Татвар эмийн хүүрнэл

Эзэн хаадын буурал түүхийн тоосонд жаргал зовлон, баяр гуниг тээсэн эмс хатдын тухай түүх дарагдсаар иржээ. Төлөв даруу зан, үнэнч шударга байдал, цэвэр ариун ёс суртахуун, атаа хорсол, хорон санаа агуулах тэдгээр хатдын тухай ном сударт цухасхан дурдсан төдий.

Хатдын ордны хана хэрмийн цаатах аж байдлыг сонирхол татам өгүүлсэн 7 ботиос бүрдэх Арын ордны нууц хэмээх энэ зохиолд хаан эзний хайр энэрлийн төлөө хамаг бүхнээ золиослон тэмцэлдэх охид бүсгүйчүүдийн ээдрээт хувь тавиланг дүрслэн харуулжээ. Зохиолын баатрууд болох Жэнь Хуань, Мэйжуан, Линруны тухайд аль ч үеийн бүсгүй хүнийг төлөөлөхүйц тийм л зан чанартай аж. 

Зохиолч Лю Лиэнзыгийн бичсэн энэ роман анх интернет орчноор тарж, олны таашаалыг ихэд хүртсэн бөгөөд 2011 онд уг зохиолоор 76 ангит цуврал кино бүтээжээ.



Би намрын нартай нэгэн өдөр ордонд анх хөл тавьж билээ. Энх Амгалангийн арванхоёрдугаар оны найман сарын хорины билэгт сайн өдөр Их ордны үүдэнд зогсохуйяа дээр хөхрөгч тэнгэрт бөртийх ч үүл үл үзэгдэх агаад хаа нэг галуун цуваа нисэн өнгөрөх ажгуу.

Галуун цуваа тэртээ дээгүүр нисч буй нь угтаа сайны дохио болой.

Асралт өлзий хаалган тушаа үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өдий төдий жууз тэрэг эгнэн, бараа бологсод нь үг дуугүй мэхийн зогсоход эргэн тойрон жигтэй анир чимээгүй. Би газар газраас ирсэн үзэсгэлэн охидын хамт чимээгүйхэн зогсож байхуйд хааяахан шивэр авир хийхээс өөр чимээ аниргүй. Охидын энгэсэгний үнэр л хамар цоргионо. Охид бүсгүйчүүд оо энгэсэг нь арилаагүй эсэх, өмсгөл зүүсгэл нь дэгжин эсэхээ ахин дахин нягтлахаас гадна хажуудаа зогсох хэн нэгнийг нууцхан сонжино. 

Охидыг ийнхүү шилж сонгон ордонд оруулах нь тэдний хувьд хувь заяаг нь шийдэх чухал үйл явдал бөгөөд гурван жилд нэг удаа ийнхүү сонголт хийдэг ёстой. Олон шатны сонголтоор шилэгдсэн охид тийнхүү ордонд орж, татвар эм болчихуй.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг миний хувьд төдийлөн ойшоосонгүй. Зүсээ харуулаад гэрээдээ буцна гэж бодож явлаа. Аавын хэлэх нь “Манай охин эрх танхи өссөн. Хатуу дэг жаягтай ордонд удаан тэсэхгүй. Өөртөө таарсан эгэл жирийн эртэй ханилан суувал барав” гэх аж. 

Харин ээж минь “Манай охин шиг өнгө зүстэй хүн эрхэм дээд хүнтэй ханилах нь зүйн хэрэг” хэмээнэ. Би ч ялгаагүй ийм л бодолтой. Жэнь Хуань миний хувьд энэ дэлхийн хамгийн сайн эрийн эхнэр болж, бие сэтгэлээрээ ханьсан нэг насаа хамтдаа элээхийг туйлгүй ихээр хүсэж байлаа. Миний л амьдрал учраас ингэж бодох нь ч эндэлгүй зөв биз ээ. 

Хаантан хэдийгээр хамаг бүхний дээр залравч миний хувьд хамгийн сайн эр гэж хэлэмгүй. Намайг тааллаа ч онцгойлон үзэх нь юу л бол. 

Ийм ч учраас тэгтлээ гоёж гоодсонгүй. Нүүрээ нимгэн энгэсэгдэж, ёслолын номин ногоон өмсгөл өмсөөд зогсон хүлээчихүй. 

Хаантан намайг таалан пайз өргөнө гэдэгт би ер итгэсэнгүй. 

Охидыг Их ордны төв өргөө болох Үүлэн ордны Урт хаврын өргөөнд сонгон шалгаруулна. Охидыг зургаа зургаагаар нь нэг хэсэг болгоод, ордны тайган замчлан дотогш оруулах агаад энэ зуур бусад нь ордны үүдэнд хүлээн зогсоно. Сонгон шалгаруулах үйл явц их энгийн. Их хатан толгойгоо дохисхийхэд хаантан тэр охиноос ямар нэгэн зүйлийг асууна, эс бөгөөс асуухгүй гаргана. Улмаар хаантан тухайн охиныг ордонд үлдээх эсэхийг шийдэж, сонгогдсон гэсэн пайз авсан охид түрдээ хариад, билэгт сайн өдрөөр ордонд орж татвар эм болно. Хаш эрдэнэ шигтгэж, мөнгөн утсанд хэлхсэн сувдан унжуургатай толгойн гоёлд минь хүний нүд унагаад байх зүйл ер үгүй.

Хаантан олон жилийн өмнө хатан авсан тул энэ удаад татвар эмсийн тоог нөхөхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байгаа төдий. 

Өрөө дүүрэн охидоос би зөвхөн Зижоугийн захирагч түшмэл Чэнь Зышаний охин Чэнь Мэйжуаныг л танина. Түүний ээжийн ээж буюу эмээ нь манайхтай хөрш. Хоёул цуг өссөн тул дотно сайхан харилцаатай. Мэйжуан намайг олж хараад инээмсэглэсээр дөхөж ирээд гараас минь атгаж “Хуань Ар, чамайг хараад сэтгэл жаахан тавирав шүү. Эмээ чамайг жиндээд өвдсөн гэж хэлнэ лээ. Зүгээр үү?” гэхэд нь “Хэд хоног ханиалгаад хэдийн эдгэрсэн. Санаа зоволтгүй. Та харин замдаа алжаав уу?” гэвэл тэрээр толгой дохиод намайг сүрхий ажиглангаа “Ирээд эндээ хоёр хоног сайхан амарсан болохоор дажгүй шүү. Чи олноос онцгой аргагүй л харц булаагаад сайхан харагдаж байна” гэлээ.

Үүнийг дуулаад миний царай улаа бутарч “Хаанаас даа. Миний дэргэд та сайхан бүсгүй шүү дээ. Өчүүхэн би яаж тантай эн дүйцэх вэ?” гэвэй.

Мэйжуан инээмсэглэсээр хацрыг минь илэхэд би түүний өмсгөл зүүсгэлийг сая сайтар ажиглан харлаа. 

“Тантай ойрын хэдэн сард уулзсангүй. Ийм сайхан бүсгүйг хаантан лав зүгээр өнгөрөөхгүй дэг ээ” гэвэл Мэйжуан дуугаа намсгаж “Чш. Үг хэлээ бодож ярилгүй горьгүй. Өнөөдрийн сонгон шалгаруулалтад олон охид ирж, тэр дундаа сайхан нь цөөнгүй байна” гэхэд би дуугаа хурааж, түүнтэй аахар шаахар зүйлсийн талаар хэдэн үг солихоос хэтэрсэнгүй.

Хажууханд аяга таваг хангинах чимээ гарахад бид хоёрын яриа тасалдаж, тэр зүгт эргэж харвал хар ногоон торгон өмсгөлтэй, толгойн сувдан гоёлтой бүсгүй нэг гараараа хормойгоо барьж, нөгөө гараараа өөр нэгэн бүсгүйг “Чи чинь сохорчихоо юу? Байтлаа барьсан тавьснаа ч мэдэхгүй алдаад... Ямар хэрэг тарьснаа мэдэж байна уу, чи ер нь? Чи хэний охин бэ?” гэсээр зандчив.

Тэр охин энгийн даруу хувцасласан ч нүд хөмсөг сайтай бөгөөд айж сандарсандаа байдгаараа агшиж, яах учраа олохгүй харцаа буруулан “Намайг Ань Линрун гэдэг. Би... би...” гэсээр ээрэх ажээ.

Бүсгүй эгэл жирийн хувцастай нөгөө бүсгүйг ихэд басамжилсан аятай “Эцгийнхээ нэрийг ч хэлчихэж чадахгүй ийм ч амьтан байх гэж” гэсээр дуу алдвал Ань Линрун минчийтлээ улайж “Манайх Сун-ян суурингийнх. Аав минь суурингийн захирагчийн шадар туслах Ань Бихуай” гэлээ.

Тэгтэл өнөөх бүсгүй “Угсаа гаралгүй ч амьтан бол доо! Ёс мэдэхгүй нь аргагүй юм гээч” гэсээр бүр ч ихэрхэв.

Ань Линруны дэргэд зогсож байсан нэг хүн “Энэ бүсгүй болбоос цэргийн яамны их бичээчийн охин Ся Дунчунь шүү дээ” гэхэд хөөрхий бүсгүй улам ихээр сандарч “Линрун би гэмээ мэдлээ. Тантай ийнхүү уулзаж таарсандаа баярлаад баршгүй. Аягаа алдаж унагасандаа хүлцэл эрье. Та намайг өршөөж хайрлаач” гэсээр уучлал эрлээ.

Ся Дунчунь хөмсгөө зангидан “Зүгээр ч өршөөл эрчихгүй бас уулзаж таарсандаа баяртай байна гэж хэлэх нь юу чив дээ. Сөхөрч суугаад уучлал эрэхгүй юм уу?” гэхэд Ань Линруны царай цонхийж, нүднээс нь нулимс бөмбөрөн учраа олохгүй бүлтэгнэв. Эргэн тойронд түүнийг өмгөөлж хамгаалах хүн даанч олдсонгүй. Хаан эзэнтэн суурингийн захирагчийн шадар туслах мэт угсаа гарвал доогуур эгэл жирийн гэр бүлээс татвар эм сонгож байгаагүйг бүгд андахгүй агаад түүний дэргэд Ся Дунчунь шиг бүсгүй харин чиг ордонд үлдэх магадлалтайг сайн мэднэ. Ийм байхад хөөрхий бүсгүйн өмнөөс үг хэлэх зүрхтэн олдох бил үү? 

Миний хувьд угсаа гарлаараа түрий барьж бусдыг дооршааж үздэг хэнбугайг ч үздэггүй зантай тул тэрүүхэндээ татвасхийсэн ч Мэйжуан мэдээд гараас минь барьж “Дуугүйхэн л зогсож бай” гэлээ.

Гэлээ ч би тэссэнгүй. Гараа татаж аваад урагш гарч, Ань Линруны дэргэд очоод Ся Дунчуньд хандан “Хувцсыг тань норгосноос биш ямар өөр гэм хийсэн биш дээ. Ся авхай ингэтлээ уурлаж уцаарлах хэрэг юун. Надад илүү хувцас бий. Та арын өргөөнд ороод сольж өмсөнө үү. Сонгон шалгаруулалт хийж буй бэлгэ дэмбэрэлтэй ийм сайхан өдөр хэрүүл хийгээд яанам? Хүн хар энэ тухай дуулбал таны нэр сүрд сэвтэй бус уу? Норсон хувцасны төлөө ингэтлээ их дуу чимээ гаргах хэрэг юун? Та болгооно биз ээ” гэвэл Ся Дунчунь дуугаа аядаж, ширэв татаад дөхөөд ирэв.


НЭПКО хэвлэлийн газар