-Улс орон даяар онцгой байдал үүссэн эгзэгтэй үед та бид хоёрын яриа болж байна. Мэдээж  бидэнд олон цагаар яриад суух цаг зав алга байна. Тийм учраас цөөн асуултын хариу авъя?

-Танд 30 минут л байна. Би улсын онцгой байдлын комис дээр хуралд дуудагдаад гарах гэж байна.

-Тэр хуралд хэн нэгэн доод албан тушаалтнаа явуулчихаж болдоггүй юм уу. Танд албатууд байгаа байгаа биз дээ?

-Тэнд чинь заавал л намайг аваачиж загнах ёстой ш дээ.

-Тийм үү. Ийм их ажлын үеэр манайхан элдэв үр дүнгүй хурал хийж сууцгаадгаа болимоор юм?

-Би тэнд бас комисс орлож байгаа юм аа. Тэгэхээр очих ёстой.

-Экс Ерөнхий сайдын эрүүл мэндийн талаар та анх мэдэгдэл хийсэн. Тийм хэмжээний алхмыг өөртэй нь зөвлөхгүйгээр хийхгүй гэдгийг мэдсээр байж бид тань руу зөндөө  дайрлаа. Гэхдээ олон нийт бол нарийн мэдэхгүй шүү дээ. Энэ Ламбаа яасан хүний мууд дуртай нөхөр вэ гээд л ам дамжуулаад загнаад явчихсан?

-За яахав дээ, улстөрчдийн маань зарим нь хүртэл  хурал хуй дээр өөртөө ашигтай нөхцлийг олж авахын тулд ч юм уу, сонин байдлаар яг энэ асуудлыг надаас асууж байсан  тал бий. Би болсон явдлыг  яръя л даа. Тэр үед би Архангай аймагт ажиллаж байсан юм. Намайг яг Архангайд байхад Солонгосоос Ерөнхий сайд утасдсан. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн юмнууд бичээд байнаа. Монгол улсын Ерөнхий сайд хөл нь гэмтчихээд л, нуруу нь гэмтчихээд л Солонгост хэвтээд байгаа юм биш ээ. Ер нь арван жилийн өмнөөс бий болсон, тодорхой хугацаанд өвдөж эмчлүүлж байсан С вирусынх нь идэвхжил нэлээн өндөрсөөд, үүнийхээ эмчилгээг хийлгэж байгаа юм аа. Интерфероны эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг та эрүүл мэндийн сайдын хувьд албан ёсоор  зарла даа” гэж хэлсэн.

-Өөрөө?

-Өөрөө. Тэгэхээр нь би хэлсэн. Хүний эрүүл мэндийн асуудлыг шууд тэгж  дэлгэж болохгүй ээ. Хуулиар хориотой. Хуулинд яг юу гэж заасан байдаг вэ гэхээр тухайн хүн өөрөө хүссэн тохиолдолд болно гэж тусгасан байдаг л даа. Гэтэл Ерөнхий сайд би өөрөө зөвшөөрч байгаа тохиолдолд та мэдэгдэж болноо гэж хэлсэн. Тэгээд би архангай аймгаас ирээд хэвлэлийн бага хурал зарлаад мэдэгдэл хийсэн.

-Гэхдээ хүний өвчний оношийг ил тод дэлгэрэнгүй байдлаар зарлалаа гэсэн шүүмжлэл орчин үеийн сэтгүүл зүйгээс ирнэ гэдгийг мэдэж та мэдэж байсан биз дээ?

-Мэдэж байсан.

-Өөрийн дур зоргоороо хийсэн алхам биш болохоор гомдолтой  байна уу?

-За, даа нэг их гомдоод байх ч юм юу байхав дээ. Би бол улс төрд угаасаа олон жилийн турш энэ байтугай юманд чичлүүлж явсаар ирсэн хүн юм чинь.  Харин энэ явдлыг улам цааш нь мушгиж над руу   дайралт хийгээд байгаа нь бас л  Ерөнхий сайдын байгаа  байдал дээр тодорхой хүндрэлийг бий болгосон байхгүй юу. Над руу дайрах яах вэ. Надаар дамжаад тэр хүнд бас л эмзэглэл ирж байгаа. Би чинь одоо юу хийчихэв. Хэнээр юу хэлүүлчихэв гэж. Би өөрт нь хэлсэн. Сэтгүүлчдээс над руу юу ирж, яаж байх нь хамаагүй ээ. Би таны өгсөн үүргийн дагуу л өөрийн үүргийг гүйцэтгэсэн.

-Нэг удаа та ингэж мэдэгдэл хийгээд “буруудчихлаа”. Хоёр дахь удаагаа  яах гэж “Ерөнхий сайд зүв зүгээр. Даваа гаригт ажилдаа орно” гэж тийм итгэлтэйгээр  мэдэгдсэн юм бэ. Солонгосын Ерөнхий сайдын жишээ бий шүү дээ. Олон нийтэд ташаа мэдээлэл өгчихөөд тэр ёсоор байх газраа байлгүйгээр гольф тоглож байсныг нь сэтгүүлчид мэдсэнээс болж огцорч байсан ?

-Тэр өдөр Засгийн газрын хуралтай байсан. Тамирчдад шагнал гардуулсан. Бас миний хоёр гурван ч асуудал орсон учраас тэр өдөр хэвлэлээр Засгийн газрын хуралдааны мэдээллийг өгөх үүрэг ногдсон. Тэгэхийн хажуугаар “Та энэ мэдэгдлийг хийх үедээ Ерөнхий сайд ирэх долоо хоногт  ажилдаа орно гэдгийг  албан ёсоор зарлаарай” гэсэн.

-Хэн?

-Одоо манай Засгийн газрын хэвлэлийн албаны дарга л Ерөнхий сайдын мессежийг үзүүлсэн л дээ. Бас л би л хэлэх үүрэг ногдсон. Долгор сайд эд нар цөмөөрөө л мэдэж байсан. Ерөнхийдөө эрүүл мэндтэй нь холбоотой асуудал байсан учраас эрүүл мэндийн сайд энэ асуудлаар хариулт өгч байх нь зохилтой гэж үзээд надаар дандаа хэлүүлээд байсан юм л даа.  Би гэхдээ энэ үүргийг биелүүлж байгаадаа огтхон ч эмзэглээгүй. Үүнээс болж балбуулж баалуулаад байна гэж гомдох юм байхгүй.

-Ажилдаа орох тухайд тэр хэрэг эрхлэх газрын дарга Долгор л мэдэгдэнэ биз дээ. Та чинь сөрөг хүчнээс энэ танхимд сайн муу хэлүүлээд үүрэг гүйцэтгэж байгаа сайд шүү дээ. Аппарат хариуцдаг нөхдүүд бүх л бүтэн сайд хүнээр гар хөлөө хийж “тоглосон” юм биш биз гээд хатгачихвал дургүйг тань хүргэчих юм болов уу?

-Төрийн гурван өндөрлөгийн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн эрүүл мэндийн сайд хариуцна гэсэн заалт хуулинд байдаг. Өөр хэнээр ч дамжих эрх байдаггүй. Гэхдээ Ерөнхий сайд даваа гаригт ажилдаа орсон шүү дээ.

-Тэгсэн. Гэхдээ тэр үед ерөнхийдөө улс төрийн хүрээнд шивэр авир яриа тархчихсан байсан. Ерөнхий сайд ажлаа өгөхөөр шийдчихсэн юм байна. Дараагийн хүн тэр юм байнаа гэсэн...Мэдээж та тэр мэдээллийг ор тас дуулаагүй байна гэж байхгүй шүү дээ?

-Ер нь бол биеийн эрүүл мэндийнх нь байдал хэвийн байгаа гэж би хэлсэн. Үнэхээр хэвийн. Энэ бол зүгээр эмчилгээ хийлгэж байгаа л хүн. Тэр хүн өөрөө УИХ-д хандаж хийсэн мэдэгдэлдээ ч тодорхой хэлсэн. Эрүүл мэндийнхээ талаар нэг мундаг өгүүлбэр хэлсэн ш дээ. Эмнэлгийн адар ширтэн хэвтэх нь биеийнх гэхээсээ илүү сэтгэлийн том  там юм аа гэж. Биеийнх биш, сэтгэлийнх гэж онцолж байгаа биз. Биеийн эрүүл мэндийн байдал нь тэгтэл хурцадмал байдалд орчихсон юм биш. Гэхдээ энэ их олон дайралтууд чинь эмчилгээ хийлгэх явцыг улам хүндрүүлж, сэтгэлээр нь шаналгаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой ш дээ. Мань руу хүртэл ингэж дайрч давшиж байхад чинь. Гэхдээ би үүргээ л гүйцэтгэсэн. Надтай Ерөнхий сайд уулзсан. Та хэвлэлийн бага хурал дээр байр сууриа илэрхийлсэн байна лээ. Танд би баярлаж байгаа гэж. Намайг бол цааш нь яаж ч гөвсөн болно. Хэдий хатуу хөтүү улс төрийн амьдрал ч гэсэн хүн чанар, хүний нэг ноён нуруу гэж нэг юм  байдаг юм байгаа биз дээ. Тэгэхээр хүн чанар талаасаа ч бидний хооронд байх л ёстой харилцаа юм.

-Та бол монголын улс төрд олон жил чанагдаж яваа хуучин кадруудын нэг. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, таныг сайдад нэр дэвшихэд хэн ч гайхаагүй. Учир нь орон л онгойвол очиж толгойгоо шургуулж, албан тушаал тэр бүр авч яваагүйг тань үнэлсэн хэрэг байх. Гэхдээ эрүүл мэндийн сайд гэхээр бүгд жаахан эргэлзсэн. Өнөөдөр тэр яриа эргээд сэргэж байна. Ийм хүнд үед энэ яамыг мэргэжлийн хүн толгойлж байсан бол дээр байсан юм гэх мэтээр ?

-Намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаач гэж санал тавьсан газар бол нам. Ямар утгаар Ардчилсан нам энэ яамыг авч явах үүргийг надад өгсөн гэхээр үнэндээ нийгмийн бодлогын асуудлыг гурван удаа УИХ-д суухдаа хариуцаж байсан хүний хувьд та эрх зүйн талаас нь сайн мэднэ. Тогтолцооны хувьд ч сайн мэднэ. Байнга энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан хүний хувьд ямар нэгэн харшлах зүйл байхгүй ээ. Тэр байтугай “Та хийхгүй юм бол өөр хэн хийх юм” гэж   Ц.Элбэгдорж  дарга тухайн үед  хэлж байсан. Бүлгийн хурал дээр Э.Бат-үүл гишүүн тэр хоёр тэгж хэлж байсан л даа. Тэгээд би жаахан зориг орсон. Тэгэхээр нэг их хүчээр ч ирчихсэн хүн биш. Ерөнхийдөө бас олон жил энэ салбарын тал дээр дугарч байсны хувьд болох байх гэж үзсэн. Тэгээд ч би ямар хүн эмчлэх гэж очиж байгаа биш. Надад Ерөнхий сайдын өгсөн нэг үүрэг байсан. Энэ эрүүл мэндийн салбарт эмч нь байна. Эмнэлэг нь байна. Харин менежмент, эрх зүй, эдийн засгийн харилцааны талын асуудлууд нь ерөөсөө болохгүй байнаа.  Энэ тал руу нь жаахан ажиллаад үзвэл ямар вэ. Та бол эдийн засагч хүн шүү дээ гэсэн. Энэ үүрэг намайг шулуутгасан. Би хүлээж авсан. Ажиллаад явж байна. Ирээд маргаашнаас нь энэ салбарт хандаж үгээ хэлэхдээ би хэн нэгнээс асуугаагүй. Арван хэдэн жилийн турш эрүүл мэндийн салбарын арван хэдэн хуулин дээр ажилласан хүний хувьд энийг ингэж хийнэ, тэрийг тэгэх ёстой гэдгээ л шууд зарласан хүн ш дээ.  Ер нь бол нийгмийн эрүүл мэндийн асуудал ноймор нэг асуудал. Өнөөдөр ороор хөөцөлддөгөө зогсоо. Энэ эрүүл мэндийн салбар чөлөөт эдийн засгийн тогтолцоо руу шилжих ёстой. Тэр нь эрүүл мэндийн даатгал. Гэх мэт бодлогоо шулуухан, ил тод, тодорхой зарласан. Тэр ч утгаараа эхнээсээ хүмүүст хүрсэн. Энэ салбарт өөрчлөлт хийгдэх юм байна гэж. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын даатгалын тогтолцоо, санхүүгийн тогтолцоо, ерөөсөө ямар ч зохицуулалтгүй. Энд тэндгүй тарчихсан. Эрүүл мэнд төсвөөс санхүүждэг. Даатгалаас санхүүждэг.Олон улсын хөрөнгөөр санхүүждэг. Төлбөрөөр санхүүждэг гээд ингээд ярих юм бол энэ салбар өнөөдөр зүгээр өөрийгөө аваад явчих дайны мундаг салбар юм байгаа юм ш дээ. Тэрийг нь угаасаа өнөөдрийг хүртэл төрийн механизмаар базаад барьчихсан. Тэгээд л ерөөсөө хөдөлгөдөггүй. Эмчид нь бол чи ийм л цалин авах ёстой гээд суулгачихсан байх жишээтэй.

-Өвчин бол жамын хувьд хийсч ирдэг зүйл л дээ. Тэр утгаараа эрүүл мэндийн яам байнгын бэлэн байдалд, байнгын хараа занаан дунд байдаг газар. Энэ удаа гахайн ханиад ороод ирлээ. Уг өвчин хагас жилийн өмнөөс л дэлхий дахиныг сандаргаад эхэлсэн. Өмнө нь яагаад өвлийн бэлтгэл гэдэг шиг урьдчилсан бэлтгэлийг хангасангүй вэ л гэсэн шүүмжлэл их өрнөөд байна л даа?

-Үнэхээр дөрөвдүгээр сарын 18 нд Мексикт эхэлж гарснаас хойш 10 сарын 12-ныг хүртэл монголд бол илрээгүй юм. Тэр хугацаанд тандалтын судалгаа хийгээд л, урьдчилсан ажиллагаанууд явж л байсан.  2136 хүнд хийхэд нэг ч хүнээс нь илрээгүй. Ингэж явсаар 12 -нд л илэрлээ. Энэ хооронд эрүүл мэндийн салбар гараа эвхээд суугаагүй. Тэгэх эрх ч байхгүй. Гурван удаагийн төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Сайдын баталсан гурван том стратегийн төлөвлөгөө байгаа. Засгийн газарт асуудал оруулж 757 сая төгрөг шийдүүлсэн. Бүх бэлтгэлээ хийсэн. Тамиплю эмнийхээ нөөцийг худалдаж авсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар авсан. 505 мянган тунг. Ингээд бэлтгэлээ хангаад байж байтал л аравдугаар сард эхэллээ. Эхлэнгүүт өнөөдрийг хүртэл нэг ч эм тасраагүй. Тэр тамиплю гэдэг эм нь байсан уу, байсан. Одоо ч нөөц нь дуусаагүй. Дуусаагүй байхад л бид сая хоёр хоногийн өмнө хоёр дахь ээлжийн таталтаа хийчихлээ.  Би нэг зүйлд харамсаж байгаа. Монгол улсын УИХ-д би долоохон хоногийн дараа Засгийн газрын цаг дээр мэдээлэл хийсэн. Тэгэхэд бол манай хүмүүс “Яагаад энийг оруулаад ирэв. Хэн хариуцлага хүлээхэв” гэж урдаас загнасан.

-Сайд нар уу даа?

-УИХ.

-Наадах чинь ямар инээдтэй юм бэ?

-Үгүй одоо ийм л хэрүүл болсон байхгүй юу.

-Хил хязгааргүй ийм орчинд хамаг юм нь нээлттэй байгаа улс байж юу гэсэн үг юм бол?

-Агаар дуслын замаар орж ирдэг юмыг чинь яаж хаах юм бэ. Харин ч бид чадлаараа арга хэмжээ авч байсан. Чи бол мэдэж байгаа шүү дээ. Путиныг ирэхэд жишээ нь бид...

-Айлчлалын бэлтгэл хангах гэж ирсэн багийн 38 хүнийг Халдвартын эмнэлэгт та нар чинь хонуулаа биз дээ?

-Яагаад гэвэл манай нөгөө “Алтан ураг” хамтлагийнхан маань тэр дотор ороод хүрээд ирсэн. Бүр Мексикээс ирэхдээ шүү. Бид бол дэндүү чанга хандаж, чанд хатуу горимын дор ажилласан. Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газрынхан бол үнэхээр ажилласан. Гэтэл манай УИХ тэгж ярьж байхын оронд ард түмэндээ сэрэмжлүүлэг өгөөд, ингэ тэг гэсэн зааварчилгааг мэдээллийн хэрэгслийн бүх шугамыг ашиглаж ярих ёстой байсан. Ямар сайндаа манай Г.Баярсайхан тэгвэл тэр вирустээ л хариуцлага хүлээлгэхгүй юу. Энэ сайд руу ингэж дайраад яах юм гэж хэлж хүртэл инээдэм болж л байсан. Үнэхээр тийм байдлаар асуудалд хандсан нь олон нийтийн дунд одоогийн энэ ямар ч ойлголтгүй шүүмжлэл дэгдэхэд нөлөө үзүүлсэн.

-Одоо тэгээд хязгаарлаад, тогтоогоод авах бололцоо ер нь байна уу. Энэ чинь гэхдээ хүйтэнд тэсвэртэй вирус гээ биз дээ?

-Өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байна.

-Нас барсан таван хүн байгаа. Өвчлөгсдийн тоо хэд хүрээд байна?

-Онош нь батлагдсан хүний тоо 812. Энэ өвчний талаар анхны хэвлэлийн бага хурал хийхдээ би сэтгүүлчдэд хандаж нэг л үг хэлсэн юм. Та бүхэн минь ард түмнийг битгий хамаагүй цочирдуулаарай. Халуурсан бүх хүн эмнэлэг дээр хүрээд ирэх юм бол манай хүчин чадал ачааллаа даахгүй шүү гэдэг утгаар. Энэ утгаар хэлсэн үг маань жаахан буруу өнгөөр явчихсан л даа. Битгий цочирд, тайван бай гэж ард түмэндээ хэлсэн юм шиг болгоод яваад өгсөн.

-Тэгсэн. Хэвлэлийн алба тань жаахан хариуцлагагүй ажиллаад байгаа юм биш үү?

-Хэвлэлийн алба энэ тэр гэж юм байхгүй шүү дээ.

-Өө, байдаггүй юм уу. Ямар сонин юм бэ. Олон нийтийн сэтгэл зүйтэй харилцах шаардлага ихтэй, ийм том яам хэвлэл мэдээллийн албагүй байдаг?

-Ганцхан Энхбаатар л ажилладаг шүү дээ. Ямар ч тийм алба энэ тэр байхгүй.

-Танай нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга сонинуудыг эх оронч биш байна, зөвлөмж нийтлүүлэх гэхээр урдаас зай талбайнхаа үнийг нэхэж байна гэж шүүмжилж байсан. Бид маскаа үнэтэй авдаг. Бид ч аюултай орчинд ажилладаг. Халдвар авах өндөр магадлалтай. Бидэнд жишээ нь тэр вакциныг үнэгүй хийхгүй. Ийм байж бусдын үйл ажиллагааг үнэгүй байх ёстой гэж шүүмжлэх нь хэр шударга вэ?

-Ингээд л хэрэлдээд байвал бид хэрэлдээд л байна. Энийгээ болъё оо таминь. Хэвлэл мэдээллийнхэн та нар бидэнд тусалж дэмжиж байгаа. Яахав завсар зайлхайгаар нь улс төржсөн, улс төрийн хаялагатай юмнуудыг нийтэлж байгаа ч гэсэн.

-Вирусын тархалт ихсэх тусам сайд таныг огцор гээд л үү?

-Би энийг цэвэр сэтгүүлчдийн хийгээд байгаа ажил биш гэж бодож байгаа. Цаана нь бас л улс төр байгаа ш дээ. Дандаа улс төрийн нүдээр юмыг хардаг болчихсон. За, тэгээд энэ сонин хэвлэлүүд чинь бүгдээрээ ардаа зардаг, захиалдаг, захирдаг хүнтэй. Мань шиг юмд тийм юм байх биш. Тийм юм сонирхох ч биш. Тэгээд ч арван хэдэн жил энэ улс төрд, энэ ардчиллын төлөө явахдаа нэг ч сэтгүүлчтэй, нэг ч сонин хэвлэлтэй маргалдаж, заргалдаж үзсэн түүх байхгүй. Энэ бол хэрэггүй зан. Шүүмжилж л байг. Заримдаа би тэндээс нь санаа оноо ч олж авдаг шүү дээ.

-Таныг яагаад ламбада бүжиглэдэг Ламбаа гэж бичээд байна вэ?

-Та юу.

-Яг ч би эхэлсэн юм биш л дээ?

-Хүлээн авалт л гэнэ. Бүжиг танци л гэнэ. Тэр нь ч юу юм. Уг нь би гэдэг хүн чинь бас нөгөө найранд гурван дуутай, наадамд гурван даваатай монгол эрсийн л нэг ухаантай юм ш дээ. Онцгой байдал үүсчихсэн нөхцөл байдалд, жишээ нь өнөөдөр л дуулаад инээгээд давхиад байгаа биш. Хүн чинь өөрөө бас их өөдрөг сэтгэлтэй байх ёстой амьтан ш дээ. Би бол тэр дуулж хуурддаг телевизийн нэвтрүүлэг мэвтрүүлэгт л хааяа нэг орчихсон л доо. 25 суваг телевизийн “Урилга” нэвтрүүлэгт ороод  би хоёр удаа дуу дуулчих луу даа. Тэгээд л одоо дуулдаг барьдаг, бүжиглэдэг гээд л бичдэг юм. Яагаад би дуулж болохгүй, бүжиглэж болохгүй юм бэ, ер нь.

-Гэхдээ та үнэхээр их инээдэг. Шог зураачийн тань араншинтай холбоотой байх, тийм үү ?

-Би угаасаа хүмүүсийг дандаа нөгөө талаас нь харж явдаг, тэр харснаараа шоглож ярьдаг, шоглож ургуулж боддог зантай. Тэрэндээ автаад миний өнгө төрх дандаа инээж явдаг.

-Одоо энэ эмнэлгийн газраар өвдсөн шаналсан улсууд дээр орж гарахдаа инээж болохгүй биз дээ. Таны нүд дандаа инээж  харагддаг. Бас та маскгүй харагдах юм?

-Үгүй энэ чинь одоо юу боллоо гэж бүх л бүтэн яам толгойлж, бодлого барьж байгаа сайд хүн өөрөө унжийгаад л, ард түмнээ дагаад уймраад л, унжийгаад л явах юм бэ. Угаасаа би өөрөө цаад хүн маань асар өөдрөг хүн шүү дээ. Та жишээ нь мэднэ ш дээ. УИХ-ын чуулган дээр ч гэсэн би үгийнхээ завсар дандаа л шог, хошин хаялага хийж, тэрийгээ дагаж өөрөө инээж, өөрөө инерги авч байдаг хүн. Би өнөөдөр яагаад эрч хүчтэй, ядрахгүй, ажлын ачаалалд сөхрөхгүй яваад байдаг юм бэ. Би угаасаа л гутарч, гуниж явдаггүй. Хүн намайг загнаж байсан ч гэсэн би эргүүлээд өөр юм хэлээд, тэр хүнээ ч инээлгэхийн төлөө л байж байдаг хүн ш дээ. Энэ зан маань надад бас сэтгэлийн тэнхээ өгдөг юм уу даа л гэж бодож явдаг.

-Эрүүл мэндийн яамыг сайн дурын нөхдүүд толгойлсноос боллоо гэсэн хийрхэл өрнөчихөөд байна л даа. Танай дэд сайд жишээ нь анагаах ухааны хүн биз дээ. Таныг багш Ламбаа л гэх юм. Түүнийг болохоор гоо сайхан л гэх юм?

-Би багш ч хүн биш. Үндсэн мэргэжил маань эдийн засагч хүн. Цэвэр онолын эдийн засагч хүн. Монгол улсын их сургуульд л улс төр , эдийн засгийн ухааны  хичээл зааж байсан учраас л намайг багш хүн гэж боддог байх. Манай дэд сайдын хувьд бол угаасаа л эмч хүн ш дээ. Москвагийн анагаах ухааны их сургууль төгссөн. Би хүнтэй аль болох эвээ олох, хүнтэй аль болох ойлголцож хамтарч ажиллахыг л эрхэмлэдэг.

-Танай яаманд харин улс төржилт байхгүй болчихсон гэсэн шүү?

-Ямар ч улс төржилт байхгүй. Намайг ирснээс хойш эрүүл мэндийн салбар тэр чигээрээ улс төрөөс ангижирсан. Би бас их азтай сайд шүү. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын нэгнээс бүх эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд намаас гарсан. Тэр нь надад маш их ажиллах бололцоо олгосон. 2004-2008 оны хооронд таван сайд дамжсан яам шүү дээ. Сайд болгон л нэг нэг хүн аваад ирсэн байдаг юм байгаа биз дээ. Тэр улсуудын зөрчил бол аймаар байсан. Одоо бол тийм юм байхгүй. Би яагаад гэвэл өөрөө улс төржөөд байдаггүй. Ажил их шаарддаг хүн. Надад орой 22, 23 цаг хүртэл харих тухай ойлголт байдаггүй. Зүгээр, тайван үед ч тийм л байдаг.

-Танай эмч нар яагаад ийм онцгой байдал үүссэн үед зориуд  барьцаалан ажил хаялт зарлана гэж “айлгав” аа. Үхэж байгаа хүнийг аврах гэж амь хайргүй зүтгэдэг нинжин сэтгэлтнүүд биш билүү?

-Эмч нарын зүгээс нэг их санаачлаад байгаа юм байхгүй шүү дээ. Ер нь бол УИХ төсөв, үндсэн чиглэл хэлэлцэж байгаатай холбоотойгоор эмч нарын цалинг нэмэгдүүлье, эрүүл мэндийн салбарт хувиарлагдах юмыг жаахан нэмье гэсэн л санаагаар үйлдвэрчний байгууллага хийсэн.

-Гэхдээ энэ алхам нь эргээд эмч нарын нэр хүндэд хасах оноо авчирчихлаа?

-Нөгөө талаас нь авч үзвэл одоо тэр нэгдүгээр эмэнэлэг дээр хийсэн үйлдэл дээр цаад талд нь арван хэдэн хүн л сэхээнд тарчилж байх жишээтэй. Нөхцөл ийм байхад хэдэн хүн цуглачихсан л тийм юм яриад байж байдаг. Бусад эмч нар нь тэнд амь наана там цаана бужигнаж байна ш дээ. Би Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар даргатай уулзлаа.

-Тэр нөхөр турхираад байгаа юм уу?

-Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага л цалин хөлсөө нэмүүлье баръя гэсэн шаардлага л ирүүлээд, тэр шаардлагаа нэхээд байгаа юм. Би бол өнөөдөр ойлголцлоо гэж бодож байна. Биднийг шахаад яах юм бэ.

-Ер нь цалин нь хэд байдаг юм бэ?

-Доод талын цалин 282 мянган төгрөг. Тэгээд л дээшээ байгаа юм л даа. Үнэхээр бүх салбарын цалин л иймэрхүү түвшинд байгаад байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хангамжийн асуудлыг төр анхааралдаа авах цаг нь болсон. Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Энэ салбарын төсвийг жаахан нэммээр байна.

-Иргэдэд тараана гээд байгаа 50 мянган төгрөгийг та бослого гаргаж Эрүүл мэндийн салбар луугаа татах хөдөлгөөн өрнүүлээч. Нэг том шинжилгээний төв баръя гээд л босоод ир л дээ. Бид хоёр гараа өргөн дэмжинэ шүү дээ?

-Болдог бол тэгмээр л байна.

-Эрүүл мэндийн маань яам дэргэдээ ядаж амны хаалтны үйлдвэртэй байх нь яав даа. Ийм ч улс орон байх гэж. Зарим үед үнэхээр гутармаар юм аа?

-Чухам аа чухам. Гэхдээ гутраад ч яах юм билээ. Тал талдаа л зүтгэмээр байна.

-Вакцин ирээд томчууд хийлгэчихлээ гээд л гүжирдэж байх шиг байна. Гэхдээ ер нь хамгийн эхлээд төрийн өндөрлөгүүдийг хамруулах ёстой биз дээ. Яагаад болохгүй гэж. Энэ дайралтаас нь айгаад манай Ерөнхийлөгч арай хамгийн сүүлд тариулах юм биш биз дээ?

-Мэдээж хэрэг тарьж л таарна шүү дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар монголд нэг ч вакцин орж ирээгүй байхад л Ерөнхийлөгч 65 долларынхыг, нөгөөдүүл нь арай хямд 50 долларынхыг тариуллаа гээд л цацах юм. Ийм барин тавин худал гүтгэлэг хийж болмооргүй л санагдах юм. Одоо ч дүүрчээ, дүүрч.

-Эхнэрүүдийнх нь нэрс болохоор сайд нарын хоёрдугаар эмнэлэгт гарчихсан байна ч гэх шиг. Тийм асуудал байхгүй юм байгаа биз дээ?

-Ямар юм нь байдаг юм бэ. Вакцинаа өнөөдөр авах тухай ажлыг хөөцөлдөж ядаж явахад. Тэр байтугай вакцин дээр дэлхий дахинд маргаантай л байгаа ш дээ. Герман өнөөдөр хийгээгүй л байна. Ашигтай юу, ашиггүй юу гээд маргалдаад л байна.

-Тэнд бол эмч, эмнэлгийн ажилтнууд нь хийлгэхээс татгалзсан. Гэтэл манайд онцгой байдал, цагдаа, эмнэлгийхэнд шууд л хийнэ гээд ярих юм. Тэд гэж золионы улс болж таарч байнаа даа?

-Германы эмч нар хийлгэхгүй гээд байна шүү дээ. Амьд вакцин чинь тэгж хамаагүй харьцдаг эд биш шүү дээ. Гэтэл манайхан юу гэж зарлаад байна вэ гэхээр эхлээд эмч нартаа хийнэ гээд байгаа. Ингэж болох юм уу, таминь ээ.Хамгийн түрүүн Ерөнхийлөгчдөө хийж болох уу. Ийм маргаантай байхад юу яриад даарин дээр давс нэмээд, худал гүтгэлэг тараагаад байна вэ.

-Та ингээд инээд хүргээд байх юм аа. Үнэхээр байн байн тас тас хөхөрч цагийг чинь үрсэн бол уучлаарай. Би өнөөдөр их инээд муутай байх шиг байна. Танд баярлалаа?

-Ингээд инээх хэцүү, уйлах бүр хэцүү амьдрал өрнөөд байгаа биз дээ. Ганцхан намайг л хэлээд байж болохгүй шүү дээ. Ийм хошин явдлуудтай нүүр тулаад байх чинь хэцүү байна ш дээ.

С.Ламбаа эрхэм ерөөсөө л ийм хүн. Ерөөсөө л ийм хүн болохоор нь бид одоо ингэтэл ноолж, ноцож байгаа юм. Хэрэв зан чанарын хувьд зуумхай, өс санамхай, заргач, хатуу хахир нэгэн байсан бол захын хүүхэд энэ сайд руу бүлтэрч чадахгүй. Манайхан гал гарангуут тойроод л гал гарчихлаа ш дээ, ёстой нээрээ хэнээс болов оо,хэн буруутай вэ, тэр мууг л шоронд хатаах ёстой гэж орилолдож гүйж байгаад гэрээ шатаачихдаг. Бусад улсууд болохоор эхлээд цөмөөрөө нийлж ус хувин болж гүйж байгаад галаа унтраадаг. Дараа нь асуудлаа ярьдаг. Уг нь бид ийм жишиг рүү л ормоор байна.

Манай хэвлэлийнхэн аливааг дэвэргэх талын буруу туршлага ихтэй болоо юу даа. Тэгэх тэгэхдээ хүний даруу, номхон хоёр руу ноцдог. Манай тэр ч тааруухан амьтан даа гэж хүмүүс яс чанараар муухан нэгнээ шулуухан хэлж байдаг. Хүнээр бол нэг тиймэрхүү төрхтэй сэтгүүл зүй өнөөгийн өнгийг тодорхойлж  байгаа юм биш биз гэсэн зовиуртай бодол төрдөг юм.

Хэрэв С.Ламбаа мөнгөтэй, баян улстөрчдийн нэг байсан бол вирусээ хаячихаад зөвхөн түүний ширээ сандлыг тойрч гороолсон өнөөдрийн улс төржсөн шүүмжлэл өнгө өнгөөр өрнөх ч үгүй байсан байж мэдэх юм.