Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь уурлаж, бухимдсан олон түмэнд ёстой л хорслыг нь тайлах мэт санагдана. Гэвч харамсалтай нь энэ үг үнэн чанартаа ямар хорлонтой болохыг хэлж зүрхлэх хүн тэр бүр гарахгүй бололтой.

Энэтхэгийн эртний нэг үг байдагсан. "Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй" гэж. Популистууд том дуугаар хашгирч, олон нийт түүнийг нь уухайлан, засгийн газар эрх мэдлээ үзүүлж байхад, оюунлагуудын үг хүчгүйдэх нь түүхийн гашуун үнэн л дээ. Гэхдээ Монголын хувьд үг нь хүчгүйдэх биш, харин үнэнийг хэлэх оюунлагууд ховордчихоод байна.

 

Бизнесийхэн, энэ бол монголын өнөөгийн нийгмийн хавчигдсан цөөнх
"Монголд баялаг бүтээдэг хүн цөөн байна, тэд хавчигдан гадуурхагдаж байна" гэж хэлэхэд олон хүн арай ч үгүй ээ, чи дэгсдүүлж байна гэцгээдэг. Тэгэхэд нь би тэднээс асуудаг.

- Эрх мэдэлтнүүдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэгдэх хуулийн дор бизнес нь эрсдэж, дуу ихтэй, уран донгодох хувьсгалчдын улан дор ашиг сонирхол нь гишгэгдээд байвал энэ нь хавчилт шахалт биш гэж үү.

- Бусдын буруу, алдааг үүрүүлээд тэднийг шуналын тулмаар нь дуудаж, бүтээсэн баялгийг нь тонон дээрэмдэх гээд байгаа нь хавчилт шахалт биш үү.

- Хэрэв тэдний алдаа дутагдлынх нь төлөө биш, харин эрхэм чанар, амжилт ололтынх нь төлөө, амжилт олох тусам нь адлан жигшиж, улам хүндээр шийтгэж буруутгаад байхад үүнийг хавчилт шахалт гэж үзэхгүй юу.

Хэрэв "үгүй" гэж хэлбэл, бид ямар аймшигтай шударга бусаар загнаж, шударга бус үйлдлийг дэмжин өөгшүүлж буйгаа өөрсдөөсөө асуух цаг болж.

 

Үнэндээ бид жинхэнэ боолчлогдмол, харлуулагдсан тэр цөөн хэсэгт хамаарахгүй байгаа учраас л тэдний энэ хавчигдсан байдлыг ойлгохгүй, ойлгохыг бас хүсэхгүй байгаа юм. Бид өөрсдөө үгээгүй ядуугаараа бахархаж, баян тансаг байхаас ичиж, баячуудыг муу муухайгаар нь дуудан, тэднийг тонон дээрэмдэхэд нь коммунист дарга нартаа тусалдаг социалист зангаасаа салж чадахгүй, бүхнийг бэлэнчилдэг зөвлөлт маягийн толгойгоо сольж чадахгүй байгаа учраас одоо ч капталистуудыг үзэн ядаж, бизнесменүүдээ хавчин гадуурхсаар байна.

Бид бас баялаг бүтээхэд биш харин бүтээгдсэн баялгийг хувааж идэхдээ санаа тавьж, тэгэхдээ л "шударга" гэж хашгиралддаг учраас шударга ёсыг баялаг бүтээгчдэд биш харин хувааж идэгчдэд хэрэглээд байгаа юм. Шударга ёсыг ууж идэгчид нь тайлбарлавал ямар өөдтэй юм болох вэ дээ. Тэгээд болоогүй тэр нь олонхи байвал бүр ч аймаар. Тиймээс шударга ёс гэх өргөмжлөлтэй ч хамгийн шударга бус "хавчилт шахалт" тун аймшигтай хүмүүн бус шинжээрээ өнөөдөр бизнесменүүдийг нөмөрчихөөд байна. Бид олонхи юм чинь гэсэн үл тоомсорлолтоор тэжээлгэдэг хэд нь цөөхөн хэдэн бизнесменүүдээ нулиман, доромжилсоор л сууна.

Чөлөөт зах зээл дээр хэн нэгний хөдөлмөрийн "эдийн засгийн үнэ цэнэ" тэрхүү хөдөлмөрийн төлөө бусад хүмүүс чамд хэдий хэрийн хөдөлмөр юм уу, бүтээгдэхүүнээ өгч чадахаас шалтгаална гэсэн энгийн нэг зарчмаар тодорхойлогддог. Гэтэл энгийн энэ үнэнийг бид "омгийн онол", "бодь сэтгэл" гэсэн уршигт үзэл санаануудаараа үгүй хийж, бизнесменүүдийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийн төлөө уралцацгааж байна. Тэд уул нь бидний өмч бас омог аймгийн маань зарц биш л дээ.

Харамсалтай нь бид тэдгээр бизнесменүүдээ өөрсдийн өмч мэт л аашилж, дуртай үедээ хагалаад идчих хотны хонь шиг л үзэж байна. Яагаад ч юм, хэн ч тэгж хэлсэн юм бүү мэд, тэд л биднийг тэжээх үүрэгтэй мэт ойлгож, өөрсдөө хувааж идэх юм аа л нэхэхээс биш, тэдэнд ашиг хийж, хуримтлал үүсгэх боломж олгохыг хүсэхгүй байна. Хуримтлал үүсэхгүй бол тэд яаж нийгмийн хариуцлагаа үүрч, юугаараа бусдад хөрөнгө оруулалт хийхэв.

Тэгээд болоогүй ингэснээрээ өөрсдөө бүтээж, үйлдвэрлэж буй юм үгүй байж бусдын хийснээс хувь хүртэх эрхтэй хэмээн адайрлаж, өөрөө тийм байж хэзээ ч чадахгүй мөртөө, бусдад болохоор "чи бурхан шиг өгөөмөр бай л даа" хэмээн ичих ч үгүй хэлж, "бодь сэтгэл"-ийг залхуурлынхаа өмнөө барин, монголын тэжээлгэгчдийн эгнээг зузаалсаар суух юм.

Хүн эрхтэй байна гэдэг өөрийнхөө төлөө үйл ажиллагаа явуулах боломжтой байна гэсэн үг. Тэгснээс бусад нь түүнийг идэх хоолтой байлгахын тулд хоолныхоо талыг дээрэмдүүлнэ гэсэн үг биш шүү дээ. АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг, Үндсэн хуулийг зохиогчид болох Томас Жефферсон, Мадисон нар аз жаргалруу тэмүүлэх эрхийн тухай ярьж байснаас биш, аз жаргалтай байх эрхийн тухай яриагүй юм. Энэ нь юу гэхээр хүн өөрийнхөө аз жаргалд хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг явуулах эрхтэй гэсэн үг, тэгснээс түүнийг бусад хүмүүс аз жаргалтай болгоно гэсэн үг биш. Монгол Улсын Үндсэн хууль ч мөн адил. Амьд явна гэдэг хүн өөрийхөө амьдралыг өөрийнхөө ажил үйлсээр дэмжин тэтгэх эрхтэй гэснээс, бусад нь түүнд шаардлагатай бүх зүйлийг нь бэлтгэж өгнө гээгүй.