Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай! Хэсгээс нь Weekend-ээр baabar.mn; sonin.mn сайтад тавьж сонирхуулна–гэснээрээ номын хэсгээс уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэе.


Манай баруунд социализмын үеийн Монгол Улсын талаар хэд хэдэн чухал түүхийн сурвалж баримт бичгүүд байдаг боловч маш бага ашиглагдсан байдаг. Тухайлбал, 1964-1966 оны хооронд Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа “Монголоос илгээх захидлууд” номоо бичсэн Их Британийн анхны элчин сайд Региналд Хиббертийн дурсамж, 1980-аад оны эхэн үеийн Монголын хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөний талаарх Даниел Росенбергийн судалгаа зэргийг дурдаж болох юм. 

Миний хувьд Монголд хийсэн анхны аялал маань монголчуудын нэрлэдгээр “Цэдэнбал, Брежнев нарын алтан үе” гэгдэх 1975 онд байсан юм. Миний санаж байгаагаар тухайн үед хотын төвд автомашины оронд морин тэрэг явдаг, бараг бараа байхгүй хоосон шахуу ганцхан их дэлгүүртэй байсан даа. Хожим 1990 онд дипломат албанд томилогдон дахин Монголд ирэхэд эдийн засгийн нөхцөл байдал яг хэвээрээ, харин улс төрийн хувьд Горбачевын “перестройка”-ийн үзэл санаа хүлээн зөвшөөрөгдөж, өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн уур амьсгал орсон байв. 

Үүний үр дүнд Польшийн “Эв санааны нэгдлийн хөдөлгөөн” Зүүн Европт боловсрол эзэмшсэн зарим нэгэн монголчуудад хүчтэй нөлөө үзүүлжээ. БНХАУ-д 1989 онд Тяньанмэний талбайд тохиосон үйл явдал монголчуудыг, тэр дундаа Улс төрийн Товчоог цочролд оруулжээ. Улс төрийн Товчооны зүгээс Хятадын коммунист нам өөрийн хамтран зүтгэгчид болон залуучуудыг мөрдөн шалгаж, дахиж ийм зүйл давтагдахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Үүнийг бид хожим ил болсон Монгол Улсын сүүлийн коммунист лидер, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн хэлсэн үг, дурсамжаас ойлгож болно. Тухайлбал тэрээр эхнэртээ хандан “Манай цөөхөн монголчууд нэгнийхээ хамраас цус гаргах гэж байгаагаа одоог хүртэл ойлгоогүй байна” хэмээн хэлсэн байдаг. 

Монголчуудын жагсаал цуглаан жагсагчдын зүгээс болон Засгийн газар, цагдаа, цэрэг армийн зүгээс сахилга батыг хатуу баримталж, ямар нэгэн эмх замбараагүй байдалд хүргэлгүйгээр маш сайн зохион байгуулагдаж байв. Үүний үр дүнд монголчууд ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр, нэг ч хүний амь эрсдэлгүйгээр тайван замаар коммунист дэглэмээ дуусгавар болгож чадсан юм. Энэ бол Монголчуудын эр зориг, тэвчээр хатуужил, тууштай байдал, үндэсний эв нэгдлийн ялалтын түүх бөгөөд энэ мэт олон нийтэд түгээмэл биш түүхийг өнөөгийн Монголын залуучууд сайтар судалснаар ирээдүйн хүнд хэцүү цагт тэднийг чиглүүлэх сургамжийг олж авах төдийгүй бусад дотооддоо зөрчил мөргөлдөөнтэй байгаа ард түмнүүдэд жишиг загвар болох ач холбогдолтой юм. Иймээс энэ цаг үеийн ардчилсан болон ардчилсан бус лидерүүдийн хувийн дурсамж, дурдатгалыг цуглуулж, хэвлэн нийтэлбэл зохилтой. Монголын их дээд сургуулиуд улс төр, түүхийн шинжлэх ухаан, орчин үеийн социологийн чиглэлийн оюутан сурагчдаа энэ төрлийн хувь хүний дурсамжид суурилсан судалгаа хийхийг нь хөхүүлэн дэмжиж, хоорондоо өрсөлдөж байх хэрэгтэй бөгөөд үндэсний хэмжээний төсөлт уралдаан болгон хөгжүүлэх нь зүйтэй юм. 

Монголын гадаад харилцааны хувьд сүүлийн 20 жилд нийтлэгдсэн хэд хэдэн бичмэл эх сурвалжуудыг нэрлэж болох юм. Энэ төрлийн цөөн хэдэн хэвлэмэл бүтээлийн нэг бол Моррис Россабийн багагүй шуугиан тарьсан бүтээл болох 1990-ээд оны эхэн үеийн Америк төвтэй Монголын хөгжлийн бодлогыг шүүмжилсэн өнцгөөс бичсэн “Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, түүнээс капиталистууд” гэх бүтээл юм. Өөр нэгэн сонирхолтой судалгааны 10 бүтээл бол АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажилласан Жонатан Эдлтоны “Монгол ба Америкийн Нэгдсэн Улс: Дипломатын түүх” гэх нэртэй ном юм. Тэрээр энэхүү номоо АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан бичсэн бөгөөд англи, монгол хоёр хэл дээр хэвлэгдэн гарсан. Түүнчлэн ном товхимол болон медиа эх сурвалжуудаас гадна судалгаагаа илүү бодит үндэслэлтэй болгохын тулд Монголын төр засгийн лидерүүд болон гадны дипломатуудын хувийн тэмдэглэлийн цуглуулгыг ашигласан ба тэдний дундаас Америкийн Дипломатын судалгаа, сургалтын холбоо (Association for Diplomatic Studies and Training)-ны “Гадаад харилцааны аман түүх төсөл”-ийн хүрээнд цуглуулсан АНУ-аас Монгол Улсад сууж байсан зарим Элчин сайд нарын хувийн ярианы тэмдэглэл зэргийг дурдаж болох юм. 

Гэсэн хэдий ч сүүлийн 25 жилийн Монголын ардчиллын түүхийг бүрэн дүүрэн ойлгоход эдгээр нь хангалтгүй бөгөөд ялангуяа шилжилтийн үеийн үйл явц, коммунист эдийн засгийн тогтолцоог нураахад гарсан эдийн засгийн өртөг зэргийг ойлгоход илүү нарийн, олон төрлийн эх сурвалж, материал шаардагдана. Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ) гэх тогтолцооныхоо дагуу жил бүр Монгол Улсын нийт төсвийн гуравны нэгийг хангадаг байсан Зөвлөлт Холбоот Улс задарснаар Монгол Улс XX зууны сүүлийн 10 жилийн хүнд хэцүү цаг хугацааг туулж, томоохон суурингуудад хүнсний хомсдол бий болсон ч ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсч, бослого үймээн дэгдээгүй юм. 

Монголын бодлого боловсруулагчид ардчилсан нийгмийг эдийн засгийн тогтвортой чөлөөт зах зээлийн хамтаар нэгэн зэрэг цогцлоох амаргүй шийдвэрийг гаргаж, онцгой замыг сонгон авчээ. Учир нь тухайн үеийн шилжилтийн цаг үеийг адилхан туулж байсан социалист гэгдэх бусад орнуудын ихэнхи нь ингэж зүрхлээгүй юм. Шийдвэр гарсан эл үйл явцыг нарийн тайлбарлахын тулд түүхчид одоо тэтгэвэрт гарсан тухайн үеийн улс төрчид, Ардын Их Хурлын тэргүүлэгчид зэрэг хүмүүсээс ярилцлага авч, өдөр тутмын сонины архивыг нэг бүрчлэн нарийн судалж шинжлэх хэрэгтэй. Харамсалтай нь энэ төрлийн архивын ихэнхи нь цахим хэлбэрт шилжээгүй байгаа нь хүндрэлтэй байгаа тул “МОНЦАМЭ”-ийн фото зургийн алба зэрэг эх сурвалжуудыг биечлэн шинжлэх шаардлагатай. 

Түүнчлэн тухайн үед АНУ тэргүүтэй өрнөдийн хандивлагч орнуудын зүгээс Монгол Улсыг шилжилтийн үйл явцыг туулж буй бусад орнуудад жишиг загвар болох боломжтой хэмээн үзэж байсан тул эдгээр орнуудын хэл дээр хэвлэгдсэн түүхийн баримт бичиг, дурдатгалууд цөөнгүй байдаг. Монголын хөгжлийн энэхүү загварыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим сайшааж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан ба АНУ-аас Монгол Улсад суусан хоёр дахь Элчин сайд Жозеф Лэйк 1992 онд хэлсэн үгэндээ “Хэрвээ бид ардчилал, чөлөөт зах зээл, хувийн өмчид итгэж найддаг бол америкчуудын ирээдүйд нөлөөлж чадах газар нь энэ улс юм. Монголчууд яг одоо өөрсдийн улс төр, эдийн засгийн тогтолцоог бидний итгэж найддаг тэрхүү замын дагуу шинээр зохион байгуулахыг хичээж байна. Хэрвээ тэд үүнийг амжилттай хэрэгжүүлбэл ардчиллын арал болохынхоо хувьд дэлхийд чухал нөлөөтэй улс болно” гэжээ. Элчин сайд Ж.Лэйкийн хэлсэн үгнүүд ирээдүйг урьдчилан харсан зөгнөлийн шинжтэй байсан хэмээн үзэж болох юм. Учир нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс салан гарсан орнуудын дотроос Монгол Улс шиг ийнхүү энхтайвнаар улс төрийн шинэчлэл хийж хөгжлийн замыг туулсан түүх Төв Евразид өөр байхгүй гэдэгтэй маргахын аргагүй юм. 

Монгол Улсын хувьд Зүүн Европын бусад орнуудын адил дахин сэргээн байгуулах боломжтой орчин үеийн төрт улсын 11 үндэс суурь байхгүй байсан тул шилжилтийн үйл явц ямар хүнд байсныг төсөөлж болохуйц юм. Монголын өв соёл, төрт ёсны уламжлал бол Манжийн хаант төрийн удирдлага дор 300 жил болсон мал аж ахуйд суурилсан нүүдэлчний эдийн засаг, XIII зууны Чингис хааны үеэс эхтэй дотоодын хамжлагат хаант төр, Далай лам шиг шашны нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдээр удирдуулсан XX зууны эхэн үеийн шашин төрийн хосолсон хэлбэр байсан билээ.

Коммунизмын үед бэлтгэгдсэн тухайн үеийн МАХН-ын лидерүүдийн хувьд ч, Ардчилсан хөдөлгөөний залуу идэвхтнүүдийн хувьд ч 1992 онд улс орны дотоод гадаад асуудлаа өөрсдөө зохицуулах боломж бүхий уян хатан бөгөөд төлөөллийн ардчилсан парламентад суурилсан орчин үеийн шинэ Үндсэн хуулийг өлгийдөн авна гэдэг бол АНУ-ын эцэг хуулийн нэгэн адил гайхамшигтай үйл явдал байсан юм. Алдаа оноо бүхий өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүх зүйл сайхан зөв байсан уу гэвэл үгүй юм. Харин энэ улсын сонгон авч мөрдөж ирсэн зам хувь хүний улс төр, эдийн засгийн эрх чөлөөний төлөө байсан уу гэвэл эргэлзээгүй тийм. Өнгөрсөн 10 жилийн Монгол Улсын түүхийг хоёр том хөрш орнууд болох Орос, Хятадыг багтаагаад Азийн түүхээс салгаж авч үзэх боломжгүй юм. 

Гэхдээ Монгол бол Орос ч биш Хятад ч биш. Эдгээр гурван улс бүгдээрээ XX зуунд өөрсдийн дэглэмээ үндэсний үзэл болон хувьсгалаар өөрчлөн сольж, өнөөгийн даяаршсан харилцан хамаарал бүхий ертөнцөд шинээр гарч ирсэн улсууд юм. Орос, Хятад төдийгүй маш олон Өрнөдийн орнууд өнгөрсөн 10 жилийн дотор Монгол Улстай бүх салбарыг хамарсан иж бүрэн хоёр талт харилцааг тогтоожээ. Өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтуудыг авч хэлэлцэхийн тулд өнгөрсөн хугацаанд хүрсэн энэ мэт улс төр, эдийн засгийн ололт амжилтуудыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Тиймээс энэхүү номд Монголчуудын түүхэн болон өнөөгийн геополитикийн нарийн төвөгтэй орчныг тайлбарлах болно. 

Ингэхдээ “Хүйтэн дайн”-ы дараах он жилүүдэд Монгол Улсын бодлого боловсруулагчдын өмнө улс орныхоо нийгэм-улс төрийн тогтолцоог шинээр зохион байгуулах үйлсэд нь тулгарч байсан хүндрэл бэрхшээл болон ололт амжилтуудыг тайлбарлан харуулахыг хичээх болно. Монголын хөгжлийн стратегид даяаршлын нөлөө төдийгүй гадны дипломатчид, бизнесчид, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо голлох хүчин зүйлүүдийн нэг болсоор ирсэн байдаг. Номын бүлгүүд нь ерөнхий цаг хугацааны он дарааллаар бичигдсэн бөгөөд бүлэг тус бүрт ардчиллын эрин үе дэх тухайн цаг үеийн анхаарал татсан гол сэдвүүдийг онцлон авч үзсэн ба эдгээр он жилүүдэд Монголын дотоодод болсон гол үйл явдлуудыг бүгдийг нь хамруулж цогцоор нь хөндөөгүй боловч Монголын хувьд дотоод гадаад бодлого нь хоорондоо нягт уялдаатай байдаг онцлогийг харгалзан тухайн цаг үеийн ихэнхи гол үйл явдлууд болон хүмүүсийн талаар багтаахыг хичээсэн болно.

(-Үргэлжлэл бий)