий хар. Ойлгож ухаарч хар. Гэх гэсэн юм.

Өнгөрсөн юмыг битгий их бодож бай. Өнгөрсөн зүйлийг орхи. Хая. Хэрэгтэй хэрэггүй юмаар хүнийг битгий их гомдоо. Хүний амьдрал богинохон шүү. Гэж хэлэх гэсэн юм. Хоосон байх хамаагүй. Дүүрэн байх бас хамаагүй. Дүүрэн байвч хоосон болдог. Хоосон байж л дүүрэн болдог. Хорвоогийн жам ёс.

Тийм учраас. Миний хүү. Чи бие сэтгэлээ хоосон байлга. Биеийн амрыг бүү хар. Буруу муу юмнаас хол бай. Гэх гэсэн юм.

Зовлон гуниг гэж байдаггүй юм. Тэр энд байхгүй. Тэр бол хоосон. Тийм учраас. Түүнд бүү итгэ. Тийм учраас. Түүнийг битгий дэмж. Битгий эсэргүүц. Түүнээс хол алх. Тэгвэл тэр өөрөө алга болноо. Тэр цагийг хүлээ. Гэх гэсэн юм.

Чи ийм бай. Ингэж амьдар. Гэх гэсэн юм.

Тийм хүн амьдралаас үл зууралдана. Тийм байж хүн юунаас ч үл айна. Тэр төөрөгдөлд үл автана. Түүний үйлдэл нь оршихуй байвч. Мөн чанар нь хоосон байдаг юм. Гэх гэсэн юм.

Миний хүү. Чи ээжийнхээ зөөлхөн, дулаан инээмсэглэлийг. Санаж бай. Ухаарч ойлго. Бодож тань. Эцгийнхээ хатуухан бодлыг бас эргэж хар. Ухаарч бод. Ургах нарны шинэхэн туяа, солонгын долоон өнгийг ажиглаж бай. Харж бай. Байнга харахыг хичээ. Унтаж буй үрийнхээ зулайг үнсэж үнэрлэ. Халамжит сайн ханийнхаа үгийн бүтэн сонс. Ингэж амьдар. Ийм байж чад.

Энэ бол эр хүний эрхэм дээд чанар мөн. Энэ бол тэнгэр мэт. Оршихуйн зүй тогтол мөн. Гэж хэлэх гэсэн юмаа.

Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?


Бээжин хот.

2015 оны 4 дүгээр сарын 12-нд