Смоуки хамтлагийн “Хээр хоносон сар”
Нэмж хэлэхэд Крис Норман бас их мэдрэмжтэй, Парис дахь амрагийн түүхийг дуулахдаа Rendezvous, University гэх мэт үгийг зүгээр Британийн англи дуудлагаараа хэлэхгүй, ялангуяа Р-ийг нь хэлээ нугалан тагнайн ар этгээдэд хүргэж, франц авиагаар Га-лан “юнивэгасити” маягаар дуулж буй нь бүр ч донжтой.
Смоуки бол миний болоод ах эгч нарын маань үеийнхний шүтээн хамтлаг билээ. Ялангуяа I’ll Meet You at Midnight дуунд нь дургүй хүн гэж бараг үгүй биз. “Шөнө дунд чамтай учирна” дуу 1976 онд эхэлж сингл болон гараад дараа нь Midnight Café хэмээх цомогт нь оржээ. Ирландын хит парадыг тэргүүлж байсан энэ сингл Өмнөд Африкад 3, Холландад 5, Норвегид 6-д жагсаж байсан түүхтэй. Тухайн үед социалист улсуудад хит парад гэж жагсаалт гардаг байсан бол нэмээд 15 улсад тэргүүлэх байсан нь тодорхой биз.
Бид болбоос хар багаасаа англи, итали дууны үгийг огт мэдэхгүй, сонсголоороо даган дуулж өссөн, англи хэл сурсан хойноо ч бадгийн үгийг тэр бүр сонсохгүй, дахилтынх нь давтан дуулдаг үгээр л дууны утгыг баримжаалсаар ирсэн муу зуршилтай, бүдүүлэг үеийнхэн юм аа. Тийм ч учраас миний бие олон жил I’ll Meet You at Midnight гэсэн дахилтын үгээр нь төсөөлөн, хайртай хосын шөнө дунд учирч, жаргал цэнгэл эдэлсэн тухай л дуулсан юм байх гэж бодож явсан юм. Гэтэл саяхан хэрэг болгоод үгийг нь нухацтайхан сонссон, харин ч бүр эсрэг агуулгатай, учирч чадаагүй амрагийн тухай, уйтай гэгэлгэн дуу байсан ажээ. Ерөөсөө Бэгзийн Явуухулангийн “Хээр хоносон сар” найргийн англи хувилбар шахуу үгтэй дуу байж.
Дуунд юу өгүүлэв?
Үйл явдал Францад өрнөнө. Жан Клод гэж өнөө зодоонч Ван Даммын амьдаа залуу, Луиз Мари гэж бүсгүйтэй нэг удаа учирсан ажээ. Тэнцвэргүй хос байсан бололтой юм. Залуу нь зүгээр нэг оюутан, бүсгүй нь харин тэнгэрийн амьтан. “Тэнгэрийн” буюу тэртээ дээр – world away гэдгээ нийгмийн байр суурь, хөрөнгө мөнгө, алдар нэр, зүс царай, юугаараа гэдгийг нь дуунд заасангүй, ямар ч байсан дээгүүр л жаалдаг нэгэн байж.
Jean-Claude was a student at the University
Louise-Marie is just a world away
Янаг амраг гэж хэлэхэд хэцүү, урьд ганц удаа тохиолоор учирсан бололтой юм. Залуу эргээд тэр явдлаа бодохоор “инээдээр дулаацсан шөнө байсан” гэх. Хэлэх үг дуурсах аялгуу хоёр сүлэлдээд, ялгаа нь арилаад ирэх яг тэр цагт бүсгүй харин явж одсон ажээ.
He recall the night they met was warm with laughter
The words were music as she turned away
Би дууг дундаас нь ярьчихлаа, нэгдүгээр бадгаас эхэлбэл, бүх явдал франц хэлээр L’avenue des Champs-Élysées буюу Шаанз-Элизээ хавьцаа сонстох Елисейн өргөн чөлөөн дэх нэгэн кафед эхэлнэ. Энэ бол Парисын төв болох Конкордын талбайгаас Ялалтын арк хүрдэг гол гудамж, манайхаар бол Энх тайвны өргөн чөлөө нь билээ.Тэр кафед нууцаар уулзъя гэж мань хоёр олон өдрийн өмнөөс (зугуухан) төлөвлөж. A secret rendezvous гэснээс ургуулан бодоход оюутан залуу юугаа л нуугаа аж, харин тэр Мари Луиз ганцаараа хүн биш л байсан болов уу?
A summer evening on Les Champs Elysées
A secret rendezvous they planned for days
Гэтэл бүсгүй нь ирдэггүй дээ. Тамхины гал бүр эзнийхээ нүүрийг гэрэлтүүлнэ гэхээр ганц тэр бяцхан дөл мянган нүүрийг харуулах адил ганцаардан хүлээх нэг л цаг мянган жилтэй тэнцэнэ хэмээн зүйрлэж.
Each cigarette would light a thousand faces
Each hour that pass seem like a thousand years
Шаанз Элизээ хэмээх Елисейн өргөн чөлөө
Сүүлдээ нөгөө бэлгэдлийн “шөнө дунд” гээч нь хоосон зай болон хувирч, инээд наргиан замхран одно.
Гуравдугаар бадаг, эхний бадагтайгаа тэгш хэмтэй, нэгдүгээр бадаг “Зуны үдэш – амрагийн болзоо” гэж өөдрөг эхэлсэн бол, сүүлчийн бадаг “Зуны өглөө – хоосон ширээ” гэж гутранги өрнөнө. Өглөө болтол тэр кафе буюу зоогойд суугаад өнөө бүсгүй ирсэнгүй ээ. Дуу бол ердөө л энэ.
Дахилтан дээр харин нэгдүгээр биеийн өгүүлэмж орж ирнэ. Нэгдүгээр бие гэж юуг хэлээд байна вэ гэхээр өнөө хүмүүсийг андууруулаад байгаа:
I'll meet you at midnight
Under the moonlight
гэдэг нь манай бүсгүй залуу хоёрын тухайд биш, дуучны өөрийн өгүүлэмж юм. Сарны доор, шөнө дунд чамтай би уулзана хэмээгээд харамсалтай нь араас нь:
But Jean-Claude, Louise-Marie will never be... буюу тэр хоёр хэзээ ч ахин учрахгүй гэжээ. Гунигтай өгүүлэмж, гэхдээ чухам тийм гунигаас л шүлэг дуу төрдөг юм гэж найрагч найзууд маань хэлэх юм билээ. Тэр хэдэн найзаа би дандаа гунигтай байгаасай гэж хүсэхгүй, гэхдээ тэгвэл бас олон сайхан шүлэг төрөх юм даа.
Нэмж хэлэхэд Крис Норман бас их мэдрэмжтэй, Парис дахь амрагийн түүхийг дуулахдаа Rendezvous, University гэх мэт үгийг зүгээр Британийн англи дуудлагаараа хэлэхгүй, ялангуяа Р-ийг нь хэлээ нугалан тагнайн ар этгээдэд хүргэж, франц авиагаар Га-лан “юнивэгасити” маягаар дуулж буй нь бүр ч донжтой.
Цомгийнх нь зураг. Парис явж амжилгүй, Лондонд авхуулсан юм гэдэг
Орчуулга
Ингээд дууг монгол хэлээр орчуулж үзлээ. Яг дуулахад тохиромжтой гэж бодож орчуулаагүй, утгаа илүү анхаарсан, гэвч дуулах сонирхолтой хүн байвал тааруулаад өгч бас болох юм шүү.
I'll Meet You at Midnight
A summer evening on Les Champs Elyse’s
A secret rendezvous they planned for days
A sea of faces in a crowded cafe
A sound of laughter as the music plays
Jean-Claude was a student at the University
Louise-Marie is just a world away
He recall the night they met was warm with laughter
The words were music as she turned away
[Chorus]
I'll meet you at midnight
Under the moonlight
I'll meet you at midnight...
But Jean-Claude, Louise-Marie will never be...
Each cigarette would light a thousand faces
Each hour that pass seem like a thousand years
Midnight was turning into empty spaces
The sound of laughter disappeared
A summer morning on Les Champs Elyse’s
The empty table in the street cafe
The sunlight melting through an open doorway
Jean-Claude has left to face another day
Шөнө дунд чамтай би уулзана
Зуны үдэш – Елисейн өргөн чөлөө
Зугуухан бэлдсэн нууцхан болзоо
Хөлтэй зоогойд хүн нэмсээр
Хөгжмийн аялгууг инээд чимсээр
Дээд сургуулийн оюутан билээ – Жан Клод
Дэндүү өндрийн бүсгүй билээ – Луиз Мари
Дулаахан инээдтэй шөнө байсаан гэж
~дурсдаг юм билээ, тэр залуу
Дуртгах үгс аялгуу болохын цагт
~холдон одсон юм билээ, тэр бүсгүй
Дахилт:
Хавирган сарны бүүдгэр гэрэлд
Шөнө дунд чамтайгаа би уулзана
Харин Жан Клод, Луиз Мари хоёр
Ахиад хэзээ ч учрахгүй ээ.
Галтай тамхи улалзах нь түмэн царайг гэрэлтүүлнэ
Ганцхан цаг өнгөрөх нь буман жил мэт санагдуулна
Шөнө дундын хүлээлт оргүй хоосонд хувирлаа
Шүлэг дуу мэт инээд мөргүй хөөсөнд замхарлаа
Зуны өглөө – Елисейн өргөн чөлөө
Зоогойн ширээ хоосон, үлдсэн хүн ганц
Жаргах биш ургах наран хаалгаар тусахуй
Жан Клод ахин нэг өдөртэй золгов оо.
Хээр хоносон сар
Энэхүү бичвэрээ миний Смоуки хамтлагийн “Хээр хоносон сар” гэж нэрийдсэн нь учиртай юм. Учир нь амрагтайгаа сарны дор учрахаар хүлээгээд (I'll meet you at midnight - Under the moonlight) өнөөх нь ирээгүй тэр өгүүлэмж Явуу найрагчийн ийм нэртэй шүлгэнд яг гардаг билээ. Тэгээд би бодлоо. Хайртыгаа хүлээгээд шөнөжин гиюүрч хоновол, сартай ханьсаад үүрийн гэгээтэй золговол, тэгээд амраг нь ирэхгүй бол ерөөс Англи, Франц, Монгол хаа ч бай хамаагүй, найраг дуу төрөх нөхцөл болдог ажээ гэж. Явуу найрагч ингэж дуулсан юм:
Шилийн уулын орой дээр
Сар хээр хонолоо.
Шинэхэн амрагаа хүлээсээр
Би хээр хонолоо.
Бүрий болтол хүлээлээ.
Бүгээ тасартал хүлээлээ.
Одод түгтэл хүлээлээ.
Онцгой чи минь ирсэнгүй
Сэм сэмхэн цөөрсөөр
Одод өрнө рүү шуугдлаа.
Шижирхэн далавчаа дэлгэсээр
Үүр дорноос цайлаа.
Шөнөжингөө би хүлээлээ.
Шүүдэр буутал хүлээлээ.
Одод шингэтэл хүлээлээ.
Онцгой чи минь ирсэнгүй.
Хээр хоносон сар минь
Нартайгаа сая уулзлаа
Хээр хонуулсан сар минь
Наддаа юунд ирсэнгүй вэ?
Бас дуучин Хүрэлбаатар, ая зохиогч Амаржаргал нар нэгэнтээ
Үдшээр уйлах өвсөн шүүдэрт хөлөө норгоод
Үндсэнд шургасан чимээгүй бодлоо зүрхэндээ тэрлээд
Нар хүлээх талдаа үүрийг угтахуй... санаашрал хаялах саран авхай ханьсан суусан нь эгээ л энэ өгүүлэмж, ижил мэдрэмж мөн.
Дуугаа эндээс сонсоод дагаж дуулж сураарай.
Мэндээ
БАЯЛАЛАА
энгийн
Зочин
Fanat
Баяр
Г. Э...н
отгоо
Зочин
70-аад онд идэр явсан зочин
Дари Сүхбаатар
Дари Сүхбаатар
14-ын Б байр, хөрш
zochin
Анхаа
Зочин
tugs
Жамбаа
зочин
уншигч
munkhuu
сонсогч