Нэг. Туурга тусгаар улсын төлөөх тэмцэл

17 дугаар зуунд Өмнөд Монголын аймгууд Манжийн хаанд дагаар орж, Манжийн нөлөө Монголд бодитой нүүрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гүүш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрүүлэх замаар монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах бодлого баримтлах болжээ. Түүний гол нотолгоо нь 1640 оны Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зүйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байдаг. Гэтэл дээрх нөлөө бүхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж, Гүүш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж нар таалал төгссөн ) тэдний залгамжлагчид эцэг дээдсийнхээ бодлогыг үргэлжлүүлж чадсангүй нь Монголын тусгаар тогтнол алдах нэгэн том нөхцөл болжээ. Халхын Түшээт хан Чахундорж болон Зүүнгарын Галдан бошигт хоёр муудалцаж Галдан бошигт Халхад цэрэглэн орж Түшээт ханы 20 000 цэргийг хядсан эмгэнэлт түүх байдаг. Түүний үр дагавар нь Халхын ноёд албат ардаа дагуулан Галдангаас зугатан өмнөд Монголын нутагт очиж, Манжийн хаанаас тусламж хүсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёд 1689 оны Ар Элстэйн чуулганаар Манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ үед мөн хойд монголын буриад монголчууд Оросын эзэн хааны эрхийг хүлээн зөвшөөрч татвар төлөх болжээ. Буриад монголчууд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж байсан боловч Оросоос өмгөөлөн хамгаалах Халх Монгол нь ойрадуудад ялагдсан тул Оросын эзэн хааны эрхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн ажээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халх Монголыг Манж Чин улсын бүрэлдэхүүнд авах их ёслол болжээ. Ийнхүү Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ.Манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хүртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дүнд Монголын тусгаар тогтнол бүрмөсөн алдагджээ. Монголчууд энэ үед Манжийн хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд Манжийн хаанаас хэргэм зэрэг хүртэж, жил бүр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пүнлүү авах болжээ.Монголын ноёд ийнхүү Манжийн хааны вассал буюу түшмэг болсон юм. Манжийн дарлал гэж Монголд байгаагүй. Манж Монголд олон тооны цэрэг суулгаж ардуудаас их татвар авч байгаагүй. Монгол харин Манжийн нөлөөнд бол байсан. Манж Монгол хоёр холбоотон улс байсан. Монгол гадаад харилцааны хувьд бие даасан эрхгүй байв. Монголчуудын туурга тусгаар улс болох тэмцэл 20 дугаар зууны эхэнд хүчтэй өрнөж 1911 оны 12-р сарын 29 ний өдөр Богд хаант Монгол улсыг тунхагласан нь жинхэнэ монгол төртэй туурга тусгаар улс байлаа. Монголчууд бид туурга тусгаар Монгол улсын төлөө амиа зольсон Богд хаан, Барон жанжин, чин ван Ханддорж, Ерөнхий сайд асан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Өвөр монголын эх оронч Тогтох тайж, Хайсан гүн, манлай ванЖ.Дамдинсүрэн, Удай ван, Шударга баатар Бавуужав гүн, Дэмчигдонров ван, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг мартах ёсгүй.

Хоёр. Богд хаант Монгол улс

ХХ зууны эхээр Манж Чин улсын  хүч бууран хэзээ мөдгүй мөхөж унах нь тодрхой болсон юм. Энэ үед Богд гэгээн  болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхлэв.1911 оны 12-р сарын 29-нд  Богд хаант улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлав. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон манжийн цөөн тооны цэргүүдийг 1911-1912 онуудад Богд хаант Монгол улсын цэргүүд эх орноосоо хөөж улмаар  Өвөр Монголыг чөлөөлөх аян дайнд мордон Хаалган хүртэл давшив. Гэвч таван замын байлдааныг Орос, Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоож монгол цэргээ Өвөр Монголоос татаж Өвөр Монголоо Богд хаант Монгол улсад нэгтгэж чадахгүй өнгөрчээ. Богд хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан, бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Их Британи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол төв азийнхан монголчуудын адил бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Орост зөвлөжээ. Хааант Оросын Гадаад харилцааны сайд  Сазанов Монголын талаарх бодлогоо " Оросын эзэнт улсын хил дээрээ цэргийн хувьд азийн хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" хэмээн томъёолжээ. 

Ер нь Орос,Хятад хоёр ар, өвөр монголыг нэгтгэхгүй, Монгол улсыг цэрэг- эдийн засгийн хүчирхэг улс болгохгүй, сул дорой, хөгжилгүй байлгахбодлогыг хэдэнзууны туршид баримталж иржээ. Энэ хорт бодлогоо ч хэрэгжүүлж чаджээ. 1915 оны Хиагтын гэрээгээр хаант Орос болон Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх Автономит (өөртөө засах эрхт) улс болголоо.  1919 онд хятадын цэргүүд 1919 онд Гадаад Монголын нийслэл Хүрээг эзэлж өөртөө засах автономит эрхийг нь устгав. Энэ хүнд нөхцөлд Богд хаан улсаа гамин цэргээс чөлөөлөх талаар бүхий л шаардагдах арга хэмжээ авч байв. Богд хааны хүсэлтээр Барон Унгерн Монголд цэргээ оруулж нийслэл Хүрээг 2021 оны 2-р сард гамин цэргээс чөлөөлөв. Богд хаант Монгол улсыг дахин сэргээв. Гэвч монголын ардын намын цөөн хүмүүс 15 000 улаан орос цэргийг Монголд оруулж 1921 оны 7-р сард монгол төрөө устгаж оронд нь Зөвлөлт улсаас хараат улаантны засаг тогтоов. Үүний дараа  1924 оны 11-р сарын 26 ны өдөр анхны  Үндсэн хууулиа баталж хаант засгийг халж зөвлөлт маягийн засагтай Бүгд найрамдах улс болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон  Ялтын бага хурлынүр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бүс нутгийг сонирхогч их гүрнүүдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм.Хаант Орос, Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол, Манжуур дахь эрх ашгийн хүрээгээ нэгэнт тодорхойлсрн юм. Тухайлбал, Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны Засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” гэжээ. Энэхүү гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд үүнээс хойш олон улсын эрх зүйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болжээ. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг байв. Учир иймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлжээ. Гэхдээ оросуудад Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол байсангүй. Оросууд Монголын тухайн үеийн хүчин чадлыг дүгнэн үзээд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хүлээх болно хэмээн болгоомжилжээ. Тэр үед хаант Оросын ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх Монгол бол бие даасан улс болох түүхийн хувьд бэлтгэгдээгүй юм. Учир нь цэрэг, санхүү, төрийн зүтгэлтэн Халх Монголд байхгүй” хэмээн хэлж байжээ.Хаант Орос улс Монголын асуудлаас болж бусад гүрнүүдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаандаа сэв суулгах сонирхолгүй байв. Харин Манжийн ноёрхлоос гарсан Хятадын Бүгд Найрамдах Улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, монголын тусгаар тогтнолыг үгүйсгэж байжээ. Дундад Иргэн улсын 1912 оны 3 сарын 10-ны Үндсэн хуульд “ДИУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” хэмээн заажээ. 1912 оны 10 дугаар сард хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны Протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Орос болон Хятад улс Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10-р сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргажээ. Түүнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хүлээн зөвшөөрчээ. Мөн энэ үеэр монголын Урианхайн хязгаарыг Орос улсад нэгтгэн авах, монголын Алтайн хязгаарыг Хятад улс өөртөө нэгтгэн авахаар тохиролцжээ.. Ийнхүү 1914-1915 оны Монгол, Хятад, Орос гурван улсын "Хиагтын хэлэлцээр"-ээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг үгүй болгож, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хүлээлгэсэн төдийгүй газар нутгийн хувьд Монголыг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бүрдэнэ хэмээн заагаад бусад өвөр монгол, хөлөнбуйр, дээд монгол, буриад, тува нутгаас нь хязгаарлан тасалжээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн Эзэн хаантай, үндэсний Засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, үндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, үйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү статус нь 1946 он хүртэл бодитоор үйлчилж иржээ. 

Гурав. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь

1945 оны тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт

1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны өдрүүдэд үргэлжилсэн ЗХУ Дундад Иргэн Улсын хэлэлцээрийн үед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Үүний өмнөхөн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гүрний Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаар Гадаад Монголын "Статус кво”-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байв. Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан боловч Зөвлөлтийн шахалтаар тухайн үеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшөөрөхөд хүрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий 487,4 мянган хүн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул хятадын тал 1946 оны 1 дүгээр сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Бүгд Найрамдах Хятад Улс нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшөөрч нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын Элчин сайдын яам болгон өөрчилжээ. БНХУ-ын Гоминданы засгийн газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов. 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ –ын Засгийн газар БНХУ-ын/ Тайваний / засгийн газартай дипломат харилцаагаа тасалж мөн өдөр БНХАУ -ын Ардын Төв Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулав. 1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын Засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ хоёрын хооронд сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлжээ. 1950 он гэхэд ийнхүүхөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа ази, европ, америк, африкийн олон улс дипломат харилцаа тогтоон хамтран ажиллаж, БНМАУ-ын нэр хүнд олон улсын тавцанд эрс өссөн. Энэ бол Монгол улс жинхэнэ бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг харуулсан голтүүхэн баримт юм.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэллес  1944 оны долдугаар сарын эхээр Монголд айлчилж байжээ. Тэрбээр дэлхийн II дайны дундуур Монголд ирээд “Хэдийгээр ЗХУ-ын нөлөөн дор байгаа ч монголчууд өөрийн гэсэн бодолтой, эрэмгий, биеэ даасан, төр, засгийн удирдлага нь залуу хүмүүсийн гарт байгаа улс юм байна” гэсэн дүгнэлттэй буцаж байжээ.Түүний айлчлалын зорилго нь 1943 оны Холбоотон гурван гүрний удирдагч нарын 1943 оны Ираны Тегераны уулзалтын  үед Сталины үе үе цухалзуулж байсан Гадаад Монгол буюу БНМАУ гэдэг нь үнэхээр тусгаар тогтносон улс болож чадах эсэх, Монгол ба Хятадын хооронд хамаарал байгаа эсэхийг тандах зорилготой байжээ. Уэллесийн сэтгэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Ф.Д.Рузвельтэд БНМАУ-ыг Хятадаас хамааралгүй өөрийн үндэсний хэл, соёл, онцлог, түүх бүхий үндэстэн бөгөөд оросын дэмжлэгээр хятадаас хамааралгүй тусгаар улсын түвшинд байгаа гэдэгт итгүүлсэн байна. Иймд Ф.Рузвельт нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах зорилгооо биелүүлэхийн тулд Холбоотон гүрнүүдийн удирдагчдын 1945 оны Ялтын уулзалтаар болон Подстамын уулзалтуудаар БНМАУ-ын статус квог  хүлээн зөвшөөрөхөд болно гэж үзэж энэ тал дээр зөвшөөрсөн санал өгсөн түүхтэй. “Статус кво” гэдэг нь өмнөх байдал нь хэвээр үлдэх гэсэн утгатай үг ажээ. Ялтын уулзалтаар Сталин нь АНУ-ын ерөнхийлөгчөөр БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх тухай гурван гүрний мэдэгдлийг БНХУ-ын удирдагч Чан Кайшид албан ёсоор мэдэгдэхийг Ф.Рузвельтэд ятгаж чадсан байна. Учир нь Зөвлөлт, Гоминданы Хятад улсын 1924 оны гэрээнд ЗХУ нь Монгол улсыг Бүгд Найоамдах Хятад Улсын нэг хэсэг гэж үзэж хүлээн зөвшөөрнө гэж заасан байсан тул Сталин энэхүү үүргийг өөртөө авхаас зайлсхийжээ. Зөвлөлтийн удирдагч И.Сталин үзэхдээ ЗХУ-ын Монгол улс буюу тухайн үеийн БНМАУ-ыг тусгаар тогтнуулах зорилго нь ЗХУ-ын Сибирь, Алс дорнодын чиглэлд байдаг харилцаа, холбоо, зам тээврийн гол шугам болох  Сибирийн төмөр зам ньзөвлөлтийн хилийн бүсэд оршдог байсан тул түүнийг хамгаалах бамбай жийрэг улс байх шаардлагыг хангах явдал хэмээн үздэг байв. И.Сталин хятадын төлөөлөгчидтэй уулзах үеэр “Япон нь одоо ялагдсан боловч 30-40 жилийн дараа сэргэж дахин хүчирхэг болох бөгөөд энэ үед бидэнд транссибирийн төмөр замын шугамын аюулгүй байдлыг хангах шаардлага байна. Энэ зорилгод ЗХУ ба БНХУ-ын дунд орших БНМАУ гэсэн завсрын жийрэг бамбай улс зайлшгүй шаардлагатай байгаа учир бид энэ улсыг тусгаар тогтнуулах сонирхолтой байна” хэмээн мэдэгдэж байжээ.

Дөрөв. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд НҮБ хүлээн зөвшөөрсөн нь  

БНМАУ “Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд” 1945 онд Японы эсрэг дайнд орсноор Нэгдсэн үндэстний талд баттай зогсож, дэлхий дахинд энх тайван байдал тогтоохын төлөө тэмцэх эрмэлзэлтэй байгаагаа олон улсын өмнө нотлон харуулсан юм. БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсон тухай дурдаад, Нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин 3 удаа гаргав. 1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзлэх түүхэн чухал үйл явдал болсон юм. БНМАУ нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсний дайтай үйл явдал болсон хэмээн судлаачид үздэг юм.

Тав. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол Үндсэн хууль юм

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан монголын шинэ Үндсэн хуульд: Монголын ард түмэн бид: - улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, - хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, - эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн заасан.

Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд заахдаа: 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.хэмээн заасан. Дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан. 

Одоо болтол монголын зарим иргэд “Орос улс бол монголын тусгаар тогтнолын баталгаа” хэмээн үздэг. Энэ бол буруу үзэл юм. Аль нэг гадаад улс Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Дэлхийн улс бүр өөрийн гэсэн Үндсэн хуультай, хилтэй, төртэй, цэрэгтэй, ард түмэнтэй, хэлтэй, соёлтой байдаг. Монгол улс ч гэсэн дэлхийн бусад улстай адилханөөрийн газар нутагтай, өөрийн Үндсэн хуультай, монгол төртэй, цэрэг армитай, хэл соёлтой, боловсрол, эрүүл мэндийн салбар болон дэд бүтэцтэй, мөнгөн тэмдэгттэй, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалантай улс юм.

Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол товчоор хэлэхэд Монгол улсын хил, монголын ард түмэн, монголын төр гурав юм. Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн ариун үүрэг билээ.