Хулгайтай ингэж тэмцэхгүй ээ, Хууль зүйн сайд аа!
Өнгөрөгч пүрэв гаригт ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамирын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Уг ярилцлагад “хулгайн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн гадаад паспорт дээр тэмдэглэгээ хийх” тухай ярьсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь албаны түвшинд яригдаж эхэлсэн асуудал. Хэзээ мөдгүй албан ёсны шийдвэр гараад хэрэгжиж эхлэнэ ээ гэсэн үг.
Ингэх болсон шалтгаанаа гадаад оронд манай иргэд хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэж, улс орны нэр хүнд унаж буйтай холбон тайлбарласан байна. Тухайлбал, Өмнөд Солонгос улсад Монгол Улсын 1021 иргэн хүн гэмт хэрэгт холбогдсоны 67 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Өнгөрсөн хугацаанд Монголын 40-60 орчим мянган иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсоны 75 хувь нь хулгайн гэмт хэрэг байсан гэв.
Өөр бас нэг тоо баримт дуулгахад, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын цахим хуудсанд тавигдсан судалгаанаас үзвэл 2012 оноос хойш сүүлийн 7-8 жилд Монгол Улсад үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн тоо ч гэсэн тогтмол өсөлттэй явж ирсэн байна. 2012 онд 990 хэргээр буюу 18.8 хувь, 2013 онд 25.8 хувь, 2014 6.8 хувь, 2015 онд 8.8 хувь, 2017 онд 34.8 хувиар тус тус өссөн байна. Шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2018 оны зургадугаар сарын 1 хүртэл нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд хулгайн гэмт хэргийн 35397 гомдол, мэдээлэл хүлээн авч, 8390 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн хэрэгжих цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийн гаралт жил ирэх бүр өсч байсантай адил 2015 оны Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхэлснээс хойш ч мөн л өссөөр иржээ. Энэ нь хулгайн гэмт хэргийн гаралтад Эрүүгийн хууль дахь ялын бодлого (ялыг чангаруулсан нь) нөлөөлөхгүй байна гэсэн үг. Харин үүнээс илүү нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал буюу ядуурал, ажилгүйдэл хулгайн гэмт хэргийн гол шалтгаан болж байна гэсэн байна. Хулгай хийж байгаа этгээдүүдийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй байдгаас учирсан хохирлын 93.9 хувь нь нөхөн төлөгддөггүй болохыг судалгаанд өгүүлжээ.
Гэвч энэ бол илэрсэн гэмт хэргийн тухай. Илрээгүй гэмт хэрэг гэтэл хэд хичнээн билээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан гэмт хэргийн статистикээс харвал 2017 онд 32.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн (10 хэрэг тутмын 6 нь өмчийн эсрэг буюу хулгайн, 3 нь хүний эрүүл мэндийн эсрэг буюу танхайн гэмт хэрэг байв), илрүүлэлт 35,6 хувь гэсэн байна. Энэ бол статистикийн мэдээ. Харин бодит байдал дээр гэмт хэргийн илрүүлэлт 20 хувь руу орсон гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Ирэх он гэхэд бараг 10 хувь руу буух байх гэлцэж байна. Учир нь манайд гэмт хэрэгтэй тэмцэх хүн хүчний нөөц болон техникийн боломж бүрэн шавхагдсан.
Дүүрэгт ажиллаж байгаа нэг мөрдөгч гэхэд сард 150-160 хэрэг шалгаж шийдвэрлэх ёстой. Ажлын тав хоногоор тооцвол хоногтоо 7-8 хэрэг шийдвэрлэх ёстой болж байна шүү дээ. Тэгээд тэр мөрдөгч нар нь бүгд гар хоосон. Хууль сахиулах сургуулийн нэг багш цагдаагийн ажилтнуудад хичээл оржээ. “Та нараас эд зүйлсээ хулгайд алдаж байсан хүн байна уу?” гэж асуухад анги 100 хувь гараа өргөсөн байна. “Энэ талаараа цагдаад гомдол гаргасан уу?” гэхэд 98 хувь. Эд зүйлээ буцаан олж авсан хүн байна уу? гэхэд харин нэг нь ч гараа өргөөгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын албан хаагч нар нь хүртэл гэмт хэргийн хохирогч болчихсон. Тэгэхээр гэмт хэргийн илрүүлэлт “0” хувь руу явж байгаа гэдэг нь үнэн болж байна.
Одоогоос арван жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж гуайн гэрт хулгай оржээ. Түүнийг гэр бүлээрээ гадаадад явсан хойгуур гэрт нь хулгай орж алтадсан болон мөнгөн аяга 76 ширхэг (ихэнх нь түүнийг УИХ-ын дарга, Цэцийн дарга болоход бэлэглэсэн, “Ж.Бямбадоржид дурсгав” гэсэн бичигтэй байсныг дурьдах хэрэгтэй байх), мөнгөн хэт хутга хоёр, "Асеr" маркийн нотебүүк, "Luger" маркийн гар буу, дөрвөн ширхэг сум, Турк улсад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй нэхий дээл, Ногоон Дарь-Эх бурхан алдагдсан байна. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний тэн хагас нь ажиллаж, дөрөв хоногийн дотор хулгайчийг барьсан байдаг юм. Цагдаагийн байгууллага хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгч, нууцыг чандлан хадгалахаа амласан байдаг. (Одоо ч гэсэн тэр хэргийн талаар интернэтээс хайгаад үзэж болно) Тэгэхээр цагдаагийнхан ажлаа хийе гэвэл бас хийдэг байх нь. Харин жирийн иргэдэд тийм үйлчилгээ байхгүй л дээ. Яагаад вэ? гэдгийг дээр хэлсэн.
Бас нэг эх сурвалжийн хэлснээр манай цагдаагийн байгууллага саяхан Хятадын талаас “хэргийн газрын үзлэгийн цүнх 100 ширхэгийг өгөөч ээ” хэмээн гуйсан байна. Хэргийн газрын үзлэгийн цүнх гэдэг нь нөгөө кинон дээр гараад байдаг, хэргийн газар дээр үзлэг хийхдээ авч явдаг багаж хэрэгсэл бүхий цүнх л дээ. Хоосон чемодан биш. ОХУ-аас авахад нэг цүнх 26000-160000 рубль буюу хамгийн хямддаа нэг сая төгрөгийн үнэтэй. Тиймээс ихэвчлэн БНХАУ, ХБНГУ, АНУ-ын ЭСЯ, Японы “Жайка” байгууллагын шугамаар, заримыг нь буцалтгүй тусламжаар авч байсан. Харин одоо энэ цүнх манайд 102 дээр ганцхан ширхэг байдаг гэнэ. Гэхдээ тэрийгээ мэдээж хэргийн газар луу авч явдаггүй. Дээрээс дарга нар ирэхэд “ийм сайхан юм ашиглаж байгаа” гэж үзүүлэн болгож харуулдаг. Тийм байхад “хэргийн илрүүлэлт муу байна” гэж мянга яриад яах вэ дээ. Тэр хүмүүс ч гэсэн өрөөндөө хүн дуудаж байцаахаас өөрөөр ямар аргаар гэмт хэрэг илрүүлэх вэ?
Сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэг “бөмбөг” тэсэлсэн. Түүний “С.Зоригийн хэргийн холбогдогч нарт эрүү шүүлт тулгаж, хилсээр хэрэг хүлээлгэсэн” гэдэг мэдээлэл, эрүүдэн шүүсэн бичлэгийн тухай УИХ-ын гишүүдийн яриа аль хэдийн хил даваад, тив алгасаад дэлхийн сонорт хүрчихсэн. Иргэд нь хулгай хийдэг дээрээ нэмээд төр нь “эрүү шүүлт хэрэглэдэг” гэдэг муу нэртэй болсон. Дэлхий нийт Монгол Улсыг аль хэдийн “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чадамжгүй” гэсэн үл итгэх нүдээр харж байгаа.
Энэ хэрэг ид шуугиан тарьж байхтай зэрэгцээд “Х.Тэмүүжингийн оруулж ирсэн эрүү шүүлтийн сандал” гэж нэг мэдээлэл яваад байсан. Нэг бүр нь 372 мянган төгрөгийн үнэтэй нийт 150 сая төгрөгийн өртөг бүхий сандлыг аймгуудад (аймгуудын цагдаагийн хэлтэс болон сумдын хэсгийн төлөөлөгч нарт) тарааж өгсөн байсныг ХЭҮК-оос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд мэдээлж, тэр дор нь буцаан татах үүрэг өгсөн байдаг юм. 2012 онд Ц.Нямдорж сайдын үед ЦЕГ-ын дарга Ц.Сандаг-Очирын Хятадад захиалж авчраад гаалийн агуулахад хураачихсан байсан (Сайд нь солигдоогүй байсан бол Ц.Нямдорж өөрөө тараах байсан биз) сандлуудыг Б.Билэгт дарга (ЦЕГ-ын дарга асан) тараасан нь 2013 оны долдугаар сард илчлэгдсэн хэрэг.
Тэр үед Ц.Нямдорж сайд эрүү шүүлтийн эсрэг ингэж дуугараагүй л юм даа. (Хэрэв Ц.Нямдорж сайд унтаж байгаагүй бол Монгол Улс үүнээс бүр өмнө 2000 онд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцид нэгдээд орчихсон байв) Харин сая эрүүдэн шүүсэн бичлэгийн дараа “Эрүү шүүлтийн сандлыг Х.Тэмүүжин тараасан” гэдэг мэдээллийг захиалгатай нэлээд сайн явуулах шиг болно лээ.
Анх эхэлсэн сэдэв рүүгээ ороход Монгол Улсын хуулиар нэг гэмт хэргийн төлөө нэг л удаа шийтгэдэг. Тийм учраас өмнө байсан “ялтай байдал” гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиасаа авч хаясан. Үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ялаа эдлээд гараад ирсэн хүнийг “ялтай байдал” гэдгээр нийгмээс хавчиж, гадуурхаж, давхар яллаж болохгүй гэсэн санаа. Тийм байтал иргэдийнхээ паспорт дээр “хулгайч” гэсэн тамга дарж гадаад ертөнцөд сурталчлах, эрх зүйн байдлыг нь дордуулах ямар шалтгаан байгааг ойлгохгүй байна. Түүнийхээ оронд улаан гараараа гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хэдэн бор цагдаа нартаа ядаж тэр цүнхийг нь, шаардлагатай техник хэрэгслийг нь аваад өгчихдөг болмоор байна. Чадвал бас цалин хангамжийг нь нэмээд цагдаагийнхаа бие бүрэлдэхүүн, хүчин чадлыг нэмэгдүүлмээр байна. Тэгэхгүй, энд хулгайгаа илрүүлж чадахгүй байж тэнд яваа хүмүүст хар тамга дарах гэж яарах нь гал тавьчихаад өвсөнд шургаснаас ялгаа юун.
Гэмтэн болоод байгаа Х.Тэмүүжингийн үед ядахдаа “Цагдаагийн албан хаагчдын оронтоог нэмэхгүй бол гэмт хэрэгтэй тэмцэх хүч хүрэхгүй байна” гээд тэдний орон тоон дээр цалин авдаг байсан бөх тэх, урлаг соёлынхныг бүгдийг нь цэвэрлэж, дотоодын цэргийг татан буулгаад эргүүлийн цагдаа болгочихож байлаа. (Одоо гэвч бүгд эргээд байр байрандаа очсон л доо) Хууль зүйн сайд хүн ядаж ийм зүйл ярьдаг. Хулгай ч гэсэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллага нь Засгийн газар, Хууль зүйн яам. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй сайд нь урдах ажлаа хийхийн оронд шүүхээр ял шийтгүүлсэн хэрэгтнүүдэд хувийн өмгөөлөл хийгээд, улс төрийн хожоо хараад явахаар доор ажиллаж байгаа хүмүүс нь ямар итгэл үнэмшлээр гэмт хэрэгтэй тэмцэх вэ?
ШУДАРГА
буянаа
Зочин
үхэр халх
zochin
Зочин
Tsagdaa
bayar
Нямбуу
Зочин
зочин
Галбадрах
Зочин
Иргэн
yaandaa
Zochin
зочин
иргэн
HULGAICH
зочин