- Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан.
гээд хэлчхэд л өнөө цагт олон хүн дуугаа хураан хүлээн зөвшөөрдөг болж.
Гэтэл ерөөс шинжлэх ухаан гэж юу вэ? Юуг шинжлэх ухаан, юуг шинжлэх ухаан биш гэж заагладаг юм бэ?
Хүн төрөлхитөний хувьд энэхүү зааг шугам хэрхэвч анхнаасаа илэрхий ойлгомжтой байсангүй.
Энэ удаад шинжлэх ухааны зааг тогтоолтын асуудлын түүхэн өрнөлийг хялбаршуулсан байдлаар хүүрнэж өгье.




1. Индукцийн арга

1600-аад оны үед Английн Francis Bacon-ы дэвшүүлсэн "Шинжлэх ухааны тухай үзэл" юм.
Товчхон тайлбарлавал:
- Бодит факт нэг бүрийг цуглуулаад, бүгдэд нь байх нийтлэг хамаарлыг олж илрүүлээд, түүнээсээ хэзээд үнэн гэсэн ерөнхий дүрэм, шинж чанарыг мөрдлөг болгон гаргах
тухай санаа.

Жишээ нь, бүх дэлхийгээр хэрэн хэсч, хэрээ ямар өнгөтэй болохыг асууж сураглаад ирлээ гэе.
Тэгтэл "Хэрээ хар өнгөтэй" гэсэн факт л ажиглагдсан байвал
- Хэрээ бол хар өнгөтэй шувуу юм
гэсэн мөрдлөг гаргаж болно.
Ингэж гаргаж авсан "Хэрээ бол хар" гэдэг мөрдлөг нь, ажигласан фактын тоо их байх тусмаа улам найдвартай болж, улам баталгаажиж, улам нийтэд хүлээн зөвшөөрөгдөх учиртай.

Энэ санаа нь тэр үеийн хүмүүст гайгүй ойлгомжтой санагдсан тул Bacon улам оодорч
- Чухам л индукцын аргаар шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй
маягийн юм хэлэв.
Нэг ёсондоо
- Шинжлэх ухаан бол, зөвхөн бодит факт болон туршилтан дээр тулгуурлан хөгжих ёстой!!!.

Үүнийг сонсоод аягүй бол та ингэж бодож магадгүй юм.
- Мэдээж шд. Өөр тэгээд яах юм?
гэж.

Гэвч, бодит үнэнийг өгүүлбэл, Bacon-оос өмнөх шинжлэх ухаан нь эрх мэдэлтнүүдийн үндэслэлгүй туйлширсан үзэлд нэвт автсан, эсвэл эртний цуу яриагаар дүүрсэн эрээвэр хураавар шар сонин шиг эд байсан юм. Суут Аристотелийн тааж буудсан
- Хүнд биет хөнгөн биетээс хурдан унадаг
гэсэн бодит үндэслэлгүй өнгөц сэтгэгдлийг хүн төрөлхтөн 2000-аад жилийн турш эргэлзэлгүй итгэж ирсэн байдаг.

Bacon тэрхүү худал хуурмагийг нэг амьсгаагаар цэвэрлэн ялгаж, оригинал шинжлэх ухаантай болъё гээд чадлаараа зүтгэл гаргаж л дээ. Үр дүн ч гарч, тухайн үеийн олон хүн ам сайтай хүлээн авч байв. Үнэхээр ч индукцын арга бол товхийсэн логиктой, тухайн үедээ эргэлт гаргахуйц санаа байж, хожмын шинжлэх ухааны тойм төрхийг тодорхойлж чадсан билээ.

Өнөөгийн ердийн хүмүүсийн төсөөлдөг тэрхүү "шинжлэх ухаан"–лаг сэтгэлгээ гээч нь гол төлөв Индукцын арга байдаг болов уу.
Индукцын аргад тулгуурласан шинжлэх ухаан урамтай сайхан хөгжлөө. Хүн төрөлхтөн тийнхүү эрх мэдэл хийгээд шашны гажсан ухуулгаас эгнэгт чөлөөлөгдөж, ертөнцийг таних хүчирхэг зэвсгийг арай гэж гартаа оруулж чадсан!!!

...юм шиг санагдлаа.

2. Индукцын арга дахь асуудал

Гэвч баярлах эрт ажээ. Цагийн урсгалд индукцын арганд тулгуурласан "Шинжлэх ухаан" нь олон тооны дутагдалтай болох нь илэрч эхлэв.

Юу гэхээр инукцын аргаар бол "Онолыг бататгах факт олон байвал, шинжлэх ухаанлаг онолд тооцогдох" учиртай боловч эсрэгээр нь хэлбэл
- Ямар ч хүчиндмэл хулхи онол бай, тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулж чадах л юм бол шинжлэх ухааны босгыг давчих юм.

Жишээ нь
- Газар хөдлөлтийн өмнө ноход гасалдаг.
гэсэн гэнэн санаа ч бай
- Нохой гаслалаа → газар хөдөллөө
гэсэн санамсаргүй хэдэн тохиолдол цуглуулчих төдийд л тов хийсэн шинжлэх ухааны онолд тооцогдоод явчих жишээтэй.

Иймэрхүү байдлаар, хачин маниак шизотнуудын галзуугийн тэмдэглэлээс авахуулаад, зальтай сэтгэл судлаач эдийн засагчид мэт нь өөртөө тааруулж хэдэн материал цуглуулчаад "Шинжлэх ухааны аргаар батлагдсан онол" гэж улаан цагаангүй гүрдэх болов.

Түүгээр ч зогсохгүй төдийг хүртэл мөрөөрөө
– Бидний сургааль туйлын үнэн тул оюун ухаанаар хэмжихийн эцэсгүй. Тиймээс үг дуугүй л итгэцгээ
маягаар тулгадаг байсан нөгөө шашны ухуулагч нар
– Бидний шашин шинжлэх ухаанаар батлагдсан шашин шүү, найдвартай
гэлцэн рекламдах болов (Ер нь хүмүүс бодьтойхон жишээ аваад тайлбарлачихад баргийн юманд итгэчихдэг юм л даа).

...Ёстой нэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болов. Уул нь жинхэнэ шинжлэх ухааныг шигшиж, хуурамчийг нь цөөлөх зорилготой байсан атал, хуурамч нь цөөрөх байтугай харин ч үржээд ирэх нь тэр.

Асуудал үүгээр зогссонгүй. Дайран дээр давс болж, тэр үед Евклидын бус геометр (Дэлгэрэнгүйг эндээс) гээчийг олж нээснээр "Дотоод зөрчилгүй онол хэдийг л бол хэдийг зохиож" болдгийг ойлгож авав.

Хичнээн, харахад хулхи ч, 5 алхаад өөртөө ороолцолдоод өнхөрөөд өгдөг ядмаг санаанууд бус, яаж ч нарийвчлан шалгасан дотоод зөрчилгүй тов хийсэн хулхи онолууд ч байх тул, индукцын шүүлтүүр маань тунчиг хүнд нөхцөлд доголдолтой ажиллах болов.

Ингэж гурвалжин дөрвөлжин хэрэлдэж байхаар, зүгээр л онолын үнэн худлыг ухаантай хүмүүсээр шүүлгэчье гэвэл буцаад л бурангуй үедээ очсон болчих гээд байдаг.

– Хулхи шинжлэх ухаан, жинхэнэ шинжлэх ухаан 2–ыг хэрхэн ялгаж зааглах вэ?
– Бид хулхи жинхэнэ хоёрын дунд зөв зааг шугам татаж өгөх хэрэгтэй...


Үүнийг шинжлэх ухаан дахь Зааг тогтоолтын асуудал (Demarcation problem) гэдэг.

Энэ үеэр дээрх асуудлыг хараад
– Наад хэцүү асуудлаа бидэнд даатгачих
гэсээр уур амьсгал уншсан хэдэн нөхөд гарч ирсэн нь, Веннийн их сургуулийн философийн багш нараар толгойлуулсан Веннийн бүлгэм (Vienna Circle) байлаа...

3. Логик гаргалгааны үзэл

Веннийн бүлгэм, хулхи болон оргинал шинжлэх ухааны дундуур татах зааг шугам болгож Логик гаргалгааны үзэл (Logical positivism) гээчийг дэвшүүлэв. Тэдний санааг энгийнээр тайлбарлавал
– Харахад хичнээн адармаатай толгой эргүүлсэн онол байлаа ч, эцсийн эцэст бүх яриа "А бол В юм" гэх мэтийн богинохон өгүүлбэрүүдээс бүтсэн байдаг.

– Онол гэдэг бол тэдгээр нэгж өгүүлбэрүүдийг хооронд нь "ба (∧)", "эсвэл (∨)" "бол (⇒)" гэх мэт логик хамаарлаар холбогдож бүтсэн зүйлийг л хэлнэ. Тэгэхээр ямар ч онолыг "факт А ∧ факт В ⇒ факт С" маягийн хэлбэрт оруулан илэрхийлж болно.
гэсэн санаа юм.

Тэгэхээр ямар ч онол бай, Логик гаргалгааны үзэлтнүүдэд өртөх л юм бол, юу ч гүй болтлоо зорогдож орхих аж. Тэрхүү зорсон үртсүүдээ дээрхийн адил томьёо хэлбэрт оруулаад цэгцлээд авчихвал, заа тэгээд асуудал ерөнхийдөө шуударч байгаа нь тэр.
Цэгцэрсэн онолынхоо факт нэг бүрийг "бодит факт мөн үү? туршилтаар батлагдсан уу?" гээд шалгаад явахад л үнэн худал нь ерөнхийдөө гараад ирнэ. Мэдээж дотор нь нотлогдоогүй факт цохиж явбал
– Өө хөөрхий, Энэ онол чинь, үүн дээр харанхуй туучижээ.. Энд нь логик үсрэлт байна. Тэгэхээр хулхи онол байна аа... Таны уран сэтгэмж байжээ...
гээд л гардуулчих юм.

Дашрамд хэлэхэд энэхүү Логик гаргалгааны зарчим нь ер юун дээр ч авч ашиглах боломжтой тул, заавал шинжлэх ухааны онол гэлтгүй, аавын үглэл... улс төрийн популизм... шашны сургааль..., ер бичгээр илэрхийлж болох бүхий л зүйлийг нарийвчлан нягталж болдог универсал эд билээ.

– Ёстой нэг суутнууд л бодож олдог санаа байна даа, гайхалтай. Нээрээ ч үүнээс илүү нарийвчлал гэж юу байх вэ. Сэтгэл хөдлөл, буруу ойлголцол энэ тэр үүсэх ямар ч боломжгүй. Сайхааан сайхан...

Ийнхүү Веннийн бүлгэмийн хувьсгалт тэмцэл эхлэв.
– Гараа өргө, бүү хөдөл. Веннийн бүлгэм байна. Үнэн худлыг шүүж явна. Яалаа яалаа гэнээ? Газар хөдлөхийн өмнө нохой хуцдаг гэв үү? Алив шалгуул... Байз байз!!! Энэ факт нотлогдоогүй байна. Энд ч логик үсрэлт байна. Яалт ч байхгүй хулхи онол байна. Муу хулхи онол... түс тас... дшш дшш... Алив дараагийн онолыг оруул... Гараа өргө, бүү хөдөл...
гэсээр Веннийн бүлгэмийн хээрийн шүүх онол болгоныг шүүн тасалж, хулхи болгоныг нь буудан цаазалж гарав.

Нэгэнт ийм найдвартай шүүхтэй болсон тул бусад эрдэмтэд сэтгэл хангалуунаар
– Гайхалтай... урамтай ажиллаж байна даа.. Заа хө, хэдүүлээ юу хийх үү? Жаал гарч цай ч болтугай уучаад ирэх үү дээ хө?
гэлцэн түрхэн зуур шинжлэх ухааны ертөнцөөс хөндийрөн алжаалаа тайлаад буцаад ирэв ээ...

... Тэгтэл ...Байдал нэгэнт орвонгоороо эргэсэн байв. Учир замбараагүй олон онолоор чихэлдэж байсан заалан дотор, гартаа Логик гаргалгааны зарчим барьсан Веннийн бүлгэм л ганцаараа сууж байх нь тэр.

– Юу..., уучлаарай, нөгөө... шүүх ажиллагаа дууссан болов уу?
– Дууссаан.
– Аан за. Тэгээд..., нөгөө хулхи онолуудыг бүгдий нь ялгаад буудчихсан уу?
– Тэгсэн.
– Заа ашгүй дээ, ёстой баярлалаа. Ингэхэд тэгээд амьд үлдсэн жинхэнэ онол нь хаана байгаа юм бол?
– Нэг ч жинхэнэ онол үлдээгүй. Бүгд хулхи юм билээ. Бүгдий нь цааш нь харуулсан.


Ийнхүү шүүх ажиллагаа өндөрлөсөн байлаа.

4. Логик гаргалгааны үзэл дэх асуудал

Юу гээч нь болчоо вээ?
Логик гаргалгааны зарчмаар нарийвчлан асуудалд хандвал, харьцангуйн онол нь байна уу, квант онол нь байна уу, бүгд хулхи онолд тооцогдон хоосон яриа болох аж.

– Хулхи шинжлэх ухаан, жинхэнэ шинжлэх ухаан хоёрын хооронд зааг байхгүй. Бишээ, ер нь жинхэнэ шинжлэх ухаан гэж байхгүй. Байгаа нь бүгд хулхи шинжлэх ухаан
болж таарна. Тэгэхээр
– Pseudoscience уу? тэрэнд итгэдэг хүнийг мухар сүсэгтэн л гэдэг байх
гэж хэлэнгээ, өөрийнхөө сургуульд сурч мэдсэн шинжлэх ухаанаа жинхэнэ гэж боддог хүн байвал "Түүх мэддэггүйн хөдлөшгүй баримт", "үсгүй сармагчин", "ичмээр дамшиг" гээч нь л болдог байх.

Ингэхэд тэгээд юу нь болохгүй байсан юм болоо?
Хэрэвзээ Логик гаргалгааны зарчимд дутагдал бий гэж үзэх юм бол, тэр нь хэт нарийн шалгадаг явдал гэж хэлж болно.
Үнэхээр ч, ултай суурьтай шалгаад үзэх юм бол бүхий л онол худал байдаг.
Үүнийг элдэв нуршаагүй, энгийнээр тайлбарлавал
– Хичнээн ч туршилт хийж, ямар ч бодит факт дээр үндэслэсэн бай, ерөнхий тохиолдлын баталгаа хэзээ ч болохгүй.
Ердөө л энэ. Жишээ нь "Энэ хэрээ хар өнгөтэй байна" гэдэг факт сая удаа живаа удаа бүртгэгдсэн ч бай, "Бүх хэрээ хар өнгөтэй" болдоггүй л байхгүй юу. Живаа нэг дэхь хэрээ цагаан өнгөтэй байх ч юм билүү, яаж мэдэх юм, ямар ч баталгаа байхгүй... дуусаа...

Тэгэхээр асуудал юундаа байна вэ гэхээр
– Бид хичнээн ч туршилт фактанд тулгуурлаж яриад "ерөнхий тохиолдлын" тухай ярих боломжгүй...
– ... атал, шинжлэх ухаан гэдэг бол "ерөнхий тохиолдолын" тухай л онолддог.


Жишээ нь
– (Бүх) Масстай биетүүдийн хооронд харилцан татах хүч үйлчилдэг.
– (Бүх) Биетүүд Ньютоны динамикийн хуулиар хөдөлдөг.

гэх мэт...
Нэг ёсондоо "Тодорхой нөхцөл бүрэлдвэл, ямар ч цаг хугацаанд, аливаа биетийн хувьд, ийм ийм үзэгдэл болдог" гэсэн шинж чанарын тухай л номлодог.
Ийм онолуудыг хөтөлбөргүйгээр батлах ямар ч бололцоо байхгүй. Учир нь бид бүх биетийн хувьд үүнийг шалгаж хэзээ ч чадахгүй... гэсэн л яриа юм.

Нэг ийм зүйрлэл яриа байдаг.
Нэгэн шувуун фабрикийн ажилчин өдөр бүр тогтсон цагт, тогтмол хэмжээний тэжээлийг тахиандаа өгдөг байж. Тэрхүү ажилчин болбоос туйлын тэвчээртэй, элдэв ааш зангүй, төлөв томоотой, хичээнгүй нэгэн байсан тул хэдэн арван жилийн турш ажиллахдаа нэг ч удаа алдаа гаргаагүй билээ.
Харин фабрикийн шувууд, яагаад тогтсон цагт, тогтсон хэмжээний будаа өдөр бүр орж ирээд байгаа юм бол гэж анзаарсан ч юмгүй, тоосон ч юмгүй, идээд л, үржээд л, олон мянган өдрийг элээж, хэдэн үеэрээ амьдарчээ. Нэг мэдэхнээ тэдгээр шувууд энэхүү үзэгдэл нь гарцаагүй болдог ертөнцийн үзэгдэл хэмээн бат итгэсэн байх тул, үүнийгээ физикийн алтан дүрэм болгож онолжуулав.
Ингээд алтан дүрмээсээ мөрдөн гарч болох хууль дүрмүүдийг хойно хойноос нь тооцон гаргасаар физикийн онолтой болж, тогтмол ирдэг тэжээл хуваарилалтын тухай эдийн засгийн онол, улс төрийн онол, ер байж болох бүхий л онолыг "өдөр болгон тогтсон цагт орж ирдэг тогтсон хэмжээний тэжээл" дээрээ суурилуулан цогцлоон бүтээв ээ.
Энэ бол ямар ч утга учиргүй яриа биш юм. Үнэхээр тэжээл орж ирэх үзэгдэл гарцаагүй болдог нь үнэн л юм чинь.
Гэтэл нэгэн өдөр нэгэн яршигтай шувуу
– Ингэхэд маргааш ч тэжээл орж ирнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй юм биш үү?
гэвэл
– Дэмийрээд бай, энэ үзэгдэл чинь бидний энэ ертөнц үүссэнээс хойш үргэлж тохиолдож байгаа зүйл. Хэдэн арван үеийн өмнөх өвөг дээдсийн минь бичсэн түүхийн бичгээс уншаад үзсэн ч болно. "Түүхээ мэдэхгүй тахиа, ойд төөрсөн хэрээнээс өөрцгүй" гэж бид чамд хичнээн хэлэх билээ? Түүнээс гадна байна шүү, энэ үзэгдэл дээр тулгуурлаад нээсэн өдий төдий онолууд байна. Энэ бүгдийг худлаа гэх нь үү? Дээр нь хангалттай их туршилт хийсэн байгаа. Ямар ч үндэслэлгүй эргэлзэхээ боливол таарна. Явж явж чам шиг юмнуудаас л оккултизм үүсдэг юм...
хэмээн толгой түрийгүй загнуулж гэнэ.
Гэвч нэгэн өдөр нөгөө хичээнгүй ажилчин тэтгэвэртээ гарч, оронд нь цагийн ажилчин шувуудад тэжээл тарааж, хөөрхий муу шувуудын амиараа итгэсэн онолууд салхинд замхран одов оо...


Яаг адилхан яриа. Ертөнц хэмээх хязгааргүй үргэлжлэх талбарын булан тохойд орших дэлхий гэдэг өчүүхэн цэг дээр, түүх хэмээх нүд ирмэхийн төдий агшинд, хүний олж нээсэн бүхий л онол хуулиуд нэг өдөр зүгээр л "Өө, биш байж" гээд төгсчихгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй, хэзээ ч олдохгүй.

...Нэг л өдөр, Бидний хэзээ ч анзаарч төсөөлөшгүй хэмжээсийн огторгуйн цаанаас
– Service Time!!!!
гэсэн чимээ гарч, татах хүч чанх эсрэг чиглэж эхлэхийг байг гэх газаргүй юм.

Нээрээ шүү!!!


(Үргэлжлэл бий...)