Төрийн гурван өндөрлөг болон ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний шинэ жилийн үг, илтгэлийг 4 дэх жилдээ тоймлож байна. Өмнөх тоймуудыг дараах холбоосоор орж уншаад харьцуулаад өөрсдөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. 

2021 оны тоймыг уншихыг хүсвэл ЭНД, 2022 оны тоймыг уншихыг хүсвэл ЭНД, 2023 оны тоймыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Ерөнхийлөгч

У.Хүрэлсүх ерөнхийлөгчид энэ хэлэх үгийг бэлдэж өгсөн хүнд би муу дүн тавина. Учир нь уг илтгэлд эдийн засагтай холбоотой хоёр тооноос (энэ хоёр тоо нь бас Ерөнхий сайд болон УИХ-ын даргын илтгэлт давтагдаж дурдагдсан) өөр ямар ч тоо баримт, статистик, хийсэн ажлын үр дүнг хэмжсэн үзүүлэлтүүд байсангүй. Орчин цагт мань хэдэд инфляцийг чинь “нэг орон”-той тоонд барьсан шүү, экспорт чинь “түүхэн дээд хэмжээ”-нд хүрсэн шүү гэж ярьж бичих нь доромжлол юм. Инфляцийн нэг оронтой тоог бүхэлчилбэл 1-ээс 9 хүрнэ. Энэ тоон утгын бутархай тоо болгон та бидний амьдрдалд шууд нөлөө үзүүлдэг. Экспортын түүхэн дээд хэмжээ нь хэд ч юм бүү мэд. Ер нь үүнээс цаашихийг та нар мэдээд ч хэрэггүй дээ гэж хэлж буй мессежтэй агаар нэг байв. 

Гадаад харилцааны оргил жил, Монголд авч ирсэн, Ерөнхийлөгч өөрөө явсан төрийн айлчлалуудын товч дүгнэлт, нийгэм, эдийн засаг, улс төрийн анализ, тоо баримт, шууд болон шууд бус нөлөөллийн судалгааг тоймлон үгээ хэлсэн бол тасархай илтгэл болох байлаа. Албаар хорлож буй аятай үгийг нь үнэхээр муу бэлджээ. Жил бүр алдаа, оноогоо цэгнэж гэж ярьдаг ч алдаа нь юу болоод тэрийгээ юу гэж дүгнэж цэгнээд байгаа юм, амжилт оноо нь юу болоод түүнийгээ улам бататгах гээд байгаа нь маш ойлгомжгүй байдаг. 

Төрт ёс, Чингис хаан, өв соёл, үүх түүх бла бла. Мэдээж монгол хүн бүр үүнийгээ үгүйсгэхгүй шүү дээ. Гэхдээ эдгээр үгсийг улиг болтол ашиглаж байна аа. Зарим хэсгийг нь нүдээ аниад сонсвол бараг түүхийн багшийн лекц сонсож байгаа юм шиг. Илтгэлийн дараа бараг хэдэн насаар хөгширсөн мэт хөгийн мэдрэмжийг авах юм. Эдгээр үгний үнэ цэнийг алдагдуулан алтал улиг болгон нуршихаа багасгаж, ирээдүйгээ ярьж бичдэг болмоор байна, бүс нутаг, олон улсын тавцанд хэрхэн байр сууриа бататгаж, тэлэх тухайгаа мэтгэлцмээр байна. 

Алдагдалгүй төсөв батлахад оруулсан хувь нэмрээ бараг өөрөө дурдсангүй. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд дурдсан байдаг Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүрэг буюу бизнесээр бол ажлын байрны тодорхойлолт дээр функцуудаа хэр биелүүлснээ тоо баримт буюу хэмжих нэгжтэй ярьсан бол ард түмэн бидэнд арай илүү буух байсан болов уу гэж сэтгэв. Хилчид, зэвсэгт хүчнийхэн, энхийг сахиулагчид, цэрэг цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтнуудад заншил ёсоор тусгайлан талархал илэрхийлэв. Гэхдээ үүнийг Путин бас хийдэг. Эдгээр хүмүүсийн цалин хангамжийг олгож, үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөцийг бүрдүүлдэг татвар төлөгчид, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын тухай ганц ч үг ган хийсэнгүй. 

УИХ-ын дарга


Д.Амарбаясгалан даргын илтгэл бас маш муу болжээ. Хууль тогтоох ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ядаж 11 байнгын хорооны ажлын товч тайланг сонсмоор байсан. 126 гишүүнтэй болсон гэдгээс өөр ямар ч тоо байсангүй. Хэмжиж чадахгүй бол удирдаж болдоггүй гэдэг үг байдаг. 126 гишүүн болон эмэгтэй гишүүдийнхээ тоогоор Ази тивд тэргүүлж эхэлсэн гэдэг статистикаар ажлаа дүгнүүлэх гээд ч байх шиг. Үгүй л дээ гүзээлзгэнэ минь. 

Нэг тодорхой хэлсэн зүйл нь шинэ УИХ ирэх дөрвөн жилийн стратегиа баталжээ. Тэр нь “нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” гэв. Угаасаа үндсэн хууль дээр амбасын үед заасан энэ үнэт зүйлийг 30 гаруй жилийн дараа стратеги болгож буй нь жаахан шоглоомтой биш үү? Хүн төвтэй гэж буй ч наад захын хүний эрх, ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй байх эрх алдагдаад олон жил болж байна. Яагаад Улаанбаатарын утаа, цахилгааны хомсдол, гэнэтийн тасалдал, замын түгжрэл, авлига зэрэг та бидний оршихуйд заналхийлэл учруулсан аюул, асуудлуудыг огт дурдсангүй вэ? Удахгүй хийх утааны сонсголын талаар дэлгэрэхгүй мэдэлэл өгч, амлалт авсан бол алга ташихаар байлаа.

Амны бэлгээс ашдын бэлгэ гээд худлаа бие биенээ хөөргөөд бид даргаасаа эхлүүлээд цэрэг хүртлээ асуудлаа ерөөсөө барьж авахгүй, асуудалтай огт тулж чадахгүй, тойроод л гөлөг шиг зугатаад байх юм. Энэ хэрээр үг ба үйлдлийн зөрүү нь улам ангайж байна. Утаа угаар, уур бухимдал, улстөрийн авлига, амьдралын чанарын доройтол дунд хүмүүс шинэ оноо угтахдаа өөдрөг сайхан хүсэл, итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байх байтугай зарим хүн мөрөөдөж ч чадахгүй болж байгааг эрхэм дарга та сэнтийгээсээ жаахан хазайгаад нэг анзаараад үзээрэй! 

Ерөнхий сайд


Хамгийн их тоо дурдагдсан нь Л.Оюу-Эрдэнэ ерөнхий сайдын энэ илтгэл байлаа. Эхлэл дээрээ 2024 биш аль амбасын үеийн түүх, сорилт бэрхшээлүүдийг сөхөн гаргаж нуршсан нь “амаргүй” гэдэг үгээ арай өөр өнцгөөр тайлбарласантай агаар нэг байв. 2025 оныг угтаж буй шинэ жилийн мэндчилгээнд Ковид цар тахлийг ярих нь яг л бөөсний үлгэр мэт сонсогдож байлаа.

Ардчиллын хоёр дахь давалгаа гэдэг үгээр хийж буй ажлаа тоймлосон нь логиктой уншигдсан ч бүлэглэж ойлгомжтой базагдсангүй. Энэ үгийг өнгөрсөн жил анхлан хэлж байсан бөгөөд 2 дахь жилдээ давтаж байна. 14 мега төслийнхөө хэрэгжилтийн статусыг товч дурдаж, эхлүүлсэн ажлууд нь нийгэмд, эдийн засагт ямар бодитой хувь нэмэр оруулж буйг тоон баримтаар хэлсэн бол илүү хүнд хүрэхээр гэж бодогдов. Товчхондоо юуг, яаж хийж буйгаа тайлангасан болохоос бус яагаад хийж байгаа талаар хангалттай мэдээлэл авсангүй. Яагаад гэдэг асуултын цаана бид асуудлаа зөв оношилж, нээлттэй мэтгэлцэх хаалга нээгддэг. 

Тухайлбал, шинэ өмнө өмнөхөн иргэдийн дансанд орсон бэлэн мөнгөний асуудал дээр мэргэжлийн байгууллагууд нь мэдэгдэл гаргасан байхад Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд заавал хариулт өгөх ёстой байсан. Өнгөрсөн жил он солигдох мөчид Ерөнхий сайд “ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хэлж байв. Энэ үгийг тухайн үед яг хэнд зориулж хэлснийг ойлгоогүй. Одоо ч ойлгоогүй явна.

Харин “Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно” гэж хэлсэн нь маш сонирхолтой бөгөөд чухал агуулга байлаа. Бараг бүх компани, бизнес эрхлэгчид эдгээр татвар дээр шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагааг нь хязгаарлаж, өсөлт хөгжлийг нь боомилж байна гэж олон жил ярьж байгаа. 2015 онд гаргах галтай олон шийдвэрүүдээ дурдаад хэлчихсэн бол “өнгөрсөн 30 жил”-ээс заримыг нь ялгаж хармаар санагдсаныг нуун юун.

Дүгнэлт:

Товчхондоо, шинэ парламент эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон гэдгийг төрийн 3 өндөрлөг бүгд шинэ жилийн мэндчилгээ дээрээ онцолжээ. Энэ нь манай нийгэм, эдийн засаг, улс төрийн ололтыг хэмжих нэгж болсон юм уу эсвэл олон улсад өгч буй мессеж юм уу ойлгосонгүй. Мэдээж хүйсийн тэгш эрх, тэнцвэртэй байдал чухал хэдий ч утаа, тасардаг тог, замын түгжрэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буйгаа энэ гурвын хэн ч дурдсангүй. Бас уул уурхайн салбарыг ч энэ жил үгэндээ огт оролдсонгүй. Сүүлийн 30 жил гэж бас хэлсэнгүй. Энэ нь сайны ёр уу, эсвэл муугийн ёр уу бүү мэд!

Жич: Дарга нар дараа жилийн хэлэх үгээ бэлдэхдээ ChatGPT, Gemini, Copilot ашиглаад үзээрэй. Зарим нэг зөвлөхөөс чинь дээр байж магадгүй шүү.

ОХУ

New Year Address to the Nation.

Ерөнхийлөгч Путины шинэ жилээр хэлдэг үгийн текст нь миний анзаарснаар жил ирэх тусам багасч байна. Энэ жилийн асар товчхон болжээ. 4 жилдээ дарааллан эв нэгдэл гэдэг үгийг онцолж байна даа. Амбицтай том зорилго тавиад эв нэгдэлтэй байсны хүчинд зорилгодоо хүрсэн л гэнэ. Тэр нь яг ямар зорилго гэдэг дээр тоо баримт байсангүй. Санаа зоволтгүй ээ, бүх зүйл сайхан болно оо гээд аргадсан хэлбэртэй илтгэлийг сонсохоор нэг бодлын өрөвдөх шиг. 

Ерөнхий илтгэлийн агуулга нь манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тун төстэй. Ирээдүй бараг яриагүй, өнгөрсөн түүх, уламжлал, амбасын үеийн гавъяагаа улиглан магтсан, тоо баримт, хэмжих нэгж маруухан, нэмээд төгсгөл нь бүр яг адилхан.

БНХАУ


Жил бүр Ши ерөнхийлөгчийн шинэ жилийн илтгэлийг сонсоод ам ангайдаг. Үгийг нь мундаг хүмүүс бэлддэг байх. Нэг тийм шүлэг эсвэл хөнгөн өгүүлэл уншиж буй мэт мэдрэмж төрдөг. Энэ жил ч мөн адил хятадууд сансар эрхэс, гараг огторгуй, тэнгис далайг эзэгнэж хүн хүрч байгаагүй тэнгис далайн гүнд өрөмдлөг хийсэн, мөсөн туйл Антарктидэд станцуудаа байнга ажилуулж эхэлснээр гадна сарны цаад харанхуй талаас дээж авч ирсэн гээд яг л зөгнөлт кино шиг зүйлс хүүрнэв юм. Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, чип, цахилгаан машин, квантум компьютер гэдэг үгсийг Хятадын Ерөнхийлөгч манай томчуудын улиг болтлоо хэлдэг өв уламжлал, ёс заншил, үүх түүх гэдэг үгсээс бараг илүү хэллээ дээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй бодитой тэмцэж, аюул эрсдэл учрахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр хүчээ нэмнэ гэж хэлснийг тодотгох ёстой. Мөн хуучин зүгээр л хөгжил буюу development гэж ярьдаг байсан бол одоо өндөр чанартай хөгжил буюу high quality development гэж хятадууд ярьж бичдэг болжээ. Энэ нь хөгжлийг зөвхөн эдийн засаг буюу мөнгөөр хэмжихгүй гэсэн үг. 

Хятад том гүрний хувьд дэлхийн засагслалын реформыг сайжруулж, Global South буюу дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгт оршдог хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гээд маш тодорхой мэдэгдэв. Global South орнууд гэдэг нь нийгэм, улс төрийн төстэй бүтэцтэй Ази, Африк, Өмнөд Америк, Карибын тэнгис болон далайн орнуудыг хэлдэг. Гэхдээ эдгээрт Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд улс багтддаггүй. Энэ бүс нутагт Монголд ордог. Хятад үүгээр зогсохгүй Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг, BRICS (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк), APEC (Ази, номхон далайн 21 улс), G20 (Европын холбоо, Африкийн холбоо болон өндөр хөгжилтэй 19 улс) холбоодоор дамжуулан дэлхийн тогтвортой байдал, даян дэлхийн энхтайвны үйл хэрэг зүгээр нэг оролцох биш манлайлна гэдгээ дахин мэдэгдэв. 

Хятадууд 2025 онд 14 дэх 5 жилийн төлөвлөгөгөө хэрэгжүүлж дуусах нь ээ. Энэ төлөвлөгөөний дагуу бие даасан буюу бусдаас хамаарал багатай эдийн засаг, шинжлэх ухаан ба технологийн хөгжил, эдийн засаг ба нийгмийн хос хөгжлийг цогцлоон бататгах учиртай. 

Дээрх бүх том том стратеги, үйл ажиллагааны туйлын зорилго нь ердөө “хятад хүнийг аз жаргалтай болгох”-ын төлөө ажээ. Учир нь боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж тэгш боломж, хүн бүрт хүртээмжтэй хөгжил ирнэ ээ гээд онцолжээ. Эцэст нь мэдээж нэг улс, хоёр систем бодлогоо хэлэхээ мартсангүй. Тайванийг зүгээр орхиорой гээд америкчуудад шууд бусаар хандсан байна. 

Товчхондоо, ОХУ-ын тэргүүн ард иргэдээ дотооддоо эвлэрэн нэгдэхийг тасралтгүй уриалж буй бол БНХАУ-ын тэргүүн дэлхийг холбохоор зогсолтгүй манлайлж байна.