Сергей Бодров: Миний судсаар монгол цус гүйж байгаа
Өнгөрсөн баяр наадмаар манай улсад гаднын зочид, төлөөлөгчдийн хөл тасарсангүй. Тэдний дотор алдарт “Чикаго буллз” багийн довтлон тоглогч Луол Дэнг, гайхамшигт зураач, барималч Даш Намдаков, олон улсын кино наадмын алтан “НИКА” гран-при шагналыг хоёронтоо хүртсэн, Холливудын кино найруулагч Сергей Бодров гээд дэлхийд данслагдсан одод хүрэлцэн ирж наадамлаад буцлаа.
Өнгөрсөн баяр наадмаар манай улсад гаднын зочид, төлөөлөгчдийн хөл тасарсангүй. Тэдний дотор алдарт “Чикаго буллз” багийн довтлон тоглогч Луол Дэнг, гайхамшигт зураач, барималч Даш Намдаков, олон улсын кино наадмын алтан “НИКА” гран-при шагналыг хоёронтоо хүртсэн, Холливудын кино найруулагч Сергей Бодров гээд дэлхийд данслагдсан одод хүрэлцэн ирж наадамлаад буцлаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өөрийн сайн найз Намдаков, Бодров хоёрт монгол наадам ирж үзэхийг урьсан юм билээ. Тэд манай оронд зөвхөн наадамлаад зогсохгүй уран бүтээлээ хийгээд буцсан. Чухам юу хийгээд буцсанаа удахгүй дэлхий дахинаа танилцуулах биз ээ.
Харин Монголд байх хугацаанд нь энэ хоёр эрхэмтэй уулзаж, ярилцлага
авахыг ихэд чармайсан ч тэдэнд тийм зав үнэндээ алга байлаа. Нэг
мэдсэн Даш Намдаков маань буцчихаж, харин Сергей Бодровтойгоо
“зууралдсаар” байж дундаа гурван хоногийн завсарлагатайгаар хоёр удаа
уулзан байж үхрийн бөөр шиг нэг ярилцлага авснаа дор эвлүүлэв. Гэхдээ
тэдний хэн хэн нь дараагийн удаа ирэхдээ зориуд цаг зав гаргаж, тухтай
ярилцана гэдгээ маньд андгайлсан бөлгөө. Миний хувьд ч тэр хоёрыг дахин
ирнэ, ирсэн хойно нь “өр” нэхэмжилнэ гэдэгтээ бат итгэлтэй хоцорсноо
өгүүлэх байна.
2013 оны 7 дугаар сар 10. Хүй долоон худагт: Сергей Бодровыг
монголчуудад нөгөө дуулиантай “Монгол” кино нь л илүү танилцуулсан
гэдэгт би эргэлздэггүй. Хэрвээ тэр энэ киногоо хийгээгүй бол бидний
олонх Америкт амьдардаг, монгол цустай ийм нэгэн орос найруулагчын
талаар огтхон ч мэдэхгүй байх байлаа. Мөн түүний газар дээрх ганц хүү
агсан, авьяаслаг жүжигчин, найруулагч бага Бодровын уран бүтээл,
амьдралынх нь эмгэнэлт төгсгөл бүр ч танил болгосон гэвэл
хэтийдэхгүй л болов уу. Олныг эс нуршаад өгүүлэх нь.
-Хүй долоон худагт бүрий унасан хойно Сергей Владимирович өөрөөсөө
хамаагүй залуу харагдах бүсгүйн хамт хүрэлцэн ирлээ. Мөрөөр нь ихэд
дотночлон тэврэх аж. Ази царайтай тэр эмэгтэйг би тува, эс бөгөөс
халимаг ястан байх хэмээн тааварлав. Харин Даш Намдаков хэдэн хормын
дараа өөр нэгэн машинаар араас нь ирээд шууд л өөрийнхөө өргөө рүү
яваад орчихлоо. Маргааш наадам эхлэх гэж байгаа болохоор Хүй долоон
худгийн дэнж тэр чигтээ гэрэлтээд нэн үзэмжтэй агаад гэр, асар майхан,
адуу, мал, машин тэрэг багшран бага шиг аймгийн төв лүгээ харагдана.
Найз нартаа зориулаад Д.Бат-Эрдэнэ сайд энд тус бүрд нь гэр бариулжээ.
Сергей Владимировичийн гэр уужим агаад тохилог. Ормогц айраг
сэнхийнэ. Тэрбээр нэлээд ядарсан бололтой харагдана. Өдөр нь
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг сонирхоод, үдээс хойш
хүндэтгэлийн концерт үзэж, үдэш баримтат киноныхоо зургийг авч
байгаад ирснээ өгүүлэв. Жир цагт тааралдсан бол би л лав түүнийг
“Якудзагийн охин”, “Кавказад олзлогдогч”, “Нүүдэлчин”, ”Оргодол”
“Шизо” зэрэг жинхэнэ “галзуу” кинонуудыг бүтээгч нөгөө “лайтай”
Бодров гэж огт танихааргүй, цав цагаан толгойтой, байдаг л нэг өвгөн.
Их энгийнээр барахгүй, баахан нунж доройдуу, жаахан удаан яриад
ирэхээрээ ээрээд , заримдаа бүр таг гацчихаар нь өөрийн эрхгүй
яриагаа цааш үргэлжлүүлэх эсэхээ эргэцүүлэхэд хүрэх аж. Гаднах
байдал гэдэг зүгээр л хөөс. Харин дотоод чанар гэдэг агуу. Сергей
Владимирович бол яг тийм, хүч чадал, жинхэнэ мөн чанар нь дотооддоо
оршсон хүн юм билээ. Ширээн дээр өрсөн цэвэр уснаас нэгийг авч
задлан балгаад тэгээд гэсэн харцаар над руу ширтэв.
-Сергей Владимирович! Амралтын цагаас тань хомслох болсондоо хүлцэл өчье. Нэг их удаахгүйгээр ярилцахыг зөвшөөрнө үү?
-Зүгээрээ, өнөөдөр сэтгэл өөдрөг байна. Тэгэхээр хоёулаа ярилцахад юу
нь болохгүй байх билээ. Гадаах орчин, энэ агаар гээд ..., бас Мон¬гол
Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол сонирхолтой боллоо. Яг
Америкийнх шиг. (инээмсэглэв) Монгол оронд ирэх болгондоо л шинэ шинэ
юм үзэж, харах юм даа.
-Тэгэхээр энэ анхны зочлолт биш байх нь. Би болохоор Таныг анх удаагаа Монголд ирж байгаа л гэж бодож байлаа
-Үгүй дээ. За байз, тав дахь удаагаа ирж байгаа юм байна. Харин анх удаа
монгол наадам үзэх гэж байна. Өчигдөр найзуудтайгаа уулзлаа, хуучин
андууд эргээд уулзах гэдэг маш сайхан учрал, баяртай үйл явдал байдаг
шүү дээ.
-Тийм ээ, Танд тэгэхээр монгол найз нөхөд олон байх нь.Тэднээсээ нэрлээ ч...
-“Алтан ураг” хамтлагынхан бол миний найзууд байгаа юм. Бид долоон
жилийн өмнө танилцаад өдийг хүрлээ. Үнэхээр авьяаслаг залуучууд.
-Сергей Владимирович! Маргааш наадам эхлэх гэж байна. Энэ тал
дүүрэн гэр, майхан, адуу мал, айраг ямар сэтгэгдэл төрүүлж байна даа?
-Гайхалтай. Энэ удаа өөрийн дотнын анд Даш Намдаков, Дашдэмбэрэлийн
Бат-Эрдэнэ нарынхаа урилгыг аваад, хийж байсан бүх ажлаа хойш тавьж,
Лос-Анжелест орхиод ирсэндээ огтхон ч харамсахгүй байна. Сэтгэл үнэхээр
хөдөлж байна аа. Ер нь уран бүтээлчийн хувьд надад амралт гэж
байдаггүй. Одоо ч гэсэн ажлаа хийж явна. Монголд ирэх болгонд шинэ
санаа төрдөг гэдгээ хэлсэн шүү дээ. Энэ чинь нэгэн бодлын дараа
дараагийн ажлын үргэлжлэл болдог гэсэн үг. Бөх, сур, морь, уяачдыг бол
би сайн мэднэ. Даанч их сонирхолтой. Эндээс л жинхэнэ характер
харагдаад байдаг юм.
-Тэгэхээр монгол наадам Таныг бас нэг шинэ уран бүтээл рүү ямар ч байсан түлхжээ гэж ойлголоо
-Мэдээж, миний дараагийн уран бүтээлд тусгалаа олох нь дамжиггүй.
-Монголчууд бидний хувьд “Монгол” кино тань Таны нэрийн
хамгийн том тодотгол болдог юм. Өөрөөр хэлбэл яг нэрийн хуудас шиг
гэсэн үг. Гайхалтай кино. Би гэхэд л арав гаруй удаа үзсэн ч
уйддаггүй. Зарим хүмүүс болохоор муу болсон гэж шүүмжилж байдаг л
даа. Чингис хааны тухай бид өөрсдөө, Хятад, Япон гээд дэлхийн бараг л
улс болгон кино хийлээ. Надад бол “Монгол” хамгийн сонирхолтой
санагддаг. Манайхтай хамтраагүй нь жаахан харамсалтай.
-Энэ бол тохиолдлын зүйл биш ээ. Миний хувьд их утга учиртай, бас
хариуцлагатай хандах ёстой бүтээл байлаа. Ер нь энэ кинонд олон
улсын маш том баг ажилласан юм. Герман, Франц, Англи, Хятад, Япон гээд.
Киноны зураг авахад монголчууд надад туслаж байлаа. Ялангуяа гол дүр
Бөртэ болон хүүхдүүдийн тухайд онцлон хэлмээр байна. Энэ киноноос
үлдсэн сэтгэгдэл одоо ч арилаагүй, яг л өчигдөр болоод өнгөрсөн үйл
явдал мэт санагддаг юм. Дэлхийд танигдсан бүтээл болж амжилт олсонд
баяртай явдаг.
-Киноныхоо хоёрдугаар ангийг хийх үү?
(Инээмсэглэв) Яг наад асуултыг чинь өнөөдөр надад олон хүн тавьлаа.
-Сергей Владимирович! Mинийх бол асуулт биш хүсэлт байгаа юм
-Зохиол дээрээ ажиллаж байгаа. Яг одоо бол өөр бүтээлд анхаарах цаг,
зав гарахгүй байна. Лос-Анжелест нэг кинотой зууралдчихсан. Эхлээд
үүнийгээ дуусгах ёстой. Түүнээс гадна намар Монголд ирж, залуучуудад
хичээл, дадлага (workshop) хийхээр болсон. Хүсэлт тавьсан болохоор
татгалзаж үнэхээр чадсангүй. АНУ, Холливүүдэд кино хийдэг зарчмын
талаар Монголын киночид их асууж байна. Өнөөдөр тэдэнд энэ талаар бас
бага зэрэг хичээл ороод амжлаа.
-“Монгол” кинондоо Та яагаад тийм сонин шийдэл сонгосон юм вэ?
-Чингис хаан бол одоо ч дэлхийд хамгийн оньсого шиг хувь хүн
шүү дээ. Баруунд түүний талаар сөрөг ойлголт гүн сууж хоцорсон
байдаг. Хүүхэд байхаасаа л монголчууд оросуудыг 200 жил эрхшээлдээ
байлгаж байсан түүхийг уншиж, улмаар энэ бүхнийг судлахыг, яагаад
оросууд хүртэл Чингис хааныг муугаар ойлгуулаад байдгийн учрыг
мэдмээр санагдсан. Тэгээд Лев Гумилевийн зохиолуудыг уншиж эхэлсэн
дээ. Хоёр жил янз бүрийн ном уншиж судаллаа. Миний хувьд маш
“серёзьный” хандсан. Гаднын зохиол ч их уншсан. Түүх заримдаа гуйвдаг.
Энэ нь Чингис хааны түүх дээрээс харагддаг юм. Миний сонирхолыг
нэг зүйл аргагүй татсан нь ээжтэйгээ, дүү нартайгаа аврах, туслах ямар ч
хүнгүй өнчин хоцорсон жаал хүү яаж тийм агуу хаан болов оо гэдэг
үнэхээр гайхшрал төрүүлдэг. Яаж ийм амжилтад хүрч чадав аа. Түүний
хүүхэд нас, хувь тавилан, тэр тусмаа эхнэртэй хандаж байгаа
хандлага нь бүр ч сонирхолтой байсан юм. Магадгүй агуу хааны
амжилтын нууц эндээс эхтэй ч байж болно шүү дээ. Энэ бүхэн
Өрнөдөд маш сонирхолтой, тааламжтай “сүрприйз” болсон. Английн
зохиолч Жон Манн надад “Баярлалаа, Сергей! Чи Чингис хааныг жирийн л
бидэнтэй адил хүн байсан гэдгийг ойлгуулж чадлаа ” гээд номоо
бэлэглэсэн. Орост ч гэсэн “Монгол” кино амжилттай үр дүнд хүрч,
хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөнд баярладаг юм. Энэ бол эхлэл. Тэгэхээр
“Монгол” киногоо үргэлжлүүлэх нь миний хувьд шударга явдал байх
болно. Дахин хэлье. Чингис хаан бол маш сонирхолтой хүн. Дэлхийн
түүхийг өөрчилчихсөн хүн шүү дээ.
-Миний сонссоноор Таныг анх киногоо хамтарч хийе гэсэн санал тавиад ирэхэд манайхан дургүйцсэн гэдэг. Та үүнд гомддог уу?
-Анх киноныхоо зургийг авахаар ирэхэд монголчууд маш эмзэг хандсан
тал бий. Би та бүхнийг Чингис хааныхаа тухайд ийм эмзэг ханддаг
гэдгийг мэддэггүй байж. Зарим нэг түүхчид энэ бол уран сайхны
кино гэдгийг огт ойлгоогүй юм. Уран сайхан үлдэх ёстойг хүлээж
аваагүй. Балчир, бага Тэмүүжин эцэгтэйгээ ямар харилцаатай байсныг
одоо ч бид мэдэхгүй шүү дээ. Ямар нэг кино, уран бүтээлийг хийхдээ
хийсвэрээр ургуулан, тааж хийх явдал байдаг. Баримтат кино хийж
байгаа биш, уран сайхны кино гэдэг өөр юм аа. Энэ сэдвээ
үргэлжлүүлэхэд, би домогт хүн гэдэг талаас нь харуулахыг хичээсэн. Та
нар өөрсдөө үзсэн болохоор энэ кино бодит түүхээс арай өөр
болсныг мэднэ. Монголын нууц товчооны жинхэнэ оргиналь эх гэхэд
л хэнд ч хадаглагдаж үлдээгүй учир үнэн түүхийг нь мэдэх
боломжгүй. Чингис хаан хамгийн гол нь мөнхийн, амьд хүн гэдэг
талаасаа надад сонирхолтой байлаа. Энэ сэдвээр түүхчидтэй бол их
маргасаан маргасан. Гомддог уу, гэж чи сая асуулаа. Яагаад би гомдох
ёстой билээ.
-Туслаж, ойлгож, дэмжээгүй болохоор...
-“Монгол” кинонд шаардлагатай дээл хувцас наас аваад зүйл бүрээр
туслаж, дэмжсэн хүн олоон. Харин цаашдаа яахыг нь харж л сууя, найдаж
байя. (Инээмсэглэв)
-Уучлаарай, Сергей Владимирович! Танаас хүүгийн тань талаар
асуухгүй байж чадсангүй. Монголчууд түүнийг сайн мэддэг. Жүжигчин,
найруулагчынхаа аль ч талаасаа гайхалтай хүн байсан.
-Тийм хүүтэй байснаараа бахархдаг. Маш аз жаргалтай явдаг. Яагаад
гэвэл хүү минь харамсмаар богино насласан ч, дэлхийн мянга, мянган
хүн түүнийг минь хайрлан дурсаж байна. Зөвхөн оросууд биш олон
улс оронд хүүг минь мэддэг хайрладаг.
-Түүнтэй чухам юу тохиолдсон юм вэ?
(Санаа алдав) -Энэ бараг гэнэтийн явдал болсон. Зураг авалтын хорь
гаруй хүнтэй баг тэр чигээрээ л алга болчихсон. Ямар ч сураггүй
шүү. Цасан нурангид дарагдсан гэдэг дүгнэлт эцэст нь гарсан даа. Хүү
минь дөнгөж л гуч хүрэх гэж байсан юм.
-Кавказад гэл үү?
-Тийм. Хойт Осетины Кармадоны хөндийд. Энэ явдлын дараа “Монгол”
киногоо хийсэн. Ямар ч байсан өөрийгөө завгүй байлгахыг л хүсч
байлаа. Бас хүү минь надаар бахархсан тийм бүтээл хийхийг хүсч
байлаа. За, намайг амар гээд байх шиг байна. Хоёулаа дараа үргэлжлүүлэх
үү.
Долоодугаар сарын 13. Их Монгол зоогойд: -Өглөө 10 цагт Сергей Владимировичтой холбогдов. Ярилцлагаа үргэлжүүлэхээ дуулгатал харин “гол гаргах” шинжтэй. Наадмынхаа сэтгэгдлийн талаар л тав, аравхан минут ярилцахад болно гэж байж дахин уулзахаар болоод авлаа. Мань хүн илт сэргэчихэж.
-За, Монгол наадам ямархуу сэтгэгдэл төрүүлэв дээ
-Үнэхээр дээд зэрэг. Маш таалагдлаа. Сэтгэл хөдөлж байна. Жинхэнэ утгаараа цэнгэл эдэллээ. Бат-Эрдэнэ найзын минь морь түрүүллээ. Наадмын урьд орой надад “Маргааш миний хүрэн азарга түрүүлнэ ” гэж ам гараад байсан. Гэтэл үнэхээр түрүүлчихлээ. Гайхалтай хэрэг шүү. Гурван жил дараалан түрүүлж байгаа цуутай хурдан хүлэг гэнэ. Бахархал гэж энэ л байдаг байх даа. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж танилцлаа. Бас эртний анд П.Цагаантайгаа уулзлаа.
-Та хэзээ буцах гэж байгаа билээ
-Маргааш буцна. Холливүүдийн WARNER BROS кино компанитай гэрээгээр ажиллаж ,“Долоо дахь хүү ” гэдэг кино хийж байгаа. Трэйлэрийг нь youtube-ээс хараарай. Нэлээн дуулиантай бүтээл болно оо.
-Өмнө ярьж байсан сэдвээ үргэлжлүүлэн асуумаар байна. ” Монгол” киногоо Та хүүдээ зориулж хийсэн гэдэг үнэн үү?
-Үнэн.
-Таны хүү Сергей Сергеевич жүжигчин бас найруулагч. Ялангуяа түүний өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “АХ” нэг, хоёр кино ёстой л шуугиулсан бүтээл болсон доо. Та хүүгийнхээ бүтээлийг хэрхэн үнэлдэг вэ?
-Уран бүтээлийг нь ч , өөрийг нь ч тэр үнэлэх гэдэг маш хэцүү. Ойр дотно байсан болохоор ч тэр юм уу. Нэг хэсэгтээ хүүгээ анзаардаггүй байж. “АХ-2” киногоо хийснийх нь дараа л хүүгээрээ бахархсан. Өнгөрснийх нь дараа харахад тэр том уран бүтээлч болон төлөвшиж байж. Сая сая хүмүүс эмгэнэн гашуудаж байхыг харлаа. Хүүгийн минь хэр хол явсны үнэлэмж энэ. Ер нь кинонд тоглож байхдаа ч ямар хүн байсан вэ гэдгээ тодорхой харуулж өгөөд одож дээ. Киноноос гадна “Взгляд” энэ тэр гээд том том сэдэв хөндсөн нээлттэй нэвтрүүлгүүдийг хөтөлдөг байсан юм. Шуудай шуудайгаар түүнд захидал ирнэ. Хүүгийн тэсвэр, тэвчээр намайг үнэхээр гайхуулдаг байсан. Бид хоёр нэг удаа хамтдаа Санкт- Петербург орлоо. Циркт очсон чинь тоглолт нь зогсож, хүн болгон түүн рүү шавчихсан юмдаг. Тэр тоглолт Сашагаас болоод хагас цаг саатсан. Бас нэг удаа онгоцны буудал дээр 200 цэрэг Сашаг тойрч гарын үсгийг нь авч байхад миний тэвчээр өмнөөс нь барагдаж байлаа.
-Хэрэв хүү тань Таны “Монгол”-ыг үзсэн бол хэрхэн хүлээж авах байсан бол ?
-Үнэлэх байсаан. Үүнийг мэдэж байсан болоод л киногоо хийсэн юм.
-Та яагаад Азийн сэдвээр ихэвчлэн уран бүтээлээ туурвидаг юм вэ?
-Миний судсаар монгол цус гүйдэг болохоор тэр. Миний эмээ Эрхүүгийн гаралтай буриад хүн байсан гэдэг. Би Азид хайртай. Казахстанд олон жил аялалаа. Монголын өв соёл гэж агуу том сав байна шүү дээ. Чингис хаанаар бол би бараг өвчилсөн хүн. Дахиад хэлье л дээ. Жирийн нэг өнчин хүү яаж ийм агуу хаан болж чадав аа. Анх би зөвхөн түүний хүүхэд насных нь талаар кино хийх гэж байсан юм. Гэтэл миний найз, найруулагч Сергей Селянов ингэж болохгүй гэж хориглоод байсан л даа. Миний хувьд цаашаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэж байсан хэрэг.
-Таны хувьд Чингис хаан яг хэн юм вэ?
-Хамгийн гол нь хувь тавилан, нөлөө нь агуу хүн. Дайтах урлагийг төгс мэддэг. Стратегич, холын бодолтой, олон жилийн цаадахыг харж, сэтгэж, бодож, хийж чадсан хүн. Би ойлгож байна аа. Та нарын хувьд агуу хаан, улсыг үндэслэгч, эцэг . Монголчууд Чингис хааныг дороос дээшээ хардаг үндэстэн. Тэгвэл миний хувьд арай өөр. Би энэ их хүнийг олон талаас нь жирийн нэг хүн гэдэг өгөгдлөөр харахыг хүсдэг. “Монгол-1” –ийн амжилт олсон шалтгаан энд оршдог юм.
-Сергей Владимирович! Та өөрийн дотнын анд Даш Намдаковын тухай баримтат кино хийж байгаа юм билээ. Монголчууд бараг танихгүй болохоор түүнийг бидэнд товчхон танилцуулаач
Гайхалтай авьяас. Ийм хүн дэлхийд ховор төрдөг. Түүнийг дэлхийн улс орны хаад, хатад, ерөнхийлөгч, дээд сурвалжтнууд гэртээ зочноор урьдаг юм. Бас түүнтэй найзлахыг хүсдэг. Агуу уран бүтээлч. Түүнд өнгөрснийг нэвт хардаг зөн билэг байдаг. Дашийн хийж гүйцэтгэсэн ажлаас нь эртний Монгол харагдаад байдаг юм. Лондонд Хатан хааны захиалгаар түүний бүтээсэн Чингис хааны хөшөөг байруулсан шүү дээ. Тэр баримлыг харахад сэтгэгч ч юм шиг, бөө ч юм шиг тэр чигээрээ хүн оньсого.
-Чингис хааны хөшөө Лондонд байдаг байх нь ээ?
Тийм ээ. Би тэр хөшөөг харсан. Ухаантай, тайван, нэг тийм ер бусын сэтгэл төрүүлсэн Чингис хаан байдаг юм. Даш бол тийм л хүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байхад Лондоноос тэр хөшөөг Монголд авчирна гэж байна билээ. Зүгээр ч нэг хэлээгүй байлгүй дээ.
-Монголчууд бид бусдын агууг олж хараад байдаг мөртлөө өөрсдийгөө огт танихгүй юм даа
-Тийм учраас л би Дашийн тухай баримтат киног хийж байна. Түүний үзэсгэлэн Токио, Ром, Парис, Нью-Йорк гээд дэлхий дахинд дэлгэгдлээ.
-Даш Намдаковын тухай баримтат кино тэгээд хэзээ гарах бол?
-Ирэх жил үзэсгэлэнгээ Монголд гаргах бодолтой байгаа гэсэн. Тэр үед кино ч бас бэлэн болсон байна. Даш өөрөө киноныхоо зарим зураг авалтыг “Би монгол хүн учраас Монголд авахуулмаар байна” гээд энд ирцгээлээ.
-Та хэд нөхөрлөсөн түүхээ ярихгүй юм уу, сонирхолтой санагдчихлаа
-(Инээмсэглэв). Д. Бат-Эрдэнэ Даш Намдаков хоёр өмнө танилцаж, нөхөрлөцгөөсөн андууд. Миний хувьд Баагийтай өнгөрсөн жил Москвад болсон Дашийн үзэсгэлэн дээр анх танилцсан юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шогу бол Намдаковын сайн найз. Шогу бас Бат-Эрдэнийн найз. Ингээд л бие биенээ дамжаад их дотно нөхөрлөл бидний дунд үүссэн байгаа биз. Баагий бол урлагын маш нарийн мэдрэмжтэй , түүнийг үнэлж чаддаг, өөрөө ч ховор цуглуулага, уран зургийн баялаг галерейтэй. Сайхан гэр бүл, эхнэр, хүүхдүүдтэй хүн. Бид гэр бүлийн тун дотнын, анд найзууд болцгоолоо. Наадмаар морь нь түрүүлсэн болохоор маш их баярлаж, бид баяраа өргөн тэмдэглэлээ шүү дээ. (Инээв)
-Сергей Владимирович! Үргэлж хажууд тань байгаа үзэсгэлэнтэй эмэгтэйгээ танилцуулаач. Бодвол Таны тун дотнын хүн бололтой
-Миний гэргий бас хамтран зүтгэгч уран бүтээлч анд минь. Гука Омарова гэдэг юм. Казак үндэстэн. Цаашаагаа чи өөрөө танилцаад ярилцах нь дээр байхаа. Дашрамд дуулгахад “ Монгол” кино амжилттай болоход Омаровагийн тус маш их байсан. Кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийн Бөртэг болон бас гурван хүүг олж ирсэн гавьяатай.
-Та ч лут сэргэлэн эр байна шүү?
-Залуу эхнэртэй болохоор чи ингэж асууж байгаа хэрэг үү. (Инээв) Би эхнэрээ эртнээс таньдаг байсан юм. 14-15 настай байхдаа л миний кинонд тоглож байлаа. Дараа нь олон жил өнгөрсөн хойно дахин уулзалдцгаасан. Тэр кино найруулагч болоод зогсохгүй хоёр том бүтээлээрээ Каннын наадамд оролцсон байлаа. Тэгээд л хамтдаа “Шизо”-г хийцгээсэн дээ. Омарова бол хатуу шүүмжлэгч. Бид маргалдана, зөвлөлдөнө юм, юм л болно доо.
-Одоо тэгээд бүр Холливүүдын харьяат хүн болж байгаа юм биз дээ?
-АНУ-д маш олон мэргэжлийн киночид бий. Мэргэжлийн мундаг хүмүүстэй ажиллахад арай л өөр байдаг юм. Тэд намайг хамтарч ажиллая гэж урьсан. Би зөвшөөрсөн. Одоо тэгээд хамгийн том кинон дээр ажиллаж байна даа.
-“Долоо дахь хүү “ юү ?
-Тийм. Тэгэхдээ нөгөө талаар би Холливүүдээс хамааралгүй бүтээлээ хийдэг. Яахав Америкийн болоод Холливүүдийн прокатны систем нь маш сайн байдаг юм.
-Таны кинонууд орос гэхээсээ илүү Өрнийн арга барилтай байдаг. Киноныхоо зохиолыг Та өөрөө бичдэг үү ?
-Ер нь өөрөө бичдэг. Сүүлийн үед залуучуудтай их хамтарч байгаа. Миний кинонууд дэлхийд ойлгомжтой байдаг юм. Тухайлбал “Орго¬дол” кино баруунд их алдаршсан шүү дээ. Шоронд хоригдсон хүү аавыгаа хайхаар оргодог юм. “Кавказад олзлогдсон хүн” маань ч ялгаагүй нэрд гарсан. Сүүлийн үеийн Оросын кинонууд ОХУ-даа сонирхолтой ч, дэлхийд танигдахгүй байна. Мундаг кинонууд бол бий. Гэвч Өрнөдөд сэдвийг нь ч юм уу, сайн ойлгохгүй байна л даа. Сэдэв гэснээс Монгол наадам бол гайхалтай атлаа сонирхолтой сэдэв. Би одоо ч бодож л сууна. Дэлхий дахинд сонирхолтой түүхэн кино бүтээж болохыг харж байна.
Тэрбээр цагаа хараад өндийв. Монголын дуу хөгжим сонирхож , явахаасаа өмнө СД худалдаж авна гэнэ. Сергейг “морь харах” хооронд түүний гэргийтэй жаахан хөөрөлдлөө.
-Монгол наадмыг өөрийн нүдээр харах боломж гарсанд маш баярлаж байна. Бөх, нум сур, морь үнэхээр гоё юм. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн нь морь байлаа. Бат хааны тухай нэг ном уншиж байхад тэрэн дээр ийн гардаг л даа. Хятадын элч дайн байлдааны ид үеэр Бат хаанд хүрч түүний дэргэд байгаа жаахан хүүхдүүдийг хараад ихэд гайхан ”Яагаад эднийг дайнд дагуулж яваа юм вэ?” гэж асуухад нь нэг монгол жанжин “4-5 настайгаасаа биднийг дагасаар 12,13 нас хүрэхдээ хэнээс ч дутахгүй дайчид болж бэлтгэгдсэн байдаг” хэмээн хариулдаг юм. Тэр хэсэг санаанд орж байлаа. Хүүхэд, морь хоёрын холбоо ямар хүчтэй байна вэ? Яадаг ч байсан Монгол дэлхийн хамгийн мундаг морьтон ард түмэн хэвээр үлдэнэ. Монголын өв, соёлын амин сүнс нь оршсоор байгааг хараад их баярлалаа. Би монголчуудаар бахархаж байна. Талын үнэр, салхины үнэр, энэ онгон зэрлэг байгаль үнэхээр янзтай. Сэтгэл ханамж гэдэг жинхэнэ утгаараа Монголд байна. Өнөөдөр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс танай энхийг сахиулагч цэргүүдийн гаргасан авхаалж, самбаа, эр зоригийн талаар сонслоо. Хүүхэд наснаасаа л ийм байгаа хойно аргаггүй шүү дээ.Энэ бүхнээс сэдэвлэн сонирхолтой кино хийж болно хэмээн Гука Омарова сэтгэл догдлон ярьж ахуйд Сергей ч хүрээд ирлээ. Тэрбээр эхнэрээ энхрийлэн тэвэрч их ухаантай бүсгүй байгаа биз. За одоо болно оо, гарцгаая гэснээр бидний уулзалт өндөрлөж би гэр лүүгээ, тэд СД-ны дэлгүүр лүү салан одвой.