Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тамга атгаад хоёр, Г.Занданшатар УИХ-ын дарга болж дэвшээд дөрөв, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөөд даруй хоёр жил хагасын хугацаа тус тус өнгөрчээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын үед үйл ажиллагаа нь олширч, бүр тусдаа туг далбаатай, түүнийгээ албан өрөөндөө залцгааж, бараг "туурга тусгаар" институт болтлоо өргөжсөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэг намын угшилтай Төрийн тэргүүн, парламентын спикер, Ерөнхий сайдын хувиар бүрдүүлж эхэлсэн он тооллоор нь тооцвол тэд эл малгайн дор хоёр жил нэгдэж, нягтран хамтарчээ. Гагцхүү сонгуулийн ээлжит цикл айлсаж, жил гаруйн хугацаа үлдсэн энэ цаг үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван субъектийн хийж хэрэгжүүлэхээр зорьж буй үйлдэл тэдний хэн нь "Жинхэнэ дарга" вэ? гэсэн асуултыг хүссэн ч, эс хүссэн тавихад хүргэв. Үүнийг одоо өгүүлэх үйл явдлын дарааллаас тодорхой харж болно.

1.

2019 онд УИХ-аас баталж, 2020 оны сонгуулийн дараагаас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хамгийн хүчтэй Ерөнхий сайдаар тодорсон хоёр дахь хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Өөрийн хүсэлтээр танхимаараа огцорсон У.Хүрэлсүхийг эс тооцвол парламентаас үл хамаарахгүйгээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, огцруулах "Эцэг хууль"-ийн дархлаатай тэрбээр өнгөрсөн хугацаанд 12 сайдыг танхимдаа шинээр сэлгэн томилжээ. Өөрийн хүсэлтээр болон хариуцлага тооцсон, оронд нь томилсон зэрэг сайдын тоог нэмбэл лав танхимынхаа тавиас хавь илүү суудалд "салхи оруулсан" анхны гүйцэтгэх засаглалын тэргүүн болж үлдэх нь. Хөндлөнгийн нэгэнд Ерөнхий сайдын эл үйлдэл хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа мэт ойлгогдох ч Л.Оюун-Эрдэнийн атгасан олсны үзүүрийн цаана хэд хэдэн шалтгаан хөвөрч эхэллээ. Үндсэндээ түүнийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хийсэн үйлдэл нь зөвхөн кабенитынхаа бүтэц, бүрэлдэхүүнд чиглэсэн үү? гэвэл өрөөсгөл.

Эсрэгээрээ "давхар дээл"-тэй сайд нарынхаа тоог 15 болгон нэмэгдүүлж, Д.Амарбаясгаланг МАН-ын "Цагаан ордон"-оос Төрийн ордон, тэгэхдээ Хэрэг эрхлэх газрын дарга болгон дэвшүүлсний эхний шалтгаан нүүрсчидтэй тэмцэх суурь байсныг нийтээрээ харж, мөн ойлгож байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үндсэн үүргийн нэг ч тэр нь АТГ-ын "хашаа"-наас хэтэрдэггүй, тэдгээр нь аварга загас бус жараахай барих нь саяхныг хүртэл байх ёстой мэт хэвшмэл ойлголт байлаа. Харин нүүрсний хулгай гээч албан бус хардлагыг ил гаргахад гүйцэтгэх засаглал нь шүгэл үлээж, хүний өөрийн гэлтгүй улстөрчдийн нэрсийг зарласан нь түрүүчээсээ хуулийн байгууллагын хаалга татав. Лав УИХ-ын нэг гишүүн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, прокурорын саналаар хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаж эхэллээ. Ойрмогхон дахин таван гишүүний бүрэн эрхэд хамаарах асуудлыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирэхээр зэхэж байгаа гэх. Хөгжлийн банкны хэргээр хоёроос гурван ч гишүүний хувь заяа дэнслэгдэж мэдэхээр буй нь энэ Засаг авлигын эсрэг хоосон шүгэл үлээгээгүйг илтгэнэ.

Парламентаас дахин 12 гишүүнд "давхар дээл" нөмрүүлж, намаасаа Д.Амарбаясгаланг дэргэдээ татсан Л.Оюун-Эрдэнийн үндсэн шалтгаан нүүрсний хулгай дагасан ашиг сонирхлоос үүдсэн дам нөлөөг сааруулах, "Сөрсөн базаа" нь танхим доторх механик өөрчлөлт байсан нь энэ. Харин одоо тэр "Эцэг хууль"-даа дахин гарч хүрэх эрхээ баталгаажуулахаар шулуудав. Гол агуулга нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог тусгах гэсэн хоёр томоохон шинэчлэлд чиглэжээ. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ярьж, санал дэвшүүлж, бас хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн тогтолцооны реформ хийх "нүүдэл"-ээ албан ёсоор эхлүүллээ. Тэр өнөөдөртөө Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга учраас түүнээс зөрөх нэгэн төдийлөн гарахгүй л болов уу? Тэгээд ч Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх хэмжээний Ерөнхий сайд болох уу? тогтолцооны реформыг зоригтойгоор эхлүүлсэн улстөрч болж түүхэнд үлдэх үү? гэдэг нь Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь л шалтгаална.

2.

"Хаврын чуулган бүхэлдээ авлигын эсрэг байх болно" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар зүгээр ч нэг тодотгоогүй. Гүйцэтгэх засаглалын түвшинд авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээж, түүнийхээ барьцыг улам лавшруулахтай зэрэгцэн Ерөнхий сайдынхаа "сүүдэрт" бүдгэрэхийг хүсээгүй хууль тогтоох байгууллагын даргын боловсон улс төр байж мэднэ. Эрх биш Г.Занданшатар Төр төлөөлөх эрхийнхээ хүрээнд дээрээсээ Хоёрдугаар зэргийн эрэмбэтэй албан тушаалтан. Сайд асан Ц.Нямдоржийг "орондоо" шахуу хууль зассан гэж үзээд Цэцийн дүгнэлтээр суудлаас нь огцруулж аснаас бусдаар үе үеийн парламентын спикерүүд өөрсдийн хэмжээнд ажиллаж, даргалсан УИХ нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгосон түүхтэй. Харин ЖДҮ-чин, нүүрсчин, хүчирхийлэгч, Хөгжлийн банк тэргүүтэй есөн шид нь бүрдсэн гэмээр төлөөлөл бүрдсэн нь энэ парламентын үнэн төрх, Г.Занданшатарын бодит зовлон болсоор удав. Муу нэртэй, луу данстай "Ардчилсан холбоо" эвслийн үед ч өнөөгийн парламентын үнэлэмж шиг доод түвшинд очиж байсангүй.

Ийм нэгэн нөхцөлд УИХ-ыг төлөөлөх бүрэн эрхтэй спикер нь хаврын чуулганыг бүхэлдээ авлигатай тэмцэхэд чиглэнэ гэж онцолсон нь нэг талаараа унасан нэр хүндээ аврах Г.Занданшатар даргын үйлдэл, нөгөө талаар Засгийн газартайгаа хүч хавсрахаас өөр сонголт түүнд үлдээгүйг харуулав. Хашиж буй албан тушаал нь Ерөнхий сайдынхаа дээр ч, намын даргынхаа хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дагах нь МАН-ын уугуул гишүүн Г.Занданшатарт мэдээж хамаатай. Гэхдээ УИХ-ын даргын хувиар хэлсэн үг нь хаврын чуулганы эхнээс биеллээ олсон уу? гэвэл үгүй! Улсын ерөнхий прокурорын саналаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхэд хоёрыг нь явуулж нэгийг нь авч үлдлээ. Энэ хооронд АН төдийгүй МАН дотор ч томоохон улс төр, эрх ашгийн хуваагдал явж амжив. Хэн, хаана, хэний "халаас"-нд багтдаг, эрх ашгийн нэгдэл нь хэдий үед хэрэг болдгийг улс төр, нийгмийн хүрээнд бага ч гэсэн гадарлаж, тодорхой баримжаатай болцгоов.

Ямар ч байсан нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон УИХ-ын гурван гишүүн халдашгүй эрх ямбын нуувчнаас гарч, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон нь дэвшил ч, дараагийн удаад оруулж ирэх нэгнийг хамгаалах нь өөрт нь, өөрсдөд нь хамгийн халтайг Г.Занданшатар, түүний даргалдаг ангийнхан гадарласан нь яамай!. Гагцхүү Н.Энхболд нарын гишүүний боловсруулж, өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн хэлэлцэхтэй зэрэгцүүлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас санал авч эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин авлигатай тэмцэхээ албан ёсоор зарласан УИХ-ын даргын байр суурийн араас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргын хувиар хийж буй давхар нүүдэл байхыг үгүйсгэхгүй.

3.

Тангараг өргөсөн өдрөөсөө "Тэрбум мод" хөдөлгөөн, хүнсний аюулгүй байдлыг чухалчлах болсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан нь санамсаргүй тохиолдол биш. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь нийт ард түмнийг төлөөлдөг субъект. Хууль санаачлах эрх нь ч түүнд бий. Энэ дагуу долоон бүлэг, 46 зүйлтэй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилж, 18 жилийн дараа өргөн барьсан нь ардаа том шалтгаантай. Санаж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын шинэчилсэн найруулгыг санаачилж, парламентын босго давуулсан ч гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй унаж байв. Тухайн үеийн улс төрийн уур амьсгалыг өнөөдрийнхтэй харьцуулбал мэдээж өөр, өдөр шөнө шиг зөрүүтэй. "Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч", нам бус хэмээх агуулга өнөөгийн Ерөнхийлөгчийн гом имиж ч 2020 оны сонгуульд МАН-ыг удирдан оролцож, УИХ-д 62 суудал авсны автор нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, томилуулсан намын дарга нь У.Хүрэлсүх. М.Энхболдыг огцруулж, Хэрэг эрхлэх газрын дарга явсан Г.Занданшатарыг парламентын спикер болгон дэвшүүлж, 2020 онд улираахад голлох үүрэгтэй оролцсон хүн нь бас л У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх МАН-аас явсан ч, МАН түүнээс явахгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 2021 онд тангараг өргөснөөсөө хойш нам бус статуст шилжсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуульд цагаан дээр хараар бичсэн үнэн ч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газрын түвшинд хамгийн нөлөөтэй явж ирсэн ганц хүн нь тэр өөрөө. 2024 оны сонгуулиар улс төрийн нэн шинэхэн хүчин гарч ирдэггүй л юм бол МАН дахь Ерөнхийлөгчийн нөлөө байсаар л байна, бүрэн эрх нь дуусгавар болтол сүүдэр мэт дагах нь маргашгүй үнэн. Гол нь "Тэрбум мод", хүнсний аюулгүй байдал зэрэг хэтэрхий аж ахуйн асуудалтай "зууралдаж" ирсэн Төрийн тэргүүний зүгээс жил гаруйн хугацаанд хав дарсан Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгыг гэнэт УИХ-д өргөн барьсан улс төр талаасаа өөрийнхөө орон зай, нөлөөг баримжаалах бас нэгэн нүүдэл байв. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт "Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна” гэж тусгасан гэдийг сануулж, мөн шигтгэжээ.

1990 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуульд өнөөг хүртэл буюу 18 жилийн турш гар хүрээгүй, хүрэхийг ч хүсээгүй явж ирсэн шалтгаан нь өөрөө тодорхой. Ерөөсөө л намын санхүүжилтээ ил болгох сонирхол, наад захын төлөвшил тэдэнд тогтоогүйтэй холбоотой. Тэдэнд гэдэг нь 1992 оноос хойш Монгол төрийн түших багана, тулах цэг болж ирсэн МАН, АН хоёр л юм. Улсын Дээд шүүхэд 34 намд хамаатай байж болох ч сонгуулийн цикл дагаж амь ордог, эрх ашгаа ханцуйндаа наймаалцахаас бусдаар ганц гишүүнтэй, тэр нь дарга нь, эсвэл гэр бүлийн хэмжээнд явж ирсэн нь нууц биш, гашуун үнэн. Ийм цаг үед эрх баригч МАН-аас бус, сөрөг хүчин АН-аас ч биш, гуравдагч хүчний орон зайг хэрэндээ л нөхөх гэж хичээж ХҮН гэхээсээ Ерөнхийлөгчийн субъектээс улс төрийн намуудыг бодлогын институц болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шилэн болгох агуулгатай хуулийг санаачилж, өргөн барьсан хувь, хувьсгалын тохироо нь бүрдсэн үетэй таарав.

Хэн, хаанаас, хэзээ, хэдий хэмжээний мөнгийг хандив нэрийн дор намын данс руу цутгаж, эргээд хууль тогтоох түвшинд хэлэлцэж байгаа төсөлд болон шийдвэрт өөрсдийн ашиг сонирхлыг шингээж, шигтгэж ирсний гол шалтгаан нь намын санхүүжилт далд, хөшигний ард явдгаас үүдэлтэй. Үүнийг бүгдээрээ мэддэг, гадарладаг, зохих хэмжээнд оролцоотой явж ирсэн атлаа засч сайжруулах, "Шилэн" болгох тал руугаа явсан нь үгүй. Тийм зориг ч байсангүй.

Өрнөж байгаа үйл явдлаас харвал Ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван институт хооронд "Жинхэнэ дарга"-аа тодруулахаар тус тусын улс төрөө нэгэнт эхлүүллээ. Тогтолцоогоо тордож, өөрчилж, шинэчилж л байвал түүнийг эхлүүлэх нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын, бас Ерөнхий сайдын үүрэг мөн үү? гэвэл мэдээж тийм. Гагцхүү УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэж, Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр санал авахтай зэрэгцэн Ерөнхийлөгч Улс төрийн намуудын тухай хуулиа хамтад нь зүтгүүлснээр Үндэсний аюулгүй байдлын түвшинд тогтолцооны өөрчлөлт хийхээр шулуудсаныг харуулж буйтай агаар нэг юм. Харин үүнээс хэн хожих вэ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үү? УИХ-ын дарга Г.Занданшатар уу? Л.Оюун-Эрдэнэ үү?!. Аль нь ч биш ээ! Эцсийн дүндээ авлигачид биш Монголын ард түмэн хожиж байвал тэр нь шинэчлэл, тогтолцооны томоохон өөрчлөлт болж буух учиртай.

UZEG.INFO