Интернет хүн төрөлхтний амьдралд хувьсгал хийсэн билээ. Хувь хүн, нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг интернетгүйгээр эдүгээ төсөөлөх аргагүй болсон. Тэгвэл интернетийн орчинд дараагийн хувьсгал гарах нөхцөл улам бүр бүрдэж эхэллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр хиймэл оюун ухаан (AI), блокчэйн (Blockchain), ухаалаг эд зүйлсийн интернет (IoT), Үүл (Cloud), өгөгдөл (Data) зэрэг цоо шинэ үг хэрэглэх боллоо. Эдгээр элдэв хачин үгсийн дотроос Блокчэйн нь суурь ойлголт, буюу тулгуур тавцан нь юм. Интернетээр хүмүүс мэдээллийг хуваалцаж, тэр мэдээлэл нь аль нэг сервер дотор (мэдээлэл хадгалдаг төв) хадгалагдаж ирлээ. Тэр мэдээллүүдийг гэмт этгээдүүд (hackers) гаднаас орж, хулгайлж, устгаж, өөрчилж болдог. Тэгвэл мэдээлэл блокчэйнд шилжсэнээр маш өндөр хамгаалалтын кодтой болж, мэдээлэлд нэвтрэн орох ямар ч боломжгүй юм. Тэгснээр урд өмнө боломжгүй байсан шинэ хэрэглээ, шинэ хэрэгслүүд (application) бий болж, эдийн засагт цоо шинэ салбарууд, хүмүүний амьдралд цоо шинэ, хувьсгалт өөрчлөлт гарах юм.

Интернет шиг эхэндээ хүн бүр ид шидийг нь ойлгоогүй удаан явж байснаа, гэнэт огцом хурд авах мөч нь (momentum) блокчэйний хувьд ойртож байна. Аж үйлдвэрийн хувсгалыг өдөөгч нь уурын хөдөлгүүр байсан шиг одоо блокчэйн тэр өдөөгч нь болно.

Блокчэйн Монголд

Интернет ашиглан бид хэдхэн хормын дотор текст, мессеж, зураг, видео гэх мэт дижитал тоон мэдээллийг илгээж, хүлээж авах бололцоотой болсон бол блокчэйн технологи энэ бүх гайхамшиг дээр нэмээд Value буюу үнэ цэнэ шингэсэн мөнгө, хувьцаа, бонд зэрэг asset-уудыг дундын зуучлалгүйгээр бие биедээ найдвартай аргаар (secure way) зүгээр л мессеж шиг хормын дотор илгээж, хүлээж авах боломжийг олгох болсон юм. Тийм ч учраас “internet of value” гэсэн нэр томьёо гараад байгаа билээ.

Блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн хэрэгслүүд бий болж үл хөдлөх үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж буй компаниуд монголд бий болж байна. Жишээ нь Трассчэйн ХХК. Гэхдээ блокчэйн, түүнээс гадна өөр технологи ашиглан хөрөнгө оруулагчдыг татан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах бизнес монголд хүчтэй өрнөж эхэллээ. Эдүгээ богино хугацааны бичил зээл барьцаагүй олгодог LendMN, Ard Аpp, K Mobi, Numur; Crowdfunding чиглэлээр зээл олгодог Crowd Asset, P2P буюу иргэд хоорондын зээл олгодог zeel.mn; хэтэвч буюу төлбөр хийдэг Most Money, Candy Pay; мөн дижитал банк болох M Bank зэрэг 20-оод компани санхүүгийн технологийн үйлчилгээ (Fintech) үзүүлж байна. Зарим нь өөр оронд банк худалдан авч гадаадад хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

13303bd66e73b0fb0eb59198c32bf904.jpg

Гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний гурвыг эзэлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын бизнесийн тогтвортой нөхцлийг хангаж чадахгүй байгаа манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус аль нэг салбарыг олон улсын зах зээлд гаргах шаардлага их байгаа. Яг энэ цаг үед Бразилийн конгрессын гишүүн, Япон, Солонгос, Хонконгийн Финтекийн холбооны тэргүүнүүд, финтек, блокчэйн технологийн компаниудын төлөөлөл бүхий 50 гаруй гадны энтрепренерүүд Монгол улсад 5-р сарын 9-11-ний өдрүүдэд цуглав. Монголын Финтекийн холбоо анх удаа олон улсын “Frontier Fintech Summit 2019” чуулганыг “Финтекийн ирээдүй” гэсэн уриан дор Гадаад харилцааны яам болон Санхүүгийн Зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Энэ чуулганд Монголын Финтекийн холбооны Ерөнхийлөгчөөр оролцсоны хувьд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа энэ технологиуд тэр дундаа блокчэйн технологийг Монгол улс ашигласнаар ямар давуу тал үүсэх, ямар асуудал шийдэгдэж болох тухай нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг болсон гэж үзэж байна.

08158f832bbc5a3a8f844ecb14b0c3fa.jpg

e80b286235b14ab7c4bf451495c8ce03.jpg

Блокчэйн яагаад чухал вэ?

Блокчэйн бол шинэ интернет. Гэхдээ хэд хэдэн томоохон ялгаатай. Блокчэйн нь илүү нээлттэй, төвлөрсөн биш, өөрчлөх боломжгүй, өгөгдлийн аюулгүй байдал хангагдсан, хоёр хэрэглэгч хооронд шууд харьцдаг, гуравдагч талын оролцоогүй зэрэг олон давуу талаар ялгаатай.

Монголчуудын хувьд блокчэйн технологитой биткойн гэдэг нэг бүтээгдэхүүнээр нь л танилцаж, их мөнгө амархан олох арга төдийхнөөр харж байна. Хэдийгээр блокчэйн технологи биткойнтой салшгүй холбоотой боловч биткойн нь блокчэйнд тулгуурласан 700 гаруй бүтээгдэхүүн дундаас хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан нь юм. Биткойн санхүүгийн тэр дундаа төлбөр тооцооны салбарт үнэхээр шинэлэг шийдлийг авч ирсэн боловч түүнийг хөдөлгөгч үндсэн тулгуур механизм болох блокчэйн технологи нь асар өргөн хүрээнд олон салбарт ашиглагдах боломжтой жинхэнэ инноваци нь юм.

Блокчэйн технологийг энгийнээр “тухайн өгөгдөл буюу дата-д орсон өөрчлөлт нэг бүрийг тэмдэглэн авч хадгалдаг төвлөрсөн бус өгөгдлийн бааз” гэж ойлгож болно. Нэг газар төвлөрсөн дата сантай байх нь халдлагад өртөх, тухайн мэдээллийг хяналтгүйгээр өөрчлөх зэрэг олон аюулыг дагуулж байдаг. Харин блокчэйнийг ашигласнаар хэд хэдэн өгөгдлийн сан нэгэн зэрэг “гинжин” холбоо үүсгэн, нэмэгдэж буй хамгийн сүүлийн мэдээллийг бүртгэн авах бөгөөд тухайн сүлжээний гишүүн хэн ч байсан хаанаас ч нэвтрэн уг мэдээлэл, өгөгдөлд гарсан өөрчлөлтийг харж болохоор нээлттэй байдаг. Блокчэйнийг бидний амьдарч буй нийгэм, эдийн засагт асар өргөн хүрээнд өөрчлөлт авчирч буй “бүтээлчээр сүйтгэн шинэчлэх” технологи гэж үзэж болно.

Блокчэйн монголд ямар давуу тал бий болгох вэ?

Энэ технологи нь манайх шиг хөгжиж буй орнуудад авлигатай тэмцэх, төр - иргэний нийгэм хоорондын ил тод байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн байгууллагуудын олон шатлалт үйл ажиллагаа, үр ашиггүй байдлыг багасгах шийдлийг санал болгож, хөгжлийн хоцрогдлоо хурдацтайгаар нөхөх боломж олгож байна.

Блокчэйн нь бизнесийн суурь процессийг либеральчлах, санхүүгийн хүртээмжтэй, тогтвортой, байдал үйлчилгээг бий болгоход чухал нөлөөтэй технологи юм аа. Эстони, Гүрж, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Финланд улсууд нь блокчэйн технологийг маш амжилттай нэвтрүүлж байгаа. Эдгээр улсууд нь цахим сонгууль, газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, эрхээ шилжүүлэх, мөн эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийн системээ блокчэйн рүү хөрвүүлэн ашиглаж байна. Wallmart, Amazon, IBM, Infosys, Microsoft, Apple зэрэг олон том компаниуд блокчэйн технолийг бизнесийн гол урсгалдаа ашиглахаар ажиллаж эхэлжээ.

Бүтээлч устгал буюу хуучирч байгаа зүйлсээ шинэ технологиор орлуулж өндөр өгөөжтэй болгох боломж бүрдэж эхэллээ.

2019.05.15